Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Өглөөний гудамж” наймдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд “Өглөөний гудамж”-ыг тохижуулах ажлыг Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨТҮГ хийж байна. Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын орлогч дарга Д.Батболд “Өглөөний гудамжид үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүд өглөө эрт тусгай цагийн хуваариар ажиллана. Лекц, сургалт, сайн дурын ажил гэх мэт төрөл бүрийн арга хэмжээг энд зохион байгуулах юм. Тохижилтын ажил 60 хувьтай явж байна. Одоогоор усан оргилуур, цэцэгжүүлэлт, явган хүний замын ажил дууссан. Гудамжны гэрэлтүүлэг, “Өглөөний улаанбаатар” хөшөө, арга хэмжээ явуулах тайзыг хийж, үйлчилгээний байгууллагуудын гадна фасадыг будсанаар тохижуулж дуусах юм. “Өглөөний гудамж” ирэх сарын 1-нээс нээлтээ хийнэ” гэв.

Байршил: Чингэлтэй дүүргийн нэг дүгээр хороо “Гутлын 22”
Цагийн хуваарь: Өглөө эрт тусгай цагийн хуваариар үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Арга хэмжээ: Төрөл бүрийн сургалт, лекц, сайн дурын үйл ажиллагаа, сонирхлын бүлгийн уулзалт, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
Үйлчилгээ: Кофе шоп, хоолны газар
Онцлог: “Өглөөний гудамж”-ны гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр тэжээгдэх бөгөөд нийслэлийн гэрэлтүүлэгт анх удаа энэ технологийг нэвтрүүлж байгаа аж.
Талбайн хэмжээ: 5504 мкв





Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан Ардын жүжигчин боллоо

Өнөөдөр буюу долдугаар сарын 10-нд зарим эрхэмд төрийн дээд одон медаль гардуулж байна. “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол олгожээ.

Тэрээр “Тусгаар тогтнолоо бататгасан 100 жилийн ойн дээр энэхүү төрийн хүндэтгэлтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Монголын сонгодог урлаг, ардын урлаг тэр дундаа рок попын урлаг хөгжиж, 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү шагнал нь рок поп хөгжмийг төрийн хэмжээнд дахин үнэлж байгаа нотолгоо гэж бодож байна. Намайг дэмжсээр ирсэн сонсогчиддоо баярлалаа. Та бүхний хүчээр өдий зэрэгтээ яваа гэдгээ ойлгодог” хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 07, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар,
  • Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Жамсранжавын Болд нарт Хошууч генерал цол,
  • Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Пүрэвжавын Батаад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:

Эрхэм хүндэт генералууд аа!

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.

Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон, хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Төрийн тусгай албад бол ард иргэд, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалж, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ болон ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байж, нэгэн үзүүрт сэтгэлээр сахин биелүүлж байдаг Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна.

Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай.


Эрхэм нөхөд өө!

Эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрс, цэргийн мөрдөстөн Та бүхний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг. Цэргийн хүний гэр бүл бол төрийн цэргийн байгууллагын бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь болдог гэж би бодож явдаг.

Амжилт ололт, алдаа оноо бүрийн чинь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын гэр бүл, эрхэм хүндэт генералууд Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай!” гэлээ.

Categories
гадаад мэдээ

​Байден Путинтэй утсаар ярихдаа кибер гэмт хэрэгтнүүддээ арга хэмжээ авахыг шаарджээ


Баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан нь сүүлийн үед гарсан “ransomware” төрлийн кибер халдлагын гэмт хэргүүдтэй холбоотой байжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Kaseya программ хангамжийн компанийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашигладаг олон зуун байгууллагын мэдээллийн санг хакерууд барьцаалж, $70 саяыг нэхсэн юм.

Өнгөрсөн сард дэлхийн хамгийн том махны үйлдвэрлэгч JBS компанийн Умард Америк, Австрали дахь үйлдвэрүүдийн удирдлагын системийг мөн хакерууд барьцаалж, $11 саяыг авсны дараа чөлөөлж байв. Үүнээс өмнө АНУ-ын шатахуун түгээх компанийн дамжуулах хоолойн дэд бүтцийг мөн ийм аргаар барьцаалж, их хэмжээний мөнгө салгасан юм.

Дээрх халдлагуудын цаана ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг хакерын бүлэг байгаа гэсэн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын байгууллагууд гаргаад байгаа.

“Хэдийгээр ОХУ-ын засгийн газар оролцоогүй байж болох ч тус улсын газар нутаг дээрээс ransomware төрлийн халдлага гарч байгаа нь тодорхой болсон. Би түүнд гэмт хэрэгтнүүдийнхээ эсрэг ямар нэг арга хэмжээ авахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийллээ. Бид тэдний талд хэн үүнийг хийсэн талаар хангалттай мэдээлэл өгсөн” гэж Байден мэдэгджээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Бид хоорондоо тогтмол харилцаж байх холбооны шугамтай боллоо. Ингэснээр бид өөр өөрийн улс оронд гарсан асуудлаар шууд ярилцах боломжтой болж байна. Ийм харилцаа холбоо үр дүнгээ өгнө гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

Хэрвээ Оросын тал кибер гэмт хэрэгтнүүдийнхээ эсрэг арга хэмжээ авахгүй бол АНУ-ын засаг захиргаа зүгээр хараад суухгүйг Байден бас анхааруулсан байна.

Кремлиэс гаргасан мэдэгдэлд хоёр орны удирдагчид кибер гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар тодорхой, бүтээлч арга хэмжээ авах тухай хэлэлцсэн гэжээ.

Харин сүүлийн үед гарсан хэргүүдтэй холбоотой ямар нэг шаардлага хүсэлт АНУ-ын талаас гарсан тухай огт дурдаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

​Тагнуулын Ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт хошууч генерал цол олголоо

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 07, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

No description available.

ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  1. Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар,
  2. Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хурандаа Жамсранжавын Болд нарт Хошууч генерал цол,
  3. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Пүрэвжавын Батаад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт генералууд аа!

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.

Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон, хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Төрийн тусгай албад бол ард иргэд, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалж, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ болон ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байж, нэгэн үзүүрт сэтгэлээр сахин биелүүлж байдаг Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна.

Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай.

Эрхэм нөхөд өө!

Эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрс, цэргийн мөрдөстөн Та бүхний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг. Цэргийн хүний гэр бүл бол төрийн цэргийн байгууллагын бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь болдог гэж би бодож явдаг.

Амжилт ололт, алдаа оноо бүрийн чинь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын гэр бүл, эрхэм хүндэт генералууд Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай!” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Сүүлийн дөрвөн долоо хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо буурсан” гэв

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

Манай улсад коронавируст халдварын хоёр том давлагаа бий болсон. Тодруулбал,2021 оны хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн ба оргил үе 04.20-ноос хойш ажиглагдаж хөл хорионы дараа өвчлөл буурсан ч хоёр дахь давлагаа 06.10-даас эхлээд 06.20-нд хамгийн оргил үедээ хүрсэн. Энэхүү давлагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг бид ажиглаж байна. Дотоодын нийт халдвар нь Улаанбаатарт 60 хувь, орон нутагт 40 хувь нь бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин тавдугаар сард хамгийн оргил үедээ байсан бол хоёр дахь давлагааны үед нас баралтын түвшин харьцангуй буурсан.

Вакцин үнэхээр хамгаалж чадаж байна уу гэх асуулт их байна. Өмнөх давлагаанд вакцины үр нөлөөг харах боломжгүй байсан бол энэ удаад бүрэн тунгаа хийлгэсэн хүн 70 гаруй хувьтай байгаа нь үр дүнг харах боломжтой цаг үед ирсэн. Вакцин нь таныг халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална. Гэхдээ зэрлэг омгийн вирус буюу анхны төрлийн вирусаас хамгаална. Халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаалагдана. Сүүлийн 4 долоо хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо буурсан буюу 2,8 хувь байсан бол 1,8 хувь болсон. Хөнгөн өвчтөн 50-64 хувь болж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд вакцины нөлөө гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, Монгол Ардын намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын Бага хурлын 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн байх тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэжээ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1783 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 10.000 гаруй сорьцод шинжилгээ хийхэд 1783 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1030 нь Улаанбаатар хотод, орон нутагт 748, эмнэлгээс шалтгаалах халдвар тохиолдол 5 бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 136053 боллоо.

Мөн сүүлийн 24 цагт 3397 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 99910 боллоо.

Мөн 13 иргэн нас барлаа. Нийт нас баралт 673 боллоо.

  • 22 настай нэг хүн
  • 50-60 насны нэг хүн
  • 60-69 насны 2 хүн
  • 70-79 насны 5 хүн
  • 80 настай 2 ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд арилжааны банкуудын ажиллах хуваарийг танилцуулж байна.

Төрийн банк

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-18-ны өдрийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотын нийт салбар амарна.

ХААН банк

ХААН банк Нарантуул тооцооны төв энэ сарын 10-нд, Замын-Үүд салбарын Хилийн боомт тооцооны төв энэ сарын 17-18-нд, Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төв энэ сарын 12-17-нд, Сүхбаатар салбарын Бичигт тооцооны төв энэ сарын 10-11-нд, Сэлэнгэ салбарын Алтанбулаг тооцооны төв энэ сарын 10-нд болон 13-18-нд ажиллана. Мөн Хөвсгөл салбарын Мөрөн тооцооны төв энэ сарын 10-нд ажиллах бөгөөд ХААН банкны бусад салбарууд Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11-18-нд ажиллахгүй аж.

Хас банк

Энэ сарын 11-16-нд Хас банкны И-март тооцооны төв ажиллана. Бусад салбар нэгжүүд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд амарна.

Голомт банк

Энэ сарын 10-нд Нарантуул зээлийн төв, Хархорин салбар ажиллана. Долдугаар сарын 19-нөөс салбарууд хуваарийнхаа дагуу ажиллана.

Худалдаа хөгжлийн банк

Энэ сарын 11, 13, 16-нд бүх салбарууд амарна. Харин энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Картын үйлчилгээний төв, Чингэлтэй дүүргийн Урт цагаан тооцооны төв, Баянзүрх дүүргийн Баянцээл салбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол тооцооны төв, Хан-Уул дүүргийн Зайсан салбар, Сонгинохайрхан дүүргийн Гурвалжин салбар ажиллана. Мөн энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Төв талбай салбар, Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр салбар, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол тооцооны төв, Баянгол дүүргийн Төмөрзам салбар, Өргөө салбар, Хан-Уул дүүргийн Ривер гарден салбар, Хан-Уул – 2, салбар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол тооцооны төв ажиллана.

Богд банк

Энэ сарын 10, 12, 13-нд Урт цагаан жижиг дунд бизнесийн зээлийн төв, 14, 15, 16-нд Бодь цамхаг салбар ажиллана.

Капитрон банк

Энэ сарын 12-13-нд Баянгол салбар, 14-15-нд Ард салбар, 11-18-нд Гурвалжин салбарын харьяа 1 дүгээр тооцооны касс, Их тойруу салбарын харьяа Улаанбаатар буян тооцооны касс ажиллах бөгөөд 12-16-нд бусад бүх салбар нэгжүүд амарна.

Ариг Банк

Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу 2021 оны долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Ариг банкны салбар нэгжүүд амарна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Төрийн далбааны өдөр

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долдугаар сарын 10-нд улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн билээ.

Монгол Улсын Төрийн Далбааны түүх

Монголын анхны төрт Хүннү гүрний туг далбааны талаар нарийвчлалтай баттай нотолгоо олдоогүй ч, одоогоор олдоод байгаа шинжлэх ухааны нотолгооноос үзэхэд Хүннүчүүдийн сүлд нь наран, саран байсан ажээ. Мөн Хятан улсын үеийн туг нь ланзан хэлбэрт дүрс болоод мөн наран, саран байсан гэх ба Хятадын болон Солонгосын зарим сударт ”Лиао нүүдэлчдийн хийсэх өнгө нь сар, нар болно” хэмээсэн байдаг байна. Хүннүгийн наран, саран сүлд нь Их Монгол Улсын үед төрийн далбааны хөх дэвсгэрт дээр тодоос тод цагаанаар намирдаг байжээ. Анхлаад 1206 онд Их Монгол Улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгийн дэвсгэрт дээр цагаан шонхор шувуу дүрслэгдсэн байжээ. Цагаан шонхор шувуу нь Хамаг Монголчуудын сүлд шувуу байсан ба ерөөс бүх Монголчуудын шүтээн нь мөнх тэнгэр байсан билээ. Хожим 1250-аад оны хавьцаа хөх дэвсгэрт дээр цагаанаар наран, саран, гал гурав мөнхөрсөн байна. Энэ Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үе хүртэл Монголчуудын дунд төрийн далбаа нь хэвээр байсан аж. Монголчууд Чин улсын эрхшээлд орон ортол энэхүү далбаа нь Зүүнгар улс болоод бусад Монголчуудын далбаа болон намирсан байдаг. Мөн Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүн болох Монголын төрт улсуудын далбааг олонтоо тайлбарласан байдаг. Наад зах нь 2000 жилийн түүхтэй өвлөгдөн ирсэн наран, саран нь одоог хүртэл Монгол төрийн далбааны Соёмбод байдаг билээ.

Богд хаант Монгол улсын далбаа 1911 он

1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.

Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юмуу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1924-1940 он

1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1940-1945 он

1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгдсэн болно. Гэхдээ 1924-1940 оны хооронд байсан БНМАУ-ын төрийн туг далбаанд улсын нэр байсан байж магадгүй байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1945-1992 он

1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.

Улмаар 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаархи заалт дараах байдалтай болжээ: “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна”.

1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.

Монгол Улсын Төрийн далбаа 1992 оноос

Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын ардчилсан үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.” гэж заажээ.