Categories
гадаад мэдээ

БНСУ-д 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэх болж, 18 цагаас хойш хүн цуглахыг хориглолоо

БНСУ-д Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж сүүлийн дөрөв хоног дарааллан 1000-аас дээш тохиолдол бүртгэгджээ.

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, Сөүлд халдвар төвлөрөн гарч байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газраас халдварын тархалтыг хумих, ялангуяа Делта мутацит вирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 12-ны даваа гарагийн 00.00 цагаас 14 хоногийн хугацаанд нийгэмд зай барих дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу 4 дүгээр түвшинд ахиулж байна.

Энэ дагуу 18.00 цагаас өмнө 4-өөс дээш хүн, 18.00 цагаас хойш 2-оос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гуанз, кафе үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийх, ерөнхий боловсролын хичээлийг зайны сургалтад шилжүүлэх, байгууллагууд ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах, урлагийн тоглолт, спортын тэмцээнийг үзэгчгүй хийх, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг хорио цээрийн хатуу арга хэмжээнүүдийг авч байна.

Халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт гарч, 20-30 насны хүмүүс нэлээд хувийг эзэлж байна. Халдварын тохиолдлын дийлэнхийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд уулзалт, арга хэмжээ хийх, хоол идэх зэрэг ахуйн хүрээний үед авсан халдвар эзэлж байгаагаас гадна хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

“Ирээдүйгээ хамгаалъя” замын хөдөлгөөний нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар энэ оны зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхэлсэн.

Цагдаагийн газраас арга хэмжээний хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулан “Ирээдүйгээр хамгаалъя” нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр буюу долдугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан нөхцөлийг ойлгуулж, жолооч, зорчигчдын хариуцлагыг дээшлүүлэх, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг аюулгүй тээвэрлэх зэрэг зөв дадал хэвшлийг бий болгох замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.

Арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Д.Золжаргал, “Авто тээврийн үндэсний төв”, “Дэлгэр Буян-Ар” ХХК, “Булган тээх” ХХК, “АЗЗА” ТӨХК, “Авто зам” ХХК, “Бид чадна” ТББ, Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

“Бид туслана” ТББ-ын тэргүүн Ж.Ариунаа нээлтийн үйл ажиллагаанд оролцож, манай ТББ-ын гишүүн эмэгтэйчүүдээс аянд нэгдэн, зам тээврийн осол, хэргээс ирээдүйгээ хамгаалах нь ээжүүд бидний үүрэг, оролцоо чухлыг онцлон хэлж, аймгийн 1 дүгээр багийн Цагаан давааны замын гэрэлтүүлэгггүй хэсэгт байрлуулах нарны эрчим хүчээр цэнэглэгддэг гэрэл 5, хурдны хязгаар хориглох тэмдэг 8, тахир зам анхааруулах тэмдэг 8, эргэх чиг засах тэмдэг, тэмдэглэгээ 10 ширхгийг тус тус хандивлалаа.

Categories
гадаад мэдээ

Мальта вакцин хийлгээгүй иргэдийг хүлээн авахаас татгалзсан Европын анхны улс болжээ

Мальта долдугаар сарын 14-нөөс эхлэн иргэдийг хилээрээ нэвтрүүлэхдээ зөвшөөрөгдсөн вакцинаар тариулсныг батлах гэрчилгээг шаардана.

“COVID-19”-н халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор Мальта хэлний сургуулиудаа ирэх долоо хоногоос хаахаар болжээ. Үүнээс гадна вакцинд хамрагдаагүй иргэдийг мөн тусгай зөвшөөрөлгүйгээр хилийн чанадад зорчихыг хориглож байгаа аж.

Долоодугаар сарын 14-нөөс эхлэн Мальта улсад ирж буй хүн бүр тус улсад юмуу Их Британи, ЕХнд зөвшөөрөгдсөн гэрчилгээтэй байх ёстой. Бид ийм алхмыг авч буй Европын анхны улс болж байна” гэж Мальта улсын Эрүүл мэндийн сайд Крис Ферн мэдэгдсэн байна.

Мальта улс нийтийн дархлаа тогтсон Европын анхны улс болсноо тавдугаар сард зарласан билээ. Тус улсад халдварын 30.8 мянган тохиолдол бүртгэгдэж, 420 хүн халдварын улмаас нас барсан байна.


Categories
мэдээ нийгэм

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 57.9 хувь нь нийслэлд бүртгэгджээ

Прокурорын байгууллагаас энэ оны эхний хагас жилийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээ гарчээ.

Энэ оны эхний хагас жилд прокурорын байгууллагаас нийт 31468 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьснаас 15053 буюу 47.8 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 9331 буюу 29.6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3534 буюу 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна.

Хэрэг бүртгэлтийн 34966 хэрэгт хяналт тавьснаас 5515 буюу 15.7 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 7875 буюу 22.5 хувийг хааж шийдвэрлэсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар буурсан байна.

Мөрдөн байцаалтын 10968 хэрэгт хяналт тавьж, 6862 буюу 62.5 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 193 буюу 1.7 хувийг хэрэгсэхгүй болгож, 47 буюу 0.4 хувийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хэрэг бүртгэлтийн 34966 хэрэгт хяналт тавьснаас 5515 буюу 15.7 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 7875 буюу 22.5 хувийг хааж шийдвэрлэсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 39.3 хувиар буурсан байна.

Мөрдөн байцаалтын 10968 хэрэгт хяналт тавьж, 6862 буюу 62.5 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 193 буюу 1.7 хувийг хэрэгсэхгүй болгож, 47 буюу 0.4 хувийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 174 хэрэгт хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.

Хүүхэд хохирсон хэргийн 20.6 хувь нь “Хүчиндэх”, 16.7 хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 4.4 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийн улмаас хохирчээ.

Хүн худалдаалах 21 хэрэгт хяналт тавьж, 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлсэн нь энэ төрлийн хэргийн 95.2 хувь нь нийслэлд, 4.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Хэрэгт холбогдогчдын 77.7 хувь нь 18-30 насных байгаа бол 61.1 хувь нь эмэгтэй хүмүүс байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” 300 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна. Үүнээс 74.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн улмаас 132 хүний амь нас хохирсон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

13 аймгийн 101 сум зорчих хөдөлгөөнөө нээжээ

Амралтын өдрүүд эхлэж байгаатай холбоотойгоор энэ сарын 9-нөөс эхлэн 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэмээ сулруулж, зорчих хөдөлгөөнөө нээжээ. Харин үлдсэн 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Аймаг орон нутаг руу ороход вакцины гэрчилгээтэй, коронавирусийн халдвар авч эдгэсэн бол тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахгүй юм. Харин вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй, эхний тунгаа авсан, вакцинд хамрагдаагүй бол тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм байна. Орон нутгийн удирдлагууд хотоос иргэдийг нэвтрүүлэх өөр өөрийн гэсэн шаардлага тавиад байгаа юм.

Иймд хөдөө орон нутгаар аялах иргэд аймагт халдвар тараахгүй байхыг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг шаардаж байгаа юм.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос экспорт, импортын зориулалт бүхий хилийн боомттой аймгуудад хязгаарлалтыг мөрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн бөгөөд баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь, Өмгөговь аймаг руу зорчиход хязгаарлалтын дэглэм мөрдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль хүртээв

Тулгаp төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын цол, Гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Монголын уламжлалт мал маллах арга ухаан, малч удмын өв соёлыг өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэхэд болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ховд аймгийн Дарви сумын малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

  • “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын болон төр нийгмийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол,
  • Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээл туурвин рок поп хөгжмийн урлагт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд Ардын жүжигчин цолыг тус тус хүртээсүгэй” гэжээ.

ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“…Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, соёл, сансар судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Халийн Хатира,

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Хандмаагийн Даваахүү,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Нямдайн Бадралхүү,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Гэлэгийн Адъяа,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эх баригч эмч Баарагийн Буянаа,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэл,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

“Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн тооцооны ахлах инженер Чойжилсүрэнгийн Баасанхүү,

“Багануур” хувьцаат компанийн Багануур уурхайн машинист Дагиймаагийн Мөнхжаргал,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Тагнуулын Ерөнхий газрын Газрын дэд дарга, дэд хурандаа Батмөнхийн Батбаяр,

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Ганболдын Ганхүү,

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Ротын ахлагч, сургагч ахлагч Гомбын Содбаяр,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Толгойт” өртөөний машинист Цэндийн Эрдэнэцэцэг,

“Модун групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захирал Должидын Батбаяр,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

Нийслэлийн Онцгой байдлын аврах ангийн аврагч Гомбын Отгонбаяр,

Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа Баатарын Чойжилсүрэн нарыг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм нөхөд өө!

Төрт ёс, дэг журмыг дагаж, Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдрөөр төрийн хүндэтгэл, шагналыг салбар салбартаа амжилт бүтээл гаргасан алдартан гавьяатнуудад олгож байна.

Үеийн үед монгол түмний аман хишгийг тэтгэж ирсэн буянт малынхаа шимийг арвижуулж, малч ухаан, өв соёлыг өвлөхийн сацуу баяжуулан уламжлуулж, мал аж ахуйн үр өгөөжийг дэлгэрүүлж, хөдөлмөр алдрыг мандуулж яваа Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин Рэнцэндоржийн Цэрэндоржид нийт малчин түмнийхээ төлөөлөл болгон Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Эрдэм ухаан, мэдлэг боловсролыг хөхиүлэн дэмжсэн цагт улс орон хөгжин дэвждэг жамтай.

Ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд манлайлан зүтгэж, ёс заншил, өв уламжлал, философи гүн ухаан, улс төрийн шинжлэх ухааны салбарт олон арван бүтээл туурвиж, үе үеийн төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдыг сурган бэлтгэж, улс орны хөгжил дэвшилд оруулсан гавьяа зүтгэлийг тань өндрөөр үнэлж, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Бүдрагчаагийн Даш-Ёндонд Ардын багш цол олголоо.

Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн олон арван уран бүтээлийн зохиогч, түгээн дэлгэрүүлэгч, соён гэгээрүүлэгч, орчин үеийн дуу хөгжмийн урлагийн гол төлөөлөл “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханд рок попын урлагийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Ардын жүжигчин цол олгож байна.

Монгол хүн хөх тэнгэрийн мандал, сансар огторгуйд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан “БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн” комиссыг амжилттай удирдан зохион байгуулсан Гэлэгийн Адъяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байна.

Энэхүү түүхэн үйл явдал нь монгол хүн, Монгол Улс сансрын уудмыг эзэмших, сансар судлалыг хөгжүүлэхэд оролцсон гайхамшигт үйл явдал байсан юм.

Бүх цаг үед хамгийн их хүндэтгэл, талархлыг хүлээж, улс орныхоо ирээдүй, ард нийтийн эрүүл мэндийн манаа, сурган хүмүүжүүлэх их үйлсэд цаг наргүй сэтгэл, зүтгэл гарган хөдөлмөрлөж байдаг, ялангуяа цар тахлын хүнд нөхцөл байдалд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа эмч, багш нарын төлөөлөл болсон Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд тасралтгүй 32 жил эх баригч эмчээр ажиллаж байгаа Баарагийн Буянаад Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш, 90 насны сүүдэр шүргэж буй азай буурал Халийн Хатирад Монгол Улсын Гавьяат багш цол олголоо.

Монголчууд бидний хувьд ард түмнийхээ хүнсний хэрэгцээг дотооддоо хангахын зэрэгцээ Монгол Улс органик хүнс экспортлогч улс орон болох томоохон зорилтыг дэвшүүлж байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдал, хүн ардыг эрүүл аюулгүй хүнсээр хангах нөр их үйлсэд ажил хөдөлмөрөөрөө манлайлан оролцож яваа газар тариалангийн салбарын төлөөлөл Хандмаагийн Даваахүү, Нямдайн Бадралхүү нарт Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цол олголоо.

Өнөөдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан, урлаг соёл, боловсрол, газар тариалан, мал аж ахуй, төрийн алба, сансар судлал, эрүүл мэнд, төрийн цэргийн байгууллага, эрчим хүч, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хөдөлмөр бүтээлийн сайчууддаа төрийн дээд цол, одон медалийг хүртээж байна.

Монгол төр өндөр эрхэмсэг орших ёстой. Үүний тулд төрийн босго өндөр, үнэлэмж дээгүүр байх учиртай.

Эрхэт төрийн тэгш түүхэн ойнууд тохиосон энэхүү баярт мөчид төрийн дээд шагнал, одон медаль хүртэж, түмэн олны хүндэтгэл, талархлыг хүлээн авч байгаа Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт тань улам их өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн Та бүхний гэр бүл үр хүүхдүүд тань баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Та бүхэнд баяр хүргэе!” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Аялал, зугаалгын үеийн зөвлөмж

Бүх нийтээр ес хоног амрах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас аялал зугаалгад явах иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.




Categories
мэдээ эдийн-засаг

Гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд санал болгох журмын төсөлд санал авч эхлэв

Инновацийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Гарааны компани хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэж заасны дагуу Хорооны 2020 оны 995 дугаар тогтоолоор баталсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан олон нийтээс санал авч эхэллээ.

Иймд салбарын оролцогчид болон иргэд тогтоолын төсөлтэй танилцаж, саналаа smd@frc.mn цахим хаягаар явуулах юм.

Categories
гадаад мэдээ

Гайтигийн сенат Жозеф Ламберийг түр ерөнхийлөгчөөр зарлажээ

Гаитигийн парламентын дээд танхим сенатын дарга Жозеф Ламберийг улсынхаа түр ерөнхийлөгчөөр зарлажээ.

“Шинээр сонгогдсон түр ерөнхийлөгч Жозеф Ламберын тангараг өргөх ёслолд төрийн албан хаагчид, иргэний нийгмийн удирдагчид оролцоно. Жозеф Ламбер Хаити улсын түр ерөнхийлөгчийн үүргийг 2022 оны хоёрдугаар сарын 7-нд сонгогдсон ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орох хүртэл гүйцэтгэх болно” хэмээн Сенатын тогтоолд дурдсан байна.

Ийм шийдвэр гаргахыг сенатын 9 гишүүний 8 нь дэмжжээ.

Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз мягмар гаргаас лхагва гаригт шилжих шөнө нийслэл хот дахь гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан юм. Халдлагын үеэр тус улсын тэргүүн хатагтай Мартин Моиз мөн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн. Гаитигийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефийн мэдэгдсэнээр, гэмт хэрэгтнүүдийн зарим нь англи, испаниар ярьж байсан байна. Жозеф ард иргэддээ тайван байхыг уриалаад “Гаитигийн Үндэсний цагдаагийн газар болон Зэвсэгт хүчин улс орны аюулгүй байдлыг хангаж байгаа” гэж мэдэгджээ. Үүнээс гадна Жовенель Моизийн амь насыг хөнөөсөн хөлсний цэргүүдийн дор хаяж 26 нь Колумбын иргэд байсан талаар тус улсын цагдаагийн газрын дарга Леон Шарль мөн мэдээлсэн юм. Гаитигийн сайд нарын зөвлөл тус улсад 15 хоногийн хугацаатай дайны байдал зарласан байна.

Гаитид ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль есдүгээр сарын 26-нд болох аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын Баатар цолоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

“Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт- “Эрдэнэт үйлдвэр”-ийн улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн алдаршуулж байна” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

Баялаг бүтээгч үе үеийн геологчид, уурхайчид аа!

Та бүхэндээ Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараах орон нутгийн анхны томилолтоо Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээсээ эхэлж байгаадаа туйлын билэгшээж байна.

Манай улсын хувьд хорьдугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт бол яах аргагүй Эрдэнэт үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг даган иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хот цогцлон бий болсон түүхтэй.

Монгол оронд 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгал ялж, мөн оны 11 дүгээр сард “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай” гэрээ бичиг байгуулсан бөгөөд энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 1973-1978 онд барьж байгуулсан явдал нь Монгол, Оросын ард түмний ах дүүгийн ган бат найрамдлын бэлэг тэмдэг болон сүндэрлэн боссон юм.

Энэ эрхэм хүндэт индэрээс Эрдэнэт үйлдвэрийг барьж босголцож, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулан хүчин зүтгэж байсан үе үеийн орос мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Байгалийн баялаг, тэр тусмаа газрын хэвлийн нөөц баялаг ард түмний мэдэлд байх учиртай. Энэ ажлын хүрээнд сүүлийн хэдэн жил хууль бусаар хулгайд алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ашигт малтмалын ордууд, газрын хэвлийн нөөц баялгаа төр улсынхаа мэдэлд эргүүлэн авахын төлөө эрс шийдэмгий тэмцсээр ирлээ.

Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Бор-Өндөр, Багануур, Асгат, Салхит, Тос Тосон бумба, Гутайн даваа, Хармагтай, Ноён Уул зэрэг орд газар, үйлдвэр, уурхайнууд ард түмний мэдэлд ирсэн.

Тухайлбал, ашиг хонжоо хайсан зарим сонирхлын бүлэглэлүүд Эрдэнэт үйлдвэрийн нөөц багассан, ашигтай ажиллах боломжгүй болсон мэтээр олон нийтэд зарлаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хууль бусаар эзэн суух гэсэн бусармаг үйлдлийг таслан зогсоож, 2019 онд Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 100 хувь төрийн өмчийн статустай болгосон.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийг Монголын төр мэдэлдээ авч, улс төрөөс ангид байх зарчмыг баримтлан, мэргэжлийн инженер-техникийн ажилтнууд, нарийн мэргэжлийн ажилчид, уурхайчид та бүхэнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боломж олгосон нь үр дүнгээ өгч байгаад туйлын таатай байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэж, Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг баталсан.

Уг үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн насжилтыг нэмэгдүүлж, цаашид 70-аад жил ажиллах боломжийг бүрдүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо, геологчид, уурхайчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Эрдэнэт үйлдвэр маань сүүлийн 10 жилд л гэхэд төсвийн орлогын 7.5 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн бөгөөд цар тахалтай байсан өнгөрсөн 2020 онд гэхэд л нэг их наяд төгрөгийн татвар, шимтгэл, ногдол ашгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлээд байгаа нь түүхэндээ хамгийн өндөр орлого төвлөрүүлсэн, баялаг бүтээсэн жил байлаа.

Мөн Эрдэнэт үйлдвэр нь 7,000 орчим хүнийг ажлын байраар хангаж, нийт экспортын 10 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь манай улсын эдийн засагт асар их жин дарж, ямар их хувь нэмэр оруулж буйг тод илтгэдэг.

Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуй нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөд тэдгээрийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, цэвэр, бохир ус болон хог хаягдлын үйлчилгээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оныг дуустал Эрдэнэт үйлдвэр маань бүрэн хариуцан төлж байгааг бахархалтайгаар тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх зарчмыг цар тахлын энэхүү хүнд хэцүү цагт бодит ажил болгон харуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжиж буй Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хамт олон та бүхэндээ Монголын нийт ард түмэн, Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье.

Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш 2 жил хүрэхгүй хугацаанд өр зээлээсээ бүрэн салж, өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор сайн ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газар дээрх түүхэн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлснийг энд онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт уурхайчид аа,

20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр маань Ардын хувьсгалын түүхт 100 жилийн 40 гаруй жилд нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, амжилтаа бататган ахиулж байгаа “Уурхайчин хамт олон” та бүхнийхээ хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийг “МОНГОЛ УЛСЫН БААТАР” цолоор шагнан, Төрийн тэргүүн өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын их баяртай байна.

Эрдэнэтийн овоог нээлцсэн эрдэмтэн геологчид, үйлдвэрийн анхдагчдаас эхлүүлээд Эрдэнэт үйлдвэртэй ажил хөдөлмөр, амьдралаа холбосон үе үеийн инженер-техникийн ажилтан, албан хаагчид, өнөө үеийн ачааны хүндийг үүрэн ажиллаж байгаа та бүхнийг бүгдийг тань УЛСЫН БААТАР цолоор шагнаж байгаатай утга нэг юм.

МОНГОЛ УЛСЫН БААТАР” үйлдвэрийн удирдлага, хамт олон, уурхайчид та бүхэндээ Монгол Улсын төр засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс дахин чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж, баяр хүргэж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.

Зуун жилийн түүхэнд анх удаа Эрдэнэт үйлдвэр маань “МОНГОЛ УЛСЫН БААТАР ҮЙЛДВЭР” боллоо.

Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх болсон нэгэн зууныг хөдөлмөр бүтээл, амжилт үйлсээрээ манлайлсан УЛСЫН БААТАР үйлдвэр маань цаашдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие гүнээ итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор

Монгол Улс мандан бадрах болтугай!

Монголын уурхайчдын яруу алдар бадартугай!” гэлээ.