Categories
гадаад мэдээ

“Virgin Galactic” компани сансрын шинэ хөлгөө танилцуулжээ

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани “Spaceship III” сансрын нисэх онгоцныхоо шинэ загвар “VSS Imagine”-ийг танилцууллаа.


Сансарт богино аялал хийхэд зориулагдсан уг хөлөг өмнөх загваруудаасаас ялгаатай нь толин тусгал материалаар бүрэн бүрсэн нь хэт халалтаас хамгаалах аж.

“Virgin Galactic” компани арилжааны анхны нислэгүүдээ 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар газар дээрх туршилтыг явуулж байгаа бөгөөд туршилтын эхний нислэгийг энэ зун хийх юм.

“VSS Imagine”-ийг Нью-Мексико муж улсын “Америка” сансрын буудлаас “Scaled Composites White Knight Two” нисэх онгоц зөөгчөөр 13-15 км-ийн өндөрт хөөргөх бөгөөд дараа нь уг хөлөг бие даан газардах ёстой байна.

“Virgin Galactic” компани сансрын аялал жуулчлалд зориулсан нисэх онгоц бүтээдэг билээ. Тус компани сансрын хөлгүүдээ 2000-аад оны эхэн үеэс туршиж эхэлсэн. Тодруулбал, “Space Ship One” хөлгийнх нь анхны загвар 2003 онд анхны нислэгээ хийж байв. 2010 онд “VSS Enterprise” гэж нэрлэсэн сансрын хөлөг нь анх удаа хөөрсөн юм. Гэсэн хэдий ч 2014 онд туршилтын нислэгийн үеэр осолджээ.

Түүнчлэн 2022 он гэхэд “Blue Origin” компанитай хамтран задгай сансар дахь анхны зочид буудал болох “Аврора” станц руу хүмүүсийг хүргэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 2088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр ажлын байрыг дэмжих, ипотекийн болон урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн талаар мэдээлэл өгөв.

Ажлын байрыг дэмжих зээлийн тухайд 3 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, Аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг байна.

Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн тухайд 1078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.

Ипотекийн зээлийн хувьд 2043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, ажилчдад 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгохоор шийдвэрлэв.

Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо.
Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна
Ажлын байрыг дэмжих зээл: Гуравдугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг.
Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.
Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.
Товч мэдээ
– 2021 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар 290,108 хүнийг дархлаажуулаад байна.

– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-д тусгасан таван бодлого, 20 зорилт, 127 арга хэмжээний биелэлт 2020 оны эцсийн байдлаар 75.9 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боллоо.

2021 оны дөрөвдүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана. Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив.

Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм.

Дээрх хугацаанд:

Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх

Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах

Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/

Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/

Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах

Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох

Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТАНИЛЦ: Ирэх сарын 3-наас 18-ныг хүртэл үйл ажиллагааг хязгаарлах байгууллагууд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 2021 оны дөрөвдүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо.

Дээрх хугацаанд:

-Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,

-Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,

-Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,

–Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,

-Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах,

-Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,

-Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:

-Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх,

-60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах,

-Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх,

-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах,

-Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах,

-Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах,

Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд:·

-Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх,

-Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх,

-Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих,

-Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах,

-Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах,

-05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах,

-04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах,

-07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан 11 цаг 15 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар Хууль зүйн байнгын хорооны дарга уг Ажлын хэсгийг ахлах нь хууль зөрчих тул Ажлын хэсгийн ахлагчаар Байнгын хорооны дарга бус Улсын Их Хурлын гишүүнийг томилох тухай горимын санал хэлж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт уг Ажлын хэсгийг ахлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт Ажлын хэсгийг “Улсын Их Хурлын гишүүн ахлана” гэж заасан, мөн Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсгийн ахлагчийг томилсон тул санал хураалт явуулахгүй гэсэн тайлбар хийв. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Х.Нямбаатар, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Үүнд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах тухай гишүүн тус бүрээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан. Харин нэр дэвшигч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг дэмжээгүй болно.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасан. Иймд Монголын Хуульчдын холбооноос ажлын хэсгийн гишүүнд санал болгох төлөөллийг Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болгов. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжсэн.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөрийн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдээс гарсан горимын саналын дагуу Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлагдсан.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилохыг гишүүд дэмжснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг амиа алдсанд ЗХЖШ уучлалт гуйж, ар гэрт нь нөхөн олговор өгнө гэв

Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амиа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл өглөө.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна. Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө” гэв.

Хурандаа Д.Ариунболд “Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт мухар олгооны үрэвсэл болон өмнөх өвчний сэдрэлээр 2-3 хугацаат цэргийн алба хаагч эмчлүүлж байна. Мөн саяхан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид гарсан дүрмийн бус зөрчлийг шалгаад холбогдох ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан. Цэргийн ангид гарч буй сахилга зөрчлийн асуудлыг тасалн зогсоох зорилгоор шаардлагатай арга хэмжээг гаргаж хэрэгжүүлдэг” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Киото хотын интоорын модод 1200 жилийн түүхэнд хамгийн эрт цэцэглэжээ

Жил бүрийн хавар тохиодог интоорын модод цэцэглэх үзэгдэл нь япончууын хувьд чухал үйл явдалд тооцдог.

Японы эртний нийслэл Киото хотод энэ үзэгдэл гуравдугаар сарын 26-ны өдөр оргилдоо хүрсэн нь сүүлийн 1200 орчим жилийн түүхэнд хамгийн эрт цэцэглэсэн тохиолдол болжээ.

Үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал гэж судлаачид дүгнэсэн байна.

Осака мужийн их сургуулийн профессор Ясүюки Аоно сүүлийн 1000 гаруй жилийн түүхэн баримтыг цуглуулж, нягтлаад Киотод жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-17-ны хооронд интоорын модод цэцэглэдэг байсныг тогтоожээ. Гэвч дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд цэцэглэх хугацаа нь урагшилсаар энэ жил оргилдоо хүрсэн юм байна.

Интоорын мод нь орчны температурт маш их мэдрэмтгий байдаг. Тухайлбал 2018 оны намар Токио хотод далайн шуурганы улмаас ер бусын дулаарал ажиглагдахад интоорын модод “улирал андууран” цэцэглэж байсан удаатай.

Аоно профессорын тогтоосноор Киото хотын жилийн агаарын дундаж температур 1820 оноос хойш Цельсийн 3.4 хэмээр нэмэгджээ. Энэ жил нийслэл Токио хотын интоорын модод гуравдугаар сарын 22-ны өдөр оргилдоо хүрч цэцэглэсэн нь дунджаас гурван өдрийн өмнө, 1953 оноос хойших хамгийн эрт тохиосон үзэгдэл болсон байна. Интоорын модод цэцэглэх үзэгдэл долоо хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг ба нийт цэцэгсийн 80-аас дээш хувь дэлбээгээ нээхийг оргил үе нь гэж үздэг ажээ.

Categories
мэдээ спорт

Сайн мэдээ: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авлаа

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор озэки цолоо эргүүлэн авсныг Сүмогийн холбоо өнөөдөр/2021.03.31/ мэдэгдлээ. Өдгөө 29 настай түүний хувьд 2015 онд анх удаагаа озэки цол хүртэж байсан бөгөөд хоёр өвдгөндөө дараалан гэмтэл авч, олон башё өнжиж улмаар сүмогийн доороосоо хоёр дахь зиндаа болох Жонидан хүртэл чансаа буурч байв. Харин өнөөдөр дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртээд, озэки цолыг хоёр дахь удаагаа хүртээд зогсч байна.

Озэки цол дахин авсан талаараа тэрбээр “Баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Өмнө нь байсан байрандаа эргэн ирлээ. Эхний удаа озэки цол хүртэхдээ баяртай байлаа. Харин одоо дахин цолоо эргүүлэн авсандаа тайвширч байна. Жонидан зиндаа руу унасан үедээ энэ талаар ч төсөөлж ч байсангүй. Эргүүлэн цолоо авна гэж бодож байсан болохоос биш ийм амжилт гаргана гэж төсөөлсөнгүй. Би өөрийгөө бэлтгэл сургуулилтдаа бүрэн зориулж, илүү өндөр зорилго өмнөө тавих болно. Мөн дэвжээний багшдаа баярлалаа. Би танд өртэй” хэмээжээ.

Ийнхүү ирэх тавдугаар сарын башёд Такакэйшо, Шодай, Асанояама, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэсэн дөрвөн озэки цолтой бөх барилдахаар болжээ. Харамсалтай нь, Хакүхо М.Даваажаргал өвдгөндөө мэс ажилбар хийлгэсний улмаас ирэх башёг өнжих болсон тул Нацү башё ямар ч ёкозүна цолтой бөхгүйгээр явагдах болжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Буйр нуурт живсэн автомашиныг татан гаргахад оролцсон аврагчийг урамшуулжээ

Халхгол сумын Буйрын нуурт өнгөрөгч нэгдүгээр сард долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэн.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буйр нуурт осолдсон автомашинуудыг татан гаргаж авах ажиллагааг хоёрдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулсан байна.

Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах, ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж мөнгөн урамшуулал олголоо.

Татан гарган авах ажиллагааг Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан баг амжилттай ажиллаж тус хоёр автомашиныг татан гаргасан байна.

Тодруулбал, тээврийн хэрэгслүүд Ялалт багийн Буйр тосгоноос баруун зүгт Хошуу бургас гэх газарт осолдож, азаар хүний амь нас эрсдээгүй аж.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар