Categories
мэдээ улс-төр

Энэ онд Нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгажээ

“Нийслэл Улаанбаатар хотын боловсролын салбар дахь тулгамдаж буй асуудал, гарц шийдэл” уулзалт өнөөдөр БШУЯ-нд боллоо.

Уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Коронавируст цар тахлын улмаас хичээл, сургалтыг цахим болон теле хэлбэрээр явуулж байгаатай холбоотойгоор нийслэлийн сурагч хүүхдүүдийн өмнө гарч буй хүндрэлүүд, үр дүнг сайжруулах зарим асуудал, шийдлийн талаар БШУЯ-ны бага дунд болон сургуулийн өмнөх боловсролын газрын дарга нар илтгэл тавьж, мэдээлэл өгөв.

Мөн сургууль, цэцэрлэгийн энэ оны төсвийн гүйцэтгэлд хамаарах зарим асуудал, хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын санхүүжилтийн талаарх мэдээллийг тус яамны Санхүү эдийн засгийн газрын дарга С.Нансалмаа өгсөн юм.

Харин гуравдугаар сарын 1-нээс сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хэрхэн бэлтгэл хангаж буйг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаад байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавируст халдварын нөлөөгөөр боловсролын салбарт маш олон асуудал тулгамдаж байгааг онцлоод сургалтын хүртээмж, чанарын асуудал хамгийн ихээр санаа зовоож буйг хэллээ. Тэрбээр “Бүх зүйлийг ковидод наагаад хойш суугаад байж болохгүй. Үүнээс болж эдийн засаг ч хүндэрлээ, боловсролын асуудал ч орхигдлоо. Тиймээс дэлхийн улсууд ковидтой зэрэгцээд асуудал бэрхшээлээ шийдвэрлэж байгаа тэр шийдлийг нь мөн хэрэгжүүлье” гэв.

Мөн тус салбарын боловсон хүчний асуудал, нэн ялангуяа багш нарын нийгмийн баталгааны талаар хот санаа тавьж ажиллана гэдгээ хэлсэн юм. Тухайлбал, хот түрээслээд өмчлөх хэлбэрийн болон орлогод нийцсэн орон сууцны хороолол барих ажлыг үргэлжлүүлнэ. Нийслэлд зургаан байршил дээр орон сууцны том хорооллын төлөвлөлтийг хийх юм. Тиймээс энэ төсөлд багш нарыг хамруулах талаар БШУЯ-тай хамтран ажиллаж, “Багш” хотхоныг ямар ч хэлбэрээр зохион байгуулж, хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, яамны шагнал олгох журам шинэчлэгдлээ

“Журам батлах тухай” Соёлын сайдын 2020 оны есдүгээр сарын 14-ны өдөр баталсан А/05 дугаар тушаалаар Соёлын яамнаас хоёр төрлийн шагнал олгодог.

Тухайлбал, Яамны болон Засгийн газрын шагнал юм. Яамны шагналд “Жуух бичиг ”, Засгийн газрын шагнал нь “Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”, “Ардын авьяастан хүндэт тэмдэг” ордог.

Шагналыг Яамны, Засгийн газрын шагнал гэсэн дарааллаар олгох бөгөөд өмнөх шагналаас гураваас доошгүй жил ажиллаж байж дараагийн шатны шагналыг олгоно.

ШАГНАЛ ОЛГОХ БОЛЗОЛ:

Жуух бичигт :

– Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан

– Ажлын өндөр амжилт гаргасан

– Онцгой бүтээл туурвисан

– Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй

– Соёл урлагийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан бол

Ардын авьяастан :

– Ардын урлагийн тодорхой төрлөөр мэргэшиж, уран бүтээлээ сурталчилж олны хүртээл болгосон, соёлын биет бус өвийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн бус уран бүтээлч, соёлын өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастныг шагнаж болно.

Соёлын Тэргүүний ажилтан :

– Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан

– Ажлын өндөр амжилт гаргасан

– Онцгой бүтээл туурвисан

– Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй

– Соёл урлагийн салбарт 12-оос, тухайн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан бол

Дээрх шаардлагууд харгалзахгүйгээр Соёлын Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаж болно.

– Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож эхний гурван байрт шалгарсан, олны таашаалд нийцсэн онцгой солон уран бүтээл бүтээн туурвисан

– Мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийч, үлээвэр хөгжимчнөөр ажиллаж журмын энэ 2.1-д заасан хугацааны 50 хувийг хангасан

– 1990 оноос өмнө Улсын тэргүүний уран сайханч шагнал хүртсэн, улс, олон улсын их наадмын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Шагналыг :

– Үндэсний их баяр наадам

– Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

– Тухайн байгууллагын 50 болон түүнээс дээш 10 жилийн давтамжтай тэгш ой

– Соёл, урлагийн ажилтны өдөр

– Цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан олгоно

Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

– Соёл, урлагийн салбарт 10-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага шагналд нэр дэвшүүлж болох бөгөөд дээрх /журмын 3.3-т заасан /баярын өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө баримтаа бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэлийн соёл, урлагийн газраар дамжуулан цаасан болон цахим хэлбэрээр явуулна.

Бүрдүүлэх материал

– Журмын хавсралтаар баталсан анкет

– Байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл

– Ажлын гүйцэтгэлийн үзүүлэлт

– Урьд шагнагдсан бол энэ тухай тэмдэглэл

– Журмын 2.2-т заасан болон бусад онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, нотолгооны хуулбар

– Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий албан бичиг

Шагналыг шийдвэрлэх

Яамны шагналын асуудал хариуцсан албан хаагч энэ журмын шаардлагад нийцсэн баримтыг шагналын асуудал хариуцсан зөвлөлөөр хэлэлцүүлнэ.

Шагналын зөвлөлийн олонхийн санал авсан иргэнд сайдын шийдвэрээр шагналыг олгож, мэдээллийг яамны цахим хуудаст байршуулан, шагналыг аймаг, нийслэлийн соёл,урлагийн газар, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,эсхүл тодорхойлсон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө.

Тэмдэг, үнэмлэхийг нөхөн болон сольж олгох

Шагналын тэмдэг, үнэмлэх, жуух бичгийг өөрийн буруу биш шалтгаанаар үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд өөрийнх нь өргөдлийг үндэслэн, үнийг нь төлүүлж нэг удаа солих буюу нөхөн олгож болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүхэрлэг хийн 70 хувь нь цахилгаан станцын яндангаас ялгардаг

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг Сайжруулсан шахмал түлш нь Монгол Улсын сайжруулсан шахмал түлшинд тавигддаг “MNS5679:2019” стандартыг бүрэн хангаж байна. Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэхэд гурван төрлийн стандартыг мөрдлөг болгодог бөгөөд дээрхийг хангаж байгаа эсэхийг төрийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг байна.

Сайжруулсан шахмал түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хийн хэмжээ Монгол Улсын стандартаар нэгж эзэлхүүнд 1.2 миллиграмм байх ёстой байдаг бол сайжруулсан шахмал түлшний шаталтаас ялгарах хүхрийн хэмжээ 0.8-0.96 миллиграмм байдаг байна. Энэ нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн хангаж байгаа юм.

Агаар дахь хүхэрлэг хийн агууламжийг хамгийн ихээр ялгаруулдаг зүйл нь цахилгаан станцын яндангаас гарах түүхий нүүрсний утаа аж. Тодруулбал, цахилгаан станцын яндангаас 70 орчим хувь нь, автомашины яндангаас 22-23 хувь, айл өрхийн хэрэглээний түлшнээс 7-8 хувь ялгарч байгааг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар хийсэн судлагаа нотолдог юм.

Жил ирэх тусам хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдэж байгаа нь цахилгаан станциудын түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаатай шууд холбоотой гэдгийг эрдэмтэд хэлж байна. Тухайлбал, цахилгаан станциуд 2016 онд 4.5 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсан бол 2019 онд таван сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа нь агаар дахь хүхрийн хэмжээ нэмэгдэх гол шалтгаан болж байна.

Мөн жил бүр хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа тээврийн хэрэгсэл, түүний яндангаас гарах утаа ч агаар дахь хүхрийн хэмжээг нэмэгдүүлж байдгийг эрдэмтэд хэлж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2019 он гэхэд хүхэр багатай авто шатахууны 50 хувийг хүхэр багатай ЕВРО-5 ангилал руу, 2025 он гэхэд 80 хувийг ЕВРО-5 ангилалд шилжүүлэхээр тусгасан байдаг хэдий ч хөтөлбөрийн биелэлт хангалтгүй байна.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлжээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс зарласан МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчдын материалыг 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 18 цагаар тасалбар болгон хүлээн авч дууссан аж.

Сонгон шалгаруулалтад оролцохоор доорх нэр бүхий 15 хүн зарласан хугацаанд материалаа ирүүлсэн байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс нэр бүхий 15 хүнийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчээр бүртгэж, жагсаалтыг гаргав.

Үүнд:

1. Ө.Цэвэлсүрэн

2. Б.Ууганбаяр

3. Т.Бат-Оргил

4. Р.Гандиймаа

5. Э.Дагиймаа

6. М.Амарбаяр

7. Н.Болормаа

8. Т.Батзориг

9. Б.Цондовдорж

10. А.Бүрэнбаатар

11. Ш.Отгон-Өлзий

12. Г.Гэрэл

13. Б.Эрдэнэбаатар

14. Б.Цэдэн

15. Г.Баярхүү

Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарын ажилчдыг маргааш нэгдсэн журмаар PCR шинжилгээнд хамруулна

Хоёрдугаар сарын 6-ны өдөр буюу маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын харьяа шинжилгээний цэгүүдэд зөвхөн уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын шинжилгээг авахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан СБД-т байрлаж буй шинжилгээ авах гурван цэг /3, 31, 58 дугаар сургууль дээр байрлаж буй/-ийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд 7-ны өдрийг хүртэл орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авахгүй юм байна.

Уул уурхайн ААН-үүд өнөөдрийн дотор СБД-ийн Эрүүл мэндийн төвтэй гэрээгээ байгуулж, хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдах юм.

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн иргэдийг энэ сарын 9-нийг хүртэлх хугацаанд нутаг буцаана

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Орон нутаг зорихдоо шинжилгээний хариу гарснаас хойш 24 цагийн дотор хотоос гарах шаардлагатай аж.

Иймд, Нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс ямар ажлуудыг зохион байгуулах, иргэд хаана хандаж, ямар шинжилгээ өгч, бичиг баримт бүрдүүлсэн байх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ калибрын сум тэсвэрлэх чадалтай хуягт өмсгөл бүтээнэ

ОХУ ирээдүйн цэргүүдэд зориулж 50 калибрын сум тэсвэрлэх чадалтай шинэ үеийн хуягт өмсгөл бүтээж буйгаа мэдэгдэв.

Оросын төрийн цэргийн техник хөгжүүлэгч Ростек компани дөрөв дэх буюу шинэ үеийн Сотник байлдааны хувцас бүтээх ажлаа эхлүүлсэн бөгөөд эцсийн бүтээгдэхүүн 2035 онд багтаж бэлэн болно хэмээн мэдээлсэн байна. Цэргийн дэвшилтэт технологи бүтээдэг гэдгээрээ бахархдаг тус корпораци “Шинэ хуягт өмсгөл Орос орны батлан хамгаалах үйлдвэрлэлийн бүтээн хөгжүүлсэн технологи болон зарим роботжуулсан, мэдээлэл солилцох зорилготой сайжруулсан девшилтэт хэрэгслүүдээс бүтнэ” хэмээн тайлбарласан байна.

Мөн өнгөрсөн сард үйлдвэрлэл хариуцсан захирал Бекхан Оздоев “Бид шинэ технологийн байлдааны хувцас бүтээх ажлын эхний шатыг амжилттай эхлүүллээ. Үүний тулд шаардлагатай техник хэрэгслүүдийг бүрэн цуглуулж, ажлын төлөвлөгөө гаргалаа. Мөн батлан хамгаалах яамнаас аль хэдийн удирдамжаа хүлээн авсан” хэмээн мэдээлж байсан билээ.

Шинэ байлдааны хувцсыг дэлхий дээрх хамгийн дэвшилтэт технологи бүхий хуяг болгох зорилго тавьжээ. Оздоевийн хэлснээр шинэ хуягт өмсгөл хөнгөн жинтэй полиэтилен материал болон 50 калибрын сум тэсвэрлэх чадалтай металл хуягуудаас бүтнэ. Түүнчлэн шинэ өмсгөлийг хөдөлгөөнд саад болохгүй, шаардлагатай үед нэмэлт ачаа авч явахад тохиромжтойгоор бүтээхээр төлөвлөж байгаа аж. Ажиглагчдын мэдээлснээр Оросын эрх баригчид шинэ зорилгодоо маш их ач холбогдол өгч байгаа бололтой. Мэргэжилтнүүдийн хэлснээр орчин үед ямар ч сайн хуягтай байлаа гэсэн 50 калибрын суманд өртсөн хүн амьд үлдэх боломжгүй.

Гэхдээ Ростек компани дөрөвдүгээр үеийн байлдааны хувцасны судалгаа, хөгжүүлэлтэд хэр хугацаа шаардагдахыг тодорхой мэдээлээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус компани одоогийн байдлаар гуравдугаар үеийн байлдааны хувцас бүтээх ажлаа дуусаагүй байгаа аж. Тэдний бүтээж буй гуравдугаар үеийн хуяг нь өдгөө зэвсэглэлд буй Ратник хувцсыг халах зорилготой, 2025 он гэхэд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өдгөө ашиглаж буй Ратник хувцас нь амь тэтгэх, хянах, харилцаа холбоо тогтоох, байлдах, хамгаалах, эрч хүч дэмжих үндсэн үүргүүдийг биелүүлдэг бөгөөд цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд даалгавар биелүүлэхэд тохиромжтой аж. Ростекийн мэдээлснээр тус хувцас дээр нэмэлт экзоскелетон суулгавал цэргийн хувийн ачаан дээр нэмэлт 80 кг хүртэлх ачааг ажралгүй тээх чадалтай болох аж.

Эх сурвалж: UNILAD

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Долдугаар сарын 11-н хүртэл 2-3 удаа хөл хорио тогтоож магадгүй

Цар тахлын үед математик тооцоололд тулгуурлан хэзээ хязгаарлалт тогтоох хугацааг урьдчилж гаргах боломжийг Засгийн газар судалж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тэрбээр “Долдугаар сарын 11-н хүртэл 2-3 удаа хөл хорио тогтоох магадлал хамгийн өндөр байна гэдгийг олон нийтэд зарлаж, аж ахуйн нэгжүүд түүнд тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөдөг байх учиртай.

Нөхцөл байдал хүндэрвэл үнэнээ хэлнэ, хүндрэхгүй бол долдугаар сарын 11-н хүртэл 2-3 удаа хөл хорио тогтооно.

Энэ нь 7-10 хоногийн хугацаатай байх юм. Ингэж чадвал хувийн хэвшлийнхэн бэлтгэлээ хангаж, барааны нийлүүлэлт, зээл авах, ажилчдынхаа ээлжийн амралтыг зохицуулах гэх мэтээр олон ажлыг төлөвлөж болно” гэлээ.

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон ХӨСҮТ-ийн дэргэд Эрдэмтдийн зөвлөл ажиллаж, цар тахлын тархалтын нөхцөл байдалд тулгуурлан цаашид хэрхэн үргэлжлэх, хөл хориог хэзээ тогтоовол хамгийн үр дүнтэй байх зэргийг тооцоолдог. Тухайн тооцоолол 95.7 хувийн баталгаатай гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих хэлэв.

Categories
мэдээ цаг-үе

Их Британитай гаалийн хөнгөлөлт эдлэх талаар ноот бичиг солилцлоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар энэ сарын 5-ны өдөр Монгол Улсыг Их Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцов.

Их Британийн гаалийн тарифын хөнгөлөлтийн “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу эдлэх тарифын хөнгөлөлт болон хөнгөлөлт эдлэх шалгуур үзүүлэлт зэрэг нь Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-тэй ижил нөхцөлтэй аж.

Монгол Улсын хувьд Их Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-ийн дагуу тарифын хөнгөлөлт эдэлснээр хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэх, ингэхдээ Монгол Улсын уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихийн хамт бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад батлагдсан тохиолдлуудын 8.2 хувь нь эрүүл мэндийн ажилтнууд байна

“Коронавируст халдвар “ковид-19”-ын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө” сэдэвт сургалт өнөөдөр болов.

Сургалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “COVID-19 вакцин нэвтрүүлэхийг дэмжихэд чиглэсэн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо нь Эрүүл мэндийн яам, түншүүдийн хувьд нэн чухал боловч төвөг бэрхшээлтэй ажил байх болно. Хүмүүсийн хүлээлтийг зохицуулах, ялангуяа вакцины эхний үе шатанд вакцины хангамж, хүртээмжийн талаар харилцаа холбоо ба олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг яг одоо эхлүүлэх, хүн амыг вакцин нэвтрүүлэхэд бэлэн болгох хэрэгтэй. Манай улсын хэмжээнд бүртгэгдсэн Коронавирүст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн 8.2 хувийг эрүүл мэндийн ажилтнуудын өвчлөл эзэлж байна. Та бүхэн Коронавируст халдварын эсрэг вакцинаар вакцинжуулах нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, халдвараас өөрсдийгөө сэргийлэх нь чухал байна” гэжээ.

Мөн ДЭМБ-ын суурийн төлөөлөгч Др.Сергей Диордица “Дархлаажуулалтыг эхлэхээс өмнө шаардлагатай бүх бэлтгэлийг хангах ёстой. Үүнд зохион байгуулалт, хэрхэн хүргэх, холбоотой хууль тогтоомжийг судлах, эрүүл мэндийн ажилчдаа бүрэн сургах, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, эрсдэлийн үеийн харилцаа холбоо зэрэг бүх бэлтгэлийг хангасан байх шаардлагатай. Баярт мэдээ дуулгахад Монгол Улсын бэлэн байдлын төлөвлөгөө болон ДЭМБ-аас хийсэн тархвар зүйн үнэлгээнд үндэслэн PFIZER вакцины эхний ээлжинд хамрагдах орноор Монгол Улс сонгогдсон байна. Нэгдүгээр улиралд нийт 25.740 тун вакцин хүлээн авна. Тиймээс ДЭМБ-ын зүгээс үндэсний хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтад дэмжлэг үзүүлж ажиллахдаа баяртай байна” хэмээсэн байна.