Categories
мэдээ цаг-үе

“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг энэ сарын 9-нд олгоно

“Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог билээ. Тэгвэл одонтой ээжүүд, насны хишгийн мөнгийг энэ сарын 9-нд дансаар олгохоор болсон байна. Иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орох юм.

Улсын хэмжээнд одоогоор “Насны хишиг” авдаг 140 мянга орчим ахмад настан, “Алдарт эхийн одон”-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Хэнтий, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэд Сонгинохайрхан дүүрэгт шинжилгээ өгнө

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод саатсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг өнөөдрөөс хоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон.

Энэ шийдвэрийн дагуу орон нутаг буцах хүсэлтэй иргэдээс Covid-19 халдварын илрүүлэг шинжилгээг хоёр өдрийн хугацаанд авахаар боллоо. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд орон нутаг буцах хүсэлтэй иргэдийг бүсчилсэн хэлбэрээр шинжилгээнд хамруулах юм.

Сонгинохайрхан дүүргийн шинжилгээ авах таван цэгт Хэнтий, Орхон, Сэлэнгэ аймаг руу буцах хүсэлтэй иргэд 09:00-17:00 цагийн хооронд хамрагдана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгонтуяа: Дүрэм биелүүлэх нь ямар ач холбогдолтойг эмнэлгийн үйлчлэгч ч сайн ойлгосон байх учиртай

-БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮДЭНД ХАЛУУН ХЭМЖИХ ГЭЖ “ГУРИЛДАЖ” БАЙНА ШҮҮ ДЭЭ-


Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, судлаач Д.Отгонтуяатай ярилцлаа. Тэрбээр 2008 оноос эхлэн 25000 гаруй хүнд сургалт, зөвлөгөө өгчээ. Түүний судалгааны ажлын бас нэг анхаарал татсан сэдэв “Төрийн үйлчилгээний бүтээмжийн шинжилгээ” юм. Д.Отгонтуяа докторын судалгааны ажлаа энэ сэдвээр хийжээ. Ялангуяа эрүүл мэндийн салбарт эмч нар ямар бүтээмжтэй ажиллаж байгааг судалсан гэнэ.


-Дөнгөж амаржсан эх, нярайд сэтгэл гаргаагүйгээс болоод Засгийн газар огцорсон. Эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээмжийг хэрхэн сайжруулах ёстой вэ?

– Үйлчилгээний салбарын бүтээмжийг хэмжихэд түвэгтэй. Хэрэглэгчийн сэтгэл ханамж чухал. Үйлчлүүлэгчийн оролцоотойгоор бүтээмжийг хэмждэг. Би бүтээмжийн чиглэлээр Японд сурч байсан. Бүтээмж чухал гэдгийг япон багш нар тархи толгойд шингээж өгсөн л дөө. Улс орны хөгжлийн тулгуур үзүүлэлт нь стандарт, дүрэм журам байдаг. Бүтээмж ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн стандарт шаардаж байдаг. Түүндээ үндэслэж алхам алхмаар ахих учиртай.

-Манай иргэд төрийн үйлчилгээнд ихэвчлэн сэтгэл ханамжгүй байдаг даа. Ямар нөхцөлд иргэнд сэтгэл ханамж өгөх юм бол?

-Хамгийн гол нь манай тогтолцоо асуудалтай. Нэг дарга гарч ирэхэд бүх юм өөрчлөгддөг. Тогтолцоо тогтворгүй, ойлгомжгүй болохоор төрийн албан хаагчид ажил хийгээд ч нэмэргүй гэсэн хандлагатай болдог. Би ч төрд ажиллаж үзсэн. Угаасаа сайн ажиллаад нэмэргүй, авдаг цалингаа авна гэсэн хандлагатай байдаг. Цалин багатай, хариуцлагын тогтолцоо нь сул.

-Яавал эмнэлэгт ажилладаг хүмүүсийн харилцаа хандлага сайжрах вэ?

-Эрүүл мэндийн байгууллагууд ДЭМБ-ын янз янзын тогтолцоо, системүүдийг уг нь нэвтрүүлдэг. Ингэж болно, тэгж болохгүй гэсэн дүрэм журам хангалттай байдаг. Гол нь түүнийгээ хэрэгжүүлэх учиртай хүмүүс маань энэ яагаад чухал вэ гэдгийг ойлгож ухамсарлаагүй байдаг. Наад захын жишээ нь тэр амаржсан ээжийг дараагийн эмнэлэгт шилжүүлэх дүрэм журам байсан л байж таараа. Гол нь яагаад тэр дүрмийг баримтлах ёстой вэ гэдэг ухамсар луу нь чиглэсэн сургалт хангалтгүй байгаа юм. Хангалттай их цаас үйлдвэрлэсэн. Харин хүмүүс “Энэ дүрэм журмыг бариагүй гээд яав л гэж” гэсэн хандлагатай байдаг.

-Хүмүүстэй харьцдаг жолооч, асрагч, эмч сувилагч нар нь дүрэм журмаа мэдэж байна уу гэдэг асуудал юм байна?

-Дүрмээ мэдэж байна уу гэдэг асуудал. Хоёрдугаарт, тэр дүрмийг биелүүлснээр ямар ач холбогдолтойг түвшин түвшиндээ сайн ойлгоогүй байдаг. Түүнээс биш том товхимлууд орчуулагдсан, олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн, мөнгө зарцуулсан хэрнээ үр нөлөө нь хэрэглэгчид, эмнэлгийн ажилтанд яаж нөлөөлснийг судалсан юм байдаггүй.

-Ажилтнуудынхаа харилцаа, хандлагыг өөрчлөхөөр сургалт авсан төрийн байгууллага таарч байв уу?

-Байгаа. Удирдлагын арга барилаас олон зүйл шалтгаалдаг юм билээ. Ноднин судалгаа хийж байхдаа тухайн үед Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал байсан Л.Баттөртэй яг энэ сэдвээр ярилцсан юм. Тэр Японд төгссөн юм билээ. “Манайх зөндөө сургалт авч байсан. Та яаж оръё гэж бодож байна, ийм сургалт нөлөөлөх үү” гэж асууж байсан. “Хүний харилцаа, хандлага урт хугацаанд өөрчлөгддөг. Нэг, хоёр удаа сургалт хийгээд өөрчлөгдөхгүй” гэж би хариулсан юм.

Би энэ талаар олон туршилт хийж үзсэн. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байхдаа 1200 амьдралын боломж тааруу хүүхдүүд, ээж, аав нартай ажиллаж байлаа. Тэр хүмүүсийн хандлагыг өөрчлөх гэж их үзсэн. Ялангуяа мэдээлэл багатай хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэцүү, маш их хугацаа орсон. Мэдээлэл ихтэй хүн ч “Би яагаад өөрчлөгдөх ёстой гэж” гээд шууд хүлээж авахгүй. Олон удаагийн давтамжтайгаар сургалт хийж, ажиллахаар үр дүн гардаг л даа. Хүний хандлагыг өөрчлөхөд дор хаяж зургаан сараас жил гаруй хугацаа хэрэгтэй юм билээ.

-Та олон байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллажээ. Танд хандсан хүмүүсийн гол асуудал нь харилцаа, хандлага байсан гэж та ярьсан байна лээ?

-Тийм. Би 2008 оноос хойш ойролцоогоор 25 мянга орчим хүмүүст янз бүрийн шатны сургалт хийсэн байна. Малчин тариачин, албан хаагчид байгууллагын удирдлагууд гээд олон хүнд сургалт хийсэн дээ. Таван настай хүүхдүүдэд ч сургалт хийсэн. Ялангуяа томчуудын хандлагыг өөрчлөх хамгийн хэцүү. Байгууллага, айл гэр, улс орны түвшинд ч ажил сайн явах, хөгжих гол үндэс нь харилцаа байдаг. Дээр дурдсан амаржсан эмэгтэйн жишээн дээр ч байгууллагын удирдлагууд яриад нэг нь “Наад эмэгтэйгээ хурдан явуул” гээд нөгөө нь сандраад явуулсан гэсэн яриа сонсогдсон. Байгууллага хооронд албан харилцаа гэж байх ёстой.

ДЭМБ-ын зааварчилгаа, байгууллагын дотоод дүрэм журам гэж бий. Энэ эмнэлгүүд аль хэдийнэ олон улсын стандартад нэгдсэн гээд батламж ханандаа хадсан байгаа даа. Тэр батламжийн гол зорилго, үзэл санаа юу билээ. Тухайн байгууллагад ажиллаж байгаа үйлчилгээний ажилтан цэвэрлэгчээс авахуулаад дээр байгаа дарга хүртэл бүх түвшиндээ стандарт чухал юм байна. Би өөрөө эрүүл, аюулгүй ажиллах ёстой гэж байгууллагад ажиллаж байгаа эд эс бүхэн нь ойлгосон тохиолдолд заавал батламж ханандаа хадах шаардлагагүй ч байж болно. “Танай байгууллага ийм гоё батламжтай, олон улсын стандартаар ажилладаг юм байна, тийм үү” гэхээр хүмүүс нь “Юу билээ” гээд мэддэггүй. Зөвхөн бодлогын түвшний хэдэн хүн л цаасан дээр хэдэн сар ажилласан.

Маш гоё дүрэм журамтай. Цэвэрлэгээ хийж байгаа хүн нь ойлгоогүй “Мэдэхгүй ээ, манайхан тэр хавиараа бужигнаад л байсан. Эгч нь сайн мэдэхгүй шүү дээ” гэх жишээтэй. Гэтэл тэр эгч сайн мэдэж байх учиртай. Одоо байгууллагуудын үүдэнд халуун хэмждэг нэг хүн зогсож байна. Халуун хэмжих гэж “гурилдаж” байна шүү дээ. Халуун хэмжигчийн зайг ойр ойрхон солихгүй бол нэмэргүй. Гэтэл “Халуун хэмжээрэй л гэсэн” гээд зогсож байдаг. Монгол Улсын хөгжил жижиг зүйлээс л эхэлнэ. Япон, Америкт ч бүх юм дүрэм журамтай. Америкт гэхэд хурдны зам дээрээ зогс гэсэн тэмдэглэгээтэй. Зогсохгүй өнгөрвөл шууд 150 доллараар торгоно. Дүрэм журам зөрчвөл ямар хариуцлага ногдуулах нь бүгдэд тодорхой. Болно болохгүй гэсэн хэм хэмжээг багаас нь хэвшүүлсэн байдаг.

Японд хог хаяж болохгүй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахын тулд хог боловсруулдаг үйлдвэрт аваачиж үзүүлээд “Чи хогоо ангилж хаяхгүй бол тэнд байгаа настай эмэгтэй хог ангилах ажил хийнэ” гээд харуулдаг. Чихээр сонсох, нүдээр үзэх өөр. Манайд бол “Нус цэрээ хаяж болохгүй” гэж хичнээн хэлээд нэмэргүй. Яагаад хог хаяж болохгүй, дүрэм журам яагаад сахих ёстойг түвшин түвшинд нь тайлбарлах ёстой юм болов уу гэж боддог.

-Саяхан та цахим сургалт хийсэн тухайгаа нүүр номдоо бичсэн байна лээ. Хөл хорионы үеийг ашиглаад юм сураад авъя гэсэн хүмүүс хэр олон байна?

-Миний хувьд сургалтын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Сүүлийн гурван өдөр багш нар, дотоод аудиторуудад сургалт хийсэн. Уул уурхайн компани, шингэн хүнсний үйлдвэр гэх мэтээр үйл ажиллагаа нь тогтвортой явж байгаа салбарынхан сургалт авдаг. Сая бол том хүмүүст яаж багшлах талаар сургалт байсан л даа. Цэвэрлэгч нарт зориулсан сургалт гэхэд л огт өөр, байгууллагын удирдлагад та нар өөр өнцгөөс тайлбарлана гээд заасан. Байгууллагын сургалт хангалттай явж байгаа. Хувь хүмүүс, хүүхдүүд бас их хандаж байна. Дархан, Орхон, Гов-Алтайгаас ээжүүд хандаж байна. Идэвхтэй хүмүүс байна. Хамгийн ахмад нь 65 настай оролцогч байлаа. Тэр ач нарыгаа өсгөдөг юм билээ. “Орчин үеийн хүүхдүүдтэй харилцахад амаргүй байна. Нөгөө хэддээ зөв заахын тулд юмнаас хоцорч болохгүй” гэж тэр эгч ярьсан.

Багш, эцэг эхчүүд, хүүхэд гэсэн алтан гурвалжин хамтарч байж хүүхэд амжилттай суралцана. Хичээлээс хоцорсон хүүхдүүдтэй ажиллахдаа аав, ээжид нь тусгайлан зөвлөгөө өгдөг. “Та нар нэг сарын хугацаанд хүүхдээсээ юу ч шаардахгүй. Болж байна уу, сурч байгаа биз дээ гэж дарамтлахгүй. Яагаад гэвэл наад хүүхдүүдийн чинь тархины мэдрэлийн эсүүд нь унтчихсан байгаа. Ийм нөхцөлд хичнээн мундаг багш заасан ч сарын дотор шууд сайжрахгүй” гэдэг. Хүүхдүүддээ орчин бүрдүүлж өг, хичээл хийж байхад нь бусад хүмүүс саад болохгүй, төвлөрч даалгавраа хийх боломж олгоорой” гэдэг. Хүн дуртай зүйлдээ цаг гаргадаг. Хүүхдийг хичээлд нь дурлуулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг дээ.

Амжилтад хүрсэн хүмүүсийг судалдаг. Тэр хүмүүст нийтлэг шинж байдаг. Бүгд зөв дадалтай байдаг. Энэ улс орныг хүн л хөгжүүлнэ. Хүнээ хөгжүүлэх, зөв дадал хэвшилтэй болгоход түвшин түвшиндээ анхаарах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-“Зөв харилцаа, хандлагатай хүнийг ажилд авна” гэдэг болжээ. Гэтэл зөв хандлага гэдэг бага насанд нь төлөвшдөг гэдэг шүү дээ. Ээж, аав нь хүүхэдтэйгээ зөв харьцаж, үлгэрлэх хэрэгтэй шиг байгаа юм?

-0-6 насанд хүний хандлагын 70-80 орчим хувь нь тогтдог гэсэн Шведийн эрдэмтдийн судалгаа байдаг. Япончууд болохоор гурав хүртэлх насанд хүний хандлага төлөвшдөг, өрөвдөх хайрлах тэр бүх мэдрэмж бий болдог гэж үздэг. Гэтэл ажлын байран дээр ирж байгаа 22 настай хүний хандлагыг өөрчлөх хэцүү. Эцэг, эхчүүд хүүхдэдээ зөв нөлөөлөх учиртай.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Цар тахлыг давж гарчихаад 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа чөлөөтэй явуулах завшаан бидэнд тохионо

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Та өмнөх ярилцлагадаа, Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 онд явуулахаар тов тогтоосон тогтоол гаргавал тэр тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргана гэж байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай тогтоол батлагдчихлаа. Та Цэцэд мэдээлэл гаргачихсан уу?

-Тэглээ. Нэгдүгээр сарын 29-нд үндсэн хуулийн Цэцэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан Уих-ын 2021 оны 07 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр… иргэнийг зургаан жилийн хугацаагаар… сонгоно” гэснийг зөрчиж байна гэж үзэж мэдээлэл гаргасан.

-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 онд болох ёстой гэж та үзэж байгаагаа илэрхийлж, үндэслэлүүдээ тайлбарлаж байсан. Үндсэн хуулийн Цэцэд гаргасан мэдээлэлдээ хуулийн талаас нь илүү тодотгосон болов уу?

-Нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр…” иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж бүрэн эрхийн хугацааг заасан бол гучиннэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгож болно” гэж Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон өөр өөр зүйлд байсан заалтуудыг нэгтгэн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр “дөрвөн” гэснийг “зургаан” гэж бүрэн эрхийн хугацааг өөрчлөн, өмнө нь дурдсан гучиннэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийн оронд “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа” сонгогдож болохоор өөрчилсөн юм. Нөгөө талаас “Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай” үндсэн хуультай нэгэн адил хүчинтэй хуульдаа үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэг шилжилтийн журам тогтоогоогүй учраас 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон гэдгийг мэдээлэлдээ бичсэн. Уи х 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталж, 30-ны өдрөөс эхэлж мөрдсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа дээр дурдсан үндэслэлийг хуульчлан баталгаажуулсан юм. энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “ээлжит сонгууль” гэж Монгол Улсын үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг хэлнэ гэж хуульчилсан. Сонгууль товлон зарлах тухай 8 дугаар зүйлдээ 8.1 дэх хэсэгт Уи х ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; 8.2 дах хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна гэж тус тус заасан. Гэтэл Уи х 2021 оны 07 дугаар тогтоолдоо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн…” гээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр байхаар тогтоосугай” гэсэн нь үндсэн хууль зөрчсөн байна гэж мэдээлэлдээ тодруулсан.

-Тэгэхээр энэ тогтоол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ч зөрччихсөн байна гэж ойлголоо.

-Тийм. Би бас тэгж үзэж байгаа.

-ҮХЦ таны мэдээллийг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан ч УИХ чуулган завсарласан учраас Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй удахаар хугацаа нь тулчих юм биш үү?

-үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн гэсэн магадлал гаргавал Уих-ын тогтоолыг түдгэлзүүлнэ. ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ажиллагаа явагдахгүй. харин Уих-аар Цэцийн шийдвэрийг хүлээн авбал тогтоол хүчингүй болно. хүлээж авахгүй бол Цэц их суудлаараа эцсийн шийдвэр гаргаж тогтоол хүчингүй болно. Би ингэж итгэж байна. үндсэн хууль зөрчсөн энэ Тогтоол түдгэлзэж, улмаар хүчингүй болсноор аль хэдийнэ үнэртэж эхэлсэн, үүсч болзошгүй улс төрийн хямрал, магадгүй үндсэн хуулийн шинжтэй хямралаас сэргийлэгдэж, нөгөө талаас сонгуулийн зардалд төсөвлөгдсөн 26 тэрбум төгрөг улсын төсвөөс чөлөөлөгдөж цар тахлын улмаас бий болсон бэрхшээлийг давах, иргэдээ вакцинжуулахад зарцуулагдах боломжтой. үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр болно гэж үзэж байгаа. Цар тахлыг давж гарчихаад 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа чөлөөтэй явуулах завшаан бидэнд тохионо.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 6, Санчир гариг. Билгийн тооллын 24, Онгоц одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8:13 цагт мандан, 18:00 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч явган шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

ОХУ-ын Засгийн газраас 2021 онд тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд зориулан бакалавр, магистр, докторын 550 тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Тэтгэлэгийн бүртгэл хоёрдугаар сарын 20-нд дуусах бөгөөд энэ жилийн сонгон шалгаруулалтын онцлог, хөтөлбөрт хамрагдах боломжийн талаарх цахим уулзалтыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү тэтгэлэг нь бүх төгсөгчид болон мэргэжлээ дээшлүүлэхийг хүссэн бүх хүнд нээлттэй бөгөөд энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан шалгаруулалт зөвхөн цахимаар явагдаж байгаа юм.

education-in-russia.com цахим хуудаснаа ОХУ-ын тэтгэлгээр суралцах өргөдлөө илгээж, бүртгүүлэх боломжтой.

– Тэтгэлэгт хамрагдахын тулд хийх эхний алхмууд юу байх вэ?

Studyinrussia.ru/en сайт нь ОХУ-д суралцах зорилго бүхий гадаадын элсэгчдэд шаардлагатай мэдээллийг авах. Та элсэх хүсэлтээ сонгосон их сургууль руу илгээх боломжтой. Их сургуулийн төлөөлөгчид 10 хоногийн дотор хариу өгнө.

– ОХУ-ын их сургуульд элсэхэд ямар баримт бичиг шаардлагатай вэ?

– Сонгосон их сургуультайгаа холбогдож, үнэн зөв мэдээлэл авна. Оросын их сургуульд элсэн орж буй гадаадын иргэд таван баримт, бичиг бүрдүүлэх шаардлагатай.Үүнд:

  1. Бүх их сургуулийн вэбсайт дээр боломжтой элсэх хүсэлтийн маягт
  2. Орос улс руу нэвтрэх паспортын хуулбар
  3. Боловсролын түвшний гэрчилгээ. Жишээлбэл, хэрэв та магистрын сургалтад хамрагдах бол бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй. Элсэгч нь сурахад саад болох ямар нэгэн өвчин, эсрэг заалтгүй, ХДХВ-ийн халдваргүй гэсэн хоёр эмнэлгийн тодорхойлолт авчрах шаардлагатай.

– Тэтгэлэгт хамрагдахад насны хязгаар тогтоосон уу?

– Оросын хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагад элсэх гэж буй боломжит элсэгчдэд насны хязгаарлалт тогтоогоогүй. Оросын их сургуульд элсэх үндсэн шаардлагыг хангахын тулд ерөнхий эсвэл мэргэжлийн дунд боловсрол эзэмшсэн байх ёстой ба үүнийг баримтжуулсан нотолгоо бүрдүүлэх шаардлагатай. Баримт бичгийн шаардлага нь таны элсэхээр төлөвлөж буй их сургууль, хөтөлбөрөөс хамаарна.

Анхаарвал зүйлс:

  • ОХУ-ын тэтгэлгийн шалгалтад хамрагдах мэдээлэлтэй сайтар танилцах
  • Бүртгэлээ хийж баталгаажуулсны дараагаар анкетыг бүрэн гүйцэд бөглөх.
  • Эхний шатанд хувийн хэргээ орчуулахгүй байж болно.
  • Төгсөх ангийн сурагчид эхний улирлынхаа дүнгийн тодорхойлолтыг заавал орчуулсан байх. Харин эхний шатанд хувийн хэргээ орчуулах шаардлагагүй.
  • Эхний үеийн шалгаруулалтад баталгаат орчуулгын тамгагүй байж болно.
  • Энэ жил суурь хичээлүүдээр шалгалт авахгүй. Харин ерөнхий боловсрол эзэмшсэн гэдгийг батлах бичиг баримт болон бусад дагалдах бичиг баримт, шагнал урамшууллын талаарх мэдээллээ сайтар бүрдүүлэх шаардлагатай. монгол хэл дээрх бичиг баримтаа орос хэл дээр орчуулна/
  • Орос хэлний шалгалтад бага оноо авбал тэнцэх магадлал буурах тул орос хэлний мэдлэг их бага хэмжээгээр шаардана.
Categories
мэдээ нийгэм

Тусгаарлалтад буй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэллээ

Хүний эрхийн үндэсний комисс Гэр бүл, хүүхэд залуучуудын газар (ГБХЗГ), Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран тусгаарлалтад буй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх 24 цагийн үйлчилгээг эхлүүллээ.

Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагааны хүрээнд тусгаарлалтад буй иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөн эцэг, эх, асран хамгаалагч нь тусгаарлалтад орсны улмаас харж хандах хүнгүй, хамгаалалтаас гадуур үлдсэн хүүхдүүдийг ГБХЗГ-ын харъяа түр хамгаалах байруудад байрлуулах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж буй юм байна.

Мөн Covid-19 авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төр, сэтгэл санаа, амьдралд нь хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтэд мэдлэг, ойлголт түгээх зорилгоор ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Захуудад өндөг 470-500 төгрөг, үхрийн цул мах 13000-15500 төгрөгийн үнэтэй байна

Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчдаас бүрдсэн 6 ажлын хэсэг хуваагдан томоохон зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүрүүдэд ажиллаж байна.

“Хархорин”, “Барс1”, “Барс 2”, “Таван-Эрдэнэ”, “Хороолол” худалдааны төвүүд болон БГД-ийн 5 дугаар хороонд байрлах Нарны хороолол Номинсупермаркет, Нарны гүүр Номинсупермаркет тус тус хамрагдсан. Орхон, Гэгээ захууд амарч байв.

МАХНЫ ҮНЭ:

“Хархорин” худалдааны төвд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8 тонн мах нийлүүлэгдсэн байна. Тус захын махны бөөний худалдаа

  • хонины махыг 7000-7600 төгрөг,
  • үхрийн махыг 9000 төгрөг тус худалдаалж байна.

“Хархорин” худалдааны төв жижиглэнгийн

  • хонины ястай махыг 7000-7500 төгрөг,
  • хонины цул махыг 9500-9800 төгрөг,
  • үхрийн ястай махыг 10500-11000 төгрөг,
  • үхрийн цул махыг 13000-14000 төгрөг,
  • адууны махыг 8500-9500 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

“Барс-1” худалдааны төв жижиглэнгийн

  • хонины ястай махыг 10800 төгрөг,
  • үхрийн ястай махыг 11500-11800 төгрөг,
  • үхрийн цул махыг 13500 төгрөг,
  • адууны махыг 10000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

“Барс 2” худалдааны төв жижиглэнгийн

  • хонины ястай махыг 9000 төгрөг,
  • хонины цул махыг 10500 төгрөг,
  • үхрийн ястай махыг 9500-10500 төгрөг,
  • үхрийн цул махыг 12500-13000 төгрөг,
  • адууны махыг 8800-9000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Хороолол, Таван Эрдэнэ, Хархорин захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд

    • хонины ястай мах 9500-11000,
    • хонины цул мах 10500-11500,
    • үхрийн ястай мах 10500-13500,
    • үхрийн цул мах 13000-15500,
    • адууны мах 8500-10000,
    • ямааны мах 9000-9500,
    • Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200,
    • дээд 1500-1600,
    • 1-р зэрэг 1300-1400,
    • 2-р зэрэг 1000,
    • цагаан будаа 2500-3500,
    • элсэн чихэр 2300-2500,
    • Монгол төмс 800-1500,
    • Монгол лууван 1500-1800,
    • Монгол сонгино 3000-3800,
    • Хятад сонгино 2000-2300,
    • өндөг 470-500 төгрөгийн тус тус үнэтэй байна.

    Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Categories
гадаад мэдээ

Израил улс ирэх сараас хилээ нээнэ

Израил улс ирэх сараас олон улсын аялал жуулчлалыг сэргээхээр төлөвлөж байна гэж тус улсын Аялал жуулчлалын яамны хэвлэлийн алба мэдээлэв.

“Вакцинжуулалтын хоёр үе шатанд хамрагдаж, “ногоон паспорт” авсан иргэд нисэхээс өмнө болон буусныхаа дараа тусгаарлагдахгүй, шинжилгээ хийлгүйгээр аялах боломжтой” гэж мэдээлэлд дурджээ.

Тус улс хилээ нээхтэй холбоотой асуудлаар Кипртэй хэдийнэ тохиролцоонд хүрчихсэн байгаа бөгөөд хоёрдугаар сарын 8-ны даваа гарагт Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис Израилд айлчилж, тус улстай аялал жуулчлалаа хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэх төлөвтэй байна. Аялал жуулчлалыг сэргээх хэлэлцээг мөн Серби, Сейшелийн арлууд, Румын, Гүрж зэрэг оронтой хийж байгаа аж.

Израил улс вакцинжуулалтын хурдацаар дэлхийд тэргүүлж байгаа юм. Хоёрдугаар сарын 4-ний байдлаар тус улсын нийт хүн амын 37 хувь нь коронавирусийн вакцины эхний тунг, 21 орчим хувь нь хоёр дахь тунг хийлгэжээ.