Categories
гадаад мэдээ

Израилд бүтээсэн ” EXO-CD24 “эм цар тахлын эсрэг 100 хувийн үр дүн үзүүлжээ

Израилд цар тахлаар өвдсөн 30 хүнийг эдгээсэн шинэ эмийг эрдэмтэд том нээлт хэмээн дүгнэж, ам сайтай байна. Шинэ эмийг EXO-CD24 хэмээн нэрлэж байгаа бөгөөд Тель Авив дахь Ичилов эрүүл мэндийн төвд бүтээжээ. Тус эм өчигдөр/2021.2.5/ эхний шатны туршилтаа дуусгажээ.

Эмийн эхний шатны туршилтад цар тахлын халдвар авч, хүнд, хөнгөн өвдсөн 30 хүнийг хамруулжээ. Шинэ эмийг уулгаж эхэлснээс хойш гурваас тав хоногийн дараа гэхэд тэдний 29 нь бүрэн эдгэж, гэртээ харьсан байна. Харин нэг өвчтөн нь дахин хэд хоног эм ууж байж эдгэжээ.

Шинэ эм нь CD24 хэмээх протейнийг уушгинд хүргэж, дархлааны системийг тогтворжуулан шинж тэмдгийг бууруулж, улмаар дархлаа вирустэй зөв тэмцэхэд тус болох зарчмаар ажилладаг аж.

Профессор Надир Арбер анх өндгөвчний хорт хавдарын эмчилгээ хайж байгаад тав хоногт нэг удаа хий хэлбэрээр амьсгалж хэрэглэдэг EXO-CD24 бүтээсэн нь ийнхүү өдгөө цар тахлыг эмчлэх том нээлт болсон байна.

Арбер “Вакцин үүргээ бүрэн гүйцэтгэлээ ч, вирус дахин хувьсахгүй байлаа ч, Covid-19 бидний амьдралаас хэзээ ч салахгүй. Тиймээс үр дүнтэй эмчилгээ бол зайлшгүй шаардлагатай зүйл. Эмийг анх нээснээс хойш хагас жилийн дараа бид ийнхүү хүн дээр туршилт хийж байна” хэмээн тайлбарлажээ.

Эхний шатны туршилтад плацебо ашиглагдаагүй бөгөөд дараагийн шатны туршилтуудыг аль болох түргэн эхлүүлж, илүү олон хүн хамруулах гэнэ. Түүнээс гадна Хадассах эрүүл мэндийн төвийн бүтээж буй аллоцетра хэмээх эм хоёр дахь шатны туршилтаараа сайн үр дүн үзүүлэх шинжтэй байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Баянмонгол хорооллын 402-р байранд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоолоо

БЗД-ийн 26-р хорооны Баянмонгол хорооллын 402-р байрны 1-р орцоос сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос шинжилгээний баг гаргаж тухайн орцын иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг хүсье гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хавьтал болоогүй 93 ээжийг “Амгалан” амаржих газраас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлнэ

“Амгалан” амаржих газар долоон хүн коронавирусийн халдварт өртсөн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Амгалан амаржих газраас долоон тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр нь амаржсан ээж бол бусад нь тухайн эмнэлгийн эмч, сувилагч байна. Тус төрөх эмнэлэгт анх халдвар бүртгэгдэхэд үйл ажиллагааг нь зогсоож, эрэмбэлэн ангилал хийхэд нэмж тохиолдлууд бүртгэгдсэн учраас дахин ялгаж байна. Ингэхдээ хавьтал болоогүй, бусад шалтгаанаар эмчилгээ үйлчилгээ шаардлагагүй байгаа 93 ээжийг эмнэлгээс гаргаж гэрийн ажиглалтад байлгахаар болсон.Мөн хавьтал болоогүй ч эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ.

Харин хавьтал хамааралтай ч эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүсийг тус эмнэлэг дотор өөр тасагт шилжүүлэн хэвтүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна. Ингэхээр хавьтал болсон 90 хүн тус эмнэлэгт үлдэж байна. Үүнээс жирэмсэн 16 эмэгтэй, амаржсан 17 эх бий.

Одоогоор “Амгалан” амаржих газарт халдвар гарсантай холбоотойгоор нийтдээ 446 хүнд PCR шинжилгээ хийсэн. Одоогоор тандалт судалгаа үргэлжилнэ” гэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар даваа гаригт ээлжит бусаар хуралдана

Монгол Улсын Засгийн газар Даваа гаригт ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Тус хуралдаанаар Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг албан ёсны өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гарагт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална” хэмээсэн байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Эрдэнэцэцэг: “Ээж хадны домог” киногоороо дамжуулж хүн байгалийн уялдаа холбоог илтгэхийг зорьсон

Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.

“Чононгоо фильм” продакшны уг бүтээл “Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Базаррагчаагийн Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.


“Ээж хадны домог” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт тун удахгүй болох гэж байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ. Уг хад нь хэд хэдэн домогтой юм билээ. Та чухам аль талыг нь барьж ажилласан бэ?

-Бэлтгэл ажил сайн явж байгаа. Миний хувьд зохиолоо эхэлж уншаад ерөнхий найруулагчаар ажиллах болсноо мэдэгдсэн. Зохиол маань эхлээд домгийн сэдвээр эхэлж байгаад өрнөл хэсэгтээ орчин цаг руу шилждэгээр бичигдсэн байв. Хэрвээ тийм байдлаар хийгдвэл үзэгчид үйл явдалд нь төөрөлдөх байх гэсэн үүднээс би зохиолч Б.Мөнхтуяадаа “Нэг бол домог талаасаа эсвэл орчин үеэрээ дагнасан нь дээр” гэсэн санал дэвшүүлж, домог талаа барьж ажилласан. Ингэж хийвэл ялангуяа бодит домгийг нь мэддэггүй үзэгчдэд илүү сонирхолтой санагдах байх. Үүнээс гадна Каннын кино фестивальд хүч үзэхээр зорьж байгаа.

-Тодруулбал, та яг аль домгийг нь гол чиг шугамаа болгосон бэ. Бид трейлерээс нь харахад дайн тулаантай үйл явдал их гарах нь гэж хараад байгаа …

-Дайны хөлд өнчирч хоцорсон таван нялх хүүхдийг өөрийнхөө нэг хүүтэй хамт өсгөж, сайхан эрс болгож байгаа эмэгтэйн тухай өгүүлнэ. Үүнээс цаашихыг үзэгчид маань өөрсдөө үзвэл илүү сонирхолтой байх болов уу.

-Та хэдхэн жилийн өмнө “Ээж” нэртэй уран сайхны кино найруулсан. Сайхан ч бүтээл болсон байна билээ. Ер нь яагаад эхийн тухай сэдвээр дагнах болов …

-2016 онд сайхан хамт олонтой “Чононгоо фильм” продакшн байгуулагдаж, дээрх киноны ард гарцгаасан юм. Олон хүн энэ киног үзсэн байдаг юм билээ. Сэтгэл ханамж ч бүрэн нийцсэн гэж сошиал болон өөрсдийн үгээр хэлж байсан. Мөн Монголдоо төдийгүй олон улсын кино наадамд сайхан амжилт үзүүлсэн. Монголоос хамгийн олон шагнал хүртсэн кино болсон шүү. Тодруулбал, 17 фестивальд оролцохдоо есөн шагнал гардсан. Үүний тав нь гран при байсан. Тус киноны зохиолыг энэ удаагийн “Ээж хадны домог” киноны зохиолын эзэн, “Чононгоо фильм” продакшны продюсер Б.Мөнхтуяа бичсэн. Надад анх “Эх” гэдэг нэртэйгээр ирж байлаа.

-Та л ээжийн тухай зохиол “захиалаад” байна уу эсвэл зохиолч нь сэтгэлийнхээ дуудлагаар энэ сэдвээр бичээд байна уу?

-Зохиолч маань өөрөө л энэ сэдвээр бичиж, надад таалагдсан учир хамтарч ажиллаж байгаа юм. Түүнээс биш би зохиол захиалаагүй ээ. Жишээ нь Б.Мөнхтуяа “Ээж” киноныхоо зохиолын санааг 2006 оны үед Сэлэнгэ аймгийн Зүүнбаян суманд олсон гэдэг. Ийнхүү 10 жилийн дараа буюу 2016 онд кино болон мөнхөрсөн дөө. Бид хоёр ээж хүмүүс. Тэр утгаараа “Монголынхоо бүх сайхан ээжид зориулж дээрх бүтээлийг хийе” гэсэн сэтгэл нийлж, ажлаа эхлүүлсэн. Амжилттай ч өндөрлүүлж чадсан.

-“Ээж хадны домог” киног найруулах “тушаалыг” хэрхэн авав?

-2019 оны зургаадугаар сард Б.Мөнхтуяа манай гэрт ирээд “Та ирэх арваннэгдүгээр сар гэхэд хөл дээрээ босно биз дээ” гэв. Тэр үед би нурууны хүнд хагалгаанд орсон байсан болохоор босох нь битгий хэл хөдөлж ч чадахгүй байлаа. Надад тэгж хэлэхээр нь “Өндийх байтугай хөдөлж ч чадахгүй байна. Юу болов” гэсэн чинь “Би Ээж хадны тухай кино хийх гэж байгаа юм. Та л гол дүрд нь тоглож чадна” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Ийм биетэй байгаа би тоглоно гэдэг худлаа даа” гээд учирлав. Тэгсэн намар нь буюу арваннэгдүгээр сард дахиж уулзалдаад “Ерөөсөө л та найруулагчаар ажиллаж чадна” гээд зохиолоо уншуулсан. Зохиол нь ч таалагдсан. Өмнө нь нэг кино бүтээцгээсэн болохоор хэн хэнтэйгээ ойлголцоход ч хялбар байлаа. Бие ч гайгүй болсон. Ингээд л бидний ажил эхэлсэн дээ.

-Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Киноны 60 хувь нь бага насны хүүхэд учир хүүхдүүдээ эхэлж сонгосон. Тийнхүү насанд хүрсэн гол дүрийн хүмүүсээ хүүхдүүдтэйгээ ойролцоо төрхтэй жүжигчдээс эрэлхийлж олсон. Гэхдээ гол буюу ээжийн дүрээ сонгохдоо их хугацаа шаардсан. Учир нь сүүлийн үеийн жүжигчид давхраа хийлгэх эсвэл хөмсгөө шивүүлэх нь элбэг болж. Харин бид эртний сэдэвтэй кино хийж байгаа болохоор нүүрэндээ гадны нөлөө оруулаагүй жүжигчин олох ёстой болоод байдаг. Ингээд арай монголжуу царайтай юм уу гэж харснаараа загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэгийг сонгосон. Гэхдээ дахиад нэг асуудал үүссэн.

-Ямар …?

-Гол дүрийн жүжигчнээ хөгшин настай дүрд хувиргаж болно гэж бодоод ажилласан чинь өнөөхийн маань дүр огт хувирдаггүй ээ (инээв.сурв). Хүүхдээ болгож байгаа залуучуудаасаа ялгагдахгүй царайтай харагдаад байхаар нь дахиад нэг жүжигчин олох эрэлд гарсан. Гэтэл манайхан “Ерөөсөө л та тогло” гэдэг юм байна. Гэвч А.Баярцэцэг бид хоёрын дүр тэс өөр. Ядаж л нүд, мэнгэ зэрэг нь эрс зөрүүтэй учир энэ байдлаа хэлж больсон. Ингээд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах эгчийг сонгосон.

-Зураг авалт хаана хийгдсэн бэ?

-Төв аймгийн Баянчандмань суманд ихэнхи зураг авалт хийгдсэн. Мөн Мөнгөнморьт сум, Говьсүмбэр аймагт үлдсэн зураг авалт болж өндөрлөсөн. Ашиглагдахаа болиод байсан ресторанд агуйгаа өөрсдөө барихаас эхлээд их хөдөлмөр шаардагдсан шүү. Үүнээс гадна би энэ бүтээлээ хүн байгалийн уялдаа холбоог илүү ойртуулахыг хичээсэн. Өнөөдөр манай улсад олон гол горхи, шанд булаг ширгэж, цөлжилт үүссээр байна. Техник технологи хөгжиж байгаа ч ард иргэд маань байгаль ахуйгаа хайрлахаа больжээ. Материаллаг тал руу их анхаардаг, шунадаг болсон байна. Саяхан газар хөдлөлөө, зун болохоор үер буудаг. Энэ бүхэнд байгаль дэлхий маань бидэнд үйлдлээрээ эсэргүйцлээ илэрхийлээд байгаа юм биш байгаа. Үүнийг би энэ удаагийн киногоороо дамжуулж илтгэхийг хичээсэн.

-Та хэдэн удаа Ээж хаданд очиж золгосон бэ?

-Хоёр удаа. Сүүлд очихдоо би яг л ээжтэйгээ уулзаж байгаа мэтээр төсөөлсөн. Тэр агшинд өөрийн эрхгүй уйлсан. Б.Мөнхтуяа бид хоёр ээжийгээ алдаад олон жил болж байна. Яагаад ээжийн тухай кино хийгээд байна вэ гэхээр үүнтэй ч холбоотой.

-Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн догдлол төрж байна уу?

-Мэдээж. Гэхдээ хүмүүс кино үзэхдээ шүүмжлэхээ урьтал болгодог. Ер нь ч шүүмжлэх нь зөв. Би шүүмжлээсэй гэж боддог. Гэхдээ заавал харлуулах гээд байдаг хэсэг бүлэг хүн бий. Ер нь бид хэдхэн секундийн “Яг боллоо” гэсэн дүрс авах гэж олон өдрийн хөдөлмөр, ур ухаан, авьяасаа шавхдаг. Үүнийг тэд ойлгох хэрэгтэй.

-Киноны дууг нь хүмүүс их сайхан хүлээж авч байх шиг анзаарагдсан …

-Тийм шүү. Аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн дуулсан. Их сайхан дуу болсонд баяртай байгаа. Нэмж хэлэхэд манай киноны хамт олон үзэгчиддээ олон сайхан гарын бэлэг задалж байгаа. Азын тоог билэгдэж 8888 төгрөгөөр онлайн тасалбар худалдаж авсан үзэгчиддээ саяхан нээлтээ хийсэн “Galaxy S20 FE” гар утас болон сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гардуулаад эхэлсэн. Маргааш ч гэсэн энэ шагнал үргэлжилнэ. Харин нээлтийн үйл ажиллагааны орой буюу битүүнд супер азтан тодорч, “Toyoto aqua” маркийн автомашины түлхүүр гардана.

-Таны дараагийн уран бүтээл юу байх вэ?

-Түүхэн сэдэвтэй бүтээл хийхээр төлөвлөж байна. Мөн малчин охины дүрээр дамжуулж, Монгол ахуйгаа сурталчлах зорилготой кино бүтээхээс гадна 40-өөс дээш насныханд зориулсан эгч дүү хоёрын төөрөлдсөн хувь тавиланг харуулсан бүтээл хийхээр ажиллаж байна. Өнөөдөр дандаа залуучуудын хайр сэтгэлийн тухай кино хийгдэж байгаа ч миний үеийнхний тухай кино бараг гарахгүй юм. Эдгээрт би ерөнхий найруулагчаар ажиллана.

-Та мэргэжлийн жүжигчин. Гэвч сүүлийн үед кино найруулаад мэргэжлээрээ ажиллахгүй нь гэсэн хармын сэтгэл төрж байна шүү …

-Өнгөрсөн зун надад гоё гоё дүрийн санал ирсэн. Гэвч кино найруулах ажилтай байгаад амжаагүй. Үнэндээ би ур чадвар шаардсан дүрд л тогломоор байна. Түүнээс биш хөнгөн дүрд тоглохыг хүсдэггүй. Миний жүжиглэх төрөл сэтгэхүй, ур чадвар гаргасан хүнд дүрийг шаарддаг.

-Та нийт хэдэн дүр бүтээсэн байгаа вэ. Үүгээр ярилцлагаа өндөрлөе?

-Тайзны 70 гаруй, дэлгэцийн 40 гаруй гол болон туслах дүр бүтээсэн. Эдгээрээс би нэгдүгээр курст сурч байхдаа тоглосон Ч.Жумдаан найруулагчийн “Тэнгэрийн сахил” нэртэй кинондоо хайртай. 1991 онд Францад болсон олон улсын шилдэг долоон кино шалгаруулахад тэнцэж байлаа. Тайзны бүтээл гэвэл ОХУ-ын зохиолчийн бичсэн “Манайд амьдаръя” жүжиг. Үүнд ДОХ-оор нас барж байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг. Мөн “Харц хатан” жүжгийн Сэржмядагийн дүр байна. Энэ дүр бол надаас жүжигчин хүнээс гарах бүхий л чадварыг шаардсан. Жүжиглэхээс гадна дуурийн төрлөөр дуулах чадварыг гаргуулсан. Тэр жилийнхээ “Гэгээн муза” наадмаас би драмын төрлийн шилдэг эмэгтэй гол дүр, дуулалт жүжгийн шилдэг эмэгтэй гол дүр гэсэн хоёр шагналыг зэрэг хүртэж байлаа.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье

Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн салбарын ажилчдыг өнөөдөр нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамруулна

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газрын харьяа шинжилгээний цэгүүдэд өнөөдөр /2020.02.06/ зөвхөн уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын шинжилгээг авахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан СБД-т байрлаж буй шинжилгээ авах гурван цэг/3, 31, 58 дугаар сургууль дээр байрлаж буй/-ийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд 7-ны өдрийг хүртэл орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авахгүй юм байна.

Уул уурхайн ААН-үүд өнөөдрийн дотор СБД-ийн Эрүүл мэндийн төвтэй гэрээгээ байгуулж, хавсралтаар хүргүүлж буй хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдах нь.

9mtyos_negtgesen_x974-474x1024 Уул уурхайн салбарын ажилчдыг өнөөдөр нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамруулна

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун: Хатуухан хэлэхэд аав ээж, хамаатан садандаа хайргүй бол очиж золгоорой

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд эдийн засагч Л.Оюун “Ард, иргэдийн хөл хөдөлгөөнийг ажиглаад байхад хэдий сар шинийн баярыг хориглосон ч тэмдэглэх янзтай байна. Уучлаарай, коронавирусийн тархалтын нөхцөл байдал маш ихээр хүндэрлээ. Тийм учраас хатуухан хэлэхэд аав ээж, ах дүү, хамаатан садандаа хайргүй бол халдвар тархахаас айлгүй очиж золгоорой гэж хэлмээр байна, уучлаарай.

Хөл хорио зөрчлөө, хулгайн замаар зорчиж байна гэдэг. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүний ухамсар маш чухал. Бид жаахан тэсчихвэл вакцин орж ирэх гэж байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хар ус нуур, Далай нууруудад цууралт үүсчээ

Ховд аймгийн Хар-Ус нуур, Далай нууруудад мөсний толинд олон тооны цууралт гарч хар хил, зарим газарт цагаан хил, сөн гарч байгаа тул иргэдийг ердийн хөсөг болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Улаанбаатарт 61 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1989 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” Өчигдөр нийт 20853 хүн шинжилгээ хийхэд 61 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-оос ялгаварлан гадуурхалтад уриалсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл, ярилцлагыг олон нийтэд түгээхгүй байхыг анхаарууллаа

Ялгаварлан гадуурхалтад уриалсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл, ярилцлагыг олон нийтэд түгээхгүй байхад анхаарах асуудлаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд зөвлөмж хүргүүллээ

Олон нийтийн сүлжээнд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цацсан “Ж: Эмэгтэйчүүдийг үхтэл нь бамбирдаж, үхтэл нь хүүхэд гаргах хэрэгтэй” гэсэн гарчигтай дүрс бичлэг нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 1 дүгээр зүйлд “эмэгтэйчүүдийг алагчилах” гэж гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий хүйсээр ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн тул Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оны 02 дугаар сарын 04-нд Хэвлэл мэдээллийн зөвлөлд зөвлөмж хүргүүллээ.
Дээрх бичлэгтэй холбогдуулан нэр бүхий иргэдээс ХЭҮК-т гомдол, мэдээлэл ирүүлсэн юм. ХЭҮК-ын гишүүний Зөвлөмжид: “Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлж дэвэргэхгүй байх, хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх, тэгш эрхийн зарчмыг баримтлан ажиллах учиртай.
Гэвч зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хязгаарласан, аливаа хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчсөн, бусдын нэр хүндэд халдаж илт доромжилсон мэдээллийг цензургүй цацах зэрэг хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасаар байна.
Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах Зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
1. Хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэж, аливаа ялгаварлан гадуурхалтыг уриалан дуудсан, бусдын нэр хүндийг гутаан доромжилсон мэдээлэл, ярилцлагыг олон нийтэд түгээхгүй байхад анхаарах, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зарчим, хэм хэмжээг баримталж ажиллах талаар нийт хэвлэл мэдээллийн байгууллагад чиглэл өгөх;
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх талаар сэтгүүлчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах;
2. Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу ирүүлнэ үү.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул” гэсэн байна