Categories
гадаад мэдээ

“Bloomberg”: Дэлхий дахин цар тахлаас ангижрахад 7 жилийн хугацаа шаардлагатай

ВАШИНГТОН. /Bloomberg/. Дэлхий дахин цар тахлаас хэзээ ангижрах вэ? гэдэг асуултын хариултыг “COVID-19” халдвар өнгөрсөн оноос дэлхий даяар тархсанаас хойш хүн бүхэн мэдэхийг хүсэж байна. Харин үүний хариултыг вакцинжуулалтын үзүүлэлтээр хэрхэн тодорхойлсныг танилцуулъя.

“Bloomberg” агентлаг дэлхий даяар тарьсан коронавирусний вакцины тунгийн хамгийн том мэдээллийн санг бий болгосон бөгөөд дэлхийн хэмжээнд сүүлийн мэдээллээр 119 сая гаруй тун вакциныг тарьсан байна. Энтони Фаучи тэргүүтэй Америкийн мэргэжилтнүүдийн хувьд хүн амын 70-85 хувийг дархлаажуулсан тохиолдолд улс орон хэвийн голдиролдоо орно гэж үзэж байгаа юм. “Bloomberg”-ийн “Vaccine Tracker” хуудасны мэдээллээр, зарим орон хүн амынхаа 75 хувийг дархлаажуулах зорилтыг тавьж, бусдаасаа хавьгүй хурдан хугацаанд хүн амаа вакцинжуулж байна.

Вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Израилд хоёрхон сарын дотор хүн амынхаа 75 хувийг вакцинжуулахыг эрмэлзэж байна. Харин АНУ-ын хувьд 2022 оны шинэ жилийн баярын үеэр уг үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна. Өрнөдийн чинээлэг орнууд дэлхийн бусад улстай харьцуулахад хүн амаа илүү хурдан хугацаанд дархлаажуулж байгаа энэ үед вакцинжуулалт одоогийн хурдаараа үргэлжилбэл дэлхий дахин долоон жилийн дараа хэвийн голдиролдоо эргэн орох төлөвтэй байна.

АНУ-ын хүн амын 75 хувийг дархлаажуулахад шаардагдах хугацааг вакцинжуулалтын одоогийн үзүүлэлтээр тооцоолсон байдал

“Bloomberg”-ийн энэхүү тооцооллыг вакцинжуулалтын одоогийн түвшнийг харгалзан гаргаж байгаа бөгөөд вакцинжуулалтын сүүлийн үеийн дундаж үзүүлэлтээр дэлхий нийтийн 75 хувийг вакцинжуулахад шаардлагатай хугацаа ажээ. Түүнчлэн вакцинжуулалтын эхэн үеийн үзүүлэлтүүдэд тулгуурлаж байгаа тул өөрчлөгдөх боломжтой юм. Мөн вакцинуудын тоо нэмэгдэх тусам вакцинжуулалтын хурд нэмэгдэх төлөвтэй байна. “Bloomberg”-ийн мэдээллээр, улс орнууд 8.5 тэрбум тун вакцин авах 100 гаруй гэрээг байгуулжээ. Мөн дэлхийн орнуудын дөнгөж гуравны нэг нь вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн байна.

Дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад шаардагдах хугацааг вакцинжуулалтын одоогийн үзүүлэлтээр тооцоолсон байдал


Сүргийн дархлаа тогтоох тухайд

Вакцин “COVID-19”-өөр халдварлахаас хэдэн долоо хоногийн турш хамгаална. Гэвч хүн амын цөөн хэсгийг вакцинжуулсан тохиолдолд вирус тархсан хэвээр байх юм. Тиймээс олон хүнийг дархлаажуулах тусам халдвар тархах эрсдэл буурах бөгөөд үүнийг сүргийн дархлаа гэж нэрлэдэг.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл сүргийн дархлаа хэзээ тогтох талаар харилцан адилгүй тайлбарууд бий. Иймээс хичнээн хүнийг дархлаажуулсан тохиолдолд халдварын тархалтын хурдад нөлөөлөх хэмжээний үр дүнд хүрэх вэ? Сүргийн дархлааг хүн амын 75 хувийг бүрэн дархлаажуулсан тохиолдолд тогтож эхэлдэг гэж зарим судлаач тооцоолж байна. Харин өөр судлаачдын хувьд хүн амд халдвар өргөн хүрээгээр тархахаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх хэмээн тайлбарлаж байна. Жишээлбэл, вакцинжуулалтад хамрагдаагүй хэсэг бүлэг хүмүүсийн дунд улаан бурхан тархсан тохиолдолд сүргийн дархлаа орон даяар тархахаас урьдчилан сэргийлэх юм.

“Bloomberg”-ийн тооцооллын тухайд

Одоогийн байдлаар хэрэглэж буй вакцинуудын хувьд хоёр тунг хийлгэснээр бүрэн дархлаажуулж байгаа юм. “Bloomberg”-ийн тооцоололыг ч мөн нэг хүнд хоёр тун вакцин хийх тооцоонд үндэслэн гаргаж байна. Харин “Johnson & Johnson” компанийн вакцины хувьд эмнэлзүйн өргөн хүрээг хамарсан туршилтаар нэг тун вакциныг хийхэд нааштай үр дүн үзүүлсэн юм. Иймээс уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрвөл улс орнуудад шаардлагатай вакцинуудын тунгийн үзүүлэлтийг өөрчлөх хэрэгтэй болох ажээ.

Мөн өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн ямар ч вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөөгүй байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байна. Харин “Bloomberg”-ийн тооцоололд хүүхдүүдийг вакцин хийлгэх ёстой хүн амын тоонд оруулжээ. Мөн “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсний дараа хүний биед хэдий хугацаанд дархлаа үүсдэг тухай мэдээлэл дутмаг байгаа тул энэ талаарх тооцоог оруулаагүй байна. Мэргэжилтнүүдийн хувьд коронавирусээр халдварлаж байсан хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөж байгаа юм.

“Bloomberg”-ийн “COVID-19 Tracker” хуудас нь 73 улс орон болон АНУ-ын муж улс, нутаг дэвсгэрүүдийн вакцинжуулалтын дундаж үзүүлэлтэд тулгуурлан урьдчилсан таамаглалаа өдөр тутам шинэчилж байна. Харин дархлаажуулалтын хөтөлбөрөө дөнгөж эхлүүлж байгаа юм уу вакцинжуулалтын талаарх мэдээллээ тогтмол өгдөггүй улс орнуудыг хамруулаагүй байж магадгүй ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатараас орон нутаг руу явах иргэдийн анхааралд

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг сар шинийн өмнө буюу 02 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулахаар болсон.

Иймд, нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс ямар ажлуудыг зохион байгуулах, иргэд хаана хандаж, ямар шинжилгээ, бичиг баримт бүрдүүлсэн байх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх инфографикаас хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар гал түймрийн улмаас 456 сая төгрөгийн хохирол учирчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар аймгийн хэмжээнд нийт 16 удаагийн объектын гал түймрийн дуудлага иржээ.

Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үзлэг шалгалтын дүнгээс харахад, цахилгааны галын аюулгүй байдал болон авто машины техникийн бэлэн байдлыг хангаагүйгээс дээрх гал түймэр гарсан байна. Цахилгааны хэт ачаалал, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан цахилгааны шугамын утаснаас шалтгаалан гарсан галын дуудлага сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас буюу мэддэг хэрнээ асуудлыг дор бүр нь шийдвэрлэдэггүйгээс галын аюул гарч байна гэдгийг хяналтын албаны байцаагч онцолж байв. Дээрх гал түймрийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодруулбал цахилгааны хэт ачаалал, угсралтын буруугаас дөрөв, үнс нурмаас нэг, бамбар, паялникаас нэг, машин техникийн ашиглалтын буруугаас нэг, пийшин зуух яндангийн цонолтоос долоо, гадны нөлөөнөөс хоёр удаа гал түймэр гарчээ. Энэхүү гал түймрийн улмаас иргэн аж, ахуйн нэгж байгууллагад нийт 456 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох энтертаймент-ертөнц

МУГЖ, дуучин С.Батсүх Ардын жүжигчин цол хүртлээ

Монголын ард түмний сонорыг дуу хуураараа мялааж байдаг олон түмний дунд Завхан нутгаараа овоглогдон алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх Ардын Жүжигчин болжээ.

Түүний аялгуулсан, дуулсан дуу бүхэн нь “Хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж, мэлмийг нь баясган, сэтгэлийг нь хөглөж байдаг юм.

С. Батсүх нь 1957 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. Завхан аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолыг 1993-07-08-ны өдөр хүртсэн юм.

Тэрээр орон нутагтаа малчин, ардын армид байлдагч, аймгийн барилга угсралтын конторт барилгачин зэрэг ажлыг хийж байгаад 1983 оноос Завхан аймгийн ХДТ-т жүжигчин, дуучнаар оржээ. Зохиолын дууг ардын дууны арга маягаар дуулж амьдруулах өөрийн өвөрмөц барилтай болж “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” гэх мэт, ихэвчлэн Завхан нутгийн тухай дуунуудаараа олонд алдаршин, нийтийн дууны сан хөмрөгт хувь нэмрээ оруулсан байна. “Ардын эрх” сонины газраас зохион байгуулсан зохиолын дууны “Хит-парад”-ын анхны наадамд “Завхан гол” дуугаараа тэргүүлж, “Дөрвөн улирлын өнгө” дуу нь олон жил шилдэг таван дууны нэгэнд орж байжээ. “Морин хуур” дуу хөгжмийн наадамд удаа дараа амжилттай оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Бээжин-2022 олимпын бамбарыг танилцууллаа

Бээжин-2022 өвлийн олимп болохоос яг нэг жилийн өмнө зохион байгуулах комиссоос олимпын бамбарыг танилцууллаа.

Бамбарыг 2008 оны зуны олимп зохиогдож байсан усан спортын төвд танилцуулсан ба тус цэнгэлдэх хүрээлэнг ирэх жилийн олимпоор кёрлингийн тэмцээнд ашиглах “Ice Cube” болгон өөрчлөх юм.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2021 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шууна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 10-наас нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарна

Categories
гадаад мэдээ

Бельгид хөл хориог 4 сарын 1-нийг хүртэл сунгажээ

БРЮССЕЛЬ. /CNN/. Бельгид хөл хориог дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан боловч зарим хязгаарлалтыг хоёрдугаар сарын 13-наас сулруулна гэж тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроо мэдэгджээ.

Үсчний газруудыг энэ сарын 13-наас хатуу шаардлагыг мөрдөх журамтайгаар нээх бол гоо сайхан, шивээсний газруудыг гуравдугаар сарын 1-нээс нээх ажээ. Харин өнгөрсөн 10 дугаар сараас хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа шөнийн цэнгээний газар, зоогийн гзаруудын хувьд хаалттай хэвээр байна.

“COVID-19” халдварын нөхцөл байдал 12 дугаар сарын эхэн үеэс хойш харьцангуй тогтвортой болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан хүний тоо буурсан боловч нөгөө талаар халдварын тохиолдлын тоо өмнөхтэйгээ бараг ижил түвшинд хэвээр байна гэж А.Кроо мэдээлжээ.

Ерөнхий сайд халдварын тохиолдлын тоо тогтвортой байгаа нь иргэд дүрэм журмыг баримталж байгаатай холбоотой болохыг дурдаад, цаашид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах үед улам сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг хэлсэн байна.

Бельгийн эрх баригчид хөл хориог дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан хэдий ч тухайн хугацааг хүртэл шаардлагатай тохиолдолд холбогдох шийдвэр зохицуулалтуудыг гаргах боломжтойг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Сорьц авах цагийн хуваарийг уртасгаж, шинжилгээний хариуг өдөрт нь гарга

Сорьц авах цэгүүдийг нэмэгдүүлэх, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 133, 142 дугаар сургуулийн байранд ковидын шинжилгээ авч буй цэгүүдийн ажлын явцыг шалгав.

Бүх нийтийн хөл хориог хязгаарлах хугацаанд цар тархалтын голомтыг хумих нэгдсэн арга хэмжээг эхлүүлэхэд ковидын шинжилгээ авах цэгүүдийн бэлэн байдал, ажилтан албан хаагчдын ажлын уялдаа холбоо, сорьц авах багаж хэрэгслийн нөөц, ариутгал халдваргүйжүүлэлт зэргийг газар дээр нь шалгаж, эмнэлгийн ажилчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

“Иргэдэд шинжилгээ өгөх цагийг цахимаар олгож эхэлснээр олон хүний бөөгнөрөл үүсэхгүй байх давуу талтай боловч цагтаа ирэхгүй иргэдээс хамаарч нийт сорьц өгөх иргэдийн тоо буурсан. Энэ нь шинжилгээнд яаралтай хамрагдах хүсэлтэй иргэдийг хүлээн авах боломжгүй нөхцөлийг үүсгэж байгаа” гэдгийг шинжилгээ авч буй эмч ажилчдын зүгээс хэлж байв.

Шинжилгээ авах цэгүүдийн үйл ажиллагааг Шадар сайд газар дээр очиж нь шалгаж дуусаад, Эрүүл мэндийн сайдтай уулзаж анхан шатны нэгжид тулгамдаж буй зарим асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэлийг өглөө.

Шадар сайд С.Амарсайхан Ковидын шинжилгээ авах цэгүүдийг нарийн зохион байгуулалтад оруулах нарийн төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгож байна. Түүнчлэн иргэдээс сорьц авах цагийн хуваарийг уртасгах, шинжилгээний хариуг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр өдөрт нь гаргах, ажилтан албан хаагчдын халдвар хамгааллын нөхцлийг сайжруулах хэрэгтэй” гэв.

Categories
гадаад мэдээ

Ирландад амьдардаг монгол эмэгтэй халдлагад өртөж амиа алджээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны оройн 21:30 цагийн үед Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад харьж явахдаа дээрэмдүүлж, хүзүүндээ хутгалуулсан талаар олон мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Өмнө нь хэд хэдэн удаа дээрмийн хэрэгт холбогдож байсан 14 настай этгээд нь тус улсад нөхөр, хүүхдийн хамт амьдардаг 48 настай монгол эмэгтэй У-г дээрэмдэхийг завдаж, хохирогчийн хүзүүнд хутгалсан юм.

Тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байсан ч харамсалтай нь шархаа даалгүй нас барсан байна. Монгол Улсаас Ирланд улсад суугаа элчин сайд Н.Тулга эмгэнэл илэрхийлж “Ирландын Дублин хотноо гэр бүлийн хамт амьдарч байсан Монгол Улсын иргэн 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр гэмт халдлагын улмаас амь насаа алдаж нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсонд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, ураг төрөл болон найз нөхөд, Ирланд дахь монголчуудад гүн эмгэнэл илэрхийлье” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1587 дуудлага иржээ

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.02.06-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1587 дуудлага ирснээс 695 нь яаралтай тусламж, 892 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2521 хүн мэдээлэл авчээ.

ЭХЭМҮТ-д 38 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 177 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 268 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!