Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

2020 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар ихэлч, бийч Ж.Хумбаа тодорлоо

Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдгийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал болох 30 000 000 /гучин сая/ төгрөгөөр шагнан урамшуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 354 дүгээр тогтоолоор “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Соёлын өвийн үндэсний төвд 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор 28 өвлөн уламжлагчийн баримт, материалыг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг Соёлын дэд сайдын дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл зохион байгуулж ажилласан бөгөөд үр дүнд нь Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Жутаагийн Хумбаа “2020 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарлаа.

Жутаагийн Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Ж.Хумбаа нь 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.

Тэрбээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2-р үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн.

Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.

Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл-бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж Ж.Хумбааг 2012 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын Билэг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж “Батламж” олгожээ. Мөн түүний хөдөлмөрийг үнэлж 2007 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдэг, 2008 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одон, 2009 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнаж байжээ.

Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Дашрамд дурдахад 2018 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар олноо Дөмөн Дулмаа хэмээн алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дуучин Доржийн Дулам, 2019 оны шилдэг өвлөн уламжлагчаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, туульч Авирмэдийн Балдандорж нар шалгарч, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналыг гардан авсан юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Устөрөгчийн хөдөлгүүрт шинэ загварын “ToyoTa Mirai” нэг цэнэглэлтээр 640 гаруй км зам туулна

Шинжлэх ухааны ололтын үр шимээр анх бензин хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэж, техник технологийн ололтыг хүн төрөлхтөнд гайхуулж байсан бол бензин хөдөлгүүр нь байгаль орчинд хортой, нефть шавхагдах баялаг гэх үндэслэлээр hybrid буюу хосолмол, мөн бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашины эрин үе эхлээд байна. Цахилгаан хөдөлгүүрт автомашины хамгийн сүүлийн үеийн ололт гэвэл анх танилцуулсан цагаасаа л суу алдарт хүрсэн “Tesla Cybertruck”-ыг нэрлэж болно. Уг автомашин бүрэн цахилгаан хөдөлгүүртэй боловч алдарт “Ford” компанийн нэрийн хуудас болсон “F-150” дизель хөдөлгүүрт автомашинтай эн тэнцэхүйц хүчтэй гэдгээр гайхалтай.

Тэгвэл цахилгаан автомашинаас цааших дараагийн эрин үе юу вэ. Энэ бол устөрөгчийн хөдөлгүүрт автомашин юм. Цахилгаан хөдөлгүүрт автомашин байгаль орчинд ээлтэй боловч дам нөлөө их болохыг судлаачид онцолдог. Тодруулбал, дэлхий дахинаа цахилгаан эрчим хүчний 40 гаруй хувийг нүүрснээс гаргаж авдаг. Харин энэ хэрэглээг үүсгэж буй нэг хүчин зүйл нь цахилгаан хөдөлгүүрт автомашинууд билээ. Үүнээс гадна цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хол замд явахад хэрхэн цэнэглэх, цэнэгээ бүрэн авахын тулд 1-2 цаг хүлээх зэрэг асуудлууд үүсдэг. Тэгвэл устөрөгчийн хөдөлгүүрт автомашин байгаль орчинд ямар ч бохирдол үүсгэхгүй, эх үүсвэр нь үл дундрах онцлогтой.Нэмээд энэ төрлийн автомашин таван минутад л банкаа дүүргэх боломжтой юм.

Байгальд хамгийн хоргүй технологи

Юуны өмнө “түлш”-ний тухай тодруулах нь зүйтэй болов уу. Шинжлэх ухааны ололтоор эрчим хүчний хэд хэдэн төрлийн эх үүсвэр бүртгэгдээд байгаагийн нэг нь fuel cell буюу түлшний элемент (эс) хэмээх эх сурвалж юм. Энэ нь устөрөгчийн ба исэлдүүлэгч бодисын (ихэвчлэн хүчилтөрөгч) химийн энергийг хос исэлдэлтийн урвалаар цахилгаан болгон хувиргах үйл явцыг томьёолсон аж. Маш энгийнээр тайлбарлавал байгаль дээр хамгийн өргөн тархсан устөрөгч, хүчилтөрөгч хоёрыг урвалд оруулснаар эрчим хүч гаргаж авдаг гэсэн үг. Анхны fuel cell буюу түлшний элементийг 1838 онд Сэр Уйльям Гроув бүтээжээ. Улмаар 100 орчим жилийн дараа 1932 он Фрэнсис Томас Бэкон хэрэглээнд анх оруулсан байна. Шүлтлэг түлшний элементийг 1960 оны дунд үеэс НАСА-гийн сансрын хөтөлбөрүүдэд хиймэл дагуул, сансрын капсул үйлдвэрлэхэд ашиглаж эхэлсэн аж. Тэр үеэс хойш түлшний элементийг бусад олон хэрэглээнд ашиглах болсон байна. Тухайлбал, АНУ-ын Бостон хотод байрлалтай Cambrian Innovation” компани түлшний элементийг ашиглан бохир усыг цэвэршүүлэх замаар эрчим хүч гаргаж авах туршилтыг амжилттай хийж, хөгжүүлэлт хийж байна. Тэд 2.2 тонн бохир уснаас 15 хүнд хангалттай хүрэлцэх цэвэр ус, 1.5 кВт цахилгаан эрчим хүч гаргаж авсан байдаг. Энэ мэтээр fuel cell буюу түлшний элементийг салбар бүрт амжилттай хэрэглэсээр анхны устөрөгчийн хөдөлгүүрт автомашиныг бүтээгээд байна.

Устөрөгчийн хөдөлгүүрт шинэ загварын япон тэрэг 49.500 ам.доллараас эхэлнэ

Устөрөгч, цахилгаан хосолмол хөдөлгүүртэй, байгаль экологид ямар ч хоргүй Toyota Mirai-г анх хоёр жил гаруйн өмнө бүтээсэн. Уг машин нь 60 литрийн нэг банк, хойд тэнхлэгийн ойролцоо 62.4 литрийн бас нэг банк байрладаг. Цахилгаан хөдөлгүүртэй хосолмол байдлаар ажилласнаар 180 км цаг хүртэл хурдлах чадвартай. 9.6 секундэд 100 км цагийн хурд авч чаддаг. Тус автомашины хойд тэнхлэг дор их биеэс гарсан нэг нүх байх ба түүгээр устөрөгчийн уур гадагшилна. “Мирай”-гийн дугуйг синхрон цахилгаан хөдөлгүүр эргүүлдэг. Энэ машин тэжээлээ зөвхөн түлшнээсээ биш их биеийнх нь арын хэсэгт байрлуулсан 21 кВт-ын хүчин чадалтай Hybrid хөдөлгүүрийг дэмжих никель өнгөтэй металл батарейнаас давхар авдаг. Тэдгээр никель өнгөтэй батарейнууд тоормослох үед цэнэгээ сайтар хурааж, машин огцом хурд авах үед хуримтлуулсан эрчим хүчээ гаргадаг. Тоёота Мирайгийн нийт жин нь 1850 кг. Хүндийн төв намхан учраас жолоодоход хялбар юм. Устөрөгчөөр ажилладаг Toyota Mirai 66.000 еврогийн үнэтэй худалдаанд гарч байв.

Тэгвэл “Toyota”компани 2021 оны Toyota Mirai загвараа танилцууллаа. Уг танилцуулгад гурван зүйлийг онцгойлон дурджээ. Нэгдүгээрт, мэдээж бүрэн устөгрөгчийн хөдөлгүүрт автомашин юм. Хоёрдугаарт, таван минутад банкаа бүрэн дүүргэж 646 км замыг туулах чадвартай. Анхны загвар 330 км туулдаг байсантай харьцуулахад хоёр дахин өссөн дэвшил аж. Гуравдугаарт, зургаан жил банкаа үнэгүй цэнэглүүлэх эрхийг давхар олгож байгаа аж. Загварын хувьд онцгой чамин, ард болон урд суусан хүн өөрсдийн хэрэглээнд тохируулж тус тусдаа орчны температурыг тохируулах боломжтой аж. Мөн 12.3 инчийн хяналтын дэлгэцтэй. Ухрах систем нь автомашины эргэн тойрныг 360 градусаар харуулах боломжтой, саад үүссэн тохиолдолд урьдчилан сануулах аюулгүйн горимтой юм байна. Түүнчлэн, жолооны хүрдний тогтвортой байдал, урд салхины шилэн дээр зарим нэмэлт горим харагдах байдлаар төлөвлөсөн гэх зэргээр асар олон давуу талыг бий болгосон байна. 100 км цагийн хурдыг 9 секундэд авна. Аюулгүй дээд хурд 182 км/цаг.

Хамгийн гол нь энэ бүхнээс илүүтэй устөрөгчийн хөдөлгүүртэй гэдгээр бүхний харааг булаана. Toyota Mirai-ийн хөдөлгүүр гадна агаараас хүчилтөрөгч авч устөрөгчтэй хослуулан эрчим хүчийг бий болгодог. Ерөнхийдөө ус, хүчилтөрөгч ашиглан эрчим хүч үйлдвэрлээд “хаягдал” болох багахан уурыг ялгаруулах юм. Устөрөгчийн “шатахуун” түгээгүүрийн байршлыг тодорхой харуулсан байна. Эндээс харахад Япон болон Европын улс орнуудад устөрөгчийн хөдөлгүүрт автомашиныг унаад явахад асуудалгүй аж. Toyota Mirai-гийн устөрөгчийн түлшний савыг маш нягт нямбай шалгуураар туршиж баталгаажуулсан болохыг онцолсон байна. Өндөр хурдтай мөргөлдөх үед ослын хүчийг шингээж, мэдрэгч нь устөрөгчийн урсгалыг зогсоох тохиргоотой. Шатахуун цэнэглэхэд хялбар. Уламжлалт шатахууны түгээх станцаас бензин хөдөлгүүрт автомашинаа цэнэглэдэгтэй ижил юм. Дээр өгүүлсэнчлэн TOYOTA компани устөрөгчийн автомашин худалдан авсан үйлчлүүлэгчдэдээ 15 мянган ам.долларын өртөг бүхий зургаан жилийн “шатахуун”-ы эрхээр урамшуулж байна. Автомашинтай хамт шатахууны карт дагалдана. Та зориулалтын устөрөгчийн “шатахуун” түгээгүүрийн газар очоод картаа “зурахад” таван минутын дотор банк дүүрч, цааш аялах боломжтой болно хэмээн сурталчилжээ.

Үнийн тухайд 49500-66000 ам.долларын ханштай. Үнийн ялгааны тухайд автомашины өнгө, “шувууны нүд” хэмээх ухрах камерын систем, зарим тав тух зэрэг зиндааг илүүтэй хангасан өөрчлөлтүүд нөлөөлж байгаа. Автомашин нийт таван өнгөний сонголттой. Нэмж хэлэхэд, “Toyota Mirai”-ийн уриа үг нь “Инноваци бол хүч чадал” юм байна.

Г.БАТ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар: Цар тахлыг даван туулах цогц төлөвлөгөөг танилцуулж, батална

Засгийн газар даваа гаригт ээлжит бусаар хуралдана. Тус хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан зарим шийдвэр болон Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг танилцуулж, батлахаар төлөвлөжээ.

Улсын онцгой комиссоос энэ сарын 11-ээс эхлэн 12 хоногийн хугацаанд хөл хол хорио тогтоох санал гаргасан бөгөөд цар тахалтай тэмцэх, стратеги, төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажлын хэсэг ажиллаж байгааг танилцуулсан юм. Ингэхдээ цаашид бүх салбарын ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулж байгаа гэдгийг Шадар сайд онцолж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

“Элизабит” болон “Аман хуур” хотхонд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 26 дугаар хороо Элизабит хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орц, 14 дүгээр хороо Аман хуур хотхоны 33в байрны 1 дүгээр орцонд тус тус сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комисс тус байрны иргэдийг шинжилгээнд хамруулах, хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж ажиллаж байна.
Тусгаарлалтад орсон иргэд,
Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

May be an image of brick wall and outdoorsMay be an image of outdoors and text that says '1게 POLICE POLICE'

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сумъяабазар: Энэ 12 хоногийн хугацаа бол цар тахлыг хумьж авах сүүлийн боломж

Нийслэлд хоёрдугаар сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохтой холбоотой Улсын онцгой комиссоос гаргасан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2021.02.06/ Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн хэмжээнд хийх тандалт, илрүүлгийн шинжилгээг хэрхэн зохион байгуулах, хатуу хөл хорионы хугацаанд дэг журмыг яаж мөрдүүлэх, зохион байгуулалт, хангалт, үйлчилгээг ямар журмаар хийх талаар Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм. Мөн энэ хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрийг талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай өгч, нийслэлчүүддээ зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бизнесүүдээ урт хугацаанд хааж, элгээр нь хэвтүүлж хэрхэвч болохгүй. Боловсролын салбар бас давхар цохилт авч байна. Манайд танхимын сургалтыг хааснаас болж хохирох бүтэн нэг үе бий болох гээд байна. Тиймээс 12 хоногийн хугацаанд бүх боломжоо дайчилж, хамтын хүчээр энэ тахлыг таслан зогсооё. Бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ арга хэмжээ цар тахлыг хумьж авах сүүлийн боломж юм” хэмээв. Мөн Нийслэлийн Засаг дарга дүүрэг, байгууллага бүхэн эрсдэлийн хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг танилцууллаа

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг энэ сарын 28-нд Лос-Анжелес, Нью-Йорк хотоос нэгэн зэрэг анх удаа шууд дамжуулахаар болжээ. Коронавируст цар тахалтай холбоотойгоор энэ удаагийн наадмыг цахим хэлбэрээр явуулахаар болсон юм. Урьд нь тус наадамд өрсөлдөх бүтээлүүдийг сонгон шалгаруулах дүрэмд өөрчлөлт оруулсан тухай мэдээлсэн удаатай. Тухайлбал, нэр дэвшиж буй бүтээлүүдийг холбооны гишүүдэд тусад нь кино театрт танилцуулдаг байсан бол энэ удаад онлайнаар, эсвэл DVD хувилбараар үзэх боломжтой болсон билээ. Нийт 25 төрөлд шилдгүүдийг шалгаруулах юм. Жүжигчин Тина Фэй, Эми Полер нар дөрөв дэх жилдээ хөтлөхөөр товлогдсон байгаа аж.

Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадам маш сонирхолтой болж байна. Учир нь “Шилдэг найруулагч” төрөлд нийт таван найруулагч нэр дэвшсэний гурав нь эмэгтэй. Наадмыг зохион байгуулсан 77 жилийн түүхэнд нийт таван эмэгтэй найруулагч нэр дэвшиж байж.

Мөн видео стрийминг үйлчилгээний “Netflix” сүлжээний бүтээлүүд телевизийн олон ангит кино болон бүрэн хэмжээний кино төрөлд хамгийн олон удаа нэр дэвшсэн байна. Тухайлбал, “The Crown” цуврал кино, “Mank” уран сайхны кинонууд тус бүр зургаан төрөлд нэр дэвшжээ.

Үзэгчдийн зүгээс өнгөрсөн оны сүүлчээр нээлтээ хийсэн “Bridg­erton” цувралыг уг наадмын олон төрөлд нэр дэвшинэ гэж байв. Гэвч ганц ч төрөлд нэр дэвшээгүй байна. Түүнчлэн “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд хөтлөгч Жеймс Кордон “The Prom” киноны “Barry Glickman”-ий дүрээрээ нэр дэвшсэн нь үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн талаар мэдээлжээ.

Дашрамд дурдахад, Сесиль де Миллийн нэрэмжит шагналыг Оскарын дөрвөн удаагийн шагналтан, 83 настай Америкийн жүжигчин Жейн Фонд хүртэх нь тодорхой болоод байна. Мөн Кэрол Бернеттийн нэрэмжит шагналыг “Emmy”-гийн зургаан удаагийн шагналтан 98 настай зохиолч, найруулагч, продюсер Норман Лир хүртэхээр болжээ.

“Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөх бүтээлүүдийг танилцуулъя.

“Шилдэг утга уянгын кино” төрөлд

“The Father” найруулагч Флориан Зеллер

“Nomadland” найруулагч Хлои Жао

“Mank”, найруулагч Дэвид Финчер

“Promising Young Woman”, найруулагч Эмиральд Феннел

“The Trial of the Chicago”, найруулагч Аарон Соркин

“Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд

“Another Round”, найруулагч Томас Винтенберг

“La Llorna”, найруулагч Хайро Бустаманте

“The Life Ahead”, найруулагч Эдоардо Понти

“Minari”, найруулагч Ли Айзек Чун

“Two of Us”, найруулагч Жордан Пил

“Шилдэг инээдмийн болон мюзикл телевизийн цуврал” төрөлд “The Great”, “Emily in Paris”, “The Flight Attendant”, “Schitt’s Creek”, “Ted Lasso” цувралууд

“Шилдэг драм телевизийн цуврал” төрөлд “The Mandalorian”, “The Crown”, “Ozark”, “Lovecraft Country”, “Ratched” кинонууд

“Шилдэг богино хэмжээний цуврал, кино” төрөлд “The Queen’s Gambit” ,”Normal People”, “Small Axe”, “Unorthodox”, “The Undoing” кино

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд жүжигчин Энтони Хопкинс, Риз Ахмед, Гари Олдман, Тахар Рахим, Чедвик Боузман нар нэр дэвшсэн бол “Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Фрэнсис МакДорманд, Ванесса Кирби, Андра Дэй, Кэри Маллиган, Виола Дэвис нар өрсөлдөх юм.

“Инээдмийн, эсвэл мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Саша Барон Коэн, Жеймс Корден, Лин-Мануэль Миранда, Энди Сэмберг, Дев Патель нар “Инээдмийн, эсвэл мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд Мария Бакалова, Мишель Пфайффер, Кейт Хадсон, Розамунд Пайк, Тейлор-Жой нар өрсөлдөхөөр болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэболд: АН дотооддоо ойлголцохын тулд дараагийн их хурлаа хийх гарц харагдаж байна

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.


-АН-ын залуучууд намын дотоод асуудалд байр сууриа илэрхийлцгээж байна. Намын удирдлагуудаа нэгдэхийг уриалж шаардлага хүргүүлсэн. Та бүхний тэмцэлд үр дүн гарч байна уу?

-АН-ын залуучууд намын удирдлагуудаа нэгдэхийг уриалж байна. Бид маргалдагч талуудад шаардлага хүргүүлсэн. Улмаар “Нэгд” уулзалтыг зохион байгуулж, АН-ын дарга асан С.Эрдэнэ, мөн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарыг урьсан ч тэд ирсэнгүй. Талууд өөр өөрийн үндэслэл, асуудлаа нээлттэй ярилцаж, нүүр нүүрээ харж уулзах талбарыг НЭГД уулзалт санал болгосон.

АН-д үүсээд буй дүрмийн болон удирдлагын дотоод хямрал нь намын гишүүд, дэмжигчид болон олон нийтийг төөрөгдүүлсэн эргэлзээтэй байдлыг үүсгээд байгаа. Иймд шийдэл болгож, дотоод эв нэгдэл, зохион байгуулалтаа дүрмийн хүрээнд хийж, нэгдэхийг шаардаж, мөн намын удирдлагуудаар ажиллаж байсан нэр бүхий гишүүдийг харилцан ойлголцолд хүрч, дотоод асуудлаа нүүр тулж шийдвэрлэх шаардлага тавилаа. АН-ын дотоод асуудлыг шуурхай дүрмийн хүрээнд яаралтай шийдэх нь нэн чухал байна.

-Одоо маргалдагч талуудад эвлэрэх шинж байна уу. Ямар гарц гаргалгаа харагдаж байна вэ?

-Бид ямартай ч маргаад байгаа талуудад шаардлага тавьсан. Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөний урд АН-ын гишүүд дэмжигчдийн төлөөлөл болсон залуучууд цугларцгааж, хувь хүмүүсийнх нь хувьд биш АН-ын үйл ажиллагаа дүрэм журамдаа нийцэх ёстой гэдэг шаардлага тавьсан. Нам дотооддоо хагаралгүй, эвтэй байх ёстой. Нэгд уулзалтад маргалдагч талууд ирээгүй ч, намын залуучууд, ахмад үеийн төлөөлөл, жирийн гишүүдийн төлөөллүүд оролцлоо. Ахмад үеийн төлөөлөл маш даацтай гаргалгааг хэлж байна. Нам дотооддоо нэгдэхийн тулд Ардчилсан намын дараагийн их хурлыг хуралдуулах нь зүйтэй юм гэдэг санал гаргаж байна. Бид нар энэ санаачлагыг дэмжиж байна.

Намын үзэл баримтлал дээр маргалдаж байгаа талууд байхгүй. Үзэл баримтлалын хүрээнд гарсан үндсэн дүрэм бий. Энэ дүрмийн заалтуудыг өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа, мөн намын X их хурлыг хүчинтэй, хүчингүй гэж маргаж байгаа талууд байгаа. Бидний хувьд маргалдагч талуудын зөв, бурууг шүүхгүйгээр дундаа ойлголцолд хүрэхийг шаардаж байна. Ойлголцох гарц нь дараагийн их хурлаа дахин хуралдуулах юм байна гэдэг дээр намын залуучууд, ахмад үеийн төлөөллүүд нэгдмэл байр суурьтай байна.

-Саяхан Ардчилсан нам X их хурлаа хийсэн. Дахиад хурал зарлах нь хэр оновчтой гэж харж байна вэ?

-“Ковид -19” цар тахлын үед цахим хурлыг хийж болно. Одоо АН хоёр талд ҮБХ хуралдуулж байна, Үндсэн дүрмийн хороогоо мөн хоёр талд зохион байгуулж байна. Ийм үед нам их хурлаа хийж, нийтээрээ асуудлаа шийдэх нь чухал байна. Тиймээс талууд харилцан буулт хийж, дүрмэндээ нийцсэн их хурлыг хийх зайлшгүй шаардлагатай.

-АН-ын дүрмийг дээд шүүх бүртгэж авсангүй. Дээд шүүхийн шийдвэр дээр та юу хэлэх вэ?

-Дээд шүүхийн шийдвэрийг Дээд шүүх өөрөө тайлбарлах ёстой. АН-ын дүрмийг Дээд шүүх баталдаггүй. Үүнийг АН-ын гишүүд их хурлаараа баталж байгаа. Харин АН-ын дүрмийг бүртгэж авах тал дээр тодорхой асуудал гарсан гэж ойлгож байгаа. Бүртгэж авах эсэх нь цаг хугацааны асуудал. Дээд шүүхийн тайлбарыг хүмүүс үзэмжээрээ тайлбарлах боломжгүй.

-Цар тахлын үед нийгэм, эдийн засаг хүндэрсэн энэ үед АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн оронд дотооддоо маргалдаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нам цаашид хэрхэн шинэчлэгдэх ёстой гэж харж байна вэ?

-АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Улс орны өмнө шийдвэрлэх олон асуудал тулгамдаж байна. Эрх баригч Ардын намд “Ковид -19” цар тахлын үед энэ хямралыг даван туулах ойлгомжтой төлөвлөгөө байсангүй. Иргэд төрөөс гарсан шийдвэрүүдүүдийг маш хүлээцтэй биелүүлснээр ирсэн. Гэвч дотооддоо алдаагүй гэх хоосон бахархлын ард бэлтгэлгүй, хариуцлагагүй, ойлгомжгүй, хүний эрх зөрчсөн маш олон асуудал гарсаар ирсэн нь үнэн. Өнөөдөр ажлын байраа хамгаалж чадахгүй Засгийн газар, ард түмнээ ковидын аманд өлбөрүүлэн тавьж өглөө. Ээж, хүү хоёрын өмнөөс хариуцлага нэхэж ард иргэд Сүхбаатарын талбай дээр жагссан ч Ардын намын зүгээс Засгийн газар огцорсноор халхавчилж асуудлыг аргалах гэж оролдсон. Энэ бол арчаагүй үйлдэл. Цар тахалд зарцуулагдах ёстой хандив зээл тусламж хэрхэн яаж зарцуулагдсан нь одоо ч нууц хэвээрээ байна. МАН тун удахгүй 100 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэх гэж байна. Намын 100 жилээс илүү иргэдийнхээ эрхийг хангасан хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн уналтаас гаргасан бодлого Монгол Улсад хэрэгтэй байна. Монгол Улс хүчирхэг байхад олон ургалч үзлийн илэрхийлэл болсон улс төрийн намуудын тэнцвэртэй үйл ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байгаа өнөө үед Ардчилсан нам нэн яаралтай дотооддоо цэгцэрч, сөрөг хүчний дуу хоолойгоо чанга тодоор илэрхийлэх шаардлагатай байна. Үүний тулд АН дотооддоо үүсээд байгаа асуудлаа нэн яаралтай шийдвэрлэж, дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатай.

АН-ын шинэчлэл бол ардчиллыг өмчлөхөө болихоос эхэлнэ. Намын үйл ажиллагааны сэргэлтийн цэг бол зорилгоо зөв тодорхойлж, ардчиллын суурь, зарчмуудыг хамгаалахаас эхэлнэ.

-Ардчилсан нам X их хурлаа хийж дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Дүрмийн шинэчлэлийг хэр болсон гэж та бодож байна вэ?

-Дүрмийг өөр өөрийнхөө тайлбарлаж байна. Гол зөрчил нь юу байна гэхээр, хуучин бол намын даргаа бүх гишүүдийнхээ оролцоотойгоор эхэлж сонгочихоод дараа нь шат шатны нэгжүүдийг бүрдүүлдэг байсан. Харин шинэчилсэн дүрмийн уруу ойлголт нь, эхлээд анхан, дунд шатны намын хорооны гишүүд, мөн ҮБХ гишүүдээ ямар нэг даргын нөлөөлөлгүйгээр сонгоод, хамгийн сүүлд нь намын даргын сонгуулийг хийх өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт дээр намын гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Сунгаагаар хуучин дүрмээрээ даргаа сонгоё, эсвэл ҮБХ, Их хурал дээрээ шийдье гэсэн хувилбарууд байгаа. Миний хувьд, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж аль болох зөв шийдвэрийг хоорондоо ярилцаж байгаад шийдэх ёстой гэж бодож байна.

-АН-ын дүрмэнд их хурал дээр яригдаагүй заалтыг нэмж оруулсан гэж яриад байгаа. Тийм зүйл байгаа юм уу?

-Тэр заалтын тухайд би тодорхой байр суурь илэрхийлэхэд хэцүү байна. Ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг нам дотроо өрсөлдөгчгүйгээр сонгуульд нэр дэвшүүлэх тухай заалт орсон тухай мэдээлэл яваад байгаа. Нэг хэсэг нь тийм заалт Дээд шүүх рүү яваагүй, зарим нь явуулсан гэдэг зүйл яриад байгаа. Үүнийг шалгах шаардлагатай. Ийм өөрчлөлт дүрмэнд орсон юм уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан нохой өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 7, Адъяа гариг. Билгийн тооллын 26, Эрхтний тэнгэр одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8:11 цагт мандан, 18:01 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 9-14 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм

Соёлын биет бус өвийн 2020 оны шилдэг өвлөн уламжлагч тодорлоо

Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдгийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, 30 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 354 дүгээр тогтоолоор “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Соёлын өвийн үндэсний төвд 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор 28 өвлөн уламжлагчийн баримт, материалыг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг Соёлын дэд сайдын дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл зохион байгуулж ажилласан бөгөөд үр дүнд нь Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Жутаагийн Хумбаа “2020 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарлаа.

Жутаагийн Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Ж.Хумбаа нь 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.

Тэрбээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2-р үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн.

Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.

Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл-бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж Ж.Хумбааг 2012 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын Билэг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж “Батламж” олгожээ. Мөн түүний хөдөлмөрийг үнэлж 2007 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдэг, 2008 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2009 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнаж байжээ.

Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.