Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд нь оролцож, хянадаг болгоё

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.


-“Оюу толгой” төслийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Рио Тинто” компанитай хийх хэлцэлд зориулсан санхүүгийн загварыг Хөдөлмөрийн үндэсний нам боловсруулж Засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн. Энэхүү санхүүгийн загвар танилцуулах шаардлага юунаас үүсэв?

-2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-аас Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолын утга нь манайд өгөх үр өгөөжийг бууруулахгүйн тулд 34 хувийн ногдол ашиг авах хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээ болгоё, эсвэл нөөцийн төлбөрөө таван хувь дээрээ нэмье, шижлүүлье ийм боломжийг судлаад УИХ-д танилцуул гэсэн үүргийг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт үүрэг өгсөн. Одоогоор энэ ажил хийгдээд УИХ-д танилцуулагдсан зүйл байхгүй. Ямар шатандаа яваа нь тодорхой бус. 2019 оны төгсгөлд ийм тогтоол гараад 2020 онд сонгууль болоод юун Оюу толгой манатай. Засгийн газар олон зүйл дээр сайнтай, муутай ажилласан байх. Гэхдээ энэ тал дээр хангалтгүй ажилласан. Зөвхөн энэ Засгийн газар ч биш, 2009 оноос хойш өдийг хүртэл бүх Засгийн газар муу ажилласан. Хувь хүн гуравны нэгийг эзэмшдэг компанийнхаа тайлан баланс зардал шийдвэр гаргалтад огт оролцохгүй байна гэдэг утгагүй биз дээ. Тэгвэл Оюу толгойн гуравны нэгийг эзэмшиж байгаа байхад манай бүх Засгийн газар хангалтгүй ажилласан. Рио Тинто хөрөнгө оруулагчийн зүгээс бизнес яриад байдаг. Ийм шалтгаанаар ТЭЗҮ-д өөрчлөлт орж байна, газрын гүний геологийн нөхцөл ингэж өөрчлөгдөж байна, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гээд тоо яриад байдаг. Гэтэл бид өөдөөс нь улс төр ярьдаг. Ингэхээр хоорондоо ойлголцохгүй. Тиймээс тэдэнтэй адилхан хэлээр ярьж, тэдний ярьж байгаа зүйл үнэн худлыг нь шалгаж чаддаг хүмүүс Оюу толгой компанийн удирдлагад байх ёстой. Тэдний дор шалгаж чаддаг томоохон мэргэжлийн баг ажиллах ёстой. Энэ ажлаа манайх огт хийгээгүй. Зөвхөн улс төр ярьсаар байгаад л таарсан. Үүний үр дүнд арга барил, хандлага нь буруу байна л даа.

-Засгийн газраас ямар нэгэн тоо баримт танилцуулаагүй биз дээ. Тэгэхээр бидний зүгээс өөрсдийн тоон судалгаагаа гаргаж ирэх ёстой юм байна, тийм үү?

-Тийм. УИХ-аас гарсан тогтоолын дагуу ажиллаад 34 хувийг шилжүүлбэл ийм байх нь, бүтээгдэхүүн хуваах гэрээ болговол ийм байна гэж тоо гаргаж ирж танилцуулах ёстой байсан. Тэр ажил нь хийгдээгүй байхад саяхан хүмүүсийг цочирдуулсан Монгол Улс хэзээ ч ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна гэх мэдээллийг томоохон албан тушаалтнууд хийлээ. Энэ тоо хаанаас гараад ирсэн гэхээр хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-гээ шинэчлээд манай УУХҮЯ-ны зөвлөлд хүргүүлсэн. Тэнд үндэслээд тооцохоор ашиг авахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орох юм байна. Байрны зээлтэй хүн боддогтой ойролцоо гээд ойлгочихож болно. Анхны авсан зээл 34 хувиа түүн дээр нэмэх нь авсан одоогийн байдлаар төлөөгүй хуримтлагдсан хүүний нийлбэр тооцсон 22 тэрбум ам.долларын өртэй болчихож байгаа юм. Энэ бол цаад талаас ирсэн ТЭЗҮ дээр үндэслэж гарсан тоо. Өөрсдийнх нь тоо хаана байгаа юм. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь үнэн юм уу, бодитой юм уу. Энэ тооцооллын монгол талын загвар нь хаана байна гээд Засгийн газраас асуухаар хэлдэг хүн байхгүй. Хэрвээ бид Рио Тинтотой хэлэлцээр хийнэ гэж байгаа бол өөрсдөө суурь зүйлтэй байх хэрэгтэй. Ийм зүйл алга. Үүнийг нь гаргаж ирье гээд “open oil” компанийн нээлттэй загварыг ашиглаад хурдан тооцоо хийсэн. 2016 оны мэдээлэлд үндэслээд тооцохоор 34 хувиас бидний авч болох үр өгөөжийг нөөцийн төлбөр рүү шилжүүлбэл одоо байгаа таван хувь дээр 1.5 хувийг нэмэхэд тэр дүн нь тэнцүү байна гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ түүнийг сольё гэсэн үг биш. Ийм бага хэмжээгээр нэмэхэд солих хэрэгтэй юү, үгүй юү гэдэг тусдаа асуудал.

-“Оюу толгой” төслийн суурь судалгаа хангалтгүй явагдсан юм байна гэж ойлгоод байна л даа?

-Тийм. Оюу толгой бол асар том мега төсөл. Дэлхийн хамгийн том орд төслүүдтэй эн тэнцэнэ. Ийм том төслийг дэлхийн хэмжээнд супер компаниуд хийгээд 60-70 хувь нь амжилтгүй болсон байдаг. Ямар тохиолдолд амжилтгүй гэж дийлэнхдээ үздэг вэ гэхээр хөрөнгө оруулалт нь 30 хувиас илүү нэмэгдчихвэл, хүлээгдэж байсан ашиг үнэ цэнэ нь сөрөг болдог. Эсхүл хэрэгжүүлэх хугацаа нь сунаад 30 хувиас урт болвол амжилтгүй болдог. Оюу толгойн хөрөнгө оруулалт анх дөрвөн тэрбум ам.доллар орчим ярьдаг байсан бол одоо сүүлийн ТЭЗҮ-ээр 16 тэрбум ам.доллар болох магадлалтай гэж байна. Энэ утгаараа амжилтгүй төсөл. Яагаад ийм том төслүүд амжилтгүй болдог вэ гэхээр олон шалтгаан бий. Улстөржилт үүнд орчихсон явж байдаг. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь нэгдүгээрт, суурь судалгаа техникийн хувьд хангалттай сайн хийгдээгүй. Бүх зүйлийг урьдчилж харах боломжгүй л дээ. Газрын гүнд геологийн нөхцөл яаж ч өөрчлөгдөж болно. Нэг чулуулгийн хатуулаг нь өөрчлөгдөхөөр түүнд шаардлагатай бэхэлгээнээс эхлээд хэрэглэх арга технологи нь өөр болно. Үнэ нь ч өснө. Хоёрдугаарт, эзний оролцоо хангалтгүй бол мега төслүүд амжилтгүй болдог. Ийм шийдвэр гаргахад эзэн оролцохгүй, хүний хүнд хамаг зүйлээ даатгаад орхичихсон бол том төслүүд амжилтгүй болох эрсдэл өндөр байдаг.

-Өнөөдөр төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдэх шалтгаан юу байсан юм бэ?

-Барууны тоглоом дунд бид орчихсон явж байгаа. Дөрөв дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх хүртэл асуудал яригдаж байна гэхээр энэ төслийг удирдаж байсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Төслийн хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдчихлээ. Рио Тинто давуу байдлаа ашиглаад удирдлагын багийг одоо хүртэл авч явж эхэлсэн. Манай талд тэнд нь оролцох гэрээний боломжууд байгаа. Түүнийг ашиглаагүй явж ирсэн. Рио Тинто (TH)-ийн давуу оролцоотой томилсон удирдлагын баг гол буруутан. Дээрээс нь Монголын талын хянах ажлаа хийгээгүй Засгийн Газар жинхэнэ том буруутан. Жишээ дурдахад, зөвхөн баяжуулах үйлдвэрт 15.6 сая хүн-цаг зарцуулсан байна. Инженерийн хөлс нэг цагт 50-250 ам.доллар байдаг гэвэл 1-2 тэрбум ам.доллар болно. “Тийм инженер тийм зураг төсөл, угсралтын ажил дээр тэдэн цаг зарцуулсан нь үндэслэлтэй” гэдгийг Засгийн газраас улс төрийн шалгуураар томилогдсон ТУЗ хянах чадамжгүй, мэдлэггүй, хүчгүй, бүр зөнд нь хаячихсан явж ирсэн. Тиймээс зардал хэтрэлтэд 2009-2021 Засгийн газрууд бүгд буруутай. Ганцхан баяжуулах үйлдвэрийн инженерийн хүн-цаг ийм байна. Цаана нь тоног төхөөрөмж, барилга угсралт, материал бий. Ил уурхай, далд уурхай, дэд бүтэц бий. Тэр бүгдийг манай хэдэн улстөрчид хяналаа юу. Улстөрчдийг зайлуулж дотоод гадаадын экспертүүд нийлсэн мэргэжлийн удирдлагатай болгохгүй бол Оюу толгой хэзээ ч өөдлөхгүй. Нэг бол Рио гар гээд, эсвэл Рио ёстой Монголыг аврагч гээд байх хэрэг байхгүй. Рио бол зүгээр л ашиг хийх гэж ирсэн этгээд, Монголын эрх ашиг тэдэнд хамаагүй. Тэд дайсан ч биш, нөхөр ч биш, наймааны хамтрагч. Монголын Засгийн газар, түүний томилсон компанийн удирдлага өөрсдөө ажлаа хийхгүй, мэдэхгүй бол тэд ашиглах нь мэдээж. Оюу толгойн төсөлд Монголын талыг төлөөлөх мэргэжлийн удирдлагатай болгож, үйл ажиллагаанд оролцож, хянадаг болгоё. Урьдчилсан тооцооллоор 34 хувиас хүртэх үр өгөөжөө нөөцийн төлбөр рүү шилжүүлэх юм бол 1.5 хувьтай тэнцэх нь. 1.5 хувиар Монголын талын 34 хувийг өг гэж байна гэж хүмүүс яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулагч талаас танайх ашиг авахгүй нь гэх ТЭЗҮ үзүүлчихсэн. Өрөнд орно, 34 хувь үнэ цэнэгүй шүү гэх мессэж өгөөд байна. Үнэ цэнэгүй гэвэл бид болиод оронд нь нөөцийн төлбөр өг гэвэл хүлээн зөвшөөрөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Ашигт малтмалын хууль дээр АМНАТ-ыг 5-10 хувь нэмэх боломжтой. Оюу толгой мөнхийн таван хувийн ш дээ. Эндээс АМНАТ ямар чухал гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

-34 хувийг хөрөнгө оруулагч талд өгөх, эсвэл манайх өөртөө үлдээх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг солих уу, үгүй юү гэдэг тооцоог Засгийн газарт хийх үүрэг өгсөн. Сууриар нь харахаар дэлхий 22 сая тонн хэрэглэдэг. Хятад 12 сая тонн, талаас илүүг нь хэрэглэдэг. Гурван саяг нь гадаадаас аваад 9 саяыг нь өөрсдөө үйлдвэрлэдэг. 9 сая зэс үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 36 сая тонн баяжмал хэрэгтэй. 36 сая тонн баяжмалын 12 саяыг нь гадаадаас аваад бусдыг нь өөрсдөө олборлодог. Үүний 10-20 хувийг Монгол Улс нийлүүлэх боломжтой. Хятад Австралиас зэс авахгүй болчихсон. Тэгэхээр зэсийн хэрэглээ улам үнэ цэнэтэй болно. Тиймээс Оюу толгойн үнэ цэнэ, ач холбогдол нь буурахгүй. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас та нар алдагдал хүлээгээд байна гээд байна. Ер нь өр гээд байгаа зүйл нь үндэслэлтэй юм уу. Хөрөнгө оруулалт нь дөрөв дахин өсөх нь үндэслэлтэй эсэхийг батлах хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн инженерийн зөвлөх компаниуд, дотоодын экспертүүдийг ажиллуулна. Санхүүгийн зөвлөх чиглэлийн хүмүүс ажиллана. Чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалтыг бууруулаад түүнийгээ зөвшөөрүүлж чаддаг юм бол манай талын олох ашиг нэмэгдэнэ. Тэр нь боломжийн хэмжээнд нэмэхээр байвал бид 34 хувиа өгөх шаардлагагүй. Ирээдүйд гарах хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх вэ гэдэг дээр бид оролцоотой ажиллах ёстой. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 7.2 дээр менежмэнтийн багийг Монголын тал санал оруулаад өөрчилж болно. Хоёрдугаарт, Дубайн гэрээний 2.4 дээр жил бүр Монголын тал аудит оруулж болно. Шаардлагатай үед нэмэлт аудит оруулж болно. 7.3 дээр Эрдэнэс Оюу толгой компани мэргэжлийн үйлчилгээ үзүүлж болно гэж байгаа. Энэ нь өөрсдөөс нь мөнгийг нь аваад олон улсын инженерийн фирмээр үйлчилгээ үзүүлж болно. 34 хувиа хямдхан өгчихвөл бидэнд бас эрсдэлтэй. Нэгдүгээрт, дэлхийн зэсийн хэрэглээ нэмэгдэж байна. Талыг нь хятад улс хэрэглэж байна. Үнэ цэнэ нь улам өснө. Хөрөнгө оруулалт нь өндөр болчихсон учраас 34 хувиасаа хэзээ ч ашиг авахгүй гэж байгаа тохиолдолд өгчихөж болно. Гэхдээ тэгж үнэхээр нэмэгдэж байна уу гэдэг үндэслэлийг бид маш өндөр түвшинд батлах хэрэгтэй. Батлаад бууруулж чадвал 34 хувиа авч үлдэх нь ашигтай. Энэ ажлыг Засгийн газар нь манлайлаад мэргэжлийн хүмүүсийг томилоод хийлгэх ёстой. Цаанаас нь ТЭЗҮ яриад бид наанаас нь улс төр яриад байхаар амжилтад хүрэхгүй.

-Монголд ашигтай болгох ямар хувилбарууд байна?

-Үндэслэл гаргаж ирээд, улстөрчид зайгаа аваад мэргэжлийн хүмүүсийг оруулах хэрэгтэй. Хууль шүүхийн хөшүүрэг байж болно. Татварын маргаантай хоёр асуудал байгаа. Үүнийг хөрөнгө оруулагч талаас хүлээн зөвшөөрөхгүй Арбитарт хандчихсан. Бидний хувьд ялагдчих вий гэж айх хэрэггүй. Тултал нь явах хэрэгтэй. Ялах юм бол их хэмжээний татвар авна. Нөгөө талын хулхи нь бууна. Хөрөнгө оруулагчдыг үргээх гэж байна гэж бодох хэрэггүй юм. Татвар гэрээ цуцлахад ямар ч хамаагүй. Татвараа төлөөгүй бол Монголын хуулиар торгуулиа төлнө. Татвараа төлчихсөн байхад нэхэмжлэх гаргасан бол түүнтэй холбоотой зардлыг бид төлнө. Гэрээнд өөрчлөлт орохгүй. Өнгөрсөн жил өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг авлига албан тушаалын хэргээр хорилоо. Ерөнхийдөө олон нийтэд эдгээр хүмүүс Рио тинтогоос авлига авсан гэсэн мессэж өгөөд байдаг. Тэр компани хэдэн төгрөгийн авлига өгсөн гэх зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар холбоотой учраас яаж ийгээд холбогдох зүйлийг нь олоод суулга гэх даалгавар юм шиг харагддаг. Дан байдлаар авлига албан тушаалын хэрэг гаргаж ирээд суулгачихсан. Тэрнээс Рио Тинтогоос хэдэн төгрөгийн авлига авсан гэх зүйл нэг ч байхгүй. Аль нэг тохиолдолд Рио Тинто авлигатай холбогдсон нь батлагдчихвал өөрөөр ярьж болно. Бидэнд хүслийн нэлээд жагсаалт бий. 34 хувийг 10 хувь хүртэл АМНАТ болгох, удирдлагын баг үйл ажиллагаанд нэвт орох, анх өөрийнхөө зээлээр авсан 6.5 хувийг бууруулах, хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хэмжээний орлогын албан татвараас чөлөөлнө гэсэн заалтыг алга болгох. Энэ бүхэн тоон дээр суурилж хэлэлцээр хийх ёстой учраас ХҮН анхны санхүүгийн загварыг гаргасан гэж ойлгож болно.

Categories
мэдээ цаг-үе

Хөл хорионы үеэр нийслэлийн өрх бүрийн 1 гишүүнийг шинжилгээнд хамруулна

Хоёрдугаар сарын 11-нээс эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх буюу хөл хорио тогтоохоор болсон. Энэ хугацаанд 411,420 өрх бүрийн нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Мөн нийгмийн халамж шаардлагатай 21,000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ.

Хөл хорионы хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулахтай холбогдуулан УОК-ын дарга , Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийж, энэ хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэл, хорио цээрийн үед гудамж талбайн хэв журмыг сахиулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Хамгийн гол нь иргэдэд шинжилгээнд хамрагдах өдөр, цагийг мэдэгдэж, идэвхтэй хамруулахыг анхаарууллаа. Мөн нийслэлд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэдийг ч энэхүү шинжилгээнд заавал хамруулах бөгөөд, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, бага насны хүүхэд асаргаа хамгаалалтгүй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг сануулсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох цаг-үе

Энэ 7 хоногийн теле хичээлийн хуваарь

Энэ долоо хоног буюу 2021 оны хоёрдугаар сарын 08-12-ны теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Үүнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсролын теле хичээлүүд багтсан байгаа билээ.

Теле хичээлийн хуваарийг econtent.edu.mnсайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг боллоо. Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын интерактив хичээлийг ЭНД дарж хийх боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нацагдорж: Шинэ жил гарч байгаа учраас монголчууд нийтээр сайн ерөөл талбих хэрэгтэй

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, хүний гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.


-Цагаан сар дөхөж байгаа учраас үхэр жилийн өнгийг манай уншигчдад хэлж өгнө үү. Хэн, юуг анхаарвал зохилтой вэ?

-XVII жарны “цөөвөр” хэмээх цагаагчин (төмөр) үхэр жил гарч байна. Зурхайн ерөнхий байдлыг харахад хаврын сардаа жаахан цас, шуургатай байгаа. Зуны улиралдаа зарим газраар хуурайшилтай мөртлөө зарим газраар үер буух, гантай маягтай байна. Өвөлдөө эрт цас орох маягтай. Монголчууд байгаль ертөнцийн уялдаа холбоог бодоод, орон хийдийн лам нарынхаа номын хүч чадлыг ашиглан, нутаг нутагтаа ган гачиггүй, зуд турхангүй сайхан байлгах талаас нь хавраас эхлээд сайн ном уншуулах ажил байна. Үүнийг орон нутаг нь ч лам нар нь ч анхаарна биз ээ. Байгалийн сөрөг үр дагавруудыг засах боломжтой судар болоод тарнийн арга чарга зөндөө байдаг. Үүнд анхаарвал сайхан болно гэж бодож байна. Шинэ он гарч байгаа учраас монголчууд нийтээр сайн ерөөл талбих хэрэгтэй. Бүгдээрээ энэ жил амар амгалантай байгаасай, өвчин зовлонгүй байгаасай, байгалийн сөрөг үр дагаврууд арилах болтугай гэж дор бүрдээ залбирч, даатгах учиртай.

Хүмүүсийн тухайд анхаарууштай зүйлүүд байна. Хүүхэд мэндлэхэд заавал ном уншуулдаг ёсыг авч явах хэрэгтэй. Түүнээс гадна яс тасрахын гүймэг гэж хэцүү гүймэг бий. Тэр нь могой жилтэй ес, 21, 33-тай могой бас гүймэг таарч, мөчлөг орж байгаа 45, 57, 69, 81-тэй хүмүүс яс тасрахын гүймэг засуулах хэрэгцээтэй. Гүймэг олон янз байдаг юм. Гэхдээ энэ дотор хамгийн аюултай нь энэ. Ялангуяа 21-тэй эрэгтэй хүүхдүүд гол горхи, далай тэнгисийн усанд орохыг хоримоор байна. Энэ насны эмэгтэй хүүхдүүд ч өндрөөс унах, гэмтэх бэртэхээс сэргийлээрэй. Номтой лам нараас асууж байгаад засал хийлгэх нь зөв. Хонь жилтэй хүмүүст их долоогийн харш таарч байгаа. Засал хийлгэхгүй байж байгаад олон юманд өртдөг шүү. Гүймэг болон дүнсэр таарч байгаа улсууд бололцоотой бол сайн сахиус хийлгэж зүүх хэрэгтэй. Жил орж, мэнгэ голлож байгаа хүмүүс жил, мэнгэний заслуудыг сайн хийлгээрэй. Жил орж байгаа хүмүүс Говийн Лха сайн тахиулах ёстой юм билээ. Цаг тооны бичиг дээр байгаа. Амь нас, биений зурхай, сүлд харласан бол түүнийгээ сайн засуулаарай. Төмөр суудалтай хүмүүс анхаараарай. Осол, хэл ам, хулгайд юмаа алдах нигууртай шүү. Эрхтний зурхай харлаж гарвал Алтангэрэлийн даллага авахуулж, Алтангэрэл уншуулах хэрэгтэй. Яс тасрахын үүд, Үгүйрлийн үүд гээд зурхайн хэмнэлүүд гарч ирдэг. Түүнийгээ сайн засуулах учиртай. Огторгуй суудал хүний зүрх, судасны үйл ажиллагаанд асар их нөлөөтэй шүү. Үүнийг сайн бодоод заслуудаа сайн хийлгээрэй. Надад олон хүн ханддаг, зурхайн сөрөг хэмнэлтэй хүмүүс их өвдсөн байдаг. Олон жил хүний жаргал, зовлонг хуваалцаж ирсэн хүний хувьд энэ бүхэн хүний амьдралд нөлөөлдөг юм байна гэдгийг тов тодорхой мэдэж байна. Ном уншуулж байна гээд ном бичүүлчихээд алга болчихдог. Өөрсдөө сууж байгаад, ач холбогдол өгөөд уншуулчихмаар байх юм. Орон хийдийн лам нар ч өргөл айлтгал хийж байгаа улсуудын номыг ёсчилон уншиж өгөх ёстой. Хүний өргөл барьц авчихаад, ном уншихгүй бол гортдог шүү, номын өрөнд орно. Аль аль талдаа хариуцлагаа хүлээж явбал зохилтой.

Ер нь жаахан хямрал байгаа шүү. Халдварт өвчний байдал бас жаахан онцгүй л байгаа. Ялангуяа үхэр жилд зүрх судас, тархи толгой, уушги, амьсгалын замын өвчтэй хүмүүс үзүүлж харуулж урьдчилан сэргийлэхэд анхаармаар байгаа юм. Бөөр, эмэгтэйчүүдийн талын өвчтэй хүмүүс энэ жилдээ сайн анхаарах шаардлагатай.

-Уламжлалт анагаах ухааны сударт “Цөвүүн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд Замбуутивийн дөрөвний нэг нь хоосрох болно. Тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал” хэмээн айлдсан тухай танай сайтаас уншлаа. Цөвүүн цаг гэдгийг хэзээ гэж ойлгох вэ?

-Ном үзэж байхад Бурхан багшийн үеэс хойш 1500 жилийн дараагаас цөвүүн цагийн ёр тэмдэг ихэсч байгаа гэх юм билээ. Цөвүүн цагийн таван ёр гэж байдаг. Бодит юмыг үгүйсгэдэг эрин цаг ирнэ гэж байгаа юм. Сэтгэл санаа, итгэлийн болоод, явдал мөр нь буруудна гэж байгаа юм. Хэл ярианы байдал бүгд өөрчлөгдөнө. Одоо бид нарт тэр нь яваад л байна. Хүмүүс буруу юм их ярьж байна. Нэгийгээ гүтгэж доромжилж байна. Би юу гэж хэлсэн ч яадаг юм гэх байдлууд чинь нийлсээр байгаад нийгэмд нөлөөлдөг юм байна. Бие, хэл, сэтгэлээ захирч явах цаг ирсэн байна. Түүнээс гадна гал ус, ган гачгийн аюул ихэднэ гэж байгаа юм. Хүмүүсийн насанд их цөвтэй болж эхэлж байгаа юм. Буяны төрөл олсон мөртлөө буян хийхээ болихоор сөрөг үр дагавар гарч ирдэг. Хүмүүсийн буян доройтож эхэлнэ. Буянаасаа илүү нүгэл хийх нь их цаг үе ирж байгаа юм. Гэх мэт зүйлүүдийг цөвүүн цагт хамруулж авч үзсэн байдаг. Гэтэл одоо бид хоорондоо хямралдан, тэрсэлдэж, гэр бүл байгууллага хамт олон, төр улс нь ч хямраад байгаа юм. Монголчууд маань өв уламжлалаа дагаж, миний хийж байгаа үйлээс болоод олон хүн лус савдгийн хорлол болчих вий гэж анхаарч явах цаг нь ирсэн байна.

-Коронавирус хүн төрөлхтөнд сануулга дохио өгч байна гэж хүмүүс ярьж байгаа. Коронавирус эцсийнх биш гэж мэргэжилтнүүд ч сануулж байна. Энэ бүхэн хүмүүсийн үйлийн үрийн хариу юм болов уу. Буддын шашны үүднээс яаж тайлбарлах вэ?

-Цөвүүн цагт халдварт өвчин аюул үүсгэнэ гэдгийг Манал бурхны сударт айлдсан. Цагаан шүхэрт, Ногоон дарь эхийн сударт бий. Гэх мэт олон судар номуудад цөвүүн цагт халдварт өвчин, ад тотгорын өвчин нүүрлэх тухай өгүүлсэн байдаг. Хүн төрөлхтний буруу үйл ажиллагаанаас бас болоод байгаа юм. Онгон байгаль хомсдож байна. Газар доорх, дээрх юмсыг авч ашиглахад хүнээр бол маш олон судас шөрмөсийг нь таслаад байгаа юм. Ингэхэд байгалийг хардаг лус савдгууд бидэнд уурлаж, өшөө авч байгаа юм. Эргүүлээд өөрсдийнхөө хүч чадлыг хүмүүст харуулж байгаа хэрэг. Өмхий самхай үнэр танар хог ихээр бий болгож, байгалийг зүй зохисгүй ашиглаж байгаа нь эргээд бидэнд сөргөөр нөлөөлж байна. Байгалиа улам л устгаад байвал хүн төрөлхтөн хичнээн хөгжсөн ч байгаль дэлхий нэг л өдөр энэ бүхнийг арчаад хаях юм шиг байна лээ. Эдийн засаг хөгжсөн мундаг орнууд ч гал түймрээ унтрааж чадахгүй өчнөөн удаан хугацаанд гал дунд л байлаа шүү дээ. Яг үнэн чанартаа бид байгальдаа л дийлдэнэ. Ган гачиг, үер ус асар олон асуудлууд нүүрлэнэ. Энэ бүхэн хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдэг. Сэтгэлийн үйл ч энд нөлөөлдөг. Эрдэнэт хүний төрлийг олчихоод буяны төрлөөр явахгүй, бузар нүгэл үйлдээд байна шүү гэсэн үг. Хэдэн жилийн өмнө ДЭМБ-аас халдварт өвчний асуудал анхаарал татна гэдгийг сануулсан шүү дээ. Манал бурхны айлдсан, ДЭМБ-ын санамж давхцаж ирж байгаа юм. Халдварт өвчин дэлхий даяар тархаад, хүн төрөлхтөн айдастай амьдарч байна. Маш их хохирол үзэж байна. Хүн болгон өөрийнхөөрөө тайван амгалан амьдарч чадахгүйд хүрч байна. Монголчуудын хувьд маш их бухимдалтай, эдийн засгийн болоод сэтгэл санааны хохиролтой жил өнгөрч байна. Үүнийг даван туулахад бурхны шашны лам хуврагуудын хүч оролцоо их байх учиртай юм. Халдварт муухай өвчнийг анагааж эдгээдэг, үргээж хөөдөг, урьдчилан сэргийлэх номыг нь уг нь уншуулмаар байтал харин тэр бурхан шашныхаа бүх хурлыг нь хааж байна шүү дээ.

-Манба дацангийн эмч нар коронавирусийг эмчлэхээр Цэргийн госпитальд баг болж орсон гэж сонссон. Монголчууд коронавирусийг анагаах, судлах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах учиртай. Тэр тусмаа уламжлалт анагаах ухааны эмчилгээ коронавирусийг эмчлэхэд ямар нөлөө үзүүлж байгаа нь чухал. Эхний үр дүн гарч байгаа юу?

– Уламжлалт анагаах ухаан маш том анагаах ухаан шүү. Уламжлалт анагаах ухаан монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд зориулагдсан. Би гадаадад явж, олон хүн эмчилж байлаа. Өөрийнхөө эм танг авч очоод эмчлэхэд эдгэдэг л байхгүй юу. Бид харин эртхэн орох байсан юм. Хойш нь татсаар байгаад, сая нэлээд хөөцөлдсөний үр дүнд арваннэгдүгээр сард зөвшөөрөл гарч байгаа юм. Одоо цэргийн госпиталь руу орсон. Хэдэн хүн эмчлүүлж байна. Эмчилгээ дөнгөж эхэлж байна.

Эхний шинжилгээгээр тэр хүмүүсийн байдал сайжирч байгаа. Нэг хүн хоёр уушгиндаа нэвчдэстэй, дагалдах өвчтэй, хүнд байсан. Одоо бол халуунгүй болсон, сайжирч байна. Тэнд эмчлүүлж байгаа хүмүүс алхам алхмаар сайжраад л байна. Үнэндээ Манба дацан, миний бие эмч нарын багаа оруулъя гэж зүтгэж байж орууллаа. Одоо харин Засгийн газар анхааралдаа авах байлгүй дээ. Сар гаруйн хугацаанд эм танг нь үнэгүй өгөөд, эмч нарынхаа цалинг манайх гаргаад явж байна. Өмнө нь хоёр эмч, сая хоёр эмч нийтдээ дөрвөн эмч дараа дараагаараа орж ажиллаж байна. Энэ байдал дээр үзэхэд үр дүн мэдээж өгнө. Уламжлалт анагаах ухааны эм танг ууснаар дагалдах урхаггүй бүрэн гүйцэд эмчлэгдэнэ гэдгийг ард түмэндээ хэлэх нь зөв байх.

-Урд хөршийнхөн ч коронавирусийг эмчлэхдээ уламжлалт эмчилгээ, эм тан ашиглаж байгаа гэдгээ эхнээсээ мэдээлж байсан. Бусад улсууд энэ эмчилгээнд дорнын анагаах ухааныг хэр ашиглав, тэдний гаргасан эмчилгээний арга, судалгаа та бүхнийхтэй дүйж байх юм уу?

-Бид нэг юмыг л ойлгох хэрэгтэй. Хятадууд бол уламжлалт анагаах ухааны эм тангаа дийлэнх нь ууж ирсэн. Одоо ч уудаг. Тийм учраас ковидыг эмчлэхэд шууд уламжлалтынхнаа оруулсан. Манайх бол 100 жил энэ анагаах ухаанаа муулж, эсрэг явж ирсэн ард түмэн шүү. Тэгээд оруулахгүй байсан юм. Ард түмэн нь хүлээж авахгүй, хоёрдугаарт төр засгийн шийдвэр гаргагчид нь эргэлзэж ханддаг. Уг нь бид гаднаас юм хайгаад байх ард түмэн биш шүү дээ. Одоо харин уламжлалтын эмч нарыг түүчээлж, зам гаргалаа. Цаашдаа эрүүл мэндийн салбар нь ойлгоод, хүмүүсээ бүрэн эдгээхэд авч хэрэглээсэй гэж бодож байна.

Хятадууд коронавирусийг эмчлэхдээ уламжлалт анагаах ухаанаа оролцуулаад, судалгаа хийгээд, дэлхийд цацсан. Тайвань, Тайланд, Вьетнам уламжлалт анагаах ухаанаа хэрэглэж, үр дүн гаргаад, судалгаануудаа дэлхийд зарлаад явж байна. Нэгэнт бид эмчилгээ хийж эхэлсэн болохоор судалгаа хийж, үр дүнг нь танилцуулах боломж гарна гэж найдаж байна.

-Манба дацан олон улсын стандарт шаардлага хангасан шинэ эмийн үйлдвэртэй болно гэж байсан. Энэ үйлдвэрээ ашиглалтад оруулж амжсан уу, ер нь эмийн нөөц хэр байгаа вэ?

-Манба дацан 30 жил ажиллаж байгаа эмийн үйлдвэр. 180 орчим эмийг улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн, тусгай зөвшөөрөлтэй эмүүдээр иргэддээ үйлчилж байгаа. Энэ жил тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн. Шинэ эмийн үйлдвэр хөл хорионоос болоод хойшилсон. Бэлтгэл хангаад явж байна.

-Танайхан халдварт нянгаас сэргийлэх “Очир” сахиусыг тусгай тарни, зан үйл, бясалгалын аргаар гаргаж авсан гэсэн. Сахиус, эм тан захиалбал хүргэлтээр авах боломж байдаг уу?

-Хүргэнэ гэхэд хэцүү. Олон тоогоор хийхэд цаг хугацаа орно, хүн хүч шаардана. Арав гаруй жилийн өмнө би хар үрэл хийж, хүн амьтанд өгөөд, олон хүнд тусалж байлаа. Нийтэд хэлээдэхсэн чинь урдаас зарим нь ус цацаад байхаар нь нэг хэсэг больсон. Тэгтэл бас яая даа гэсэн хүмүүс байна. Үнэхээр хэрэглэчихье гэсэн хүмүүст бага багаар хийж өгч л байна. Ойр зуурын хэрэгцээндээ зориулаад ковидын эсрэг хоёр янзын утлага гаргасан. Тэр бол халдварт өвчин, ад тотгорын муу нөлөөг ариусгаж, хамгаалдаг. Ажилтнууддаа өгсөн, гэр орон үр хүүхдээ ариулж бай гэсэн. Нарийн шүн, орц норм, онолтой. Тарни номыг нь уншиж хүчин чадлыг нь нэмдэг аргачлал бий. Бид бас халдварт өвчнөөс хамгаалдаг тарни гаргаж өгсөн. Саяхан надад нэг хүн хэлж байна лээ. “Та Маналын тарнийг сайн уншиж бай гэдэг. Би ковид тусаад цаг болгон Маналын тарни тооллоо. Цай, ус руугаа үлээгээд, хамар амаа зайлж уугаад байсан чинь цуг орсон хүмүүсээсээ хамгийн түрүүнд эдгээд гарчихлаа шүү. Энэ чинь их тустай юм байна шүү” гэж утсаар ярьсан. Монголчууддаа та нар маань тарни уншаарай. Өөд өөдөөсөө харж суугаад засал номоо хийлгээрэй гэж хэлье. Тусгай утлага нь олдвол түүгээрээ ариулаад яваарай. Хамар ам цэвэрлээд явах эмчилгээний тангууд байна. Бид түүгээр хүмүүсийн ам хамрыг зайлуулж байгаа. Энэ их үр дүнтэй гэдгийг хараад л байгаа юм. Энэ халдварт өвчин цаанаа ад тотгорын хорлолтой шүү. Шөнө орой битгий их яв. Ажил руугаа яваад, халдвар хамгааллын дэглэмээ бариад, гадуур их явахгүй, олны дунд орохгүй, архи дарс уухгүй, дахиад хэдэн сар тэвчье л дээ. Хэсэг хугацааны дараа вакцин ороод ирнэ биз. Энэ муухай өвчнөөс салаад, үхэр жилдээ амар амгаланг эдэлье. Бүгдээрээ нурууны ачаа, сэтгэлийнхээ ачааг аваад хаячихмаар л байна шүү дээ.

-Хүмүүс гэртээ байгаа болохоор жин нэмэх асуудал болоод байна л даа. Олон хүн 108 удаа мөргөж байна. Үр дүнг нь ч мэдэрч эхэлсэн байх. Жингээ барих асуудлаар та юу зөвлөх вэ?

-Хуучин мартагдсан юм шинэ юм байдаг гэдэг. Олон жилийн өмнө Манба дацангаас мөргөлийг ард түмний хүртээл болговол буянтай юм даа гээд мөргөлийн талаар ярьж эхэлсэн л дээ. Г.Одонцэцэг доктор хүмүүст таниулаад, одоо мөргөл олны дунд гадаад дотоодгүй түглээ. Солонгосууд хүртэл монголчуудад мөргөл зааж байна гэсэн шүү (инээв). 108 мөргөх нь зөвхөн жин хасахаас гадна эрүүл амьдрахын нэг хэлбэр шүү. Мөргөлөө сайхан хийж байх хэрэгтэй байна. Жингээ барихын тулд бас хоол ундандаа анхаараарай. Замбараагүй их юм идэх хэрэггүй. Олон юм холих хэрэггүй. Дарсан, нөөшилсөн хүнс байнга хэрэглэх нь тусгүй байна. Би бол монгол маягаараа л хооллодог хүн шүү.

-Та юу идэж байна?

-Шөлтэй хоол, монголчуудын гэртээ хийж иддэг энгийн хоолнуудыг л иддэг. Бага иддэг хүн л дээ. Хоолондоо анхаарч бас ус их уудгаа болих хэрэгтэй. Ус их уухаар ходоодны галын илчийг дардаг юм. Таргалалт гэдэг ходоод чинь ачааллаа дийлэхээ байлаа гэдэг шинж тэмдэг шүү. Ходоодны галын илч муудсан гэсэн үг. Хоолоо зөв тохируулаад, мөргөл хийж байгаа тохиолдолд ходоодны галын илч сайжруулдаг монгол эм тангууд бий. Тэрийг уугаад эрүүлжиж болно. Манай эрүүл мэндийн салбарынхан уламжлалт анагаах ухааны эрүүл орших ухааныг ард түмэндээ зааж, халдварт, халдварт бус өвчнөө төгс эдгээж байвал дараа дараагийн өвчний зовлон гарахгүй. Тэгэхгүй хүчтэй антибиотикоор дараад, нөгөөдөх нь архагшиж, дараагийн эрхтэнд нөлөөлөөд байна. Ерээд оноос өмнө ийм олон хүн өвддөггүй байсан юм шүү. Үүний эх үүсвэр нь хоол унд. Ялангуяа эрэгтэй, эмэгтэйгүй архи ууж байна. Өөрсдийгөө хорлож байна. Хүн эрүүл байх эсэх нь өөрөөс нь хамгийн их шалтгаална. Үхэл нь ирсэн бол мянган бурхан хүрээлсэн ч дийлдэггүй юм шүү.

-Дашрамд нэг зүйл сонирхъё. Таныг олж уулзах амаргүй байдаг. Байнга л хүн үзэж байдаг. Танд өөрийгөө хамгаалах өвөрмөц арга байдаг уу?

-Түрүүн хэлсэн халдвараас хамгаалдаг утлага хэрэглэдэг. Утдаг, зүүдэг хоёр хэлбэртэй. Түүнийгээ зүүсэн. Хоёрт нь би тэр уугиулдаг юмыг сайн уугиулдаг. Гуравт нь өдөр тутам тарни номоо уншина. Бурхан Гончигсүмтэй хамтдаа буян номынхоо ажлыг хийгээд, өвдчихгүй юмсан гэж залбирч явдаг. Түүнийгээ дагаад гайгүй л байна шүү дээ, хөөрхий.

-Хамаг амьтан халдвартай газраас холхон байхыг хичээж байхад та л “Фронтод явах өргөдөл” гэдэг киноны баатар шиг дайны талбар руу, тэргүүн шугам руу зүтгээд байдаг. Уламжлалтын эмч нар, лам хуврагууд олон байдаг ч тан шиг коронавирустэй хүн эмчилье гэж зүтгэж байгаа нь дуулдаагүй. Юу таныг зоригжуулдаг вэ?

-Би уламжлалтын эмч нартаа итгэл найдвар өгч байгаа гэж бодож байна. Зоригоос гадна надад мэдлэг байгаа юм. Үзсэн ном мэдлэгтээ итгэлтэй байна. Элэгний вирусээс авахуулаад олон вирустэй хүн эмчилж байсан. Ер нь уламжлалтын эмч нар бодисадваагийн явдалтай. Бодисадваа нар хаана зовлон байна тэр рүү оръё л гэдэг. Амьтны тусын тулд явж байгаад амиа алдсан ч буян болно гэж боддог юм. Бодисадвагийн сэтгэл намайг гижигдээд байгаа хэрэг. “Амьтанд тус болооч дээ” гэсэн багш нарын, бурхадын зарлиг байна. Гайхалтай олон ном үзсэн. Би уг нь өөрөө оръё гэсэн чинь 55 наснаас дээш гарсан байна гээд татгалзсан. Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлд ажилладаг учраас зөвлөх ажлаа хий гэсэн. Гэсэн ч эмч нартайгаа холбоотой байна. Заримдаа шөнө хоёр цагт эмч нартайгаа ярьж байна. Зарим өвчтөнтэй холбогддог. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж үг бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай

“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.


-Эдийн засагч хүний хувьд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн хямрал, цар тахлын нөхцөл байдал хавсарч манай улсын эдийн засагт хүндрэл учруулаад байна. Дээрээс нь экспортын нөхцөл байдал тааламжгүй болж ирж байна. Импортын бараа бүтээгдэхүүн тодорхой хүрээнд хязгаарлагдмал болж ирсэн. Бусад улс оронд ч цар тахал үүссэнтэй холбоотойгоор эдийн засгийн хүндрэл үүсч байна. Цар тахлын асуудалд эдийн засгийн шийдлүүд шиг арга механизм хэрэглээд шууд тогтворжуулчихдаггүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж, энэ нь эдийн засагт аюул авчирч байна. Хорио цээртэй холбоотойгоор өдөр ирэх тусам л эдийн засаг агшиж байна.

Манай эдийн засаг хэврэг, бид импортоос хамааралтай, орж ирсэн орлогоо тухайн жилдээ алдагдалтай зарцуулаад дуусчихдаг. Тиймдээ ч хуримтлалгүй улс, айл өрхөд энэ хорио цээрийн дэглэм маш хүнд тусаад байгаа юм. Аж ахуйн нэгж, айл өрхүүдийн амьдрал улам л зогсонги байдал руу орж эхэлж байна. Энэ байдлаас гаргах шийдлүүдийг хараад байхад цаг үе, нөхцөл байдлаа мэдэрсэн, хөрөнгө санхүүгээ зөв оновчтой хуваарилсан шийдвэрүүд үнэндээ харагдахгүй байна. Хорио цээр нь тахлаа хумих бус эдийн засгаа улам л унагахад хүргэж байгаа. Ядуурлын хэмжээ 30-аад хувьтай байсан бол өнөөдөр 50 гаруй хувь болж өссөн. Нийт хүн амын 50 хувь нь өнөөдөр хоногийн хоолоо яая даа гэж байна гэсэн үг. Энэ байдлаараа иргэд утга учиргүй, тооцоололгүй хорио цээрийг давахад үнэндээ бэрх.

-Одоо тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг вэ?

-Төр засгийн зүгээс шийдвэртэй бодлого л хэрэгтэй байна. Цар тахалтай зэрэгцээд хэтэрхий улстөржөөд байна уу гэсэн зүйл л ажиглагдаж байгаа.

-Хөл хориог суллавал эдийн засаг сэргэчих нь гээд байгаа.

-Хөл хориог цуцалснаар эдийн засаг сайжирна гэсэн буруу ойлголтыг их түгээж байгаа. Богино, дунд, урт хугацааны тодорхой хэмжээ авах хэрэгтэй. Орлогогүй, хоол хүнсгүй болсон иргэдээ, ажлын байраа алдаад байгаа хувийн секторуудаа яаж хамгаалах вэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Энэ бүхэнд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Бидэнд боломж бий.

-Энэ оны төсвийг дотоодод цар тахал алдагдахаас өмнө баталсан. Энэ ч утгаараа цар тахлын нөхцөл байдалд чиглэсэн төсөв болж чадаагүй. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байдалд орчихсон юм чинь төсвөө тодотгочихож болдоггүй юм уу?

-Би төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шинжлэх ухаанч байдлаасаа төсөв зохиох төлөвлөлт, хэлэлцүүлэг, батлах горим зэрэгт ямар агуулга байх ёстой яг түүгээрээ байсангүй. Хэтэрхий улстөржсөн төсөв зохиосон. Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд хэт өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх сан, ашиггүй төрийн өмчит компанийг санхүүжүүлэх хэрэгсэл болсон. 2021 оны төсөв ч ийм байсан. Үндсэн чиг үүрэг алдагдсан. Тухайлбал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эрэмбэлэх ёстой байтал хэтэрхий үрэлгэн төсвийг баталсан. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг мэдэрч болохуйц хэмжээнд байсан шүү дээ.

Цар тахал бидэнд дохио өгчихсөн байсан. Тийм байхад л тайван цагт зориулсан төсөв болсон. 2020 оныхоо төсвийг тэр чигт нь хуулбарлаж, ард олныхоо амьдралд, ажлын байрыг дэмжихэд дэм болох бус ашиггүй барилга байшинд зориулсан л төсөв болсон. Эдийн засгийн шийдэлд бус тодорхой эрх ямба, албан тушаалтанд зориулагдсан төсөв болсон гэсэн үг. Төсөв батлахдаа хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих ёстой байсан ч чадаагүй.

Хоёрдугаарт, төсөв батлахдаа эдийн засгийн гадаад, дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судалж түүнд үндэслэх ёстой. Гадаад өр, цар тахлаас үүдсэн эдийн засгийн агшилт зэргийг харгалзан үзэж байж төсвөө хийх ёстой байлаа.

Гуравдугаарт, нийгэм эдийн засгийн харилцаан дахь асуудлыг эрэмбэлээгүй. Соёлын төвийн байшин, барилга хөшөө дурсгал зэрэг нь тулгамдсан хэрэгцээтэй зүйл биш шүү дээ. Эрэмбэлээд үзвэл 10, 20 дугаарт очих байх. Хэрэгцээт бус зүйлийг улс төрийн ашиг сонирхол, амлалтдаа үндэслээд нэгдүгээрт зүтгүүлж байгаа нь төсвийн болж бүтэхгүй зүйлийн нэг юм. Үүнийг анхаарах ёстой байсан. Дөрөвдүгээрт, төсвийг үр ашигтай орлого олох зүйлд чиглүүлэх ёстой байдаг. Бусад улс орны жишиг ч ийм байдаг. Төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барих хэрэгтэй.

Энэ нь дунд, урт хугацаандаа эргээд төсвөө тэтгэх хэрэгсэл болдог. Дээрээс нь Засгийн газар, Монголбанк хоорондын мөнгө санхүүгийн бодлогын уялдаа, залгамж байдал байхгүй. Өр, ханш, үнийн өсөлт зэргээ тооцоололгүйгээр төсөв хийгээд байна л даа.

-Төсөвт тодотгол хийх өөр ямар шалтгаан байна вэ?

-Монгол Улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Монгол Улсын өр 2010 онд л гэхэд 5.9 тэрбум ам.доллар байсан. 2015 онд 21.8 тэрбум ам.доллар болсон. 2019 онд 29.8 тэрбум ам.доллар хүрсэн бол өнөөдөр 30 тэрбум ам.долларыг давчихсан явж байна. Өрийн асуудал бидэнд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд бондын өрийг дарлаа л гээд байгаа. Үнэндээ өрийг зээлээр л хааж байгаа үзэгдэл юм. Жишээ нь, Хөгжлийн банкны бондыг Хуралдай, Чингис, Димсам бондуудыг Гэрэгэ, Мазаалай бондыг Номад бондоор тус тус хаасан. Энэ бол өр төлөлт биш. Өрийг хааж байгаа л асуудал. Бид 2022 онд л гэхэд Чингис бондын нэг тэрбум ам.долларын, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өрийг төлөх шаардлагатай. Үүн дээр нэмэгдээд жижиг өрүүд ч бий. Бид жижиг байшин барилга, улс төрийн сонгуулийн зорилттой зүйлүүдэд мөнгө өгч байхын оронд энэ өрийг хаах орлого олох зүйлд төсвөө хуваарилж чиглүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн цар тахлын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэтэрхий туйлширсан, хааж боосон, эдийн засгаа хэтэрхий хүнд байдал руу түлхсэн байдалтай байна. Өнөөдөр өдрийн хоолоо аргацаах гэж ядаж байгаа олон өрх айл, орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд хэдэн арван мянгаараа байна. Нэгэнт л цар тахал гарч цаг үеийн нөхцөл байдал ийм байгаагаас хойш төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй.

-Тэгвэл төсөвт тодотгол хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд яах ёстой вэ?

-Төсөвт тодотгол хийхдээ үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ урт хугацааны бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна. Ийм боломж төсөвт бий. Зээлийн хүүг бууруулах замаар мөнгөний бодлогоороо дамжуулаад хийх боломж бидэнд бий. Бид огт байхгүй боломжгүй зүйлийн талаар яриагүй. Хамгийн гол нь дотоод нөөц боломж нь байгаа учраас цаг алдалгүйгээр хувийн сектороо хамгаалах, ажлын байраа хадгалах тал дээр анхаарах шаардлагатай. Орж ирж байгаа орлогыг улс төрийн хэлбэрээр, үрэлгэн байдлаар зарцуулдгаа одоо болих хэрэгтэй. Нийлүүлэлтээ зөв онилох ёстой. Нийлүүлэлтээрээ дамжуулаад эрэлтээ дэмжих хэрэгцээтэй байна.

Ер нь бусад улс оронд ч аж ахуйн нэгжүүддээ буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Бага хүүтэй зээлийн эх үүсвэрүүдээр хангаж байна. Манай улсад энэ тал дээр бодлогын алхмууд огт хийгдээгүй. Энэ чиглэлийн бодлогуудыг хийхгүй бол бидэнд эрэлт талд байсан боломжууд үндсэндээ байхгүй болж байна. Үндсэндээ бараа бүтээгдэхүүний хомсдолтой, үйлдвэрлэл зогсчих ийм үед шууд бэлэн мөнгө тараагаад эхлэх юм бол үнийн хөөрөгдлийг бий болгоно. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээрээ дамжуулж, тэдгээрийг санхүүгийн хямд эх үүсвэрээр дэмжих арга хэлбэрээр эдийн засгаа босгох хэрэгтэй. Энэ бол дунд, урт хугацааны арга хэмжээ. Богино хугацаанд энэ аргыг хэрэглэх гэхээр мөн л боломжгүй болоод эхэлчихлээ шүү дээ. Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд ч тэсэхэд хэцүү болж байна. Шийдэл гаргахгүй л бол байдал улам дордож байна шүү.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин гахай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 8. Сумъяа гариг. Билгийн тооллын 27, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:10 цагт мандан 18:03 цагт жаргана. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Хур тунадас: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 23-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн үү?​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монгол Улсын
Ерөнхийлөгч асан П.Очирбат “Оюу толгойн
гэрээнд өөрчлөх зүйл цөөнгүй
бий. Гэхдээ цуцалж болохгүй” хэмээн I-V нүүрт өгүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Дунд шатны ажилтны
хариуцлагагүй байдлаас болж Засгийн
газар огцорсон анхны тохиолдол болсон” гэв.

“Зууны мэдээ ”
сонины тоймч, зурагчин Д.Цэрэннадмид “Сэтгүүлч мэргэжлээр 40
гаруй жил ажиллахдаа үзэг, аппарат хоёроо
хослуулж олон ч үйл явдлыг сурвалжиллаа” хэмээснийг I-XIII нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн үү?” хэмээн өгүүллээ.

Хууль зүйн ухааны
доктор, профессор Ц.Цэлмэг “Шүүх гагцхүү хуульд
захирагдаж хараат бусаар
үндэслэлтэй шийдвэр гаргах учиртай” гэлээ.

“Завханы” хэмээн
овоглогддог дуучин, гавьяат жүжигчин С.Батсүх Сар
шинийн босгон дээр Ардын
жүжигчин цол тэмдгээр
энгэрээ мялаалаа. Эрхэм
алдрыг хүртсэн түүнтэй
ярилцлаа. С.Батсүх “Монголын
сайхан ард түмэнтэйгээ
энэ орчлонгийн вирусийг
арилтал сайхан дуулмаар
санагдаж байна даа” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Мьянмар “Спутник V” вакциныг бүртгэжээ

ОХУ-ын “Спутник V” коронавирусний вакциныг Мьянмарт бүртгэлээ гэж “Спутник V” вакцины “Twitter” хуудас мэдээлжээ. Ийнхүү Мьянмар уг вакциныг бүртгэсэн 21 дэх орон болжээ.

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээлснээр, Мьянмар “Спутник V” вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон ажээ.

“Мьянмар дэлхийн хамгийн үр дүнтэй, аюулгүй вакцинуудын нэг болох “Спутник V”-г бүртгэсэн Зүүн Өмнөд Азийн анхны орон боллоо. Энэхүү вакцины эрэлт цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд бид түнш орнууддаа иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдээлжээ.

“Оросын вакциныг онцгой байдлын үед ашиглах журмаар бүртгэх шийдвэрийг Мьянмарын түр Ерөнхийлөгч Мин Аунг Хлаинг гаргасан” гэж Оросын цэргийн дипломат эх сурвалж бямба гаргийн өглөө сэтгүүлчдэд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросоос вакциныг бүртгэх үйл явцад зориулан илгээсэн вакцины эхний хэсгийг Мьянмар нэгдүгээр сард хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Вакцинжуулалтад бэлтгэх сургалт болов

“Вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөө”-ний хүрээнд ЭМЯ-нд вакцинжуулалтын онлайн сургалтыг зохион байгуулав.

Сургалтын үеэр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал юуны өмнө вакциныг түгээх, вакцинжуулалтад хамрагдах зорилтот бүлгийн хамралт, байршил зэргийг сдудагаагаар тогтоох шаардлагатай байгааг онцлов.

Мөн халдварын эсрэг дархлаажуулах үйл ажиллагаанд оролцох эрүүл мэндийн ажилтнуудыг дайчлан ажиллуулах хүн болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн нөөц, зохих шаардлагыг хангасан байнгын болон түр цэгийн бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ. Манай улсын хэмжээнд бүртгэгдсэн “Covid-19”-ийн халдварын өвчлөлийн 8.2 хувийг эрүүл мэндийн ажилтнууд эзэлж байна.

Түүнчилэн вакцины төлөвлөлт, нийлүүлэлт, чанар, аюулгүй байдал, тээвэрлэлт, хадгалалт, дархлаажуулалтын явцыг тогтмол хянахад онцгой анхаарах хэрэгтэй байна гэв. Вакцинд хамрагдсан хүн амын дунд дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн тандалтыг хийж, байнга мэдээлэх, цаг тутамд эргэх холбоотой ажиллахыг шаардлагатай байна гэдгийг сургалтаар онцолжээ. Мөн хүмүүсийн хүлээлтийг зохицуулах, ялангуяа вакцины эхний үе шатанд вакцины хангамж, хүртээмжийн талаар харилцаа холбоо ба олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг яг одоо эхлүүлэх, хүн амыг вакцин нэвтрүүлэхэд бэлэн болгох хэрэгтэйг онцлов.


Монгол Улс нийт хүн амын 60 хувийг дархлаажуулах ажлыг удахгүй эхлэхээр төлөвлөж байна.


ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, “Дархлаажуулалтыг эхлэхээс өмнө зохион байгуулалт, хэрхэн хүргэх, холбогдох хууль тогтоомжийг судлах, эрүүл мэндийн ажилтнуудыг бүрэн сургах, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, эрсдэлийн үеийн харилцаа холбоо зэрэг бүх бэлтгэлийг хангасан байх шаардлагатай”-г хэллээ.

Тэрээр, Монгол Улсын бэлэн байдлын төлөвлөгөө болон ДЭМБ-аас хийсэн тархвар зүйн үнэлгээнд үндэслэн PFIZER вакцины эхний ээлжид хамрагдах орноор Монгол Улс сонгогдсон байна. Нэгдүгээр улиралд нийт 25.740 тун вакцин хүлээн авна. Тиймээс ДЭМБ-ын зүгээс үндэсний хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтад дэмжлэг үзүүлж ажиллаж байна” гэв