Categories
мэдээ нийгэм

Цар тахлын үед төрийн хийсэн худалдан авалтуудыг АТГ-т шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабад ажиллах үеэрээ цар тахлын үеийн худалдан авалтуудыг Авлигатай тэмцэх газар шалгуулах ёстойг хэлжээ.

Одоогийн байдлаар яг энэ асуудлаар Засгийн газраас АТГ-т хандаагүй байгаа бөгөөд ямартай ч худалдан авалттай холбоотой эргэлзээг арилгах үүднээс хяналт, шалгалтыг хийх бололтой.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гурав хоногийн хугацаатай 20 мянган ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийг зарласан. Нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөг байх амны хаалтын тендер олон нийтийн бухимдлыг төрүүлж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын удирдлагуудтай уулзаж тайлбарыг авсан юм. ЭМЯ-наас ирсэн захиалгын дагуу тендер зарласан гэдгийг холбогдох газрууд мэдэгдсэн бөгөөд цар тахлын үед хийж буй худалдан авалтууд хардлага төрүүлж буй тул өөрийг нь ажлаа авахаас нь өмнө хийсэн бүх худалдан авалтыг шалгуулах үүрэг өгөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг”, одонтой ээжүүдийн тэтгэмжийг маргааш олгоно

“Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог.

Тэгвэл одонтой ээжүүд, насны хишгийн мөнгийг маргааш дансаар олгохоор болсон байна. Иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орох юм.

Улсын хэмжээнд одоогоор “Насны хишиг” авдаг 140 мянга орчим ахмад настан, “Алдарт эхийн одон”-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж байгаа аж

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг Улаанбаатар хотоос иргэдээ энэ сарын 11-нийг хүртэл татан авна

Энэ сарын 11-нийг хүртэл Орхон аймаг Улаанбаатар хотоос иргэдээ татан авна. Ингэхдээ Орхон аймагт ирэх иргэд заавал PCR шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 12 хүртэлх насны хүүхэд шинжилгээ өгөлгүйгээр эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчиж болох юм.

Орхон аймагт ирсний дараа түргэвчилсан тестээр шинжилгээ өгөх бөгөөд Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинжилгээг төлбөртэй өгнө. Түргэвчилсэн тестийн үнэ 25 мянган төгрөг юм. Харин 16 хүртэлх насны иргэд, амаржсанаас хойш 56 хоногтой ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 60-аас дээш насны иргэн, эрүүл мэндийн хяналтад байдаг иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авна. Иргэдийн тандалт шинжилгээнээс хамаарч гэрийн хяналтад 14 хоног байхыг аймгийн Онцгой комисс зөвлөж байна. Сар шинийн баяртай холбоотойгоор Улаанбаатар хотоос ирэх иргэдийг 11-21-нийг хүртэл Орхон аймаг хүлээж авахгүй гэдгийг мөн мэдэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ханх суманд өчигдөр 3.7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор өчигдөр 13:50 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Тус сумын Засаг даргаас мэдээллийг тодруулахад иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 50 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2073 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 12252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн хавьтал болон сайн дурын шинжилгээ өгөх цэгүүдэд ирсэн иргэдээс коронавирус илэрсэн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч хоёрдугаар сарын 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 4-6 градус хүйтэн байна

Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Иргэн Ц гадны нөлөөтэй, И өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан

Мэргэжлийн сагсчин И,Ц нар амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан тухай дуудлага эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэргийн газар ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гаднын нөлөөтэй амь насаа алдсан. 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Болсон үйл явдлыг тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Иргэд олон нийт энэ хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэх байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн дээд цол, одон медаль гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргажээ. Шагналыг өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд гардуулах юм байна.

Монгол Улсын Төрийн соёрхол:

ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь” бүтээл

Монгол Улсын ардын жүжигчин:

МУГЖ, дуучин С.Батсүх

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн:

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,

Хөгжмийн зохиолч Б.Магсаржав,

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат

“Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар

Монгол Улсын гавьяат жүжигчин:

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн:

Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ,

Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид

Гавьяат дасгалжуулагч:

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад тавдугаар сард багтаан нэг сая төгрөг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын ажилтай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.

Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

Categories
мэдээ цаг-үе

​Сүхбаатар аймгаас автомашинтай гараад сураггүй болсон гэр бүлийг эрэн хайж байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд яваад сураггүй болсон гэр бүлийг эрэн хайх ажиллагааг өнөөдөр шөнө 02:20 цагт эхлүүлжээ.

Тус аймгийн Мөнххаан сумын “Баянтэрэм” 1 дүгээр багийн “Зүрхийн хоолой” гэдэг газар малчин Ш эхнэр, 2 хүүхдийн хамт автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 7-ны өдрийн 23:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тухайн гэр бүл 7-ны өдрийн 15:10 цагийн үед Түмэнцогт сумаас Мөнххаан сумын чиглэлд зорчсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын цагдаагийн хэсгээс алба хаагчид дуудлагыг хүлээн аван хоёрдугаар сарын 8-ны өдрийн 02:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.