Categories
мэдээ нийгэм

Онлайн худалдаанаас утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг авахгүй байхыг зөвлөж байна

Иргэдийн гомдол мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэргийг худалддаг гэх онлайн дэлгүүр, сайтуудад МХЕГ-аас хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нэр бүхий онлайн худалдаанд даралтын аппарат, чагнуур, утлагын аппаратын зураг, танилцуулгыг байршуулсан бөгөөд гарал үүсэл, үйлдвэрлэгч тодорхойгүй, загвар /үзүүлэн/ бүтээгдэхүүний эх бие, хайрцаг дээрх мэдээлэлд үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, үйлдвэрлэгч нь стандартын шаардлага хангасан тухай гэрчилгээгүй, чанарын баталгаажилтгүй байна.

Даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/493 тушаал, Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартуудад заасан ангилал, тодорхойлолтоор эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн ангилалд багтдаг тул тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд импортлох, худалдах үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл эдгээр сайтууд, онлайн дэлгүүрийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах тусгай зөвшөөрөлгүй, худалдаалж буй төхөөрөмж нь чанарын баталгаажилтгүй байв. Иймд холбогдох иргэн, аж ахуйн нэгжид Эрүүл мэндийн тухай хууль, стандартуудын хэрэгжилтийг хангах, дахин зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа.

Иргэд даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат, сахарын аппарат зэрэг төхөөрөмжийг сонгохдоо зөвшөөрөл бүхий мэргэжлийн ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангаас үйлдвэрлэгчийн баримт бичиг, чанарын баталгаа болон Монгол хэл дээр бичигдсэн ажиллуулах зааврын хамт авч, зааврын дагуу ашиглахыг зөвлөж байна.


Categories
мэдээ нийгэм

Ирэх онд 20 мянган тонн мах нөөцөлнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тон мах нөөцлөх шийдвэр гаргалаа.

Үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов. Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж өөрийн болон бусад эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, арилжааны банкны хөрөнгөөр мал, мах бэлтгэж нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээтэй адил хөнгөлөлт үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн гулгуурын талбай иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр агаартай хот” аяны хүрээнд мөсөн гулгуурын талбай Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүй тэшүүрээр гулгах боломжтой юм. Мөн өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, иргэдийн гэр бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээсэн мөсөн хотхонд зочилсон иргэд дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн урлалыг үзэж сонирхох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж байна

МУИС-ийн номын сан оюутнуудад зориулан шалтгалтын үеэр буюу энэ сарын 23-27-ныг дуустал 24 цагаар ажиллаж байна.

Энэ хугацаанд “Номын сангийн нэг цэгийн үйлчилгээний хэсэг” 24 цагаар ажиллах бөгөөд цаашид номын сангийн ажиллах цагийн хуваарийг уртасгахаар хэд хэдэн ажлыг санаачлаад байгаа аж.

Тус сургуулийн шинэ номын сан өнгөрсөн 2017 оны 10 дугаар сарын 5-нд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү номын сан нь 360 000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, олон улсын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай.

Categories
мэдээ улс-төр

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилно

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

•Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

•Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудал;

•Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

•“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

•Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

•Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барих төслийн явц, гүйцэтгэл, санхүүжилт, үр дүнгийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоншуул ба Готов

НЭГ. ЭЭЖИЙГ МААНЬ ШООЛСОНХҮН

…Далаад оны дунд үе санагдана. Ээж, эмээ хоёр нэг ноорхой сонин үзээд, гэр дүүрэн инээд болж байхтай таарав. Ээж маань ууж байсан цайндаа хахаж цацан байн байн инээж, нэгэн зургийг дахин дахин үзнэ. Тэнд нэг нэлээн махлаг эзэгтэй алдуурсан тугалын араас гүйж байгааг дүрсэлжээ. Гэтэл хажуугаар нь чөрийсөн чавганц сүнхийж гараад тугалыг сүүлдэн алдана. Хүүхэн нь,

-Ээж ээ, гүйгээрэй. Бариад аваарай…хэмээн орилж байна.

Хөөрч догдолсон ээж маань,

-Намайг зурчихаж, яг би байна… гээд бөөн хөөр. Эмээ ч хажуунаас нь “тийм байна. Үгүй ээ мөн сайхан зуржээ” хэмээн ташуур өгөх байдалтай. Ингээд зогссонгүй, айл саахалтынхандаа үзүүлж баясна.

Би гайхлаа. Хүн чинь өөрийнхөө сул талыг яриулах дургүй. Хэн нэгэн тэрийг нь хэлчихвэл уурладаг, үгүйдээ л хүн амьтнаас нуудаг баймаар. Гэтэл миний эмээ, ээж хоёр гэж нэг таарсан амьтад, өөрсдийг шоолчихсон байхад хөөрч давхиад, үр хүүхдэдээ харуулж бахдаад байхдаа яахав дээ гэсэн шүү юм бодож байв.

Гэвч зургийг харах тусмаа инээд хүрч, манайхан гэрээрээ инээд цалгив. Анх удаагаа л ээжийгээ шоололцон инээж үзсэн нь тэр. Тэрнээс биш, эх эцэг, эмээ өвөөгөө доогловол нүгэл байтугай л юм амсана шүү дээ.

Жирийн л нэг малчин саальчин явсан ээж маань Соёлын довтолгооны жилүүдэд, бичиг үсгийн шуурхай курст суусан төдий ч хэрдээ ном унших дуртай нэгэн байж. Шог зохиолч Иштавхайн “Хоноц”, Г.Дамбын “Тэмээний эвэр” зэрэг номыг л уншсан байсныг мэднэ. Сүүлдээ, юм уншихаар хөөрч, нүд бүрэлзээд гээд больсон, хөөрхий.

Мөнөөх шог зургаас хоёр юм ойлгов. Юуны өмнө, голыг нь олоод шоолчихвол ямар ч хүн уурладаггүй юм байна гэж бодов. Бас, өөрийгөө шоолоход уурлан бухимдахын оронд инээж, хамтдаа цаашлуулахад сэтгэл онгойж, баяр хөөр нэмдгийг тэгэхэд анх ойлгосон болтой. “Шоологчоос өөрийгөө хамгаалах хамгийн хамгийн арга бол түүнтэй хамтрах” гэмээр ч юм уу? Та хэн нэгийг муу хэлж тавлахаар очтол цаадахь чинь чамтай нийлээд өөрийгөө баалаад унавал утгаа алдана биз дээ. Муу санаагаар хэлэхэд, хүн өөрийгөө шоолоход санал нэгдэн инээж байвал цааш нь муулах, доромжлох аргагүй болчихдог юм шиг байгаа юм.

Ээж маань өөрийгөө таньж инээсэн шог зураг бүхий “Тоншуул” сэтгүүл тэгсгээд урагдан алга болсон ч бүтээлийн эзэн нь Цэндийн Доржготов гэж хүн байдгийг мэдэж үлдсэн юм. Биднийг баясгасан мөнөөх “Ээж ээ, гүйгээрэй” бол Доржготовын жирийн нэг бүтээл байсан бөгөөд цаашлах тусмаа инээхээс илүү гайхмаар, “Энэ чинь юу хэлэх байгаа билээ” гэж бодуулах зүйлс байдгийг мэдэв. Сүүлд нь тэр Доржготов нь зурахаас гадна бичдэг, лут зохиолч хүн болохыг дуулав.

Эндээсээ би, шог зурагт дуртай нэгэн болов. Тэр үед “Зөвлөлт холбоот улс” гэж гоё зурагтай сэтгүүл олон хэлээр, түүний дотор монголоор гардаг байлаа. Сэтгүүлийн арын хавтасны дотор талд ЗАШК буюу Залуу, алиа шогчдын клуб (оросоор КМЮ) гэж буланд сүрхий сүрхий шог зураг гарна. Ялангуяа Сергей Тюнин гэж нэг нөхрийнх алаад хаясан санагдах.

Түүний нэгэн бүтээлд зүв зүгээр урсаж байсан голын усыг ширээгээрээ боогоод тухалчихсан нэг дарга дүрслэгдсэн байв. Бас “Хүн хүний зан өөр, хүрэх газрын зам салаа” шоглолд хоёр рультэй, хоёр жолоочтэй нэг машины өмнөх хос ховил бүхий зам гэнэтхэн нийлшгүйгээр салаалж буйг харуулжээ. Энэ бүхэн надад, манай ариун дээд социалист төрийн элдэв хориг хаалт, биднээс ундран мөрөн болох учиртай нэгэн голыг хаагаад байгааг сануулах мэт. Бас, манай сүлд дуунд хүртэл “Зөвлөлт оронтой заяа холбож” гэж гардаг Зөвлөлт улстай зөрчилдөх олон эрх ашгаа бид нууж байгаа тухай шивнээ ярианы сэдвийг хөндөөд ч байх шиг. Ер нь л шог зураг намайг учрыг нь олох аргагүй юм шиг атлаа сэтгэл татсан эргэлзээ рүү хөтлөөд явчихсан юм.

Тэр үед хошин шогийг зөвшөөрөх боловч социалист нийгэм байгуулахад саад болж зүйлсийг л шоолж, шүүмжлэхийг сануулна. Системийнхээ дутагдал, улс төрийн тогтоцынх сул тал, дарга удирдагч нарын байдалтай андуурагдаж болох сэдвийг хатуу хориглоно. Гэтэл Зөвлөлтийг магтан сурталчлах үүрэгтэй сэтгүүлд орсон С.Тюниний бүтээл цаагуураа ямар нэгэнд хил хязгаарыг эвдээд байх шиг сэтгэгдэл төрүүлдэг сэн.

ХОЁР. ХЭВЛЭХИЙНХЭН

Их сургууль төгсгөөд “Үнэн” сонины ажилтан боллоо. Тэнд “барилгын инженер болох хүн тоосго үүрэхээс ажлаа эхлэх ёстой” гэдэг дүрэм үйлчлэх тул сэтгүүлч болох миний бие хэвлэх үйлдвэрийн “нийлэгч”-ээс ажлын гараагаа эхлүүлэв. Нийлэгч бол сонины хянагчийн туслах маягтай ажил. Ингээд, хайлсан тугалганы цэнхэр униар татсан хэвлэлийн комбинатын нэгэн жигүүрт хонтоорлов.

Сонин хэвлэлийн газрын нүүдлийн ажилтнууд, сониноо хэвлэдэг үйлдвэр дээр сууж байгаа нь тэр юм. Ойр хавьдаа ганц утастай нь “Үнэн” сониныхон тул ийш тийшээ ярих гэсэн улс их орж гарна. Манай хажууханд “Залуучуудын үнэн” сонины хянагч редакторууд, цаана нь “Тоншуул”-ынхон, алгасаад “Утга зохиол, урлаг”-ийн хянагч, редакторууд сууна. МОНЦАМЭ-гийн “Новости монголий” ба хятадаар гардаг юу ч билээ нэртэй сониныхон бас үзэгдэнэ. Хятадаар гардаг сонин ямар нэртэйг мэдэхгүй боловч хэвлэлийн редактор Баяндорж гэж хүн байсан даг. Бид түүнтэй танил биш ч гэсэн байн байн орж ирээд л манай утсаар “Би Баяндорж байна аа…” гээл баахан проблемоо хэн нэгэнтэй хуваалцаж гарах. Түүний хятад аялгатай ярианаас “Эхнэр нь Зояа ч бил үү орос нэртэй, гэр бүлийн нэг нь байн байн ханиад хүрдэг, тэр ханиад нь барагтай эмэнд эдгэрэхгүй” байгаа зэргийг мэдэж авдагсан.

Ер нь сонин, сонин хүмүүс тааралдана аа. “Залуучуудын үнэн”-ий өрөөнд нэг данхар толгойтой буурал эр хааяа ирж, эхнэрийнхээ сонин хянаж уншихад тусалдаг байсныг “Их том дарга байгаад буусан, айхавтар чадалтай, бараг л эсэргүү маягийн хүн” хэмээн шивэгнэлдэх. Тэр нь “Залуучуудын үнэн”-ий хянагч-редактор Дуламханд гуайн нөхөр, хожмоо ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэн гуай.

Бас “Утга зохиол, урлаг” сонины зурагчин С… гээд их дэгжин шаавай эр орж гарангаа, аймаар “эротик” хууч дэлгэнэ ээ. “Би хөдөө явахаараа дандаа азтай явдаг юм. Сая нэг сумаар ортол нэгдлийн даргынх нь авгай гэж сайхан амьтан…” гээл эхэлнэ шүү дээ. Шинэхэн түүхий ажилтан миний бие тэр ярианаас, ялангуяа хамт сонсож байгаа ахлах дарга болох хянагч Бадамхандаас хөөрхөн ичнэ ээ.

Харин “Утга зохиол, урлаг” сонины хянагч, редакторуудын ихэнх нь олонд алдартай зохиолч, судлаач нар харагдана. Тэд “өмнөх алдаа”-наасаа дүгнэлт хийх байтугай, харин ч тэрийгээ ярьж гайхуулах маягтай хуучилж, хэцүү нэртэй юм сэнгэнүүлчихсэн явах нь олонтаа. Өмнөх алдаа гэдэг нь ийм юм. Манай зохиолчид сонингоо гаргаж байхдаа жаахан хайнга хандаад “б” үсэг гээчихжээ. Тэр гайтай “б” нь жирийн үгэнд бус, Цэдэнбал гэхэд орсон байж таарч. Ингээд нам,төрийн тэргүүний нэр “Цэдэнал” болж, мөнөөх “Эрин зууны алдаа”-нуудын нэгэн гарсан түүхтэй. Зохиолчдын хорооноос баахан хүн халагдсан, шийтгүүлсний дотор Ц.Доржготов гуай орсон санагдана.

“Утга зохиол” сониныхон уран үгийн мастерууд учраас алдаа оноо, гай зовлонгоо хүртэл жигтэйхэн амттай хуучилна. Энэ тухай, утга зохиол судлаач Барын Цэдэв: манай Утга зохиол сониныхон “а”, “л” хоёроос л болж балардаг улс. Дээр үед Ж.Лодойн нэг өгүүллэг манайд гарваа. Тэгсэн чинь хянагч золиг нь “й” сугараад уначихсаныг анзаарсангүй. Өгүүллэгт шуудангийн машин сүүний ферм дээр хоносон тухай гардаг байж. Ингээд “Сүүний тасгийн айлуудаар тарж хоносон залуус өглөө нүдлээ нухлан цугларав” гэсэн өгүүлбэр дэх “айл”-ын хагас “й” хаягдаад утга нь балайраад явчихжээ. Ингээд бид “Сүүний тасгийн алуудаар тарж хоносон залуус” гэсэн өгүүлбэр зохиосон хэрэгт унаж, баахан амьтан ажил албанаас халагдсан даа гэж ярьсан юм.

Бас Умбаа (Уламбаяр)гээд мастер өвгөн өрөх цехэд байсан нь их намтартай нэгэн. Манай хэвлэлийн түүхэнд гарсан “Эрин зууны алдаа”-нуудын бас нэгийн эзэн ажгуу. Тэрээр, маршал Чойбалсангийн үед үсэг өрөх, сонин хэвлэх ажилд зүтгэж яваад “Сталин бол Монголын ард түмний хонь мөн” гэсэн өгүүлбэр гаргаад хаяжээ. Умбаа гуайн ярьснаар бол, тэр үед монотип аргаар буюу нэг нэг тугалган үсэг өрж сонины эх бэлддэг байжээ. Гэтэл, төмөр жаазанд үсэг эвлүүлж боосон сонины бар-нүүр хөдөлчихжээ. Эхлээд “хань” гэдэг үгийг “а” доошоо сугараад уначихаж. Дараа нь хаанаас ч юм мултарсан “о” үсэг унаж ирээд оронд нь тухлаад амжсан байна. ХХ зууны хамгийн аймшигтай хүн-араатанг “хонь” болголцсон Умбаа гуайг шууд ачиж аваачаад Ганц худагт хорьсон гэсэн. Түүнд аз таарч, буудуулчихаагүй үлдсэн учраас энэ түүхийг хуучлах хувьтай байжээ.Түүхнээ Сталины мөн чанарыг хамгийн их гуйвуулсан алдаа энэ л байсан болов уу?

Умбаа мастерийн тэр хавьд, арай өөр цехэд БНМАУ-ын Соёлын яамны орлогч сайд байгаад буусан гэх хүн доод зэргийн алба хашиж харагдах. Нэг харсан хүнтэйгээ дахиад таарахад заавал мэндэлдэг зантай тэр хүн юунаас ч болж буруутсаныг бүү мэд. Нам засаг тэр үед Соёлын яамныхаа Ахмет, Цэрэндорж нарын хоёр орлогч сайдыг гэнэт зэрэг халсны нэг гэснээс өөр юм мэдэхгүй.

ГУРАВ. ПОДВАЛЬД СУУДАГ ЖАРДААКНЫ ХҮН

Миний “тоосго үүрэх хугацаа” жилийн дараа дуусч, сонины редакцид шилжин ирэв. “Үнэн” сонины газраас хоёр өөр жижиг сонин гаргадаг байсны нэг нь “Тоншуул”, нөгөө нь “Шинэ хөдөө” бөлгөө.

Доод давхарт, мужааны өрөөний хажууд “Тоншуул” байрлах бөгөөд тэнд “миний ээжийг анх шоолсон” Цэндийн Доржготов гуайгаас гадна шог зохиолч Шагдайн Цэнд-Аюуш, шог зураач Ц.Байды сууна. “Үнэн” сонины газрын доод давхар бол тухайн үедээ хамгийн тэнгэрлэг давхар нь байжээ. Угаасаа ч социализм бол жардаак (чердак) нь доороо орж, подвоол (подваль) нь тэнгэрт гарсан байгууламж л даа. Тэрхүү тэнгэрлэг давхарт үе тэнгийнхнээс манай ангийн Б.Ерэнтэй, зураач С.Цогтбаяр нар шинэ тутам ирсэн байдалтай заларна.

Эхэндээ би, социалист нийгмийг байгуулахад саад болж байгаа хуучин нийгмийн үлдэгдэл гэдгийг зад шүүмжлэх үүрэгтэй “Тоншуул” сэтгүүлийнхнийг ёстой нэг “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй” хэнхэг гарууд байдаг байх гэж төсөөлөв.

Гэтэл, хүний байтугай өөрийнхөө дутагдлыг юманд боддоггүй хэнэггүй амьтад нэг өрөөнд цугларсан байж таарав. Тоншуулын гол сэдэв болох, хөрөнгө үрэгдүүлдэг нярав, төлөө үхүүлдэг малчны тухай мэдээллийг түм бумаараа байх “мэдээлэгч”, “идэвхтэн бичигч” нар бэлдэнэ. Харин Тоншуулынхан хэнийхийг нь хэвлэх, болихыг шийдэх эрхэмсэг үүрэгтэй. Өчигдөрхөн ангийн анд байсан Б.Ерэнтэй маань “Манай Завханы тэр нэг юмны матаасыг хасаарай.

Юмыг нь гаргачихаар амтшаад, араас нь цувуулаад лайтай юм. Дутагдал гэхээр л манай аймагт овоорчихсон аятай боллоо, яршиг” гэж том том дуугарч ч байх шиг.

Гэтэл зураач, зохиолч Ц.Доржготов гуай болохлоор социалист нийгэм байгуулахад садаа бологч нарыг шоолдог мэдээлэгч, идэвхтэн бичигч нараа шоолсон өгүүллэг туурвиж ч суух шиг сонин дүр зураг тэнд харагдана.Шоологчийг шоологч түүнийг бид жаахан алсаас “Готов гуай”, илүү дотносохоороо “Готов ах” гэж авгайлна.Готов ах/гуайн шог зургаас илүү зохиолд нь амтшаад байсан цаг. Амаараа бол нэг их эсэргүү юм бидэнтэй ярихгүй ээ, харин зохиолдоо бол шургуулж өгнө дөө.

Социалист нийгмийн үзэл суртал, зорилгод үнэн голоосоо итгэсэн эрэмдэг залуугийн тухай “Цагийн өнгө” гэж Ц.Доржготовын тууж наяад оны эхээр гарсан юм. Зохиолын гол баатар нь нам засгаас тавьж байгаа ёс суртахууны хэм хэмжээг өөрөө ягштал мөрдөж, бусдыг ч түүнд уриалж явдгаасаа болон нийгэмд ад үзэгдэн, гадуурхагдсан нэгэн. Айхавтар хоёр үзүүртэй бүтээл. Нэг талаасаа “эрэмдэг хүн хүртэл социализмаа байгуулах гэж ингэж зүтгэж байхад бусад бэртэгчингүүд ичээсэй гэсэн санаатай” соцреалист зохиол хэмээн үзэл сурталд тааруулан тайлбарлаж болохоор. Нөгөө талаас нь бидний байгуулж байгаа нийгмийн үнэт зүйл нь эрэмдэг хүн л дагаж мөрдөхөөр утгагүй тэнэг зүйл болохыг харуулсан маш хорон, “хөрөнгөтний үзэл суртал” шингээстэй.

Намайг хэрээрээ өсч дэвжин, сурагчаас оюутан, оюутнаас ажилтан болж байх зуур Доржготов гуай ч хувьсан хөгжиж байжээ. Жирийн нэг ахуйн шогч байснаас нийгмийн ёс суртахууныг уудлан харуулагч болж байв. Тэр хэрээр уншигчид нь зохиолчдоо хөтлүүлэн өсч, дагаж инээдэг зангаа гээж, эргэцүүлэгчид болон хувирч байлаа. Энэ процесс 1984 онд Цэдэнбал дарга солигдон, аядуу удирдагч Ж.Батмөнх гарч ирсэн, улмаар Зөвлөлтийг М.С.Горбачев “өөрчлөн байгуулж” эхэлсэнтэй давхцаж байсан нь бас л хувь заяаны тохиол байв.

Доржготов зохиолч биднийг шоглогч байхаа больж оронд нь хүнийг эрэг шургаар нь задлан харуулж, даажигнаж эхэлсэн санагддаг. Биднийг ухаж төнхөн, аль л нууц гэсэн болгоныг маань хайр найргүй илчилсэн зохиолууд инээдтэй гэхээсээ гашуун талдаа. “Мөнхийн ус” өгүүллэг байна. Мөнхөрнө гэдэг бол хүн бүрийн мөрөөдөл л дөө. Гэтэл мөнхөрснөө хүнд хэлж гайхуулахгүй гэсэн ганц болзолтой мөнхөрч байгаа нөхөр эцсийн дүндээ түүнээс татгалзана. Тухайн үедээ, мөнхийн усны сэдэвтэй зөндөө зохиол байсны ихэнх нь коммунизм байгуулаад хүн төрөлхтөн мөнх наслах тухай, эсвэл коммунизмын боломжоор эрдэм сурсан хүн мөнхийн ус нээж байгаа тухай л өгүүлэх. Гэтэл Доржготов гуай бидний хэзээ ч эргэцүүлж байгаагүй өнцгөөс мөнхрөлийг харуулж, шал өөр юм бодуулсан байдаг юм.

Ерээд оны босгон дээр бичсэн “Баба” өгүүллэг бол “Та нар айгаад байгаа учраас л айлгагч оршин тогтнож байгаа юм. Хэрвээ түүнээс айхаа больчихвол тэр юу ч биш болно” хэмээн нийгмийг өдөөсөн бүтээл санагддаг.

Сэтгэгч, зохиолчид өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ уншигчдаа хамт бойжуулаад явдаг юм шиг ээ. Доржготов гуай ч биднийг ерийн нэг элэглэн шоологчоос эргэцүүлэн шоолдог уншигч болгон өөрчилсөөр ирсэн байдаг учраас тэгж бодогддог. Баабар “1990 оны ардчилсан хувьсгалыг үндэстнээрээ дэмжсэн учраас ялсан. Энэ хувьсгал бол нийт монголчуудын сонголт” гэж саяхан бичсэн байдаг. Монголын уншигчдыг ийм сонголт хийж чадах болтол нь өсгөлцсөн, бүтээлээрээ нөлөөлсөн хүмүүсийн нэг нь Ц.Доржготов гуай санагддаг юм.

ДӨРӨВ. МУЖААНЫ ХАЖУУДАХ ТОНШУУЛЫНХАН

Сонины мужааны мод хад хураасан өрөөтэй хөршлөх “Тоншуул”-ынханд “Үнэн” сонины дарга нар таагүй хандах боловч тэднээс жийрхэж зайгаа барихыг хичээнэ. Ц.Байды гуай л гэхэд дургүй дарга нараа шог зураг дээр бараг л танигдахаар зураад хаячихна. Нөгөөдүүл нь мэдээд байвч “энэ бол би мөн” гэж хэлэхээс нэрлэхээд дэмий хорсоно. Нэг удаа С.Цогтбаярын зураг дээр “Зөвлөлийн удирдагч Андропов дарга”-тай төстэй хүн байна гээд хэл ам дэгдээсэн байдаг. Гэтэл хэл ам нь гүйцэгдэхгүй Байды гуай “Ийм муухай шог дүрсийг Зөвлөлтийн удирдагч Юрий Андропов болгон харж байгаа этгээдийг мэдмээр байна” гэж зөрүүлж, муриад мултарсан түүхтэй.

Ц.Байды гуай дарга нарынхаа тухай, онигоо их зохионо оо. Тэрийг яг л болсон явдлыг өөрөө хараад зогсож байсан аятай, үнэмшилтэй ярина. Манай нэг эрхлэгч айлын өргөмөл хүүхэд юмсанж. Түүний хэрхэн айлд өргөгдсөн гэх түүхийг хүүрнэсэн нь санаанд үлдэж. Говийн нэгэн суманд ээжтэй амьдардаг 17-18 настай нэг хархүү байжээ.

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 26-нд болох үйл явдлууд

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Татварын шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ” чуулган болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Утас: 70119921

11.00 цагт “Royal House Hotel”-д “Алдарт эх хөгжлийн түүчээ” ТББ-аас нийслэлийн төвийн зургаан дүүргийн дөрөв болон түүнээс дээх хүүхэдтэй зорилтот бүлгийн өрхүүдэд зориулсан “HAPPY FAMILY” шинэ жилийн цэнгүүн зохион байгуулна. Утас: 90503020

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МоАХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Хүний эрхийг дордуулсан ямар нэг оролдлогыг бид хэзээ ч дэмжихгүй

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой энэ онд болж өндөрлөж байна. Эндээс ярилцлагаа эхэлье…

-НҮБ-аас тунхагласан Хүний эрхийн өдрийг сонгон, өвлийн хүйтэн жаврыг эс хайхран, шударга ёс, тэгш эрхийн төлөө анхны цуглаанаа хийж байсан залуус, энэ үйл явцыг дэмжсэн Монголын ард түмэнтэйгээ хамт амаргүй тэмцлийг эхлүүлсэн нь түүхэн, үнэн. 30 жилийн ойгоороо энэ үнэт зүйлээ цаашид хэрхэн хамгаалах, хөгжүүлэх 30 жилийн ардчиллын замнал, алдаа оноогоо шүүн тунгаалаа.

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

-Өнгөрөгч оноос эхлээд л Ардчилсан нам олон арга хэмжээг зохион байгуулсан. Онцлох нь ардчилсан хувьсгалын түүхийг бодит болгох зорилгоор баримтат кино, ном бүтээсэн. зорилтууд амжилттай хэрэгжлээ. Ардчиллын түүхээр ном бүтээж байсан тохиолдол бараг байдаггүй юм байна лээ. хувьсгалын тухай таван боть номоо гаргалаа. Гурван бүлэг баримтат кино хийлээ. Ирэх онд уран сайхны кино гаргахаар төлөвлөж байна. энэ мэтчилэн олон ажлууд хийж хэрэгжүүллээ.

-Та өнөөгийн ардчиллыг хэрхэн хардаг вэ?

-Ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Сүүлийн үед хүн бүр тусгаар тогтнолоороо бахархан омогшдог хэрнээ тусгаар тогтнолынхоо амин сүнс болсон эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг үл ойшоон, үгүйсгэх хандлагатай болж байгаа нь маш аюултай. 1989 оны хувьсгал ч тэр, 30 жилийн турш үргэлжилж буй үйл явц ч тэр зөвхөн Ардчилсан намын үйл хэрэг байгаагүй. Энэ бол Монголын нийт ард түмний үйл хэрэг, ололт амжилт байсан юм.

-Өмнөх ардчиллын 30 жилээ бид шүүн тунгаалаа. Дараагийн 30 жилээс бид юуг хүлээх ёстой юм бэ?

-Монгол Улсын хөгжил цэцэглэлт эрчимжиж, дэлхийд өрсөлдөх үзүүлэлтүүдээ сайжруулж, зорилготой монгол хүн мөрөөдөлдөө хүрэх 30 жилийн алсын замыг бид харах ёстой. 30 жилийн дотор бид юунд хүрч чаддагаа, бидэнд ямар боломж байгаагаа харсан болохоор одоо дараагийн 30 жилээ бид өөдрөгөөр гэрэл гэгээтэй сайн сайхнаар төсөөлж түүндээ хүрэх зорилго тавин ажиллах ёстой.

-Өнгөрсөн долоо хоногт УиХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Бид дөрвөн жил тутам сонгуулийн тогтолцоогоо өөрчилдөг уламжлалтай болж гэхэд хилсдэхгүй байх. Сонгуулийн хууль емнөхөөсөө сайжирсан уу?

-Өмнөх хуулиасаа нэг шат ч болов ахисан хууль боллоо. Хуучин 76 жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явахад учир дутагдалтай зүйлүүд маш их байсан. Учир дутагдалтай байсан болоод ч тэр үү, тэр тогтолцоогоор сонгогдож, байгуулагдсан төрийн үйл ажиллагаанд явцын дунд маш олон алдаа гарч байлаа. Бид ч харсан.

-Тухайлбал, хуучин тогтолцоогоор байгуулагдсан парламент ямар алдаа гаргаж байсан юм бэ?

-Сүүлийн дөрвөн жилийн төсвийн хуваарилалтын нөхцөл байдлыг аваад үзье л дээ. 76 жижиг тойрогтой учраас эдгээр тойрог руугаа төсвийг 76 хувааж, хуваарилдаг. Хэн илүү улс төрийн нөлөөтэй, хэн илүү эрх мэдэлтэй нь өөрийн тойрог руу илүү төсөв хуваарилуулдаг ийм байдал үүсч бий болсон. Энэ дунд хамгийн аюултай нь улс орны хөгжлийн томоохон хөтөлбөр, бодлогуудад зориулагдах ёстой хөрөнгө нь тэндээ хуваарилагдахгүйгээс тэр бодлого нь алдагддаг байсан юм. Ингэснээрээ төсөв үр ашиггүй, жалга довны зүйлст зарцуулагддаг. Тухайлбал, багийн байр, сумын соёлын төв гэх мэт үр ашиггүй зүйлд зарцуулагдаад явчихдаг талтай.

-Тойргоо услах гэдэг зүйл тогтчихсон шүү дээ. Илүү томоор харах хэрэгтэй байх…

-Энэ батлагдаж буй сонгуулийн хууль илүү томоор харах боломжийг хангасан хууль болсон гэж харж байгаа. Ядаж нийслэл, дүүрэг, аймгийн хэмжээнд нийгэм, эдийн засгаа бүхэлд нь харах хэрэгтэй шүү дээ.

-Танай намын зүгээс Сонгуулийн хуульд ямар санал оруулсан бэ?

-Манай нам 50:26 гэх хувилбарыг оруулж ирсэн. 26 нь пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр нийтлэг улс орны эрх ашгийг илэрхийлдэг. 50 нь жижиг мажоритар буюу орон нутгийн эрх ашгийг төлөөлдөг холимог тогтолцоо. Уг нь бидний оруулсан энэ санал зөв байсан юм. Гэвч энэ тогтолцоо маань яваагүй. Тэгээд одоо томсгосон мажоритар буюу олон мандаттай нэг том тойрог байх тогтолцоо руу орж байна.

-Томсгосон мажоритараар явахаар нэг тойрог дээр намын гишүүд давхцах уу?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Мандатын тоогоор иргэд саналаа өгнө. Хэн хамгийн олон санал авсан нь сонгогдоно.

-Намын гишүүд хоорондоо өрсөлдөж, нэг нэгнээ үгүйсгэдэг систем гэж судлаачид яриад байгаа шүү дээ…

-Энэ бол тухайн намын доторх сахилга, хариуцлага, үзэл баримтлал, онол, тухайн намын дотоод эв нэгдлийн л асуудал.

-Сонгуулийн үеэр цахим орчинд хязгаарлалт хийхээр болсон уу, хуулиараа?

-Яг цахим орчинд хязгаарлалт хийх заалт ороогүй. Яахав хязгаарлалт тавих ёстой. Хяналтгүй юм гэдэг замбараагүй юмыг л хэлнэ шүү дээ. Цахим орчинд тодорхой хэмжээний хяналт байх ёстой. Албан ёсны бүртгэлтэй сайт, хаяг, аккаунтуудаас сурталчилгаа явуулахыг хориглохгүй. Эзэнгүй хаягуудаас хүнийг гүтгэх, хэлмэгдүүлэх, худал мэдээлэл нийгэмд цацах гэх мэт иймэрхүү байдлыг зөвшөөрч болохгүй шүү дээ.

-Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тухай хуулийн заалт орлоо. Танай нам ямар байр суурьтай байсан бэ?

-Манай намын үзэл баримтлалын гол үнэт зүйл бол хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн үзэл баримтлалтай шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүний эрхийг дордуулсан ямар нэг оролдлогыг бид хэзээ ч дэмжихгүй. Алдаа, оноогүй хүн гэж байхгүй. Тухайн хүн өөрийн амьдралдаа алдаад, алдаандаа таарсан ял шийтгэлээ эдлээд, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад иргэнийхээ эрхийг бүрэн эдлэх хэмжээнд хүрчихсэн хүнийг урьд өмнө нь чи ингэж байсан гэдэг байдлаар насан туршид нь яллах тогтоолын заалт орж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал.

-Яагаад вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт байдаг шүү дээ. Тодруулбал, 2008 онд Цэц энэ асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайн үед яг ийм заалт орж ирээд Цэц хүчингүй болгож байсан юм билээ. Өнөөдөр энэ заалт сонгуулийн хуулинд Үндсэн хууль зөрчсөн болоод орчихлоо. Бодвол Үндсэн хууль дээр л асуудал яригдах байх. Манай нам бол хүний эрхийг дордуулсан аливаа үйлдлийн эсрэг зогсоно. Хэн нэгэн хүнд зориулсан эсэх гэдэг утгаараа биш. Хүний эрхийг дордуулсан аливаа үйлдлийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Коммунизмын үед ашигладаг коммунистуудын л шилдэг арга шүү дээ. Хэн нэгнийг гүтгэдэг, харлуулдаг, тэгээд хэдэн үеэр нь хэлмэгдүүлдэг. Эсэргүүний хүүхэд учраас сургуульд оруулж болохгүй, албан тушаал дэвшүүлж болохгүй гэдэг ч юм уу, ийм хэлмэгдүүлэлт цаашид битгий гараасай. Ийм үеийн бас нэгэн суурь тавигдчих вий дээ гэж болгоомжилж байна.

-Эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудал уначихлаа. Ер нь энэ асуудал дээр танай намын байр суурь ямар байв?

-Манайх дэмжсэн байр суурийг илэрхийлсэн. Ардчилсан намын зөвлөл хуралдаад эмэгтэй гишүүдийн оруулсан саналыг дэмжье гэдэг дээр санал нэгдээд нэгдсэн саналаа өгсөн. Манай намын үндсэн дүрмэнд ч гэсэн эмэгтэйчүүд бүх шатны сонгуульд дэмжих бодлогоор эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн. Тиймээс бид эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн улс төрийн нам. Энэ саналыг зөвлөлөөрөө дэмжсэн ч харамсалтай нь олонх болж чадсангүй.

-Хар машин ер нь хоцрогдсон технологи уу?

-Үгүй. Дэлхийн маш олон улс оронд үүнийг хэрэглэдэг. Өнгөрсөн 2016 оны сонгуульд хэдийгээр манай нам ялагдсан ч гэсэн бид энэ дээр гомдол гаргаагүй шүү дээ. Тухайн үед тооллогын машинаар тоолсон саналыг давхар хэсэг бүлэг хүмүүс гараар тоолсон. Тэр ажиллагаа энэ удаа бас давхар явагдана. Яагаад гэвэл хяналтын тооллого гараар хийгдэнэ. Энэ дээр нам болоод иргэдийн оролцоог нээлттэй байлгах ёстой.

-2020 оны сонгуульд Ардчилсан нам ямар бодлого баримталж оролцох вэ?

-Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Он гараад хуулийн хугацаандаа багтаан мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэх болно. Сонгуулийн дөрвөн жилд хийх ажлаас гадна дараагийн 30 жил буюу ардчиллын 30 жилийг илүү өөдрөгөөр харж байгаа. 2050 он гэхэд Монгол Улс хөгжлийн ямар түвшинд хүрэх вэ, бид ямар ирээдүйг бүтээж чадах юм бэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна.

-Эрх баригч намд Ардчилсан нам ямар дүгнэлтийг өгч байгаа вэ?

-Үнэлэлт, дүгнэлтийг би биш ард түмэн өгнө. Гэхдээ сөрөг хүчний намын даргын хувьд хэлэхэд одоогийн эрх баригчид тун хангалтгүй ажилласан.


Categories
мэдээ цаг-үе

Я.Батсуурь: Мөнгөний сонгууль нийгмийг бүхэлд нь ганхуулж байна

УИХ-ын гишүүн асан Яйчилийн Батсуурьтай ярилцлаа.


-Та нэг хэсэг нам гүм байлаа. Харин саяхан Үндсэн хуулийн Цэцэд хандсаныг тань дуулаад ярилцахаар урьсан юм. Тиймээс яриагаа таныг яг юу хийж, ямар ажил амжуулж буйгаас эхэлбэл ямар вэ?

-Би дунд сургууль төгсөөд тухайн үеийн Гадаад явдлын яамны нэр дээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөнөөс хойш дипломат алба болон улс төрд 2015 оныг хүртэл тасралтгүй гучаад жил ажилласан. Одоогоор хувийн жижиг бизнес хийж, аж ахуй эрхлээд явж байна. Хажуугаар нь олон нийтийн болон намынхаа ажилд багагүй цаг зарцуулж байгаа. Монголын Элчин сайд нарын клуб, Монголын шагайн харвааны холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо зэрэг ТББ-ын удирдах албанд сэтэртэй учир зүгээр суух зав гарахгүй л юм.

-Таны Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдөл олны анхаарлыг нэлээд татах төлөвтэй байна. Чухам яагаад ийм маргаан үүсгэхээр шийдсэн юм бэ?

-Өнөөдөр манай бүх сонгууль мөнгөнийх болж, улс төрийн нам авлигад идэгдэж асуудлыг мөнгөөр шийддэг болсон нь улс орны өмнө тулгарч буй хамгийн ноцтой асуудал. Энэ нь манай улс төрийн тогтолцоог гажуудуулж, нийгмийг бүхэлд нь ганхуулж байгааг засч залруулах үүднээс энэ асуудлыг дэвшүүлсэн юм.

-Тодорхой тайлбарлаж болох уу?

-1990 оноос хойших бүх сонгуульд нэр дэвшигчид, намууд бүгд мөнгөөр өрсөлдсөн. Эхний үед хэн их гурил будаа, бэлэг тараасан, том шоу зохиосон нь сонгогддог байлаа.Сүүлийн үед хэн их мөнгө тараасан нь сонгогддог болсон. Жишээ нь, саяхан шүүхээр шийдэгдсэн нөгөө алдарт “60 тэрбум”-ын хэрэг бол яах ч аргагүй мөнгөний сонгуулийн уршиг юм. Сонгуульд мөнгөөр өрсөлддөггүй байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан байх.Тиймээс ч мөнгөгүй бол та улс төр рүү зүглээд хэрэггүй гэсэн ойлголт бий болсон.

Мөнгөгүй л бол хэчнээн зөв, сайн хүн байгаад сонгогдох боломж байхгүй. Нэг үгээр манай сонгуулийн тогтолцоогоор зөвхөн мөнгөтэй нь л ялна. Нэр дэвшигчид сонгуульд оролцохын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Сонгогдсон хойноо шархаа нөхөхөөс гадна, дараагийн сонгуулийн мөнгөө босгохын тулд төсөв, тендер, концесс туух, ивээн тэтгэгч хувийн компаниуддаа давуу байдал олгох зэргээр хууль зөрчин авлигад өртдөг.

Улс төрийн намууд ч ялгаагүй. Намын дарга хүн намаа ялуулж Ерөнхий сайд болохын тулд компаниудаас их хэмжээний хандив авна. Компаниуд ч төрийн дэмжлэгээр бизнесээ өргөжүүлэхийн тулд мөнгөө бариад намын дарга, Их хуралд нэр дэвшигчид рүү гүйнэ. Ингэж л УИХ, Засгийн газар нь компаниудтайгаа төсөв, тендер, концесс зэргээр хамтарч бизнес хийх замаар улсын төсөв, өмч хөрөнгө, баялгийг хулгайлж, нөгөө “олигархи бүлэглэл” гээчийг үүсгээд байгаа юм. Үүний улмаас манай УИХ-ын нэр хүнд унаж, иргэд бухимдаж, нийгэм тэр аяараа тогтворгүй болж байна.

Мөнгөний сонгууль ингэж Монголын төрийг, төрийн албыг бүхэлд нь авлигад идүүлэх үндэс нь болж байгаа нь хөдөлшгүй үнэн. Мөнгөний сонгууль бол Монголын өнөөгийн нийгэмд, улс төрд буглаад байгаа гол идээ бээр юм.

-Танай нам ирэх сонгуульд нэр дэвшигчдээс мөнгөн хандив авахаа хэдийнэ зарлачихсан биз дээ?

-Манай намын Үндэсний бодлогын хороо саяхан хуралдаж УИХ-д нэр дэвших горилогчоос 100 сая төгрөг хурааж намаа санхүүжүүлэхээр болсон. Гэтэл нэр дэвшигч сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд тойрогтоо очоод түүнээс хэд дахин илүү мөнгө зарцуулах шаардлагатай болно. МАН ирэх сонгуульд үүнээс бага мөнгө босгож оролцоно гэж бодохгүй байна. Угаасаа бийлэгжүү нам илүү ихийг босгох биз. Үүнээс гадна намууд компаниудаас ихээхэн хандив цуглуулдаг. Тэр зарчим хэвээрээ явж таарна. Ингээд бодохоор арай л дэндүү байгаа юм.Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжинд сонгуулиа мөнгөнөөс салгая л гэсэн санаагаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм.

-Тэгээд таныхаар яавал засагдах вэ?

-УИХ-аас 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах, худалдаж авах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах, төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах зэргийг хориглосон. Гэхдээ эдгээр хууль бус үйлдэл, үйл ажиллагааг зөвхөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуусах хүртэлх хугацаанд л хориглосон. Хамгийн ноцтой нь сонгуулийн жил эхлэхээс өмнө буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө аливаа этгээд өөрийн хөрөнгө, мөнгөний давуу байдлаа ашиглан дээр дурдсан хориотой бүх үйлдэл, үйл ажиллагааг хийж гүйцэтгэх замаар сонгогчдын саналыг худалдаж авч болохоор хуульчилсан явдал юм. Сонгогчид зургаан сарын өмнөх үйл явдлыг санахгүй юм шиг бодож иргэдээ ингэж басамжилж болохгүй биз дээ. Уг нь яаж ч бодсон сонгогчдын саналыг татах, худалдан авах зорилгоор дээрх үйлдлүүдийг хийх нь төрийн эрхийг мөнгөөр буюу хууль бусаар авах гэмт хэрэг мөн. Иргэдийн саналыг ингэж хууль бусаар худалдан авч хэзээ ч болохгүй. Энэ бол Үндсэн хуулиар хориотой зүйл шүү дээ. Үндсэн Хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн …”, Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж тус тус заасан. Иймд иргэдийн саналыг ийнхүү худалдан авах замаар төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д сонгогдох нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болох учир миний бие Үндсэн хуулийн Цэцэд хандан энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Таны санал дэмжигдээд Сонгуулийн хуулиар нааштай шийдэгдвэл сонгуульд нэр дэвших хүн олдох уу. Бүгд л тойрогтоо юм тараасан бүтээн байгуулалт хийчихсэн байгаа шүү дээ?

-Хууль буцаж үйлчилдэггүй зарчимтай. Хууль зөвхөн хүчинтэй болсон өдрөөсөө мөрдөгдөнө. Тэгэхээр одоо УИХ-ын гишүүн байгаа хүмүүст давуу байдал үүсэх магадлал бий. Гэхдээ энэ давуу байдал зөвхөн энэ удаагийн сонгуульд л хамаатай. Цаашид бүгд нэг гараанаас өрсөлдөх боломж бүрдэнэ. Мөнгөөр бүтээн байгуулалт хийж, юм тарааж давуу байдал олж авдаг явдал байхгүй болно. Ингэж байж зөв хүмүүс улс төрд сонгогдох боломж бүрдэнэ.

-Шинээр нэр дэвших хүмүүст хүндрэл үүсэх байх даа. Тэд олонд танигдаж чадахгүй?

-Мөнгөөр өрсөлдөхийг зорьж буй хүмүүст л хүндрэл үүсэх байх. Үзэл бодлоороо, мэдлэг боловсролоороо, улс орноо хөгжүүлэх бодлого, хөтөлбөрөөрөө шударгаар өрсөлдөх хүнд хүндрэл учрахгүй гэж бодож байна. “Баабар” Батбаяр,“Де факто”-гийн Д.Жаргалсайхан, “Датаком”-ын Д.Энхбат нар шиг л олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Сонгуулийн тойрог жижиг бол танигдахад бүр ч амархан. Айл бүрээр орж хүн бүртэй уулзаж танилцах боломжтой. Нэмж хэлэхэд энэ өөрчлөлтийг хэн нэгэнд ашигтай, эсвэл ашиггүй гэж харахаасаа илүүтэй Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Гишүүн сонгогдсон тойргийнхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл мөнгө зарцуулах боломжгүй болохоор тойргийнхоо асуудлуудыг яаж шийдэх вэ?

-УИХ-ын гишүүн тойргийнхоо асуудлуудыг зөвхөн хуулиар шийднэ, мөнгөөр шийдэхгүй. Тухайн тойргийн эдийн засаг, нийгмийн асуудлуудыг хөрөнгө мөнгөөр шийдвэрлэх шаардлагатай бол Засгийн газар болон орон нутагт уламжилж шийдвэрлүүлнэ. Ингэснээр гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалт гэсэн олон тэрбумаар яригддаг их мөнгө хэмнэгдэнэ. Цаашид УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо улсын төсөв, зээл тусламжаар ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхийг бас хориглох хэрэгтэй. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал бол угаасаа Засгийн газар, орон нутгийн хариуцах ажил. Улсын төсөв гарын сарвуунуудаар бус ганц сувгаар үр дүнтэй зарцуулагддаг болно. Үүнтэй уялдуулаад төсөв, хөрөнгө оруулалт, тендер, концесс, элдэв томилгоотой холбоотой УИХ-ын эдэлж буй олон эрх дархыг Засгийн газарт шилжүүлэх хэрэгтэй. Уг нь үүнийг сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг мөр шийдэх байсан юм. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага, зөвхөн хуулиа л батал. Ингэвэл мөнгөтэй хүмүүс УИХ руу хуйлрахаа аяндаа болино.

-ҮХЦ дээр шийдвэр таны талд гарч сонгуульд мөнгөөр өрсөлдөхийг хаалаа гэхэд хамгийн бодитой үр дүн, ач холбогдлыг та яаж харж байгаа вэ?

-Сонгуулийн бусад зардлыг хуулиар хязгаарлаад сонгуулийг аль болох бага зардлаар хямд явуулдаг болох. Нэр дэвшигчид болон намууд аж ахуйн нэгжээс хандив авахыг хориглох хэрэгтэй. Сонгуульд аль болох бага мөнгө зарцуулдаг болбол мэдлэг болвсролтой, зөв хүмүүс үзэл бодлоо уралдуулан шударгаар сонгогдож та бид сайн төр засагтай болно. Иргэд төрдөө итгэдэг болно. Төрийн нэр хүнд өснө. Энэ бол хамгийн гол ач холбогдол нь. Нөгөөтэйгүүр мөнгөний улс төр, сонгуулийн асуудлыг шийдсэнээр төр засагт бугшаад буй авлигын асуудал нэлээд хумигдах магадлалтай. Мөнгөөр сонгогдох боломжгүй, сонгуульд мөнгө зарцуулах шаардлагагүй болохоор улстөрчид болон улс төрийн намууд нь мөнгөний төлөө улайрахаа эрхбиш болих байлгүй дээ. Түүнчлэн нэр дэвшигчид болон намуудыг аж ахуйн нэгжээс хандив авах явдлыг хуулиар хориглох хэрэгтэй. Ингэвэл УИХ, Засгийн газар нь компаниудыхаа халааснаас сугарч, улсынхаа болон иргэдийнхээ төлөө ажиллах боломж бүрдэнэ. Түүнээс гадна УИХ дахь элдэв хөрөнгө, төсөв тендер, концесстой холбоотой эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлээд, улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлаж, санхүүжилтийг нь ил тод, шилэн болгочихвол бараг л хувьсгал хийсэнтэй дүйцэх өөрчлөлт болох байх шүү.

-Сонгуулийг яаж хямд, хамгийн бага зардлаар явуулж болох бол?

-Сонгууль угтаж зургаан сараас өмнө мөнгө, эд зүйл тараахыг бүрмөсөн хориглочиход цаана нь зөвхөн сурталчилгааны зардал л үлдэнэ. Сурталчилгааг маш цомхон, хямд хийдэг болгох хэрэгтэй. Гудамжинд том том олон самбар энд тэндгүй өлгөхийн оронд заасан ганц нэг газар газар бүх нэр дэвшигчийн ижил хэмжээ, стандарттай авсархан самбарыг босгоно гэх. Энэ мэтчилэн хуулийн зохицуулалт хийвэл сонгуулийг маш хямд зардлаар явуулж болно.

-Та улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлах тухай дурдлаа. Ийм боломж байх уу?

-Намууд сонгуульд оролцохдоо том компаниудаас их хэмжээний хандив авч өрөнд ордог. Өрөө нөгөөх л төсөв, тендер, концесс, бүр цаашлаад яам, тамгын дарга, сайдын албан тушаалаар төлнө. Компаниас томилогдсон сайд дарга төр, түмний төлөө ажиллахаасаа илүүтэй томилсон компанийнхаа төлөө л ажиллаж таарна. Тиймээс улс төрийн намуудыг мөнгөний нөлөөнөөс салгахын тулд намуудын үйл ажиллагаа, гишүүнчлэлийг нь хязгаарлах, төсөв, орлого зардлыг нь хязгаарлаж л тод болгох шаардлагатай байна. Намууд улс төрийн албан тушаалын тоонд харгалзсан цөөн тооны гишүүнтэй байх, олон нийт рүү хандсан үйл ажиллагаагаа зөвхөн сонгуулийн үеэр л идэвхжүүлдэг болгох, аж ахуйн нэгжээс хандив авахгүй зөвхөн гишүүний татвар, улсын төсвөөс санхүүждэг болгох зэрэг арга хэмжээг авмаар байгаа юм. Намуудын сонгуулийн сурталчилгааг мөн хязгаарлаж сонгуулийн зардалд нь хуулиар хатуу хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Сонгуулийн зардал, намуудын санхүүд жил бүр олон улсын аудит хийлгэдэг болгоод ноцтой зөрчил гаргасан намыг дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасаад өгвөл ерөнхийдөө цэгцэрнэ л дээ.

Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа цаг учир эхлээд сонгуулиа мөнгөнөөс салгаад дараа нь улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг тавина гэсэн бодолтой байгаа.

-Гадны улс орнуудад мөнгөний сонгуулийн асуудлыг яаж шийддэг юм бол?

-Өндөр хөгжилтэй орныхон манай сонгуулийг хараад шоолно. Улстөрчид нь мөнгө барьж золгоод, чихэр боов, бедон сав, гутал, гурил будаа тараах маягаар ядуу сонгогчдыхоо саналыг худалдаж авч төрд орно гэдэг өнөөгийн хөгжилтэй, соёлтой ертөнцөд байж болохгүй зүйл. Япон, Солонгос зэрэг улсад улстөрчид нь дайны дараа одоогийн манайх шиг мөнгө, будаа тариа тарааж сонгогддог байсан. Зүүн Европын хуучин социалист зарим улс ийм шинэчлэлийг хийж байна. Тухайлбал, Чех улсад улс төрийг бизнесээс салгахын төлөө иргэд нь жагсаж эхэллээ. Бид заавал жагсаж бужигнахгүйгээр энэ өөрчлөлтийг хийж болно гэж бодож байна.

Эцэст нь сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, мөнгөний сонгуулиа нэн даруй болихгүй бол бидэнд нэг ноцтой аюул нүүрлээд байгааг энд онцлон тэмдэглэмээр байна. Жишээлбэл,гадаадын аль нэг улс, эсвэл аль нэг томоохон компани 50 сая ам.долларыг өөрийн гар хөл болох нөлөөний нэр дэвшигчдээрээ дамжуулаад тараахад ямар Их Хурал байгуулагдаж болох вэ. Бодоод үз. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой маш ноцтой асуудал үүснэ биз дээ. Тиймээс мөнгөний сонгуулийг нэн даруй хориглох зайлшгүй шаардлага байгаа юм. УИХ-ын гишүүдийг, УИХ-д 64 суудалтай төр барьж буй намын дарга У.Хүрэлсүхийг энэ асуудалд онцгойлон анхаараасай гэж хүсч байна. Мөнгөөр сонгогдчихно гэж бодож буй хүмүүс л үүнийг эсэргүүцэх байх. Энэ асуудлыг бусад улс төрийн нам хүчин, хөдөлгөөнүүд дэмжинэ гэдэгт ч би гүн итгэлтэй байгаа.

Б.АМАР

Categories
мэдээ цаг-үе

Б.Индра: Гадны тамирчдыг бодвол толгойгоо илүү ажиллуулж тоглодог

Өсвөр үеийн улсын хошой аварга, улсын шигшээ багийн гишүүн Б.Индратай ярилцлаа.


-Ширээний теннисний спортоор хэдэн жил хичээллэж байна вэ. Яагаад энэ спортыг сонгох болов?

-Би Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. 2016 оноос хойш ширээний теннисний спортоор хичээллэж байна. Манай Угтаалд хүүхдүүд чөлөөт цагаараа ширээний теннис л тоглодог юм. Компьютер тоглоом, ухаалаг утаснаас илүү ширээний теннис сонирхоно. Сумын аварга шалгаруулах теннисний тэмцээн болно. Би хоёр удаа түрүүлж байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Т.Мэргэн багшийнхаа удирдлагад бэлтгэл хийгээд Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Дахиад ч түрүүлэхээр байсан. Гэхдээ намайг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаа больчихсон.

-Яагаад?

-Би улсын шигшээ багийн тамирчин болсон. Мэргэн багштайгаа улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр оролцоод алтан медаль хүртэж улсын шигшээ багийн гишүүн болсон. Улсын аварга болчихоод зорилгодоо хүрчихсэн юм шиг л санагдаж байсан. Одоо өөр том зорилго тавиад олон улсын хэмжээний мастер С.Галбадрах багшийн удирдлагад хийж байна. Сая хүүхдийн спортын наадмаар нутгаа төлөөлж оролцоод хошой алтан медаль хүртсэн. Нутгаараа зарлуулж тэмцээнд оролцох гоё байна лээ. Удахгүй тив дэлхийн хэмжээнд өрсөлддөг сайн тамирчин болно.

-Галдбадрах багшийнхаа удирдлагад ямар тэмцээнүүдэд оролцов. Ямар амжилт үзүүлэв?

-Зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд алгасалгүй оролцдог. “Оч” клубийн нэрэмжит тэмцээнээс л мөнгөн медаль хүртсэн. Бусад тэмцээнүүдэд нь түрүүлсэн.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ. Хичээлээ завсардуулахгүйгээр тэмцээнд оролцож амжиж байна уу?

-Өдөрт 3-4 цагийг зааланд өнгөрүүлдэг. Спортоор хичээллэж байгаа маань хичээл сурлагад сайнаар нөлөөлдөг. Эрүүл биетэй байгаа маань ширээний теннистэй холбоотой. Теннисний тэмцээнд оролцоод олон найзтай болсон. Ур чадвар ч дээшилсэн.

-Тоглолтын арга барил онцлогийнхоо талаар ярихгүй юу?

-Баруун талаасаа топс хийгээд хоёр талаасаа цохиж тоглодог. Үүнийгээ илүү сайжруулахаар ажиллаж байгаа. Сайжруулахгүй бол зэрэглэл ахиж тэмцээнд ороход амжилт гаргахад хэцүү юм шиг санагдсан.

-Гол өрсөлдөгч ямар тамирчид байна вэ. Ямар чанараараа ялгарч байна?

-Миний насанд Оюунбилэг, Мөнхшүр, Цэцэн гээд сайн тоглодог хүүхдүүд байдаг. Би солгой, довтолж тоглодог маань давуу тал болж өгдөг юм. Довтлоод л тоглочиход хожоод байж болох юм билээ. Цаашдаа баруун солгой хоёр талаас топс хийгээд тоглоход дээд түвшинд өрсөлдөж болох юм шиг санагдсан. Одоогоор хоёр талаасаа топс хийдэг техник эзэмшиж амжаагүй байгаа.

-Улсын хошой аварга болж байсан юм байна. Олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-Өнгөрсөн зун Улаан-Үд хотод болсон Буриадын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Зүгээр ч нэг оролцоод ирээгүй. Мөнгө, хүрэл медаль хүртсэн. Анх оролцож байснаа бодвол одоо туршлагатай болсон.

-Гадны тамирчдын ур чадвар ямар хэмжээнд байна. Манай тамирчид ямар техник эзэмших шаардлагатай байна вэ?

-Их зуулгаж хийдэг юм билээ. Бөмбөгөндөө их хурдан хүрдэг гээд давуу талтай. Өндөр ур чадвартай тамирчидтай өрсөлдөөд их зүйл сураад ирсэн. Манайхан тэнцүүхэн хэмжээнд өрсөлдөөд байж болох юм билээ. Би тэд нарыг бодвол толгойгоо илүү ажиллуулж тоглосон болохоор медаль хүртсэн. Мөн БНХАУ-ын Шанхайд өсвөр үеийн ангиллын тэмцээнд оролцсон ч медаль хүртэж чадаагүй.

-Дэлхийн хэмжээний тамирчин болох зорилготой гэж яриандаа дурдаж байсан. Хэр хол санагдаж байна?

-Эхлээд дотоодын тэмцээнүүддээ түрүүлнэ. Ингээд тивийн аваргад оролцоод л амжилт үзүүлбэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж нээгдэнэ. Бэлтгэлээ хийгээд, тоглолтын ур чадвараа ахиулаад явахад тийм ч хол санагдахгүй байна. Би олон улсын тэмцээнд оролцож нэг насанд өрсөлддөг тамирчидтай тоглож байсан. Тэнцүүхэн тоглож болохоор л юм билээ.

-Индраг ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?

-Ширээний теннисний “Оч” клубийн нэрэмжит тэмцээн болно. Тэгээд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Би олон улсын тэмцээнд оролцохын тулд алтан медаль л авахаар бэлтгэлээ хийж байгаа.

-Тоглолтондоо хэрхэн төвлөрдөг вэ?

-Би тэмцээнд оролцохдоо зөвхөн урдах тоглолтондоо л анхаарлаа хандуулдаг. Ширээний теннис нэг талаараа шатартай адил оюуны спорт. 1-2 үйлдлийн дараах довтолгоог тооцоолж байдаг. Анхаарал сарнихад л алдаа гаргах өндөр эрсдэлтэй. Анх зааланд цугласан хүмүүс рүү анхаарал сарниад сайн төвлөрч чаддаггүй байсан. Ер нь бэлтгэл сайн хийсэн байхад өөртөө итгэлтэй тайван байдаг.

-Ширээний теннисний спортын ямар ач холбогдол юу вэ?

-Эрүүл мэндэд сайн. Хамгийн гол нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн шатартай ажил оюун ухаан шаарддаг болохоор төлөвшүүлж өгдөг. Зүрх судасны өвчинд сайн гэж хүмүүс хүүхдүүдээ бэлтгэлд авчирдаг.

-Тэмцээн уралдаанд оролцоход нь тусалж дэмждэг байгууллага бий юу?

-Дэмждэг хүн байхгүй бол олон улсын тэмцээн уралдаанд оролцоход хэцүү. “Тэгшт плант” компанийн захирал О.Батбилэг, гүйцэтгэх захирал М.Золбаяр ах нар маань тэмцээн уралдаанд оролцоход дэмжиж ажилладаг. Илүү сайн тамирчин болж “Тэгшт плант” компанийн нэрийг илүү өндөрт гаргаж явна.