Categories
мэдээ нийгэм

Б.Баярсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тухайлбал, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг АНУ-ын Санфранциско хот дахь Консулын газарт консулаар томилогдох талаар мэдээлж байсан. ГХ-ны сайд Д.Цогтбаатар ч сэтгүүлчдийн асуултад хариулахдаа удахгүй хэд хэдэн Элчин сайд, дипломатуудын томилгоог оруулж ирнэ” гэдгээ мэдэгдээд байгаа.

Түүнчлэн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн байна. Албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа эрхмүүд ирэх сонгуульд нэр дэвшин өрсөлдөх магадлалтай гэсэн таамаглал мөн явж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй иргэдээ интернэтээр бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.9-д заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана. Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.

Иргэн та өөрийн мэдээллээ бүртгүүлж, түүнийгээ засварлах, мөн гадаадад хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдээ бүртгэх боломжтой.

Иргэн Та Үндэсний статистикийн хорооноос олгож буй Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлснийг тань гэрчлэх батламжийг авах боломжтой.

Та доор дурдсан хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.
https://citizen.gov.mn/

Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Х.БАДАМСҮРЭН: Манай уурхайчид олон сайхан дээд амжилтыг 2019 онд бүтээж чадлаа

Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Монголын уул уурхайн салбар буюу Уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Эх орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчид ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар энэхүү тэмдэглэлт өдрөө угтаж байна. Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөгөө биелүүлж, олон ололт дэвшилтэй ажилласныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэж, нийт уурхайчин хамт олондоо баяр хүргэв.

Тэрээр “Манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрлөөр 100-аас дээш хувиар биелүүлсэн сайхан амжилтаар Уурхайчдын баярын өдөртэй золгож байна. Сүүлийн жилүүдэд байгаагүй нэгэн онцлог зүйлийг энд тодруулж хэлмээр байна. Энэ юу гэвэл, 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын энэ оны 12 сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлууллаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн. Өнгөрч буй 2019 онд манай үйлдвэрийнхэн олон сайхан дээд амжилтыг хөдөлмөрийнхөө үр шимээр тогтоолоо. Түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болж чадлаа. Түүнчлэн бидний бүтээж буй баялаг буюу улс орон нутгийн төсөвт оруулдаг орлогыг 900 гаруй тэрбумд хүргэж чадлаа. Энэ бол бас үйлдвэрийн түүхэнд байгаагүй дээд амжилт боллоо. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байна гэсэн үг. Ийм бахархам амжилтын эзэд болсон нийт уурхайчид, хамт олондоо Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Нийт уурхайчиддаа, тэдний гэр бүлд ажлын өндөр амжилт, амьдралын аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэндчиллээ.

Categories
мэдээ нийгэм

Усчин аврагчид мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 32 алба хаагч хамрагдаж, усчин аврагчаар бэлтгэгдэн, гэрчилгээгээ гардан авлаа.

Аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, усны аврах ажиллагааны багаж хэрэгсэл ашиглах, усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах чадварыг эзэмшлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшлов

УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы хуралдаан хойшиллоо. Гишүүд УИХ-ын сонгуулийн хуулийг баталснаас хойш орон нутагт томилолттой, тойрогтоо ажиллаад завгүй явна.

Тиймээс ч өчигдөр товлосон байнгын хороодын хуралдаан мөн ирц бүрдээгүйгээс хойшилсон.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сайнбаяр: “Уухай” хөдөлгөөн бол нийгмийн захиалга

“Уухай” хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяртай ярилцлаа.


-“Уухай” хөдөлгөөнийг яагаад байгуулсан юм бэ. Чухам яагаад ийм нэр өгсөн юм?

-Яагаад гэдэг асуултад маш олон тайлбар хэлж болно. Хоёр намын хоорондын зодооныг харж байна. Долоо хоног болгон л нэг сенсацитай мэдээ гарах. Энэ 76 болоод сайдаар ажилласан хүмүүсийн овилгогүй, ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдлүүд, тэдний ганцаарчилж болон хамсаж хийсэн асуудал дэндүү их байна. Тэд өөрсдөө ч энийгээ хүлээн зөвшөөрч байх шиг. Саяхан УИХ өөрөө таръя гээд явж байсан нь үүний сонгодог илрэл. Тэдний зохиосон жаран тэрбумын асуудал шүүхээр шийдэгдээд, зарим нэгдээ ял үүрүүлээд явж байна. ЖДҮ тун удахгүй ард түмний өмнө, шударга ёсны өмнө шүүлгэх байх. Юутай ч бай төр өөрөө ялзарчихсан байгаа нь өдрөөс өдөрт улам тод болж байна. Энэ бүх муу муухай ээлжилж эрх барьж ирсэн хоёр намаас л үүдтэй. Өнөөдөр ард түмэн бид эмгэнэлт жүжиг үзэж байгаа үзэгчид болчихож. Энэ хоёр намын хийсэн гэмт хэргүүдийг савангийн дуурь үзэж байгаа аятай хараад суудаг болжээ. Бид энэ бүгдээс үнэхээр залхаж байна. Шинэ үеийн залуучууд одоо хөдөлж, өөрчлөлт хийхийн төлөө үйлдэл хийх цаг ирсэн. Энэ утгаараа Уухай хөдөлгөөн бол нийгмийн захиалга юм. Өөдрөг ирээдүйн төлөө хамтдаа уухайлцгаая гэж бид Уухай нэр сонгосон. Мориндоо мордсон монголчууд уухайлаад урагш давшихад дэлхийн талыг эзэлж байсан түүх бий. Нөгөө талаас монгол хүн зөв үйлдлийг уухайс даа гэж дэмждэг. Монголын баг гоол оруулахад бүгд хамтдаа уухайлдаг. Их сайхан үг шүү. Орчин үеийн залуус байж яасан хуучинсаг юм гэх хүнтэй ч таарсан. Хуучинсаг үг биш ээ. Харин ч эртний бүхэн хамгийн орчин үеийн болдог цикл бий.

-Та хэдийг сонгуульд өрсөлдөхийн тулд нэгдэцгээж гэж ойлголоо.

-Сая нийтэд дэлгэсэн дөчин залуугийн танилцуулга зураг, маш олон хүнд хүрлээ. Фэйсбүүкээр, жиргээн дээр давхардсан тоогоор 2.5 сая хүнд хүрсэн байна. Эндээс харахад иргэдийн дэмжлэг, хүлээлт маш их байна. Энэ дөчин залуу бүгд нэр дэвшихгүй. Хөдөлгөөний залуучуудын төлөөлөл болгож л ил тавьсан хэрэг. Зураг дээрх залуусаас гэхэд тал нь нэр дэвшихгүй, “Уухай” хөдөлгөөний санаачилгыг дэмжигчид. Төрөл бүрийн салбарын залуус байгаа. Энэ хөдөлгөөнд нэгдье, хамтдаа урагшаа явъя, нэр дэвшье гэсэн залуус нэмэгдсээр байна.

-Хуулиараа намаас юм уу бие дааж нэр дэвшинэ. Гэтэл та нар хөдөлгөөн байгуулчихсан. Янз бүрийн намд харьяалалтай залуус байна лээ. Намаас нэр дэвшиж УИХ-д өрсөлдөнө гэсэн үг үү, эсвэл бүгдээрээ бие даах юм уу. Хөдөлгөөний нэрэн дор сонгуульд нэр дэвших боломжгүй шүү дээ.

-Тэр ойлгомжтой. Бид хөдөлгөөнөөр сонгуульд оролцох гээгүй. Аль нэг нам олонх болох нь бидэнд асуудал биш. Харин зөв залуус олонх болох нь чухал. Өөр, өөр намд харьяалалтай хорин залуу гараад ирлээ гэхэд хэдий нэг нам биш ч гэлээ үнэт зүйлс дээрээ санаа нэг байж, өөр өөрийн намдаа нөлөөлж улмаар төрөөс зөв бодлого гарах үйлст нөлөөлөх бүрэн боломжтой. Нарийн яривал бидний зарим нь гуравдагч хүчин байгуулах асуудал ч нээлттэй шүү дээ.

-Гадаадад боловсрол эзэмшсэн залуусаар “Уухай” хөдөлгөөн дүүрчихсэн юм шиг харагдана лээ. Монголын амьдралыг мэддэг л байгаа даа..

-Мэдэлгүй яахав. Бид заавал гадаадад төгссөн хүмүүсийг цуглуулъя гээгүй. Нийтлэг найз нараараа цуглахад ерөнхийдөө гадаадад магистр төгссөн залуус олон болчихсон байна шүү дээ. Энэ хүмүүсийн ихэнх нь Монголд дунд сургууль, их сургууль, бакалавр дүүргэсэн. Тэдний л төлөөлөл. Анхны зурагт хуудаст зай байгаагүй учраас төгссөн бүх сургуулийг нь жагсааж амжихгүй, сүүлд төгссөн сургуулийг нь жагсаагаад тавьчихсан. Дотооддоо төгссөн залуус олон байгаа. Манай хөдөлгөөнд инженерүүд, эмч нар, бас мянгат малчин хүн ч байна. Янз бүрийн салбарын залуус байгаа.

-Нам шиг гишүүнчлэлтэй байх хэрэг үү?

– Бидэнд хатуу гишүүнчлэл байхгүй. Дэмжигчидтэй. Дэмжигчдэдээ зориулсан бодлогоо боловсруулаад онлайнаар бүртгэлээ хийж байна. Одоогоор мянга гаран хүмүүс бүртгүүлээд байна. Цаашид олон арван мянган дэмжигчидтэй болох, үндэсний хэмжээний хөдөлгөөн болох болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Уг нь бидэнд анх хөдөлгөөн байгуулах төлөвлөгөө байгаагүй. Клуб маягаар ажиллаж байгаад л эхнийхээ уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр юун дээр санал нэгдэв.

– Одоо нэгэнт батлагдсан зүйл дээр юу хэлэхэв. Ажлын хэсэгт нь байсан олон хуульч залуус манай Уухай клубт байж таарсан. Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, доктор О.Мөнхсайхан, доктор Б.Гүнбилэг, хуульч Ж.Эрхэмбаатар, хуульч Д.Үүрцайх гэх мэт салбарын түүчээ болсон залуус. Мэдээж бид нам үл харгалзан парламентын засаглалаа хамгаалж үлдэх, шүүхийн хараат бус байдал, кабинетаа өөрөө бүрдүүлдэг, хариуцлагаа өөрөө үүрдэг хүчтэй ерөнхий сайдтай байх ёстой гэх мэт олон үндсэн асуудал дээр байр суурь нэг байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц дэвшлүүд гарсан.

-Уухай хөдөлгөөний гишүүн байхын тулд ямар нэг шалгуур бий юу?

– Зөв хүн байх ёстой. Зөв гэдэг нь барьцгүй, субьектив байж магадгүй ч гэсэн зөв мөртэй байх ёстой. Одоо энэ дөчин хүн ямар нэгэн байдлаар авлига авч байгаагүй. Худлаа ярьж байгаагүй. Хулгай хийж байгаагүй. Өнөөг болтол өөрийгөө ажиллаж буй салбартаа нотолж чадсан тийм залуус. Дийлэнх нь хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан.

-Намын шинэчлэл ярьсан залуус цаанаа нэг эзэнтэй, тэр хүнийхээ заавраар шинэчлэл ярих нь бий. Та хэдийг дэмжиж байгаа хүмүүс ч байна. Хардах хүмүүс ч байна.

-Анхны уулзалтаар бид нэг юман дээр тохирсон юм. Ах нар гэж ярихаа больцгооё. Тэд нарыг тэгж ярьж, баярлуулж, алдаршуулахаа больё. Одоо улс орны хувь заяаг ах нарын үе биш, харин манай үе өөрсдөө зурах цаг нь болсон гэж. Энэ бол бидний дунд анх тогтсон маш чухал ойлголцол төдийгүй Уухай хөдөлгөөний маш чухал мөн чанар гэх үү дээ.

-Жишээлбэл, өөрийг тань Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ажиллаж байсан хүн учраас хөдөлгөөний ард түүнийг байгаа гэж хардаж байна лээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой 2009 оны сонгуулийн өмнө хэрэв та гадаадад суугаа 120 000 монголчуудын сонгох эрхийг хуульчлахыг дэмжвэл би таныг дэмжье гэж хэлээд анх танилцаж байсан. Тухайн үед би Цахим өртөө холбооны удирдах зөвлөлийн дарга байсны хувьд энэ талаар багагүй хүчин чармайлт гаргаж ажиллаж байсан цаг. Гадаадад есөн жил байхдаа нэг ч удаа сонгох эрхээ эдэлж чадаагүй миний хувьд энэ их чухал тохиролцоо байсан юм. АН, ИЗНН-тай санамж бичиг зурж, парламентын гишүүдэд уриалга, албан бичиг явуулах гэх мэтээр бидний хэсэг нөхөд ажилласан. Тэр сонгуулийн хууль хожим батлагдаж 2012, 2013 оны сонгуульд гадаадад суугаа монголчууд сонгох эрхээ эдэлсэн. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлигын эсрэг тэмцэнэ гэхэд тэр үед итгэж найдаж, дэмжсэн олон мянган залуусын л нэг. 2013 онд ч мөн ялгаагүй. Ялгаатай нь би тэр хүний сонгуульд сошиал медиа багийг нь удирдаж оролцож байсан. 2013 оноос Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан. Энэ утгаар нь намайг Элбэгдоржийн хүн гэж хаяг зарим хүн зүүхийг хичээдэг. Залуусын хүндэлдэг Датакомын Д.Энхбат гээд хүн байж байна. Тэр хүнийг орон тооны бус зөвлөх нь байсан гээд Ц.Элбэгдоржийн хүн гэж харах уу? Уухай хөдөлгөөнд байгаа Болдбаатарын Гүнбилэг гэж манай найзыг М.Энхболдын хүн гэж зарим нь ярих. Энэ хүн чинь УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл даргын зөвлөхөөр бас ажиллаж байсан шүү дээ. Иймд Ж.Болдбаатарын хүү Гүнбилэгийг М.Энхболдын хүн гэж би хэзээ ч боддоггүй. Тэрэн шиг манай найз нар ч намайг Ц.Элбэгдоржийн хүн гэж хардаггүй. Тэд намайг олон жилийн өмнөөс хэн бэ гэдгийг мэднэ. Зохион байгуулалттайгаар бие биедээ ийм шошго зүүхээ больчихмоор байгаа юм. Ингэж хандъя гэвэл монголчууд бүгдээрээ л хэн нэгний хүн болно. Одоо энэ дүрмээр явбал МАН-ын удирдлагад байгаа бүх хүмүүс Н.Энхбаяр гуайн хүмүүс болж таарна. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институтэд ажиллаж байснаараа хувьдаа бахархдаг. Ерөнхийлөгчийн зарим зүйлд зөвлөж, хэлэх үгийнх нь нооргийг бэлдэж өгч байснаас өөр онцгой харьцаа байгаагүй. Уухайгийн залууст өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн замнал, өөрийн гэсэн бахархал бий. Нэг шуудайнд ороод хэн нэг улстөрчийн дохиур болох хүмүүс биш.

-ХҮН-ын нэлээд олон залуус танай хөдөлгөөнд байна лээ. Энэ намын залуус нэр хүндтэй байснаа хагаралдаад хоёр тийш болсон. Магадгүй ийм байдалд хүрэхэд нь зарим улстөрч, улс төрийн хүчнүүд нөлөөлсөн байх. ХҮН-д тохиолдсон үйл явдал танай хөдөлгөөнд тохиолдох вий дээ. Үүнээс яаж сэргийлэх юм?

-ХҮН зөв юм ярьж гарч ирсэн сайхан залуусын нэгдэл. Хоёр нам тэр тусмаа Ганбаатар гэдэг хүн энэ намын орон нутаг дахь салбар нэгжүүдэд өөрийнхөө хүмүүсийг шургуулж, аргагүй байдлаар энэ намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхдээ намын удирдлагыг бас гартаа авна гэж зөрүүдэлснээс, түүнчлэн хоёр нам захиалгаар хүн оруулж, тал талаас нь нухчин дарсан. Би нам дотор нь байгаагүй ч гэсэн ихэнхийг нь мэддэгийн хувьд хэлэхэд Дээд шүүхээр хэн намын дарга байх нь, хэний зөв нь шийдэгдчихсэн шүү дээ. Анзаарсан бол сонгуулийн дараа МАН нэгдүгээрт, АН хоёрдугаарт, гуравдугаарт ХҮН-аас бие даасан залуучууд хамгийн олон санал авсан байсан. Ардчилсан нам тэр үед өөрийнхөө саналыг хуваачихсан шүү дээ. ХҮН-ын залуусыг шахах гээд сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь АН-д л ашиггүй туссан. Дээрх зүйл давтагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөхцөл байдал бол тэс өөр юм. Уухай бол нам биш, хөдөлгөөн. Намуудын төлөөллөөс бүрдсэн Уухай хөдөлгөөний үг үйлдэл сонгогчид төдийгүй, хоёр том намын дотоод шинэчлэл, бодлогод ч нөлөөлнө.

– Энэ залуус таныг ерөнхий зохицуулагчаараа яагаад сонгосон юм бэ?

-Эргээд харахад их сургууль төгссөнөөс хойш 15 жил хувийн хэвшилд ажиллажээ. Олон сонирхолтой ажил, сайн дурын үйлст байнга идэвхтэй оролцож явсны ачаар олон салбарын найз нөхөдтэй болсон мэт. Хөдөлгөөний залуустай ямар нэг учиг, үйлсээр холбогдсон хүмүүс байдаг. Арван жилийн андууд гээд л эхэлнэ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа бол 93 дугаар сургуулийн нэг анги, хуульч Б.Гүнбилэг бид орос 83-т нэг анги байсан. ХҮН-ын залуустай 2000 оноос хойш гадаадад оюутан байх үеэсээ л танилцаж нөхөрлөсөн. Эрин М.Тулгат, Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаяр бид оюутан байхдаа Чикаго, Токио, Лондон, Сөүл, Сидней гээд таван хотод салбартай монгол номын дэлгүүр байгуулж, ном зарж, хамтдаа ном гаргаж танилцсан найзууд. Б.Дөлгөөн бид анхны блогчдын арми, блогчид нийлээд “Дэлхий бол хавтгай” номыг хамт орчуулж байж. Зарим нь Forbes сэтгүүлээс шалгаруулсан 30/40 манлайлагч клубийн нөхөд. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг М.Чимэддорж, С.Санасэр, Х.Номингэрэл анд нартайгаа байгуулж байлаа. АН, МАН, ХҮН намын төлөөлөл, хэвлэл мэдээлэл болон бусад салбарт түүчээ болсон залуусын төлөөлөл нэг дор цуглаж уулзсан нь тун онцлог явдал. Есдүгээр сарын 20-нд Пянз цуглуулагчдын клуб дээр анх уулзаад л долоо хоног бүр нэг нь илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж эхэлсэн. Сүүлдээ хөдөлгөөн болж хувирлаа. Бодвол анхны уулзалтыг санаачилж, уулзалт хийсэн гэдэг утгаар намайг зохицуулагчаар сонгосон байх.

-Хөдөлгөөнд байгаа залуус тэс өөр үзэл баримтлалтай хэрнээ УИХ-д орвол үзэл санаа нэгтэй байна гэх юм. Нэг л ойлгохгүй байна?

-Намуудын үзэл баримтлалын ялгаа нэг их байж ирээгүй шүү дээ. АН баруун төвийн үзэлтэй нам гэж цаасан дээр тунхаглах мөртөө хамгийн социалист бодлого явуулдаг. Заримдаа МАН нь болохоор АН-ын хийх ёстой баймаар баруун төвийн бодлого заримдаа явуулдаг. Бидний хувьд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хариуцлага, хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж, авлигагүй төр, ядуусгүй нийгмийг цогцлоох дээр ижил үзэл бодолтой залуус цугласан. Татварын бодлого ч юм уу, аливаа салбарын бодлого дээр санал зөрөлдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дундаа хэлэлцээд зөв шийдвэр гаргах чадамжтай залуус. Аль нэг фракцаас үл хамааран бие даасан, улс эх орноо бодсон зөв бодлого гаргах чадамжтай байгаа нь бидний давуу тал. Бид хэн нэгэнд барьцаалагдаагүй нь бас бидний давуу тал. Одоо байгаа 76 өөрсдийнхөө бүлэг дээр дэмжиж олонхоороо зуун хувь оруулсан хуулийн төслөө цагийн дараа чуулганы хурал дээрээ эсрэг дарж унагааж байхыг бид харж байна. Энийг одоо юу гэж ойлгох уу. Ийм хурдан саналаа өөрчилж байгаа хүмүүст би л лав итгэхгүй. Тэнд өөр эрх ашиг үйлчилж байна.

-Та аль нутгийн хүн билээ, аав ээжийгээ танилцуулна уу. Хаана сурч боловсров?

-Миний аав Тангадын Даваабат. Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Аавын талд бичгийн, эрдмийн хүмүүс олон байдаг. Шударга үг, хурц ухаанаараа Тангад өвөө маань нутагтаа их хүндлэгддэг байжээ. Долоон хүүхдийн отгон хүү болох аав минь багадаа өнчирсөн. 15-тайдаа Свердловскт ТМС руу яваад 17-той төгсөж ирээд хотын бүтээн байгуулалтад барилгачнаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. Дараа нь ЗХУ-т Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд барилгын инженерээр сурсан. Онц сурдаг байсан тул Эрхүүгийн сонин хэвлэлд үлгэр жишээ оюутан болж гардаг байж. Барилгын яаманд хэсэг ажиллаад олон жил Барилгын зургийн институтэд ажилласан. 18 аймгийн барилгын төслүүдийг хянадаг, зургийг нь гаргадаг мэргэжлийн инженер хүн байсан. Ээж маань Ядамсүрэнгийн Алтанцэцэг Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул. Их эмч мэргэжилтэй, насаараа эрүүл мэндийн салбарт ажиллаад сүүлийн арав гаран жил дээд сургуульд багшилж байгаа. Өвөө Дэмбээгийн Ядамсүрэн гэж маш залуудаа сум, нэгдлийн даргаар сонгогдож, аймгийн хянан шалгах хороонд олон жил даргаар ажилласан, маш багадаа бичиг эрдэм сурсан, удамтай айлын хүү байжээ. Өвөө, эмээ нар маань өнгөрсөн зууны бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон хүмүүс. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Баруун дөрвөн зам, нэгдүгээр хороололд бага насаа өнгөрөөсөн. 1998 онд 17 настайдаа халаасандаа долоон зуун доллартай Америк руу явж байсан. Тэнд их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаад Монголд ирсэн. Аав, ээж минь эрдэм номыг их дээдэлдэг, энгийн сайхан сэхээтэн хүмүүс. Аав минь шударга хөдөлмөрийг багаас минь их зааж сургасан. Тавдугаар ангиасаа хойш дунд сургууль төгстлөө аавынхаа компанид ажил хийдэг байсан. Ханын цаас наагаад л явдаг байлаа. Ээж минь “Хүүхдээр ажил хийлгэлээ” гэж аавыг зэмлэхээр “Хүүгээ би хөдөлмөрч хүн болгож байгаа юм” гэж хэлдэг байсан.

– Та томоохон группүүдэд өндөр албан тушаал хашиж байсан. Амжилттай бизнесмэн яагаад улс төр сонирхох болов. Бизнесээ хийгээд явбал улс эх орондоо оруулж буй хувь нэмэр биш үү?

-Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь иргэн хүний үүрэг, залуу хүний хувьд өөртөө үүрүүлж буй хариуцлага. Тэрнээс ажил мэргэжил, карьерийн асуудал бол биш. Төрд ажиллах сонирхол надад байсан бол аль эрт томоохон албан тушаалуудад томилогдох боломж, бололцоо, санал бишгүйдээ ирж байсан. Би тэр саналуудаас байнга татгалзаж ирсэн. Нөгөөтэйгүүр ёс зүйн хувьд болоод мэдлэг чадвар сул, улс орноо хөгжүүлэх сэтгэлгүй тийм улстөрчид улс орныг буруу залаад байгааг хүн болгон хэлдэг, телевизээ асаах болгонд л ярьж байна, мөн үү? Энэ байдлыг өөрчлөхийн төлөө бидний хэсэг залуус үйлдэл хийж байгаа юм. Энэ нь Уухай хөдөлгөөн. Сонгуулиар олонхын суудал авсан нам төрийн эрхийг гартаа авдаг. Нэг ёсондоо намуудын дотроо шигшиж, нэр дэвшүүлсэн 76 хүмүүсээс ард нийт сонголт хийх болдог. Хоёр том намын хувьд 152 хүнийг ард нийтэд танилцуулна. Энэ 152 хүн Монголдоо хамгийн их хайртай, хамгийн их мэдлэгтэй, хамгийн мундаг 152 хүн гэж бодож байна уу? Нам дотор нэр дэвшигчээ шалгаруулах процесс нь өөрөө хамгийн том авилгалын пирамид дээр тогтдог юм. Энэ бол Монголын улс төрийн гажуудлын эх бөгөөд улмаар төр гажуудахын үндэс болдог. Сүүлийн 20 жилийн хооронд болсон бүх сонгуулийн нийтлэг дүнгээр 18-30 настнуудын 60-70 хувь нь саналаа өгдөггүй гэсэн зүй тогтол байгаад байгаа. Тэдний ихэнх нь саналаа өгөөд ямар ч нэмэргүй, очоод сонголт хийх гэхээр ялгаагүй хүмүүс байдаг, бидний сонгохыг хүссэн хүн нэр дэвшдэггүй гэж хэлдэг. Ер нь тийм сонгочмоор хүмүүс их цөөн нэр дэвшдэг, байлаа гэхэд нэр дэвшүүлдэггүй. Тэгэхээр Уухай хөдөлгөөн энэ байдлыг засаж залруулахыг л зорьж байгаа юм. Бид сонгогчдод алтернатив сонголтыг бий болгоно. Бид хөдөлгөөнийхөө шугамаар зөв залуусыг санал болгоно. Бас нийт сонгогчдыг нам үл харгалзан зөв хүмүүсийг сонгохыг уриална. Сонгогчдын боловсролд нөлөөлөх үйл ажиллагаа хийнэ. Энэ хөдөлгөөн амжилт олж, зөв залуус төрд орвол бидний зорилго биелнэ. Үе үеийн залуус ачааны хүндийг үүрч ирсэн байдаг. Одоо манай үеийнхэн хүссэн хүсээгүй ачааны хүндийг үүрэх цаг ирсэн. Нийгмээ жаахан ч гэсэн урагш нь алхуулахын төлөө бэртэгчин зан гаргаж, хойш суулгүйгээр сурсан мэдсэнээ улс орондоо зориулж, эрч хүчтэйгээр ажиллая, зөв залуусаа дэмжье гэж бид зорьсон.

-Өнөөдөр нэр дэвшихийн тулд мөнгө өгч байна. Та хэд тэдэн шиг ЖДҮ-гээс тэрбум тэрбумыг авсан хүмүүстэй өрсөлдөхөд хэцүү биш үү?

Угтаа их хурлын сонгуульд их хэмжээний мөнгө зарлагадах шаардлагагүй юм. Шаардагдах ёсгүй. Үүнийг бид нотлохыг зорино. Мэдээж ухуулагчийн цалин, сурталчилгааны материалуудад хуульд заасан хэмжээний зардал гарах ёстой. Уухай хөдөлгөөний залуус мөнгөөр санал худалдаж авдаг тийм муухай системээс татгалзаж байна. Энэ далимд сонгогчдодоо уриалмаар байна. Аяга, таваг, данх, мөнгө тараасан хүнийг битгий сонгоорой, зөв хүмүүстээ итгэж найдаад саналаа өгөөрэй гэж хүсч байна. Энэ удаагийн сонгуульд та бүхэнд сонголт хийх, сонгочихмоор залуус олноор нэр дэвших болно.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжтэй боллоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйтийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай системийг боловсруулсан. Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн малчин, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Цаашид системийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангах зорилгоор мэдээллийн сан, программ хангамжийн эх кодыг нөөцлөх, нөөц сервер үүсгэхэд зориулж ашиглах компьютер, цахим мэдээлэл хадгалах төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэдтэйгээ цасанд суусан иргэнийг аварчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас /аймгийн төвөөс урд зүгт 210 км-т/ Сүхбаатар аймгийн чиглэлд 12.24-ний өдрийн 08:00 цагийн орчимд иргэн Б /57 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 алба хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай, нийт 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:50 цагт Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ сураггүй болсон 2 иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Луугийн хүчнээс эмээхийн учир

(Өнгөрсөн хойно мэргэн болох шиг амархан зүйл байхгүй)

Өмнөтгөл:

“Болгоомж бол зөв шийдлийн ээж. Болгоомжтой нэг нь ивээгдэнэ”. Мэргэдийн ийм нэгэн сургаалыг зорин байж сануулж, бодон байж сэрээхийг хүссэнд минь учир бий.

Аюулгүйн эхний алхмыг болгоомж хэмээн оношилдог. Тэгвэл чухам юунаас, яагаад болгоомжлох ёстой вэ? Бидний өмнө аюул тийм ойрхон байгаа гэж үү? Асуултын хариултыг, болгоомж хүсэн учирласан шалтгаанаа Танд ойлгомжтой хэлбэрээр, тайлбарлан хүргэхийг хичээлээ, Та мэргэн оюундаа тунгаана уу!

Ирээдүйн нөлөө ба тусгал

Монгол Улсын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх хүчтэй салбар юу вэ?. Мэдээж Гадаадын банкны салбар (ГБС) манай улсад үйл ажиллагаа явуулах, эсэх тухай юм. Тэр тусмаа хаяа зэргэлдээ хэт хүчирхэг хөрш улсын банкны салбар орж ирвэл зөв зохистой биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой гэдгийг юун түрүүнд бодоорой. Богино хугацаанд биш юм гэхэд алс хэтдээ.

Таагүй үр дагаврыг товч дурдъя, 1 – рт, манай үндэсний банкууд томоохон хэмжээнд өрсөлдөх чадваргүй байна. 2 – рт, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын чанартай зээл олгодог. Энэ ч утгаараа “сорчлох ажиллагаа” шууд өрнөнө. “Сорчилно” гэдэг нь, манай жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихээсээ илүүтэй тухайн улсын санхүүжилтээр өндийж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдэд төвлөрөхийг хэлээд буй хэрэг. 3 – рт, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан автоматаар өснө. 4 – рт, энэ бүгдийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байна. Ийм таагүй дүгнэлтээр угтвар ивж, хардан болгоомжлоод буйд минь олон шалтгаан бий.

Монгол Улс ГБС – ыг оруулж ирэхэд бэлэн биш байна, өнөөдөр. Юуны өмнө банк, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах бодитой бодлого хэрэгжүүлэх асуудал зайлшгүй шаардлагатай байна.

Зөв зүйтэй бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эхлээд банкны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах хүмүүс мэргэжлийн байх нь чухал.

Монгол Улсын банктай холбоотой 55 гаруй хуулийг энд заавал дурдмаар байна. Өө сэв ихтэй, дутуу дулимаг хуулиудыг Төв банкны болон бусад холбогдох яам, агентлагийн үе үеийн чадваргүй гэхээсээ илүүтэй улс орноо сэтгэл зүрхнээсээ хөгжүүлье гэсэн бодолгүй, сэтгэл муутай, онол муу мэддэг гэхээсээ хүнд сурталд автагдсан, бодит амьдрал дээр бизнес яаж хийгддэгийг ойлгодоггүй, туршлагагүй мэргэжилтэн, түшмэд, захирлууд, сайд, дарга нар, Ерөнхийлөгчид тухайн үеийнхээ УИХ – ын холбогдох гишүүдтэй нийлж, хамтран боловсруулж баталснаас үүдэлтэй. Үнэндээ бидний тулгамдсан асуудлын нэг нь энэ.

Харж, сэрэх, шийдвэрлэх учиртай асуудал нэг бус байна. Жишээлэхэд, өнөөдөр Монголд 13 – н арилжааны банк нэг салбарт яг ижил бизнесээр өрсөлдөж байна. Ингэснээр аль алинаа хоосруулж (олсон нэг төгрөгийн орлогоо 13 хуваана гэсэн үг), хүчээ тарамдуулахаас цаашгүй. Гэтэл үүнийг бодлогоор зохицуулж, цөөлөх талд ач холбогдол өгөлгүй өдийг хүрлээ. Угтаа “Манай банкны салбарын бодит төрх мэдлэггүй улстөрчид, бодлого тодорхойлогчид буюу удирдагчдын маань толины тусгал”.

Хамаарал

Юун түрүүнд, гаднын банкны Төлөөлөгчийн газрыг, салбарыг нь оруулж ирэх, эсвэл охин компанийн хэлбэрээр үйл ажиллагааг нь дотоодод ажиллуулах гэдгийн ялгааг тайлбарлая.

Төлөөлөгчийн газар: Толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүй. Тодорхой судалгааны шинжтэй, Төв рүүгээ мэдээлэл илгээх үйл ажиллагаанд төвлөрдөг.

Салбар банк: Монголд байрлаж байгаа ч гадаад дахь толгой банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөц, удирдамж, чиглэл, бодлогоор шууд өрсөлддөг баг бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, манай хууль тогтоомжийн дагуу бус өөрийн улсынхаа холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна (Бидэнд тун осолтой хэлбэр).

Охин компани: Дүрмийн сангаа толгой банкнаасаа тусгаарлаж, манай орны хууль эрх зүйн дагуу өрсөлдөнө. Бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдана. Эндээс харахад бидэнд аль нь эрсдэл багатай вэ гэдэг тодорхой байгаа биз.

Монголд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар охин компаниа байгуулсан банк гэвэл “Чингис хаан”, “Кредит” зэрэг. Охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад хүртэл төрийн өмчлөлтэй банк уу, хувийнх уу, бүр цаашлаад хөрш улсынх уу, гуравдагч улсынх уу гээд олон зүйлийг хоршуулан тунгаан бодолцох ёстой.

Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо гээд бусад аж ахуй, үйлдвэрийн хөрөнгө оруулагчид хийдгээ л хийнэ. Түүнээс биш бусад салбарын хувийн хэвшлийн ажилд оролцох бүү хэл нөлөөлөх ч боломж бага.

Харин банк бол зах зээл дээр үйл ажиллагаа явуулж, оролцож байгаа ямар л салбар байна бүгдийг онилж чадна. Тэдгээрт мөнгөний эх үүсвэр, зээл, худалдааны санхүүжилт г. м. олон зүйл дээр дэмжих эсэх, хэр өрсөлдөхүйц байх вэ гэдэгт нь шууд нөлөө үзүүлэх бодлогын бизнес хийдэг. Жишээ татъя. Уул уурхай, газар тариалан, барилга, зам, гүүр гээд улирлын ажлууд байна. Тэнгэр цаг агаарт тааруулан тохируулж, шийдэл шийдвэрээ даруй гаргахгүй бол шууд жил алддаг бизнес. Ийм бизнест төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажил, бараа материал татан авалт, ханган нийлүүлэлтээс гадна банкнаас зээл олгох уу, үгүй гэдэг шийдвэр хамааралтай.

Банк хэн нэгний зээлийг хатуу шаардлагаар ганц долоо хоног уяхад л дотоодын аж ахуйн бизнесийн үйл ажиллагааны горим алдагдаж, төлөвлөгөөнд нь эрсдэл үүсдэг.

Энэ бол аливаа бизнест чөдөр болдог нэг жишээ. Газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарын аж ахуйн нэгжүүдийн бизнес давтамжийг хоёр, гурван жил чөдөрлөж түвэг удахад л бүх зүйл ганхана. Барьцаагаа алдахаас эхлээд ар араасаа ханарна гэсэн үг.

Гинжин хэлхээ

Сүүлийн дөрөв, тавхан жилд хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн цаана найман хувийн зээлээр байртай болсон өрх хэдийнээ 100 – н мянгад хүрсэн. Энэ том ажилбарын маш чухал ач холбогдлыг иргэд үнэндээ мартчихдаг. Барилгын салбар дахь мэргэжлийн болоод бусад үйлчилгээ, электрон бараа, мебель тавилгаас эхлээд л худалдаа үйлчилгээний бүхэл бүтэн сүлжээ энд хамаатай. Бүх үйл ажиллагаа мөнөөх найман хувийн зээл гэх том хүчин зүйл дээр босож өндийж, амьсгалж байна. Төрийн бодлогоор нэгнийгээ дэмжих том, шинэ орон зайг банкныхан ийнхүү бий болгосон юм.

Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэдэг үзүүлэлт чухал байдаг. Хүмүүс зээл авах бололцоо байна уу, үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлт юм. Монгол Улсын энэ үзүүлэлт муугүй. Бодоод үз дээ. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгж Танд олдох болов уу. Хүртээмж сайн, боломж бололцоотой байгаагийн илрэл энэ. Гэтэл үүнийг сөрөг талаас нь харж, “зээлгүй хүн алга” хэмээн толгой сэгсрэн шогширдог нь харамсалтай. Нөгөө талыг харвал, зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн том асуудал байдаг нь гарцаагүй үнэн. Уг нь төрийн бодлогоор энэ асуудлыг тодорхой хугацаанд, түргэн шийдвэрлэх шийдэл хангалттай бий.

Өрсөлдөөн

Зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах ямар шийдлүүд байж болох вэ. Нэн тэргүүнд, Арилжааны банкууд иргэдийн хугацаатай хадгаламжид жилийн 11 – 14 хувийн хүү төлдөг. Үүнийг УИХ, Монголбанкнаас буулгах бүрэн боломжтой.

Мөн өдөртөө, маргаашдаа, богино хугацаанд мөнгө нь гардаг Харилцах дансанд буюу урсгал дансанд банкууд тав хүртэл хувийн хүү төлдөг явдлыг хориглох гээд шийдлүүд байна.

Үнэ цэнэ

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын лиценз эзэмшигчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалж болдог.

Тухайн банк нь барьцаалсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээдэггүй. Эндээс харахад, гадаадын банкууд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах эрх нээлттэй.

Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн заалтаас сөхье. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, бүрэн төлөөгүй, мөн барьцааны зүйлийг аль нэг этгээд дуудлага худалдаагаар аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөрт тооцож, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх боломжтойг уг хуулийн заалтаас харж болно.

Модун Шанью хаан “Газар бол улсын үндэс” хэмээсэн. Ухан ойлговоос, үнэ цэнийг нь шууд үнэлж боломгүй, огтоос ондоо амин чухал хөрөнгө гэж байдаг. Манай үндэсний компаниуд, банкууд төлөвшиж, томроогүй байна. Чухам ийм үед газар, лиценз гээд амин чухал зүйлсийг барьцаалах эрхтэй гаднын банкийг оруулахыг манай улс хойшлуулсаар ирсэн нь нэг талаар Монгол төрийн зөв бодлого. Энэ ч утгаараа нөхцөл бүрдэж, бэлэн болсон цагт л үйлдэл хийх нь зүйтэй.

Гадаадын банкны салбарыг оруулах бол урт хугацааны бодлогын асуудал. Туршиж үздэг ч зүйл биш. Больж, сольдог зүйл бүр ч биш.

Ийн болгоомжлоод буй олон шалтгааны бас нэг нь барьцаа хөрөнгө. Учир нь хэн нэгний хувийн аж ахуй гэлтгүй их хэмжээний зээл авсан томоохон төсөл, бизнесийн барьцаа хөрөнгө гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжих бололцоо нээлттэй байна, өнөөдрийн хуулиар. Тэд хураан авснаа өөрийн улсын компани, эсвэл иргэнд ямар үнээр шилжүүлэх нь тэдний бүрэн эрхийн асуудал болчхож байгаа юм.

Тэрчлэн, Монгол Улсын Газрын тухай хуулийг сөхөөд нэг хараарай. Гаднын банк газар эзэмших эрхийг ч барьцаалах боломж нээлттэй. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай өнөөгийн хуулиар ч тэр гадаадын банк нь зээлийн барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.

Хандлага

Дахиад нэг эрсдэл. Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар гадаадын банк нь Монголд үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд зээлдэгч иргэн, хуулийн этгээдийн зээл, түүнтэй холбоотой мэдээлэл, лавлагааг онлайн болон бичгээр авах бүрэн эрхтэй. Тус хуулийн 6 дугаар зүйлд “Зээлийн мэдээлэл” гэдэгт яг юу байдгийг тодорхой заачихсан байгаа.

Товчхондоо бол санхүүгийн салбарын, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх эрсдэл энэ биш гэж үү. Муугаар бодоход, гаднын банк, аль нэг ажилтан нь шударга бус үйлдэл хийхээр шийдвэл харилцагчдын талаарх мэдээллийг өөрт ашигтай ямар ч хувилбараар эргэлдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Хэрэв иймдээ тулбал, манай улсын хуульд шууд захирагдахгүй. Гаднын иргэн, хувь хүний үйлдэлд үзүүлэх хүч мөхсөднө.

Дотоодын банкуудыг активтай нь харьцуулбал, жилийн 1.04 2 хувийн ашигтай. Өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал, жилийн 8 9 хувийн л ашигтай ажиллаж байна шүү дээ”.

Бид яах ёстой вэ? Гаднын банк, ямар нэг зээлдүүлэгч, хөрөнгийн эх үүсвэр хэмээхээс илүүтэй эхлээд байдлаа бодитойгоор харах нь чухал. Монголоор овоглосон байгууллага бүр ажилтнууддаа яаж боломжийн цалин олгох, зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр боломжит бүх талаас нь тунгаан бодож, ямар нэг арга хэмжээ авмаар байна. Гол нь үүнд төрийн бодлого үгүйлэгдэж байна.

Өнгөрсөн 29 – н жилд, тодруулбал, 1990 оноос хойш Монголын төр зээлийн хүүг бууруулах талаар юу хийв. Банкны салбараа бусад улс орнууд шиг санхүүгийн талаар дэмжсэн дорвитой, учир утгатай бодлого хэрэгжүүлсэн билүү? Шуудхан хэлэхэд ҮГҮЙ.

Тэрчлэн, дотоодын банкуудаа хагартлаа баяжигсад, мөнгө хүүлэгчид, ард түмнээ тоногсод хэмээн адлан буруутгадаг популист хандлага улам бүр батажсаар байна.

Үнэндээ Та бидний боловсролын түвшин муу, хандлага буруу байгаа цагт энэ хандлага өөрчлөгдөхгүй.

Банктай холбоотой хоёрхон тоо хэлье. Дотоодын банкуудыг активтай нь харьцуулбал, жилийн 1.04 – 2 хувийн ашигтай. Өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал, жилийн 8 – 9 хувийн л ашигтай ажиллаж байна шүү дээ.

Хомсдолд дөрөөлсөн бодлого

Гаднын банкны зорилготой үйл ажиллагаанаас эмээхийн учир юу вэ?. Тайлбар. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хямралтай, буурай хөгжилтэй байна. Чухам энэ нь гаднынхан дөрөөлөх аятай хөрсийг бүрдүүлж буй хэрэг.

Ашигтай, шимтэй бүхнийг зээлээр дамжуулаад эзэмшигчдээс нь авах, бидний эдийн засгийг мөнгө болоод зээлийн хомсдолоор ганхуулах, зээлдэгчдэд бодлоготой, ялгаатай хандах гээд ойлгочхож (Хөгжихгүй байгаа Ази, Африк, Латин Америкийн орнуудын туршлагаас харахад) болно. Жишээлэхэд, алтны лицензтэй ижил хоёр компанийн үзүүлэлт яг адил байлаа ч зээлээр аль нэгийг нь дэмжихээс л босох, сэхэх нь эхэлнэ.

Түүнчлэн, “амыг нь мөнгөөр таглах” явдал гарвал яах вэ, бид. Өнөөдөр хуучин социалист зүүн Европын орныхон зээлээ шийдвэрлүүлэхийн тулд Лондон, Парисыг зорьж байна. Үүнтэй адил монголчууд Бээжинг “хүсдэг” болж ч магад. Зүүн Европын орнууд банкуудаа барууныханд алдсан. Энэ нь бид хэзээ ч туршиж байгаагүй зүйл болох Гадаадын банкны салбар байгуулахад гарах эрсдэлийг ухан ойлгож, урьдчилан сэргийлэхийг сануулсан тод жишээ, үйл явдал мөн.

Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улс үүндээ хэдий харамсан гундуу байх ч, эргэж буцах тал дээр хэрхэхээ мэдэхгүй бухимдаж сууна”.

Яагаад заавал Бээжин гэж …? Чухам Бээжин рүү мордох уу, Лондонг зорих уу гэдэг тухайн банк хаанахын өмчлөл, харьяалалтайгаас шалтгаална. Хуучин социалист орнуудын дийлэнх нь өөрийн үндэсний арилжааны банкгүй болсон. Учир нь гэвэл зах зээлд ороод учраа мэдэхгүй мунгинаж байх хооронд баян бөгөөд хөгжчихсөн өөр улс орнууд банкуудыг нь худалдаад авчихсан. Ийм Үндэсний гэх банкгүй болсон тэдгээр улс үүндээ хэдий харамсан гундуу байх ч (бандан пад), эргэж буцах тал дээр хэрхэхээ мэдэхгүй бухимдаж сууна. Унгар, Болгар, Чех, Румын, Польш зэрэг улсын банкируудтай уулзаж, ярилцаж явахдаа үүнийг мэдсэн, харсан, харамссан.

Хямрал болох ахуйд барууны банкууд нь зээлээ зогсоочихно. Хэдхэн жилийн өмнө Унгар улсын тухайн үеийн Засгийн газар барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй хэмээн “ёс зүйгүй үйлдэл” хийж байв. Арга ядахдаа л ийн гэдийхэд хүрсэн нь тодорхой. Нэгэнт мөнгө өгсөн бол банкууд зээлээ, хүүтэй нь буцаан авч л таарна. Олон улсад баталгаажсан, мөрддөг хууль дүрэм гэж бий.

Үзэн ядалт

Монгол Улс олон арван жил хөршүүдтэйгээ энхтайванч, найрамдалт харилцаатай явсаар өдгөөг хүрсэн. Энгийнээр хэлбэл, бидний хооронд зарим нэг асуудлыг эс тооцвол өөр ямар нэг улс төрийн болон бизнес, аж ахуйн хэрүүл алга. Энэ нь бидэн шиг цөөхүүлээ, буурай орны хувьд маш чухал үнэлгээ. Тэр ч утгаараа ялангуяа, их гүрнүүд болох хөрш улсын төрийн өмчлөлтэй банкны салбарыг оруулж ирээд цагийн явцад хүндрэлтэй асуудал үүсвэл үр дагавар нь тун онцгүй байхыг олон олон жишээ, тайлбараас ойлгож буй биз ээ. Хэтдээ “Монголын төр мөнгө хүүлэгчдийн аманд иргэдээ, улсаа өглөө” гэсэн үзэн ядалт нийгэмд үүсвэл яах вэ?, хоорондоо дайтах уу?, үүнээс хэн хожих вэ?.

“Хятадын төрийн банк ороод ирвэл ажил жигдрээд, амьдрал сайжраад, улсаараа хөгжинө” хэмээн хээвнэг ярьж суух хүмүүс ч байх юм. Ийм бодлогогүй, мэдлэггүй, богино бодолтой хүмүүс бидний дунд байгаа нь эмгэнэл биш гэж үү.

Хэдийгээр өнөөдөр Хятадын төрийн банк хэн нэгний хүсэл мөрөөдлөөр ороод ирчихгүй ч их гүрний бодлого Монголд хүч түрэн хэрэгжихгүй гэх баталгаа алга.

Ер нь бол гаднын банк манайд хаалгаа нээж болно. Харин тэднийг өрхөө татаж, үүдээ нээхээс нь өмнө бид тулганы чулуу, хана, баганаа өөрсдөө тун сайн бэхэлсэн байх учиртай.

Зохицуулалт, хязгаарлалт, учир утгатай болзол, нөхцөлөө хууль, журам, гэрээндээ тодорхой тусгаж өгөх ёстой. Мэдээж улс орон бүр эдийн засгийн багтаамж, улсын хэмжээний чадамж буюу потенциал, газар зүйн байршил гээд хамааралтай бүгдийг тооцож, судалж, бодон байж хариу үйлдэл үзүүлдэг байж таараа.

Хүний хүн

Судалгаанаас харахад, гадаадын банкуудын үйл ажиллагааны зорилго, арга барил, хамрах хүрээ харилцан адилгүй байна.

Зүүн Европын орнуудад гадаадын банкууд тухайн улсын дотоодын банкуудын дүрмийн санд хөрөнгө оруулах, худалдаж авах, нэгтгэх замаар нэвтэрсэн тохиолдол давамгайлжээ. Харин Зүүн Азийн орнуудад охин компани, салбар байгуулах замаар үйл ажиллагаа явуулах нь хэвшил болсон байна.

БНСУ – ын жишээг харъя. ГБСалбар орж ирснээр өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын банкуудын зардлын үр ашигтай байдал сайжирчээ. Харамсалтай нь, аж ахуйн нэгжүүд дэх зээл олголтын хандлага жижиг, дундчуудад илүү хүндрэлтэй болсон байна.

Энэтхэг, Индонезид энэ үзэгдэл бүр хүчтэй илрэв. Өөрчлөлт дотоодынх нь том банкуудын ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөв. Жижиг, дунд гэхээс илүүтэй том компани, аж ахуйн нэгж, байгууллагуудад зээл олгох нь бүр хэтийдсэн асуудал болсон байна.

Мьянмар улс (54 сая хүн амтай) – ын Төв банк гаднын банк салбараа байгуулахыг зөвшөөрсөн. Сонирхол татах хэд хэдэн болзол тэд тавьжээ. 1 – рт, улс даяар ердөө ганцхан салбар банк үйл ажиллагаа явуулна. Ингэснээр цаг хугацааны эрхээр тухайн банкны үйл ажиллагаа ханасан хэмжээнд, тодорхой хязгаарт баригдаж байна гэсэн үг. 2 – рт, гаднын банкны салбар Мьянмарын жижиглэнгийн салбарт оролцохгүй. Гагцхүү том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь Мьянмарын улсаа хөгжүүлэх өөрийн үндэсний бодлоготой нийцэж байгаа юм. 3 – рт, валютаар зээл олгож болно. Харин үндэсний мөнгөн тэмдэгтээр болохгүй. 4 – рт, өөрийнх нь Төв банканд 20 тэрбум ам.долларыг жилийн нэг хувь хүртэл хүүтэй, 30 – 40 жилийн хугацаатай зээлдүүлсэн цагт л зөвшөөрнө.

Мьянмарын Төв банк нь энэхүү зээлдүүлсэн мөнгийг өөрийн рейтингээр дотоодынхоо арилжааны банкууддаа хуваарилан (дотоодын банкуудаа санхүүгийн хувьд хөл дээр нь зогсоох зорилгоор) зээлдүүлнэ гэсэн болзол тавьсан байна.

Эндээс харахад, алсаа бодсон зөв бодлого байж ч болно. Үүнийг цаг хугацаа харуулна.

Гэхдээ бидэнд одоо зөв, буруугаар талцан цаг алдах эрх алга. Монголд л ашигтай хувилбараар, үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байхаар гаднын банкуудтай зөв зүйтэй, илэн далангүй хэлэлцэх чадамжтай, бэлэн байх нь чухал.

Харамсалтай нь, манай удирдагчид гадаадын Төрийн өмчит банкийг шууд урьж залах хандлагатай байна”. Хүний хүн шиг бус, өөриймсөг сэтгэлгээ, үнэнч сэтгэл дутагдаж байна, бидэнд.

Төсөөлөл

Харин одоо гаднын банк орж ирвэл гайхалтай хөнгөлөлт үзүүлж, зээлийн хүү буурна гэх нийтэд нэлээд түгсэн ул суурьгүй ярианд анхаарал хандуулъя.

Яг бодит байдлыг анзаарч нэг хар даа. Хөрөнгө оруулагчид бидэнд бага хүү амлаагүй байна. Амлах ч үгүй. Гадаадын 63.7 хувийн хөрөнгө оруулалттай “ХААН банк”, 77.9 хувийн хөрөнгө оруулалттай “ХасБанк” – ны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхтай адил байгаа.

Тэрчлэн, манай улсад гадаадын банк орж ирснээр дунд болоод урт хугацаанд зээлийн хүү өнөөгийнхөөс 4 – 5 нэгж хувиар буурах юм гэнэ. Ингэснээр хөгжиж буй орнуудын дундаж түвшин болох 13.3 хувь руу орох боломжтой гэсэн таамаглалыг зарим мэргэжилтэн тооцоолжээ.

Үнэндээ гадаадын банкууд эрсдэл багатай том аж ахуйн нэгжид зээл олгодог нь судалгаагаар нотлогдсон. Үр дүнд нь жижиг, дунд аж ахуйн нэгжид зээлийн хүү буурна гэж юу л бол”.

Манай судлаачдын авсан жишээнээс харвал, Энэтхэгийн хувьд гадаадын банкуудаас олгосон нийт зээлийн 80 хувь нь аж үйлдвэр болон том аж ахуйн нэгжүүдэд хуваарилагджээ. Нийт зээл нь Энэтхэг улсад өндөр ашигтай ажилладаг ААН – үүдийн 10 хувь дээр эергээр нөлөөлсөн. Харин бусдынх нь зээл авах боломж найман хувь буурсан байна. Үүнийг дагаад дотоодынх нь банкуудаас жижиг ААН – үүдэд олгох зээл буурсан үзүүлэлт гарчээ.

Банк харилцагчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчдоос хадгаламж, харилцах данс, бонд зэргээр хөрөнгө мөнгө цуглуулна.

Ямар нэг төлбөрийг түргэн гүйцэтгэхэд шаардагдах буюу байгаа хөрөнгийнхөө 40 орчим хувийг нь бэлэн хадгалж, 60 орчмыг нь өөрт ашигтайгаар хүүтэй зээлдүүлнэ.

Тиймээс мөнгөө 100 хувь зээлд гаргахгүй. Харилцагчдын нэг нь өнөөдөр ч, маргааш ч ирээд авч магадгүй мөнгөнд төлдөг хүүгээ олоод, үйл ажиллагаагаа санхүүжүүлээд, ажилтнуудаа цалинжуулаад, хүмүүсийн хөрөнгө мөнгийг бүрэн бүтэн бариулж, санхүүгийн зуучлал хийдэг.

Мөнгөний илүүдэлтэй нэг нь банканд хадгалуулж хүү авна, хэрэгцээтэй нөгөө нь зээл авч ажлаа, бизнесээ бүтээгээд ашигласан хугацааныхаа хүүг нэмж төлнө. Тус хоёрын дунд зуучилсан банк үйл ажиллагааныхаа зардлыг давуулж ашиг олдог гуравдагч тал мөн биз. Энэ жишгийн дагуу зээлийн хүүг банк зүгээр тогтоочихдоггүй юм. Зөвхөн зах зээлийн хандлагад л баригддаг.

Банкны зээлийн хүүг тогтоодог олон хүчин зүйл бий. Хамгийн чухал нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл. Дээр нь, эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын түвшин, ханшийн хэлбэлзэл, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ, санхүүгийн зуучлалын зардал, татан төвлөрүүлж буй хөрөнгө буюу эх үүсвэрийн өртөг, Төв банкны бодлогын хүү зэрэг хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлнө. Гадаадын ямар ч банк энэ л зарчмаар хүүгээ тогтооно. Тэгэхээр манай өнөөгийн нөхцөлд гаднын ямар ч банкийг оруулж ирэхээс үл хамаарч зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах боломж хязгаарлагдмал байгаа юм.

Шийдэл

Зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах талаар банкууд хамтарч хөдөлнө гэвэл бололцоот ажил олон бий.

АТМ, карт уншигч машин, гар утсаар хийдэг төлбөр тооцоо, олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг Свифт сүлжээ, Зээлийн мэдээллийн сан зэргийг банкууд дундаа хамтран ашиглах дээр хүч төвлөрүүлбэл гээд давхардсан зардлыг багасгаж чадна.

Свифт сүлжээг л гэхэд банк бүр тус тусдаа жилийн 150 мянган ам.долларын өндөр төлбөр, хураамжийг гаднын байгууллагад өгч байхаар дундаа ашиглаж яагаад болохгүй гэж, тэгээд ч Свифт сүлжээг Монголын банкууд 24 цаг 100% ашигладаггүй.

Хойд хөрш Орос ийм банк дундын Свифт бюро буюу товчоог байгуулж ажиллуулаад зардлаа хэмнээд болж л байна. Ингэхэд ийм бололцоот ажлууд яагаад хийгдэхгүй байна вэ? Төв банкандаа ийм эрх, үүргийг нь хуулиар нь олгочих, ингээд л болоо.

ОХУ энэ асуудлыг Төв банкандаа хуулиар нь эрхийг нь олгочихсон, Төв банк нь энэ асуудлаа хариуцаад, зохион байгуулаад явж байна. Эцсийн дүндээ иргэддээ ашигтай байх зохицуулалт хийгээд болоод л байна.

Саад үүгээр дуусахгүй. Зээл төлүүлэлт хүнд, удаашралтай, өртөг өндөр гээд банкнаас шалтгаалахгүй хүчин зүйлс бий. Хэрэв зээлээ жижиг сажиг чирэгдэл, зардалгүй, хугацаа багатай төлүүлэх боломжийг бид өөрсдөө бий болговол хүү тодорхой хэмжээгээр буурна. Эдгээр илүү уян хатан шийдлийг эс тооцвол манай дотоодын банкууд зээлийн хүүг бага байлгах тал дээр сүүлийн 20 гаруй жил боломжтой бүх хүчээ дайчилсан. Харин төр, засаг дорвитой дэмжлэг үзүүлээгүй юм, мэддэг хүмүүс нь бухимдмаар.

Барьцаа

Дахиад мөнөөх асуулт. Яагаад заавал Хятад гэж? Бүр тодорхой хэлбэл, яагаад заавал их гүрэн болсон, 1.4 миллиард хүн амтай, хүчирхэг (дэлхийд томоороо 2 дахь эдийн засаг) хөрш орны төрийн өмчит том банкны салбарыг урин дуудах том шийдэл санаачлаад байгааг үнэндээ ойлгохгүй юм. Баримт: “Банк оф Чайна” – гийн дараа Хятад улсын төрийн өмчийн “Industrial and Commercial bank” (ICBC), “Agricultural bank”, “Construction bank” гэсэн гурван өөр банк өргөдлөө өгөхөөр хүлээж байна. Үүнийг дэмжин сайшааж, холбон зуучлах сонирхолтой хүмүүс ч бий.

“Банк оф Чайна” нь дэлхийн топ таван том банкны нэг. Тус банк нийт 2.7 их наяд ам.долларын актив хөрөнгөтэй. Харьцуулбал, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс мөнгөн дүнгээр 217 дахин их актив хөрөнгөтэй гээд бод доо.

Хятад улсын төрийн өмчит банк шүү дээ! Энэ ч утгаараа бодлого, үйл ажиллагаа, ашиг, үр дүнд нь төр нь сонирхолтой байж, шаардлага гарвал нөлөөлж, эрх ашгийг нь хамгаална гэсэн үг.

Уг нь өдгөө манай улсад Хятадын “Банк оф Чайна” – гаас гадна Европын Сэргээн босголтын банк”, Японы “Токио Мицубиши банк” болон Сумитомо Мицуй банк”, Голландын ING банкууд салбараа бус зөвхөн Төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. Уг нь эдгээрээс сонголт байгаа.

“Европын Сэргээн босголтын банк” гэхэд 2010 – 2016 оны есдүгээр сарын 30 – ны байдлаар Төлөөлөгчийн газраараа дамжуулж Монголд 83 төсөлд 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийжээ.

Үүнтэй адилхан Хятадын “Банк оф Чайна” өөрийн Төлөөлөгчийн газраараа дамжуулж зээл олгож яагаад болоогүй гэж. Тэгэхээр орж ирэхээсээ ч өмнө төрийн хэмжээнд шахалт үзүүлж, банкаа байгуулна гэж ойлгож болох нь. Банкаа тусгаар улсын газар дээр байгуулахаар зүтгэн тэмүүлж, өдгөө асуудал үүсгэн самууруулж байгаа хүмүүсийг дараа нь хазаарлаж чадах уу?

Өнөөдөр баян, хүчирхэг Хятад улс хүссэнээ тулган шаардах болсон нь үнэн. Энэ бүхэнд Монгол Улс чадлаараа тийчлэн бултаж байна. Тэгвэл үүнтэй адил Японы, Европын холбоо ч юм уу, АНУ – ын төр манай улсад банкныхаа салбарыг байгуулахаар яагаад шахалт үзүүлэхгүй байгаа юм бол? Ийм асуулт эрхгүй урган гарч ирж байна.

Түүхээ сөхье. 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа гагцхүү Орос улсын бүрэн тусламж (улс төр, эдийн засаг, банк, санхүү, мөнгө – зээллэг, цэрэг, зэр зэвсэг, барилга, бүтээн байгуулалт, аж үйлдвэржүүлэлт, худалдаа, боловсон хүчин бэлтгэх, зам, тээвэр, холбоо г.м) – тайгаар Гадаадын капиталыг шахан зайлуулснаар эдийн засгийн бодлогынхоо бие даасан байдлыг бий болгосон. Ач холбогдол нь өнөөдөр ч бидэнд асар өндөр.

Товч тодорхойлбол, Монгол Улс өөрийн банкны салбарт хөршийн төрийн өмчит банкны ноёрхлыг зүгээр хүлээж авах нь бусад салбартай шууд харьцуулах боломжгүй хүнд үр дагавартай.

Эцэстээ үндэсний эдийн засгийн бодлогоо өөрөө удирдах уу, эсвэл хараат болох уу гэдгээ муугаар шийдэхдээ тулах хувилбар юм”.

Банкнаас өөр хүний өмч хөрөнгийг хуулийн дор барьцаалдаг бизнес хаа ч байдаггүй. Тэр барьцаанд нь газар, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын орд гээд юу ч байж болно.

2016 он. Тажик улс Хятад улсад өгөх өрөө газар нутгаасаа тасдан байж барагдуулсан. “Сөөмийг аваад бээрийг өгнө” гэдэг энэ.

Яг ийм харамсаад барахгүй эмгэнэл монголчуудад тохиолдох бүрэн боломжтой. Хятадууд төрийн өмчит банкаараа дамжуулж Монголд бодлогоо хүндрэлгүй нэвтрүүлэх, манай дотоод актив хөрөнгүүдийг ямар нэг хязгаарлалт байхгүй худалдан авч, эрсдэлд хүргэхгүй гээд бардам батлах хүн нэг ч байхгүй гэж гэнэнээр бодном. Шууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг Та бидний хэн нь ч ойлгож байгаа байх.

Луугийн хүч

БНХАУ – ын “Банк оф Чайна” салбараа байгуулж, төрийн ямар ч бодлого нь саадгүй хэрэгжиж эхэлбэл, манай дотоодын банкууд өрсөлдөж сайжрах бус, тэр аяараа татан буугдах эрсдэл нүүрлэнэ. Түүнчлэн, эдийн засгийн хувьд хуваагдмал тодорхойгүй байдалд орно.

Дахин нэг баримт. “Банк оф Чайна” – гийн Монгол дахь төлөөлөгч нь манайд ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай 6000 гаруй аж ахуйн нэгжийг дэмжин ажиллах байр сууриа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тун тодорхой илэрхийлсэн (энд ямар нэг дипломат, манж зан гаргаагүйг анзаарах).

Харьцангуй хямд гэх хүүтэй санхүүжилт авах зорилгоор Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд Хятадын “Банк оф Чайна” – гаас зээл авах, Хятадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах, улмаар 100 хувь үндэсний гэх том аж ахуйн нэгж, байгууллагууд үгүй болох аймаар дүр зураг бууж байгаа юм.

Цаашлаад, Хятадын хөрөнгө оруулалт, оролцоотой хэдэн мянган компанид төрийнх нь банк шууд үйлчилж эхлэхэд өнөөгийн зах зээлд монопол байдал бий болно.

Үндсэндээ, манай улсын эдийн засаг Монголын болоод Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал бүтэцтэй болохыг үгүйсгэх аргагүй.

Манай улс ямар улс билээ, хөгжил нь ямар билээ? Та бидний хувь хүний мэргэжлийн боловсрол, чадамж дэлхийн хэмжээнд ямар билээ?

АНУ, Япон, Герман, Англи, Франц зэрэг Та бидэндээ үлгэр жишээ хөгжилтэй улсын банкуудынх нь хөгжил, эдийн засгийн багтаамж, чадамж, эрсдэл даах чадавх, хүний нөөц, газар зүйн байрлал нь ямар билээ дээ? Харьцуулах ямар ч боломжгүй.

Зүгээр Иран улс гэхэд л 15 – н улстай хил залгаж байгаа. Туркменистан, Афганистан, Пакистан, Ирак, Турк, Азербайжан, Армен гээд 7 улстай газраар, Казакстан, Энэтхэг, Оман, Арабын Эмират, Катар, Саудын Араб, Кувейт, Орос гээд 8 – н улстай далай, тэнгисээр шууд холбогдож байна.

ГБСалбар нь дотоодын банкуудтай өрсөлдөх нөхцөл, боломжийн хувьд ч олон арав дахин давуу гэдэгтэй маргах аргагүй.

Хэтийн төлөвийг дахин сонжий. Дотоодын хэрэгцээг хангах “Нефть нэрэх үйлдвэр”, “Ган бүтээгдэхүүний үйлдвэр”, “Шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр”, “Зэс хайлуулж боловсруулах үйлдвэр” гээд салбарыг гаднын банк хэрхэн дэмжих бол. Яг таг таах боломжгүй ч сонирхолтой асуулт.

Монгол газрын тостой атлаа одоог хүртэл нефть нэрэх үйлдвэргүй байгаа нь хачин биш гэж үү. Хөршөө ядуу байлгах, түүхий эд нийлүүлэгч орон байлгах бодлого, хэрэгжүүлэлт эндээс харагдахгүй байна гэж үү. Ийм Үйлдвэрүүд барихад “Банк оф Чайна” хөрөнгө оруулахдаа тулбал хараат байдлын асуудал хөндөгдөнө. Монголчууд нефтээ түүхийгээр нь гаргаж байвал тэдэнд ашигтай бус уу.

Хусам

Монгол Улсын эдийн засагт үүсэх таагүй нөхцөл байдлын талаар илүү тодорхой тайлбар хүргэе. Банкны тогтолцоонд нэн даруй хэт давамгайлна.

Манай банкуудын зээлийн хүү олон улсын жишгээс илүү өндөр. Энэ нь ГБСалбарын хувьд маш том давуу тал. Өнөөдрийн зээлийн хүүнээс арай бага хувийг санал болгох нь ойлгомжтой. Үнэндээ энэ тохиолдолд дотоодын банкууд өрсөлдөж чадахгүй. Зах зээлээс нэн даруй шахагдаж, үндэсний гэх арилжааны банкууд өрсөлдөөнөөс хасагдана.

Тэгэхээр аж ахуйн үйл ажиллагаа сайн юм шиг атлаа бидний эдийн засгийн аюулгүй байдал доголдоно. Улмаар санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал ганхаж эхэлнэ. ГБСалбар дотоодын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр төгрөг болоод гадаад валют гэлтгүй зээлийн хүү буураад гадаад валютын ханш тогтвортой болох таатай үзүүлэлт харагдаж байгаа мэт.

Гэвч ямар нэг шалтгаанаар, жишээ нь, улс төрийн шалтгаанаар Монгол Улс дахь үйл ажиллагаагаа түр, эсвэл бүрмөсөн зогсоовол бид тогтворгүй байдалд орох аюултай.

Дотоодын банкууд сулран доройтно. Банк хоорондын өрсөлдөөн нэмэгдэнэ. Үүнийг дагаад дотоодын банкууд шигшигдэж, одоо байгаа арилжааны банкууд нэгдэх замаар цөөн тооны банктай болно гэсэн үг.

Ер нь Монголд цөөн тооны арилжааны банк байхад хангалттай. Малайз улс гэхэд 30 сая хүн амд арилжааны гуравхан банк ажиллаж байна. Өрсөлдөх чадвар өндөртэй банкууд бий болж болно. Эсрэгээрээ тодорхой зах зээлийн хэсэгт төвлөрсөн цөөн тооны банк, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч идэвхгүй бусад банк болж үлдэх эрсдэлтэй.

ГБСалбар нь ашиг өндөртэй зах зээлийг сорчлох буюу зах зээлийн “өрмийг хамаад хусмыг үлдээх” бодлого явуулах хандлага гаргахыг үгүйсгэх аргагүй. Бид банкны болоод том компаниудынхаа зах зээлийг алдаж эхэлбэл яах вэ.

Эхлээд дотоодын банкуудын ашигтай ажиллагаанд, дараа нь санхүүгийн чадавхад сөрөг үр дүнтэй болж таарна.

Тэрчлэн, төрийн мөнгө – зээлийн бодлого хүчгүйднэ. ГБСалбарыг Монголбанктай харьцуулшгүй. Асар том давуу талтай. Манай улсын мөнгөний нийлүүлэлтэд хангалттай нөлөөлөх санхүүгийн эх үүсвэртэй. Энэ ч утгаараа Хятадын “Банк оф Чайна” – гийн санхүүгийн чадавхад манай Төв банкны буюу Монголбанкны мөнгө, зээлийн бодлогын арга хэрэгсэл яаж ч нөлөөлж чадахгүйд хүрэх магадлал өндөр.

Чухам тэр цагт Монгол Улсын эдийн засгийн тусгаар байдал алдагдана гээд ойлгочхож болно.

Дахин сануулахад. Санхүүжилтийн ялгавартай бодлого баримтлах магадлал хэзээд бий. Төрийн өмчтэй “Банк оф Чайна” – гийн салбар нь стратегийн ач холбогдолтой бүс нутагт улсынхаа худалдаа, бизнесийн бодлогыг дэмжих нь ойлгомжтой асуудал”.

Хэдийгээр эрх зүйн хувьд ашгийн төлөө мэт боловч “Банк оф Чайна” нь төрийн өмчит хуулийн нэгж. Салбарынх нь үйл ажиллагаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой нийцэх, эсэх нь тэдэнд үнэндээ падгүй. Эндээс бид “Банк оф Чайна” нь Хятадын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэж, бодлого хэнд үйлчлэхийг төвөггүй ойлгож болмоор доо.

Нөлөөлөл

Монгол Улсын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг эртнээс зохицуулах боломж байна уу? Зарим нэг тооцоо, судалгаанаас улбаатай зөв шийдлүүдээс хамтдаа харъя. Эхлээд бид хөрсөө буюу хууль эрх зүйн орчноо сайтар бүрдүүлж, бэлтгэсэн байх шаардлагатайг угтаад ойлгосон биз ээ.

Аливаа гадаадын банк нь Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд зөвхөн “Охин компани” буюу хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх гэсэн зарчмыг баримтлах. Энэ нь бидний хувьд зөв шийдэл.

Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг орж ирэх гээд байгаа гадаадын банкны эрхлэх үйл ажиллагаанд оновчтой тохируулсан байх ёстой. Үүнд, зээлийн хязгаарлалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн дээд хязгаар гэх мэт зүйлсийг хэлж байгаа юм.

Мөн гадаадын болон дотоодын банкуудын эрх ашгийг тэнцвэржүүлсэн зарчмыг гаргахдаа өөрийн улсын онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй уялдуулах нь чухал. Гадаадын банкны үйл ажиллагааг аль болох төрөлжүүлсэн байдлаар хүлээж авах шаардлагаа тавих нь зүйтэй.

Гадаадын банкууд ихэвчлэн томоохон төсөл, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийдэг талаар дээр дурдсан. Тэднийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн мэдээллээр хангаж, үйл ажиллагааг нь зогсолтгүй дэмжих бодлого төрөөс баримтлах шаардлагатай.

Гадаадын банкуудын дотоодын зах зээлд эзлэх хувь хэмжээг тодорхой түвшинд хязгаарлах бодлого баримтлах нь зайлшгүй.

Дарамт

Нийтлэлээ урамгүй үгээр үргэлжлүүлэхээс өөр хувилбар алга. Эрсдэлээ бид тооцоолохоос аргагүй. Манай улсын арилжааны банкууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, боловсон хүчний цомхотгол явуулна. Эсвэл зах зээлээс бүрмөсөн шахагдаж үүдээ барина. Эндээс ажилгүйдэл – ядуурал гэх холбоо үг хослон ургана. Цаашлаад энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх бол. ОХУ – д өдгөө хүнсний ногоог хятадууд тарьж байгааг анзаарсан уу. Энэ нь алслагдсан бүс нутгийн иргэдийн амьжиргаанд шууд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж, тооцоолчхоод байна. Уг нь Хятад улсыг мах, хүнсний ногоо, жимсээр өөрийн хэмжээндээ хангах сайхан боломж бий, бидэнд.

Түүнчлэн, бизнесийн бус улс төр, эдийн засгийн дарамт үзүүлдэг болохыг үгүйсгэхгүй. Яаж? Томоохон компаниудын манайд зарж байгаа валютын арилжааг нэг сонжоорой. Яг л тэгж. Төгрөгийн ханшид нөлөөлөх гээд. Индонез, Тайландад болсон үймээнийг нэг санаарай. Нийгэмд тогтворгүй байдал байнга үүсгэх бололцоотой юм.

Солилцоо (Своп)

Монголбанк Хятадын Ардын банктай своп хэлцэл байгуулсан. Үүнээс улбаатай үр дагаврыг Та хэрхэн төсөөлөв? “Төгрөг – юанийн солилцоо, арилжаа, хэлцлийн өглөг” – ийг Монгол Улс юугаар, яаж төлөх вэ? Түүхээ сөхье.

2011 он. Монголбанк ба Хятадын Ардын банк (ХАБ) – ны хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл хийсэн.

Хоёр орны гадаад худалдааг дэмжиж тогтвортой байлгах, Монголын банкууд, аж ахуйн нэгжүүд юаниар төлбөрийг түргэн бөгөөд хялбар гүйцэтгэх чадамжийг өсгөх, гадаад секторын эрсдэлийг бууруулах зорилгоор 5,0 тэрбум юанийн хэмжээтэй, гурван жилийн хугацаатай байгуулсан. Хэлцлийн хэмжээг 2012 онд 10,0 тэрбум, 2014 онд 15,0 тэрбум юань болгон нэмэгдүүлж, гурван жилээр сунгасан түүхтэй.

Монгол Улсын нийт гадаад өрийн статистикаас харахад 2016 оны эхний хагас жилийн байдлаар своп хэлцлийн ашигласан хэмжээ 1.6 тэрбум ам.доллартай тэнцэхээр буюу 11 орчим тэрбум юань байна.

Энэхүү 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн своп дээрх юанийн өглөгийг хэзээ, ямар орлогоос, ямар хуваарь, шат дараатай хэрхэн төлөх вэ? Энэ асуултын хариу одоог хүртэл тодорхойгүй.

Монголд “Банк оф Чайна” – гаас гадна Хятад улсын төрийн өмчтэй гурван том банк зөвшөөрлөө хүлээгээд сууж байна, цаана чинь. Хэрэв тэд ороод ирвэл Хятадын Засгийн газар төгрөг – юанийн своп хэлцлийн өнөөгийн байдлыг ашиглаад “Банк оф Чайна” – гийнхаа салбараар дамжуулж Монголын зах зээл дээр дураараа тоглох аюултай байна. 1 – рт, эдийн засагт байх мөнгөний нийлүүлэлтийг тухайн орны Төв банк нь шийдвэрлэж, зохицуулдаг. Гэтэл хөрш орны Төв банк нь одоогийн 3.3 их наяд, цаашлаад үүнээс ч илүү дүнгээр төгрөг татан авах шахалтыг Монголбанканд үзүүлэх боломжтой. Татаж авсан мөнгөө хэзээ, хэрхэн эдийн засагт оруулах талаар шийдвэрээ гаргах эрхтэй хоёр Төв банк зэрэгцэж зогсох эрсдэлтэй. “Мөнгө мөнгөө дуудна, баян нь улам баяжина” гэдэг энэ болно.

2 – рт, Монгол дахь “Банк оф Чайна” – гийн салбар нь ХАБанкны зохицуулалтаа, бусад нь Монголынхоо Төв банкны зохицуулалтыг дагах нэгдмэл бодлого, зохицуулалт гээч утгагүй болно. 3 – рт, “Банк оф Чайна” нь салбараараа дамжуулаад гэнэт их хэмжээний мөнгө таталт, эсвэл мөнгөний нийлүүлэлт огцом хийгдсэнээр инфляц үүсэх эрсдэлтэй. Төгрөгийн худалдан авах, бусад валюттай харьцах чадвар, цалин, тэтгэврийн үнэлэмж унахаас эхлээд тооцоолоогүй бөгөөд тоогүй олон хүндрэл гарна.

Тэгвэл Монголбанк төгрөг өгөхөөс татгалзаж яагаад болохгүй гэж хэмээн бодож байна уу? Үүндээ тулбал, ХАБанк своп хэлцлийн хугацааг 2020 оноос цааш сунгахаас татгалзана. Хариу болгож 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх 11 тэрбум юанийг эргүүлж төлөхийг Монголбанкнаас шаардана.

Монгол Улсын эдийн засагт “Монголбанкнаас өөр төгрөг нийлүүлдэг Хятадын төрийн өмчит субъект бий болсноор бие даасан, хараат бус мөнгө зээл, төсөв, санхүүгийн бодлого хэрэгжих боломжгүй болно”.

Ингэснээр эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хүндрэл учирна гэсэн үг.

Угтаа монголчууд бид, гадаадын капиталыг шахан зайлуулсан 1924 оны амжилт, эдийн засаг, мөнгө, санхүүгийн хараат бус байдлаа хялбархан тавиад туучих аюултай юм.

Тэгвэл бид яах ёстой вэ? Банк санхүү, эдийн засгийн ухаанаар сурч боловсорч буй оюутан залуус, их, дээд сургуулийн профессорууд, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд, Их Хурлын гишүүд, бусад институци нь ГБСалбар Монголд орж ирвэл яах вэ гэдгийг сэтгэл оюунаа дайчлан байж, зэрэгцэн сууж, хэлэлцэн тунгаах цаг болсон. Байж болох бүх талаас нь тооцоолж, гарах боломжит бүх эрсдэлийг бодолцож, ултай суурьтай судалгаа хийж, цаашид гадаадын ямар орны ямар банк оруулж ирэх, ямар зохицуулалт, хязгаарлалт хийхээ эргэлзээгүй шийдсэн баймаар байна.

Жижигхэн гэмээр юмнаас асар том уршиг үүсэх аюултай”, иймэрхүү зүйлсийн талаар Та бидэнд эртний ном зохиолоос эхлээд шинэ үеийн уран сайхны кино хүртэл байнга л сануулж анхааруулж байдаг шүү. Залуус, ялангуяа, сайн мэдэх байх даа, “Трой” гээд домог дээр суурилсан Холливудын нэг адал явдалтай, сонирхолтой кино байдаг шүү дээ. “Трой” улсын ханхүү Парис нь Спарта улсын хааны дүүгийн эхнэр болох гэж байсан үзэсгэлэнт эмэгтэй Еленаг нууцаар зугтаалган авч явдаг хайр дурлалын адал явдал гардаг даа. Гэтэл тэр асуудлаас болоод “Трой” – д ганц ширхэг аварга том модон адууны хийц орж ирээд бүхэл бүтэн улс түүх соёлтойгоо тэр чигээрээ алга болдог доо.

Угтаа энэхүү нийтлэлд хөндөгдсөн асуудал тоотой хэдэн банкны сөнөж сэрэх, унаж босохтой холбоотой тооцоолол, хувиа хичээх амин сэтгэл биш юм. Монголоор овоглосон, Монголдоо данстай хэн бүхний амьдрал, тусгаар, бие даасан байдалтай хамаатай асар том сэдэв. Бүр тодорхой хэлбэл, банканд хөрөнгөө өгсөн, ажил амьдралаа даатгасан хэсэг бүлэг хүмүүсийн хэрэг биш гэдгийг дахин дахин болгоомжлон сэрээж, учирлан сануулж байна.

Дайрч давшлахыг тэвчиж чадна, ухаалаг саналыг хүлээн авахад бэлэн Иргэн Б.Мэдрээ.

2017 оны 2 – р сарын ярилцлагаа нийтлэл болгон, товчлон сийрүүлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батбаяр: Үйлчлүүлэгчдийнхээ төлөө хурц, шийдэмгий, зоригтой байснаар өөрийгөө золиосолдог юм байна

Монголын хуульчдын холбооноос өмгөөлөгч Г.Батбаярыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн өмгөөлөх эрхийг нь хасаад байгаа юм. Энэ асуудлаар өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр хамгийн сүүлд ТЕГ-ын дарга. асан Б.Хурц нарын хэргийг өмгөөлж байсан юм.


-Монголын хуульчдын холбоо таныг албан тушаалаа урвуулан бусдыг дарамталсан, олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож танхайрсан, дээр нь залилан луйвар хийсэн хэмээн их ноцтой үндэслэлээр өмгөөлөх эрхийг тань хасаж байгаагаа мэдэгдлээ. Энэ үндэслэлүүдийн баримт фактыг танаас сонсмоор байна?

-Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр анх маргаан үүсгэсэн. Үндэслэл нь 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг муулж, шүүмжилсэн өнгө аястай ярилцлага өгсөн байна. Нөгөө нь олон нийтийн газар иргэнтэй маргасан байна гэдэг үндэслэл.

Нийслэлийн Засаг даргыг шүүмжилсэн гэх асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаад “Гүтгэж, доромжилсон асуудал байхгүй байна” гэсэн тогтоол тавдугаар сарын 29-ний өдөр гарсан. Харин иргэнтэй холбоотой маргааны хувьд би хохирогчоор тогтоогдсон юм шүү. Миний гар, мөр гэмтсэн. Үүнийг хар даа /Оёдол тавиулсан гарынхаа шууг үзүүлэв/. Би байрныхаа СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга хийдэг.

Хохирсон гээд байгаа эмэгтэй өвлийн идэр есийн хүйтэнд байрны орцны хаалгыг олон цагаар онгорхой орхисноос болж паар хөлдөж эхэлсэн болохоор “Юмаа зөөгөөгүй үедээ хаалгаа хаачихаж байгаарай” гэж хэлсний төлөө хоёр метр өндөртэй залуу үсэрч гарч ирээд намайг мөргөснөөс болж үүссэн идэвхгүй эсэргүүцэл буюу би өөрийгөө хамгаалж “Хохь чинь шүү, чамайг ална” гэж бухимдсан асуудал л болсон.

Тэд ах дүү тавуулаа байсан. Тавуулаа нийлээд намайг балбасан. Түүнтэй холбоотой үүссэн маргаан. Энэ бол хүний амьдралд байдаг л зүйл. Ингэж байтал Б.Хурцын хэрэг, Дубайн гэрээтэй холбоотой асуудал бий болсон. Би өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн.

Гэтэл Ц.Нямдорж сайд “Маргааныг сэргээ, танхай өмгөөлөгчтэйгөө хариуцлага тооцож чадахгүй байгаа Хуульчдын холбоог татан буулга” гэж арванхоёрдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын чуулган дээрээс Хуульчдын холбоог дарамталж эхэлсэн. Ингээд Хуульчдын холбооны хурал зарлагдаж надад хариуцлага тооцох асуудал яригдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22.6 дээр гэмт хэрэгт шийтгүүлсэн нь тогтоогдсон бол эрхийг нь хүчингүй болгоно гэсэн ганцхан зохицуулалт байгаа. Бусад тохиолдолд сануулах арга хэмжээтэй.

-Та хохирогч байсан юм бол Хуульчдын холбоо яагаад таныг эмэгтэй хүнийг зодож танхайрсан гэж үзээд байгаа юм. Үнэн үү?

-Гудамжинд маргасан нь зөрчил биш байна гэдгийг тогтоочихсон. “Г.Батбаяр хохирогч байсан байна. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин биш байна. Ахуйн нөхцөл байна” гэж шийдвэрлэсэн. Тэр хүмүүсийн дайралтаас болж миний гар гэмтсэн, хүчтэй өвдсөн. Өвдөлтөөсөө болж бухимдаж уурласан. Үүн дээр сэтгэл судлаачийн дүгнэлт гарсан байдаг.

“Сэтгэл санаа цочрон давчдах үед идэвхгүй эсэргүүцэл үзүүлэх эмнэл зүйн шинж байна. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг шиг хариу үйлдэл үзүүлсэн байна” гэж. Харин Хотын даргыг шүүмжилж ярьсан нь зөрчил байна гэж үзсэн.

-Бас дээр нь залилан луйвар хийсэн гэсэн байгаа?

-Залилан хийсэн бол би Эрүүгийн хэргийн 17.3-аар эрүүгийн хэрэг үүсэн шалгагдана биз дээ. Эмэгтэй хүн зодож нүдсэн бол эрүүгийн хэрэгт татагдаад хүний биед ямар гэмтэл учруулсан, гэмтэл учруулаагүй бол хүний биед хохирол учруулахгүйгээр халдах буюу Зөрчлийн тухай хуулийн 5.3-аар шийтгэгдэнэ. Гэтэл ийм зүйл болоогүй. Тухайн бичлэг дээрх хүн би биш. Намайг ижил төсөөтэй мэтээр тайлбарласан.

Цагдаад гомдол гаргахаар хуурамч фейсбүүк хаягнаас бичлэг авсан учир шалгах боломжгүй гээд байдаг. Тэгээд ч над руу шидэж байгаа жижиг сажиг чулуу болгон дээр очиж зууралдаад байвал би бусдын хэргийг яаж өмгөөлөх вэ. Амжихаа больсон. Тиймээс энэ асуудлыг хаячихсан.

Гэтэл өнөөдөр баахан олон эрүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гэмт хэргүүд үйлдсэн болчихлоо. Энэ бол ёс зүйтэй ямар ч холбоогүй. Ер нь Ц.Нямдорж сайдын ашиг сонирхлыг нь хөндсөн шинжтэй стратегийн өмгөөллүүдийг явуулснаас л үүдэлтэй.

Би зүгээр зогсож байгаад цаазын тавцан дээр хүзүүгээ тавьж өгөхгүй. Үзнэ дээ.

Энэ асуудлаар Хуульчдын холбоотой маргаж байгаа. Миний өмгөөлөх эрхийг хассан хууль эрх зүйн үндэслэл нь өөрөө хууль ёсны бус. Хэрэгсэхгүй болсон хуулийг үндэслэсэн журмаар намайг шийтгэсэн. Хууль зүйн гаргалгааг яривал урт юм болно. Ямартаа ч энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана. Монголын хуульчдын холбоог татан буулгах хүртэл явна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65.1 дээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар тухайн хорооны гаргасан шийдвэр түдгэлзэнэ гэдэг. Түүнийхээ хүрээнд намайг хоёр гурван шатны шүүх хүлээж байна. Ингээд маргаад явбал нэг жилийн хугацаа байна. Тэгэхээр энэ хугацаанд эрүүгийн журмаар өмгөөлж байгаа хүмүүсийнхээ хэргийг цэгцэлчихнэ. Иргэн, захиргаа бол хамаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явах эрх нээлттэй. Тийм болохоор үүн дээр айхавтар хохироод байгаа юм алга.

Гэхдээ мэдээж хэрэг шударга зүйлийн төлөө явахад улстөрчдийн золиос болж хувирдаг юм байна гэдэг л харагдаж байна.

-Ц.Нямдорж сайдын ашиг сонирхлыг хөндсөн стратегийн өмгөөлөл гэхээр та юуг хэлж байна вэ. Таны өмгөөлөх эрхийг хасахыг үүрэгдсэн хүн Хууль зүйн сайд гэж хэлэх гээд байна уу?

-Хууль зүйн сайдын хүсэл зорилгод нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байсан гэж ойлгогдохоор байдал үүссэн. Б.Хурцын хэрэг байна, 17 шүүгчийн асуудал байна. Дубайн гэрээ, Ураны маргаан байна. Мөн Эрдэнэтийн маргаан дээр Үндсэн хуулийн Цэцийн 03 дугаар тогтоолын бүх хууль зүйн гаргалгааг Засгийн газарт гаргаж өгсөн.

49 хувийн хувьцаа эзэмшигч нарын асуудал хоёр жил гацаанд орчихсон байсныг гацаанаас гаргаж өгсөн. Миний явуулж байгаа нийгэмд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд хорсож атаархсан үйл явдал л болж байна. Тийм учраас би зүгээр зогсож байгаад цаазын тавцан дээр хүзүүгээ тавьж өгөхгүй. Үзнэ дээ.

-Өмгөөлөгчийн үйл ажиллагаа их онцлогтой. Өмгөөлөгч хүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл байх нь гарцаагүй. Өнөөгийн хууль эрх зүйн салбарын өмгөөлөгчдийн дунд Г.Батбаяр гэдэг хүн сайн, муу ямар ч хэлбэрээр өөрийгөө харуулаад байгаа юм. Таны өмгөөлөгч байх итгэл үнэмшил, үнэт зүйл ер нь юу юм бэ?

-Бие хүн болж нийгэмд төлөвшсөн байдал маань намайг авч явдаг. Би амьдралдаа хүнд хэцүүг туулж ирсэн. Янз бүрийн ажил алба эрхэлж байлаа. Амьдралын арвин туршлагатай. Миний ээж улсад 37 жил багшилсан хүн. Ээжийн маань олгосон хүмүүжил миний амьдралын чиг шугамыг тодорхойлж байдаг. Тиймээс бүх дэлхий миний эсрэг байсан ч би өөрийнхөө үзэл бодолд үнэнч байна.

Намайг хэчнээн буруутгаж байсан ч миний явж байгаа байр суурь зөв, хуульд нийцэж байгаа гэж бодсон л бол би түүн дээрээ бат зогсоно. Одоо эргээд харахаар миний өмгөөлж байсан тал “Баярлалаа” гээд л өнгөрдөг. Их бага хэмжээгээр надад төлбөрөө төлдөг. “Та мөнгөө авсан, баярлалаа” гэдэг нь тэр.

Харин би хэрэг бүрийн ард эвлэршгүй арван дайсантай үлдэж байдаг. Зохиомлоор миний дайснууд нэмэгдэж байдаг. Тэгэхээр өмгөөллийн үйл ажиллагаа өөрөө онцлог. Чөлөөт субъектийн зүгээс өмгөөллийн үйл ажиллагаа хийгдэнэ. Шүүгч прокурорыг бол төр хамгаалчихна. Өөр субъектүүд. Амьдралын баталгаа нь бий болчихсон, нэр төр нь төрийн хамгаалалттай. Эрх зүйн байдлыг нь төрийн хуулиар хамгаалсан.

Гэтэл өмгөөлөгч тийм биш байхад л шүүгч прокурортой адилтгаж үзээд байдаг. Шүүгч прокурорыг хэвлэл мэдээллээр олон нийтэд хандахыг хуулиар хориглочихсон. Байгууллага нь түүний өмнөөс мэдээлэл ярьдаг. Гэтэл өмгөөлөгчийг ч бас тэгж шаардаад байдаг нь сонин.

Жишээ нь, би УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өмгөөлж байхдаа “Энэ хүн гэм буруугүй” гэж хэлэхэд “Хэргийн талаар яриад байна” гээд шүүхийн зүгээс буруутгадаг. Би яагаад хүнээ гэм буруугүй гэж хэлж болохгүй байгаа юм. Энэ чинь өөрөө өмгөөлөх эрхийг хүчээр нухчин дарж байгаа явдал. Тэгээд зогсохгүй “Гуравдугаар сарын 12-ны өдөр ТВ4 телевизээр Хотын даргын эсрэг шүүмжлээд ярьчихаж. Энэ чинь буруу байна” гэсэн.

Ганцхан энэ үндэслэлээр намайг шийтгэсэн. Одоо эгээтэй л хулгай хийж, хүн амьтан алсан гэж бичихгүй байна. Өмгөөлөгч эрхээ хамгаалах гээд явахаар хамгаалалт байхгүй.

Хуульчийн эрхийг хамгаалах хороо нь юу ч хийдэггүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40.1-дээр өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан дарамтлан шахах, айлган сүрдүүлэхийг хориглоно гээд заачихсан. Энэ заалтаа хэрэгжүүлээд өгөөч гэхээр та цагдаад хандчих гэдэг. Их хэцүү.

-Өмгөөлөгч хүнд өөрийн гэсэн харизм байх ёстой юм шиг. Тэгж байж хэргээ өмгөөлнө, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаална. Тийм биз?

-Жишээ нь, хүн алчихсан гэмт хэрэгтэн Үндсэн хуулийн 16.1. амьд явах эрхтэй. Амьд явах эрхийнхээ төлөө тэр хүнд амьд үлдэх юмсан гэдэг хүсэл мөрөөдөл байна. Үүнийг би хуульд нийцүүлэн гаргах ёстой. Тийм учраас тэр хүнийг нийгэм тэр даяараа буруутгаж байсан ч, хэчнээн алуурчин, гаж донтон, маньяк гэж хэлэгдэж байсан ч амьд үлдэх хүсэл мөрөөдлийнх нь өчүүхэн хэсэг, тэр очийг унтраахгүйн тулд зөв арга замыг эрэлхийлж олох үүрэгтэй.

Үүнийгээ хамгаалахын тулд өөрийн дотоод итгэл үнэмшлээр эр зоригтойгоор дуу хоолойгоо хүчтэй гаргахыг эрмэлзэж хуульд нийцүүлсэн байдлаар гаргахыг хичээдэг, би. Маргаан хүчгүй байвал шууд ялагдана.

Би соёлтой байдлаар, дуугүй ноомой сул, хүнд өөрийгөө ойлгуулах гэж аргадсан өнгө аясаар яривал энэ маань эсрэг талд маш их боломж, итгэл үнэмшлийг бий болгож байдаг. Мөн шүүгч нарт ч гэсэн. “Өө энэ хариугүй амьтан, чадахгүй дээ” гэсэн ойлголтыг төрүүлдэг. Тийм учраас би ялахын тулд хувь хүнийхээ дотоод итгэл үнэмшил мөн чанартайгаа хослуулж өөрийн тогтсон үзэл баримтлалыг илэрхийлэхийг эрмэлздэг. Тэгж байж л үйлчлүүлэгчээ хамгаалж чадна.

-Таны өмгөөлж байсан томоохон хэрэг бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хэрэг. Б.Хурц нарын хууль хүчний томоохон байгууллагын хүмүүс таныг өмгөөлөгчөөр авна гэдэг та тэдэнд үнэлэгдсэн хэрэг. Уг хэргийг өмгөөлөх эхлэл яаж тавигдсан юм бэ?

-Аливаа хэрэгт нууцлал гэж байдаг. Үүнийг бид хангаж байх ёстой. Гэхдээ нэгэнт энэ тухай мэдээлэл олон нийтэд ил болчихсон. Би бол яг Б.Хурцын өмгөөлөгч биш. С.Баяр гээд миний багын найз, гүйцэтгэх ажиллагааны тагнуулын хурандааг би өмгөөлж байгаа. Бид хоёрын хооронд цэвэр найз нөхрийн итгэлцэл ариун нандин холбоо байдаг.

Мэдээж энэ хэрэгт орохоор манай С.Баяр буруутах юм бол Б.Хурц ч буруудна. С.Баяр аврагдвал Б.Хурц ч аврагдана. Ийм л болохоор бид хувь тавилан гийн эрхээр холбогдчихсон. Би хүссэн хүсээгүй Б.Хурцын эрх зүйн байдал С.Баярын эрх зүйн байдалтай хамааралтай учраас миний яаж өмгөөлөхөөс тэр хүний эрх зүйн байдал хамаараад байдаг.

Түүнээс биш Хурцыг Мэргэн, Хашчулуун, Туяа өмгөөлөгч өмгөөлж байгаа. Гэхдээ бид нар үүн дээр нэгдмэл нэг тактиктай оролцож байгаа. Үр дүнд хүрч байгаа.

-Сошиалд таны талаар таагүй мэдээлэл байсхийгээд түгдэг. Олон хүнийг шорон оронд явуулсан, хэргийг бантагнуулсан гээд л эхэлдэг. Үнэхээр тийм зүйл байгаад байдаг юм уу, эсвэл энэ хий хоосон хардлага уу?

-Надад тэр болгонд маргалдаад явах ажил хэргийн зав бололцоо алга. Үнэн юм үнэнээрээ гарах байх гээд орхидог. Ер нь яах вэ би нэг ашиг сонирхлын эсрэг тэсрэгийн туйл дээр ажилладаг. Тэгэхээр эсрэг талынхан маань мэдээж намайг мөнхөд үзэн ядна. Тэр дайснууд маань хэзээ ч арилж алга болдоггүй.

13 настай охины хэрэг гэхэд нөгөө талд гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдүүдийн ар гэр, ах дүү нар намайг мөнхөд үзэн ядна. Тийм болохоор өмгөөлөгч хүн маш эрсдэлтэй, амьдрал нь хутганы ирэн дээр явдаг.

Хэрэв би муугаа үзэж үхэх юм бол мэдээж хэрэг миний эсрэг талд орж байсан хүмүүс алга ташин бүжих нь тодорхой. Би хэзээ ч арилж алга болохгүй дайснуудтай болчихсон юм байна. Тэгэхээр өмгөөллийн үйл ажиллагааг хурц, шийдэмгий, зоригтой, үйлчлүүлэгчдийнхээ талд гээд өөрийгөө олин байж тэмцэх хэрэггүй юм байна гэж ойлгож байна.

Дубайн гэрээн дээр яах гэж би ард түмний төлөө, 20 тэрбум ам.долларын хэргийг хүчингүй болгох гэж улайран тэмцсэн юм бэ. Би яах гэж Халхын голын чөлөөт бүс дээр маргав аа, яах гэж гэр хороолол барилгажилтын эсрэг явсан юм бэ. Өнөөдөр намайг бүгд улайран муулж байна. Би яах гэж хууль хүчний таван том хурандаагийн эсрэг Сарангэрэлийн хэрэг дээр ажиллав аа. Шал дэмий, зургаан жилийн өмнө болсон хэрэг дээр намайг ална даа гээд занаад явж байгаа.

Өөрийнхөө эсрэг маш том хар хүчийг бий болгочихож. Одоо эргээд бодоход өмгөөлөгч хийх хэрэггүй байдаг юм байна. Өөрийнхөө хүчийг тооцоолохгүйгээр зөвхөн хууль дийлэх ёстой гэж явах нь өөрөө өрөөсгөл аж. Ийм эрх зүйн орчинтой, дарга дээдлэх харилцаанд орчихсон, хүнд тал зассанаараа илүү давуу байдал олж авч байдаг нийгэмд би буруу нүүдэлтэй явчихаж.

Халуун галаар тоглож байсандаа харамсаж байна. Гэр бүл үр хүүхдээ аюулд оруулчихсанаа ойлгож байгаа. Хүүхэнтэй явалддаг гэж бичээд л эхнэрийн маань гар утас чаат руу, хүүхдүүдийн маань чаат руу зураг хөрөг, бичсэн юмаа явуулдаг нийгэм. Үүнээс болоод би стресст ороод уурлаж яваад сүүлдээ өөрийгөө хянах чадваргүйгээр баахан хараал урсгаснаас болж өөрийгөө хэрэгт оруулах шахлаа.

-Таныг нэлээд хэдэн жилийн өмнө уул уурхайн хөрөнгө оруулалттай компанийн гадаад эздийг өмгөөлөхдөө ёс зүйгүй загнасан гэж ярьдаг. Ер нь юу болсон юм бэ?

-Би гадны байгууллага, хувь хүмүүсийг олон удаа өмгөөлж байсан. Гэхдээ мэдээж хэрэг тэдний эрх зүйн байдлыг дордуулсан бол өмгөөллийн төлбөрөө авахаар надтай шүүхдэнэ шүү дээ. Энэ бол нэг хэргийн эсрэг талд байсан этгээдүүдийн хүсэл зоригоос үүдэн гарсан мэдээлэл. Гэхдээ энэ бодит баримтаар тогтоогдоогүй. Зүгээр л аман яриа.

-Таныг бас нэлээд хэдэн орон сууцтай, тэдгээрийг түрээслээд их л бийлэгжүү амьдардаг гэлцэх юм. Өмгөөлөх эрхийг тань хасчихлаа. Цаашдаа хэрхэх вэ?

-Дан ганц өмгөөллөөр мөнгө олно гэдэг маш хэцүү. Үүнээс өмнө ч би амьдралын төлөө тэмцэж зүтгэж ирсэн. Яагаад гэвэл би гэр бүлээ тэжээх үүрэгтэй, эр хүн. Гэр бүлийнхээ тав тухтай амьдрах орчин, эд хөрөнгийг би аль эрт бий болгочихсон. Гэр бүлээ аятай тухтай орчноор амьдруулах эд хөрөнгийн баялаг, оюун санааны баялгийг ч бий болгосон.

Өмгөөлөгч болсноороо харин дордох тийшээ байна шүү. Нэлээд хэдэн тооны орон сууц бий. Өөрийн хувийн бизнес байлгүй яах вэ. Түүнээс биш нэг эрүүгийн хэрэг дээр ороход ганц хоёр сая авна. Дөрөв таван сая авлаа гэхэд нэг, хоёр жил явна. Тэр хугацаандаа хуваагдаад таарчихдаг. Зарим хэргүүд дээр би хөлс авдаггүй. Мэдээж гайгүй хэргүүд дээр ахиухан төлбөр авдаг ч тэр маань бусдад адлагдах боломжийг бий болгож байдаг.

Гэхдээ яах вэ, өмгөөлөх эрхийг маань хаслаа гэхэд оюун санаанд минь байгаа эрх зүйн оюуны их потенциал, баялаг, мэдлэг туршлагыг хэн ч надаас булааж авч чадахгүй. Тиймээс би хаана ч өөрийгөө, гэр бүлээ аваад явж чадна.

Б.ЭНХЗАЯА