Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой түлш” ХХК өдөрт 3000 тонн түлш үйлдвэрлэж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт зургаан өрхийн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эмнэлэгт гурван том хүн, нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд болон нийслэлийн Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу туулах чадвар сайтай ЗИЛ-131 автомашинаар өндөрлөг цэгүүдэд түлшний хөдөлгөөнт түгээлтийг хийж эхэлсэн. 28 автомашинаар нэгдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр хөдөлгөөнт түгээлтийг хийнэ. Мөн нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын албан хаагчид хуваарийн дагуу 10:00 цагаас 24:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшийг түгээж байгаа 300 гаруй цэгт хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулж байна” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “Тавантолгой түлш” ХХК-д байнгын хяналт тавин ажиллаж байна. Арваннэгдүгээр сард үйлдвэрлэсэн түлшнээс нь дээж авч шинжлүүлсний хариу гарсан дүгнэлтийг “Тавантолгой түлш” ХХК-д хүргүүлсэн. Шинжилгээгээр стандартын шаардлага хангасан гэсэн лабораторийн шинжилгээний хариу гарсан. Арванхоёрдугаар сард үйлдвэрлэсэн түлшнээс мөн дээж авч лабораторид өгсөн. Хариу нь хараахан гараагүй байна. Сард бид хоёроос доошгүй удаа түлшний найрлагад орж байгаа бүтээгдэхүүнээс нь дээж авч шинжлүүлж байгаа. Энэ хяналтаа цааш үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Энэ хоёр дахь өдөр Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар холбогдох албаны хүмүүсийн хамт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллахдаа Хотын дарга холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч нарыг “Тавантолгой түлш” ХХК байнга байрлан ажиллаж, түлшний түгээлт, борлуулалтад тогтмол хяналт тавин, түлш тасарсан цэгт түлшийг хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Үйлдвэр бүрэн нөөц бололцоогоороо ажиллаж, өдөрт 3000 тонныг үйлдвэрлэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд хүрлээ

Улсын хэмжээнд амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% (21,774)-ийг томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрлээ.

Хүн амын дунд томуугийн В вирустэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирус, бокавирус, риновирус, короновирус тус тус байна.
Амьсгалын замын синциталь вирус нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлнэ үү!

Categories
гадаад мэдээ

Солонгосын хойгийн асуудлаар хамтрахаар болов

Хятадын Сычуань мужийн Чэнду хотноо БНСУ, Япон, БНХАУ-ын төр, засгийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө. Солонгосын хойг дахь нөхцөл байдал, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тухай асуудал талуудын хөндсөн гол сэдэв байлаа.

Трамп, Ким нарын яриа хэлэлцээ мухардалд ороод буй энэ үед тус бүс нутгийн гурван гүрэн ийн санаачилгыг гартаа авч, гурван талт уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы ерөнхий сайд Абэ Шинзо, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нар оролцсон аж.

Талууд Чэнду хотыг зорихын өмнө Хятадын нийслэл Бээжинд тус бүрдээ БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй хоёр талын уулзалтыг хийв. Гэхдээ дэлхий нийт Мун Жэ Ин ба Абэ Шинзо нарын уулзалтад гол анхаарлаа хандуулаад байсан юм. Учир нь Япон, БНСУ-ын хоооронд өрнөөд буй худалдааны маргааныг шийдэхэд талуудын хүчин чармайлт тэдний анхаарлыг татаж байгаа юм.

Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсан нь хоёр талын харилцаанд сэв суулгах алхам болсон. Харин түүхэн гэгдэх энэ удаагийн уулзалтаар Бээжин нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь дипломат үйл ажиллагааны төв болсон гэж онцлох хүн цөөнгүй байлаа.

Дашрамд хэлэхэд, өнгөрсөн сард тус бүс нутагт Пентагоны тэргүүн айлчилсан билээ. Түүний энэхүү айлчлал нь Хятадын эсрэг “хандлага” ажиглагдсаныг шинжээчид онцолсон юм. Түүнчлэн Японы гадаад хэргийн сайд Тосиицу Мотэги, БНСУ-ын түнш Кан Гён Хва нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой ирэх оны нэгдүгээр сарын дундуур уулзалдаж магадгүй гэсэн мэдээлэл хөвөрч байна. Солонгосын хямралыг хэлэлцэх гурван талт уулзалт АНУ-ын Сан-Фрацинско хотноо болж болзошгүй тухай мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Хятадын Солонгосын хойг дахь хямралыг зохицуулах талаар ахиц гарсныг өндрөөр үнэлэв. Тэрээр “Бид нягт хамтран ажилласны хүчинд үр шимээ үзнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцолжээ. Мөн талууд аюулгүй байдлын асуудлаас гадна хамтын хүчээр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тухай асуудлыг ч энэ үеэр хөнджээ. Сануулахад, Бээжин, Чэнду хотуудад болсон дээрх уулзалтаас өмнө Хятадын нийслэлд чөлөөт худалдааны асуудлаар гурван орны сангийн сайд нар гурван талт уулзалтыг хийсэн удаатай. Тухайн үед талууд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт иж бүрэн түншлэлийн гэрээг 2020 онд байгуулах талаар ярилцсан аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Хүн мөргөж амийг нь хохироогоод, зугтсан иргэнийг илрүүлэн саатуулав

Автомашинтай явж байгаад хүн мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан иргэнийг цагдаагийн байгууллага шуурхай эрэн хайх ажиллагаа явуулж, өнгөрсөн даваа гарагт илрүүлэн баривчилжээ.

Хэрэг үйлдэх үед унаж явсан авто машиныг хашаандаа хадгалсан байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зугтсан тохиолдолд эдлэх ял хүндэрдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Г.Амартүвшин: Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна

Монгол Улсын Хөгжлийн банкнаас тайлант хугацаанд хийгдсэн голлох ажлуудаа өнөөдөр танилцууллаа.

Хөгжлийн банкны зүгээс хүний нөөцийг чадавхжуулах, оон улсын банк, болон санхүүгийн байгууллагуудтай ажилтан солилцох гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэшсэн боловсон хүчин бүрдүүлэхээр ажиллаж буй аж.

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Ажлаа хүлээж аваад засаглал, улс төрөөс хараат байх тал дээр анхаарч ажилласан. Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна.

2019 оны зургаадугаар сарын нэгний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа. Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбумын төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг. Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Түүнээс гадна прокурорын байгууллагад 8 зээлдэгчийн 662 тэрбумын зээлийг шилжүүлж, хамтран ажиллаж байна.

Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ шуурхай дамжуулах систем нэвтрүүлнэ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Мерси Кор” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гаэйтийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг шуурхай дамжуулах зорилгоор гар утасны мессэж үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай систем боловсруулсан юм.

Уг систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн малчин, иргэд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Цаашид системийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангах зорилгоор мэдээллийн сан, программ хангамжийн эх кодыг нөөцлөх, нөөц сервер үүсгэхэд зориулж ашиглах компьютер, цахим мэдээлэл хадгалах төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Мөнх-Эрдэнэ: Эрхэм хүндэт авлигачид авлига авч, хулгай хийхээ больчихвол нэр дэвших эрх нь нээлттэй

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Саяхан Сонгуулийн тухай хууль батлагдаж, ирэх оны сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулахаар боллоо. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй болж байгаа нь хүмүүст таалагдаж байх шиг байна. Таны хувьд уг заалтыг хэрхэн харж байна вэ?

-Сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагад орж байгаа зарчмын нэг гол өөрчлөлт нь авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээр ял шийтгүүлсэн нөхдийг дэвшүүлэхгүй гэсэн заалт юм. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид тодорхой шалгуур тавих нь хэн нэгэнд давхар ял үүрүүлж байгаа хэрэг бус, харин төрийн хариуцлагатай албыг шударга, нэр төртэй, ёс зүйтэй хүн хаших нь зүйтэй гэж үзэж хуулиар шаардлага тогтоож байгаа хэрэг.Товчхондоо авлигачдыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албанд ажиллуулахгүй, шинэ батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн нь төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар хийж байгаа том дэвшил гэж харж байна.

-Бусад улс оронд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй гэх заалт хэр байдаг вэ. Ийм жишиг тогтсон улсууд бий юү?

-Улс орнуудын жишгийг судлаад үзэхээр янз бүр байна. Олон оронд онц хүнд гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хүнийг төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх нь төрд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал гэж үздэг юм байна. Тэдгээр улсуудад Үндсэн хуульдаа, эсхүл Сонгуулийн хууль, Эрүүгийн хуулийн аль нэгд нь энэ талаарх зохицуулалтыг тусгадаг. Манай улсын хувьд анх удаа Сонгуулийн тухай хуульдаа тодорхой зааж, хуульчиллаа. Хуульчид болон улстөрчид янз бүрийн байр суурьтай байна. Мэдээж нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаа, өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс дургүйцэх нь ойлгомжтой.

Гэхдээ төрийн хууль тогтоох байгууллагад сонгогдож, бүх ард түмнийг төлөөлөн шийдвэр гаргах өндөр хариуцлагатай албан тушаалд нэр дэвших гэж буй нөхөрт хуулиар тодорхой шалгуур тавьж буй нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг биш. Хууль зүйн хувьд ч сонгогдох эрх нь амьд явах, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглох зэрэг эрхтэй адил ямар ч нөхцөлд хязгаарлаж үл болох абсолют, суурь эрх биш л дээ.Тиймээс хуулиар тодорхой хязгаарлалт тавьж болдог. Ер нь яагаад хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа авлига авч, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, олон нийтийн өмчийн хөрөнгөд гар дүрсэн, олон мянган хүмүүсийн боломжийг хулгайлсан хүмүүст дахин төрийн хариуцлагатай албан тушаалд нэр дэвших боломжийг олгох ёстой гэж? Сонгогдох эрх гэдэг чинь авлигач, хулгайчдын хулгайлсан, авлигаар авсан мөнгөөрөө дахин төрийн эрхэнд гарах боломж олгодог зүйл биш ээ. Европын Зөвлөлийн дэргэдэх, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн, нэр хүндтэй, бие даасан хуульч экспертүүдээс бүрдсэн Венецийн комисс гэж байдаг. Тус комиссоос 2015 онд гаргасан “Гэмт хэрэгтнүүдийг парламентад нэр дэвшүүлэхийг хязгаарлах, парламентын гишүүнээс огцруулах эрх зүйн орчны талаарх тайлан итгэл”-д хүн амины болон бусад онц хүнд гэмт хэргүүд, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн сонгогдох эрхийг хуулиар хязгаарлахыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэгтнүүдийг улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахгүй байх нь олон нийтийн эрх ашигт нийцэж байна гэж дүгнэсэн байдаг.

Манай зарим улстөрчид хэнийг сонгохоо сонгогчид өөрсдөө шийдэг л дээ гэж байна. Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүнийг сонгохгүй байх соёл тогтчихсон улс гэж байна. Жишээ нь, Германд авлигач нөхөр сонгуульд нэр дэвшихэд хэн ч сонгохгүй. Үнэхээр ардчилсан, авлига, албан тушаалын гэмт хэрэг бага гардаг, нийгмээрээ энэ төрлийн гэмт хэргийг жигшдэг, намууд нь авлигачдыг хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх соёлтой, дотоод ардчилалтай улсад сонгогчид нь шийдэг гээд орхиж болно. Ийм соёл өнөөдөр манайд байна уу, үгүй юү. Нэр дэвшүүлж байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаа шударга ёсны зарчимд нийцэж чадаж байна уу. Үгүй шүү дээ. Тийм учраас хуулиар зохицуулж, шаардлага тавих нөхцөл байдал үүссэн. Дээр дурдсан Венецийн комиссын тайлан илтгэлд дурдсан зөвлөмжид ч энэ тухай бичсэн байдаг.

-Ер нь ямар төрлийн гэмт хэргүүд хамаардаг вэ. Ял шийтгүүлсэн хүмүүс хэдий хугацаанд нэр дэвшихгүй байх гэж тодорхой хугацаа заасан уу?

-Улс орон бүрийн зохицуулалт өөр. Их Британи, Франц, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улсуудад мөнгө тараах гэх мэт сонгуулийн хууль бус үйл ажиллагаа явуулж, ял шийтгүүлсэн нөхдийг сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна. Мөн Өмнөд Солонгост Ерөнхийлөгч, парламентын гишүүн, орон нутгийн хурлын төлөөлөгч, орон нутгийн гүйцэтгэх байгууллагын удирдлага зэрэг хариуцлагатай алба хаших үедээ албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхдийг хорих ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дууссанаас хойш 10 жилийн хугацаанд сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна. Туркт авлига, албан тушаалын болон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нэр дэвшихийг хориглодог. Канадад сонгууль болохоос таван жилийн өмнө авлигын гэмт хэрэг үйлдсэн бол, Израилд гэмт хэрэг үйлдсэн бол долоон жилийн хугацаанд, Испанид хорих ялаар шийтгүүлсэн бол уг хугацаагаар сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна.

Хугацааны хувьд хууль тогтоогчийн сонголтын асуудал. Онц хүнд болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн хариуцлагатай албан тушаалд сонгогдох эрхэд нь урт хугацаанд хязгаарлалт хийх нь буруу биш гэж бодож байна.Венецийн комиссын зөвлөмжид ч тэгж бичсэн байдаг. Авлига, албан тушаалын хэргүүд бол уучилж болшгүй гэмт хэргүүд. Төрийн минь сүлд өршөө гэж залбирч ирсэн ард түмний итгэл, сэтгэл рүү ус цацаж, сайн, сайхан амьдрах боломжийг нь өөрийнхөө өчүүхэн шуналын төлөө хулгайлсан улс шүү дээ. Гэмт хэрэгтнүүдийг сонгуульд нэр дэвшүүлээд, хариуцлагатай албан тушаалд ажиллуулаад байвал хэн Монголын төрд итгэх юм бэ. БидФАТФ байгууллагын Саарал жагсаалтад орсон шалтгааны нэг нь энэ юм. Тус байгууллага манай улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэй хангалттай тэмцэхгүй байна гэж дүгнэсэн.Мөнгө угаах гэмт хэргийн цаана авлига, албан тушаалын гэмт хэргээс олсон орлогоо хууль ёсны болгон хувиргаж байгаа албан тушаалтнууд бий шүү дээ. Манайд тулгамдаж байгаа хамгийн том асуудал, Монголыг мөхөөх зүйл бол авлига. Бид түүхэээсээ сургамж авах хэрэгтэй. Эртний улсуудын түүхийг харахаар авлигад идэгдсэн түшмэдүүд л улс орноо мөхөөдөг. Манай улс одоо ийм байдал руу явж байна. Ард түмний сайхан амьдрах нөхцөлийг хулгайлж байна. АТГ-аас гаргасан мэдээллээр авлига, албан тушаалын гэмт хэргээс хохирсон хохирлын хэмжээ хэдэн их наядаар яригдаж байна. Саяын сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр оруулсан заалт бол авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг сүүлийн үед хийгдээгүй хамгийн том зөв алхам.

-Энэ заалт орсноор ирэх оны сонгуульд шигшигдэж, тунагдсан хүмүүс гарч ирэх боломж ч гэж харж байгаа. Нөгөө талаар нэр дэвших эрхгүй болж байгаа хүмүүсийн эсэргүүцэл ч анзаарагдаж байна…

-Хууль батлагдсанаар төр цэвэршинэ гэж хэлэхгүй. Энэ зөвхөн нэг л алхам. Цаашид хийх өөр олон ажил бий. Гэхдээ чамлахаар чанга атга гэж авлигачдад том цочроо, дохио өгч байгаа нь анзаарагдаж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлчихээд төрийн өндөр албан тушаал дахиад хашмаар байна, намайг нэр дэвшүүлгээд явж байгаа хүмүүс байна. Мөн шүүхээр ял шийтгүүлээгүй ч хэрэг нь шалгагдаж байгаа олон хүмүүс байна. Энэ хүмүүс үнэхээр төрийн хариуцлагатай алба хашмаар байгаа бол хуулийн дагуу шийдвэр гаргаж, хувийн ашиг сонирхлоо, шуналаа хязгаарлаж сурах хэрэгтэй. Уул нь маш энгийн дүрэм. Эрхэм хүндэт авлигачид маань авлига авч, хулгай хийхээ больчихвол нэр дэвших эрх тань нээлттэй шүү дээ. Олны итгэлийг авч төрд хариуцлагатай албан тушаалд сонгогдчихоод иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, тэгш боломжоор хангагдах гээд хамгийн чухал эрхүүдийг нь хангах талаар дорвитой юу ч хийгээгүй, боломжийг нь хулгайлсан нөхдүүд өнөөдөр яаж ичихгүй миний сонгогдох эрх гэж ярьж чадаж байна вэ. Өнөөдөр иргэдийн амьдрал, нийгмийн байж байгаа царайг хар л даа.

-Одоо УИХ-д байгаа зарим гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдчихсон явж байгаа. Эдгээр хүмүүс ч сонгуульд нэр дэвших эрхгүй болж байна уу?

-Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно. Шүүхээс эцсийн шийдвэр нь гарчихсан тохиолдолд тэдгээр нөхдүүд нэр дэвших эрхгүй. Энэ хуулийн өөрчлөлтөөр цааш цаашдаа олон авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд дахиж Монголын төрд орж ирэх боломжгүй болж байгаа нь том дэвшил.

-Томсгосон мажоритар систем шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст хэр боломжтой байдаг юм бол. Нэр дэвшиж байгаа хүн бүр танигдах хэрэгтэй болдог. Ер нь сонгуулийн ямар тогтолцоо манайд тохиромжтой вэ?

-Би сонгуулийн холимог тогтолцоог дэмждэг. Холимог тогтолцоо нь нэг талдаа томсгосон мажоритар,нөгөө талдаа намд нь санал өгдөг. Та санаж байгаа бол 1990 онд анхны байнгын үйл ажиллагаатай парламентыг байгуулахдаа монголчууд намд санал өгсөн. Сонгуулийн холимог тогтолцооны давуу тал нь иргэдийн өгсөн санал гээгдэхгүй, тойргууд хаягддаггүй. Бас парламентад үндэсний хэмжээний нэг, хоёр том намаас гадна 2-5 жижиг намууд орж ирснээр хяналт сайжирч, парламентын түвшинд явагддаг улс төрийн элдэв хуйвалдаан, бусармаг явдлыг таслан зогсоох боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, олонхын Засгийн газарт тавих цөөнхийн хяналт сайжирна. Мөн улс төрийн нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг гэдэг утгаараа ч сонгогчдод боломж олгож, өгсөн санал нь гээгдэхгүйгээр улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж байх нь иргэдийн улстөрийн идэвх, оролцоонд чухал ач холбогдолтой байдаг. Европын 43 улсаас өнөөдөр 40 нь сонгуулийн пропорционал, эсхүл холимог тогтолцоог хэрэглэж байгаа нь нэгийг хэлэх болов уу. Холимог тогтолцоогоор явбал жижиг мажоритарын зовлон буюу жалга довны төсөв, нэгдмэл улсын бодлогод таарахгүй, зохисгүй бусад асуудал яригдахгүй.

Том тойргоос гарч ирсэн хүн улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана. Том мажоритар 76 жижиг мажоритараасаа хамаагүй илүү. Сонгуулийн тогтолцоо бүр өөрийн онцлогтой. Том мажоритар тогтолцоо дээр тодорхой хэмжээнд танигдсан, илүү олон сонгогчийн санал авах хэрэгтэй болно. Мэдээж шигшигдэж гарч ирнэ гэсэн үг. Тодорхой түвшинд танигдсан хүн л улс төр хийнэ шүү дээ. Тэрэнд гомдоллоод байх юм байхгүй. Улс төр хийх гэж байгаа бол бодлого, үзэл бодлоо хүмүүст таниулж байж сонгуульд нэр дэвшинэ.

-Сонгуулийн санхүүжилтийн асуудал энэ удаа яригдсангүй өнгөрлөө. Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн зохицуулж өгөх нь зүйтэй байсан бэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ярих л ёстой. Шударга, эрүүл, ардчилсан сонгууль явуулъя, мөнгөнөөс хол сонгууль явуулъя гэж байгаа бол сонгуулийн санхүүжилт, сурталчилгаа зэргийг дан ганц намуудад найдаж орхиж болохгүй. Миний бодлоор сонгуулийн санхүүжилт, зар сурталчилгааг нэгдсэн байдлаар зохион байгуулмаар байна. Нэр дэвшигчийн сурталчилгааны материалыг нэг стандартад оруулах хэрэгтэй. Зөрчвөл сонгуульд оролцуулахгүй. Том, жижиг нам, бие даагч байна уу зардлыг нь стандартын дагуу төр гаргаад уг зардлаа нэр дэвшигчдээс хувь тэнцүүлсэн байдлаар буцаагаад авдаг байж болно. Ямартаа ч сонгуулийн санхүүжилтийг дураар нь орхихоор мөнгөний сонгууль болчихож байгаа юм. Мөнгөтэй нь олон уулзалт зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө сайн танилцуулж чаддаг.Санхүүгийн асуудлаас болж жижиг намууд, бие даан нэр дэвшигчдэд боломж бага олддог. Сонгуулийн сурталчилгааны санхүүжилттэй холбоотой асуудал дээр төр тодорхой зохицуулалт хийж өгөх нь зөв гэж хардаг.

-Сонгуулийн хуульд цахим хязгаарлалт орж ирж байгаа. Энэ тухайд?

-Цахим хязгаарлалтыг тодорхой түвшинд хийх нь зөв. Сонгуулийн сурталчилгааны үеэр бусдыг гүтгэдэг байдал хавтгайрдаг. Сонгуульд нэр дэвшиж байгаа иргэдийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн мэдээ гарлаа гэхэд сонгуулийн үеэр харлаад дуусч байгаа юм. Сонгууль болоод дууссаны дараа тэр хэрэг шалгагдаж дуусна. Эрүүгийн хуульд гүтгэх заалт байхгүй. Зөрчлийн хуулиар шалгаад дууслаа гэхэд хэдэн төгрөгөөр торгоод өнгөрнө. Нөгөө талаас сүүлийн үед улс орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс гадаад улс орон, гадаад, дотоодын томоохон бизнесийн болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд нөлөөлөх явдал гарах боллоо. Зөвхөн манайд биш том гүрнүүдэд ч ийм зүйл гарч байна. Хүссэн нам, хүнээ сонгуульд ялуулахын тулд зохион байгуулалттайгаар гүтгэдэг, харлуулдаг, тролл ажиллуулдаг, санхүүжүүлдэг. Тиймээс улс орны сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг хааж, хязгаарлаж өгөхгүй бол үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсч болзошгүй байна. Зөвхөн манай улсад биш, том гүрнүүдэд ч энэ аюулын талаар ярьж байгааг анхаарууштай юм.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд сонгуульд санал өгөх эрхгүй болж байна. Монгол Улсын иргэн л бол саналаа өгөх эрхтэй. Гэтэл ийм заалт оруулж өгснөөр гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн сонгох сонгогдох эрхэд халдсан хэрэг болж байгаа юм биш үү?

-Энэ бол ухралт. Яагаад ийм шийдвэр гаргасан үндсэн шалтгааныг нь мэдэхгүй байна. Санал өгч байгаа,гадаа гараад жагсаж байгаа, сошиалаар үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс бүгд ардчилсан төр улсын нэг хэсэг. Ингэж байж ардчилсан төр улс тогтож байгаа. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдээ сонгуульд оролцох боломжийг бүрдүүлэх нь ардчилсан төр улсын үүрэг. Саналаа өгөх боломжийг нь олгох хэрэгтэй. Ямар хүндрэл байгаа юм. Энэ битгий хэл зарим улс орнуудад иргэд нь саналаа гар утаснаасаа өгчихөж байна шүү дээ.

-Энэ сонгуулийн хуулийн сул тал нь юу юм бэ?

-Сонгуулийн зардлыг бууруулах талаар дорвитой өөрчлөлт орсонгүй. Нэр дэвших, сурталчилгаа хийхээс эхлээд сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ шударга, ил тод, нээлттэй байхгүй бол дараа дараагийн үйл ажиллагаа нь буруу болчихоод байна.

Нэгэнт их мөнгө зарсан хүмүүс нөхөх тухай л бодно. Өөрөө боломжгүй болохоор бизнесийн бүлэглэлүүдээс мөнгө авчихаж байгаа юм. Ингээд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гарч байна. Дэмжсэн хүмүүстээ боломж олгож өгдөг. Тиймээс нэн тэргүүнд сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилтийг шийдэх хэрэгтэй. Ер нь цаашдаа улс төрийн намуудын нэр дэвшүүлэх журам, шаардлагыг хуулиар тодорхой болгох нь зүйтэй гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Пиротехникийн хэрэгсэл” хэсэгчилсэн арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион явуулж, гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад өдөр бүр хяналт, шалгалт хийж байна.

Түүнчлэн .

Categories
мэдээ нийгэм

Архины гүн хордлогоор 26, осгосон байдалтайгаар 23 хүн нас барсан

Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Энэ жилийн хувьд “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Уг арга хэмжээний үед ямар төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сар гарсаар 2623 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 630 буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 10-20 хувиар буурсан байна. Гэвч халаасны хулгайн гэмт хэрэг хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, зодож гэмтээх тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байгааг Л.Амармөрөн хэллээ.

Тиймээс цаашид шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж амжаагүй аж ахуй нэгж байвал хамт олондоо тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Мөн хамт олноороо баяр тэмдэглэчихээд нэгнээ хүргэж өгдөггүй, хоорондоо зодож маргалддаг. Улмаар харих замдаа осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тухайлбал арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож, хөлдж нас барсан байна. Мөн архины гүн хордлогын улмаас 26 хүн амиа алджээ. Иймд гудамж талбайд ухаангүй байдалтай хэвтэж байгаа хүнтэй таарвал яаралтай эмнэлэг болон цагдааагийн байгууллагад мэдээллийг шуурхай хүргэхийг зөвлөлөө.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг бол шинэ жилийн баярын өдрүүдэд 300 гаруй хүн өдөрт эрүүлжүүлэгдэж байна. Цэнгээний газрын тарах цагаар өдөр шиг хөдөлгөөн үүсч, автомашины түгжрэл үүсдэг. Хүүхдийн 100 орчимоор хэд хэдэн том баарны үүдэнд түгжрэл үүсч байна” гэлээ.

Энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг бүртгэгджээ. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шинэ жилийн баярыг угтсан хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа ресторан, зах худалдааны төвүүдэд шалгалт явуулж 300 гаруй зөрчлийг илрүүлж зарим газарт захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.

Шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах ажиллагаа явагддаг. Салют буудуулах ажиллагаанд Нийслэлийн онцгой байдлын газраас онцгой анхаарал хандуулан ажиллах юм байна. Тус газраас далд хэлбэрээр худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байсан иргэд аж ахуй нэгжийн пиротехникийн хэрэгслийг хурааж авч устгалд оруулжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон.Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий.

Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ба мэргэжлийн операторчноор буудуулах шаардлагатай гэдгийг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог гэдгийг санууллаа.

Нийслэлийн онцгой байдлын газрын 150 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын тэмцээнд амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүлэв

Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4,000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлсэн юм.

81 орны гишүүнчлэлтэй олон улсын боловсролын байгууллагаас зохион байгуулдаг тус тэмцээнд Монголын 38 сурагч дэлхийн аварга, 36 сурагч алтан цом, 6 хүүхэд мөнгөн цом, 3 хүүхэд хүрэл цомын эзэн болж монгол хүүхдийн оюуны чадамжийг дэлхийд таниулсан билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчид БСШУСЯ-ны удирдлагуудад нэг секундэд 2 бодлого гарах 100 мөртэй бодлогыг цээж бодолтын аргаар бодож сонирхуулсан юм.

БСШУС-ын сайд бахархам амжилт гаргасан сурагчдад баяр хүргэж, ирэх онд амжилтаа улам ахиулж, сайн суралцахыг хүсэн ерөөлөө. Тэрээр, “Ирэх онд зохиогдох хамгийн чухал тэмцээнд нь сайд болон яамны зүгээс дэмжлэг үзүүлэх болно” гээд бусад удирдлагуудын хамт бяцхан оюунлаг сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.