Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоос сэргийлье

Сурагчдын өвлийн амралт үргэлжилж байгаатай холбогдуулан хүүхдийг угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна

Сонгуулийн ерөнхий хорооны даргa Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.


-Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль саяхан батлагдлаа. Ирэх оны сонгуулийг томсгосон тойргоор, мажоритар тогтолцоогоор явуулахаар болж байна. Энэ тогтолцоог манай улс урьд нь ч хэрэглэж байсан. Энэ тогтолцооны давуу болон сул тал юу вэ?

-Саяхан батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулж явуулахаар заасан. Манай улс ийм тогтолцоогоор өмнө нь 1992, 2008 онд УИХ-ын сонгуулиа явуулж байсан. Сонгуулийн тогтолцоог улс орон бүр өөрийн онцлогт тохируулан сонгодог.

Ер нь сонгуулийн тогтолцоо болгон давуу болон сул талтай. Ямар нэгэн төгс, зөв зүйтэй хувилбаруудыг багтаасан, сонгуульд оролцогчдын бүгдийнх нь сэтгэлд нийцсэн тогтолцоо гэж байхгүй нь ойлгомжтой.

-Сонгуулийн тойрог, мандат нь хэзээ тодорхой болох вэ?

-Улсын Их Хурал сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор заасан. Сонгуулийн тойрог байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзаж үзэхээр хуульд тусгасан.

Ингэхдээ тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн хувьд зэргэлдээ байхаар хуульчилсан.

Хэрэв аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болохоор оруулсан. Өмнөх сонгуулиар зарим аймаг, дүүргийг нэгтгэж нэг тойрог байгуулж байсан.

Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хуулиар хориглосон. Харин сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-нээс өмнө байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана.

-УИХ-ын сонгуулийг хэзээ товлон зарлаж, санал авах вэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 1-ээс өмнө товлон зарлаж санал авах өдрийг тогтооно. Санал авах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж хуульчилсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна.

-Саналын хуудсанд нэр дэвшигчийг ямар дарааллаар бичих вэ?

-Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичихдээ нам, эвслийн тухайд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, нэр дэвшигчийн тухайд намаас нь ирүүлсэн дарааллаар, харин бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтална. Өмнөх хуульд ийм дараалал байсныг өөрчлөөгүй, хэвээр нь үлдээсэн.

-Төрийн албан хаагч нэр дэвшихээр бол хэзээ ажлаасаа чөлөөлөгдөхөөр тусгагдсан бол?

-Төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ээлжит сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж хуульчлагдсан. Харин ээлжит бус, дахин нөхөн сонгуульд нэр дэвших бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө чөлөөлөгдсөн байна.

-Энэ хуулиар маргаан, гомдол хянан шийдвэрлэхэд өөрчлөлт орсон. Хэдийд маргаан гомдол шийдэж дуусахаар тусгаж байгаа вэ?

-Гомдол маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, хариуцлагын төрөл, харьяалал илүү тодорхой болсон. Гомдол зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Зөрчлийн тухай хуульд Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчих гэсэн тусдаа зүйл орж байгаа.

Сонгуулийн маргаан хянан шийдвэрлэх эдгээр хугацааг үндэслэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд гомдол шийдвэрлэх ерөнхий хязгаар хугацааг тогтоож өгсөн. Энэ нь тухайн сонгуулийн жилд нь багтаан шийдвэрлэнэ гэж заасан байгаа.

-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын Сонгуулийн тухай хууль хэзээ батлагдах вэ?

-Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцэх эсэх шатандаа байна.

-Сонгуулийн дүнг хэрхэн дамжуулах вэ?

-2016,2017 онд сонгуулийн дүнг олон нийтэд телевизийн дэлгэцээр шууд харуулж мэдээлсэн. УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг дэлгэцээр шууд харуулж мэдээлнэ. Энэ нь сонгуулийн дүнг олон нийтэд ил тод нээлттэй, шуурхай мэдээлэхэд чухал арга хэмжээ болно гэж үзэж байгаа.

-Тооллогод “Хар машин”-ыг ашиглах уу. Гар тооллого оруулна гэж яригдаж байсан…

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг Улсын Их Хурал 2011 онд баталсан. Энэ хуулиар УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахаар хуульчилсан. Иймд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлд техник хэрэгсэл ашиглана.

Хуульд заасны дагуу сонгуульд техник хэрэгсэл ашиглах тухай шийдвэрийг УИХ-аас сонгууль бүрээр гаргадаг. Санал хураалт дууссаны дараа нийт хэсгийн 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх зохицуулалт байгаа. Хяналтын тооллого хийгдэх хэсгийг санамсаргүй сонголтын аргаар сонгож хийнэ.

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаатай холбоотой ямар зохицуулалт орсон бэ?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих боломжтой байхаар хуульчилсан. Мөн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийлгэхээр хүргүүлэх, хянах, өөрчлөлт оруулах гээд бүхий л хугацаануудыг тодорхой зааж оруулсан.

Өмнөх хуульд ийм хугацаа заагаагүй байсан нь аудитын байгууллагад хүндрэл учруулж байсан. Сонгуулийн сурталчилгааны хувьд гэвэл нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан мөчөөс эхлэн сурталчилгаагаа хийгээд явах боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл, санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхээ авна, энэ өдөртөө ухуулга, сурталчилгааны ажлаа хийгээд эхэлнэ гэсэн үг. Түүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоо, зурагт самбар, дэлгэц, ухуулах хуудасны тоог тогтоож өгсөн. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол мэдэгдлээ шууд Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр болсон.

Энэ хуульд цахим орчинд хийх сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг оруулж өгсөн. Цахим орчин ашиглан сурталчилгаа хийх, түүнд нь хяналт тавих журам баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

Цахим хаягаар сурталчилгаа явуулах тохиолдолд нам, эвслийн нэр, далбаа, таних тэмдэг ашиглаж болохоор хуульчилсан.

-Гадаадад амьдарч. байгаа иргэд Улсын Их Хурлын сонгуульд оролцож саналаа өгөх боломжгүй гэж ойлгосон. Энэ ямар учиртай вэ?

-Монгол Улс түүхэндээ нэг удаа 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдээсээ саналыг нь авсан. Энэ нь тухайн үед сонгуулийн хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулж байсантай холбоотой. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд маань намд саналаа өгч байсан юм.

Намд саналаа өгөх буюу сонгуулийн тогтолцооны энэ хувилбар нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргаснаар гадаад улсад байгаа иргэдээс санал авах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоо байхгүй болсноор намд санал өгөх сонгуулийн хувилбарыг хэрэглэх боломжгүй болсон.

Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгуульд оролцож саналаа егсөн. Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай өргөн барьсан хуулийн төсөлд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгөх зохицуулалт хэвээрээ байгаа.

-Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байна?

-Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь иргэний засаг захиргааны шилжилт хөдөлгөөн, нөгөө нь сонгогчийн шилжилт хөдөлгөөн. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хийж болох субъектүүдийг зааж өгсөн.

Үүнд зөвхөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа төрийн албан хаагчид, санал авах байрын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид, мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, сонгуулийн автоматжуулсан төхөөрөмжийг хариуцан ажиллах мэдээллийн технологийн ажилтан хамаарч байгаа.

Учир нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа эдгээр хүмүүс санал авах өдөр өөрсдөө ажиллаж байгаа учир өөрийнхөө харьяа хэсэгтээ очиж саналаа егөх боломж хязгаарлагддаг байсан учир эдгээр хүмүүс сонгогчийн шилжилтээ хийлгээд ажиллаж байгаа газраа саналаа өгөх боломжтой болгосон. Мөн нэр дэвшигчийн менежер, шадар туслагч сонгогчийн шилжилт хийлгэх боломжтой.

Менежерийн хувьд нэг байна, шадар туслагчийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэг, аймгийн төвийн багт тус бүр нэг байна гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, тооны хязгаартай эдгээр хүмүүс нэгэнт нэр дэвшигчийг дэмжиж штабынх нь бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа тул сонгогчийн шилжилтээ хийлгээд саналаа өгөх боломжтой гэж үзсэн.

Зөвхөн дээр дурдсан субъектүүд л сонгогчийн шилжилтээ хийлгэх боломжтой болгож өмнөх сонгуулиар гарч байсан “царцаа” гэж нэрлэгдэж байсан зөрчлийг арилгасан. Харин иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих буюу иргэний шилжилт хөдөлгөөний тухайд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал түр хугацаанд хязгаарлах зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт өмнө нь байсан.

Засаг захиргааны шилжилтийг тодорхой хугацаанд зогсоохгүй бол сонгогчийн нэрийн жагсаалт байнга өөрчлөгдөхөд хүрдэг юм. Хугацааны хувьд өмнө нь бол санал авах өдрөөс 60 хоногийн өмнөөс зогсоодог байсан бол энэ хуулиар хугацааг нэмэгдүүлж хоёрдугаар сарын 1-ний өдөр болгосон.

Яагаад гэхээр сонгууль товлон зарласнаас хойш сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа тул уялдуулж тогтоож байгаа юм.

-Сонгуулийн зардлын тухайд?

-Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргадаг. Сонгуулийн зардал нь хандив, намын хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрддэг. Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээлгэж зарцуулна. Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд хандив цуглуулах, зарцуулахыг хориглосон.

Зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 01-ний дотор тогтоож, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн хандивын хэмжээ нэмэгдсэн. Өмнө нь иргэн гурван сая төгрөг, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив нэг удаа өгч болдог байсан.

Үүнийг өөрчилж иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 20 сая төгрөг хүртэл хандивыг өгч болно. Хандив өгөх нийт дүн нь энэ хэмжээнд багтахаар хуульчилсан.

Хандив өгөх, авахыг хориглосон хэд хэдэн заалт хуульд орсон. Тухайлбал, гадаад улс, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, иргэн, төрийн өмчийн байгууллагууд, насанд хүрээгүй иргэн, үйлдвэрчний болон шашны байгууллагууд сонгуульд хандив өгөхийг хориглосон.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд,төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 27-наас 12 дугаар сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийг нөхөн бүрдүүлэв

Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, УДБЭТ, Монгол Улсын Консерватори, МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа Л.Мөрдоржийн нот, гар бичмэл, дуу авиа болон дүрст өвийн санг Үндэсний төв архивт хүлээлгэн өгөх ёслол өчигдөр боллоо.

Үндэсний төв архивын сан хөмрөгт урлаг соёл, утга зохиолын салбарын зүтгэлнүүдийн хувийн гаралтай баримт хадгалагддаг.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийг баяжуулах, Л.Мөрдорж судлалыг хөгжүүлэх, баримтат өвийг хамгаалах зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж сан” “Л.Мөрдоржийн баримтат өвийг хадгалан хамгаалах төсөл”-ийг санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэй Архивын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн юм. Үндэсний төв архивт “Л.Мөрдоржийн хувийн хөмрөг”-т хөгжмийн нот, гар бичмэл зэрэг баримтууд болон хөгжмийг нь бичсэн баримтат болон уран сайхны кино, гэрэл зургийн баримтууд хадгалагдан эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж олон нийтийн хүртээл болсоор ирсэн.

Түүний хувийн хөмрөгийг баяжуулахад соёл урлагийн байгууллагууд болон МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа нот, гар бичмэл, дуу авиа болон гэрэл зураг, дүрс бичлэгийн баримтыг сурвалжлан илрүүлж, цахим хувийг Үндэсний төв архивд нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгөв.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж нь орчин цагийн монголын үндэсний найрал хөгжмийг үндэслэн байгуулж, бүтэц бүрэлдэхүүн ба найруулга зүйн хувьд сонгодог түвшинд хүргэж, үндэсний хөгжимд найруулга хийх орчин цагийн дэг суурийг үндэслэн буй болгосон монголын хөгжмийн урлагт хувь нэмэр оруулсан билээ.

Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 26-30-нд Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.

Ёслолд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад удирдлагууд, “Лувсанжамбын Мөрдорж” сангийн тэргүүн Э.Бадрал, хөгжмийн зохиолчийн ач, зээ нар, МУАЖ, ОХУ-ын БурУУГЗ, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа, МУСГЗ, доктор Д.Цэдэв, хөгжим судлаач Х.Буянхишиг, МУГЖ, хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ болон урлаг судлаачид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Ууланд төөрсөн аав, хүү хоёрыг эсэн мэнд олжээ

Ууланд төөрсөн аав, хүү хоёрыг эсэн мэнд олжээ.

Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Согоот”-ын 40 дүгээр гудамжинд оршин суугч иргэн М /45 настай, эрэгтэй/, хүү А /5 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлага 2019.12.27-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан 02:24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон байна.

Categories
мэдээ нийгэм

Цонхоор унах гэж байсан дөрвөн настай хүүхдийг аварчээ

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 18 дугаар байр 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага 2019.12.26-ны өдрийн 16:14 цагт хүлээн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулж 16:16 цагт очиход тус байрын 35 тоотод оршин суугч иргэн Д /4 настай , эмэгтэй/ унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, хүүхэддээ тавих анхаарал халамжаа цаг ямагт дээшлүүлж байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гүнбилэг: Ц.Нямдорж сайд аа баярлалаа, баяртай

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн асуудлыг ҮАБЗ-өөр авч хэлэлцэх хүсэлт хүргүүлжээ. Нэлээд хэдэн шалтгааныг ч гаргаж тавьж. Энэ талаараа тодруулаач?

-Бидний үеийн хуульчид оюутан ахуй үеэсээ Ц.Нямдорж сайдыг даган дуурайж, ийм хуульч болох юмсан гэж боддог байлаа. харж, судалж, бахархаж явсан. ингэж их итгэл хүлээлгэж, шүтэж явсан хүн маань өдгөө хуулийн байгууллагад 15, 20-иод жил ажилласан бидэнд их өөрөөр харагдах боллоо. Бид энэ хугацаанд хуулийн салбарт үүссэн болох, болохгүй бүхнийг ч харж эхэлсэн. Уих-ын гишүүн Б.Пүрэвдорж, хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нар ч Ц.Нямдорж сайдын талаар ярьсан байна лээ. Өөрийнхөө хамгийн их үзэн яддаг хүний дүрд зарим улстөрчид орчихдог. үнэхээр энэ хүн Б.Пүрэвдорж, Б.энхбаярын ярьж байгаа шиг хууль зөрчдөг, мэдсээр байж хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж олон хүнийг авлига, албан тушаалын гэмт хэргээс мултлах гэж хичээж байгаа юм биш биз дээ гэсэн айдас нийгэмд үүсээд байна.

-Ц.Нямдорж сайдын хувьд хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтийг анхнаас нь дэмжээгүй, оролцоогүй гэдгээ хэлж байсан л даа.

-Өөрөө бол янз бүрийн л тайлбар хэлдэг байх. үнэн худлыг нь мэдэхгүй. энэ мэдээлэл нийгэмд хүрээд эхлэхээр хууль зүйн салбар өөрөө уналтад орчихож байгаа юм. хуульд итгэх иргэдийн итгэл улам бүр үгүй болж байна. Үүнд нь хуульчид маш их санаа зовж, хоорондоо ярилцаж эхэлсэн. Энэ хүний талаарх мэдээлэл үнэхээр эмх замбараагаа алдлаа. Тиймдээ ч ҮАБЗ-д хандах нь зүйтэй гэж үзсэн.

-Чухам яагаад ҮАБЗ-д хандахаар болсон юм бэ?

-үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс төрийн үйл ажиллагаа, үндэсний эдийн засаг, аюулгүй байдал-тай холбоотой асуудлуудыг хэлэлцэх эрхтэй байдаг. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Уи х дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ордог шүү дээ. энэ хүмүүсийн мэдэлд тагнуул, АТГ зэрэг байгууллагууд бий. Тиймээс зөвлөмж гарган, тодорхой санал асуулга явуулж, дээрх асуудлын үнэн, бодит эсэхийг нь шийдэх боломжтой. Өмнө нь Ц.Нямдорж сайдыг Бэлла Виста хэмээх маш өндөр үнэтэй байранд үнэгүй амьдардаг нь авлигын гэмт хэргийн шинжтэй байж болох талаар шуугиад өнгөрсөн. Тэр дундаа уг байр нь хэний байр вэ гэдэг талаар шуугьсан. энэ асуудалтай холбоотойгоор хуульчид үндсэн хуулийн Цэцэд хандсан боловч маргаан үүсээгүй байдаг. Ер нь хүний үнэтэй байранд үнэ төлбөргүй амьдарна гэдэг ямар учиртай юм бэ. Гадны оронд ийм тохиолдол гарвал төрийн албан хаагчийн ёс зүй, зарчим, хууль зөрчсөн асуудал болж сайд битгий хэл төрийн байгууллагад ажиллах эрхээ хязгаарлуулна.

АТГ-ын зүгээс авлигын олон хэрэг дээр ажилласан гээд үгээ хэлчихсэн. Тиймдээ ч энэ тохиолдолд хандах ёстой субьект нь үАБз. Тэндээс прокурор, АТГ, тагнуул, цагдаа өөр юу байдаг юм тэр бүрт нь хандаж, яаралтай арга хэмжээ авах ёстой. Нөгөө талаас энэ мэдээллийг Уи х дээр хамаа замбараагүй ярьж байна. үүний дагуу хянан шалгадаггүй юм бол ҮАБЗ-д хандсан уг бичигнээс Олон овоотын ордын 600 сая ам. долларын үнэтэй гэх уурхайг засгийн газар яагаад Жастын Батхүүгийн өрөнд авахгүй байгаа вэ, үүнд Ц.Нямдорж сайд нөлөөтэй байж болох талаарх Б.Пүрэвдорж гишүүний яриа ямар учиртай вэ гэдгийг прокурор болон бусад байгууллага харж судалж, олон нийтийн эргэлзээг тайлах байх. Ц.Нямдорж сайд хаан, заан биш. ийм байдлаар хандаж болохгүй л дээ. Ямартаа ч хуульчийн хувьд энэ олон мэдээлэл, тэр дундаа “Улаан бал” нэвтрүүлгээр Б.энхбаярын ярьсан сэтгүүлчдийг тагнаж, чагнасан зэрэг хэргүүдийн мэдээллийн талаарх эргэлзээгээ тайлах үүднээс зохих газар нь хандах ёстой гэж бодсон юм. Тэр нь ҮАБЗ юм байна гэж үзсэн. үАБз хэлэлцэхгүй гэвэл тэр нь өөрөө хойч ирээдүйд маш том баримт болно. Бусад хуулийн байгууллагууд ч манай сайдын гэмт хэргийн талаарх асуудлуудыг харж байгаа. Эс үйлдэл хийх эсэх нь энэ цаг үеийн хуульчдын анхааралд байна.

-ҮАБЗ-өөс тухайлсан хүн рүү хандаж зөвлөмж ирүүлдэг юм уу?

-энэ нь зөвхөн Ц.Нямдорж гэдэг хүний асуудал биш байхгүй юу. энэ хүнтэй холбогдож хөндсөн зүйлүүд нь дандаа улс орны үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан байгаа. Тэр талаар хүсэлтдээ бичсэн. Тэнд эдийн засаг, гэмт хэргийн шинжтэй, хуулийг яаж гууль болгох, парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлсөн байж болох асуудлууд байгаа. Яагаад 10 жил байсан хөөн хэлэлцэх хугацааг тав болгочихов гэдэг асуудал үргэлжилсээр байх болно. Яагаад үүнийг засах хуулиа оруулж ирэхгүй удах болов гэх мэт. Олон жилийн өмнө энэ хүнийг хууль зассаныг тогтоосон Цэцийн шийдвэр гарсан шүү дээ. Хууль зассан том алдаа хийснийг нь иргэд олж хардаггүй. Түүнийг нь харах юм бол агуулгын хувьд зөрчил гаргаж байсан байгаа юм. Яахав дандаа буруу зүйл хийж байгаагүй л байх. Гэхдээ энэ олон зөвийн дунд цөөн буруу байхад л хуулийн салбар, хуульд итгэх иргэдийн итгэл нурдаг.

-Зөвхөн Ц.Нямдорж сайдыг онцолж байгаа нь ямар учиртай вэ. Цаанаа ямар нэгэн улс төрийн ашиг хонжоо, сонирхол байгаа юм биш биз?

-Улс төрийн ашиг сонирхол байхгүй. үАБз-д өгч байгаа энэ хүсэлт дотор миний үзэл бодлын тухай юм байхгүй. Төрийн хариуцлагатай алба хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийн ярьсан зүйл бий. энэ хүмүүс зүгээр нэг ярьдаг хүмүүс биш байх. Ноцтой зүйлсүүдийг л ярьж байгаа. энэ тохиолдолд сайн, муу гэж ярилцаад байх шаардлагагүй. Дээр хэлсэнчлэн энэ хүн сайн зүйл их хийсэн. Бид бахархаж явсан. Гэхдээ одоо энэ олон хууль зөрчсөн асуудлууд үнэн бол Ц.Нямдорж сайд аа, баярлалаа, баяртай гэж хэлэх цаг нь болсон.

-Тэдгээр хүмүүсийн ярьж байгаа зүйлийг хууль, шүүх нь авч хэлэлцэж нэг талд нь гаргах ёстой биз дээ. Эсвэл сайдынхаа асуудлыг огт авч хэлэлцэхгүй байгаа хэрэг үү?

-Ажиллах ёстой. Б.энхбаяр тагнуул дээр хэрэг нь шалгагдаж байсан ч тэр нь замхарсан гэх зэрэг зүйлийг ярьсан. Ер нь яахаараа замхарчихдаг юм. энэ мэдээллүүдийг бүгдийг нь ил болго. холбогдоод байгаа зүйлсийг нь ч тэр. “Нямдоржийн Алтанд шилжүүлсэн Олон Овоотын ордыг 2013 онд Жастын Батхүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Тэрнийг буцааж төр авах хэрэгтэй. Батлагдсан нөөц нь 18.5 тонн, 600 сая ам.долларын үнэлгээтэй орд бий” гэж ярьсан яриа л улс орны хэмжээний асуудал. Үүнийг шалгах хэрэгтэй. хэрэв Б.Пүрэвдорж гишүүн худлаа ярьсан юм бол түүнийг нь зарла. энэ мэт хариултаа олоогүй асуулт маш их байна. үүнийг хэлэлцэж өгөхийг үАБз-өөс хүсч байгаа юм. хэлэлцэх шүү. ийм тийм шийд гарга гээгүй. хэлэлцэнэ гэдэг нь өөрөө маш том анхаарал. үүнийг үАБз хэлэлцэхгүй, тодорхой байгууллагуудад зөвлөмж илгээхгүй, мэдээлэл цуглуулж олон нийтэд өгөхгүй, энэ нь хуульчид та нарт хамаагүй гэвэл дахиж юм ярихаа больё. энэ хүн сайн хүн юм байна, шүүмжлэгчид нь муу, худалч юм байна гээд л бодчихъё. Прокурор нийгэмд түгсэн энэ мэдээллийг анхаарч л байгаа байх. Зүгээр ингээд орхихгүй байх. Сайн уу, саар уу асуултдаа хуульчийн хувьд хариулт авч олон нийтийн эргэлзээг тайлмаар байна.


Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнх-Эрдэнэ: Оюу толгойн хэлэлцээр, Таван толгойн IPO-г амжилттай хийвэл бондын төлбөр асуудал биш

Голомт банкны арилжааны хэлтсийн захирал, хөрөнгийн захын шинжээч Г.Мөнх-Эрдэнэтай ярилцлаа.


-Хөрөнгө оруулалт саарсан нь ханшид яаж нөлөөлж байгаа бол?

-Хөрөнгө оруулалтын сааралтын тухайд зөвхөн өнгөрсөн жил ажиглагдсан зүйл биш. Түүхий эдийн үнэ унах цикл 2012, 2013 оноос хойш хүчтэй мэдрэгдсэн. Хоёрдугаарт, тэр үеэс манай улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль янз бүр болж өөрчлөгдсөн л дөө. Энэ утгаараа хөрөнгө оруулалагчдад эргэлзээ, айдас төрүүлсэн. Иймэрхүү шалтгаанаар ханшийн савлагаа өндөр байсан тал бий. Монголбанкны тухайд сүүлийн үед интервенц хийж ханшийг тогтворжуулж байгаа.

-Гэсэн ч төгрөгийн ханш бага багаар суларч, доллар аажимдаа өсөөд байгаа шүү дээ?

-Аажмаар өсч байгаа өсөлт сая хэлсэн шалтгаанаас үүдсэн. Хууль эрх зүйн орчин тогтворгүйтсэнээс үүдсэн хүмүүсийн сөрөг хүлээлт бүрэн арилаагүйтэй холбоотой. Түүнээс биш урсгал тэнцлээ харвал нэг хоёр жилийн өмнөхөөс хамаагүй сайн байгаа. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүлээлтийн энерци гарч дуусаагүйтэй холбоотойгоор ханш алгуур өсөөд байна.

-Ханш цаашдаа яах бол. Сонгуулийн жил гарах гэж байна. Энэ шалтгаан том эрсдэлд багтах байх, тийм үү?

-Ер нь хаврын улиралд ханш унадаг зүй тогтолтой. Шалтгаан нь ноолуурын экспорт. Хаврын улиралд их хэмжээний ноолуур экспортолдог. Өнгөрсөн жил гэхэд л 330 сая ам.долларын ноолуурын экспорт хийсэн. Хоёр, гуравхан сарын дотор нэг дор бөөнөөрөө орж ирнэ гэсэн үг. Сардаа бараг 100 сая ам.долларын экспорт гэнэт нэмэгддэг. Ам.долларын урсгал улирлын шинжтэйгээр ингэж нэмэгддэг юм. Зуун сая ам.доллар нэг сард орж ирнэ гэдэг бол манай эдийн засгийн хувьд маш том дүн. Тэр утгаараа ханшийг хангалттай хэмжээнд бууруулах боломжтой. Ирэх жилийн тухайд сонгууль болох гэж байгаа учраас ханш өснө гэсэн хүлээлт бий байх. Ийм шалтгаанаар ирэх хавар ханш унах нөлөөлөл нь бага байж магадгүй.

-Өнгөрсөн сонгуулиудын жишгийг харахаар сонгуулийн дараа ханш өсдөг нь бараг зүй тогтол болчихсон. Шалтгаан нь юундаа байна?

-Сонгуулийн дараа ханш өссөн хэд хэдэн тохиолдол бий. Миний ажиглаж байгаагаар бол засаг солигдох гэсэн шалтгаан өсөлтөд нөлөөлдөг. Тэгэхээр сонгуулийн үр дүн чухал гэсэн үг. Түүнээс биш ирэх жил суурь талаасаа урсгал орлого маань муудаад ханш өсөх шалтгаан харагдахгүй байна. Трамп, Си Жиньпин хоёр ФАЗ-1 гээд хэлэлцээр хийсний дүнд худалдааны дайн харьцангуй намжиж эхэллээ. Тэгэхээр гадаад зах зээлээс бидний анх бодож суусан шиг сөрөг нөлөөлөл орж ирэх магадлал багасч байна. Ингээд харахаар түүхий эдийн үнэ дажгүй, урсгал орлого маань боломжийн гэж харагдаж байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал ямархуу байна вэ?

-Өнөөдрийн хувьд гээд харвал гадаадын гол хөрөнгө оруулалт Оюу толгой л байна. Тэгэхээр Оюу толгой цааш явдгаараа явна гэж ойлгож байгаа.

-Ер нь ирэх онд эдийн засгийн төлөв дажгүй байх нь уу?

-Миний харж байгаагаар 2016 он хамгийн хүнд жил байсан. Бүх юмны үнэ уначихсан хэцүү цаг байлаа. Одоо бол тийм биш. Түүхий эдийн үнээс шалтгаалаад эдийн засаг хамаагүй сайжирчихсан. Ирэх жил муудна гэж харахгүй байна. Гэхдээ ирэх жил хийх ёстой маш чухал хоёр ажил байна. Нэг нь Оюу толгойн гэрээний асуудлыг хэрхэн амжилттай даван туулж шийдэх вэ гэдэг асуудал. Нөгөө нь Таван толгойн IPO. Таван толгойн IPO хийх ажлын тухайд “Блүүмбэрг”-ээс мэдээлэл аваад харахаар нэлээд эрчимтэй, бодитой хэрэгжиж яваа гэж би ойлгосон. Хамгийн сүүлд Bank of China Internetion­al, “Номура” хоёрыг хувьцааны хөрөнгө босгох ажил дээрээ албан ёсоор гэрээлж, хамтарч ажиллахаар болсон байна. “Номура” нь Японы номер нэг үнэт цаасны компани. Bank of China гэхэд л маш том санхүүгийн институци. Үүнээс гадна өөр банкууд ч яригдаж байна. Энэ ажлыг амжилттай хийж чадвал Монгол Улс дэлхийн тавцанд нэр хүндээ сэргээх, дүр төрхөө шинээр бий болгож гарч ирэх, цааш амжилттай алхахад маш чухал нөлөө үзүүлнэ.

-Таван толгойн IPO –г хийхээс аргагүй хамгийн чухал шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-2012 оноос хойш Оюу толгойтойгоо ноцолдсоор байгаад таарсан. Хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотойгоор манай улсын имиж дэлхийн зах зээл дээр унасаар ирсэн. Таван толгойн IPO одоо амжилттай болвол 2012 онд босгох гэж байсан ажил албан ёсоор хийгдэх нь гэсэн мессэжийг дэлхийн зах зээлд өгнө. Тэр утгаараа нэр хүндэд маш чухал нөлөөтэй. Хоёрдугаарт энэ ажил амжилттай болвол ирэх онд элдэв эрсдэлийн нөлөөлөл буурна. Жишээ нь, гадаад өрийн асуудал байна. Гадаад өрөө шийдэхэд эерэгээр нөлөөлөх боломжтой. Одоо бидэнд дахин санхүүжүүлэх хувилбар л бий. Тэр ажиллагааг амжилттай хийхэд энэ ажлын үр дүн амжилттай байх нь маш том нөлөөтэй. Ийм хоёр ажлыг амжилттай хийж чадвал гадаад өр, бондын төлбөр асуудал биш.

-Яагаад бондын төлбөр асуудал биш гэж. Их мөнгө яригдаж байгаа биз дээ?

-Бид өнөөгийн ханшаар тооцвол газар дороо 3-3.5 их наяд ам.долларын баялагтай улс. Түүний хажууд 30 тэрбум ам.доллар бол өчүүхэн хэмжээ. Үүнээс Засгийн газрын өр нь 7.3 тэрбум ам.доллар. Тэгэхээр баялаг маань байна. Хамгийн гол нь зөв менежмэнттэйгээр зөв цаг үед нь зөв хувилбараар ашиглаж чадвал гадаад өрд санаа зовох зүйл байхгүй.

-Ам.долларын ханш дэлхийд ямар байх зураг, таамаг байна вэ?

-ФАЗ-1 гэдэг хэлэлцээрийн үр дүнгээр гадаад худалдааны дайн тодорхой хугацаанд намжиж чадлаа. Өөрөөр хэлбэл ирэх жил өмнө ярьж байсан шиг томоохон эрсдэл, уналтууд болох магадлал багассан. Нөгөө талаас нь харвал АНУ-ын Холбооны нөөцийн сан сая арванхоёрдугаар сард хуралдаад Америкийн эдийн засаг сайн яваа учраас ирэх жил ч бодлогын хүүг өсгөхгүй гэсэн урьдчилсан мэдээлэл өгчихсөн байгаа. Тэгэхээр ам.долларын ханш дэлхийн зах зээлд дахин чангарах магадлал багасна гэсэн үг.

-Алтны ханш яахаар байгаа вэ?

-Гадаад худалдааны дайнаас гадна гэж яривал ер нь дэлхийн эдийн засаг маш хямд валют руу орчихсон. Америкаас өөр бусад бүх том эдийн засгуудын бодлогын хүү маш бага болсон. Бодит хүү нь бүр хасах утгатай болчихсон байгаа. Нөгөө талд Америк, Оросын төв банкууд валютынхаа нөөцийг ам.доллараар биш алтаар бүрдүүлж эхэлсэн. Жил гаруйн өмнөөс ингэж нэмж эхэлсэн л дээ. Тэгэхээр алтны ханш ирэх жил өсөх зураг харагдаж байна. Өнөөхөндөө бол бага хэмжээнд унах байх.

-Алтны ханш өсөөд хэд хүрэх бол?

-1600 ам.доллар хүрч өсөх байх.

-Газрын тосны ханш яах вэ?

-Газрын тосны хувьд том хөдөлгөөн гарахгүй байх. Гэхдээ нөхцөл байдлыг шууд урьдчилж хэлэхэд хэцүү.

-Хятадын зах зээл ямархуу байх нь вэ?

-Хятадын тухайд 2016 оноос хойш 700 сая тоннын үйлдвэрлэлийг дотооддоо байхгүй болгосон. Тэрний ачаар Монголын нүүрсний экспорт 2015, 2016 онд 11 сая тонноор хэмжигдэж 600 сая ам.доллар олж байсан бол энэ жил гэхэд л 36 сая тонн нүүрс экспортолж, 2.8 тэрбум ам.долларын орлого олох гэж байна. Гол шалтгаан нь Хятад улс дотооддоо үйлдвэрлэлээ танасантай холбоотой. Хятад эргээд ямар арга хэмжээ авч байна вэ гэдэг бидэнд чухал. Том, цөөхөн ордуудыг нээж эхэлж байгаа. Өнгөрсөн жилээс энэ ажил нь эхэлсэн. Тэгэхээр энэ нь урт хугацаандаа манай нүүрсний экспортын үнийг ч бууруулна, хэмжээг нь буулгана. Гэхдээ ирэх жилийн хувьд сөрөг нөлөөлөл нь харьцангуй бага байх болов уу. Цаашлуулаад гурав, таван жилээр харвал арай өөр зураг харагдаж байгаа. Нүүрсний үнэ өмнөх шиг огцом буурахгүй. Хятадын тухайд дотоодын зах зээлийнх нь үнэ огцом унах эрсдэл үүсээд эхэлбэл Австралиас авч байгаа нүүрсэндээ квот тавина. Өөрөөр хэлбэл, дотоод зах зээл дээрээ нийлүүлэлтийн урсгалыг тодорхой хэмжээнд хаана гэсэн үг. Ийм арга хэмжээ авахаар үнэ тогтворжино. Тэр нь манайд эерэгээр нөлөөлнө.


Categories
мэдээ цаг-үе

П.Эрдэнэбат: Шинэ жилийн үеэр иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож амь насаа алдах эрсдэлтэй байдаг

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд эхэлжээ. Үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байдаг. цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Шинэ жилийн баярын арга хэмжээг манай улс өргөн тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын хэмжээнд арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл бүрэн хүчээр ажиллана гэсэн үг.

-“Шинэ жил” арга хэмжээний ач холбогдол юу байна?

-Байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтэн жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнээд, сайн ажилласан ажилтан, албан хаагчдаа урамшуулж шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ үеэр эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох, үл ойлголцох байдлын улмаас бусадтай маргаан үүсгэж, бусдын биед халдах зэрэг тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага “Шинэ жил” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх юм.

-Арга хэмжээний хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-“Шинэ жил” арга хэмжээний хүрээнд тодорхой нутаг дэвсгэрийг хяналтад авах, байгууллага, хамт олны шинэ жил тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулж буй ресторан, баар, цэнгээний газруудын хуваарийг авч, тухайн орчныг эргүүлийн чиглэлд хамруулан, хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн 600 гаруй сонсогчийг шинэ жилийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд татан оролцуулж байгаа. Эдгээр сонсогчид цагдаагийн байгууллагын мэргэшсэн боловсон хүчин болж бэлтгэгдэн гарах учраас хамтын ажиллагааны хүрээнд тодорхой хэмжээний дадал эзэмших эерэг талтай. Энэ үүднээс хэв журам сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцож байгаа.

-Шинэ жилийн үеэр гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг вэ. Үүнд юу нөлөөлж вэ?

-Шинэ жилийн баярын үеэр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсдэг. Үүнээс шалтгаалж осгож амь насаа алдах эрсдэлтэй. Мөн бусадтай зүй бус харилцсаны улмаас үл ойлголцох байдал үүсч бусдын бие махбодод халдах, эрүүл мэндэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэл учруулах, цаашлаад амь насанд нь хүрч болно.

-Иргэд баяраар бингалын гал, салют хэрэглэдэг. Эдгээр зүйлстэй санамсар болгоомжгүй харьцсанаас үүдэж гэмтэх тохиолдол байдаг. Энэ талаар сэрэмжлүүлэхгүй юу?

-Салют, пиротехникийн хэрэгслийг байгууллагын арга хэмжээ, иргэдээс гэр бүлийн хүрээнд авч ашигладаг. Энэ нь өөрөө тусдаа хуулийн зохицуулалттай байдаг. Салют, пиротехникийн хэрэгсэл ашиглан ёслолын буудлага үйлдэхдээ тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас худалдан авч хэрэглэх нь зүйтэй. Гар дээрээс стандартын шаардлага хангасан нь тодорхойгүй салют авч ашигласнаар гар хуруугаа таслуулах зэрэг аюултай байдал үүсдэг эрсдэлтэй.

-Шинэ жилийн баярын үйл ажиллагааны үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалж осгож нас барах тохиолдол байдаг талаар та яриандаа дурдсан. Энэ төрлийн осол аюулаас сэрэмжлүүлээд ард иргэдэд юуг зөвлөх вэ?

-Байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан хэд хэдэн зүйлийг сэрэмжлүүлэг болгож байна.

Шинэ жилийн арга хэмжээний үеэр архи, согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэрэглүүлэх тал дээр зохион байгуулалтын арга хэмжээ авах. Цаашлаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарах, хүний амь нас, эрүүл мэндэд аюул үүсэхээс урьдчилан сэргийлж нэгдсэн зохион байгуулалттайгаар ажилчдадаа автобус, унаагаар үйлчлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Мөн шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалал, теле-хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг хангах, хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилж ажиллуулах шаардлагатай. Шинэ жилийн арга хэмжээний үеэр сонор сэрэмж алдсанаас хулгайн гэмт хэрэг гарах хандлага их байдаг.

Үүнээс гадна согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулахад насанд хүрээгүй болон хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарыг тогтоосон дүрэм, журмыг баримталж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөе.

Нэмж иргэдэд анхааруулахад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын болон бусад хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангах нь чухал. Аль болох согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх,шинэ жил гэдэг нь гэр бүлийн баяр. Гэр бүлтэйгээ тэмдэглэхийг илүүд үзэхийг зөвлөж байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

П.Пүрэвжаргал: “Монгол коммент” нэвтрүүлэг бол бид хоёрын залуу насныхаа эрч хүчээр хийж байгаа ажил

“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргалтай ярилцлаа.


-“Монгол коммент” нэвтрүүлэг хэзээнээс үзэгчдэд хүрсэн юм бэ?

-2011 оноос эхэлсэн. Миний хувьд 2014 оноос энэ нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн дээ.

-Хөтлөгч М.Батбилэг, та хоёрын хөтлөлт хоёр өөр. Нэг нь дуу шуутай, нөгөөх нь төлөв даруу байдалтай суудаг. Энэ нь нэвтрүүлгийн тактик уу. Эсвэл ерөөс та хоёрын байгаа байдал тэр үү?

-Бидний өөрсдийн төрөлх зан байдал тэгж нэвтрүүлгийн хөтлөлтөөр илрэн гарч байгаа л даа. Манай Билгээгийн хувьд маш уран, цэцэн үг, хэллэгтэй. Бараг л тоормосгүй шахуу л үг нь урсаж, ундарч байдаг. Билгээ бид хоёр өмнө нь бас нэг газарт хамт ажиллаж байсан л даа. Намайг энэ нэвтрүүлгийн хөтлөлтөд орж ирэхэд найзууд маань ч хүртэл хэлж байсан л даа “Та хоёр хосолж байна. Нэг нь задгай ярьж байхад нөгөөх нь хазаарлаж чадаж байна” гэцгээсэн. Билгээ маань энэ нэвтрүүлгээ анхнаас нь хөтөлсөн, арга барилаа олчихсон, авьяас, ярих чадварын хувьд үзэгчид түүнд хайртай байдаг. Хажууд нь суухдаа би найзыгаа зогсох ёстой газарт нь зогсоогоод хүч нэмэх газарт нь хүч нэмээд явж байна даа. Өнөө арга, билэг гэдэг шиг л шүтэлцээтэй ажилладаг. Хоёулаа уралдаж яриад байвал муухай харагдах байх. Эсвэл хоёулаа үзэгчдээ унтуулдаг уйтгартай байж болохгүй. Тэгэхээр бид хоёрын хувьд ус, тос нь таарчихсан л гэж харагдаад байдаг юм.

-Бараг өдөр болгон шахуу гардаг билүү?

-Долоо хоногийн даваагаас баасан гаригт 18 цагаас 19 цаг хүртэл. Есөн жилийн турш яг энэ өдрүүдэд, энэ цагт нэвтрүүлгээ хийж байна.

-Энэ цаг бол хүмүүс ажил, сургуулиасаа тараад гэртээ орж ирээд зурагтаа асаадаг цаг. Яг тэр үед нь та хоёр гарч таардаг?

-Яг яагаад энэ цагт энэ нэвтрүүлэг гарах болсны нарийн учрыг би мэдэхгүй. Манай нэвтрүүлэг шууд явдаг. 365 хоногоосоо зуны гурван сарыг, мөн долоо хоногийн амралтын өдрүүдээ хасахад 200-гаад өдөр болж байгаа биз. Бид жилийн 200 өдөрт нь тогтмол цагт шууд нэвтрүүлэг хөтөлдөг. Энэ нь ч бид хоёрын хувьд таатай. 19 цагт ажлаа тараад харина.

-Нэвтрүүлгийн үеэр сонирхол татмаар, олны анхааралд өртмөөр, араас нь хөөгөөд сурвалжлага бэлдчихмээр сэдвүүдийг иргэд гаргаж ирж байгаа харагддаг юм?

-Манай нэвтрүүлэг цахим орчинд ямар үйл явдал өрнөж буйг, тухайн өдрийн онцлох үйл явдлын эргэн тойрон дахь мэдээллийг хүргэдэг. Хамгийн гол нь тэр хүргэж буй мэдээлэлдээ үзэгчдийнхээ сэтгэгдлийг авдаг. Манай нэвтрүүлэг TV9 телевизийн нэгдүгээр сувгаар, Авто радио 96.3-аар, TV9 Mongo­lia гэсэн фэйсбүүк хуудсаар дэлхий даяар лайв хэлбэрээр хүрдэг. Нэгэн зэрэг ийм гурван сувгаар хүрч байна. Ингээд бид үзэгчдээсээ сэтгэгдлийг нь авдаг. Нэвтрүүлгийн нэр нь ч “Монгол коммент” шүү дээ. Монголчуудын сэтгэгдэл, тухайн мэдээлэлд ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгийг ямар нэгэн цензургүйгээр хүргэх гээд байгаа юм. Тэгж байхад тэр олон сэтгэгдэл дундаас үзэгчдээс маш олон мэдээлэл ирдэг байхгүй юу. “Манай хороо хогоо ачихгүй гурван сар боллоо” гэнэ, шахмал түлшний чанарын асуудал дээр иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Хөдөө орон нутагт “Засаг дарга нар нь ирцээ бүрдүүлэхгүйгээр хуралдаад манай сумын газар нутгийг тийм компанид өгчихлөө” гэж мэдээлнэ. Үзэгчдээс маш олон захидал ирдэг. Бид хоёрт архивлаад авчихсан тоолж барамгүй их захидал байна. Захидал, сэтгэгдлээс гадна өөр хувилбараар төрөлжүүлье гэж бодож байгаа. Утсаар шууд холбогдох ч юм уу. Нэг хэлбэр, нэг тактикаар нэлээд удаан явлаа. Цаашдаа нэвтрүүлгээ шинэчилнэ ээ.

-Танай нэвтрүүлгийг ингэхэд хэд орчим насныхан идэвхтэй үзэж байна вэ?

-“Максима” гэж судалгааны байгууллага сар болгон хамгийн их эрэлттэй, үзэгчидтэй нэвтрүүлгүүдийг төрөл төрлөөр нь үзэгчдийн дөрвөн насны ангилалд танилцуулдаг. Манай нэвтрүүлэг сар болгоны судалгаанд эхний топ тавд байнга орж байдаг байхгүй юу. Заримдаа тэргүүлнэ. Ялангуяа 35-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй үзэгчдээрээ байнга тэргүүлж байна. 24-35 насны залуучуудын хувьд заримдаа гурав, дөрөвдүгээр байрт ордог. 16-24 насны залуучуудын ангилалд мөн л хоёр, гуравдугаарт орох маягтай явдаг.


-Болохгүй байгаа, бүтэхгүй байгаа, анзаарсан юмаа хүн бусдадаа хэлэх дуртай. Хэлэхгүй, дотроо хадгалахаар түүндээ стресстэж бухимддаг. Харин танай нэвтрүүлэг тэр бухимдлаас нь тодорхой хэмжээгээр гаргаж, үгийг нь сонсдог. Үүгээрээ та бүхнийг нийгмийн дуу хоолой болж байна гэж ойлгодог?

-Хүмүүсийн хэлэх гэсэн хүсэл, эрмэлзлийг дамжуулж байгаа гэж боддог. Хүмүүсийн сэтгэгдлийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдэг бол маш том боломж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх, түүнд нь цензур тавихгүй байна гэдэг бол тухайн хүний үгээ хэлэх эрх чөлөөг эдлүүлж байгаа хэрэг мөн. Үзэгчид маань хэд хэдэн төрөлтэй. Зарим нь биднийг дэмждэг. Наадах чинь зөв зүйтэй гэж хэлээд үзэл бодлоо нэмэрлэдэг. Гэтэл нэг хэсэг нь “Энэ хоёр дандаа хов хутгадаг. Хов базахаас өөр юм байхгүй” гэж шүүмжилдэг.

Тэр хүмүүсийн хувьд манай нэвтрүүлгийг үзэхгүй байх эрх нь байгаа шүү дээ. Заавал нервтэн байж үзэх шаардлагагүй. Гэтэл зарим нь зүгээр л бид хоёроос өө эрдэг. Юуг буруу хэлэх нь вэ, хэн нь цамцныхаа товчийг товчлохгүй сууж байна вэ, хэн нь амнаасаа муухай үг унагах нь вэ гэдгийг амдаад сууж байдаг. Тэгээд тэрийгээ маш том алдаа олчихсон баатар мэт бодоод түүгээрээ сэтгэгдэл бичдэгт нь харамсдаг юм. Тийм сэтгэгдэл бичихийнхээ оронд хэлэлцэж буй асуудалд үзэл бодлоо нэмдэг байх хэрэгтэй. Жишээ нь, нийтийн тээврийн асуудлыг хөндөж хүмүүс сэтгэгдэл бичиж байхад тэр хүн зүгээр л нийтийн тээврээр зорчсон сэтгэгдлээ бичихэд л болж байгаа юм, уг нь. Тэгтэл “Та хоёр ингэхэд автобусанд суудаг юм уу” гэж бид хоёр руу дайрна. Бид үзэгчдийнхээ үг, үзэл бодлыг дамжуулж байгаа мэдээлэл дунд суудаг хүмүүс. Бид дүгнэлт хийгээд байх ч шаардлагагүй л дээ.

Бид чадах чинээгээрээ л хүмүүст тус болох гэж хичээж байна. Маш олон захидал ирнэ. Тэрэн дундаас өвчтэй зовлонтой хүмүүст тусалж, хандив хэрэгтэй болсон гэх захидлуудыг олон захидлын өмнүүр оруулж уншдаг л даа. Хором, минутаар хэмжигдэж буй амьдралыг нь аврах, туслахын тулд бид тэгж захидлыг нь хүмүүст уншиж өгч, тусалдаг. Манай Билгээ өөрөө ч тийм зовлон бэрхшээлийг амссан хүн учраас тэр тал дээр бид тийм байр суурь баримталдаг. Хүмүүс бид хоёрыг мөнгө, хөлс авч захидлыг нь уншдаг гэж бодоод байдаг. Бид ямар ч үнэ, хөлс хэзээ ч хаанаас ч авч байгаагүй. Манай нэвтрүүлгийн мөрөөр хийсэн нэвтрүүлэг, хандивын аян, сайн сайхан үйлс зөндөө байна.

-Нийгмийг нэг хүн гэж бодъё л доо. Тэр хүн 2011 онд голдуу ямар сэтгэгдэл бичиж байв. Одоо сүүлийн үед ямар сэтгэгдэл бичиж байна вэ?

-Нэвтрүүлгийн үеэр ирсэн сэтгэгдлийг унших нь голдуу миний ажил байдаг л даа. Юм алхам алхмаар хөгжиж байна. Анх Yahoo messenger гэж байсан бол дараа нь Фэйсбүүк гарч ирлээ. Ya­hoo мессенжерийн сэтгэгдэл цонх цонхоор гарч ирдэг байсан. Шууд нэвтрүүлгийн үеэр хүмүүсээс янз бүрийн хэллэгтэй сэтгэгдэл ирнэ. Тэрний муухай үгсийг нь хаачихдаг байсан. Одоо лайвын үеэр урсаж байгаа сэтгэгдлүүдийг бид удирдах боломжгүй болсон. Тэр чигээрээ урсдаг. Өмнө нь бид хоёрыг захиалгатай хоёр “баагий” сууж байна гэж хардаг өнцөг их байсан. Одоо тэр нь байхгүй болсон. Хоёрдугаарт, хүмүүс маш их хараал бичдэг байсан. Тухайн асуудлаа харааж байгаа юм. “Өө, п…наадах чинь тэгчихсэн новш байна шүү дээ” гээд л бөөн хараал хэлнэ. Оюу толгойн асуудал дээр тэр хүн тэгчихжээ гэхээр “Оо, тэрийг ал, дүүжил. Цаазал” гээд л харааж гарна. Одоо бол харьцангуй гайгүй болсон. Гарц гаргалгаагаа ярьдаг болсон байна. Хүмүүс “Одоо тэгээд яах уу, наадхыг чинь. АТГ нь ажлаа хийгээд наад асуудлаа шүүхээр оруулж шийдмээр байна шүү”, “Наад хүмүүстээ хариуцлага тооцоод оффшор бүст нуусан мөнгийг нь олж ирээд өрийг нь даруул” гэдэг зүйлийг их бичдэг болоод байгаа. Гэхдээ мэдээж 100 хувь сайхан болчихоогүй л байна. Бид хоёр “Зарыг зарлуулсан байгууллага, хувь хүн өөрөө бүрэн хариуцна” гэдэг шиг сэтгэгдлийнхээ бодит үнэнийг та бүхэн хариуцаарай, бид хоёр зөвхөн дамжуулж байгаа шүү гэдэг зүйлийг байнга хэлдэг. Яагаад тэгдэг вэ гэхээр, “Төддүгээр сургуулийн багш мөнгө хураагаад байна” гэдэг. Гэтэл тэр багш мөнгө хураагаагүй байж болно. Эсвэл тэр багштай муудалцсан найз нь тэр хүнийг гутаан доромжлох гэж манай нэвтрүүлгийг ашиглаж байж мэдэх байхгүй юу. Тийм зүйлээс бид аль болох татгалздаг. Бид регистрийн дугаартай, хороо хорины хаягтай, утасны дугаартай захидлыг хүлээн авдаг.

-Та хоёр их олон жил хамтдаа эфирт сууж, иргэдийн сэтгэгдлийг унших байх даа?

-Бид хоёр нэвтрүүлгээ больё гэсэн юм хэзээ ч ярьж үзээгүй. Гэхдээ насаараа, буурал үстэй болтлоо сууна гэж байхгүй шүү дээ. Энэ бол залуу насныхаа эрч хүчээр хийж байгаа ажил. Гэхдээ “Монгол коммент” нэвтрүүлэг үзэгчдэдээ хүрсээр л байх болно.

-Танай нэвтрүүлэг заасан цагтаа гарахгүй бол үзэгчид нэхнэ биз?

-Нэхнэ л дээ. Зуны цагт тэгж асууна. Тэгэхээр нь бидний хариулт бэлэн л дээ. “Энэ хоёр хүн чинь ээлжийн амралт авах эрхтэй. Энэ хоёр хүн бас амрах эрхтэй. Зун болж байна” гэж хариулна. Долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын нэгэн хүртэл завсарладаг юм. Угаасаа есдүгээр сарын 1-нээс нийгмийн он тоолол эхэлдэг учраас тэр үед нь бид эргэж уулзана аа гэдэг. Бид нэвтрүүлгээ завсарлахгүй явж болно л доо. Хэрвээ тэгвэл үзэгчид уйдна биз дээ. Наадмын өдрүүдээр бид хоёр жишээ нь юу яриад тэнд суух юм бэ (инээв).

Ямар ч утгагүй. Нэг удаа Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Монгол коммент” нэвтрүүлгээ хуваарийн дагуу хийж, бид хоёр эфирт сууж үзлээ. Бүх нийтийн амралтын өдрийг ч хэлэх үү. “Монголд төдөн эмэгтэй бий. Төчнөөн нь тийм ажил эрхэлдэг, тийм боловсролтой” гээд хэдэн тоо баримт л уншлаа. Тэгтэл ард нь үлдэж байгаа 30, 40 минут хоосон үлдэж байгаа байхгүй юу. Тэгтэл цэцэгт мэндчилгээ, утасны мэндчилгээ гэдэг шиг юм болж олон зуун мэндчилгээ ар араасаа ирж билээ.

-“Монгол коммент” биш “Монгол мэндчилгээ” болж дээ, тэгвэл. Та хоёр тэр мэндчилгээнүүдийг уншсан биз дээ?

-Уншилгүй яадаг юм (инээв). Үзэгчид бичиж байгаа юм чинь. Тийм үйл явдал болсон доо. Түүнээс хойш бүх нийтийн баярын өдрөөр амарч байх нь зүйтэй юм байна гэж шийдэцгээсэн.