Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтуудын амрах цагийн хуваарь

“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болон “Шинэ жилийн баяр”-ын өдрүүдэд хилийн боомтуудын амрах хуваарийг хүргэж байна.

Categories
гадаад мэдээ

Оросын тэрбумтнуудын жагсаалтыг В.Потанин тэргүүлжээ

Форбес сэтгүүл энэ удаагийн дугаартаа Оросын тэрбумтнуудын жагсаалтыг нийтэлжээ. Бизнес нь амжилттай яваа таван эрхмийн нийт хөрөнгө энэ жил 27 тэрбум ам.доллараар өссөн байна. Энэ удаагийн жагсаалтыг Оросын бизнесмэн Владимир Потанин тэргүүлжээ.

“Норильский никель” компанийн хувьцааны 30 хувийг эзэмшигч түүний хөрөнгө 2019 онд найман тэрбум орчим ам.доллараар нэмэгдэн, 23.8 тэрбум ам.долларт хүрчээ. Форбес сэтгүүлийн онцолсноор В.Потанины хувьд өнгөрсөн онд нэг ширхэг хувьцаа нь 12 мянган 500 рублиэр зарагдаж байсан бол энэ удаад 20 мянган рублиар борлогдсон байна. Форбес сэтгүүлийн онцолсноор сайн менежмэнт, нарийн тооцооноос гадна гадаад таатай орчин нөлөөлсөн гэв.

Тус сэтгүүлд мөн В.Потанины эхнэр асан Наталья нь хөрөнгө хуваах асуудлаар өнгөрсөн арваннэгдүгээр сард Лондонгийн шүүхэд хандсан тухай онцолжээ. Жагсаалтын хоёрдугаарт орсон “Новатэк” компанийн захирал Леонид Михельсоны хөрөнгө 2019 онд зургаан тэрбум ам.доллараар өсчээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард орсон жагсаалтаар тэргүүнд бичигдэж байв.

Удаахь байранд, газрын тосны хараат бус томоохон компанийн нэг гэгдэх “Лукойл”-ын хамтран эзэмшигч Вагит Алекцеров орсон байна. Түүний хөрөнгө 5.3 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Жагсаалтын дөрөвдүгээрт “Новатэк”, “Сибура”-гаас гадна газрын болон байгалийн

хийн компанийн өөр хувьцааг эзэмшигч Г.Тимченкогийн хөрөнгө энэ удаад 4.1 тэрбум ам.доллараар өссөн байна. Саяхан Форбес сэтгүүлээс оросын тэрбумтан эмэгтэйн жагсаалтыг нийтэлсэн юм. “In­teco Management” компанийн захирал Елена Батурина тэргүүлсэн юм. Түүний нийт хөрөнгө 1.2 тэрбум ам.доллар аж.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ: Иргэдийг гадаадын тусгай албанд ашиглагдахаас сэрэмжлүүлэх шаардлага тулгарч байна

Image result for тагнуулын ерөнхий газар

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадын зүгээс манай улсын эсрэг явуулж буй тагнан турших болон бусад хууль бус үйл ажиллагаанд манай орны иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэж байна. Энэ нь Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгаа юм. Иймд цаашид онцгой анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж буй бөгөөд иргэдийг гадаадын тусгай албанд ашиглагдахаас сэрэмжлүүлж байна. Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн “А” гадаадын тагнуулын алба, байгууллагатай хууль бусаар хамтарч, тэдгээрт дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг цуглуулж байсан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тусгай албатай нууцаар хамтран ажиллаж байгааг нотлох баримтаар тогтоосон.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 5-нд хэлэлцэж, Монгол Улсын иргэн “А”-гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Дагва: Бодлогын шинэчлэлийг дагаж үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй

НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.


-Таны санаачилсан Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төсөл олны анхаарлыг нэлээд татаж буй. Эндээс ярилцлагаа эхэлье…

-Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хэрэгтэй гэж би боддог. Дэлхий нийт хөгжлөөр сулавтар бүс нутаг, хотынхоо дэргэд чөлөөт бүс байгуулах чиг хандлагатай байна. Буянт-Ухаагийн цаана байдаг Алдар толгойн оройд эдийн засгийн чөлөөт бүсийн гэрэлт цамхгийг босгох юмсан гэж мөрөөдөж явдаг юм. Чөлөөт бүс байгуулах нь тухайн хотынхоо хөгжилд эерэг дам нөлөө ихтэй шүү дээ.

-Өмнө нь хэд хэдэн хил дамнасан чөлөөт бүсийг манай улс байгуулж байсан байх аа?

-Ер нь хил дамнасан чөлөөт бүсээс дэлхий нийт чимээгүй татгалзаж эхэлсэн. Тэр тусгай бүс дотор төр-хувийн хэвшлийн түншлэл утгаараа хөгждөг юм. Чөлөөт бүсийн асуудлаар би олон хүнтэй ярилцсан. Бүгд дэмжсэн. Монгол Улс 1995 онд чөлөөт бүсийн үзэл баримтлалыг баталж, 2002 онд хуультай болсон. Ингээд 2003 онд хил дамнасан гурван чөлөөт бүс байгуулсан. Харамсалтай нь, сайн үр дүн авчирсангүй.

-Хэрэв Улаанбаатарыг чөлөөт бүс гээд зарлачихвал өмнөх алдаа давтагдаж, төсвийн орлого ч багасчих юм биш үү гэх хардлага байна л даа?

-Татвар төлөгчдийг бүгдийг нь тийшээ нүүгээд оч гэсэн үг биш шүү дээ. Шинэ үйлдвэр байгуулах, бизнесээ өргөтгөх гэж байгаа хөрөнгө оруулагчдад л асуудлыг илүү нээлттэй болгоно гэсэн үг юм. Аль салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснээс хамаараад ямар татвараас хэр зэрэг чөлөөлөх вэ гэдгийг л нээлттэй шийднэ. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүсийн туузыг хайчилснаас хойш 17 жил боллоо.Чөлөөт бүсийн угтвар нөхцөлүүдийг бий болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөөр дэд бүтэц, зам, эрчим хүч гэх мэтийг нь шийдэх гээд л яваад байна. Гэхдээ өнөөдөр тэр бүсүүдийн үйл ажиллагаа жигдэрч, тогтворжоогүй, хөрөнгө оруулалт татаж чадаагүй л байна. Хөдөлмөрийн хамгийн бүтээмжтэй хэсэг нь нийслэлд байна. Улстөрчид Монголын эдийн засгийг солонгоруулах талаар их ярьдаг. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг хөдөө аж ахуйн салбараар дэмнэнэ. Харин гурав дахь нь Улаанбаатар хотын эдийн засгийн хөрс юм. Түүнд юу ч тарьсан ургадаг байх ёстой.

-Чөлөөт бүс байгуулах боломж өнөөдөр манай хотод бүрдэж чадсан уу?

-Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах угтвар нөхцөл хэдийнэ бүрдчихээд байна. Монгол Улсын ДНБ-ий 67 хувийг Улаанбаатарт үйлдвэрлэж, нийт хүн ам буюу зах зээлийнх нь 50 хувь байнга оршин сууж байгаа нь чөлөөт бүс байгуулах эхний шалтгаан шүү. Мөн агаарын, төмөр замын, авто зам гэсэн гурван тээврийн огтлолцол зөвхөн Улаанбаатар хотод байна. Чөлөөт бүсийн хөгжлийн амин судас нь энэ юм.

-Таны санаачилга хэзээнээс ажил хэрэг болж, төлөвлөлт нь гарах вэ?

-Бид шинэ суурьшлын бүс, шинэ дагуул хот хүссэн хүсээгүй байгуулах болно. Ингэхдээ нисэх онгоцны шинэ буудлын чиглэлд л байгуулж таарна. Ямар статустай байхыг нь одооноос зөв тооцох нь чухал. Инчеоны чөлөөт бүсийн кэйс Улаанбаатарт тохирно. 17 жилийн өмнө бидэнтэй зэрэгцээд туузыг нь хайчилж байсан тус чөлөөт бүс өнөөдөр БНСУ-ын эдийн засагт ямар их эерэг дам нөлөө үзүүлж байгаа билээ. Тэгэхээр бид төлөвлөлтөө одооноос хийж эхлэх хэрэгтэй. Минийхээр Буянт-Ухаа орчим аялал жуулчлалын зангилаа буюу энтертаймент хэсгийг тэнд байгуулах хэрэгтэй.

-Чөлөөт бүс ямар эерэг нөлөөг манай хотод авчирах юм бэ?

-Улаанбаатарыг хөгжүүлэх үндсийн үндэс нь явж явж ажлын байр. Дүүргүүд дээр хөдөлмөрийн бирж байнга ажилладаг. Тэнд нээлттэй ажлын байр маш их байдаг. Гэтэл хотын гудмаар ажилгүй залуучууд алхсаар байна гэдгийг бодох хэрэгтэй.

-Яагаад энэ хоёр уулзахгүй байгаа юм бэ гэдэг асуулт мэдээж гарч ирэх байх. Тийм үү?

-Тийм. Нээлттэй ажлын байруудын амлаж буй цалин нь иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангахгүй байна шүү дээ. Тэгээд л уулзахгүй байна. Нийслэлийн МАН 2016 оны сонгуулиар аз жаргалтай хотыг бий болгоно гээд амлачихсан. Хүн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахуйц тогтмол орлоготой болсон үедээ л тайван бөгөөд аз жаргалтай болдог гэж би боддог. Тэгвэл хүмүүсийг хэн орлоготой болгох вэ. Засгийн газар биш, хотын захиргаа бүр ч биш. Харин хувийн хэвшил л энэ үүргийг биелүүлдэг. Тэднийг эрхэмлэхгүйгээр хотын, бүс нутгийн, орон нутгийн хөгжлийн асуудлыг ярих боломжгүй. Тиймээс хувийн хэвшилтэйгээ түншилж, найзлах нь хотод чухал. Хүсээд байгаа шийдвэрийг нь хууль эрх зүйн хүрээнд, шударга гаргаад өг.

Монголчууд сардаа дунджаар 2.3 сая төгрөг авахын төлөө Солонгост ямар ч ажлыг голохгүй хийж байна. Тэгэхээр монгол залуу гэр бүлийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангах мөнгө нь 2.2 сая төгрөг болон түүнээс дээш байх ёстой юм байна. Харин Монголдоо ийм цалин аваад, ажил хийх боломж хэзээ бүрдэх вэ гэхээр Улаанбаатарыг чөлөөт бүс болгож байж л бий болно. Гадна дотны хөрөнгө оруулагчид таатай орчинд шинэ бизнесийг бий болгоно гэсэн үг. Харин үүнийг хийхийн тулд эрх зүйн шинэтгэл хэрэгтэй.

-Та бүхний баталсан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий концепцийн талаар ярилцлъя. 2040 оны нийслэлийн хөгжлийн гол чиг баримжаа юу вэ?

-Өнөөгийн хөгжлийн энэ эрин цаг үеийн хурдад дүйцүүлэх юм бол 2040 он тийм ч хол хугацаа биш л дээ. Нийслэл Улаанбаатар 20 жилийн өмнө дөнгөж л үүрэн утас хэрэглээнд нэвтэрч байсан биз дээ. Харин өдгөө цаг үе үнэхээр их өөрчлөгджээ. Хөгжлийн асар ихээр өсч буй энэ хурдад тохируулж бид нийслэлийн ирээдүйн 20 жилийг хөгжлийн концепцийг их хол харж төлөвлөх ёстой юм. Зарим талаар мөрөөдөл мэт санагдаж магадгүй. Гэвч үгүй гэдгийг хэлмээр байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепц нь хотын хөгжлийн ирээдүйг тодорхойлох ач холбогдол бүхий баримт бичиг юм.

-Ирэх онд Нийслэл ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Бид ирэх онд таван чиглэлд 26 зорилт дэвшүүлэн 26 зорилтын хүрээн 426 ажлыг нэг их наяд 443 төгрөгийн төсвийн хүрээнд гүйцэтгэхээр байна. Өөрөөр хэлбэл, хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвийн хүрээнд ажиллахын тулд оновчтой бүтээн байгуулалт болон үйл ажиллагааг тодорхойлох ёстой. 2020 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, иргэдийн санал бодолд тулгуурлан, хөгжлийн дорвитой бодлого, шийдвэр гаргаж ажиллана гэж төлөвлөж байна.

-Та нийслэлд захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг өгөх ёстой гэж үздэг нэгэн. Ер нь хэрхэн энэ эрх мэдлийг нийслэл олж авах вэ?

-Энэ эрх мэдлийг хуулийн хүрээнд шийдээд өгөөч ээ л гэж ярьж, хэлж явна даа. Өнөөдрийн нийслэлийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд зөвхөн эрх зүйн шинэчлэлээс ажил эхлэхгүй бол бусад бүх асуудал гацаанд орно. Улсын төсвөөс бүх үйл ажиллагаа хамаардаг хараат байдлаас салах хэрэгтэй байна. Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай нээлттэй ажиллах

боломжийг бүрдүүлэх ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бол бодлогын шинэчлэл. Бодлогын шинэчлэлийг дагаж үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд эрх зүйн шинэчлэл ус, агаар мэт тулчихаад байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хөгжлийн асуудлуудыг нь хэзээ ч шийдвэрлэхгүй юм гэдэг нь өнгөрсөн жилүүдэд бүрнээ харууллаа шүү дээ.

-Хувийн хэвшил болон гадаад дотоод хөрөнгө оруулагчтай төр хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Бидний хамтын ажиллагаа өнөөдөр зөвхөн тендерээр л хязгаарлагдаж байна шүү дээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажилд тендер зарлагдахад л хувийн хэвшлийнхэн саналаа өгдөг. Түүнийг хотын харьяа агентлагууд шалгаруулж, ажил гүйцэтгүүлдэг. Энэ бол дэндүү учир дутагдалтай.

-Бид хэрхэх ёстой юм бэ?

-Манай хувийн хэвшлийнхэн зөвхөн зарласан тендерт нь оролцохыг хүсдэг болохоос эдийн засгийн харилцан үр өгөөжтэй үйл ажиллагааг олж харахгүй байна. Би үүнийг амьдрах арга ухаанаа өөрчилье гэж хэлээд байгаа юм. Тухайлбал, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бонд гаргах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн орчин үгүйлэгдэж байна.

-Хувийн хэвшил нэг ёсондоо хөрөнгө оруулагч маягаар хамтраад явна гэсэн үг үү?

-Хувийн хэвшлийнхэн хотын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж, тодорхой үр өгөөжөө хүртэх ёстой. Ямар ч бизнесмэн 100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 120 төгрөг болгож ашиг хүртэх нь шударга зарчим. Үр өгөөжтэй ажилласны хүчинд тухайн бизнесийн байгууллага ажлын байраа нэмэгдүүлж, ашиг орлогоо сайжруулна. Мэдээж үүний ард нийслэлийн иргэн өрхийн орлогоо нэмэгдүүлж, ахуй амьдралаа өөд татах эхлэл болно. Хотын хувьд тулгамдсан асуудлаа шийдэж, иргэдийнхээ ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхэд нэг алхам урагшилж байна.

Бүгд л үр өгөөжтэй байгаа биз. Харин бүх хөрөнгө оруулалт, хийсэн ажил, ашиг өгөөж ил тод байх хэрэгтэй. Үүнийг яагаад нууж хаах ёстой гэж. Харин энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 200 ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр 200 өрх гэрийн орлогыг нэмж чадсан хувийн хэвшлийнхэнд ИТХ-ын даргын хувьд өөрийн биеэр очиж баяр хүргэх ёстой байх.

-Бидэнд амьдрах ухаан хэрэгтэй гэж та түрүүн хэлсэн. Нийслэлийн амьдрах ухаан юу юм бэ?

-Хотод зам тавих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, түрээсийн орон сууц барих гээд олон хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоогүйгээр энэ бүхнийг шийдэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувийн хэвшлээ дэмжвэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд аандаа шийдэгдээд явна. Тэдэнд бүү хүнд суртал гарга, эрх зүйн орчинд хамтран ажилла, урьж ярилц, хамтын ажиллагаагаа илүү шударга нээлттэй болго, олон түмэнд ил тод бай гэж хэлэх байна. Хувийн хэвшлийг эрхэмлэсэн, дээдэлсэн, нөхөрлөсөн нийслэл хот болон хөгжих ёстой.

-Дүүжин замыг эхлээд Баянхошуунаас III, IV хороолол хүртэл хийнэ гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-2020-2021 онд Францын хөгжлийн Засгийн газрын санхүүжилтээр Кабел Кар буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр судалгааны ажил хийгдэж байгаа. Нийслэлийн уулархаг хэсгүүдэд зам, дэд бүтэц бага хөгжсөн учраас дүүжин тээвэр хэрэглээнд нэвтэрснээр хотын хойд суурьшлын хэсгийн иргэд хурдан шуурхай зорчих боломж бүрдэнэ. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байгаа. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолсон. Ингэхдээ дүүжин тээврийг кабелаар холбох бөгөөд 2020 онд ашиглалтад орох байх.

-Нийтийн тээврийн салбарт өөр ямар шинэчлэл хийгдэх вэ?

-Нийтийн тээврийн шинэ төрөл болох Bus rapid trans­port /BRT/ буюу тусгай замын автобус. Эхний ээлжинд 2020 онд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөж байгаа.

Categories
мэдээ нийгэм

80 сая ам.долларын зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламийн гэрээнд гарын үсэг зурлаа

Эрүүл мэндийн салбарт зарцуулах 80 сая ам.долларын гэрээг үзэглэв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн орлогч Диклан Магий нар 80 сая ам.долларын зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламийн гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний гурван сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь зээл аж. Энэ нь Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ хүргэх төсөл ажээ. Нийт 158.3 сая ам.долларын өртөгтэй төсөл бөгөөд өнөөдөр эхний санхүүжилтийг баталгаажууллаа. Зээлийн хүрээнд нийслэлд 10 өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх ням гаригаас угаар мэдрэгчийг суурилуулна

Image result for угаар мэдрэгч

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлээс 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах юм. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Угаар мэдрэгч эхний ээлжинд 50 мянган ширхэг ирсэн бөгөөд энэ сарын 29-нөөс суурилуулж эхэлнэ” гэв. Утаа мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард гаргасан ба уг ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулах юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгуулийн хуульд хэсэгчлэн хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ

Сонгуулийн хуульд хэсэгчлэн хориг тавихыг хүслээ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна. ШИНЭНам болон Хилийн чанд дахь монголчуудын зөвлөл, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, “Цахим өртөө” ТББ-аас мэдээлэл хийж, сонгуулийн хуульд хэсэгчлэн хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ. Гадаадад байгаа иргэдийг сонгуульд санал өгүүлэхгүй байх нь хүний үндсэн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл гэдгийг хэлж байв. Тиймээс энэ асуудлыг Ерөнхийлөгч болоод СЕХ-нд хандана гэлээ. Монгол Улсын 220 000 орчим иргэд гадны улс орнуудад сурч, ажилладаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Сангийн яамны төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангаргаа өнөөдөр өргөлөө. Н.Саруул, Т.Баярмаа, Т.Хонгор, Б.Түвшин, Н.Урангуа нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.

Ёслолын үйл ажиллагааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллаж, хариуцсан ажилдаа сэтгэлээсээ хандахыг захилаа.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Татварын багц хууль хэрэгжихтэй холбогдуулан эцсийн өмчлөгчийг бүртгэнэ

Image result for татварын багц хууль

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр хуулийн этгээд 2021 оны нэгдүгээр сард багтан өмнөх эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх ёстойг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Эцсийн өмчлөгчийг бүртгэж байгаа нь ирэх оны I сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуультай холбоотой юм байна.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэдгийг тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа болон бусадтай хамтран эзэмшиж, үйл ажиллагааг урьдчилан чиглүүлж, ашиг шимийг хүртэж буй этгээдийг ойлгох аж. Эцсийн өмчлөгчөө худал ташаа мэдүүлбэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Улсын хэмжээнд 70 сая 949 мянган мал тоолуулжээ

Image result for Мал

ҮСХ-оос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан байна. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийсэн юм. Урьдчилсан дүнгээр 2,856.2 мянган малчин тоологдсон бөгөөд нийт малчдын 40 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 33 хувь нь 35-44 нас, 22 хувийг 25-30 нас, 25 хувийг 45-54 насныхан эзэлж байгаа аж.

Нийт мал сүрэг өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өсчээ. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн

  • Хонь 45.5 хувь
  • Ямаа 41.2 хувь
  • Үхэр 6.2 хувь
  • Адуу 5.9 хувь
  • Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.

Урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж байгаа аймгууд

  1. Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал
  2. Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал
  3. Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал
  4. Төв аймаг 4 сая 978.7 мянган мал
  5. Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тоолуулжээ.