Categories
гадаад мэдээ

Туркийн Гадаад хэргийн яамны 249 ажилтныг халжээ

Туркийн Гадаад хэргийн яамны 249 ажилтныг халжээ. Учир нь тус улсын эрх баригчид тэднийг 2016 онд төрийн эргэлтийг зохион байгуулсан гэж сэжиглэгдэж буй Фетхуллах Гюллений ФЕТО террорист бүлэглэлтэй холбоотой гэж үзэж байгаа юм. Тухайн үед төрийн эргэлтэд 250 хүн амиа алдаж, 2000 орчим хүн шархадсан билээ. Дээрх саатуулагдсан албан хаагчид ФЕТО бүлэглэлтэй хамтран ажилласны хүчинд төрийн албанд орох шалгалтыг амжилттай өгсөн хэмээн буруутгагдаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайдын Чех дэх айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Чех Улс ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд уламжлалт найрсаг харилцаа, ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Гадаад хэргийн сайд Томаш Петржичек хоёр улс газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог хэдий ч ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг онцлон дурдаж, Монгол Улстай харилцах харилцаа нь тус улсын гадаад харилцааны тэргүүлэх зорилтуудын нэг болохыг илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон боловсрол, соёлын салбарын суурь гэрээ, хэлэлцээр болох “Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр”, “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын тохиролцоо”-нд гарын үсэг зурав.

“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Европын Холбооны орнуудаас хамгийн олон тооны буюу 9000 гаруй монгол иргэд Чех Улсад оршин сууж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1348 онд байгуулагдсан төв Европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд зочлон тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийсний зэрэгцээ Европ дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Карлын их сургуулийн монгол судлалын багш, оюутнуудтай уулзаж, санал солилцов.

Айлчлалын хүрээнд сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатараас илгээж буй Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг уламжиллаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНЧУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

ТББХ: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Related image

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2020 оны Үндсэн чиглэлд нийтдээ 118 төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн, 10,2 их наяд төгрөгийг төсөвлөснөөс төсвөөс 1,3, олон улсын зээл тусламжаар 1,2, хувийн хэвшлийн санхүүжилтээр 6,1 их наяд, бусад эх үүсвэрээс 604 орчим тэрбум төгрөгийг гаргахаар тусгасан байна. Хуралдаанаар 2020 оны Үндсэн чиглэлийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Үүний дараа “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИЙГ ТАНЬЖ ОЛОХ, ИЛРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж олох, илрүүлэх ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж байна

Эрүүгийн цагдаагийн албанаас “Анбаунд” төрийн бус байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж олох, илрүүлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүн худалдаалах гэмт хэргийн бүхий л хэлбэрийг илрүүлэх, мөрдөн шалгах, прокурорын хяналтыг сайжруулах, шүүхээр шийдвэрлэх ажилд ахиц гарна хэмээн мэргэжлийнхэн үзжээ.

Сургалтанд Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б. Даваажав, тус албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, “Анбаунд” төрийн бус байгууллагийг үүсгэн байгуулагч, Сусан Петрс, Америкийн Нэгдсэн улсын Техас мужийн Ерөнхий прокурорын газрын прокурор Габриель Массай, мөрдөгч Жосеф, Скарамучи, “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнгөнхэт, Эрүүгийн цагдаагийн алба болон хилийн боомт бүхий нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, прокурорын байгууллагын 67 ажилтан, алба хаагч нар оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун бүсийн аймгуудад ажиллах үеэрээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцыг сонирхож, энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгов.

Энэ жил Монголын зам, тээврийн салбарт олон томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаагийн нэг нь энэхүү Баянхонгороос Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл бөгөөд тодорхой шалтгааны улмаас таван жил зогсонги байдалд байсны эцэст ийнхүү шийдвэрлэгдэж, барилгын ажлыг эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Хуульзүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна. Холбоо барих утас: 70116004

Categories
гадаад мэдээ

Оросын Хмеймим зэвсэгт хүчний баазыг агаараас довтлох гэж байсныг таслан зогсоосон байна

Сири дэх алан хядагчид Оросын Хмеймим зэвсэгт хүчний баазыг агаараас довтлох гэж байсныг таслан зогсоосон талаар мэдээлжээ. Хэдийгээр тус газарт сөргөлдөгч талууд галаа зогсоосон байгаа ч террористууд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг санаархсан ч бүтэлгүйтсэн байна. Тодруулбал, “Жамхат ан-Нусры” бүлэглэл Идлиб мужид халдлага хийхийг оролдох үеэр Оросын зэвсэгт хүчин арга хэмжээ авсан байна. Тус муж нь алан хядагчдын гол бай агаад Б.Асадын цэргүүд хяналтаа алдаад удаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрийг хаасан тул Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг зөвлөв

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байгаа. Авто замын өнгөн хучилтын ажлыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлж, тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаасан билээ.

Тус ажил тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хаах бүрэн хуваарийг өмнө нь танилцуулсан билээ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Уулын зам Хийморь хотхоноос баруун чиглэлд Яармагийн гүүр хүртэлх замыг түр хугацаагаар хаасан тул Чингисийн өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

Орхон аймгийн Жаргалант сумаас энэ сарын 18-ний өдөр Улаанбаатар хот руу мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явж байсныг илрүүлжээ. Уг хэргийг 31 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотын харъяат иргэн Б нь өөрийн эзэмшлийн автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэн явж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжилт сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд сар бүр төлбөргүй зохион байгуулагддаг компьютерийн үндсэн хэрэглээний сургалт 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр эхэллээ. Тус сургалтад энэ онд 861 хүн сурах хүсэлт гаргаж, 110 иргэн хамрагдаж, 62 иргэн сургалтаа амжилттай дүүргэсэн байна. Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд энэ удаагийн сургалтад нийт 33 суралцагч хамрагдаж, зургадугаар сарын 20-ны өдөр төгсөлтөө хийнэ. Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагийн хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 7012-2999 дугаарын утсаар холбогдоно уу гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.