Categories
мэдээ улс-төр

Үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг 10 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хорооны өнөөдрийн (2019.05.15) хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг тогтоолын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн. Тухайлбал, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, цагдаагийн байгууллагын мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлж; үндэсний стандартыг шинээр боловсруулж, орон нутгийн стандартын байгууллагын чадавхыг бэхжүүлэх; хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьсан талаар дурдлаа.

Мөн үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйгаа Сангийн сайд онцоллоо.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган төслийн агуулга, хэлбэрийг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг дурдав. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүургийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасан.

Иймээс Төрийн албаны төв байгууллагын саналыг авч, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адилтгаж тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэнг цагдаагийн байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалын цалинтай адилтган тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Үргэлжлүүлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн өндөр шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.

Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцлээ

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл байдал бий болж болзошгүй юм.

Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Үндсэн хуулийн нэмзлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг үр дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж үзэж буйгаа тэрбээр хэллээ.

Хуулийн санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар зарчмын хувьд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцүүлгийн явцад сайтар нягталж хуулийн давхардал, хийдэл гаргахгүй байхад анхаарах, энэ үүднээс ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох журам, дэгд өөрчлөлт оруулах, түүнийг хуралдаанаар хэлэлцэх, хуралдаанд асуулт асуух, үг хэлэх, танилцуулга хийх, санал хураах журмыг тодорхой болгох, хуралдааны дэг сахиулах, хуралдааны дэг зөрчигчид хариуцлага хүлээлгэх журам, нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх, Байнгын хороогоор төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах журам, мөн Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Улсын Их Хурлын даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс 2018 онд хийсэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” судалгаанд суурилан ХБНГУ, ОХУ, БНСУ, Австрали, Франц, Канад, Финланд зэрэг улсын парламентын дэгийг судалсны үндсэн дээр чуулганы хуралдааны өнөөгийн практикт үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Хуулийн төсөл нь 7 зүйлтэй агаад Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх; шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох; Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах; шинээр бүрдсэн Улсын Их Хурал хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэж байх зохицуулалтыг тусгажээ.

Мөн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх;Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж байх; гишүүн нэгдсэн хуралдаанаар төсөл хэлэлцэх үед асуулт асуухаа урьдчилан мэдэгдэж дараалалд орсон байхаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх; Байнгын хороо хууль тогтоомжийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр нь хэлэлцэж байх; Байнгын хороо төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурлын Тамгын газар дүгнэлт гаргаж байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан хууль хоорондын давхардлыг арилгах, уялдуулах үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулжээ. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт илүүтэй нарийвчлагдан зохицуулагдаж, үр нөлөөтэй болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо.

Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн Улсын Их Хурал бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11- ний өдөр баталсан бөгөөд нийт 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслөөр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дэгийн хуулийн 49 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа. Гадны экспертүүдийн өгсөн зөвлөмж, парламентат ёс өндөр хөгжсөн бусад орны сайн туршлагад суурилан хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлд танилцуулан гишүүдээс гаргасан саналыг бүхэлд нь тусгасан. Мөн парламент, түүний гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилтын үүднээс Улсын Их Хурал өөрийн бүтцэд Дотоод асуудлын болон Хүний эрх, иргэний боловсролын Байнгын хороотой байх зохицуулалтыг тусгаж өгсөн гэдгийг хэллээ.

Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Categories
мэдээ улс-төр

Хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ. Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн,

-Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан, асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа иргэн, хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртлэх насны хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлж, нэмэх асуудлыг судлан ирэх оны төсөвт тусгах

-Хүүхдийн ордонгүй аймгуудад шинээр ордон барих, зуслангүй аймгуудад хүүхдийн зуслан байгуулах

-Сургууль бүрт хүүхдийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх

-Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэгжүүлэх

-Сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох

-Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах

-Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх

-Хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг төлөвлөгөөний биелэлт, ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа,

Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлсэн. 2018 онд 181 зөрчил илрүүлж, шалган шийдвэрлэж зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль оногдуулсан. Гэсэн хэдий ч одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгаа тул НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалгаа, үнэлгээ хийж хүүхдийн эрхийн шинээр 88 зөрчлийг хуульчлахаар Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. Мөн байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийг дэмжиж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ зэрэг мэдээллийг өглөө.

Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн зөвлөх танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд индэр дээрээс үг хэлдэг болох тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байнгын хороо, чуулганы дэгт өөрчлөлт оруулах юм. Хуулийн төсөл нь зургаан зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж байгаа юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэж дууссаны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд чуулганы хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэхээр болсноор байнгын хороо хуралдаж дууслаа.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Японы Токио хотод Классик пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн -105 кг-д Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 247 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд АНУ-ын тамирчид алт, хүрэл медалын эзэд болсон байна. “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ энэ жилээс эхлэн эрүүл тамирчидтай өрсөлдөж эхэлсэн бөгөөд хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Мөн Монголын баг тамирчдаас залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-д өрсөлдсөн Э.Галбаяр 170 кг шахаж, хүрэл медаль хүртсэн юм. Ахмад тамирчдаас 105 кг-д Ц.Мөнхбаатар 182.5 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртэн баг тамирчдынхаа амжилтыг эхлүүлсэн. Токио хотод болж буй Классик паурэлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн гал түймэр унтраах дадлага сургууль хийлээ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн гишүүд, иргэдийн харилцан ажиллагааг сайжруулах, гал унтраах багаж хэрэгсэлтэй харьцах мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ой, хээрийн гал түймэр унтраах дадлага сургууль”-ийг Зүрх ууланд зохион байгууллаа.

Дадлага сургуульд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, 17, 18, 19 дүгээр хорооны гамшгаас хамгаалах алба, сайн дурын бүлэг, дүүргийн Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Чингэлтэй орон нутгийн хөтөлбөр, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн байгаль хамгаалагч, иргэд зэрэг нийт 150 гаруй хүн, 10 орчим техник, хэрэгсэлтэй оролцсон юм.

Энэ үеэр гамшгаас хамгаалах сайн дурын бүлгүүдийн болон ой, хээрийн түймэр унтраахад ашиглагдаж байгаа багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, ой, хэрийн түймрийн үед харилцан ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах дэслэгч Г.Отгонгэрэл хүртлээ

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай. Энэхүү уламжлалт шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Үндэсний аврах бригад дээр боллоо. Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын Техник, хангалт үйлчилгээний албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонгэрэл хүртсэн юм. Түүнчлэн эрхэм генералтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад дайчид хүрэлцэн ирж албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.21) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын даргад 05 дугаар сарын 20-ны өдөралбан бичгээр хүсэлт ирүүлснийг танилцуулав. Уг албан бичигт Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсанхоригийн хэлэлцэххугацааг 05 сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт тавьсныг дурдсан. Иймд уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Засгийн газраас2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарСангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөлөө. Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байна. Эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээстөсвийг алдагдлыг бууруулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг дурдаад 2020 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг 3 хувь хүртэл бууруулах боломж бий эсэх, Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв санд нийт хэчнээн төгрөгийн хуримтлал үүсэхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн зээлийн хүүг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа эсэхийг илүүтэй лавласан.

Төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээгээр ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувь байна гэж тооцсон. Төсвийн алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээний эрсдэлүүд үүсэх магадлалтай тул ингэж тооцож оруулсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцолсон. Мөн тэрбээр, Төсвийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сангууд маань өртэй байсан бол 2019 оноос Ирээдүй өв сан өргүй болж эхэлнэ. Иймд уг санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд гаруй төгрөг хуримтлагдана гэж тооцож байгаа гэв. Түүнчлэн зээлийн хүүгзахиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдгийг дурдаад 2016 онтой харьцуулахад зээлийн хүү 3 пунктээр буусан. Улсын Их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж,гарахад нь 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон. Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулж байсан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


Үргэлжлүүлэн Засгийн газрраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргахгишүүн байсангүй.

Мөн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2020 оны стратегийн баримт бичиг батлах тухай”Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтыг Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн шаардлагад нийцүүлэх үүднээс хавсралтын “Агуулга” -ыг хасаж, “Өмнөтгөл” хэсгийг нэрийг “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2020 оны стратегийн баримт бичиг” гэж өөрчлөх, мөн төслийн агуулга, бодлого, зарчмыг алгдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийх” гэсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Монгол Улсын Ерөнхий аудиторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэсэн зохицуулалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүйг дурдаад Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг баримталж ирсэн гэж байлаа.

Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагдаж байгаа бөгөөд ТӨ-IVA-д заасан Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адилтгасан байна.

Төсөл боловсруулахдаа “Монгол Улсын прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоог тухай” УИХ-ын 2016 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 15 хувиар бууруулж, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын суурь цалингийн хэмжээг тооцсон гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцлов.

Тогтоолын төсөл батлагдсанаар Төрийн аудитын байгууллагыг мэргэжлийн чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлэх, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх аудит хийх, мэргэжлийн өндөр түвшинд дүгнэлт гаргадаг болох ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, хараат бус байдал хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт хийгдэж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Чингэлтэй дүүргийн Гүнт, Налайх дүүргийн Налайх, Хан-Уул дүүргийн Өлзийт, Морингийн даваа нийт 7 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын /ахлах/ байцаагчид байнгын хяналт тавин ажиллаж байна. Тус товчоодоор ирж байгаа 1737 тээврийн хэрэгслийн ачаа тээшийг шалгаж, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийн хооронд адуу 544 толгой, үхэр 142 толгой хонь 1393 толгой, тэмээ 14 толгой, ямаа 168 толгой, адууны мах 20.3 тн, үхрийн мах 49.9 тн, хонины мах 64.1 тн, ямааны мах 18.7 тн, тэмээний мах 16.4 тн нийт 2261 толгой мал, 169.4 тн малын махны гарал үүсэл, баталгаажилтанд хяналт шалгалтыг хийсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх: Аялал жуулчлалын салбарын хөгжилд жолооч нарын ажилдаа эзний ёсоор хандах сэтгэл чухал

“Аялал жуулчлалын хөгжилд Жолооч миний үүрэг” сэдэвт Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулган төрийн ордны Их танхимд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт жуулчин тээврийн жолоочид оо,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө

Юуны өмнө Эх орны өнцөг булан бүрээс “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛД ЖОЛООЧ МИНИЙ ҮҮРЭГ” Жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтан мэндчилье.

Монгол Улсад Аялал жуулчлалын салбарын хөгжил жил ирэх тусам эрчимжиж, Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тус салбараас олох орлого тасралтгүй нэмэгдсээр байна. Аялал жуулчлалын салбар нь газрын тос, хүнс, авто машины салбарыг давж, дэлхийн олон улс орнуудад нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон байна.

Үүний нэг жишээ бол өнгөрсөн онд манай улсад гадаадын 529 мянга гаруй жуулчид аялснаар 569 сая ам.долларын орлогыг эдийн засагт оруулж, аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлэн, 35 мянган ажлын байрыг бий болгосон.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авч салбарын орлогыг 1,1 сая ам.долларт хүргэх зорилтыг тавиад байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд жолооч нэг бүрийн оролцоо чухал бөгөөд үүнийг төрийн зүгээс дэмжин, хамтран ажиллана.

Би жолооч хүний хүүхэд. Аав ээж хоёр минь хоёулаа тээврийн жолооч. Тийм болохоор жолооч хүний амьдрал, ажил хөдөлмөр амьдралын минь салшгүй нэг хэсэг. Жолооч нарын зовлон жаргалыг ч сайн мэднэ.

Та бүгдийн нуруун дээр зөвхөн гэр бүлийн чинь амьдрал төдийгүй монгол улсын аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хүнд ачаа явдаг гэж боддог.

Өнөөдөр жуулчин тээврийг хийхэд та бүхэнд ямар асуудал байна, ямар ололт байгаа тухайгаа энд ирсэн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай ний нуугүй хэлэлцээрэй.

Жуулчин тээврийн салбарын жолооч та Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдын хувьд магадгүй хамгийн анхны уулзсан монгол хүмүүсийн нэг болдог.

Аялалын эхний өдөр тэдэнтэй уулзаж, аяллын турш хамт байж, монгол орон, монгол хүний зан чанар, эерэг хандлагыг биеэрээ үлгэрлэж, монгол орныг зорин ирэх дараа дараагийн жуулчдын замыг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлст хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж яваа монгол улсын нүүр царай болсон жолоочиддоо баярлаж явдагаа илэрхийлье.

Аялалаар ирсэн жуулчдыг монгол орноор амар тайван, аюулгүй аялуулж олон сайхан дурсамжуудыг бий болгоход та бүхний хариуцлага, санаачлага, ажилдаа эзний ёсоор хандах сэтгэл чухал юм.

Одоо бид хүчээ нэгтгэн нэгдэх цаг болсон.

Энэхүү чуулганаар та бүхний өмнө тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд ХҮЧЭЭ НЭГТГЭН хамтран ажиллацгаая.

Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хүчирхийлсэн цагдаа нарыг ажлаас нь чөлөөлжээ

Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид насанд хүрээгүй сурагч охидыг хүчирхийлж, нэг сурагч жирэмсэн болсон гэх харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн сахилга ёс зүйтэй холбоотой хяналт, шалгалтыг тогтмол явуулж байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга буюу Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан даргын чиглэлийн дагуу цагдаагийн алба хаагчийн ёсзүй, үүрэг хариуцлагад голчлон анхаарах, алдаа дутагдлыг олж илрүүлэх үүргийн дагуу ажиллаж байгаа. Дээрх хэргийн талаар ирсэн мэдээллээр бол Увс аймгийн цагдаагийн газар дотоод хяналт шалгалт явуулж, энэ хэргийг илрүүлсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэх асуудлаар алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Харин үйлдсэн гэмт хэргийн талаарх асуудлыг Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж, прокуророос харьяалал тогтоон, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын хэлтэст шилжүүлсэн. Энэ хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгагдаж байна” гэлээ.