Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: Хуулийн үндэслэл, татварынхаа үндсэн утга санааг ойлгохгүй хориг тавьжээ

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ АЛДААГҮЙ, АГУУЛГЫН ХУВЬД ЗӨРЧИЛГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ-

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа.


-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн жил манай улс татварын хар жагсаалтад орсон байсан. Монгол Улс татварынхаа мэдээллийг өгдөггүй, солилцдоггүй. Гаднаас татварын мэдээлэл авч чаддаггүй нөхцөлд байсан. Яагаад гэвэл татварын зохицуулалтууд нь олон улсын стандартыг хангаж, олон улсын татварын системтэй уялдаж чаддаггүй учраас маш олон зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага байсан. Манай улсын эдийн засгийн бүтэц сүүлийн 10 жилд эрс өөрчлөгдөж, уул уурхай эдийн засгийн гол салбар болчихсон байна. Гадны хөрөнгө оруулалтууд энэ салбарт түлхүү орж ирэх нь тодорхой. Гэтэл эдгээр орж ирсэн гадны хөрөнгө оруулагчдаас татвараа яаж авах вэ, цаагуураа мэдээллийг нь яаж гаргуулж авах вэ, авах ёстой татвараа авч чадаж байна уу гэдэг чиглэлээр бид өөрсдийн хуульдаа өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Татварын хуулийг өөрчлөх шаардлага үнэхээр байсан. Татварын багц хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үүнтэй уялдаад татварын ерөнхий хуулиудад өөрчлөлт орсон шүү дээ. Энэ салбарт шинэчлэл хийгдэх ёстой.

-Энэ салбарт яагаад шинэчлэл хэрэг болсон юм бэ?

-Уул уурхайн салбар давамгайлсан улсуудын хувьд бүх салбараас нэг ижил төрлийн татвар авах нь буруу. Ийм эдийн засгийн бүтэцтэй байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх татварын системийг нэвтрүүлж байж нийгмийн аливаа асуудлаа санхүүжүүлж, дундаж давхаргыг бодлогоор бий болгодог. Өөрөөр хэлбэл, байгаль дээр байгаа хязгаарлагдмал нөөцийг ашиглан өндөр орлого олж байгаа хэсгээс нь илүү татвар авч, орлого багатай хэсэгтээ төсвөөр дамжуулан нийгмийн бараа үйлчилгээг хүргэдэг. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэрэг, цагдаа гээд нийтийн аливаа үйлчилгээнүүдийг санхүүжүүлнэ. Ажлын байр бий болгох ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийг шийдэх зэрэг. Түүнчлэн, уул уурхайн салбараас гадна архи, тамхи газрын тос үйлдвэрлэгч болон импортлогчид, банк санхүү болон мөнгө хүүлэгчдийн татварыг өсгөмөөр байгаа юм. Ер нь бид авах ёстой татвараа бүрэн авч чаддаггүй, тэгсэн хэрнээ төсвийн зарлагаа байнга өсгөж ирсэн байдаг. Иймд санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлогын хүрээнд ОУВСантай тохирсон хөтөлбөр дотор татварын реформ хийхээр тохирсон. Мөн Европын холбооны хар жагсаалтад орох эрсдэл бодитоор үүссэн нь саяхан л даа. Нөгөө талдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг бууруулах, татвар тайлагнах байдлыг хялбарчлах, татварын маргааныг богино хугацаанд шийддэг байх зэрэг асуудлууд байдаг. Тэр чиглэлд хангалттай өөрчлөлт татварын багц хуульд орсон гэж эдийн засагч хүнийхээ хувьд үзэж байгаа.

-Та Сангийн яаманд ажиллаж байсан шүү дээ. Япон улсын Сангийн яаманд ч энэ чиглэлээр ажиллаж байсан хүн?

-Тийм ээ, би өмнө нь татварын бодлогын асуудал хариуцдаг байсан, мөн Японд энэ чиглэлээр сурч бас ажиллаж байсан. Бидний үед олон нийттэй ийм өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж хуулиа өөрчилдөггүй байсан. Сангийн яамныхныг сайн ажиллалаа гэж харж байгаа. Ямартаа ч хуулийн төслүүд батлагдлаа. Үр дүнд нь бид хар жагсаалтаас гарч саарлаа ногоон болгох боломж бүрдлээ. Түүнчлэн татварын суурь өснө гэж бодож байгаа. Тухайлбал, хувь хүний орлогын албан татвар нэг хувь болж байгаа. Хоёрдугаарт, орлого багатай ч гэсэн тэрийгээ тайлагнах гэж нягтлан авч илүү зардал гаргадаг, хүндрэл учирдаг байдлыг илүү хялбар болгож байна. Энэ бол сайн үзүүлэлт. Мөн үндэстэн дамнасан томоохон компаниудаас татвараа авах дүрмийнхээ зохицуулалтуудыг илүү сайн тусгаж өгсөн байна. Иж бүрэн шинэчлэлийг хийж байгаа үед зарим нэг шүүмжлэлтэй зүйлс байхыг үгүйсгэхгүй. Хөндлөнгөөс харахад энэ шинэчлэл уг нь бүр өмнө нь хийгдчих ёстой байсан. Ямартаа ч батлагдчихсан нь сайн. Хэрэгжээд явах нь зүйтэй.

-Энэ хуульд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Би Ерөнхийлөгчийн тамгын газрынхныг шүүмжилмээр байгаа. Өмнө нь хоёр ч удаа төсөв дээр хориг тавьж байсан. Тэгэхдээ алдаатай хориг тавьдаг байсан. Энэ удаа ч гэсэн хуулийнхаа үндэслэл, татварынхаа үндсэн утга санааг ойлгохгүй хориг тавьсан байна. Татварынхаа хуулийн нэрийг өмнөхтэй нь андуурсан нь ердөө л хариуцлагагүй байгаагийнх. Ерөнхийлөгчийн тамгын дарга нь хянаж Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулдаг. Гэтэл буруугаа ажилтнууд руугаа чихээд өөрөө хамаагүй гээд өнгөрч байгаа нь буруу жишиг. Мөн хуулийн үзэл санаа, агуулгыг ойлгохгүйгээр хориг тавигдсан байна. Нэлээд деталь асуудлууд хөндсөнөө, хуулиудыг бүхэлд нь хориглосон нь ойлгомжгүй байна. Үндэслэлээ судалгаа, тооцоонд үндэслэж ойлгомжтой гаргах хэрэгтэй. Ирээдүйд гарах сөрөг үр дүнг харахгүй байгаагаас ийм хариуцлагагүй алхам хийж татварын шинэчлэлийг хойшлуулж байна л гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн хориг дээр үнэ шилжүүлэлтийн нимгэн хөрөнгөжүүлэлтийг дордуулсан гэсэн байсан?

-Үндэстэн дамнасан корпорациудын хувьд үнийг шилжүүлдэг, татвар багатай газар хуулийн этгээдээр бүртгүүлж татвараас зугтах арга хэрэгсэл байдаг. Үүнийг зохицуулдаг дүрмүүдийн нэг л дээ. Батлагдсан хуулийг шинжлэхэд үнэ шилжүүлэлтийн нимгэн капиталжуулалтын дүрэм дээр нэмээд BEPS-ийн зөвлөмжид тусгагдсан зээлийн хүүгийн зардлыг хязгаарлах дүрмийг тусгаж зохицуулалтаа чангаруулсан юм билээ. Тэр нь татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг зөвлөмж гэж ойлгож болно. Тэр зохицуулалтыг илүү зөв болгож дэлгэрүүлж оруулсныг эсрэгээр нь ойлгоод бичиж дээ гэж бодсон. Тэгэхээр энэ хоригийг татварын мэргэжлийн бус хүн, эсхүл олон улсын дүрмээ сайн судлаагүй хүн бичсэн байна. Ер нь Ерөнхийлөгчийн хоригууд субьектив байдлаар гарч байгаа нь буруу. Салбарын хөгжил, шаардлагатай реформуудыг Төрийн тэргүүн маань дэмжих нь зөв биз дээ.

-Түүнчлэн хориг дээр Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, таван хувийн татвартай болгосон. Энэ нь Оюу толгойд давуу байдал олгосон гэсэн байгаа юм. Гэтэл уул уурхайн компаниудад татварын багц хууль үйлчлэхгүй гэж Сангийн сайд хэлсэн. Энэ ямар учиртай вэ?

-Оюу толгой компаниас буюу Рио тинтогийн цаад компаниас хувь нийлүүлэгчдийн зээл гэж Монголын талын 34 хувьд зээлдүүлсэн. Тэр зээлийн хүүнд нь ногдуулах ёстой татварыг бууруулсан байна, арав байсан бол тав болсон байна, тэгэхээр бид Оюу толгойгоос авах орлогоо алдах нь ээ гэдэг агуулгаар хориг дээр бичсэн байна лээ. Бодит байдал дээр нэгдүгээрт, Оюу толгой компани болон бусад ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчдэд хамаарахгүй гэж хуулийн заалтад байгаа юм билээ. Үүнийг хараагүй юм шиг байна. Хоёрдугаарт, яагаад арван хувийг таван хувь болгож байгаа вэ гэхээр манай санхүүгийн зах зээл дан ганц банкны салбараас хамаардаг. Хөрөнгийн зах зээл нь хөгждөггүй, маш сул. Даатгалын зах зээл нь сул. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэг үндэс нь хэрвээ гадны иргэн манай компаниудын хувьцааг худалдаж авах, арилжаалах, үнэт цаас худалдаж авсан тохиолдолд түүний олсон хүүгийн орлого нь арав байсныг нь таван хувь болгоё гэсэн ийм л агуулгатай заалт юм. Үр дүнд нь хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө хийх хүсэл нь нэмэгдэнэ гэсэн үг. Зээлийн хүү ч буурч байна. Банк дээр мөнгө хадгалаад байх шаардлагагүй, нөгөө талдаа хөрөнгийн зах зээл рүү дотоодын нөхдүүд мөнгөө хийж эхлэх урсгал нэмэгдэх боломжтой. Хөрөнгийн зах зээл дээр аль болох гадна, дотны хөрөнгийг төвлөрүүлээд урсгалыг нэмэх нь Монгол Улсад ашигтай. Тэр агуулгаараа хуулийн төсөлд энэ заалт орсон гэж үзэж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

С.Лочин: Империализмын хэл сураад яах юм, эзнийхээ хэл мэддэг нохой байя гэснээс болж донго хүртэж байлаа

Түрүүч нь №99,100 (6200,6201) дугаарт


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, С.Лочинтой хөөрөлдлөө.


-Та шавь олонтой юу?

-Дэд эрдэмтэн болсон 1981 оноос хойш ажлынхаа хажуугаар багшилж байлаа. Одоо тэтгэврийн өвгөн ч гэсэн багшилсаар, хичээл заалгасан шавь нар маань жилээс жилд нэмэгдсээр мянгаар тогтохгүй байх. Эрдмийн ажлын шавь нарын тухайд гэхэд хэд хэдэн шавь бий. Юуны түрүүн гавьяат тамирчин Доржсүрэнгийн охин, доктор Болормаа, Чулууны Жаргалсайхан гээд эрдэмтэн шавь хэд буй. Уран бүтээлчийн хувьд шавь гэдэг их л төвөгтэй асуудал шүү. Нэг биш хүн намайг багш гэдэг л юм. Үнэн худлыг нь мэдэхгүй. Тэд хожим өөрсдөө хэлнэ биз ээ.

-Өнөөдрийн сэтгүүл зүйн талаар санаа бодлыг чинь сонсмоор байна. Сэтгүүлзүй хэр хөгжиж байна?

-Миний залуу цагийнхаас өнөөгийн сэтгүүл зүй ихэд өөрчлөгдөн хөгжиж байна. Үүнийг үгүйсгэх нь нүгэл болно. Манай өнөөдрийн сэтгүүлчдийн бичлэгийн арга барил, уран чадвар ч их хөгжиж орчин үетэйгээ хамт урагшилж байна.

Санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш байх хэрэгтэй. Дэлхий ийм л жишигтэй байдаг. Өнөөдөр Монголд санхүүгийн хувьд хөл дээрээ босчихсон хэвлэл танай сониноос өөр байна уу. Ж.Мягмарсүрэн “Ардын эрх”-ээс өрх тусгаарлан “Өдрийн сонин”-ыг өнөөг хүртэл нэр төртэй авч яваа учраас би “Өдрийн сонин”-ыг тогтмол захиалан уншдаг. Үнэмшихгүй байгаа бол Холбооны 24дүгээр салбарт очоод шалгаарай. (хоёул инээлдэв. сур)

-Үзэг нэгтэй сэтгүүлчдийнхээ талаар хэлэх юм алга уу?

-Хамгийн хатуу асуулт байна даа. Архичид найз архичдаа “Хундага нэгтэн” гэдэг шиг “үзэг нэгтэй” гэж болохуйц залуу сэтгүүлчид намайг мэддэггүй ч гэсэн ходоод хагаравч тогоон дотроо байдаг гэдэг шигээр нэр заалгүй ерөнхий зүйл хэлээд өнгөрье. Цөөнгүй сэтгүүлчид өөрийнхөө биш бусдын амаар дуугарч, бусармаг явдалтнуудыг хаацайлж, тэдэнд худалдагджээ. Ийм сэтгүүлчдийг шууд буруутгах хэцүү. Тэд цалин гэж санаа зовмоор юм авдаг шүү дээ. Баян сэтгүүлч энэ Монголд байдаг юм уу. Байдаг бол хуруу дарам цөөхөн биз. Сэтгүүлчид маань ядуу учраас л мөнгөтэй хүмүүсийн аманд багтаж байна. Нөгөө талаар энэ нь өнөөгийн нийгэмтэй холбогдоод явчихаж байгаа юм. Соц нийгмийн үед сэтгүүлзүйд үзэл суртлын цензур ноёрхож байсан бол өнөөдрийн сэтгүүл зүйд мөнгөний цензур ноёрхлоо тогтоочихоод байгааг харахгүй, мэдрэхгүй байхын арга алга. Энэ талаар би “Хэвлэлийн цензурын мөрөөр бэдэрхүй” гэдэг ном бичиж 2014 онд хэвлүүлсэн.

-Хэвлэлд анхны мэдээ, сурвалжлагаа хэзээ нийтлүүлэв?

-Жаран тав билүү, жаран зургаан онд Л.Содов зохиолч “Улаан од” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байхдаа Налайхад ирэхэд нь “Уулын хаан” гэсэн нэртэй бяцхан зүйл бичиж өгч “Улаан од” сонинд нийтлүүлсэн минь юм уу даа. Мөн энэ үеэс “Хөдөлмөр” сонинд юм юм л бичиж нийтлүүлж байлаа.

-Сонинд нийтлүүлсэн зүйлсээ тоолж байв уу?

-Зарим хүмүүсийн бичсэнээр бол мянга гаруй зүйл нийтүүүлсэн гэсэн байсан. Ямартаа ч мянгаас дутахгүй.

-Сэтгүүлчдийн байгууллагаас нийтэлж буй “Монголын шилдэг нийтлэл” 99 ботийн хоёр боть нь таны нийтлэлүүдээр бүтсэн. Ямар арын хаалгаар хоёр боть болгочихов?

-Хоёр ботийг нь эзлээгүй шүү. Даланнэгдүгээр боть гэж ганцхан боть л “миний юм”. Энэ боть дотроо хоёр дэвтэртэй. Энэ хоёр маань “Нүгэл нь нүдээрээ гоожсон ээдрээт цагийн сурвалжлага” гэсэн ерөнхий нэртэй, нэгдүгээрт нь 88 зүйл, хоёрдугаарт нь 73 зүйл багтсан. Сэтгүүл зүйн төрөл зүйлээр бичсэн зүйлсээ нэлээд шигшиж байж л оруулсан ухаантай.

-Залуу сэтгүүлчдэд зориулсан нэг ном бичсэн сураг байсан?

-“Сонины нийтлэл дэх алдаа ташаарлын тухай. Шинэхэн цагийн нийтлэлээр үлгэрлэбэсү” гэдэг нэг зүйлийг 2014 онд цензурын тухай номтойгоо нэг хавтсанд боогоод хэвлүүлсэн юм. Хоёр өөр сэдэвтэй номыг нэг хавтсанд “өлгийдсөн”-ий учир нь маш энгийн. Кино урлагийн дээд сургууль нийтлэлийн тухай номыг минь ивээн тэтгэсэн учир мөнгө төгрөггүй ядмаг би бяцхан заль гаргаад цензурын тухай номоо араас нь “наачихсан”.

-Зохиолч хүн ямар төөргөөр сэтгүүлчийн ажилд этэгдчихэв. Яаж яваад Нацагдорж судлаач болчихов?

-Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг л хөтөлсөн юм болов уу. Анх эхлээд “Учиртай гурван толгой” зохиолыг маш анхааралтай уншсан чинь ядмаг миний сэтгэлд багтахааргүй авцалдаагүй зүйлс олон тааралдав. Үүнийг тайлбарлахын тулд урьд өмнийн ганц түүх сөхөх хэрэгтэй юм. Христийн ертөнцөд Библи судрыг хэсүүлч номлогчид өөр өөрийнхөөрөө тогтоож аван бусдад сурталчилдаг болсноос жинхэнэ Библийг гуйвуулж олон хувилбар бий болсон тул нэг мөрд оруулах үүднээс мянган жилийн өмнө Библи судрын “канонический текст” гэдгийг бий болгож, тэр нь яван явсаар зохиолчийн нэг зохиолын олон бичвэрийг харьцуулан судалж, жинхэнэ бичвэрийг тогтоодог “текстология” гэдэг салбар ухаан буй болсон түүхийг би гадарладаг байсан учраас, Хэл зохиолын хүрээлэн дээр очиж Нацагдоржийн гар бичвэрийг алдаа гажигтай хэвлүүлснийг өөрийн нүдээр үзсэнээр текстологийн ухааныг гүнзгийрүүлэн судалж эрдэм судлалын замд орсон юм. Хэд хэдэн эрдэмтэн намайг Монголын шинжлэх ухаанд бичвэр судлалыг анх бий болгосон гэж бичсэн байдаг юм шүү.

-Текстологийн ухаан манайд хэр хөгжиж байна. “Текстология” гэдгийг өөрөө орчуулж хэрэглэсэн байсан байх аа?

-Би орчуулж сүйд болсон юм байхгүй. Махчлаад буулгачихсан юм. “Бичвэр судлал” гээд байгаа маань уг үгийн утгаа илэрхийлж чадаад байгаа юм. Ямарч гэсэн “Эх бичиг” гэдгээс дээрдсэн. Бичвэр судлал хөгжсөн юм алга. “Эх бичгийн судлал” гэдэг буруу нэр томьёоноосоо ч салж чадаагүй л байна. Эх бичвэр, гар бичвэр, ноорог бичвэр, хар бичвэр, цагаан бичвэр, зассан бичвэр, зассаныг зассан бичвэр гээд олон янзын бичвэр байдаг бөгөөөд тэд чинь хоорондоо ялгавартай, тус тусдаа ойлголт. Эдгээрийг “эх бичиг” гэж ерөнхийлж ойлгоод байна. Өнөөдөр манай мэргэшлийн их дээд сургуулиудад бичвэр судлалын хичээл ордоггүй нь фундаментгүй хорь гучин давхар байшин барьж байгаатай адил. Яагаад гэвэл судалгааныхаа объект болсон бичвэрээ эхлээд алдаа мадаггүй болгож зөв тогтоочихоод, зөв бичвэр дээрээ ажилладаг нь нийт судлаачдын жишиг болсон зүйл. Гэтэл манайд жинхэнэ бичвэрийг тогтоогоогүй байхдаа “судалж” эхэлдэг тул манайхны ихэнх судалгаа уг судалж буй зохиолынхоо талаар элдэв буруу зөрүү дүгнэлт, үнэлэмж гаргадаг, эсвэл уг зохиолын “тухай” зүйл л бичихээс өөр замгүй болдог. Манайхны “судалгаа” гэж нэрлээд байгаа зүйлс бол ихэнх нь цаасыг дахин боловсруулдаг үйлдвэрийн “түүхий эд” буюу маклатур болох ёстой барак юм шүү. Их, дээд сургуулиудад “Эх бичиг” гэнэ үү нэг хичээл ордог юм гэсэн. Тэр нь бараг л уйгур-монголжин бичиг заасаар өнгөрдөг гэж би ойлгосон. Харин зохиолч Лувсандамбын Дашням маань юм юм мэддэг хүн учраас “Монгол мэдлэгийн их сургууль”-даа бичвэр судлалын хичээлийг оруулдаг байсан юм шүү.

-Эрдэм шинжилгээний номнууд ч тамтаггүй олныг гаргаа даа?

-Эрдмийн хуралд тавьсан илтгэл, эрдмийн болон бусад хэвлэлүүдэд нийтлэгдсэн өгүүллүүдийнхээ тоог мэдэхгүй. Бие даасан ном, ганц сэдэвт бүтээлүүд гэвэл бас л цөөн биш тоо гарна. “Бичвэр судлал” гэдэг номоо 1986 онд хэвлүүлсэн минь Монголдоо л анхных болсон юм даг. Түүнийгээ баяжуулаад бичвэр судлалын талаарх өөрийн бодлоо бараг цөмийг багтаан “Бичвэр судлалын үндэс” гэдэг томоохон номоо хэвлүүлсэн. “Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудал”, “Дашдоржийн Нацагдорж”, “Цэндийн Дамдинсүрэн”, “Жамсраны Цэвээн” номуудыг минь Баабарын “NEPKO”-д хэвлэсэн. “Хорьдугаар зууны Монголын журамлагдсан уран зохиол”, “Оросын уран зохиолын цоохор тэмдэглэл”, “Монголын үнэн гуйвсан түүхийн товчоон”, “Хэвлэлийн цензүүрийн мөрөөр бэдрэхүй”, “Юндэн дурласан уу, Нансалмаа хардсан уу болон бас бусын тухай”, “Шар тууж”-ийн түүхэн тойм” гэдэг бүтээлүүд бий. ШУА-иас эрхлэн “Монголын шинжлэх ухаан” 108 ботийн зарим бүтээлийг бие дааж, мөн бусад эрдэмтэдтэй хамтран бичсэн. Тухайлбал “Монголын орчин үеийн уран зохиол судлал”-ыг бие даан бичлээ. Академич Х.Сампилдэндэв, доктор Л.Хүрэлбаатартай хамтарч “Монголын уран зохиол судлал”, академич Д.Цэрэнсодном, доктор Д.Наранцэцэг нартай хамтарч “Монгол утга зохиолын бичвэр судлал” гэсэн судалгааны бүтээлүүд хийсэн. Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Монгол зохиолч” цувралд найман хүний уран бүтээлийн тухай товхимол бичсэн. Иран дахь Ил хаант Монгол Улсын хаадын тухай гурван дэвтэр, Орос дахь Алтан ордны улсын хаадын тухай нэг дэвтэр зохиол бичиж шинэ мянганы эхээр хэвлүүлж байсан минь монгол зохиогчтой бараг анхны ном байх. Ингээд тоолбол хэд хэдэн ном цаана нь бий.

-Шинээр эрдэм судлалын ямар бүтээл хийж байна?

-Төлөвлөсөн зүйлс бий. Жишээлэхэд, Монголын зохиолчид маань дэлхийн болоод Орос-Зөвлөлт-Оросын уран зохиолоос хэрхэн хуулбарлаж, хулгайлж ирсэн “туршлага”-ыг илчилсэн юм хийх бодол буй. Манай Говь-Алтай аймаг чинь уран бүтээлчид зохиолчдоороо халгиж цалгисан газар. Ямар сайндаа би нэг хурал дээр Говь-Алтай гурван гайгүй зохиолчтой, гучин муу зохиолчтой гээд хэлчихсэн чинь “гучин муу”-д багтах гэсэн хүмүүс хэл ам хийгээд Говь-Алтай чинь Ч.Лодойдамба, Л.Түдэв, М.Цэдэндож гэсэн гурван гайгүй (сайн биш шүү гэж онцлов.сур), С.Пүрэв, С.Лочин, Ж.Гал, Т.Юмсүрэн, Ш.Шажинбат, Д.Норов гээд гурван зуун муу зохиолчтой гэж залруулахад хүрч байх билээ дээ. Манай нутгаас алдарт дуучин Поврон, хосгүй авьяаст “Марзан” хэмээгдэх Шарав, за тэгээд Цэдэнбалыг чичрүүлдэг байсан Цогт-Очирын Лоохууз, мэдлэгийн далай-Пунцагийн Жасрай гээд тоочвол ижилгүй алдартнууд олон доо олон. Лодойдамба гуайн тухай нэг ном бичихээр бодож материалаа цуглуулж бараг дуусаад байна. “ Хундага нэгтэй” анд М.Цэдэндоржийнхоо тухай нэг номыг шүүдэглэсэн. Би М.Ц-гийн талаар одоохондоо хэн ч мэдэхгүй зарим зүйлсийг мэддэг, өөрөө оролцож байсныгаа “юм” болгох хэтийн санаа бий.

-Хэвлүүлж амжаагүй ч бэлэн болчихсон ном байна уу?

-Байлгүй яах вэ дээ. Хийсэн юмаа мөнгөнд баригдаад хэвлүүлж чадахгүйн зовлон байх юм. Бичиж дуусаад хэдэн жил болсон ч гэлээ хэвлүүлж чадаагүй юмс бий бий. Чингис хааны тухай аман зохиолд байдгаас эхлээд өнөөгийхний бичсэн зүйлсийн талаар “Чингис хааны дүрийн хувьсал. ХIII-ХХ зуун” гэсэн томоохон ном бэлэн байна. Орчин үеийн уран зохиолын туужийг задлан шинжилсэн “Монгол туужис” ном бэлэн байна. Бас “Өөрийгөө өрөөлийн өчлөөр өөнтөглөбэсү, өмөөрбэсү”. “Магтаал матаасын ойллого” гэдэг хэдэн зуун хуудас номыг шавь Д.Болормаа минь ихээхэн цаг заваа үрж байж, бэлтгэж бэлэн болгосон. Энэ бол миний өөрийн бичсэн зүйлс биш, харин бусад хүмүүс миний тухай бичсэн зүйлс. 1975 оноос эхлэн намайг харааж зүхэж байсан бүхнийг оруулсан ном.

-Өөрийг чинь элдвээр л хэлсэн байдаг. Хэрхэн хүлээж авдаг вэ?

-Өөрийгөө цагаатгаад “жингэр нохой хуцаж л байг. Жингийн цуваа явдгаараа л явна” гээд улиг болсон үгээр хариулахад амархан л байна. Гэвч “А” үсэг мэддэггүй хэрнээ “А-гаас Я” хүртэл мэддэг гэж боддог тэр хүмүүсийг өрөвддөг. Тоотой хэдхэн улангасагч л цаана нь байгаа юм. Бурхан л биеэрээ буугаад ирээгүй болохоор энэ тоост хорвоод “Бурхан-хүн” гэсэн юм байдаггүй. Тэр “Бурхан-хүн” чинь хүндрэхдээ сүрчиг сэнгэнүүлдэггүй, бидэн шиг л үмхий ялгадас гаргадаг даа. За энэ сэдвийг орхиё. Харин С.Пүрэв минь надад зориулж

“Энэ төрдөө элэг дотно явсаар

Эсэргүүн нэр зүүсэн байх юм.

Элдэв нэгэнд хавцар болоогүй

Энгийн араншин буруудсан байх юм.

Зөн зоргоороо бэдэрсэн дорд хүн

Зөв нь буруудахын алийг гэхэв.

Тэргүүн гудайж элгээ эвхэлгүй

Түвшин явбал жаргал чинь тэр.

Хэлсэн үг, хийсэн нүгэлгүй

Хээ шаагүй энэ бодь санваартан

Алдар нэрээрээ амьтан хооллож

Амьд л явж байвал болоо, эрхэм ээ” хэмээн Гачууртдаа 2014 онд бичсэн байна лээ. Намайг нэвт мэддэг, ойлгодог хүн л ингэж бичнэ дээ.

-Таны орчуулгын бүтээлүүд одноос ч олшроо байлгүй?

-Нийгэм улс төр, уран зохиол, танин мэдэхүйн 18 ном орчуулсан нэр зүүж халтуурдсан ухаантай. Би “имперализмын хэл” сураагүй хүн. Орос хэлнээс л орчуулсан нэр зүүж оронцоглосон ном нэлээд бий дээ. Би нэг ном халтуурдаад тун зав зай муутай байсан чинь англи хэлний дугуйланд суу гэхээр нь “Империализмын хэл сураад яах юм, эзнийхээ хэл мэддэг нохой байя” гээд хэлчихсэнээс болоод бөөн хэл ам дэгдэж намын үүрийн хурлаар орж донго авч байж салсан юм. ЗХУ-д гардаг байсан “Сод хүмүүсийн амьдрал” цувралаар гарсан “Эрнесто Че Гевара”, “Сальвадор Альенда”, Лениний шагналт зохиолч Й.Авижюсын “Орох орон ч үгүй” роман, И.С.Тургеневийн “Хаврын цасны ус” тууж, Е.Мезенцевийн “Гайхамшигийн нэвтэрхий толь” гээд олон юм бий. Завсар зайндаа алдарт А.А.Ахматова, түүний нөхөр болж байсан Н.С.Гумилёв, золгүй заяанд төрсөн М.Цветаева нарын шүлгүүдээс ч “халтуурдсан”. Өмнөх үед тооцдог байснаар 200 илүү хэвлэлийн хуудас элдэв юм бий.

-Та яаж яваад орос хэлийг сайн сурсан юм бэ. Таныг орос хэлэнд маш сайн гэж Л.Дашням зэрэг хүн бичсэнийг уншиж байлаа?

-Чёрт гэдгийг “чооорт” гэж гурван “о”-той бичихгүй л хэмжээний хүн дээ. Намайг Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуулийн зургадугаар ангид сурч байхад “Орос хэлний” гэдгээр нь мэддэг С.Галсан багш манай сургуульд багшаар ирж, манай ангийн багш болж байсан юм. Сэрээнэнгийн Галсан багш л орос хэл гадарлах суурийг тавьсан. Аймгийн төвийн дунд сургуулийн есдүгээр ангид байхад УБДС-ийг тэр жил төгссөн Л.Түдэв багш аймагтаа багшаар ирж бидэнд орос хэлний хичээл заахдаа хичээл дээр нэг ч монгол үг хэлэхгүйгээр оросоор ярьдаг байсан. Энэ хоёр буянтай багшийн ачаар орос хэлний суурь мэдлэгийг ганцхан би ч биш, манай ангийнхан овоо эзэмшсэн. Орос хэлний дөртэй гэдгээ Москвад хоёр жил болохдоо л ойлгосон доо. Тэнд л би дэлхийн болон Оросын сонгодгуудын бүтээлийг бараг цөмийг нь оросоор уншсан даа.

-Та КУДС-д олон жил багшилж байна уу?

-КУДС-ийг анх байгуулагдсан 1997 оноос хойш багшилжээ. Жамбын Солонго захирлын үед л энэ сургууль хөл дээрээ зогссон юм шүү. Манай сургуулиас нэртэй уран бүтээлчид цөөнгүй төрж гарсан. Энэ сургуульд ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр, Б.Мөнхдорж, зураач П.Цогзол, О.Мягмар, алдарт найруулагч Б.Сумхүү гээд шилдэг уран бүтээлчид багшилж байлаа. Одоо ардын жүжигчин Н.Сувд, Г.Жигжидсүрэн болон Ш.Ооёо, О.Лхагвамаа гээд туршлагатай уран бүтээлчид, манай сургуулийг төгссөн болон мэргэшлийн залуу багш нар багшилж байна.

-Багш хүн ямар байх ёстой вэ?

-Багш байхын тулд олон шалгуур давах хэрэгтэй. Юуны урьд багшийн мэдлэг тэргүүлэх байранд байх ойлгомжтой. Багш хүн байнга шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй гэж боддог. Арван хэдэн жилийн өмнө уншсан лекцээ олон жил дараалан давтаад, үглээд байж болохгүй.

-Нас сүүдэр хэд хүрч байна даа?

-Насыг нь асуухаар ясыг нь хугал гэсэн үг байдаг юм. Энэ үг өнөө цагийн зарим эмэгтэйчүүдэд зориулагдсан мэт санагддаг. Гэхдээ энэ бол тэр эмэгтэйчүүдийн буруу биш. Монголчууд дээр цагаас захын тааралдсан хүн болгонд насаа хэлээд байдаггүй, эсвэл “өтөлдөг”, эсвэл “залуужиж” насаа нууцалдаг байсан юм. Хэл ам, хараал зүхлээс айсан хэрэг л дээ. Гэхдээ монголчууд шиг дэлхийд насаа зөв тоолдог үндэстэн байхгүй. Бусдууд чинь төрсөн өдрөөсөө эхэлж насаа тоолдог доо. Гэтэл монголчууд ганцаархнаа л эхийн хэвлийд бүрэлдэж эхэлснээсээ насаа тоолдог цорын ганц үндэстэн. Их мэдэгчид монголчуудын энэ тоолдог насыг “хий нас” гэх мэтээр донгоддог. Гэтэл энэ чинь хамгийн бодитой нас юм шүү дээ. Мөн чанартаа монголчуудын насаа тоолдог шиг үнэн юм алга. Бусдууд арван сартай буюу аль хэдийнэ нэг ойдоо хүрсэн “хөгшин” хүнийг “шинэ хүн” гэж үздэг нь тэнэг хэрэг. Одоо ч бид “дэлхийжээд” бусдын буруу ухаанаар насаа тоолдог болсон учир миний хэдэн настай гэж явдаг нь хэнд хэрэгтэй юм. Тэртэй тэргүй дэлхий даяараа насаа буруу тоолж байхад ганц би зөв тоолж гаргах гээд яах юм.

-Та аавынхаа тухай яриач!

-Миний эцэг Соном, намайг дагуулахгүй номтой хүн байсан юм. Өнөө цагт хүн бүр л номтой лам эцэгтэй байсан гэж алба юм шиг ярьдаг болсон байна. Миний эцэг Бадрангуйн Соном бага наснаасаа гуч гаруй жил Усан Зүйлийн хүрээнд шавилан сууж, чойрын ухаан, анагаахын ухаанд мэргэшсэн хүн байсан юм. Цөвүүн цагт уул хаданд ном судар, бурхан тахилаа хэд хэдэн удаа тавьсан ч гэлээ одоо манайд нэг авдар дүүрэн ном нь байна. Голдуу анагаахын чиглэлийнх гэсэн. Аав минь миний эхнэрт нэгэнтээ “Хүн чинь ажлаа хийчихээд ирдэг байхад манай Лочин гэртээ ажлаа үүрээд ирдэг хүн” гэж намайг гэрийн ажил хийдэггүй, харин бэр нь хамаг ажлыг ганцаараа хийж буйг өрөвдөн хэлсэн гэдэг. Ээж минь ганц бие эмэгтэйн ганц охин байв. Хөгшин бид хоёр үр хүүхэд, ач зээ нараараа бахархаад болж бүтэж л байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнх-Очир: “Улаан сарнай” хамтлаг цэнгээнтээс бүжгийн спорт руу орсон

“Улаан сарнай” бүжгийн студийн үүсгэн байгуулагч, “Улаан сарнай” бүжгийн хамтлагийн багш, дасгалжуулагч Б.Мөнх-Очиртой ярилцлаа.


-Хамтлаг анх хэзээ байгуулагдаж байв?

-Улаан сарнай хамтлаг 1986 онд байгуулагдсан. 33 жилийн түүхтэй. Анх “Цагаан сарнай” нэртэйгээр Санхүү эдийн засгийн техникумын сургууль гэж байхад байгуулагдаж байсан. Түүнээс нэг жилийн дараа “Улаан сарнай” болон нэрээ өөрчилсөн байдаг.

-Яагаад нэрээ солих болсон юм бол?

-Тухайн үедээ монголчуудад цагаан сарнай нь арай сонсоход эвгүй байсан байх. Тэгээд улаан сарнай нь илүү гоё сонсогдож байна гэсэн утгаар нь ард түмэндээ ойртуулж нэрийг нь сольсон байх. Хүнд цэцэг бэлэглэсэн ч улаан сарнай нь илүү дотно санагдана шүү дээ.

-Анх хамтлаг байгуулагдахад бүжиглэж байсан ахмад бүжигчид одоо бүжиглэдэг үү?

-Бид бол мэргэжлийн бүжгийн хамтлаг биш. Санхүү эдийн засгийн сургуулийн оюутнуудын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор сургуульдаа зохиож байсан урлаг соёлын арга хэмжээнээс түрүүлсэн оюутнууд сонирхлоороо нэгдэн байгуулж байсан. Хамтлагийг удирдаж байсан Төмөрхүү багштайгаа нийлэн “Улаан сарнай” хамтлагийг байгуулсан түүхтэй. Тухайн үед анх бүжиглэж байсан гишүүд одоо зарим нь бүжиглэдэг, зарим нь дараагийн үедээ боломж олгон өөрсдийн амьдралыг хөөгөөд явсан байна. Гэхдээ өөрсдийн чөлөөт цаг, бүжиглэхийг хүссэн үедээ ирээд бүжиглэдэг. Сургуульд сурч байх хугацаандаа бүжиглэхийг хүссэн оюутнууд хичээлийн хажуугаар сонирхлын журмаар бүжиглэдэг. Сургуулиа төгсөөд ажил мэргэжлээрээ цаашид явах нь их л дээ. Зарим бүжиглэх сонирхолтой, бүжгээ хаяхгүй гэсэн хүмүүс нь ажил амьдралаа зохицуулаад бүжиглээд явж байгаа.

-33 жилийн хугацаанд “Улаан сарнай” хамтлагийг хэдэн оюутан дамжиж гарав?

-Бид 25 жилээрээ тооллого хийж байсан юм. Тэр үед 800-гаад хүн манай хамтлагтай холбогдсон байна гэсэн судалгаа гарч байсан.

-Одоо “Улаан сарнай” студи болоод мэргэжлийн түвшнийх болсон уу?

-Монголын бүжгийн спортын холбоо гэж бий. Түүнд харьяалагдаж, бүжгийн спорт төрлөөр хичээллээд, сургалтаа явуулаад, тэмцээн уралдаанд оролцоод явж байгаа. СУИС-ийн бүжгийн багш Алтанцэцэг “Улаан сарнай” хамтлагийг хагас мэргэжлийн гэж дүгнэсэн. Тэгэхээр манай хамтлаг яг бүтэн мэргэжлийнх гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл урлагийн сургалттай биш учраас. Хагас мэргэжлээрээ бол бид маш сайн. 2009 оноос хойш цэнгээнт бүжгийн хамтлагаас бүжгийн спортын хамтлаг болсон байдаг.


-“Улаан сарнай” студи хэзээ байгуулагдаж байв?

-2018 оны наймдугаар сараас студиэ нээгээд явж байна. Насны ангиллаар сургалт явуулдаг. Цэцэрлэгийн насны ангилал, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн насны анги, насанд хүрэгчид, ахмад гэсэн ангиллаар хичээллэдэг. Одоогоор нээгдээд удаагүй учир тэр болгон хүмүүс мэдэхгүй байна л даа. Хүүхдийн ангид арав гаруй сурагч, насанд хүрэгч болон ахмадын ангид хорь гаруй элсэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрээс нь манай хамтлагийн гишүүд өөрсдөө оройн цагаар энэдээ бэлтгэлээ хийдэг. Хамтлаг найман хосын бүрэлдэхүүнтэй.

-Бүжгийн спортыг хүмүүс хэр сонирхох уу, Монголд хэр хөгжиж байгаа вэ?

-Бүжгийн спорт Монголд ер нь хөгжиж байгаа. Бүжгийн спортын холбоо Монголд анх 2001 онд байгуулагдаж байсан. Би холбооны нэрэмжит анхны тэмцээнд орж аварга болж байлаа. Хоёр жилийн дараа хорин жилийн ойгоо хийх гэж байна. Энэ хугацаанд асар олон хүн бүжгийн спорт гэдэг төрлөөр хичээллэж эхэлсэн. “Улаан сарнай” анх ганцаараа бүжгийн спортын хамтлаг байсан бол одоо Moon dance, Star dance, Хатан туул зэрэг олон бүжгийн хамтлаг бидний араас төрөн гарсан байна.

-“Улаан сарнай” хамтлагийн амжилтын түүх арвин байх даа?

-Жил бүр бүжгийн спортын дэлхийн аварга болдог. Дэлхийн аваргын тэмцээнд манай хамтлаг 2011 оноос хойш оролцож байгаа. Хамгийн анх явахдаа маш амжилттай оролцож хагас финальд үлдэж, 19 хамтлагаас аравт орж байлаа. Түүнээс хойш тогтмол амжилтаа бататгаад явж байгаа. Дэлхийн аваргад явахад зардал мөнгөө хамтлагийн гишүүд байнгаа өөрсдөөсөө гаргаж явдаг. Тиймээс жил болгон явахад санхүүгийн байдал хэцүү.

-Бүжгийн спортын техник, шүүлт ямар зарчмаар явдаг вэ?

-Ер нь бол дэлхийн бүжгийн спортын холбооноос заасан стандарттай. Энэ тодорхой баллаас бууж хөлийн тавилт нь 90 градус ч гэдэг юмуу бүх зүйлийг стандарттай заачихсан. Зүйрлэж хэлбэл мөсөн дээр гарвал уран гулгалт гэсэн үг. Бүжгийн спорт маань олимпийн төрөлд орохоор судлагдаж байгаа. Арваад жилийн өмнөөс судалгааны ажил эхэлсэн гэж ярьж байсан. Тэгэхээр бүжгийн спортыг спорт мөн гэдгийг сайн тодотгож өгсөн.

-Бүжгийн спортыг сонирхоод хичээллэе гэсэн хүмүүст тавигдах шаардлага гэж бий юу?

-Шаардлага гэвэл тухайн хүн өөрөө сонсгол сайтай, өөрийн хичээл зүтгэлтэй байхад л болно. Нэг талаар энэ бол спорт. Нөгөө талаар бүжгийн урлаг. Тэгэхээр шалгаруулж авахын тулд уян хатан байдал, сонсгол чухал. Хичээллэж эхлээд хүмүүс заримдаа шантарна шүү дээ. Тэгэхээр хичээл, зүтгэл хэрэгтэй.

-Бүжгийн спортоор хичээллэж эхлэхэд тохиромжтой нас нь хэд вэ?

-Хүн бүр өөр зүйл хэлэх байх л даа. Минийхээр бол хамгийн тохиромжтой нас нь дунд ангийн хүүхдүүд. Яагаад гэвэл хүлээж авах чадвар нь тэр насанд маш сайн байдаг. Түүнээс жаахан бол хүлээж авах чадвар нь багасдаг. Тиймээс багшийн заасан зүйлийг тэр бүр ойлгохгүй үе гардаг. Харин дунд насны хүүхдүүд хүний яриаг ойлгодог, хүлээж авдаг, тогтоодог.

-Бүжгийн спорт хүнд ямар нөлөөтэй вэ?

-Бүжгийн спорт нь хүний бие болоод сэтгэлд маш сайн нөлөөтэй гэдгийг шинжлэх ухаан ч нотолчихсон. Жишээ нь, настай хүмүүс дээр аваад үзэхэд бүжиглэснээрээ эрүүлжинэ, ой тогтоолт сайжирна. Нас ахих тусам хүний тогтоох чадвар буурдаг бол бүжиглэснээрээ нас нь уртасна, ой тогтоолт сэргэнэ. Буруу сууснаас улбаалан хүний нуруу бөгтийдөг. Өдөрт 5-10 минут, хамгийн ихдээ 30 минут нуруугаа бариад бүжиглэхэд хүний нурууны бөгтөр засагддаг гэх жишээний олон сайн үр дүнг үзүүлнэ.

-“Улаан сарнай” бүжгийн студийн онцлог давуу тал юу вэ?

-Манайх гэртээ хүүхдээ хардаг ээж, эмээ нарт зориулан хүүхэд саатуулах өрөөтэй. Тэгэхээр хүүхдээ хардаг ээж, эмээ нар маань манайд ирээд хүүхдэдээ санаа зовох зүйлгүй хичээллэж болно. Мөн бид хурим найранд зориулан хосуудад бүжгийн сургалт хийдэг. Хуримаа хийж байгаа хосууд эхнэртээ юмуу, нөхөртөө гэнэтийн бэлэг болгон бүжиг бүжиглэх тохиолдол бий.

-Бүжгийн спортоор хичээллэсний ач холбогдол юу вэ?

-Биеийн жигд хөгжил, цаг барих, хаана ч очсон биеэ зөв боловсон авч явах, багаар ажиллах чадвар суух гээд олон ач холбогдолтой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Еврей, Монгол хоёр” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Гадаад
харилцааны яаманд боллоо. Монгол Улс малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглавал гурван их наядыг олох боломжтой хэмээжээ. Энэ талаар нэг болон 15 дугаар нүүрнээс дэлгэрүүлэн уншаарай.

Төр нийгмийн зүтгэлтэн өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар нас барсан билээ. Эл харамсалтай хэргийн талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Нэг болон хоёрпугаар нүүрнээс унишх боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаарт нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Еврей, Монгол хоёр” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп Хятадын “HUAWEI” компанид хориг тавиад байсан. Тэгвэл АНУ-ын Худалдааны яам дээрх шийдвэрээ наймдугаар сарын 19 хүртэл түр хойшлуулахаар болжээ. Энэ тухай нийтлэлийг Гадаад мэдээний есдүгээр нүүрэндээ хэвлэлээ.

Увс аймгийн цагдаа хүүхэд хүчирхийлж жирэмсэн болгосон хэрэг нийгмийг цочроогоод буй. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр нүүрэнд дэлгэрэнгүй бэлтгэн нийтэллээ.

Эдгээр болон бусад мэдээ, сурвалжлагуудыг та бүхэн лхагва гаригийн шинэхэн дугаараасаа амтархан уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Солонгосын визийн хариу 90 хоногоос дээш хугацаанд гарна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй иргэдийн материалыг хамгийн багадаа ажлын 50 хоногт шалгаж байгаа аж. Тиймээс тус улсыг зорих гэсэн иргэд визний хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна.

Мөн визний хариу удаан гарах болсон шалтгаан нь тус улсад хууль бусаар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээс материал шалгах явц удааширжээ. Тиймээс иргэдийг аль болох хуурамч материал бүрдүүлэхгүй байхыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. Харин ямар нэгэн байдлаар БНСУ-д яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор болсон иргэд тухайн материал авах газартаа “яаралтай виз гаргах хүсэлт”-ийг бөглөж, материалаа өгөх юм байна.

Одоогоор БНСУ-д Монголын 50 мянган хүн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр хүмүүсийн 20 мянга нь хууль бусаар оршин суугаа иргэд аж. Гурван сарын виз аваад зорчиж байгаа монголчууд визний хугацаагаа дуусгаад харлах явдал ихэссэн учраас тус улсын зүгээс хяналт, шалгалтыг чангатгах болсон байна.

Мөн БНСУ-ыг зорьж байгаа иргэд гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй бол 10 сая хүртэлх вонноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах шийдвэрийг энэ сараас эхлэн гаргажээ. Учир нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас гахайн халдварт өвчинг тус улсад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргаж, хилийн боомтын хяналтыг чангатгасан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэр бүхий 21 хувьцаат компанийн цахим эрхийг хязгаарлав

Хөрөнгийн биржид бүртгэлтэй нэр бүхий 21 хувьцаат компани энэ сарын 14-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байна. Иймээс тус компаниудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

Д/Д

КОМПАНИЙН НЭР

1

Автозам

2

Автоимпекс

3

Ар баянхангай

4

Бинсэ

5

Бороогийн үйлдвэр

6

Ган хэрлэн

7

Глобал монголиа холдингс

8

Гонир

9

Дархан хөвөн

10

Дорнод

11

Монгол дизель

12

Монгол керамик

13

Мон-ит булигаар

14

Мүдикс

15

Нийслэл өргөө

16

Сэлэнгэ сүрэг

17

Ханын материал

18

Хөдөөгийн тээвэр

19

Хуртай

20

Цагаантолгой

21

Шим

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварыг 5 дугаар сарын 16-наас эхэлсэн. Тэгвэл 5-р сарын 22-ноос эхлэн дараах газруудад халуун хязгаарлана.

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны Иргэний номын сан үүдээ нээлээ

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд иргэний номын сангийн анхны загвар ашиглалтанд орлоо. Иргэний номын сангийн загварыг Монголд нутагшуулах, олон улсын жишгээр хөгжүүлэх ажлыг “Хүүхдийн Оюуны Боловсролыг дэмжих Төв” ТББ, “Beyond books” төслийн баг хамтран хэрэгжүүлж байна.

Иргэний номын сан нь олон улсад эрчимтэй хөгжиж буй, хэрэглэгч төвтэй номын сангийн сүүлийн үеийн загвар юм. Амжиргааны төвшин, амьдрах орчин нөхцөл болон бусад бэрхшээлээс үүдэн номын сан, нийгмийн нийтлэг үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа иргэдэд чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг, хүмүүс хоорондын эерэг харилцаа, хамтын хөгжлийг чухалчилдаг онцлогтой. Мөн байршлын хувьд төвлөрлийг сааруулж, хэрэглэгчдэд ойртон, иргэдийн бодит хэрэгцээг нарийн судалж, тэдний санаачилга оролцоон дээр тулгуурлан үйлчилгээ хөтөлбөрүүдээ боловсруулж, хамтран хэрэгжүүлдгээрээ уламжлалт номын сангаас ялгаатай.

Тус номын сан ашиглалтанд орсноор Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны 5434 хүүхэд ая таатай орчинд чөлөөт цагаа өнгөрөөн, хараа хяналтгүй байдлаасаа болж төрөл бүрийн осол, гэмт хэрэгт өртөх эрсдэл буурч, номын сангийн хөтөлбөрүүдээр дамжуулан хичээлийн хоцрогдлоо арилгах, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Номын сан хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт хөтөлбөрүүд боловсруулж, иргэдийн мэдлэг мэдээллийн тэгш хүртэх боломжийг хангахад хувь нэмэр оруулах, аж амьдралаа дээшлүүлэхэд тус дэм болох, өөр хоорондоо туршлага солилцох, хамтдаа хөгжих орон зай болох юм.

Номын сангийн хөтөлбөрүүдээс танилцуулахад:

  1. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор үнэ төлбөргүй давтлага өгөх
  2. Хүүхдийг номын хорхойтон болгох үүднээс “Бүтээлч ном унших” хөтөлбөрийг эцэг эх, багш, сурган хүмүүжлэгч, сайн дурын ажилчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх
  3. Төгсөх ангийн сурагчдад зориулан мэргэжил сонгоход нь дэм болох мэдээлэл, сургалтын хөтөлбөр
  4. Англи хэлний анхан болон дунд шатны сургалт
  5. Компьютерийн анхан шатны хэрэглээний сургалт
  6. Иргэдийн дундах шилдэг туршлага, асуудал шийдлүүдийг хуваалцах хөтөлбөр гэх мэт баялаг үйлчилгээ, хөтөлбөрүүдтэй.

“Beyond books” төслийг Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газар, Зориг сангаас хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн оролцогчид санаачлан хэрэгжүүлж, энэхүү жишиг загварт тулгуурлан Улаанбаатар хотын дүүрэг хороод, цаашилбал орон нутагт иргэний номын сангийн туршлагыг түгээхийг зорьж байна. Төслийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Сайн Сайхныг Санхүүжүүлнэ” уриатай Голомт банк ажиллаж, орчин үеийн жишгээр номын санг тохижуулах, номын фондыг баяжуулах, иргэдэд Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Иргэний номын сангийн үйл ажиллагааг дэмжсэн Скайтел групп, NGNEX ХХК, ГХЯ-ны дэргэдэх Дипломат Эмэгтэйчүүдийн клуб, Austcham Mongolia, “Номын Соёлт Ертөнц” ТББ тэргүүтэй байгууллага, хувь хүмүүс талархал илэрхийлье.

Холбогдох хаяг:

FB: BeyondBooksMongolia

Email: beyondbooksmongolia@gmail.com

Утас: 98117398, 99167417

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал болон шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч аж ахуй эрхлэгч иргэн, компанийн дийлэнх олонх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг. Энэ онд нийслэл анх удаагаа татвар төлөгч иргэнд зориулсан төсвийн гарын авлагыг хэвлэж гаргахад бэлэн болгосон. Ингэснээр нийслэлийн төсвийг хэн бүрдүүлдэг, хэдэн төгрөг хаанаас орж ирдэг, юунд зарцуулагддаг, тэр нь үр бүтээлтэй байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэдгийг онцолж хэлсэн юм.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр,

  1. “Жэйкобс инженеринг” ХХК
  2. “Жи Си Ар монголиа” ХХК
  3. “НБИК” ХХК
  4. “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК
  5. “Талх чихэр” ХК
  6. “Интернэйшнл медикал сентер” ХХК
  7. “Премиум конкрит” ХХК
  8. “Мөнххада” ХХК
  9. “Милко” ХХК
  10. “Нормет Монголиа” ХХК
  11. “Медика монголиа” ХХК
  12. “АОДЭ” ХХК
  13. “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК
  14. “Монголиан транс Ложистик” ХХК
  15. “Эм Эм Эс инженеринг” ХХК
  16. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК
  17. “Энержи Интернэшнл” ХХК
  18. “Монгол эм импекс концерн” ХК
  19. “Замайн сервисиз” ХХК
  20. “Камминс монголиа инвестмэнт” ХХК

шалгарсан бол нийслэлийн Шилдэг татвар төлөгч иргэнээр Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Лхавгаагийн Элдэв-Очир, Лувсанвандангийн Болдхуяг, Түвшинжаргалын Баясгалан, Дэмбэрэлсамбуугийн Ончинсүрэн нар шалгарсан юм. Мөн урлагийн салбарын шилдэг татвар төлөгч иргэнээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Батмөнхийн Чинбат шалгарсан байна.

Нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө шударгаар татвараа төлсөн 20 аж ахуйн нэгж, зургаан иргэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал, нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Батрагчаа нар шагналыг гардуулж, баяр хүргэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Татварын багц хуульд тавьсан хоригоо хэлэлцэхийг хойшлуулахыг хүсчээ

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхийг түр хойшлууллаа. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс “Хоригийг 27-ныг хүртэл хэлэлцэхээс хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Төсвийн байнгын хорооны даргад уламжилсан байна.

Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авахгүй боломжгүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн юм.

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн татварын багц хуульд тавьсан хоригт дурьдагдсан үндэслэлүүдийг хүлээж авах боломжгүй. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнес эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорациуд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан. Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажилласан байна. Тэр ч бүү хэл 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуульд ч хориг тавьжээ” гэдэг тайлбарыг өгсөн юм.