Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ

Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан томилоод байсан юм. Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагуудын албан тушаалтнуудын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг гаргажээ.

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү шалгалтын тайлан, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкыг хэрхэн үндсэн жишгээр нь ажиллуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Шалгалтын дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын 169-р тогтоол гарсан байна.

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах кассаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байсан олон асуудлыг хамруулан шалгажээ.

Гэвч зориулалтын бусаар зорилтот бус зээлдэгчдэд их хэмжээний зээл олгосон цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тус банкны эх үүсвэр нь 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгосон байна. Энэ дагуу улсын төсвөөс гарсан бондын зарцуулалтын төслүүдийг сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн “Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг нэр бүхий 9 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл авсан зээлээ эргэж төлөөгүй байгааг шалгалтын үеэр тогтоожээ. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилд,

  • – Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.
  • – Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан.
  • – Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн
  • – ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.
  • – 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдалуудыг хүлээсэн.
  • – Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй зэргийг шалгалтын дүгнэлт, материалд дурьдсан байна.

Хөгжлийн банкыг шалгах үеэр илэрсэн зөрчлүүдтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлт, хууль зөрчсөн байж болзошгүй бүх ААН, иргэнд холбогдохматериалыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагууд руу өнөөдөр шилжүүлж буйгаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм

Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.

Баянзүрх

11:00-18:00 цагт 19, 22, 24-р хороо Жаргалантын 2, 4, 5, Газарчины 3-6, Овоотын 5, 9, Дэнжийн 1-3, Цайзын 4/А, 5/А, 6, 7, 8, 10-19-р гудамжууд, Иргэн Анхтуяа, Жунсон констракшн, Хаг нуур, Их Могул, Таван өлзий, Газарчин-2, Бодь буян ХХК-ууд, болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:00-16:00 цагт 7, 8-р хороо 11-р хороолол 3А, 4, 5, 5/А, 6, 11, 21, Эрхүүгийн гудамжны 2, 6-р байрууд, Хэл иргэншлийн ДС, Монгол шуудан ХК-ийн 20-р салбар болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00 цагт 10, 11-р хороо Иргэн Эрдэнэбаяр, Наранцэцэг, Хандаа, Жаргалсайхан, Өгөөмөр адимон, Мандалын түрүү, Сутай тэргүүн, Ихэр сутай, Их Модун, Баярсконстракшн, Нэмэх түвшин, Цээб, Бэрэн констракшн, Ариун-Очир, Баясах констракшн, Монхорус трейд ХХК-ууд, Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ, Атлас СӨХ, Монгол ном худалдааны төв, Петростар ШТС, Цагдаагийн 4-р хэсэг болон эдгээрийн ойр орчмоор 11:00-18:00 цагт 11, 13-р хороо, Хангайн 2-40, Рашааны 2-24, Зүүн Сэлбийн 1-10-р гудамжууд, Алтжин, Сод Монгол ШТС-ууд, Номин супермаркет, Сансар худалдааны төв, Говь түшээ, Царам трейд ХХК-ууд, Ус өргөх насос

Хан-Уул

10.30-18.00 цагт 10-р хороо Монгол Вояаж, Эрхэт сүлд, Сандей, Морин нуур, Ди Си Би, Рэс, Хийт констракшн, АУМ алт, Боржин зам, Бат бөх ремикон, Арамдаүн Мүёг ХХК-ууд, Тахианы ферм, Иргэн Мөнх-Очир, МТ ШТС-129, 153, Жаргалант-Эко хотхон болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00 цагт 20-р хороо Петровис ШТС, Эрин интернэшнл, ИЭК ХХК-ууд

Сонгино-хайрхан

11:00-18:00 цагт 1, 2-р хороо Толгойтын 16-20, 25-28, 45-108, Орбитын 30-89, 112-128-р гудамжууд, 107-р сургууль, 111-р цэцэрлэг, Ану сервис,
9, 10-р хороо Баруун Баян-Уулын 7-10, зүүн Баян-Уулын 21, 24, 27, 28, 29, 30, Зүүнсалааны 21, 27-р гудамжууд, Өнөр цэцэрлэг, Гандантэгчилэн хийд, Оргил рашаан сувилал, Лантуун дохио ТББ, Мобиком,
12, 13-р хороо 1-р хороолол, ЦТП-1, 106, 112-р цэцэрлэгүүд, 80-р сургууль, 6, 8, 9, 10-р байр, 64 айлын орон сууц, 2-7, 19, 20-р байрууд

12:00-17:00 цагт 21-р хороо 52-ын даваа орчмоор

Налайх

10.00-13.00 цагт 1-р хороо Ойн бирж ШТС, Ронтэнь төмрийн үйлдвэр

14.00-17.00 цагт 4-р хороо УСУГ, Бохирын насос

Багахангай

11.00-17.00 цагт ЗДТГ, Цагдаа, Спорт заал

Төв аймаг

10:00-18:00 цагт Баянчандмань сум 3-р хороо Худаг, Шувууны аж ахуй, Хар ямаа, Өргөн булаг, Цаст, Цээнэ амралт, Гардан тулааны холбоо, ТВ-5-ын дэд өртөөнүүд орчмоор

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалт дуусахад гурван хоног үлдлээ

“Улаан бурхан өвчинд цэг тавья” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийн аян эхэлсэн байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 352999 хүүхэд хамрагдаж, хамрагдалтын хэмжээ 75 хувьтай явна. Нэмэлт дархлаажуулалтын аян дуусахад 3 хоног үлдсэн байгаа тул амжиж хамрагдахыг хүсч байна.

Categories
мэдээ улс-төр

ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан Унгар улсын Будапешт хотноо ажиллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо ажлын айлчлал хийж ажиллаа

Ажлын айлчлал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Европ, Төв Азийн бүс нутгийн зөвлөлдөх уулзалтад оролцох зорилготой байв. Энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын туслах ерөнхий захирал бөгөөд Европ, Төв Азийн төлөөлөгчийн газрын тэргүүн Владимир Рахманинтай уулзлаа. Ноён Владимир Рахманины зүгээс тус бүс нутагт ХХААБ-ын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны зүгээс Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын асуудлаар үргэлж дэмжиж ажилладагт талархал илэрхийлэхийн сацуу өөрийн баримталж буй бодлогоо танилцуулж, цаашдын арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Үүнээс гадна айлчлалын үеэр Унгар Улсын Парламентын Монгол-Унгарын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват болон Хөдөө аж ахуйн яам, Гадаад хэрэг, худалдааны яамны удирдлагуудтай уулзаж ажил хэргийн яриа өрнүүлсэн. Уулзалтуудын үеэр Монгол-Унгарын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, мал эмнэлгийн чиглэлээр улам гүнзгийрүүлэх, Монгол мэргэжилтнүүдийг тус улсад сургах талаар санал солилцлоо. Мөн Унгар Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Биокомбинатын шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээний талаар тохиролцож ажиллав.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс нийт 2.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцеветмент” компанийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монголбанк, Татварын ерөнхий газар хамтран “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцеветмент” компанийн үйл ажиллагаанд хоёр сарын турш шалгалт хийсэн. Шалгалтынхаа дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийтдээ 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн.

Нэгдүгээрт, 2016 оны долдугаар сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь компанийн тухай хууль зөрчсөн. Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа, тэргүүн дэд захирал нь хүний нөөцийн асуудлаа, хууль эрх зүйн газрын дарга нь үндсэндээ бусад бүх үйл ажиллагаагаа хариуцдаг байхаар шийдвэрлэсэн. Энэ компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. 49 хувийг эзэмшсэн гэрээ хэлцлийнхээ үр дүнгээр ийм үйл ажиллагаа явуулсан. Гэвч энэ асуудал нь хууль бус гэдгийг Цэц дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 51 хувийг эзэмшигч талд хууль бусаар халдсан. Компани бол мөнгөний гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгээр хийдэг. Гэтэл мөнгөний дүнгээс нь шалтгаалаад гүйлгээ хийх эрхийг олон хүнд хуваарилж өгсөн. Энэ шийдвэр нь санхүүгийн сахилга батыг бүрэн утгаар нь алдагдуулсан. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийгээд 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар авч үзвэл “Эрдэнэт” үйлдвэр энэ хоёр аж ахуйн нэгжээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байна. Ногдол ашгийн зөрчил мөн илэрсэн. Өмнө нь гарчихсан байсан ногдол ашгийг Монголын зэс корпорац руу хоёр удаагийн гүйлгээгээр 55.8 ам.доллар шилжүүлсэн байна. Ингэхдээ татвар төлөөгүй. Үүнийг дахин нягталж үзэх ёстой. “Эрдэнэт” үйлдвэр өөрөө 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгуулсан эмнэлгээ хувийн компанийн нэр дээр шилжүүлсэн зөрчил илэрсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. “Эрдэнэт” үйлдвэр өөрөө цэвэр зэс экспортолдоггүй. Гэрээгээр хайлуулах, цэвэршүүлэх ажлыг хийлгэдэг. Зэсээ хайлуулах, цэвэршүүлэх зардал нь дэлхийн дунджаас өндөр байна гэж үзэж байгаа. Энэ зардлаа бууруулах үүргийг удирдлагуудад нь даалгасан. Нийтдээ төрлийн буюу 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрсэн. Энэ мөнгийг төсөвт оруулах ёстой. Гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Гаргаж байгаа зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лабораториор хянуулдаггүй. Хувийн компанитай гэрээ байгуулаад сорьцоо тогтоолгодог. Түүндээ үндэслэж татвараа төлдөг. Энэ зөрчлийг арилгах нь зүйтэй гэж үзэж байгаа.

2016-2019 онд нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хандив, тусламж олгосон байна.

Хамгийн том зөрчил нь худалдан авах ажиллагаанд бий. Нийтдээ 2336 гэрээ байгуулахдаа 1492-ыг нь шууд байгуулсан байна. Үйлдвэрийн захирал нь хуулиас давсан худалдан авах журам батлаад түүгээрээ худалдан авалтын үйл ажиллагааг явуулж байсан. Энэ журмыг нь хүчингүй болгож хууль хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон. Шууд гэрээний ард санхүүгийн чадваргүй, туршлагагүй аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийсэн зөрчлүүд бий. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудалд ирэх жил бас шалгалт хийнэ. Үйлдвэрийнхээ онцлогтой холбоотойгоор шууд гэрээ байгуулах тохиолдол байдаг. Түүнийг нь бол зөрчил гэж үзэхгүй байгаа.

“Стандарт” банкинд 40 сая ам.доллар төлсөн. Энэ мөнгийг холбогдох буруутай этгээдүүдээр нь төлүүлэх ёстой.

Ер нь өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь хэрэгжихгүй. Зүгээр нэг газрын дарга нь компанийн захирал шиг ажилладаг байсан нь тогтоогдсон” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 12 цаг 54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Гадаад харилцааны сайд гадаадад томилолтоор ажиллаж байгаа учраас хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулж, салбарын сайдыг байлцуулж хэлэлцэх нь зүйтэй байна гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн. Тухайлбал, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, цагдаагийн байгууллагын мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлж; үндэсний стандартыг шинээр боловсруулж, орон нутгийн стандартын байгууллагын чадавхыг бэхжүүлэх; хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьжээ.

Мөн үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйг сайд танилцуулгадаа дурдлаа.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл хэлэлцэж байгаа тул Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон удирдлагууд, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцов. Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, О.Содбилэг нар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, ялангуяа зэвсэгт хүчин, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, газар хөдлөлт, гал түймэр, үер усны аюул зэрэг гамшгаас нийгэм, иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилт, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн тусгасан, энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, ялангуяа зэвсэг, техникийг шинэчлэх шаардлагатай байгаад Засгийн газар, салбарын яам онцгой анхаарч төсөв хөрөнгийн зохих эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, мөн эдийн засгийн бүтцийг өөрчлөх, бүс нугийн хөгжлийг дэмжих гэсэн ерөнхий зорилтыг тодорхой болгож хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх саналтай байгаагаа хэллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн заалтын дагуу жил бүрийн үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурал хэлэлцдэг, энэ үеэр тунхаглалын шинжтэй, үр дүн багатай гэж шүүмжлэх нь ч бас байдаг. Харин оносон, зөв төлөвлөлтийг сайн тусгаж чадвал үр өгөөжтэй, хэрэгжих үндэстэй, хөрөнгө оруулалт нь ч оновчтой болно. Иймээс асуудлаа эрэмбэлж зөв тусгах, төлөвлөлтийг нарийн тооцож зорилт, арга хэмжээгээ үндэстэй төлөвлөх шаардлагатай байна гэдгийг хэлж байв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар үндсэн чиглэлийн зорилтод туссан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацааны тогтовортой өсөлтийн суурийг хангах, гамшгаас хамгаалах мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гамшгийн үеийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 6 саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Иймээс тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Т.Аюурсайханыг Байнгын хорооны даргаар сонгох саналыг дэмжлээ

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар “Бусад” асуудлын хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлэхээр заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханыг тус Байнгын хорооны даргаар сонгуулахаар МАН-ын бүлгээс санал болгон нэр дэвшүүлж буйг намын бүлгийн дарга дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав. Байнгын хорооны даргад нэр дэвшигч Т.Аюурсайхан нь 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, улмаар 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, 2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалжээ. Тэрбээр 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, ерөнхий захирал, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008-2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, 2009-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2012 оноос МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар тус тус ажиллажээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэр дэвшигч Т.Аюурсайханыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив. Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм

Categories
гадаад мэдээ

Япончууд “HUAWEI”-гийн шинэ загварын утсыг худалдаалахаа хойшлуулав

Хятадын “HUAWEI” компанийн шинэ загвар болох Р30 гар утсыг Японы зах зээл дээр худалдаалахыг түр хойшлуулсан талаар тус улсын үүрэн холбооны хоёр компани өнөөдөр зарлажээ.

Softbank болон KDDI компаниуд баасан гарагаас эхлэн уг загварын утсыг худалдаалах гэж байсан юм.

Softbank компанийн зүгээс P30 загварыг хүмүүсийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэж чадах эсэхийг шалгаж, нягтлах хэрэгтэй болсон тул хойшлуулсан хэмээн байр сууриа илэрхийлжээ. Гэхдээ “Google”-ийн Андроид систем шинэ гар утсанд цаашдаа ажиллах эсэх нь эргэлзээтэй болсноос үүдэн хойшлуулахад хүрсэн байх магадлалтай аж.

Тэгвэл Японы хоёр дахь том үүрэн холбооны оператор KDDI ийнхүү хойшлуулах болсон шалтгаанаа мөн л АНУ-ын зүгээс “HUAWEI” компанид тавьсан хоригтой холбон тайлбарлажээ.

“HUAWEI” компани P30 загварын утсаа баасан гарагаас эхлэн Японы зах зээлд борлуулах болсноо мөн тус улсад одоо байгаа нэрийн долоон дэлгүүр дээрээ нэмж 20 үйлчилгээний цэг байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр зарлаад байсан билээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Чанша хотноо эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 13 улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголын эрэгтэй, эмэгтэй баг чансаагаараа үндсэн хэсэгт багтжээ. Тэд тавдугаар сарын 24-нөөс тоглолтоо эхлүүлнэ. “С” хэсэгт Монгол, Австралийн баг болон уг хэсэгт урьдчилсан хэсгээс эрхээ авсан баг нэмэгдэнэ. БНСУ, Энэтхэг, Малайз, Ванату арал улсын баг багтаж ялагч болсон нь “С” хэсэгт тоглох юм. Манай эмэгтэй шигшээ баг Казахстан, Киргиз улсын багтай “В” хэсэгт багтсан бөгөөд тавдугаар сарын 25-нд хэсгийн хоёр тоглолт хийнэ. Ази тивийн 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-ны өдөр дуусах бөгөөд тэмцээнийг MNBA SPORTS TV Channel шууд дамжуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооны төлөөлөгчид айлчилж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны төлөөлөгчид энэ сарын 21-22-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газарт ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Авлигын эсрэг, Иргэний эрхийн хорооны Төлөвлөлт, удирдлагын газрын дарга Гай-ок Пак, Сургалтын албаны дарга Ёонг-күүк Юн, Гадаад харилцааны албаны орлогч дарга Гью-тай Бён тэргүүтэй төлөөлөгчид багтжээ. Төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ харилцан ойлголцлын санамж бичгийг сунгах саналаа танилцуулах, өөрийн улсын авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга, туршлагаас хуваалцаж, сургалт зохион байгуулж байна. Тухайлбал, БНСУ-ын авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил, авлигын нөлөөллийн үнэлгээ, төрийн бодлогын болон эрх зүйн аливаа баримт бичиг батлагдахын өмнөх шатанд хийгдэх эрсдлийн үнэлгээ болон шүгэл үлээгчийг хэрхэн хамгаалдаг талаарх туршлагаасаа хуваалцаж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороотой өмнөх харилцаагаа бататган 2013 онд харилцан ойлголцлын санамж бичиж байгуулснаас хойш сайн туршлага, харилцан ашигтай мэдээлэл солилцох, албан хаагчдынхаа чадавхийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэргээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо нь олон нийтээс мэдээлэл хүлээн авч хянан шийдвэрлэх, тогтолцоог засаж сайжруулах, төрийн албан дахь авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх ашгийг захиргааны хууль бус шийдвэрийг давж заалдах замаар хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага юм.

Categories
мэдээ нийгэм

Ой наман сартай хүүхэд долоон давхраас унаж нас баржээ

Холбоотой Зураг

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах орон сууцны долоон давхраас нэг ой найман сартай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэхүү харамсалтай хэрэг өнөөдөр 10.50 цагт гарсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагий хэлтэст шалгаж байна.

Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд цонх, тагтаа онгорхой орхих, улмаар бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах тохиолдол гарч байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.