Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/41 дүгээр тушаалын дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Шивээ-Овоо ХК”-ийг түшиглэн байгуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. Бэлэн байдлын үзлэгт Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны мэргэжлийн ангийн 43 томилгоот бүрэлдэхүүн, 90 гаруй ажилтан, 10 гаруй техник, хэрэгсэлтэйгээр оролцлоо. Үзлэгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж байна. Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэн, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Х.Болортуяа “Байгаль Опен”-оос мөнгөн медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” олон улсын тэмцээний 68 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украйн, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, гэсэн 13 орны 257 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

“Байгаль Опен” олон улсын тэмцээн энэ сарын 17-19-ны өдрүүдэд Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд Олон улсын эрчим хүчний чуулган болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт үргэлжилнэ.

09.00 цагт “Холидей Инн” зочид буудалд “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” үндэсний чуулган болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд” семинар зохион байгуулна.

11.00 цагт Тариалан эрхлэлтийг дэмжих санд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт болно. Утас: 88087892

11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатар Травэл экспо 2019” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

11.00 цагт ЭМЯ-ны гадна талбайд эцэг, эхчүүд сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар хариуцлага нэхэж жагсана. Утас: 80276161

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Монголын үндэсний уламжлалт зан үйлийн өргөө” ТББ-аас эрчмийг зөв хэрэглэх монгол уламжлалт аргуудыг шинжлэх ухаан баталсан талаар мэдээлнэ.

11.40 цагт “Русский Гимнази” сургуульд Ардын уран зохиолч Т.Галсангийн гэрийн номын сангийн нээлт болно. Утас: 99109085

12.00 цагт Төв цэнгэлдэх хүрэлээнгийн гадна талбайд зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх “Эрүүл, аз жаргалтай ирээдүй” өдөрлөг болно. Утас: 88108410

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БСШУСЯ, ХӨСҮТ-өөс “Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аяны талаар мэдээлнэ.

12.00 цагт Сүхбаатар талбайд “Номын баяр-2019” болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: АН бол хамгийн их хохирч яваа нам

Төр, нийгмийн зүтгэлтэн, АНын дэд дарга Гаваагийн Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Уг харамсалтай хэргийн талаар УИХ-ын гишүүн, АНын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарлаа. Уг хэрэгтэй холбогдуулан АН гурван ажлын хэсэг гаргаж, мэдэгдэл хийсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн баасан гаригийн орой 19 цагийн орчимд цочирдом, харамсалтай үйл явдал боллоо. Би энэ талаар 21 цагийн үед мэдсэн. Тэр өдрийн оройн 22 цагт намын удирдлагуудын ээлжит бус хуралдааныг яаралтай зарлаж, нам дээр цуглаж үүссэн нөхцөл байдлын талаар авч хэлэлцэж, ярилцсан. Тухайн үед эмнэлэг болон цагдаагийн байгууллагуудын хийсэн үзлэг шалгалтын талаарх мэдээллийг бид авахыг оролдсон боловч харамсалтай нь ямар нэг мэдээлэл авах боломжгүй байлаа. Хэргийн газар гэр бүл болон намынх нь хүмүүсийг ерөөсөө нэвтрүүлээгүй. Бидний дам авсан мэдээллийн хүрээнд бол ээдрээтэй, ойлгомжгүй асуудлууд олон байсан. Тиймээс тэр өдрөө хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн ч, ямар нэг мэдээлэл өгөөгүй. Тэгээд бид асуудлыг мэдэгдэл хэлбэрээр шаардлага болгож тавих нь зөв юм аа гэж үзсэн. Маш олон хэрэг эзэн биегүй дарагдаад өнгөрдөг шүү дээ. Тиймээс энэ асуудлын ард бүхэл бүтэн парламентад суудалтай улс төрийн нам байна, мөн энэ асуудлын хариуцлагыг нэхэх олон мянган намын гишүүд байгаа шүү гэдгийг сануулж, мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс маргааш өглөө нь эмгэнэл гаргаж, дараа нь мэдэгдэл хийсэн. Ийм үйл явц болсон.

-Хэрэг гараад гурав, дөрвөн хоног өнгөрлөө. Энэ хугацаанд нөхцөл байдлыг эргэн харахад ямар зүйлс бодогдов?

-Эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр маш хүнд гэмтэл авч, тэр гэмтлийн улмаас нас барсан гэдэг тодорхой болчихлоо. Нэг үгээр сошиал, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллүүд шиг архи ууж согтуурсан, зүрх нь хаагдсан эсвэл хорт хавдартай байсан гэх мэт санаатай, санамсаргүй мэдээллүүд үндэслэлгүй гэдэг нь нотлогдчихлоо. Бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь яагаад ямар ч эх сурвалжгүй, нотлох баримтгүйгээр ийм мэдээллүүд сошиал болон хэвлэлээр явсан нь сонин байгаа.

Хорт хавдартай байсан юм байна, зүрх нь гэнэт хаагдсан юм байна, шатан дээрээс унасан юм байна ч гэх шиг. Тэр битгий хэл надтай архи уусан. Тэгээд манай өрөөгөөр ороод гарсан ч гэнэ үү, ийм ор үндэсгүй мэдээ мэдээллүүдийг яагаад цацах болов оо. Тэгэхээр үүний ард зохион байгуулалттай аллага, халдлага байсан юм биш биз дээ. Олон түмний анхаарлыг сарниулах, өөр зүгт чиглүүлэх зорилготой энэ мэдээллүүдийг цацаад байсан юм биш биз гэсэн хардлага надад төрж байна л даа. Ер нь сошиалаар яваад байгаа энэ мэдээллүүдийн ард байгаа хүн хэргийн эзэн байх магадлалтай. Энэ чиглэлээр хууль хяналтын байгууллагуудтай ажиллах манай хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг гарсан. Гэр бүлийнхэн нь өөрийнх нь өмгөөлөгч нартай хамтраад хуулийн баг ажиллаж байгаа. Бид энэ хэргийн үнэн мөнийг олохын тулд эцсээ хүртэл ажиллана аа. Бидэнд хардах эрх бий. Энэ хэргийн процессыг харахад гадны нөлөөтэй, хүнд гэмтлийн улмаас өндрөөс унаж нас барсан гэдэг нь тогтоогдчихлоо. Хэрвээ халдлага болсон бол тэр гэмт этгээдийг олж, илрүүлэх, хариуцлага тооцох нь хууль цагдаагийн байгууллагын ажил шүү дээ. Төрийн ордон төрийн хамгаалалттай газар. Төрийн хамгаалалт нь Тагнуулын Ерөнхий газрын харьяа байдаг. Нэгдүгээр зэргийн хамгаалалттай, онцгой объект шүү дээ. Ийм объект дотор гадны нөлөөтэйгөөр хүн үхэж байна гээд бод доо. Амьд явах баталгаа хаана байна аа. Төрийн ордондоо төрийн ажилд оролцох гэж орж ирсэн хүн амь насаа алдчихаад байна шүү дээ. Ердийн архи ууж яваад амиа алдчихсан юм шиг ойлгуулах гэж сошиалаар оролдож байна. Гэр бүлийнхэн нь задлан шинжилгээний явцад мэргэжлийн тодорхой эмч нарыг оруулъя гэсэн санал хэлсэн ч хүлээж аваагүй. Бидэнд энэ хэргийг хардах үндэслэлүүд зөндөө байна. Бид хэрвээ шаардаж, хяналт тавихгүй бол манай талийгаачийн хэрэг хэдэн ажлын хэсэг сольж томилоод л С.Зоригийн хэрэгтэй адилхан замхарна. Таван хүнтэй ажлын хэсэг гарсан гэсэн өнөөдөр гурав болчихсон сураг дуулдаж байна. Одоо тэр гурван хүнийг солиод шинэ таван хүн тавина. Ингээд хэд хэдэн ажлын хэсэг солихоор нөгөө хэрэг нь замхардаг байхгүй юу.

-Зарим хүн АН хүний амиар улс төр хийж байна гэж ярьж байна л даа?

-АН улстөржөөд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид хариуцлага нэхэж байгаа юм. Хэрвээ бид мэдэгдэл гаргаагүй байсан бол энэ хэргийн үнэн зөв оношлогоо гарах ч байсан юм уу, бүү мэд. Хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөгөөр худлаа дүгнэлт гараад өнгөрөх байсан ч юм уу. Тэр нөгөө зүрх нь хаагдсан, хавдартай байсан гэдэг үндэслэлээр хаагаад явах ч байсан байж магад. Бид хардаж, шаардаж байж бодит дүгнэлт гарч байгаа байхгүй юу. Хал үзэж, халуун чулуу долооно гэдэг шиг бид нар өмнө нь нэг биш нөхдөө зүй бусаар алдаж, тэрнийхээ эзэн холбогдогчийг одоо хүртэл тогтоож чадаагүй явна. Хамгийн их хохирч яваа нам бол АН. Энэ дээр хамгийн их улс төрийн тоглолт хийж байгаа нам бол өнөөгийн эрх баригчид шүү дээ. Жишээ нь, С.Зоригийн аллагын хэрэг болоод 21 жил болчихлоо. Энэ хугацаанд энэ хэргийн захиалагч нь одоо хүртэл тодроогүй. Гэм буруутай нь тогтоогдоод, гурван шатны шүүхээр ял шийтгэлээ авчихсан хүмүүсийг өнөөдрийн Хууль зүйн салбарыг толгойлж байгаа сайд нь тэвэрч гүйгээд л, эмнэлэгт хэвтүүлж, уучлал гуйгаад л, хоолой ам нь цахиртаад л. Гэнэтхэн хүний эрх зөрчигдөж байсан, эрүүдэн шүүлт явж байсныг мэдсэн юм шиг мэдэгдэл хийгээд л, үнэн худал нь мэдэгдэхгүй кино бүтээгээд, тэрнийгээ их хурлын гишүүд, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд л гайхуулж байгаа юм шиг. Хуулийн байгууллагыг хорь гаруй жил толгойлчихсон хүн ийм хариуцлагагүй юм хийгээд явж байна шүү дээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх эрх Хууль зүйн сайдад байхгүй. Зөв ч бай, буруу ч бай эцсийн эцэст хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг шүүх өөрөө эргүүлж хянаж үзнэ, тогтооно. Шүүхийн шийдвэр эцсийн шийдэр байна гэдэг Үндсэн хуулийн заалттай. Үндсэн хуулиар хамгаалагдсан, баталгаажсан шүүхийн эцсийн шийдвэрийг хэн нэгэн Хууль зүйн сайд Монголд шүүх гэж байгаа юм уу, үгүй юм уу, шүүхийн шийдвэр худлаа ч гэх мэтээр цээжээ дэлдэж, улстөржиж болохгүй. Тэгэх юм бол хэн дуртай улстөрч нь улс төр хийгээд л хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг үгүйсгээд явж болох нь байна шүү дээ. Гэтэл тэрийг хянаж, шалгадаг өчнөөн хуулийн зохицуулалтууд байж байна. Тэрний дагуу явахгүй яасан юм. Тэрийг нэг хүн юм уу, арван хүн шалгачихаагүй шүү дээ. Шүүх цагдаа, удаа дараагийн ажлын хэсгүүд гээд хэрвээ зохиомлоор байсан юм бол тэр олон хүмүүс дотор илчлээд явах хүмүүс гарч л таараа. Одоо хүртэл нэг ч хүн гараагүй л байгаа биз дээ. Яг хэргийн захиалагчийг илрүүлэх торгон мөчид дандаа ажлын хэсгийг тараадаг, бусниулдаг хүн бол Ц.Нямдорж сайд шүү дээ. Яг энэ асуудал дээр яагаад ингээд байдаг тайлбараа үнэхээр шударга үнэний тууль юм бол Ц.Нямдорж сайд өгөх ёстой. Ер нь Ц.Нямдорж сайдтай холбоотой маш олон асуудлууд байна. Улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой Хятадын тагнуул гээд л. Үүнийг удаа дараагийн тагнуулын дарга нар нотоллоо. Одоо хүртэл энэ хүн дээр арга хэмжээ авч байгаа юм ер байдаггүй. Нэг хүн л ингээд Монголын төрөөр самраад явж байна. Хууль зүйн сайд болох болгондоо С.Зоригийн хэргийн аллагыг илрүүлэх гэж ажиллаж байсан ажлын хэсгийг тараана. Нийтдээ дөрвөн ажлын хэсгийг тараасан байдаг. Эцэст нь шүүх хуулийн байгууллагын шийдвэрийг үгүйсгэж, цээжээ дэлдэж өмнүүр нь орж гүйгээд л. Хүний эрх ярихаараа л Төв аймгийн мөрдөн ярьдаг. Таван алуурчин ярьдаг. Тэрийг л хүний эрх гэж ойлгоод байдаг. Ингэж болохгүй шүү дээ. Өнөөдөр Монголд эрүүдэн шүүлт, хүчирхийлэл үнэхээр газар авчихсан. Үнэнийг нь хэлсний төлөө намайг доромжилсон. Өнөөдөр Монголд эрүүдэн шүүлт ердийн үзэгдэл болчихоод байгаа. Эх орноо батлан хамгаалахаар цэрэгт явсан хүүхэд хоёр хөлөө хөлдөөгөөд, хөлийнхөө арван хурууг тайруулчихаад 100 хувь хөдөлмөрийн чадваргүй гэртээ хэвтэж байна. Энэ эрүүдэн шүүлт мөн биз дээ. Тэр хүүхэд гэмт хэрэгтэн биш шүү дээ. Гэтэл гэмт хэрэгтнүүдийг нь тэвэрч гүйгээд л эмнэлэгт хэвтүүлээд, уучлалт гуйгаад л гүйгээд байх юм.Эх орныхоо торгон хилийг манах гэж очсон хүүхдээс Батлан хамгаалахын сайд нь, Хууль зүйн сайд нь яагаад очиж уучлал гуйхгүй байгаа юм. Өнөөдөр хүчирхийлэлд өртөж байгаа охид эмэгтэйчүүдээс яагаад уучлал гуйхгүй байгаа юм. Ц.Нямдорж сайдын шууд харьяанд байдаг цагдаагийн байгууллагын хоёр цагдаа Увс аймагт ичгүүртэйгээр бага насны хоёр хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Одоо дуулиан болоод л явж байна. Увсын цагдаагийн дарга нь хэнэг ч үгүй “Сарын өмнө болсон асуудлыг юун сүртэй юм. Яагаад дахин дахин гаргаж тавиад байгаа юм” гэсэн байна лээ. Юу гэсэн үг юм. Сарын өмнө болсон бол хамаагүй байдаг юм уу, 10 жилийн өмнө болсон байсан ч хэрэг бол хэрэг л байхгүй юу. Цагдаагийн байгууллагын удирдлагуудын ёс зүй энд харагдаж байна л даа. Хүчингийн хэрэг гэдэг энгийн хэрэг болчихоо юу. Хүчирхийлэгчдийг хамгаалсан, өөгшүүлсэн ийм төр байгаа цагт энэ нийгэмд хүчирхийлэл ерөөсөө буурахгүй ээ. Улам л гаарна.

-Саяхан УИХ-аар Хүний эрхийн үндэсний комиссын тайлан, илтгэлийг гишүүд сонссон биз дээ?

-Бараг л гоё сайхан тайлан гэх шахуу л хэлэлцээд өнгөрлөө шүү дээ. Би тэр тайланг нойл гэж харж байгаа. Тэр дотроо хүний эрхийн асуудлыг онцгой авч үздэг, хамгаалдаг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг нойл гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ олон арван эрхээ зөрчүүлж байгаа хүмүүсийн асуудлыг эрх зүйн хэмжээнд нь хэн ч хангаж чадахгүй байна.

-УИХ-ын 42 дугаар тойрогт эрх баригчид Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх замаар нөхөн сонгууль явуулахгүй байхыг оролдож байна гэж танай нам үзэж буй юм билээ?

-Судлаач Д.Ганхуяг гэгч хүний өргөдлөөр Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн. Д.Гантулга өөрөө хуулийн дагуу өргөдлөө өгөөд огцорсон. УИХ хууль дүрмийн дагуу тогтоол шийдвэрээ гаргаад явсан. Д.Ганхуяг гэдэг хүний өргөдөл дээр “үндэслэл шалтгаанаа дурдаагүй” гэж байгаа. Гэтэл тэр хувь хүн үндэслэл шалтгаанаа дурдах албагүй. Олон нийтэд дэлгэмээргүй эрүүл мэндийн шалтгаантай байж болно. Жишээлбэл, ДОХ өвчтэй байя гэхэд үүнийг зарламааргүй байж болно шүү дээ. Тэгээд ч Д.Гантулга хүчингийн хэрэг хийсний улмаас гэж өргөдөл дээрээ бичвэл ямар байх уу. Тэр хэрэг нь тогтоогдоогүй байна. 76 гишүүн бэлгэ дэмбэрлээ бодсон ч гэсэн хүчингийн хэрэг хэлэлцээд сууж байх уу.

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх зүйл явж байна. Үүнийг сөрөг хүчний хувь юу гэж бодож байна?

-Засгийн газрын сайдууд ам.долларын авлига авсан гэх мэдээлэл байна. Гэтэл шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй гээд байсан Ерөнхий сайд таг. Засгийн газар тайлангаа тавих цаг болсон. Сангийн сайд бол Монголын тэргүүн худалч хүн болсон. Эдийн засаг өссөн, амьдрал сайжирсан гээд байгаа. Гэтэл 2016 онтой харьцуулахад нийт бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөн байна. Тиймээс МАН-ын эрх баригчид худлаа шоудаж, популизм хийхээ боль. Ардчилсан нам эрх баригчдын шударга бустай тэмцэнэ. Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Өнөөдөр Ардчилсан нам ард түмнийхээ өмнөөс дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй юм байна. Авлигад идэгдэж, олон удаа хариуцлагаа алдсан Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Цэрэнпилийн Балхаажав: Төрийн хүний хэлсэн үг, хийж байгаа ажил нь ноён нуруутай байх ёстой

Түрүүч нь 097(6198) дугаарт


1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуайн ярианы үргэлжлэлийг хүргэж байна. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор эл эрхэм монгол тооллоор өдгөө 92 насны сүүдэр зэрэгцэж байгаа. Өмнө нь сонин хэвлэлд хүн судлал, философийн тухай гээд ихэвчлэн эрдмийн ажил судалгааны бүтээлийнхээ талаар ярьсан байдаг. Харин энэ удаад нам төрд зүтгэсэн он жилүүдийнхээ тухай цухас цухасхан дурдсан юм. Тухайлбал, өмнөх хөөрөлдөөнд тэрээр Цэдэнбал даргын дэргэд ажиллаж байснаа, наян найман онд Москвад Бал даргатай хамгийн сүүлд уулзсанаа дурссан. Мөн ерэн оны цагаан морин жилийн гуравдугаар сард Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход “Би лав хувьдаа “огцорно” гэдэг үгийг хэрэглэхгүй шүү, бусад нь хэлдэг юм байгаа биз” гэсэн хатуу байр суурьтай байснаа ч хэлсэн юм. Ингээд Балхаажав гуайн ярианы үргэлжлэлийг хүлээн авна уу.


-Жамбын Батмөнх гуай хамт ажиллахад ямар хүн байсан бэ. Та хоёр бол олон жил мөр мөрөө түшиж монгол төрийн төлөө зүтгэсэн хүмүүс?

-Батмөнх бид хоёр намын дээд сургуульд хамт багшилж байсан. Тэнд танилцсан, нэг үеийн хоёр яалт ч үгүй мөн л дөө. Батмөнх надаас хоёр насаар ах шиг санагдана. Мэдлэгтэй, чадалтай даруухан, их ажилсаг хүн. Ажлыг бол хийж чаддаг хүн байсан. Бид хоёр Төв хорооны нэг хэлтэст нэг дор хамт нэг жил болсон юм. Батмөнх Их сургуулийн захирал байж байгаад 1974 онд байна уу даа, Төв хороонд ирсэн. Төв хорооны шинжлэх ухаан боловсролын хэлтсийн эрхлэгчээр ажилллаж байсан. “Батмөнхийг авчирбал яасан юм бэ” гэх саналыг би гаргаж байсан. Тэгэхэд би өөрөө адилхан хэлтсийн эрхлэгч байсан л даа. Нэг дор хамт ажиллахад сайхан юм даа гэж бодохгүй юу. Төв хороонд ирээд удалгүй Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болсон. Тэгээд дараахан нь Ерөнхий сайд болоод надад гүйцэгдэхээ байсан. Төрийн ажилд нь би хутгалдаж оролцдоггүй, үндсэндээ хол хөндий байсан. Намайг дуудаж уулзаад ажил төрөл яриад энээ тэрээ болоод байхгүй. Гэхдээ найзууд юм хойно хааяа уулзаж ярилцалгүй яахав. Харин Батмөнх дарга намайг Намын Төв хорооны нарийн бичгийн дарга болгоё гэдэг саналыг тавьсан юм билээ. Би ч энэ хүнд тусалж, дэмжиж ойр байх нь зөв гэж бодсон. Бид хоёр хөдөө гадаа хамт явж л байсан. Хааяа тамхиа татаж, дэмий ярих гээд манай өрөөгөөр ороод ирнэ. Нэг үеийн багш нар хойно нэгнээсээ цэрвээд байлгүй дэмий юм ярина. Тэгээд би “За одоо намайг тамхиар утаж болсон бол та явна уу” гэхээр инээд алдаад гараад явдаг сан. Батмөнх дарга ямар тамхи татдаг байв, та хоёр элдэв шалдав юу ярьдаг байв гэж хүмүүс сонирхож байдаг. Би хүний тамхи, архи хоёрыг үнэндээ мэдэхгүй хүн. Тэр хоёрыг огтоос хэрэглэж байгаагүй болохоор тоодоггүй.

-Бал даргын тухай өмнөх ярилцлагадаа хоёулаа ярьсан. Гэхдээ би нэг зүйлийг сонирхох гэсэн юм. Цэдэнбалыг солих нь зөв гэсэн Хрущёвын бодлогыг та юу гэж үздэг вэ?

-Хрущёв Цэдэнбал дарга хоёр хоорондоо тийм ч таарамжтай байгаагүй. Нэг нь нэг хүнийг шүтэж бишрэх асуудлаар их хөөцөлдчихсөн байсан. Нөгөө дэх нь нэг хүний тахин шүтэх асуудалтай өөрөө нэр холбогдоод байсан үе. Цэ дарга Хрущёвын бодлогыг тэр энэ гэж сайшаадаггүй байсан нь үнэн чанартаа тийм учиртай юм билээ. “Сталины хөшөөг авч хая, Чойбалсанг буруутга” гэж Хрущёв шууд тушаах маягаар хэлдэг байж. Түүний хариуд Цэдэнбал дарга тусгаар тогтносон улсыг удирдаж байгаа намын байр сууринаас хатуу хандсан байдаг. “Чойбалсангаа бид хэзээ ч муулахгүй, тэр хүний Монгол Улсын тусгаар тогтнолд баримталж байсан ардач байр суурь их зөв байсан” гэж Бал дарга үздэг байсан. “Сталин бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах байтугай олж авахад гол байр суурь баримталж байсан. Тиймээс Сталиныг монголчууд бид үзэн ядах боломжгүй, хөшөөг нь буулгахгүй” гэж Хрущёвын өөдөөс хэлж байжээ. Үндсэндээ олон удаагийн үүрэг даалгаварыг нь хүлээж аваагүй юм билээ. Цэдэнбал дарга тусгаар улсын эзэн гэдгээ тэгж харуулж чадаж байсан.

-Та түрүүн яриандаа Горбачёвын тухай дурсаад авна лээ. Гэхдээ би энэ тухай ярихгүй гэж байсан. Та Горбачёвтай олон уулзаж байв уу?

-Горбачёвыг Ставропольскийн хязгаарын хамтралын намын үүрийн дарга байхад нь уулзаж байсан. Тэр чинь жараад оны дунд үе. Тэгэхэд маш эрүүл саруул ухаантай, Сибирээс ирж тэнд суурьшсан сүрхий хүн байсан. Сүүлдээ чухам хэн болсныг би мэдэхгүй юм даа.

-Танаас олон л хүний тухай асуумаар санагдах юм. Ухаандаа, 1972-1987 оны хооронд Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, ерэн он хүртэл Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан Түмэнбаярын Рагчаа гуайг асуулгүй өнгөрч боломгүй. Саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан монгол төрийн зүтгэлтэн?

-Рагчаа гуай дайчин шуурхай хүн. Юмыг их хатуу хуваарилна. Харин ажлын үр дүнг нь сонсоод үнэлэх чадвар сайтай. Хүнийг загнаж л байна, буулт нь зөөлөн. Үндсэндээ хүний анхаарлыг татах гэж их айхавтар үүрэг даалгавар өгнө. Тэгээд түүндээ сэтгэл нь ханадаг байсан. Гэхдээ хэнд ямар үүрэг өгснөө мартдаггүй, заавал шалгадаг тийм хүн. Сайд нарын зөвлөлийн хүн учир дээгүүр л хоорондоо ярьж байсан байх. Мань мэтийн жулдрайнуудыг тэр бүр анхаараад, яриад байсан нь юу л бол.

-Таны туулсан зам мөр, эзэмшсэн боловсролыг хараад “Монгол төрийн зүтгэлтэн гэж ийм л хүн байдаг байх” гэсэн бодол төрдөг юм. Ерээд оноос хойших төрийн үйл явцыг та хэрхэн харж байна. Боловсролтой гэдэг юм уу, төрийн тулхтай хүмүүс гэвэл хэн байсан бол?

-Жасрай эхлээд зовлонтой байх үед нь өөд татах гэж оролдсон. Гэхдээ өөрөө яагаа ч үгүй явчихлаа. Түүнээс хойш тухтай тулхтай ямар хүн удирдаж байна гэх миний сонирхол буурсан, тэдний зүгээс ч бидний санаа бодлыг сонсч, уулзаж барьж, яавал дээр вэ гэж асууж сурдаг хүн байхаа больсон. Чимээ алдарсан гэж дээр хэлсэн нь тийм учиртай.

-Ингэхэд Монголоос орос цэргүүдийг гаргах ажлыг гүйцэтгэсэн хүний нэг та. Тухайн үед хэцүү байв уу. Ер нь цэрэг гаргадгийн цаад нарийн учир нь юу байсан юм бэ?

-Би 1989 онд Дорнодод очиж орос цэрэг гаргах ажлыг тэндэхийн цэргийн дарга нартай нь уулзаж барьж зохион байгуулсан. Орос цэргүүдэд “Та бүхэн үүргээ гүйцэтгэсэн. Одоо ингээд ийм зүг чиг гарч ирлээ, та нарыг бид хэзээ ч мартахгүй, Монгол Оросын харилцаа бол мөнхийн харилцаа” гэж хэлээд албан ёсоор үдсэн. Надад аль болохоор сайхан гаргаарай гэж захьсан л даа. Улаанбаатарынхыг бас өөр хүмүүс хариуцаж гаргасан. Дундговьд бас их олон цэрэг байлаа шүү дээ. Хятад Монголын харилцаа тэр үед сайн биш байлаа. Хятад Монголын харилцаа 1949 оноос хойш жигдрээд ирсэн. Ийм үед Оросын цэрэг Монголын хил дээр байгаад байна гэдэг Хятад Монголын харилцаанд нөлөөлж болох байсан байх. Тэгээд ч Орос орон цэргээ татаж авъя гэсэн бодлого барьж манай төр засагтай ярьсан байх. Зүй зохистой гаргалт байснаас хөөж гаргах юм уу, үзэн ядаж гаргах тийм зүйл болоогүйг хэлэх хэрэгтэй. Нийгэм цаг үеийн шаардлага л байсан. Зөвхөн манайхаас гарсан юм биш. Германд гэхэд асар хүчирхэгжсэн Оросын цэрэг байрлаж байсан.

-Лоохууз, Сурмаажавын хэрэг гээд бүгд мэднэ. Тэдэнтэй та хэр ойр байв?

-Лоохууз чинь тавиад онд сангийн аж ахуйн удирдах газрын дарга байсан. Тэр үеэс эхлээд мэднэ. Төв хороонд лектор байсныг нь мөн мэднэ. Хойно хөдөө аж ахуйн академид суралцаж байсан үеийг нь ч мэднэ. Тэр үед Жүгдэр гэж философийн эрдэмтэн хойно сурч байхдаа хөлөө хугалчихсан хэвтэж байв. Лоохууз бас хойно академид байсан. Тухайн үед Лоохууз өөр санаа бодолтой хүмүүсийг цуглуулж байсан шиг санагдана. Жүгдэрийг ч тэр, намайг ч тэр түүндээ оролцуулах гээд л. “Бид тэгж чадахгүй ээ. Байр суурь өөрчлөгдөх зүйл байхгүй, та нар хоорондоо юу гэж ярилцдаг юм байгаа, тэр шугамаараа л яв” гэж саналаа хэлж байсан. 1963 онд билүү, өвөл би гэртээ ирээд Тэрэлжид хэд хоног амарсан юм. Тэгэхэд Лоохууз бид хоёр бас тааралдсан л даа. Лоохуузыг дагаад би ууланд явж байв. “Чи анд дуртай юу” гэж надаас асуув. Би ан ав гэж мэдэхгүй, ялаа, шумуул, шалз, жоом л устгаж чадаж магадгүй гэдгээ хэлсэн. Манай хүн чоно тааралдвал хоёулаа буудна шүү, чи ч ан авд хань болохоор нөхөр биш юм гээд инээж байсан. Лоохууз тийм ч буурь суурьгүй амьтан биш шүү дээ. Тохитой, юмыг олон талаас нь боддог, хурц ухаантай хүн. Юмыг сайжруулъя гэж бодсоноос тэр үед муутгая гэж хэн ч бодоогүй байх. Тухайн үед Жалан-Аажав гуай Улс төрийн товчооны нарийн бичгийн даргаар ирээд байсан үе. Би жаран дөрвөн онд намын түүхээ судлаад цаасаа ухаад сууж байгаа. Лоохууз нарын яриа хөөрөө Төв хороогоор дуулдаж байснаас намын түүхийн институтит гүнзгий орж ирээд дуулдахгүй нь лав. Би жаран таван онд намын түүхийн долдугаар бүлэг гэдгийг нь хариуцаж бичээд Нямын Жагварал даргад дуусгаад өгсөн. “Намын товч түүх” номонд миний тэр бүлэг орсон. 1945 оноос хойших намын түүх л дээ.

-Та бол баялаг номын сантай хүн байж таараа. Таны номын сан тэр чигээрээ Монголын нам төрийн түүх байх нь мэдээж дээ?

-Ном байна аа байна. Нийгмийн ухааны академийн Наранбаяртай ярьчихаад байгаа. “Миний номыг та нар ав” гэсэн. Надад тав гурван юм өгнө л гэж байна лээ. Зүгээр авахгүй худалдаж авна гэдгээ хэлсэн нь тэр. Өгдөг юм байгаа биз. Гол нь миний өөрийн олж хадгалсан жинхэнэ ориг ботиуд, мөн гар бичмэлүүд гээд үнэ цэнтэй ном бүтээлүүд бий. Тийм болохоор хадгалаад, далд хийгээд орхичих хүнд өгмөөргүй байгаа. Яваандаа хэрэгтэй юм байвал хэвлүүлэх барих, залуучууд ашиглах тийм л үүднээс өгнө гэж яриад байгаа.

-Та ерэн оноос хойш улс төрд оролгүй гэртээ суусан. Харин энэ хугацаанд судалгааны гол бүтээлүүдээ хийлээ, шинжлэх ухааны докторын зэргээ ч хамгааллаа?

-Зав чөлөөтэй болчихгүй юу. Өөрөө өөрийгөө мэднэ гэдэг чинь их юм байхгүй юу. Бусдад захирагдах хэцүү. Би бол хориод боть, гуч дөчөөд товхимол, эрдэм шинжилгээний өгүүллэгээд гэвэл 140-өөд, бусад сонин хэвлэлд бичсэн барьсан юм гэвэл тоо гаргах амаргүй. Би чинь хувийн дэг гэж айхтар юманд захирагдаж явдаг хүн. Нэгдүгээрт эрт босох.Өглөөний 4, 5 гээд сэрчихдэг. Сэрсэн хэрнээ хий дэмий хэвтээд байдаггүй. Юухан хээхэн хийгээд, бичиг цаастайгаа зууралдана. Дараагийн зүйл бол юмыг заавал бодох. Бод гэдэг даалгавар бол миний ээжийн даалгавар, гэр бүлийн даалгавар, мөн төрийн ажлын даалгавар байсан. Хонинд явсан ч хаагуур хариулах уу, яах уу ийх үү гэж боддог байсан. Урьдаар сайн бодож байж шийдээ гаргадаг. Шийд гарсны дараа бол буруу зөв нь хамаагүй, түүгээрээ л явна. Гурав дахь нь буруу юмнаас зайдуу байж цээрлэж, жигшсэн бол түүнээ зайлшгүй хадгал гэсэн зарчим. Архи, тамхи, элдэв бусын хараал хэрүүл, хүнтэй муудалцах гээд тэр бүгдийг би дэмий гэж үздэг. Мөн их идэж болохгүй. Энэ нь цадтал идээд залуурч болохгүй гэдэг ойлголт биш. Ерөөсөө ходоод гэдсээ мөнхөд өлмөн зэлмэн байлгах гэдэг утга. За тэгээд маш их явган явах хэрэгтэй гэж үзнэ. Чи бол хонь хариулж явган явж сурсан хүн, энэ хөдөлгөөнийг хэзээд ч алдаж болохгүй гэдэг шийдлийг хэвшил болгосон. Би өглөө оройдоо байшингаа явган тойрдог. Таягтай таяггүй хамаагүй явна.

-Төв хорооны нарийн бичгийн дарга байхдаа төрийн ордон руу үргэлж алхдаг байсан биз?

-Өглөө, орой ажил руугаа алхчихна. Төв хороонд байхад над шиг өглөө эрт ирж цагаа бүртгүүлдэг, надаас орой харьдаг хүн бараг байгаагүй. Үзэл суртлын хэлтэс гэдэг чинь тоймгүй их ажилтай. Шөнийн арванхоёр, нэгээс нааш ажил дуусахгүй. Тэгээд унаа цуцаа гээд байхгүй. Гараад л алхчихна. Айдас хүйдэс бага байж дээ. Тэр байтугай нэг өдөр талбай дээгүүр алхаж байтал чоно гүйж явсан. Одоогийн дуурийн театрын тэндээс нэг юм гүйгээд хөшөөний урдуур гараад Дотоод яамны тийшээ явчихлаа. Нохой юм уу гээд хараад байтал чоно мөөн. Сургуулилтай чоно биш хотод орж ирээд өөрөө төөрчихсөн явсан чоно байсан юм билээ. Өглөө эрт ажилдаа ирж бараг шөнө орой гэр лүүгээ явдаг учир замд хүмүүс таараад уулзаж хоргоогоод байх нь гайгүй байсан.Миний дэгэнд бас ажилсаг бай гэдэг зүйл бий. Үнэндээ би зүгээр сууж чаддаггүй. “Чи юм бүтээсэн байж болно, гэхдээхоосон маяг үзүүлсэн байдалтай битгий яв” гэж өөртөө хэлдэг. Үүнийгээ ижий аавын захиас, өөрийн барих чиг шугам гэж боддог.

-Хэзээ билээ дээ, төмөр замын Раш гуайтай ярьж суухад тантай уулздагаа хэлж байсан. Ер нь тантай уулздаг хүмүүс гэвэл хэн байна?

-Раштай би хэзээний танил. Төмөр замыг хөл дээр нь босгосон хүн. Уулздаг хүн гэвэл Лантуу байна. Амралтад ч хааяа таарч байх юм. Илэн далангүй найрсаг, сайхан хүн. Бид хоёр утсаар байнга ярьдаг. Ерөнхий сайд байсан Думаагийн Содном байна. Би сайн танина. Цагаан Молом гэж ярьдаг Цэндийн Молом байна. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан хүн. Ерөнхий сайд байсан Гунгаадорж байна. Дорноговийн манай Жагварал гуайн нутгийн хүн. Адьяа бид бол байнгын харилцаатай.

-Буурал Очирбат гуайтай уулздаг уу, тэр хүн нэг л чимээгүй байх, уул нь юм ярих хүн дээ?

-Ярихаар барах уу, маш их юм мэдэж байгаа хүн. Толгойтой ч хүн. Намыг удирдаж байлаа, үйлдвэрчний байгууллагыг ч удирдаж байлаа. Ерөнхийлөгч байсан П.Очирбаттай бас ойр. Гэр бүлийг нь би танина.

-Улс орныг ямар хүн удирдах ёстой юм бэ. Төрийн хүний ноён нуруу гэдгийг та юу гэж ойлгодог бол?

-Шууд хэлэхэд өөрөө юм мэддэг байх ёстой. Өөрөө маш өндөр боловсролтой юм мэддэг байж хүнийг удирдана. Юм мэдэхгүй, хуучин мэдлэгт дулдуйдсан, аманд байгаа зүйлээрээ хүнийг удирдаж болохгүй. Өөрөө маш их ажилсаг байж бусдад үлгэр дуурайл үзүүлнэ. Төрийн хүний хэлсэн үг хийж байгаа ажил нь ноён нуруутай байх ёстой. Хүн чанарыг бүрэн хадгалж чадсан байх ёстой. Хэлсэн үг, хийсэн зүйлдээ эзэн байх ёстой. Тэр зүйл нь улс орны хөгжилд нэмэр болох тухай яригдахаас биш хувь хүний өөрийнх нь юм болж үнэлэгдэх ёсгүй.

-Таны үед хувийн шунал, хувийн амбиц гэж байсан уу. Би шинэ хүүхэд учир сайн мэдэхгүй юм. Одоо бол төр барьж байгаа хүмүүсийн шунал, амбиц нь хэрээс хэтрээд байх шиг?

-Түүнийг мэдэхгүй байна. Би хувьдаа бичгийн нэг хар машинтай байсан. Улсынх байсан учир эргүүлээд тушаасан. Долоон төгрөг хэдэн мөнгөний ч билээ харилцааны тэмдэглэлийн зүйлээ бас тушаасан. Тэгж байж тойрох хуудасны тухай ярина. Унах машингүй, одоо ч унах машингүй. Зуслан гэдэг юманд байргүй. Хадгаламж гэдэг юм байхгүй. Оффшор гэж байхгүй. Дээр нь илүү орон сууц элдэв шалдав юм байхгүй. Ийм л янзаар халагдсан ч гэх үү, хөөгдсөнч гэх үү. Ингэхэд өнөө 07 га газраа хүртэл төрөөс олж авч чадаагүй. Ар гүнтэд нэг газар өгнө л гэж дуулдсан. Өнөөг хүртэл чимээгүй байна. Би ч хөөцөлдөж энээ тэрээ болохгүй юм, манай хүүхдүүд ч тийм зүйлд сонирхол муутай намайг дуурайсан хүмүүс юм. Иймэрхүү л байдлаар биеэ авч яваа арчаагүй ч гэж болохоор хүн байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Н.Дайвий-Од: Математик хүнийг цэгцтэй, зөв сэтгэдэг болгодог юм


Өнөө жил 55 дахь удаагаа зохиогдож байгаа Монголын математикийн олимпиад нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Шинэ үе” сургууль дээр саяхан болж өнгөрсөн. Энэ талаар тус сургуулийн математикийн тэнхимийн эрхлэгч Намчимын Дайвий-Одтой ярилцсан юм.


-Монголын математикийн олимпиад “Шинэ үе” сургууль дээр боллоо. Энэ удаагийн олимпиадын онцлог юу байв?

-Монголын математикийн олимпиадын хорооны гүйцэтгэх захирлаар МУИС-ийн математикийн тэнхимийн багш доктор Г.Баярмагнай ажилладаг. Их, дээд сургуулиудын эрдэмтэн математикчдаас бүрдсэн энэ байгууллага 55 дугаар олимпиадыг олон улсын олимпиадын жишигт оройтуулах тал дээр хэд хэдэн шинэ ажил санаачиллаа. Тухайлбал, олимпиад гурван ангиллаар зохион байгуулагдсан ба оролцогчдын бодолтыг нийтэд ил тод болгон, засалтын үр дүнг багууд албан ёсоор хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажууллаа. Мөн хотын дүүргүүдийг аль болох жигд хамруулахын тулд дүүрэг бүр баг бүрдүүлж оролцлоо. Нөгөө талаас 55 дугаар олимпиадыг хамтран зохион байгуулагчаар Ерөнхий боловсролын “Шинэ үе” сургууль ажилласан юм. Тус сургуулийн захирал Монгол Улсын ардын багш Ү.Маам математикийн багш мэргэжилтэй хүн. Тэрээр энэ удаагийн олимпиадын үеэр Монголын математикийн олимпиадад олон жил хүчин зүтгэсэн ахмадууд, дунд үеийнхэн, мөн залуу математикчдад хүндэтгэл үзүүллээ. Бид энэ удаагийн олимпиадыг зохион байгуулах эрхээ 2018 онд Дорноговь аймагт болсон 54 дүгээр олимпиадын хаалтын ажиллагаан дээр хүлээн авсан. Энэ үеэс эхлэн олимпиаддаа бэлтгэх ажил сургууль даяар өрнөсөн юм. Бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн математикийн тэнхимээс хийсэн ажлын нэг нь Монголын математикийн олимпиадын түүхийг сайтар судлан сурвалжилж, олон нийтэд сурталчлах ажил байлаа. Бидний олж мэдсэнээр Монгол Улсад анх удаа 1960 онд дунд сургуулийн сурагчдын дунд математикийн олимпиад зохиож байсан түүхтэй юм билээ. Энэ уралдааныг тухайн үед Боловсролын яамны сайдаар ажиллаж байсан Д.Ишцэрэн, манай нэрт математикч агсан Л.Шагдар нар санаачилсан байдаг. Сонирхолтой нь энэ хоёр эрхэм МУИС-ийн физик математикийн анхны ангийг хамт төгссөн андууд. Харин албан ёсны Монголын математикийн олимпиад 1965 оноос эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 55 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна.

-Мэдээж жил ирэх тутам өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг байх?

-Анхны жилүүдэд Монголын математикийн олимпиад зөвхөн төгсөх ангийн буюу тухайн үеийнхээр 10-р ангийн сурагчдын дунд зохиогддог байсан. Улмаар 1989 оноос 9 дүгээр ангийн сурагчдыг, 1990 оноос дунд ангийн математикийн багш нарыг, 1991 оноос 8 дугаар ангийн сурагчдыг, 1992 оноос бага ангийн багш нарыг оролцуулж эхэлсэн. Ингээд өмнөх олимпиадыг хүртэл сурагчдын гурван, багш нарын хоёр ангилалтайгаар явагдаж ирсэн. Энэ удаа “Сурагчдын дунд ангилал” буюу 9-10 дугаар анги, “Сурагчдын ахлах ангилал” буюу 11-12 дугаар анги, “Математикийн багш нар” гэсэн гурван ангилалтайгаар явагдлаа. Ингэж өөрчлөх болсон шалтгаан юу вэ гэвэл, Монголын математикийн олимпиадаас шалгарсан сурагчдаас бүрдсэн Монгол Улсын баг олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцдог. Гэтэл олон улсын олимпиадад улс орноо төлөөлсөн зургаан сурагч ангилалгүйгээр өрсөлддөг. Багш нарын ангилал гэж бүр байхгүй.

-Монгол Улс олон улсын олимпиадад хэдийнээс эхлэн оролцож байна вэ?

-1964 оноос. Дараа жилээс нь дээр өгүүлсэнчлэн улсынхаа математикийн олимпиадыг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн гэсэн үг. Олон улсын математикийн анхдугаар олимпиад 1959 онд Румын улсад зохиогдсон. Манай улс олон улсын 6 дугаар олимпиадаас эхлэн оролцсон байна. Одоогийн байдлаар 47 удаа олипиадад оролцож хоёр алт, 23 мөнгө, 65 хүрэл медаль, 52 тусгай байрын шагнал хүртээд байгаа. 1964 онд анх удаагаа оролцоод нэг сурагч хүрэл медаль хүртсэн байдаг. Олон улсын олимпиадаас авсан анхны медалийн эзэн нь Ц.Мижиддорж байсан нь анхдагчдын өлгий Булган аймгийн харьяат байсан бас нэг сонин түүх бий. Анхны олимпиадад долоон орон оролцсон байдаг бол өнгөрсөн жилийн олимпиадад 107 орон оролцсон байгаа. Олон улсын математкийн олимпиадаас гадна улс орнуудын хооронд зохиогддог 20 гаруй олимпиад байдаг. Ер нь дэлхийн хамгийн анхны математикийн олимпиад 1894 онд Унгар улсад зохиогдсон гэж үздэг. Тухайн үед Унгарын физик математикийн нийгэмлэгийн тэргүүн байсан Лоран Этвёш хэмээх эрдэмтэн гимнази төгссөн сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулах санаачилга гарган, засгийн газар, парламентаасаа дэмжлэг авсан ажээ. Улмаар энэ олимпиад дэлхийн нэг, хоёр дугаар дайны жилүүдэд тус бүр гурав, гурван удаа, 1956 онд нэг удаа тасарсныг эс тооцвол өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулагдсаар байна. Одоо энэ олимпиад “Курчак-Этвёшийн нэрэмжит Унгарын нээлттэй тэмцээн” нэрээр зохион байгуулагдаж байна. Унгарчуудыг Европ дах монгол угсаа гаралтай үндэстэн гэж үздэгийг тооцвол энэ сонирхолтой түүх байгаа биз.

-Тийм байна. Олон улсын математикийн олимпиадад багш нарын ангилал байдаггүй гэж сонслоо. Гэтэл Монголын математикийн олимпиадад энэ ангилал байдаг нь ямар учиртай билээ?

-1990 оноос эхлэн Монголын математикийн олимпиадын хороо, тэр үед уул байгууллагыг тэргүүлж байсан ахмад математикч доктор Ц.Дашдоржийн санаачилгаар математикийн багш нарын дунд олимпиад зохион байгуулж эхэлсэн байдаг. Дашрамд дурдахад Монгол нь багш нарынхаа дунд олимпиад зохион явуулдаг бараг л цорын ганц орон байх аа. Ер нь бол бусад улс орнуудад эрдэмтэн, багш, судлаач, оюутнууд чөлөөтэй оролцдог нээлттэй ангилал л гэж байдаг. Ийнхүү матемтикийн багш нар шат шатны олимпиадуудад оролцон шалгарч, улсын аварга багшаа тодруулдаг болсноос хойш 31 жил болжээ. Энэ шийдвэр Монголын математикийн багш нар мэрэгжлийн хувьд өсөж хөгжихөд, улмаар математик сургалтын чанар ахиж дэвшихэд мэдэгдэхүйц нөлөөлсөн чухал арга хэмжээ болсон. Ийм ач холбогдол байгаа учраас энэ ангиллыг цаашид ч байлгахаар олимпиадын хороо шийдвэрлээд байгаа. Энэ хугацаанд улсын 14 аварга багш тодорсон.

-Таныг бас математикийн олимпиадын дархан аварга багш гэж хэлэлцдэг?

-Албан ёсны нэр биш л дээ. Гэхдээ манайхан гурваас дээш түрүүлсэн аваргадаа ийм нэр өгөөд заншсан юм билээ. Дээр өгүүлсэн 31 удаагийн олимпиадад хоёр багш тус бүр тав, хоёр багш тус бүр дөрөв, гурван багш тус бүр хоёр, долоон багш тус бүр нэг удаа түрүүлсэн байна. Тэгэхлээр дөрвөн дархан аварга, гурван даян аваргатай гэсэн үг. 55 дугаар олимпиадын үеэр эдгээр аваргууддад Шинэ үе сургууль хүндэтгэл үзүүлэн, хүлээн авсанд аваргууд талархалтай байгаа.

-За одоо саяхан болж өнгөрсөн олимпиадынхаа тухай ярилцах уу. Олимпиадын дүнгийн талаар тодруулна уу?

Би товчхон хэдэн статистик л хэлье. Энэ удаагийн олимпиадад аймаг дүүргийн 29 баг, 184 сурагч, 60 багш оролцож, 3 алт, 10 мөнгө, 21 хүрэл медалийн эзэд тодорлоо. Математикийн олимпиадын нэг онцлог нь суралцагч ангилал дэвшиж ороцохыг зөвшөөрдөг. Энэ нь авьяаслаг сурагчид бусдаасаа түрүүлэн хөгжиж нас, ангиар хязгаарлагдалгүй өрсөлдөөнд орох боломж олгодгоороо онцлог. 55 дугаар олимпиадад Шинэ үе сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Тэнүүнсайхан 9-10 дугаар ангийн ангилалд оролцож хүрэл медалийн болзол хангасан нь урьд байгаагүй амжилт байлаа. Энэ сурагчийг дагнан бэлддэг багш нь “Шинэ үе” сургуулийн математикийн багш Б.Мөнхтулга гэж залуу бий. Намайг Монгол Улсын Боловсролын их сургуульд багшилж байх үед Булган аймгаас ирж миний шавь болж байсан, одоо төгсөөд гуравхан жил багшилж байна. Шавь нартайгаа уйгагүй сууна, зав чөлөө болгондоо бодлого бодно. Ер нь манай сургуулийн математикийн багш нар шавь нартайгаа байнгын бэлтгэлтэй байдаг. Түүний л үр дүн лдээ. Б. Тэнүүнсайхан сүүлийн гурван жил байнга дөрөв хүртэл анги өгсөж олимпиадуудад орж байгаа бөгөөд олон ч олимпиадад түрүүлж байсан. Шавийн маань шавь гайхалтай амжилт үзүүлсэнд баяртай байгаа. Түүний хажуугаар миний өөрийн 12 дугаар ангийн хоёр шавь маань амжилттай оролцож хүрэл медаль, тусгай байрын болзол хангалаа.

-Яриагаа хоёулаа илүү өргөн сэдэв рүү шилжүүлье. Математикийн хичээлд сайн суралцахын ач холбогдол юунд байна вэ?

-Ямар ч ажлыг хийж байх үед хүнээс ямар нэг хэмжээгээр цэгнэн бодож, нэгтгэн дүгнэж, шийдвэр гаргаж, нэг үгээр хэлбэл оюуны үйл ажиллагаа шаардагдаж байдаг. Яг үүнийг нь хөгжүүлж байгаа шинжлэх ухаан нь математик юм шүү дээ. Түүгээр хичээллэснээр цэгтэй зөв логиктой сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх оновчтой арга сонгох чадвартай, нэгтгэн дүгнэх задлан шинжлэх техниктэй болон хөгжинө. Математик бодлогууд, математикийн шинжлэх ухааны асуудлууд нь яг ийм чадварыг л шаарддаг. Хамгийн цөөн үгээр илэрхийлбэл энэ шүү дээ. Ингэж төлөвшсөн сэтгэлгээ бүх зүйл дээр нь илэрнэ. Дор хаяж зөв ярина, хүний асуусан асуултын гол санааг зөв ойлгоно, аливаа асуудалд учир шалтгааны үүднээс хандана, чухал чухал биш хүчин зүйлүүдийг зөв эрэмбэлнэ, батлагдсан үнэн таамаглал хоёрт ялгаатай хандана, өргөн хүрээтэй атлаа гүйцэд сэтгэнэ гэх зэргээр. Математик гүнзгийрүүлэн судалсан сурагчид бусад төрлийн хичээлдээ түүртэхээргүй болсон байдаг нь үүнтэй холбоотой.

-Математикийг бүх шинжлэх ухааны хаан гэж ярьдаг. Энэ бас учиртай үг байж таарна даа?

-Хоёр үндэслэл хэлж болно. Аливаа шинжлэх ухааны салбарт тухайн нөхцөл байдлыг судлаад үр дүнг нэгтгэн гаргаж байгаа дүгнэлт нь зөв логик сэтгэлгээн дээр тулгуурлана. Түүнийг нь хөгжүүлдэг шинжлэх ухаан нь математик. Нөгөө талаас байгалийн шинжлэх ухааны судалгааны техник ажиллагаа нь математикийн үр дүнгүүд дээр тулгуурлан боловсруулагддаг. Байгалийн хамгийн түгээмэл хуулиудыг ерөнхийлөн нээх үүргийг математик хүлээдэг гэсэн үг. Ер нь шинжлэх ухаанч сэтгэлгээ, шинжлэх ухаанч арга барил, шинжлэх ухааны үүднээс асуудалд хандах хандлага Монгол Улсад үнэхээр дутагдаж байна. Өндөр боловсролтой, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгтэй эрдэмтэд улс орны бүхий л салбарт ажиллаж байж улс орон хөгжинө шүү дээ. Ийм сэтгэлгээний суурь баазтай мэргэжилтнүүдээс зөв гаргалгаа, зөв шийдвэрүүд байнга гарна. Монголын математикийн олимпиадад амжилт үзүүлсэн үе үеийн аваргууд, медальтнууд ихэвчлэн инженер техникийн салбарт маш амжилттай ажиллаж байгаа нь үүнийг бас давхар харуулж байна. Монголчууд эрдэм ухааныг дээдэлж эрдэнэ хэмээн өргөмжилж ирсэн ард түмэн байтал сүүлийн жилүүдэд улс орныг шинжлэх ухаангүйгээр удирдан авч явах хандлага бий болсон нь салбаруудын уналтын шалтгаан ч байж магадгүй. Энэ нь шинжлэх ухаан техникийн ололт, үр дүнг хэрэглэхгүй байгаа гэхээсээ илүүтэйгээр салбарын мэргэжилтнүүд, удирдах ажилтнуудын сэтгэлгээний бүтэц нь буруу байгаатай холбоотой. Чухам ийм шалтгааны улмаас улс орнууд математик сургалтад анхаарал хандуулж, түүнийг хөгжүүлэхийн тулд олимпиад уралдаан тэмцээн санаачлан зохион байгуулж ирсэн ажээ.

-Нөгөө талаас математикийн хичээлийг хүнд хэцүү гэх ойлголт бас байдаг?

-Хамаг учир энэ буруу ойлголтонд байгаа юм. Хүмүүс ихэнхдээ математикийг тоо гэж ойлгодог. Асар том том тоонуудтай ажилладаг, боддог, түүнийгээ дагаад хэцүү гэж ойлгодог. Үүнтэй холбоотой “тооны багш”, “тоонд муу сурагч” гэх зэрэг алдаатай ухагдахуунууд гарч ирдэг. Хэрэг дээр огт тийм биш. Математикийн шинжлэх ухаан зөвхөн тоо судалдаггүй. Орчлон ертөнц дээр байгаа бүх юмыг судална. Судалгааны суурь ойлголт нь “олонлог” юм шүү. Гэтэл хэрэг дээрээ бүх юмс л олонлог шүү дээ. Судалж буй олонлог нь тоонууд байвал арифметик, алгебрь хэмээх математикийн салбар шинжлэх ухаан болно. Судалж буй олонлог нь хавтгай, огторгуйн цэгүүд байвал геометр болно. Үзэгдэл судалж байгаа математикийн салбар нь магадлал, боломж судалж байгаа салбар нь комбинаторик болох жишээтэй. Ингээд харахаар математикийг тоо гэж, математикийн багшийг тооны багш гэж ойлгох нь үнэхээр явцуу байгаа биз. Орчлон ертөнц дээр байгаа бүхий л зүйлсийг ерөнхийлөн судлах математик амьдралаас хол хөндий зүйл огт биш ээ. Жишээ нь, харагдаж байгаа зүйл рүү хүрэхийн тулд чигээрээ явбал бага зам туулах уу, холуур тойрч очвол бага зам туулах уу гэдгийг хүн бүр л мэддэг, математикт үүнийг “Гурвалжны тэнцэтгэл биш” гэдэг. Хайрцаглаад жагссан цэргүүдийг тоолохдоо эгнээний тоог мөрийн тоогоор үржүүлэхийг хүн бүр л мэддэг, математикт үүнийг “Үржих зарчим” л гэдэг. Ийм энгийн зүйлсээс эхлээд маш нарийн түвэгтэй асуудлуудыг хүртэл шийдэх арга, зарчим, дүгнэлтүүдээс л математик бүрдэнэ. Тэгэхээр зөв логик сэтгэлгээний үндэс суурь нь л тавигдчих юм бол математикт суралцах нь хүнд биш, харин ч сонирхолтой. Нөгөө талаас математик нь гарцаагүй үнэний тухай шинжлэх ухаан. Түүнд ямар нэгэн тодорхойгүй, олон хувилбартай байж болох, цаг хугацаа, нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж болзошгүй хүчин зүйл нэгээхэн ч үгүй. Бүх зүйл тодорхойлолт дээр тулгуурлан, логик зөв өрөлттэйгөөр, хөдөлшгүйгээр өрнөнө. Хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв орчим биш, яг л дөрөв гарна. Өөр хариу гэж байхгүй. Үүгээрээ математик бас төгс төгөлдөр.


Categories
мэдээ цаг-үе

Сэтгэлгээний хоцрогдол уу, ойлголтын зөрүү юу?

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Манай улс бол хүний эрхийг маш их хүндэлдэг түүнээ хуульчилсан орон. Хэн ч тэнэг байх бүрэн эрхээр хангагдсан. Тэнэг байсны төлөө хэнийг ч шийтгэж болохгүй. Мөн олонхыг маш их хүндэлж, тэдний шийдвэрийг дагадаг жинхэнэ ардчилсан улс мөнөөс мөн. Харин ийм лаг гарууд нь олонх болчихоор мөн янзтай юм болноо доо! Санаа зовох юм тэр л байна. Учир нь чухам тэр олонх монголчууд бидний хувь заяаг шийдэж байгаа шүү дээ… ий!


УИХ-ын гишүүн Чулуунбатын ойрмогхоны ярилцлагыг уншлаа. Эдийн засгаа сүйрүүлээд ухаангүй угсраа алхамуудаараа улс орноо алаад дууслаа шүү дээ гэж тэрээр ярьжээ. Хэрэг төвөгт холбогдоод байгаа нь тусдаа асуудал, ярьсан юм нь үнэн гэдэг бас өөр асуудал. Гээд цаана нь эрүүл саруул юм ярьдаг хүмүүс бий нь бий л дээ. Харамсалтай нь тэднийг хэдэн хуруугаа дарж тоолсхийгээд л дуусчиж байгаа харагдаад байдаг юм. Хэрвээ парламент нь нийт ард түмний жижигрүүлсэн тусгал мөн юм бол манай нийгэм тэр чигээрээ галзуурчихаж. Биологичид, сэтгэл судлаачид, социологчидын хэлж байгаагаар тухайн нийгэмд эзлэх сэтгэцийн өвчтэй хүн хоёр хувиас дээш гарах юм бол эрүүл биш нийгэм гэж тооцдог гэнэ. Хараад байхад лав УИХ-д энэ тоо аль хэдийнэ өнгөрсөндөг өө.

Социализм капитализмд хоёуланд нь сурсан, энэ хэд дотроо сүрхий боловсорсонд тооцогддог Хүрэлбаатар сая ярилцлага өгчээ. Түүнийхээр сүүлийн үед махны үнэ өсөөд байгаа нь улсын бэлтгэлд нөөцөлсөн махыг багадуулчихсан учиртай юм байна. Хойтон бол овоолоод тавьчих бололтой юм. Намар махны үнэ буудаг, хавар өсдөг. Энэ бол бараг л байгалийн хууль. Цаашид ч тийм байх болно. Үүнийг олж мэдэхэд заавал латин үсгийн боловсрол шаардлагатай биш. Өнгөрсөн намар 22-ын товчооноос наана амьд хонь оруулсан байна, арьсыг нь зараад махаа ил задгай хаяж нохой шувуу цуглуулаад байна гэж бөөн л хэл ам болж байсан. Энэ намар ч бас л тэгэх биз. Харин энэ хавар махны төгрөгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүн өнгөрсөн жилийнхээс хавьгүй илүү байгаа нь бэлтгэлийн мах багадсаных биш, зах зээл рүү хүрэлбаатартнууд араасаа хариуцах бараа үйлчилгээний баталгаагүй цаасан мөнгө ихээр хийсэнтэй холбоотой. Яагаав өнөө эх орны маань хишиг! Нэг л үгээр хэлэхэд мах үнэд орлоо гэхээсээ төгрөгийн ханш уналаа гэмээр санагдана. Инфляци одоо хэдийнэ хоёр оронтой тоо руугаа орчихсон. Энэ бол алаагүй баавгайн арьсыг хуваан Оюу толгойн гэх шагналын мөнгийг хүн толгойтой болгонд бэлнээр тараасны гор. Баялгийн хараал гэж энийг хэлээд байгаа юм. Байгалийн баялаг нь биш, тэндээс гэнэт буй болсон асар их мөнгө нь шийдвэр гаргагчдын амаар дамжин ард түмнээ хорлож улс гүрнээ сүйрүүлдэг номтой. Учир нь тэнэг хүн олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй. Харин үүнийг олж мэдэхийн тулд ядахнаа долоо, аягүй бол наймдугаар анги төгссөн байх шаардлагатай байх аа.

Ер нь тэгээд махны үнэ тогтоох нь Засгийн газрын ажил мөн үү? Төрийн оролцооноос болж л юмны үнэ айхтар савлаж байгаа шүү дээ. 1994 онд махны үнэ 350 төгрөг хүрээдэхсэн чинь Засгийн газар учиргүй сандарч махны дээд үнийг 350 төгрөгөөр тогтоож зарлиг тушаал гаргаж байсныг санаж байна. Харин маргааш нь махны үнэ 550 төгрөг болж билээ. Тэгэхэд мах комбинат улсын өмч байсан юм шүү. 350 төгрөгөөр заруулдаг шалгадаг барьдаг баахан хүн томилогдож сүр бараа болсон ч авлигач нар л жаал цадаад өнгөрч билээ. Нөөцлөх дуртай юм бол зах зээлд хахаж багаа сүү, архи зэргийг бас цааш нь хадгалж байя л даа, авлигачидад бүр л илүү ашиг унана шүү дээ. Ингэхээр төрийн оролцоог зориуд буй болгон сүржигнэж байж дундаас нь ашиг завшаан хайж байгаа бол нэлээд өндөр боловсрол хэрэгтэй. Мах бэлддэг социалист арга байсаар л байна. Намар нь бэлдээд л өвөл нь хадгалаад л, хавар нь үнийг нь хянаж зараад л, айн? Гэтэл төвлөрсөн төлөвлөгөөнөөс гараад даруй хорин жил өнгөрлөө, өөр арга олдохгүй байна уу? Мах бэлтгэгчид хавар тухайн жинд хүрсэн махыг худалдаанд гаргах юм бол ийм тийм аргаар дэмжинэ, малчид амьдын жин нь тэд хүрсэн хонь үхрийг хавар авчирч өгөх юм бол шууд зах зээлийн үнээр авах баталгааг гаргана гэх мэтээр. Өөр ч янз янзын “хүнэрхүү” юм сэтгэж болно оо доо? Гээд иймэрхүү юм бодож олоход харин долоогоо онц төгссөн латин үсэг бүгдийг нь цээжээрээ мэддэг энэ тэр арай багадах байх аа.

УИХ-ын урдаа барьдаг боловсорч тэгширсэн хүн гэгддэг Зи Энхболд бас нэг наргиантай ярилцлага өгчээ. Түүнийхээр Монголын 30 тэрбум тонн (зарим нэг судлаачдын хэлж байгаагаар 100 гаруй тэрбум тонн гэсэн) нүүрсийг машинаар зөөж ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Галт тэрэг хэрэглэх юм бол цөөхөн хүн ажиллах гээд байна гэнэ. Ингээд хорин мянган хүнийг жолооч болгох гэнэ. Ажлын байр буй болгосон дэвтаат, аан? Дараагийн санал нь лавтай кран хэрэглэхийн оронд хүрзээр ухах тухай байх байх. Дахиад хорин мянган ажлын байр! Уг нь тэр нүүрсээ түмпэнд хийгээд явган зөөвөл бүр ч олон ажлын байр гарах юмсан, дэвтаат маань дутуудуулаад сэтгэчихэж.

Тийм ч шинэ санаа биш л дээ. Мао Хятадыг удирдаж эхлэнгүүтээ ийм санал гаргаж хэрэгжүүлж үзсэн юм. Ажлын байр ихээр нэмэгдүүлэхийн тулд айл болгонд жижиг зууханд ширэм хайлуулж байлаа шүү дээ. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд хүн болгоноор ялаа алуулж өглөө ажилдаа ирэхэд нь бүртгэж хураадаг байлаа. Бор шувуу агнах хөдөлгөөнөөр тэрбум хүн ажлын байраар хангагдаж байсан. Энэтхэгийг Конгресс нам удирдсан олон жилд техник технологийн бүхий л ололтоос тэд татгалзаж байв. Техникээр хийх юмыг ажлын байр гаргах үүднээс хүмүүсийн нүцгэн гараар гүйцэтгүүлнэ. Толгой дээрээ тавин тоосго ачаалаад арван давхар байшин руу аажуухан өгсөх жирэмсэн эмэгтэйг харах нь тийм ч зугаатай эд биш байна билээ. Конгресс намынхныг төрийн эрхнээс зайлуулсны дараа Энэтхэг техникийн дэвшлийг илүүтэй шүтэх болж улс орон нь хэдхэн жилийн дотор маш эрчимтэй хөгжиж хүн амынх нь орлого эрс нэмэгдсэн. Тэд ажлын байр нэмэгдүүлэхийн тулд оюуны багтаамжтай зах зээл рүү илүү анхаарсны хүчинд софт виэрээр дэлхийд тэргүүлэх боллоо. Оюуны багтаамжтай хөдөлмөр!

Бичиг үсэг бүрэн тайлагдсан, дөрвөө онц төгссөн, латин үсгийг нүдээ аниад дуржигнуулж чаддагууд нь ийм ярихаар бусдаас нь ер нь юу хүлээж болох вэ? Эд ийм байхаар мань хэнтийн гурав яахав? Хамаг хөрөнгөө 7/1-д шатаасан уурандаа таарсан болгоноо шантаажилж яваа шар нөхрийн марзан яриаг одоо аргагүй л гэхээс. Хошин шогийн жүжигчдээс хавьгүй илүү гарч орой болгон зурагт үзэгч биднийгээ хөхрүүлэн баясгадаг мулзан наймаачин хөөрхий аргагүй шүү дээ. Казиногийн хууль батлуулаад үхэх юмсан гэсэн мөрөөдлөөс өөр юу ч үгүй хоосон толгойг одоо юу ч гэх юм билээ. Цаана нь шалгалтаар бакалаврын диплом нь хуурамч боловч профессорын диплом нь ориг болох нь батлагдсан луглагар эрдэмтэн байна. Чингис хаан болж морь унаж мод гозгонуулан замын хөдөлгөөн хаан байж хотоор давхидаг ориг гар бий. Аймаг хөгжүүлэх сангийн бүх мөнгөөр Чингисийн сүнсийг дуудан ирүүлж бороо гуйдаг эр бий. Зодоон цохион хийсээр яваад толгой нь туйпуу болчихсон нэлээд хэд байгаа. Интэрнэтийн яхуу комоос шинэ санаа шинэ хууль олж илрүүлдэг гар ч байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ долоо дахин их мөнгийг бэлчээрийн мал аж ахуй хөгжүүлэхэд зарцуулахаар хууль гаргаад түүнээ тайлбарлан зурагтын дэлгэцээс салахаа больсон бахархуу их гарын луйварчинг зальтан гэх үү, маанаг гэх үү? Эмэгтэйчүүдийн эмнэлэг олдоод байна, хүйсээр ялгаварлахаа зогсоож эрчүүд бидэнд эрүүлжүүлэх эмнэлэг олныг барьж өг гэж нэхээд яваа нөхрийн царайд тоглосон шинж ер алга байна билээ. Баян-Өлгий тусгаар тогтносны 70 жил гээд яваа нөхөр бол бүр ч тоглоогүй байх.

Манай улс бол хүний эрхийг маш их хүндэлдэг түүнээ хуульчилсан орон. Хэн ч тэнэг байх бүрэн эрхээр хангагдсан. Тэнэг байсны төлөө хэнийг ч шийтгэж болохгүй. Мөн олонхыг маш их хүндэлж тэдний шийдвэрийг дагадаг жинхэнэ ардчилсан улс мөнөөс мөн. Харин ийм лаг гарууд нь олонх болчихоор мөн янзтай юм болноо доо! Санаа зовох юм тэр л байна. Учир нь чухам тэр олонх монголчууд бидний хувь заяаг шийдэж байгаа шүү дээ… ий! Ийм олонхоос төрийн шийдвэр гарахаар улс орны эдийн засаг балрахгүй яах юм бэ, юунд нь гайхаад байгаа юм, Чуукаа? Сэтгэлгээний хоцрогдолд зарим гишүүд байгаа, байгаа. Уучлаарай, хэдийг энд хэлээгүй шүү. Та нар минь даанч цөөнх юм даа. Хэлсэн чинь тоогддог юм уу? Цаад олонх чинь та нарын үгийг авч хэлэлцдэг үү?

2010.6.6

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуулахаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 63.2 хувийн ирцтэйгээр 15 цаг 27 минутад эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлэв. Тэрбээр “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайлан мэдээллийг өнөөдрийн хуралдаанаар сонсгох саналтай байгаагаа хэлсэн. 2018 оны 05 дугаар сараас ажлын хэсэг гэрээний хэрэгжилтийг шалгаж, 11 дүгээр сард дүгнэлтээ гарган Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тус тус хүргүүлжээ. Тус ажлын хэсгийн тайланг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байгаа талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээлсэн.

Ингээд хэлэлцэх асуудлаа баталснаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа, Б.Жавхлан, М.Оюунчимэг нар ажилласан байна. Ажлын хэсэг нийт 3 удаа хуралдан, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлого зэрэг хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаар нягтлан үзсэн байна. Ингэхэд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгийн 58 хувьтай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 90 хувьтай, салбаруудын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдтэй 23 хувь нь тус тус нийцсэн байна хэмээн үзжээ. УИХ-ын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд болон Байнгын хороодын санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудтай ажлын хэсгийн гишүүд нэгбүрчлэн танилцаад өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж байгааг Я.Содбаатар гишүүн дурдав.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжийн цахилгааны хэрэглээний хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, нөөцийн махны хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх, хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын цогцолбор төв барих, уул уурхай хүнд үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах, дахин төлөвлөх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, экологийн онцгой ач холбогдолтой, улсын тусгай хамгаалалтад авах 215 газрыг бүсчлэн тогтоох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэлээр судалгаа хийх, “Үйлдвэржилт 20:100” үндэсний хөтөлбөр, “Ноолуур” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэх зэрэг саналуудыг УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад оруулах санал ирүүлээд байгаа аж.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос соёлын баримтат өвийг хамгаалах музей, түүх, соёлын өвийн сэргээн засварлалтын ажлыг эрчимжүүлэх, ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, Бурхан халдун уулын соёлын өвийн менежментийн захиргаа байгуулах, эмнэлгийн ажилтнуудыг В вирусын эсрэг дархлаажуулалтад 100 хувь хамруулах зэрэг арга хэмжээг төсөлд нэмж тусгахаар холбогдох саналын томъёоллуудыг бэлтгэн ирүүлсэн байна.

Үүнээс гадна Төсвийн, Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүртээ хэлэлцэн санал, дүгнэлтээ ирүүлсэн болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм.

Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан нийт 9 саналын 7-г нь дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Засгийн газрын өр, зээлийн хүүг бууруулах болон Ирээдүй өв сан, Тогтворжуулалтын сангийн хуримтлалын нэмэгдүүлэх, ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулан 12 хувьд хүргэх боломжийн талаар тус тус тодруулж, хэлэлцсэн байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тус тус танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцээд эдийн засгийн хөгжлийн бодлогыг явуулах тогтолцоог бүрдүүлэх, Үндсэн чиглэлд тусгах асуудлыг эрэмбэлэх, Онцгой байдлын салбарт усанд шумбах робот зэрэг сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийн үнэ өртгийг судлах, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор тус тус санал гаргасныг тус Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан. Тус байнгын хорооноос төсөлтэй холбогдуулан тусгайлан санал гараагүй байна. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав.

Төслийн талаарх Байнгын хороодын анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, З.Нарантуяа нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагын удирдлагуудаас хариулт авлаа.

Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуулах болон тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нийтийн сонсголыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлох, ажиглагчаар 3 хүн оролцуулахыг зөвшөөрөх, хэлэлцүүлгийн даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Ундармааг томилох талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулж, гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувь нь дэмжснээр Байнгын хорооны тогтоол батлагдав

ЭЗБХ: Хуулийн төслүүдээр нийтийн сонсгол зохион байгуулахаар боллоо

Categories
мэдээ улс-төр

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв

Махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг 06 дугаар сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар худалдах, ингэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов.

Дулааны аргаар мах боловсруулж, экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах, нядлах үйлдвэрээс махаа авсан, экспортод гаргах үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавина.

Цаашид нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Улаанбаатар хот төсөвтөө суулгах, экспортын квот олгохдоо тухайн тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо худалддаг байх, махны нийлүүлэлт багасдаг 3-5 дугаар сард хэрэгцээг тогтвортой хангахад онцгой анхаарахыг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов.

Гурил, төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац хүртэл хугацаанд харьцангуй тогтвортой байхаар байна.

“Эрдэнэт үйлдвэр” компанид илэрсэн зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн байна. Энэ талаар сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

2016 онд компанийн бүтцийг өөрчилсөн нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж шалгалтын хэсэг үзсэн байна. Компанийн ерөнхий захирал нь нийгмийн асуудал, Тэргүүн дэд захирал нь хүний нөөц, Хууль, эрх зүйн газрын дарга нь бүх үйл ажиллагааг хариуцдаг болсон нь компанийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзжээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байсан талаар сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийж, 103 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон байна. Хэдхэн аж ахуй нэгжтэй их хэмжээний үнийн дүнтэй гэрээ хийж урьдчилгаа олгосон, 1.2 тн зэсийн баяжмалыг “Монголиан коппер корпорейшн” компанид зарах, худалдах гэрээ байгуулж 55.8 сая ам.долларын гүйлгээ хийсэн. Ногдол ашиг шилжүүлэхдээ татвар төлөөгүй зөрчил илэрчээ.

Мөн 64 тэрбум төгрөгөөр байгуулсан эмнэлгээ хувийнкомпани руу шилжүүлсэн. Зэсийн баяжмалын сорьцыг хувийн компаниар тогтоолгодог, хоёр тэрбум гаруй төгрөгийн хандив, тусламж олгосон байна.

Түүнчлэн худалдан авалтын 2236 гэрээ байгуулснаас 1432-ыг нь шууд хийсэн, “Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлнэ зэргийг сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдав. Шалгалтын хэсэг мөн “Монголросцветмет” компанийг шалгаж 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг тогтоожээ.

Гаргасан зөрчлүүдийг нь арилгах үүрэг өгч, тодорхой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна.

Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгоно

Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай.

Иймээс:

– Амины 10 мянган орон сууцыг инженерийн хангамжтай холбох

– Газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц

– Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц

– Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж нийтийн зориулалттай 3000 орон сууц

– Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц

– Түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөж байна.

“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг сайд Х.Баделханд даалгав.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

Хөтөлбөр нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих зорилготой юм. Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол байгуулна.

Мөн байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцлийг нь сайжруулахад онцгой анхаарахаар боллоо.

Хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан байна.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 894 мянга 500 орчим өрх байгаа бөгөөд нийслэлд 240 мянга, орон нутагт 58 мянга 500 гаруй инженерийн бүрэн хангамжтай орон сууц бий гэсэн статистик тоо гарчээ.

Товч мэдээ

– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Ховд, Говь-Алтай аймагт ажилласны мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө батлуулан, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

– Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын долооны өдөр Хэнтий аймагт томилолтоор ажиллах үед иргэд, эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон тосгоны удирдлага хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна. Эрүүл мэндийн төв тосгоны 856 хүн, 250-иад өрх, отор нүүдлийн 1000 гаруй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.

– УИХ, Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт 2018 оны эцсийн байдлаар 68.12 хувьтай байна. Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт мөн оны эцсийн байдлаар 70.8 хувьтай гарчээ.

– Энэ оны нэгдүгээр улиралд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 206262 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасны 96.4 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгчээ. Сайд нар, яам, агентлагийн удирдлагууд иргэдээс ирүүлсэн 126765 өргөдөл, гомдлын 98.3 хувийг шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамж, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах, газар, орон сууц, хөдөлмөр эрхлэх болон санхүүгийн дэмжлэг хүсч ханджээ.

– “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав. Дээрх чиглэлээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн, боловсрол, эрүүл мэндийн болон төв, орон нутгийн захиргааны байгууллага, цагдаа, онцгой, гамшгаас хамгаалах улсын албад, дотоод, гадаадын хүмүүнлэгийн байгуулагууд хэрхэн хамтран ажиллахыг журамд заасан байна.

– “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулга, арга зүйг тусгах, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглүүлэх, эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншил, байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлан дэлгэрүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ.

– АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Банкууд санхүүгийн бус бизнест хутгалддаг, эзэд нь олны хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг болсныг шүүмжлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.22) Монголбанкинд очив.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

1.Банкны салбарын гол хуулиудад өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэ орчин бүрдүүлсэн

2.ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийсэн

3.Монголбанкны алдагдлын хэмжээ 3.0 их наяд төгрөгт хүрээд байсныг 1.2 их наядаар бууруулж, сүүлийн 2 жилд ашигтай ажилласан

4.Гадаад валютын нөөц 1.0 тэрбум ам доллар байсныг 4 дахин нэмэгдүүлж, 3.8 тэрбумд хүргэснийг Монголбанкнаас сүүлийн 3 жилд явуулсан бодлого, үйл ажиллагааны гол үр дүн гэж үзэж байгаагаа тэмдэглэлээ.

Гэхдээ Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ийн “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, 2020-2024 он буюу дунд хугацаанд хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг барагдуулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах, валютын ханшийг тогтворжуулах, инфляцийг бууруулах зэрэг томоохон сорилтууд хүлээж байгааг Н.Баяртсайхан онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, удахгүй тохиох гэж буй банкны салбарын 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр банкны салбарт хүлээгдэж буй хуулиуд, тухайлбал, Активын удирдлагын тухай, Валютын зохицуулалтын тухай, Векселийн тухай зэрэг хуулиудыг яаралтай батлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Төвбанк мөнгөний бодлогоо бие даан явуулж ирсэн. Бодлого шийдвэрт алдаа, оноотой зүйл байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “саарал жагсаалт”-д хэрхэвч орохгүй байх, инфляцийг нам түвшинд барих, валютын ханшийг тогтворжуулах, зээлийн хүүг бууруулах болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж санууллаа.

Улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч энэ өсөлт гадаад хүчин зүйл буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой байна. Тухайлбал, нүүрсний экспорт 4 дахин нэмэгдсэн. Монголбанк бодлогын хүүгээ л оролдохоос өөр зүйл хийхгүй байна гэсэн шүүмжлэл гарах болсон. “Саарал жагсаалт”-д орох эрсдэл байсаар байна. Бидэнд дэлхийгээс нуугдах боломж байхгүй учраас “Муу нуухаар сайн илчил” гэдэг зарчмыг баримталж, бодит эдийн засгаа дэмжих шаардлагатай байна хэмээн онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өрийг өрөөр шийдэх нь явцгүй. Тиймээс үүнээс зайлсхийж, боломж нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөнгөний бодлого, сангийн бодлоготойгоо уялдах ёстой. Үүнд Монголбанк, Сангийн яам чухал үүрэгтэй. Экспортыг болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх нэгдсэн бодлого баримтлах шаардлагатай.

-Банкуудын тогтвортой байдал чухал болоод байна. Монголбанк банкуудыг хариуцаж, зохицуулдаг. Монгол Улсын мөнгөн хөрөнгийн 95 гаруй хувь нь банкны салбарт төвлөрсөн. Гэтэл банкууд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй өөр бизнест хутгалддаг, банкны эзэд банкны буюу олон нийтийн хөрөнгөөр бусдын бизнесийг булаадаг, оролцохгүй салбар, бизнес байхгүй болсон тухай ярих боллоо. Ийм байж таарахгүй учраас хуулийн зохицуулалт, Монголбанкны хяналт чухал. УИХ-ын зүгээс Төвбанкаа байнга дэмжиж, салбарын тулгуур хуулиудыг шинэчлэн баталсан ч үр дүн хүлээлтэд хүрэхгүй байна. Иймд арилжааны банкуудад тавих хяналт, шалгалтаа идэвхжүүлж, эрсдэл, засаглалын үнэлгээг сайжруулах шаардлагатай байна гэв. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар банк, санхүүгийн салбарын бүтцийн болон хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, мөнгөний зөв бодлого явуулах чиглэлээр Төвбанктайгаа Байнгын хороо идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны хүний нөөцийн чадавхийг сайжруулах асуудлыг хөндөж, “Төвбанк бол төрийн чухал институц. Тиймээс хүний нөөц, боловсон хүчний хувьд шилдэг мэргэжилтнүүд энд ажиллах ёстой” хэмээн анхаарууллаа.