Categories
мэдээ нийгэм

Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг оролцоно

Энэ сарын 27-нд Солонгос улсын Сөүл хотод “World Cyber Games 2019” Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд Монгол Улсын PrimeMGL баг оролцох эрхээ аваад буй. Тэгвэл тэднийг Өмнөд Солонгос улсыг зорин тэмцээнд оролцох визийг зөвшөөрөл гарсан байна. Бүсийн аварга шалгаруулах уг тэмцээнд нийт 8 баг оролцож байгаа бөгөөд шилдэг 2 баг нь үндсэн тэмцээн болох WCG 2019 XI’AN тэмцээнд оролцох эрхийг авах юм. Тоглолтууд нь энэ сарын 27 хүртэл үргэлжлэх бөгөөд, META албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх юм байна.
Мөн PrimeMGL багийн зүгээс тэднийг дэмжих хувь хүн болон албан байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Батхүү агсны дурсгалыг хүндэтгэж 1080 зул өргөнө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү өнгөрсөн баасан гаригт зуурдаар таалал төгссөн.

Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан АН-аас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нараар ахлуулсан гурван чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа.

Түүний гэгээн дурсгалд зориулсан 1080 зул өргөх ёслолыг маргааш Барилгачдын талбайд зохион байгуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Пакистанд эмчийн буруугаас үүдэн 494 хүүхэд ДОХ-ын халдвар авчээ

Pakistan 494 children зурган илэрцүүд

Пакистаны нэгэн жижиг тосгонд 1400 орчим хүн дохын халдвараар бүртгэгдсэний 494 нь нэг сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд байна гэж “www.npr.org” сайт мэдээллээ.

Өмнөд Пакистаны Ларкана хоттой хөршлөн оршдог ядуу буурай Рато-Деро тосгоны Мүцэфэр Гэнхаро эмчээр эмчлүүлж байсан хүүхдүүдийн халуун буурахгүй байсанд санаа нь зовсон эцэг эхчүүд өөр эмнэлэгт хандсан байна.

Ларкана хотод байрлах эмнэлгийн Эмч Имран Арбани өндөр халуурсан хүүхдүүдэд цусны шинжилгээ хийж үзэхэд гарсан хариу нь эмчийг болон эцэг, эхчүүдийг шоконд оруулжээ. Учир нь тэдгээр хүүхдүүд бүгд ДОХ-ын халдвар авсан байжээ.

Pakistan 494 children зурган илэрцүүд

Хачирхалтай нь халдвар авсан хүүхдүүдийн аав, ээжийн цуснаас ДОХ-ын халдвар илрээгүй байна. Ингээд хүүхдүүдийг эмчилж байсан эмчээс шижилгээ авахад ДОХ-оор өвчилсөн болох нь тогтоогджээ.

Түүнийг дөрөвдүгээр сарын 30-нд баривчилсан ба шоронд байхдаа өгсөн мэдүүлэгтээ “Энэ бүхэнд би буруутай. Гэхдээ би өөрийгөө ДОХ-ын халдвартай гэдгээ огт мэдээгүй. Би өөрөө мэргэжлийн эмч хүн шүү дээ. Гэтэл надад энэ өвчний ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй. Би маш эрч хүчтэй байсан. Тэгээд ч эдгээр гэм зэмгүй хүүхдүүдэд яалаа гэж албаар энэ өвчнийг тараах билээ дээ” хэмээн ярьжээ.

Цагдаа нар харин Гэнхарог хэдэн жилийн өмнө автын осолд орж цус сэлбүүлэхдээ энэ халдварыг авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид 70 орчим мянган хүүхэд элсэнэ

2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн. Урьдчилсан тооцоогоор улсын хэмжээнд 70 орчим мянган хүүхэд нэгдүгээр ангид орох юм байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдээс шалгалт авахгүй.

Мөн ирэх хичээлийн жилд гурван ээлжээр хичээллүүлэхгүй. Энэ ажлын хүрээнд сургууль болгон ашиглаж болох барилгуудыг түрээслэх аж. Одоогоор самбар, ширээ, сандлыг нь бүрдүүлэх ажил өрнөж байгааг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэгээр өвчилсөн сурагчдын асуудлаар ЭМЯ-ны гадна эцэг, эхчүүд жагсаж байна

ЭМЯ-ны гадна талбайд эцэг, эхчүүд сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын асуудлаар хариуцлага нэхэн жагсаж байна. Өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн сургуулийн сурагчдаас сүрьеэгийн халдвар илэрсэн ноцтой асуудал үүсээд байгаа билээ. Тухайлбал, нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 хүүхдээс сүрьеэ өвчний халдвар илэрсэн юм. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр эцэг эхчүүд ЭМЯ-ны гадна талбайд хариуцлага алдсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэн, албан тушаалаасаа огцрохыг шаардан жагсаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Нөхцөл байдлыг баримтуулж, фото зургаа цагдаагийн байгууллагад хүлээж өгсөн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын дэд дарга Г.Батхүү агсны амь насаа алдсан асуудлаар ар гэрийн зөвшөөрлөөр мэдээлэл хийж буйгаа дуулгалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ажлын цаг дуусаад өрөөнөөсөө гарахдаа Г.Батхүү агсныг газар унасан байхыг харсан. Төрийн ордон хуультай. Хуулиараа төрийн тусгай хамгаалалт буюу ТЕГ-ын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Тэгээд нөхцөл байдлыг баримтжуулсан. Учир нь цагдаагийн байгууллага надаас хойш ирэх учраас нөхцөл байдлыг баримтуулж, фото зургаа цагдаагийн байгууллагад хүлээж өгсөн” гэсэн мэдээллийг өглөө.

Тухайн үед Г.Батхүү агсны толгой бүхэлдээ цус болж, хамар амнаас нь цус гарсан байсныг гишүүн хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

З.Нарантуая: Чухал баримт бичигт хариуцлагагүй хандаж байгаад харамсаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Өнөөдрийн хүрсэн төвшнээс эдийн засгийн үзүүлэлтийг 6 хувиар авсан. Өнөөдрийн эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүн өндөр байгаатай холбоотой. Тиймээс бусад гол гол байгууллагуудын гаргаж байгаа тооцооллыг харж гаргасан. Эдийн засгаа цааш яаж төрөлжүүлэх вэ гэдэг дээр Засгийн газрын үйл ажиллааганы мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд ч туссан байгаа. Аль болох дөрвөн жилийн ажилд туссан дутуу биелэлтийг үндсэн чиглэлд түлхүү оруулах чиглэл барьсан гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монголын эдийн засгийн өсөлтийг томоор харах хэрэгтэй. Манай улсын эдийн засаг тогтворжоогүй. АХБ Монголын эдийн засгийг өөдрөгөөр харсан байна лээ. Зээлийн хүү бууруулах нь бидний хүсэн хүлээж байгаа зүйл. Олон улсын туршлагыг судлах хэрэгтэй хэмээв.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Зээлийн хүүг бууруулах асуудлаар бид судалж байгаа. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг боловсруулаад хэлэлцүүлж байгаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Чухал баримт бичигт хариуцлагагүй хандаж байгаад харамсаад байна. Үндсэн чиглэлд 20 зорилт 118 арга хэмжээ тусгажээ. Тэгсэн хөгжлийн бодлого, чиглэлийн талаар хангалтгүй байна. Засгийн газраас баталсан гурван тулгуурт арга хэмжээнээс хэд нь орсон бэ. 50 орчим хувь нь төсөл, арга хэмжээний хөтөлбөр шиг болсон байна лээ. Төсвөө яаж хэмнэх вэ. Ажилгүйдэл, ядуурлаа арилгах хэрэгтэй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорьж шалгах эсэх шүүх хурал болно

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих ангид саатуулан шалгаж байна.

Түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Нямаа: Хүн худалдаалах хэрэг, бэлгийн мөлжлөгт 20 гаруй хүүхэд өртөж хохирсон

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Нямаатай ярилцлаа.


-Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин ямар байна вэ?

-Хууль, эрх зүйн орчноос эхэлье. Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үе үеийн Улсын их хурал, Засгийн газар анхаарч, олон улсын болон дотоодын холбогдох хууль тогтоомжийг баталж, хэрэгжүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулсаар ирсэн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд 1990 онд НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон. 2008 онд НҮБ-ын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенц, мөн Хүн худалдаалах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколыг соёрхон баталсан. Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тайвань болон Макаогийн засаг захиргааны тусгай бүстэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017 онд байгуулсан “Хамтын ажиллагааны тухай ЦЕГ-ын ЭЦА, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, мөн 2013 онд шиинэчилсэн “Дорноговь аймгийн Цагдаагийн газар, БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэргээр нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын гэрээ конвенц, эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрддөг.

Дотоодод 2012 онд анх удаа “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” бие даасан хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадад соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор явж байгаа хүүхдэд хяналт тавих тухай ХЗДХ–ийн Сайдын 2017 оны А/49 тоот тушаал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.4.2-т “Хүүхэд эмэгтэйчүүд, иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгож, энэ чиглэлд бэхжүүлнэ” гэж заасан. 2017 оноос шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргүүдийг тусад нь зүйлчилсэн. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож зохицуулсан. Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Мөн “Садар самуун явдалтай тэмцэх тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудад холбогдох заалт зохицуулалт тусгагдсан юм.

Ер нь хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад болон дотоод дахь эрх зүйн орчин зохих хэмжээнд бүрдсэн гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг таслан зогсоогдохгүй, далд хэлбэртэй оршсоор байгаа юм.

“Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Цагдаагийн байгууллагаас жил бүр илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнг тооцдог. Хөтөлбөрийн хэрэгжилт, явц үр дүн, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдалд АНУ-ын Төрийн департмент, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудаас жил бүр үнэлэлт, дүгнэлт өгч Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг. Энэхүү зөвлөмжид тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх талаар ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, харьяа агентлагууд харилцан уялдаатай ажилладаг.

-Хүн худалдаалахтай холбоотой хэдэн гэмт хэрэг шалгагдаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад одоогийн байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 10 гэмт хэрэгт 24 этгээд холбогдон шалгагдаж байна. Эдгээр хэрэгт 57 хохирогч эмэгтэй тогтоогдсоноос 20 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргийн талаар ямар нэг гомдол гардаггүй, далд хэлбэрээр үйлдэгдэж зохион байгуулагддаг. Өмнө нь 2-5 удаагийн ял шийтгэл эдэлсэн, бүлэг зохион байгуулалттай этгээдүүд охид, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ оруулан түрээсийн байр, нийтийн орон сууц, зочид буудлын өрөө гэх мэт газар хорьж хүчээр биеийг үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын шалтгаан нөхцөлийг нь судлаж үзсэн үү?

-Гэмт хэрэгт өртөж хохирсон насанд хүрээгүй охидыг судлахад багад нь эцэг эх нь салсан, хойд эцэг эхтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ямар нэг хүчирхийлэлд өртөж байсан, гэр орондоо байх сонирхолгүй, тэнэмэл амьдралтай, эцэг эхийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс хүний наймаа, бэлгийн мөлжлөгт хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд гэр бүлийн хүрээнд эцэг эхчүүд охидууддаа тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Насанд хүрээгүй байгаа таны охин хэнтэй нийлж хаана юу хийж байна, яриа нь ямар чиг хандлагатай болж байна, гэртээ оройтож ирж байна уу, худлаа хэлж байна уу, бусдын хувцас эд зүйлийг өмсөж хэрэглэж байна уу, архи тамхи үнэртүүлж байгаа эсэхийг тогтмол анзаарч тэдэнтэй ярилцах, зөв бурууг ойлгуулах хэрэгтэй. Охин хүүхэд 23.00 цаг гэхэд орондоо орсон байхаар хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.

Ер нь том болоод биеэ үнэлэгч болно гэж хүсдэг, мөрөөддөг нэг ч эмэгтэй энэ хорвоод байхгүй, дандаа нийгэм, эдийн засаг, ажилгүйдэл, ядуурал, архидалт, сэтгэл зүй болон бусад шалтгааны улмаас биеэ үнэлэх зам руу орж нэг мэдэхэд бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч болчихсон байдаг. Охид эмэгтэйчүүд маань энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо өөрсдөө мэддэггүй, тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг бодитоор, үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэхээс аль болох зайлсхийх хандлага ажиглагддаг. Энэ харилцаа хандлага нь зарим үед оргон зайлах, урьд өгсөн мэдүүлгээсээ буцах, бусдын дарамт шахалтад орох зэргээр хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хохирогчийн эрхийг хамгаалах ажилд хүндрэл бэрхшээл үүсгэдэг.

-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, нийгэмшүүлэх чиглэлээр ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг зэрэг гэмт хэрэгт өртөж хохирсон, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг нийгэмшүүлэх талаар цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Охидын биеийг үнэлүүлж бэлгийн мөлжлөгт өртүүлж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүд нь шүүхээр тохирох ял шийтгэлээ аваад явдаг. Ард нь сэтгэл зүй нь бүрэн засраагүй, үзэл бодол төлөвшөөгүй, боловсрол мэдлэггүй, мөнгө орлогогүй охидууд үлдээд дахиад хойд эцэг эх, бахь байдагтаа очдог. Эргээд гэрээсээ дайжиж гудамжинд гарснаар өөр этгээдүүдэд олзлогдоод дахиад бэлгийн мөлжлөгт өртдөг. Мөн хулгайлах, дээрэмдэх, танхайрах гэх мэт өөр төрлийн гэмт хэрэгт холбогддог гэх мэт бодит эрсдэлүүд гарч байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй охидуудыг сэтгэл засал, хамгаалалт, эрх зүйн туслалцаа зөвлөгөө өгөх, мэргэжлийн чиг баримжаатай сургалтад хамруулах, улмаар ажлын байраар хангаж дахин гэмт хэрэгт өртөхгүй байх нөхцөл бололцоог Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар болон хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагууд хамтран хийж гүйцэтгэвэл үр дүнд хүрэхээр байна гэж би хардаг.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг таньж нийгэмшүүлэх тал дээр ямар ажиллагаа явуулж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой ажиллах, таньж олох, нийгэмшүүлэх чиглэлээр туршлага судлахаар “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагатай хамтран АНУ-ын Техас мужийн прокурорын газрын Прокурор, шерифийн албаны мөрдөгч, өмгөөллийн ажилтныг урьж сургалт зохион байгууллаа. Сургалтанд Нийслэл, дүүргийн Прокурорын газар, хилийн боомт бүхий аймгийн Цагдаагийн газруудаас алба хаагчдыг оролцуулж “Хохирогчийг таньж олох, илрүүлэх, хамтын ажиллагаа”-ны чиглэлээр мэдлэг, ур чадвар олгох үйл ажиллагаа явагдсан.

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны дарамтад ордог шүү дээ. Үүний хохирлыг барагдуулах хуулийн ямар заалт байдаг вэ?

“Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”-ийн 15 дугаар зүйлд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын мөнгөн хэлбэрээр барагдуулна гэж заасан байгаа. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг ямар хувь, хэмжээ, арга аргачлалаар тооцож мөнгөн хэлбэрээр олгохыг хууль, журмаар зохицуулж хэрэгжүүлэх шаардлага нэгэнт бий болсон байна. Ийнхүү сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрт тооцож олгож эхэлбэл энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн эрхийг хамгаалах тал дээр томоохон алхам болно. Биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардлыг шүүхээр гэм буруутай этгээдээр төлүүлж байснаас биш, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдол энэ төрлийн гэмт хэрэгт байдаггүй байна.

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар хүндрэл гарч байна. Засч залруулах зүйлс байна уу?

-2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “Бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлүүлэхийг зохион байгуулах” гэсэн зүйл анги байсныг 2017 оны эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас хасаад Зөрчлийн хуулиар зохицуулах болсон. 2017 оноос өмнө уг зүйл ангиар саун массаж, караоке баар, зочид буудал, гудамж талбай олон нийтийн газарт биеэ үнэлэлт зохион байгуулж байсан этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж, шүүхээр зохих ял шийтгэл оноох, гэмт үйлдлийг таслан зогсоох боломжтой байсан. Одоо Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах болсноос хойш сауны газарт массаж нэрийн дор биеэ үнэлж байгаа эмэгтэйд 50 нэгж буюу тавин мянган төгрөг, зохион байгуулсан этгээдэд 100 нэгж буюу зуун мянган төгрөгөөр торгож, зөрчлийн арга хэмжээ авахаас хэтрэхгүй болсноор уг хууль бус үйлдэл таслан зогсоогдохгүй хэмжээнд очсон. Үр дүнд нь биеэ үнэлэлт зохион байгуулж байгаа сауны массажны газар, торгуулийн арга хэмжээ авагдсан хүний тоо нэмэгдсэн. Тиймээс 2002 оны эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангийн агуулгыг найруулж, дахин гэмт хэрэгт тооцох шаардлагатайг эрхэм хууль тогтоогч нар анхааралдаа авах шаардлагатай болжээ.


Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлэх Германы төслийн дараагийн шат эхэллээ

Манай улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2-3-р шатыг хэрэгжүүлэх гэж байна.

Энэ талын харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-ны төслийн менежер Нина Отто нар гарын үсэг зурав.

Төслийг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж байгаа юм. Мөн санамж бичигт төслийн 2, 3-р шатанд хамрагдах Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурлаа.

Нийт 27.5 сая еврогийн өртөгтэй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг Тусгай хамгаалалттай газар нутгийн баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймаг болон бусад бие даасан нутагт 2019-2026 онд хэрэгжүүлнэ. Төслийг бүсчилсэн хосолсон (кластер) хэлбэрээр хэрэгжүүлэх юм. Орон нутгийн бүсүүдэд сум орон нутгийн удирдлага болон байгаль хамгаалах байгууллагын хамтын ажиллагааг сайжруулан, Тусгай хамгаалалттай газар нутгийн болон эко-хонгил нутгуудыг хамгаалж, ашиглах, орон нутгийн тогтвортой хөгжлийг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон ТББ-ууд, хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлэх юм.

Төслийн санамж бичигт гарын үсэг зураг ёслолын үеэр ХБНГУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад төслийн 1-р шатны хүрээнд нийт 250.000 еврогийн нисдэг аппарат болох дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцас гардуулсныг сайд Н.Цэрэнбат зарим Хамгаалалтын захиргааны төлөөлөлд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Герман, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа энэ жил байгаль орчны салбарт дэмжин тусалж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, цаашлаад II, III шатыг хэрэгжүүлэхээр болсонд талархаж байгаа”-гаа илэрхийлсэн юм.

ХБНГУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау хэлэхдээ, “Монгол Улс өөрийн өвөрмөц ландшафтыг хамгаалахын тулд байгаль орчныг хамгаалах ажиллагаагаа шинэчилж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Герман улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин зүтгэж буй найдвартай түнш хэвээрээ байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.