Categories
гадаад мэдээ

Нотр Дамын сүмийг видео тоглоом ашиглаж сэргээн босгож магадгүй

Парисын Дарь эхийн сүм гал түймэрт өртсөний дараах сэргээн босголтын ажилд Францын бизнесмэнүүд нийтдээ $1 тэрбумыг хандивлаад байна.

Тэгвэл энэхүү түүхэн дурсгалыг бараа бүтээгдэхүүндээ ашиглаж орлого олдог компаниуд мөн их хэмжээний хандив өргөжээ.

Тухайлбал видео тоглоом бүтээгч Ubisoft компани 500 мянган еврог сүмийн сэргээн босгох үйлсэд хандивлахаар болсноо мэдэгдсэн байна.

Тус компанийн бүтээсэн “Assassin’s Creed Unity” видео тоглоомонд Дарь эхийн сүмийг компьютер графикаар дүрслэн ашигласан байдаг.

Үүнээс гадна Ubisoft энэхүү тоглоомныхоо PC хувилбарыг дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл үнэ төлбөргүй болгож, Нотр Дамын дурсгалыг хүндэтгэхээр болжээ.

Холбоотой Зураг

Ubisoft-ийн тоглоомонд Дарь эхийн сүмийг маш нарийн дүрслэн үзүүлсэн байдаг. Зарим хүмүүс сүмийн сэргээн босголтын ажилд тэдний график дүрслэлийг ашиглах санал гаргаж байгаа юм.

Энэ талаар байр суурийг нь тодруулахад тус компанийн төлөөлөгч “Сэргээн босгох үйлсэд манай туршлага, мэдлэг хэрэг болно гэвэл бид маш их баяртай байх болно” гэж хэвлэлд ярьжээ.

Холбоотой Зураг

Ubisoft-оос гадна Виктор Гюгогийн “Notre-Dame de Paris” зохиолоор хөгжимт энимэйшн кино бүтээж, Оскар болон Алтан бөмбөрцөг наадмын шагналд нэр дэвшүүлж байсан Дисней компани $5 саяыг сүмийн сэргээн босгох үйлсэд хандивлахаар амласан байна.

Categories
мэдээ нийгэм

Их тойруугийн хайс, хашааг буулгана

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Эхний ээлжинд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, хаалт, түр хашааны судалгааг гаргах юм.

Тус судалгааг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг ажлын 10 хоногийн хугацаанд буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн урьдчилан мэдэгдэх юм.

Мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж, буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан хэрэгжүүлэхийг үүгээр сонордуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​”Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгнө

Image result for Д.Мөнхтүшиг

“Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа хүлээлгэн өгөх болсон байна. Шалтгаанаа хувийн асуудлаар гэжээ. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сараас томилогдон ажиллажээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард гэрээний хугацаа нь дуусч байгаа аж. Гэвч хувийн асуудлаар цаашид ажиллахгүй болсон байна. Тэгвэл тус компанийн дэд захирлаар Х.Амаржаргалыг томилохоор болжээ. Тэрбээр Их Британид хуульчаар суралцсан, өмнө нь “Рио Тинто”-ийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. Мөн “Рио Тинто” компанийн Лондон дахь салбарт Уул уурхайн асуудал эрхэлэн ажиллаж байгаад ийн Монголд ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, МХЕГ, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд өнөөдөр хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Японы Жайка олон улсын байгууллагын төлөөлөл болон ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, МХЕГ, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм. Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд ашиглагдах тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг өнгөрсөн онд нийслэл, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 60 гаруй мэргэжилтнийг хамруулан зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сертификатжуулах сургалтыг зохион байгуулна

Санхүүгийн зохицуулах хорооны “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11-д “Тусгай зөвшөөрлөө авснаас хойш 6 сарын хугацаанд банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна” гэж заасан байдаг.

Сургалтаар ББСБ-ын үйл ажиллагааны онцлог, хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, тайлагнал, олон улс дахь бичил санхүүгийн салбарын хөгжил, өнөөгийн төвшин, нийгмийн хариуцлага, үйлчилгээний байгууллагын стандарт зэрэг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг олгоход чиглэгдсэн мэдээллийг ББСБ-уудын удирдах албан тушаалтнуудад нэгдсэн байдлаар өгөх зорилготой юм. Мөн банк бус санхүүгийн салбарын ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүй, комплаенс зэрэг сэдвүүдийг сургалтын хөтөлбөрт нэмж оруулсан.

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хамтран шинээр тусгай зөвшөөрөл авч буй ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сертификатжуулах сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сургалтад хамрагдах хүсэлтэй тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-уудын удирдлагууд Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын 51-261668 утсанд холбогдож мэдээлэл авах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас ноднин 12 дугаар сард өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Гишүүдийн 52.4 хувийн саналаар тус хуулийн төслийг соёрхон баталлаа.

Дэлхийн шуудан холбоо /ДШХ/ нь дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг. Уг өөрчлөлтийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.Тус холбоонд дэлхийн 192 орон гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд манай улс 1963 онд элсэж байжээ.

ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн есдүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, энэхүү холбоонд Монгол Улс элссэнээр ямар эрх, үүрэг хүлээхийг тодруулав.

Энэхүү байгууллагад гишүүн болсноор, Манай улс олон улсын шуудан үйлчилгээг ашиглан шуудан дамжуулах эрхтэй болно. Түүнчлэн салбарын гадаад харилцаа өргөтгөх зэрэг олон давуу талтайг ХХЗХ-ны дарга Б.Чинбат онцлов.

ХХЗХ-ны ахлах мэргэжилтэн н.Баярсайхан нэмж хариулав. Тэрбээр, “Дотоодын шууданд давуу тал үүснэ. Тухайлбал, гадаадын хөгжингүй орнууд манай улсад шуудангийн салбарыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн тус протоколд нэгдсэнээр, тодорхой стандартад хүрэх шаардлагатай болно. Тиймээс шуудангийн салбарын хөгжилд нэмэртэй” гэлээ.

Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм.

Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог ажилд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт” төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайг барьцаанд тавьсан этгээдэд хариуцлага тооцохыг шаардлаа

Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн төв талбайг хувь иргэний нэр дээр эзэмшүүлж, барьцаанд тавьсан баримтууд тус хөдөлгөөнийхөнд ирсэн тул ийнхүү хэвлэлийн хурал хийсэн юм байна. Тэдний мэдээлснээр 2006 оны тавдугаар сарын 10-нд нийслэлийн Засаг даргын 215 тоот захирамжаар Сүхбаатарын талбайн 50 хувийг “Юү Би констракшн” компани буюу Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Эрдэнэбилэгийн мэдэлд шилжүүлсэн юм байна. Ингэснээр тус компани Сүхбаатарын талбайн урт талын хэсгийг Улаанбаатар хотын банканд хууль бусаар барьцаалан их хэмжээний мөнгө зээлээд байгаа ажээ.

Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 09-нд 500 сая, 2017 оны зургадугаар сарын 13-нд дөрвөн сая 2018 оны зургадугаар сарын 27-нд дөрвөн сая 450 мянган ам.доллар буюу нийт 8.6 сая ам.долларын зээлийг Улаанбаатар хотын банкнаас авч Сүхбаатарын талбайг барьцаанд тавьжээ. Тиймээс Сүхбаатарын талбайг хувийн эзэмшилд шилжүүлсэн шийдвэр хийгээд газрын гэрчилгээг хүчингүй болгож буруутэй этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж албан шаардлага хүргүүлж байгаа юм байна. Шаардлагын хариуг 72 цагийн дотор авах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Баянзүрх дүүргийн ИТХ хуралдана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XII хуралдаан маргааш болно.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн тогтоолоор дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлосон. Тус хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуульд 10,19 дүгээр тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

Автомашин хийгээр цэнэглэдэг болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зогсоожээ

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах “Санамж” бичиг байгуулсан билээ. Уг “Санамж” бичгийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа стандартын шаардлагыг хангаж буй эсэхийг хамтран шалгав. Шалгалтанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Автомашин хийгээр цэнэглэдэг /АХЦС/ болон шатахуун түгээх 12 станц хамрагджээ. Шалгалтаар галын аюулгүй байдлын тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан гурван аж ахуйн, нэгжид дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсээс зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Дээрх зөрчил гаргасан автомашин хийгээр цэнэглэдэг болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй гэж 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Багш нарыг төрийн одон медалиар шагналаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан Боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 62 дугаар зарлигаа гарган багш нарт төрийн одон, медаль хүртээсэн. Шагналыг Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 25-р тусгай сургуулийн биеийн тамирын багш Д.Долгоржав, Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн бага ангийн багш Г.Түмэннасан, 70-р тусгай сургуулийн согог зүйч багш Б.Энхтуяа, Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн багш С.Бээжинсан нар шагнагдлаа.

Алтан гадас одонгоор “Ирээдүй” цогцолбор ахлах сургуулийн газарзүйн багш Ш.Оюунчимэг, Шинэ анагаах ухааны их сургуулийн багш Б.Саранцэцэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн технологийн багш О.Эрдэнэ-Ус, Баянгол дүүргийн 133-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгор, Дорнод аймгийн “Шинэ хөгжил” сургуулийн технологийн багш Д.Чулуунбаатар, Нийслэлийн 53-р сургуулийн биеийн тамирын багш Л.Энхболд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын бага боловсролын багш Г.Энхтуяа, 25-р тусгай сургуулийн биеийн тамирын багш Ц.Намжилдорж, Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Б.Нямсүрэн нар энгэрээ мялаалаа.

Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Цогбаяр, Баянзүрх дүүргийн 62-р цэцэрлэгийн багш Ш.Насанжаргал, Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн багш Д.Нямцоо нар шагнагдлаа.

Засгийн газрын шагнал-Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн ахмад багш Ч.Жимс, “Эхлэл АОМ” сургуулийн захирал Ц.Бадамхатан, Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн багш Я.Байгалмаа нар шагнагдлаа.

Төрийн одон медалиар шагнагдсан багш сурган хүмүүжүүлэгч нарт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг баяр хүргэж, амжилт хүслээ