Categories
мэдээ нийгэм

Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгүүдийг байгуулав

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдад Засаг даргын захирамжаар “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг”-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХ-тэй хамтран гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг гамшиг, аюулт үзэгдэл ослын тухай ерөнхий ойлголт, ахуйн болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд явуулж, хээрийн түймэр унтраах болон жагсаалын бэлтгэлийн дадлагыг хийсэн юм.

Сайн дурын хэсэг нь орон нутагтаа гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, гамшгийн дараах хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллах чадвар эзэмшлээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга танилцуулгадаа дурдлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Бид иргэний нийгмийн байгууллагын хүсэлтээр нээлттэй хэлэлцүүлэгт урьсан. Нэр дэвшигчид иргэдийг сонсож, асуултад нь хариулсан. Бидний таван гишүүн нээлттэй хэлэлцүүлэгт гарсан бүх асуудлыг та хоёр илгээнэ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид прокурорын байгууллагад өмнө нь ажиллаж байсан. Бидний үед ажиллаж байснаас эрхзүйн орчин өнөөдөр өөрчлөгдсөн. Бид улс төрийн гашуун туршлагыг давсан хүмүүс. Яллах, цагаатгах асуудлыг эн тэнцүү авч үзэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байлаа. Өнөөдрийн хүрсэн тогтолцоонд хүртэл их зам тулжээ. Прокурор хяналт тавих шүүлтүүр болох ажил. Гэтэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаагчийн үйл ажиллагааг удирдагч, зааж зааварлагч болж байна гэж шүүмжлэл дагууллаа.

Томилгоотой холбогдуулан нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Categories
гадаад мэдээ

Тайваньд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Тайванийн зүүн эрэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус улсын Цаг уурын байгууллага мэдэгдэв. Газар хөдлөлтийн улмаас ямар хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Нийслэл Тайпэй хот газар хөдлөлтийн голомтоос 115 км-ын зайд оршдог ч нийслэл дэх барилгууд газар хөдлөлтийн нөлөөгөөр ганхаж байжээ. Иймд хотын метрог түр зогсоогоод байна. Мөн газар хөдлөлт болсон, зүүр эргийн сургууль цэцэрлэгүүдийг хааж, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлжээ.

АНУ-ын Геологийн судалгааны алба газар хөдлөлтийн голомт 19 км-ын гүнд байсан гэсэн бол Тайванийн Цаг уурын байгууллага 10 км-ын гүнд гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

НордАрт 2019 – Олон улсын үзэсгэлэнд Монголын 23 уран бүтээлчдийн бүтээл оролцохоор шалгарчээ

Заримдаа ганцхан өнгө, бийрийн нарийхан зураас ч дэлхий ертөнцийг нээн харуулахад хангалттай байдаг. Аливааг өөр өнцгөөс харж, танин мэдрэх тэрхүү торгон мөч, сайхан боломжийг ХБНГУ-д жил бүр зохиогддог НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулагчид урлаг сонирхогч хүн бүрт олгож байна. Энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Европтоо хамгийн далайцтай энэхүү томоохон үзэсгэлэнд ХБНГУ Монгол Улстай дипломат харилца тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон „Хөрстөд ор шихуй: Хүршгүйтэй учрахуй “ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

2019 оны 6 сарын 1-нээс 10 сарын 13-ны өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд ойролцоогоор 102 орны 3000 гаруй уран бүтээлчид бүртгүүлснээс 200 уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зураг, уран баримал, инстоляци чиглэлийн уран бүтээлүүд шалгарчээ. Бүтээл бүр өөрийн гэсэн түүх, өнгө аясыг өгүүлэх бөгөөд хамтдаа урлагийн гайхалтай цогц үзэмжийг хослуулан нэгэн дор амилах юм.

Дэлхийн олон орон оролцож байгаа уг үзэсгэлэнгийн энэ оны Онцлох Орноор зохион байгуулагчид Франц Улсыг нэрлэж байгаа юм. НордАрт-ын Ерөнхий куратор Вольфганг Грамм, ko-куратор Инга Ару нaр Францын павильоны куратор Жероме Котинет Афайзтай хамтран „Some of Us“ нэрийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Францын эмэгтэй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна. Эдгээр уран бүтээлчид нь 60-аад оны сүүлч 90-ээд оны эхээр төрсөн үе үеийн төлөөллүүд бөгөөд сүүлийн жилүүдэд эх орондоо төдийгүй хилийн чанадад өндрөөр үнэлэгдэж байгаа эмэгтэй юм. Үзэсгэлэн нь үзэгч, судлаачдад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдгээрийн хөгжил дэвшил, мөн тэдний ижил төстэй талуудыг тодотгон харуулах, жинхэнэ франц, цаашилбал, барууны үзэл бодол, харах өнцгийг шинжин судалж үзэх зорилго, боломжийг олгож байна.

Энэ жилийн “Онцлох Орон” Франц Улсын павильон нь Франц Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд хатагтай Анне Марий Дескоутн ивээл дор зохион байгуулагдаж байна.

НордАртын зүгээс 2015, 2016 онуудад Монгол Улсын бие даасан павильонд “Монгол уран бүтээл”-ийг тухай бүр 80-100 мянган урлаг сонирхогчдод өргөн хүрээтэй танилцуулах томоохон боломжийг олгож байсан ба энэ удаад манай уран бүтээлчид уран зураг, уран баримал, каллиграф, инстоляц, видео арт, орон зайн инстоляц төрлийн бүтээлүүдээс сорчлон, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай нэгдмэл үзэсгэлэнг „Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвийн дор толилуулах гэж байна. 2019 оны НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улсыг төлөөлөхөөр сонгогдсон 23 уран бүтээлчийн ажлууд хэдийгээр илэрхийлэл, хэлбэр, хэллэгүүдийн хувьд харилцан адилгүй боловч хөрстөд оршихуй хийгээд хүршгүйтэй учрахуйн огтлолцол болон заагийг эцэлгүйгээр эрэлхийлснээрээ нэгэн үзэл санаан дор нэгдэж байгаа болно.

Cоёлын Элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа ба урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар НордАртын ерөнхий кураторуудтай нэг баг болон жилдээ хамтран ажиллаж байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн „ACO Wagenremise“ талбайд 30 жилийн өмнө нэгдэж, томоохон цар хүрээтэй, чанартай урлагийн бүтээлүүдийг туурвих болсон хойд Германы реалист уран бүтээлчдийг онцгойлон авч үзэж, уран бүтээлүүдийг нь толилуулах болно. 1989 оны намар Европын улс төрийн байдал хөл хөдөлгөөнтэй болж эхлэх үеэр Николаус Стёртенбэкэрийн санаачилгаар уран бүтээлчдийн хүрээлэл, нэгдэл үүсч, уран зургийн объект тусагдахууныг зурах шинэ хэлбэрийг хайж эхэлсэн бөгөөд өөрийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан юм.

Энэ онд НордАрт Хятадын уран бүтээлчдийн оргил бүтээлүүдээс үзэсгэлэндээ дахин тавихаар болсон байна. Лю Ровангийн ер бусын Хүн сармагчин, Шү Биний Галт шувуу бүтээлүүдээс гадна Дэн Гуо Яны Ноагийн цэцэрлэг, Ши Жиан Жуны Вавилионы оршин суугч бүтээлүүдийг үзэж сонирхож болох нь ээ.

Үүнээс гадна НордАртын зүгээс 2018 онд үзэгчдийн шагнал хүртсэн Шиан Жин, Зиан Дали, Екатерина Цахарова болон Ханс Юлиус, Ёханна Альман нарын нэрэмжит шагналтан буюу НортАртын шагналын сан болох 10 мянган еврогийн эзэн Чех Улсын уран бүтээлч Михал Габриел нар уригдан шинэ уран бүтээлээрээ оролцоно.

Күнстверк Карлсхютте бол олон улсын хэмжээнд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Герман улсын Бюделсдорф хот дахь АCО группын ашгийн бус соёлын байгууллага юм. Энд олон улсын төрөл бүрийн үзэсгэлэн, концерт, уран зохиол, киноны танилцуулгууд зохион байгуулагддаг. Гол үүрэг бүхий байгууллага НордАрт нь Европын орчин үеийн урлагийг сурталчлан таниулах зорилготой. Ерөнхий куратор Вольфганг Граммын жил бүр шинээр гаргасан төслийн дагуу Европтоо хамгийн томд тооцогддог энэхүү үзэсгэлэнг зохион байгуулдаг юм. НордАрт үзэсгэлэн нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд эртний уламжлалтай, 120 гаруй жилийн түүхтэй төмөр цутгах газрын буурин дээрх уужим цэлгэр цэцэрлэгт байгууламж бүхий талбайд зохион байгуулагддаг юм.

Карлсхюттегийн асар том танхим нь 22 мянган метр квадрат талбайтай бөгөөд ACO группын эдийн засгийн байгууламж болон 80 мянган метр квадрат бүхий хөшөө дурсгалаас бүрдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй.

2011 оноос эхлээд Күнстверк Карлсхютте нь Шлесвиг-Хольштайн мужийн олон улсын найрал хөгжмийн их наадмыг зохион байгуулах гол газар нь болоод байна. ACO группын Торманхалле концертын танхим нэг дор 1.200 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Дэлхий дахины уран бүтээлчдийг холбож байдаг НордАрт болон Шлесвиг-Хольштайн мужийн классик хөгжмийн фестиваль нь хоёулаа дүрслэх болон хөгжмийн урлагийн нарийн зохицолгоо, хослолыг харуулж буй тод жишээ бөгөөд урлагийн олон төрлийг нэгтгэсэн чиглэл „cultural crossover“ хөгжүүлэхэд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулж байна.

2015 оноос эхлээд хөгжмийн фестивалийн концертууд нь НордАртын дотоод танхимд тавигдаж байгаа. Күнстверк Карлсхюттегийн үйл ажиллагааг гэр бүл – ноён Ханс Юлиус, хатагтай Ёханна Альман нар удирдан явуулдаг юм.

“Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮ ТББ”–н мэргэжлийн баг албан ёсны хамтын ажиллагааны түншээр “НордАрт”-тай хамтран Монгол Улсын 3 дахь Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг үргэлжлүүлэн удирдан ажиллаж байна. “НордАрт 2019” үзэсгэлэнгийн Монгол Улсын Павильоны хамтын ажиллагааны албан ёсны түншүүд нь МУ-ын ГХЯ-ны Гадаад Сурталчилгаа, Соёлын Харилцааны Газар, БСШУСЯ, ЗГ-ын хэрэгжүүлэх агентлаг Соёл Урлагийн Газар ба ХБНГУ-д суугаа Монголын Элчин Сайдын Яам болно.

НордАрт-д Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчид:

  1. Лхагвагийн Амарсанаа
  2. Болдын Бадрал
  3. Болдбаатарын Батжин
  4. Цэдэнпилийн Баттөр
  5. Алгаагийн Болормаа
  6. Дэчиндоржын Булгантуяа
  7. Сэрээтэрийн Дагвадорж
  8. Дагвадоржын Дөлгөөн
  9. Түмэннастын Даваасамбуу
  10. Очирбатын Энхтайван
  11. Пүрэвийн Ганбат
  12. Цэндийн Ган-Эрдэнэ
  13. Лхамсүрэнгийн Ганхуяг
  14. Ариунболдын Жавхлан
  15. Эрдэнэхүүгийн Халиунаа
  16. Батмөнхийн Намуун
  17. Оюунпүрэвийн Ням-Очир
  18. Аюурзанын Очирболд
  19. Уранчимэгийн Одмаа
  20. Сэр-Одын Саранцацралт
  21. Самандбадраагийн Тамир
  22. Жамбалын Түвшинжаргал
  23. Баясгалановын Жигжит

Categories
мэдээ улс-төр

Капитал банкнаас ЭМД-ын сангийн 134.8 тэрбум төгрөгийг нэхэмжилж авна гэв

2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө болох 12.9 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулж, 2012-2016 онд нийтдээ 134.8 тэрбум төгрөгийг “хадгалуулжээ”. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, Капитал банкны эрх хүлээн авагчаас энэ мөнгийг нэхэмжлэх гэж байгаа тухайгаа ЭМЯ-ын сайд Д.Сарангэрэл мэдэгдэж байсан юм. Энэ тухай өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин мэдээллээ. Тэрээр хэлэхдээ, “Капитал банкнаас эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө нэхэмжилж авна. Энэ хөрөнгө бол Монголын ард түмэн эрүүл мэнддээ эрсдэл учирсан үед санхүүгийн дэмжлэг авах гэж төлсөн мөнгө. Энэ бол төсвийн мөнгө биш монгол хүн бүрийн халааснаас гарсан мөнгө. Тиймээс энэ мөнгө эрүүл мэндийн даатгалын санд байрших ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО шог зураг, зурагт хуудасны уралдаан зарлажээ

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл Төв ТББ-тай хамтран Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан шог зураг, зурагт хуудасны уралдаан зарлажээ. Хоёр дахь жилдээ зарлаж байгаа уг уралдааныг энэ удаа “Сонгуулийн саналд хуурамч мэдээлэл хэрхэн нөлөөлж байна вэ” гэсэн сэдэвтэйгээр зарласан байна.

Мэдээ, мэдээллийн хүртээмж нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хуурамч мэдээллийн орон зай, аюул заналын хэмжээ мөн нэмэгдэж байгаа. Тиймээс олон нийтийг энэ талын мэдээллээр соён гэгээрүүлэх, хуурамч мэдээллийг таних, аливаа мэдээ, мэдээлэлд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах чадварыг дээшлүүлэх шаардлагатай тулгарч буй юм. Тиймээс сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, тэр дундаа мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг оролцоо урьд урьдынхаасаа илүү амин чухал шаардлагатай гэдгийг зохион байгуулагчид онцолжээ.Шог зураг, зурагт хуудасны уралдаанд 16-24 насны залуучууд оролцох юм байна.ЮНЕСКО шог зураг, зурагт хуудасны уралдаан зарлажээ

Categories
мэдээ улс-төр

Үндэсний урлагийн театр, музейн барилгын газрыг судалж байна

Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж байна. Өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс театр болон музейн байгууламж барих боломжит газруудад очлоо. Бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтжээ. Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний урлагийн их театр барих боломжтой гэж үзэв. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулна гэлээ. Мөн Дүнжингарав худалдааны төвийн зүүн тал болон Яармагийн урд хэсэг газарт очиж музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцлаа. Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй Үндэсний урлагийн ордон барих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх тавдугаар сарын 15-аас түүхий нүүрсийг хориглоно

Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд “Агаарын чанарын хяналтын хэлтэс”-ийг шинээр байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар хороо тус бүрээр томилон хороодын Засаг дарга, 1368 хэсгийн ахлагчидтай хамтран агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа аж.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

1. Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбох ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран 81 халаалтын зуухны байгууламжны 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын 176 зууханд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгч, үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

2. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж, байгууллагын 41 обьект, тусгай зөвшөөрөлгүй 107 ААН-д тогтоолын хэрэгжилтийг хангуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэх талаар улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.

3. Төвлөрсөн инженерийн системд холбогдоогүй 105 шатахуун түгээх станц /ШТС/, ахуйн хийгээр цэнэглэх станц /АХЦС/, худалдаа үйлчилгээний төв, 30 амралт, жуулчны баазын ариун цэврийн байгууламжийн байдалд хяналт шалгалт хийж шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж буй 17 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэн, 320 айл өрхийн ариун цэврийн байгууламжид 4 төрлийн 25 асуумжийн хүрээнд тандан судалгаа хийлээ. Албан шаардлагын дагуу долоон амралт, жуулчны бааз, 21 ШТС, АХЦС нүхэн жорлонгоо буулган мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэж үечлэн булж ариун цэврийн байгууламж болон, цэвэрлэх байгууламжаа стандартын шаардлагад нийцүүлэн өөрчилсөн.

4. Хот, суурин газрын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг шинэчлэн тогтоож, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гарган мөрдүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах 1, 2, 3, 4 дүгээр бүсэд харьяалагдах агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй авто засвар, дугуй засвар, ТҮЦ мухлаг, харуулын байр, хүнсний дэлгүүр, цайны газар зэрэг нийт 5234 объектод шалгалт хийж бүсийн дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр 3328 мэдэгдэл, мэдэгдэх хуудас, акт, албан шаардлага хүргүүлсэн. Энгийн 269 зуухыг сайжруулсан зуухаар солиулж, 629 объектод цахилгаан халаагуур тавиулж, төвлөрсөн шугамд холбогдсон 71 объектод хяналт тавьжээ.

5. Хороодийн хэсгийн ахлагч, Засаг дарга, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдвээр 112 удаагийн сургалт зохион байгуулж, Агаарын чанарыг сайжруулах I, II, III, IV бүсэд мөрдөх журмыг сурталчилсан зурагт хуудас, тортог ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгсэл, тоосжилт үүсгэж буй зам, барилгын үйл ажиллагаа зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн мэдээлэл ирүүлэх талаар анхааруулга, дугуй, пластик болон хог хаягдал шатааснаас ялгарах химийн хорт бодис, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар сэрэмжлүүлгийг худалдаа, үйлчилгээний газрууд байршуулсан.

6. Дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох арга хэмжээний хүрээнд Нарантуул Олон улсын худалдааны төв, Нарантуул худалдааны төв-2, Хар хорин худалдааны төвүүдэд ахуйн зуух худалдан борлуулж буй 31 иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж худалдан борлуулж буй бүтээгдэхүүнд эрх бүхий байгууллагын дүгнэлт, тохирлын гэрчилгээ, аюулгүй ажиллагааны ба ашиглалтын заавар зэрэг дагалдах баримт бичиггүй, байгууллагын дотоод хяналтаар холбогдох дүрэм журам, тушаал гаргаагүй, ахуйн хэрэглээний зуух худалдаалалтад хяналт тавих талаар тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул албан шаардлага хүргүүлж Нийслэлийн Засаг даргын А/17 захирамж, MNS 5216:2016 стандартын шаардлага хангасан ахуйн хэрэглээний зуухны талаар зөвлөмж хүргүүлэн сургалт зохион байгуулан ажиллалаа.

7. “Боловсруулсан түлш үйлдвэрлэх ажиллагаанд хяналт тавих” ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй “Бэржинхангай”, “Эрдэнийн болор илч”, “MCPT”, “Гүүдшэйринг”, “Таван толгой түлш” ХХК-иудын шахмал түлшний үйлдвэрүүд, тэдгээрийн агуулах, нөөц бэлтгэсэн байдалд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн самрын ясан шахмал, нүүрсэн шахмал, үртсэн шахмал түлшнүүдээс дээж авч байнгийн хяналт тавьж ажиллаж байна.

8. Агаар, орчны бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд учруулж байгаа урт болон богино хугацааны сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга барилыг төлөвшүүлж, агаар, орчны бохирдлын улмаас үүсэх өвчлөлийг бууруулах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын 67 сургууль, 72 цэцэрлэг, 15 эмнэлэгт олгосон 2110 ширхэг агаар цэвэршүүлэгчийн ашиглалт, төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, нэмэлт шүүлтүүрийн нөөц, агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу ашиглаж зориулалтын дагуу анги танхим, өрөө тасалгаанд байрлуулсан эсэхэд тандалт судалгаа хийж, агаар цэвэршүүлэгчийг ажиллуулах талаар зөвлөмж өгөв.

9. 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар агаар бохирдуулагч эх үүсвэрт 300 обьект, зөвлөн туслах үйлчилгээнд 191 объектыг хамруулахаар төлөвлөөд байна.

10. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлэх Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /2017-2025 он/, Агаарын тухай хууль, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, агаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах, мөн илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь арилгуулах, мэдээлэл, судалгааг цаг алдалгүй дамжуулан хамтын ажиллагаагаа сайжруулах, хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх талаар хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

11. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгаас нийслэл хот yруу бүх төрлийн түүхий нүүрс тээвэрлэх, нэвтрүүлэх ажиллагаанд жилийн дөрвөн улиралд маршрутын бус замд байнгын хяналт тавихаар Ар гүнтийн даваа, Налайхын зам дагуу, Морингийн даваа, Тахилтын даваанд явуулын хяналтын цэг ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Капитал” банкны харилцагч буурай нар “Хаан” банкнаас тэтгэврээ авна

“Капитал” банк дампуурч, тус банкаар үйлчлүүлж байсан иргэд, байгууллагууд хүнд байдалд орсон. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг тавдугаар сараас эхлэн “Хаан”банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдлээ.

Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс хойш “Хаан” банканд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авах юм байна.

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь нас хохирсон хэргийг шалгах Түр хороо байгуулах асуудлын анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

Түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, А.Сүхбат нар санаачлан Их хурлын даргад өргөн барьж, гишүүнээр ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлж байсан. Харин тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Түр хороонд орж ажиллахаас татгалзсан бол Х.Нямбаатар, Я.Санжмятав нар тус хороонд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийснээр дээрх байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдийн олонх дэмжлээ.

Түр хороо байгуулахтай холбоотой гишүүдийн асуулт, хариултыг товчлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өмнө нь энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж байсан. Одоо Түр хороо байгуулах гэж байна. Ажлын хэсэг, Түр хороо хоёрын уялдаа холбоог тайлбарлаж өгөөч.

Хамгийн гол нь энэ хэргийн захиалгагч хэн бэ гэдэг асуудал байна. Түр хорооны хамгийн чухал хийх ажил бол олон нийтийн дунд байгаа эргэлзээг нэг мөр болгох. Мөн захиалагчийг ил болгох юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Улсын нууцаас гаргасан хэр нь прокурорууд хавтаст хэргийг архивт аваачаад өгчихсөн. УЕП-ын хуучин удирдлагууд нууц гэж хав дарсаар ирсэн. Шинэ прокурор нь хууль журмын дагуу танилцах боломж олгох байлгүй.

Гурван шатны шүүхийн тогтоолтой танилцах юм бол энэ хэрэг худлаа гэдэг нь ил болох юм. Ил болсных нь дараа би тэр шийдвэрүүдийг уншиж үзсэн. Энэ парламентын баталсан Төрийн болон албаны тухай хуульд “задруулсан тохиолдолд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц мэдээллийг төрийн нууцад хамааруулна” гээд заачихсан.

Гэтэл тодорхой хэргийг нууцалсан нь дэндүү адал балмад явдал гэж үзээд байгаа. Одоо яриад байгаа зүйлийг Олон улсын парламентын холбоо биднээс илүү шалгаж байгаа юм билээ.

Хүн тамлаж хэрэг хүлээлгэж байгаагаа л нууцалж байгаа. Түүнээс биш тэнд нууцлаад байх юм байхгүй.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Эрүүдэн шүүж, тамлаж байцаалт авсныг гишүүд, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагынхан үзлээ. Одоо хэнд үзүүлэх вэ. Хэнд үзүүлж, хэнд үзүүлж болохгүйг хэн шийдээд байгаа юм бэ.

Энэ хэрэгт холбогдсон хоёр хүнийг эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой болоод байна. Яагаад суллахгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг хэн шийдэх үү гэдгийг асуумаар байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газраас зөвшөөрөгдсөн хэмжээнд нь нууцаас гаргасан. Олон нийтэд хэзээ яаж үзүүлэх вэ гэдэг дээр маргаан яваад байгаа. Үүнийг Түр хороо байгуулагдсаны дараа жичид нь ярих юм байгаа биз. Би бол олон нийтэд үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Ер нь ном журмаараа Ерөнхий прокурор юм уу Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд тэр хоёр хүнийг суллуулах боломж байгаа. Гэвч ямар нэгэн шалтаг шалтгаан заагаад байгаа. Уг нь болдог бол өнөөдөр ч болтугай сулламаар байна.


Ийнхүү Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Үдээс хойших хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх юм.