Categories
мэдээ цаг-үе

Элэгдсэн зурагны эзэд хаана явна?

Манай сургууль, манай ангийнхан

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)


1953 он. Нэг сургууль нэг анги

1953 оны зургадугаар сарын 3-ны өдөр авахуулсан зураг надад явна. Энэ зураг бол Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургуулийн багш сурагчдын концертынхон. Голдуу манай ангийнхан. Энэ өдрөөс хойш 66 жил өнгөрч. Эхлээд би сургууль ангийнхнаа танилцуулъя. Эхний эгнээнд сууж байгаа нь (зүүн гараас) Цэдэвсүрэн, Сугир, Нордов, Бат-Очир, Бадан, Лхамсүрэн, Багмид, найм дахь зураг их бүдэг гарч. Жанлав багш юмуу даа. Дунд эгнээнд (зүүн гараас) Мааяа, Даримаа, Батмөнх, Н.Д.Меркулова, Содовдорж, Цээпил, Люба,арын эгнээнд (зүүн гараас) Д.Пунцаг, Жамсран, Маам, Банди, Таяи, Пунцаг нар.

Энэ зураг дээр манай ангийн гурван багш, бусад нь сурагчид. Би багш нараасаа эхлээд товч танилцуулахыг хичээе. Арын эгнээний хамгийн эхэнд зогсож байгаа хүн бол манай 10 дугаар ангийг дааж төгсгөсөн Д.Пунцаг багш. Миний ангийн багш. Хэл уран зохиолын их мэдлэгтэй, орос хэлний орчуулагч. Сүүлд Дархан хотын дунд сургуульд багшилж байгаад таалал төгссөн. Хөгшин нь одоо бий. Бид хоёр үргэлж утсаар ярьж уулзаж байдаг юм.

Дунд эгнээний голд зогсож байгаа орос эмэгтэй бол бид бүхний хайртай багш Нинель Дмитриевна Меркулова. Сайншандын арван жилийнхэн энэ багшийн ач буянаар аравдугаар ангиа орос хэлний овоо дориун мэдлэгтэй төгсөж байлаа.

Манай орос багшид оролцдоггүй зүйл бараг байгаагүй. Багш маань тэр үед гучаад настай байсан юм бол уу даа. Тэднийх дэнжийн хоёр давхар гурван байшингийн хамгийн арын байрны зүүн орцны нэгдүгээр давхарт ганц өрөөнд амьдардаг, нөхөр нь геологийн албаны жолооч, ганц хүүтэйгээ гурвуул амьдардаг байсан. Биднийг гэртээ аваачаад гармон, мандолин, хуучир хөгжимтэй дуулж бүжиглэнэ. Манай багш орос, монгол дууг гайхалтай сайхан дуулна. Бидэнд дуу хөгжим заана.

Багш маань амралтын өдрүүдэд бидэнтэй хамт хөл бөмбөг тоглоно. Сургууль, эцэг эхийн байр хоёрын хооронд тэгшхэн талбайтай. Тэнд, хэдэн чулуугаар хаалга хийчихээд, ёстой үзэж тарна даа. Багш маань нэг багт нь орчихно. Эмэгтэй хүн гэхэд ямар мундаг довтлогч байсан гээ. Бидний бөмбөг ч гэж хөгийн л эд. Би, нагац ахыгаа Эрээнцав руу мал туухад томоохон хаймар бөмбөг л захьдаг байсан. Ах маань “эр хониор авлаа” гээд томоо алаг бөмбөг авчирч өгнө. Бидний “амь”даа. Хагарч урагдахаар нь оёод, сүүлдээ дотор нь даавуу, ноос чихчихээд л өшиглөөд байна. Тиймэрхүү л хөлбөмбөгчид байлаа даа. Багш маань биднийг төгсөхөөс өмнөхөн нутаг буцсан. Вокзал дээр Пунцаг багш хадаг сүү гардуулж, бид уйлалдахыг хэлэх үү, хөгөө хөг.

Би нэг удаа Москвад курст суралцангаа багшийндаа хонон өнжин зочлуулж билээ. Манай аймагт гарсан хүү Слава нь танигдашгүй өндөр залуу болсон байсан. Манай сургуулийнхан тэднийхээр зочилдог юм билээ.

Урд эгнээнд зүүн гараас Г.Жамьян, Лхаажав Арын эгнээнд Я.Шаргайчулуун, 1955 он Цэргийн ерөнхий сургууль

Урд эгнээний эхэнд суугаа Б.Цэдэвсүрэн бол манай ангийн онц сурлагатан. Орост сургууль төгсгөж ирээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж байсан. Одоо, тэтгэврийн өвгөн.

Урд эгнээний гурав дахь залуу бол, Монголын уул уурхайн нэртэй ажилтнуудын нэг Нордов. Нутгийнхаа алт эрдэнэсийг амь шигээ хайрлан зүтгэж байсан ахмадуудын нэг юм. Урд эгнээний тав дахь хүн нь Бадан. Энэ хүнийг 10 дугаар анги төгсгөөд явснаас хойш би уулзаагүй. Сураг сонсохноо АНУ-д асар их нэр хүндтэй эрдэм судлаач, соён гэгээрүүлэгч байдаг гэсэн. Тухайн үед “Америкийн имперализм” гэж байсан улс руу Бадан маань яагаад явчихсан, яаж ажиллаж байдгийг даанч мэдэхгүй юм даа.

Урд эгнээний зургаа дахь хүн нь манай улсын нэрт геологч, уул уурхайн гавьяат ажилтан доктор профессор Ж.Лхамсүрэн. Дорноговиос төрж гарсан геологи-уул уурхайн цуутай эрдэмтдийн нэг. Саяхан хүртэл Их сургуулийн зөвлөх багшаар ажиллаж байсан.

Урд эгнээний долоо дахь хүн нь Ц.Багмид. Бид хоёр аравдугаар ангийг хамт төгссөн. Манай ангийн хоёр онц сурлагтан Цэдэвсүрэн, Багмид хоёр төгсөнгүүтээ ОХУ-ын Москва хотод дээд сургуульд суралцаж билээ. Ц.Багмид маань төгсөж ирэнгүүтээ Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн дарга болж, улсынхаа анхны нефтийн үйлдвэрийг олон жил удирдсан. Газрын тосны талаар ганц нэвтэрхий толь нь Багмид л гэх юм билээ. Одоо гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа. Энэ газрын тос нэрэх гээд байгаа хүмүүс Ц.Багмидаас маань асууж сурагладаг юм уу, үгүй юу, бүү мэд.

Хоёр дахь эгнээний зүүн гараас эхний хүн нь Мааяа. Бид нэг ангид суралцаж байсан боловч ах Гомбожав багш нь Дорнод аймаг шилжсэн учир Мааяа маань Дорнодын арван жилийг төгссөн. Улаанбаатарт ирж Анагаах ухааны дээд сургууль төгсгөн их эмч болоод Армийн төв эмнэлэгт насаараа хүний эрүүл энхийн төлөө зүтгэсэн буурал эмч бий. Гэр бүлээрээ нийслэлдээ энх тунх амьдарч байна. Бид “помидор” хэмээн шоглодог байсан улаан хацартай охин яг дүрээрээ сууж байгаа.

Дунд эгнээний хоёр дахь хүн нь Даримаа. Бид арван жил нэг ангид суралцсан. Дунд сургуулиа төгсөөд тэр үеийн Анагаах ухааны дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Нийслэлийн эмийн сангуудад ажиллаж байгаад таалал төгссөн. Хүүхдүүд нь Францад амьдарч байгаа.

Дунд эгнээний гурав дахь хүн нь С.Батмөнх. Дорноговийн төвд ганц л дэлгүүр байсан юм. Бид бүх хэрэгцээгээ тэр ганц дэлгүүрээс хангана. Эрхлэгч нь Сэвжид гуай. Батмөнхийн аав. Төв дэлгүүрийн эрхлэгчийн охин С.Батмөнх тухайн үеийн гоёл бүхнээр гангарна. Бас биднийг амттан болгоны дээжээр “дайлна”. Батмөнх маань Сайншанддаа нам төрийн хариуцлагатай алба хашиж байгаад таалал төгссөн.

Орос багшийгаа түрүү биччихсэн. Дунд эгнээний тав дахь хүн нь надтэй хамт 10 дугаар анги төгссөн Содовдорж. УИС-ийн Анагаах ухааны факультет гэж байхад эмч мэргэжлээр төгссөн. Дуулж хуурддаг,их нийтэч сайхан эмэгтэй байж билээ. Даанч, өндөр наслаагүй.

Дунд эгнээний зүүн гэрээс зургаа дахь хүн нь Цээпил. Дандаа инээж явдаг, хөөрхөн охин байж билээ. Төгссөнөөс хойш уулзаагүй.

Дунд эгнээний зүүн гараас долоо дахь хүн нь Люба. Дорноговь аймгийн Өргөн сумын алдарт тэмээчин болсон. Люба-гаа жаахан тодотгоё. Манай сургууль ангийнхны хамгийн царайлаг, ганган охин байлаа. Ёстой л “хаанахын хэний гэрт, туяарсан бэр болж очих бол” гэж ярьцгаадаг байсан сан. Тэгтэл сонин! Эцэг эхийн байрны бор гэрүүдийн дунд манайх байдаг байлаа. Манай үүдэнд арваад алхамын газарт Чимид, Батаа гэж хоёр том хүүтэй айл байдаг байв. Тэр хоёр том хүүхэд намайг айлгана. Гэрээс гарангуут л над руу дайрна. Би зугтаагаад гэрээдээ ордог байсан юм. Тоглодог л байхгүй юу даа. Намайг айгаад байхаар сүрийг үзүүлдэг болохоос зодож цохихгүй л дээ. Тэгсэн чинь Люба маань намайг айлгадаг тэр Чимидтэй суучихсан. Олон хүүхэдтэй өнөр өтгөн сайхан айл Өргөн суманд байлаа даа. Би тэднийхээр зочлох гэж хэд дахин мунгинаад олоогүй юм. Чимид маань хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэсэн. Люба маань нутагтаа тэмээгээ маллаад тэнхлүүн сайхан яваа гэсэн. Саяхан аймгийн төв рүү ирсэн гээд Мааяа бид хоёртой утсаар ярьсан. Говь нутгийн алдарт тэмээчнээ бид Улаанбаатарт урьсаар л байгаа.

Арын эгнээний эхний хүн Д.Пунцаг багшийгаа би түрүү танилцуулчихсан. Зүүн гараас хоёр дахь хүн нь Жамсран. Манай аймгаас төрж гарсан суут эрдэмтдийн нэг. Улсын их сургуульд олон жил багшилсан. Эрдэмтэн Жамсрангийн бичсэн ном зохиолууд УИС-ийн оюутнуудын ширээний ном болж байдаг.

Арын эгнээний зүүн гараас гурав дахь хүн нь Маам. Манай байранд Маам, Ухнаа гэж хоёр хүүтэй айл байсан юм. Маам нь багаасаа дуу хууранд авьяастай сэргэлэн хүү байж билээ. Залуугаараа таалал төгссөн. Ухнаа нь гадаадад сургууль төгсгөн том эрдэмтэн, орчуулагч байсан. Манай ангийн Даримаатай гэр бүл болон, өнөр өтгөн сайн сайхан амьдарч байж билээ. Тэр жил Ухнаа маань учир битүүлгээр таалал төгссөн гэдэг юм.

Арын эгнээний зүүн гараас дөрөв дэх хүн нь Банди. Энэ алдарт дуучныг монгол байтугай дэлхий мэднэ. Манай сургуулиас сонгодог дуурийн нэрт төлөөлөгч төрж гарсан нь Банди маань юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт олон жил дуулаад Монгол Улсын гавьяат жүжигчин болсон. Гадаад олон орны урлаг соёлын нэр хүндтэй шагналуудыг ч хүртсэн. ОХУ болон олон улсын нэр хүндтэй театруудын тайзнаас Бандийн маань дуу хоолой цуурайтаж байсан цаг үе саяхан даа.

Арын эгнээний зүүн гараас тав дахь нь Таяи. Манай сургуульд хамгийн ганган цэмцгэр залуу нь Таяи байсан. Урлаг соёлын их авьяастай, бид “ирээдүйн соёлын сайд” гэж цаашлуулдаг байж билээ.

Арын эгнээний зүүн гараас зургаа дахь хүн нь Пунцаг. Гайхалтай сайхан дуулдаг, хүүхэд байлаа. Бид Пунцагийгаа ирээдүйн том дуучин, жүжигчнээр төсөөлж боддог байв. Гэтэл Пунцаг маань аравдугаар ангиа төгсгөөд Анагаах ухааны дээд сургуульд орж суралцан, их эмч болоод Өмнөговь аймаг руу хуваарилагдаад явчихсан. Тэнд сайн ажиллаж нэр хүндтэй эмч байсан гэнэлээ. Нэлээд хэдэн жилийн өмнө таалал төгссөн гэсэн. Гэр бүл, хүүхдүүд нь хаана юу хийж явдгийг мэдэхгүй юм даа.

Миний нэг сургууль, нэг ангийнхан маань энэ. Манайхан сургуулиа төгсөөд бараг бүгдээрээ гадаад дотоодын дээд сургуульд хуваарилагдан, алс аяны жолоо өргөж байхад, миний хувь заяа бол арай өөр зүг рүү залсан. Намайг аравдугаар ангиа төгсдөг жил манай сургуульд Цэргийн ерөнхий сургуулийн хоёр хуваарь ирсэн. Я.Шаргай бид хоёрыг цэргийн дунд сургуульд хуваариллаа. Намайг бол “цэргээр хүмүүжүүлэх” гэсэн бодлого байж. Би чинь аравдугаар ангиа дунд дүнтэй, дунд сахилга баттай төгссөн гэрчилгээ гардан авсан хүн дээ. Тоо физикийн талын хичээлд тааруухан байж л дээ. Харин “дунд сахилга баттай” гэсэн гэрчилгээг Монголд би анх удаа авсан юм гэнэлээ. Сургуулийн захиргаа ээжид минь болохоор “хүүг чинь хамгийн сайхан сургуульд хуваарилсан. Гуравхан жил болоод гялалзсан офицер ирж, та нарыгаа тэжээнэ” гэсэн байдаг юм. Цэргийн ерөнхий сургууль намайг “хүмүүжүүлсэн”, мэдлэг чадвар олгосон, миний амьдралын их сургууль гэж бахархаж байдаг юм л даа. Даанч удаагүй, жил болоод л татан буугдчихсан. Тэгээгүй бол хөл минь хазгаргүй, нуруу цэх, шармал мөрдөс зүүчихсэн шажигнуулж явах ч байсан уу, бүү мэд.

Нэг сургууль, нэг ангийн амьд сэрүүн байгаа “хүүхдүүд”, тэдний болон таалал төгсөгчдийн гэр бүл, үр хүүхдүүдэд өнөө муу сахилгагүй Жамьян чинь чин сэтгэлийн мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсч ерөөе.

Утас 91166369, 365856, 99664319

Categories
мэдээ нийгэм

Тэргүүн дагуул одтой, улаан нохой өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 19, Сугар гариг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5:57 цагт мандан, 19:47цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Хойд Солонгосын удирдагчийг ардчилсан Монголын иргэд баяр хөөртэй угтах юм гэнэ үү” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг Өдрийн сонин”ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Хойд Солонгосын удирдагчийг ардчилсан Монголын иргэд баяр хөөртэй угтах юм гэнэ үү” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

Жил бүр “хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас дэлхийн 180 орны сэтгүүлзүйн нөхцөл байдлыг үнэлдэг билээ. Энэ удаагийн үнэлгээгээр манай улс 70 дугаар байранд оржээ. Энэ тухай нэг болон тавдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар нэг болон дөрөвдүгээр нүүрнээс унших боломжтой мөн УИХ-ын гишүүн Л.Болдтой хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монголын сагсчин Т.Их-Уул Европын сагсны клубтэй гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болжээ. Энэ тухай 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Мөн уламжлал ёсоор баасан гаригийн дугаарт “Нэг анги” булан нийтлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов.

Максимын Чинбат нь:

  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
  • 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Содонгийн Алиманцэцэг нь:

  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
  • 2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
  • 2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор
  • 2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Богд ууланд дахин түймэр гарав

Онцгой байдлын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 15:17 цагт Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсээс аврах 14-р анги, нэмэлтээр аврах 18-р анги, нийслэлийн аврах анги нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй 8 автомашин ажиллаж байгаа бөгөөд 3-4 га талбай түймэрт өртсөн байна. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй хэмээн урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд гарааны бизнесийн мэдлэг эзэмшинэ

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Энтрепренер соёл ба гарааны бизнес” сургалтыг улсын хэмжээнд нийт 500 оюутанд явуулна.

Сургалтыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Старт” ХХК-тай хамтран ирэх сарын 15-ныг хүртэл АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС-д 4 үе шаттай төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 15 их, дээд сургуулийн оюутнуудад зориулан зохион байгуулах юм.

Оюутнуудад гарааны бизнесийн үндсэн ойлголт, мэдлэгийг олгох зорилготой тус сургалтаар оюутнууд энтрепренершипийн хөгжил улс орны хөгжилд үзүүлж буй нөлөө, түүний хүчин зүйлс ба ач холбогдлын талаар болон бизнес санаагаа оновчтой танилцуулах, багаа зөв бүрдүүлэх, зорилтот зах зээл, хэрэглэгчээ зөв сонгох, туршилтын бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, туршилт явуулах, бизнес төлөвлөгөөг стандартын дагуу бичих зэрэг үндсэн мэдлэгийг эзэмшинэ.

Старт компани нь 2011 оны 5-р сард Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийг дэмжих зорилгоор үүсэн байгуулагдсанаас хойш төрөл бүрийн хөтөлбөр, сургалтаараа дамжуулан гарааны бизнесийн экосистемийн оролцогчдыг дэмжин ажиллаж байна. Компанийн явуулдаг “Startup Weekend” бол “Techstars” компанийн загвар бөгөөд олон тооны сургалт, хурдасгуур хөтөлбөр зэргийг багтаадаг 70 гаруй удаагийн хөтөлбөрөөр 20 мянган гарааны бизнес эрхлэгч, 4 томоохон хэмжээний төсөл, 5 олон улсын үйл ажиллагаа, 400 гаруй төслийг дэмжжээ. Түүнчлэн “Startup Weekend”-ээс төрсөн 400 гаруй гарааны бизнес өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ирэх наймдугаар сараас нийтийн тээвэрт картаар үйлчилнэ

Орхон аймгийн нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлнэ. Улаанбаатар хотын “Сим” ХХК аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст санал тавьсаны дагуу ирэх наймдугаар сарын 1-нээс нэвтрүүлэхээр болжээ.

Тус аймагт нийтийн тээвэрт бага, дунд оврын 45 автобус үйлчилдэг. Автобус бүрт сим карт унших төхөөрөмж, сурталчилгааны дэлгэц, автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төв байгуулж, хүүхэд, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, иргэдэд таван төрлийн карт олгох юм. Үүнд 530 сая төгрөг зарцуулах бөгөөд “Сим” ХХК өөрсдөө гаргах ажээ.

Харин орон нутгийн зүгээс карт борлуулах, цэнэглэх төвийн талбай болон бусад зохион байгуулалтын ажилд оролцоно. Нийтийн тээвэрт картын үйлчилгээ нэвтрэхэд автобусны кондукторуудыг ХХҮГ-тай хамтран ажлын байраар хангах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ.


УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Нэр дэвшигчдийн дэмжиж байна. Дэмжиж байгаагийн гол шалтгаан нь системийн хүмүүс орж ирснийх. Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, анхаарна биз. Бид эрхзүйт төрд ажиллаж байгаа. Шүүхийн засаглалд итгэнэ. Үүнийг бий болгох гол хүмүүс нь прокурорууд. Та нар хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр нийгэмд цахим хэрэгслээр гарсан мэдээллээр ялладаг болсон. Ийм эрхзүйт төр байхгүй шүү. Эцсийн цэгийг хуулийнхан тавина. Шүүхийн шийдвэрийн тогтоолоор хүнийг яллана. Үүнд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс нь прокурорууд. Энэ талд анхаарч ажиллаарай. Та нар гүйцэтгэх ажил хийдэг хүмүүс.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасныг хүн бүхэн ярьж байгаа. шүүх, Прокурорын байгууллага Монголд оршин тогтнохын аргагүй болсон мэтээр ч ярих болсон. Хууль шүүхийн байгууллагын систем бүхлээрээ чадамжгүй болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Унасан нэр хүндээ сэргээхийн төлөө та бүхэн сайн ажиллаарай. Улстөрчид бид ч гэсэн анхаарах хэрэгтэй. Бид та бүхний ажилд дэм болж ажиллах ёстой. Улстөрөөс ангид ажиллах ёстой. Улстөрчдөөс ангид байж чадаагүйн улмаас хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасан. Цаашид улстөрчидтэй та бүхний нэр холбогдоод эхлэх л юм бол унасан нэр хүндээ сэргээх боломжгүй шүү.Олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгч баймаар байна, хуулийнх нь хүрээнд хэргийн явцыг мэдээлдэг байх ёстой. Шударга ёс зүйтэй, хараат бус байдлаа хадгалж ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Дэмжиж байна. Прокурорын орлогчид анх удаа цагдаагийн бус хүн томилогдох гэж байна. Эрүүгийн хэргийг үүсгэх үндэслэлүүдээ сайн хараарай. Захиалгат мэдээллээр гүтгэлгийн шинжтэй мэдээллээр, иргэний гомдлоор хэрэг үүсгэчихдэг шүү.Энэ байдлыг өөрчлөөрэй.

Categories
мэдээ улс-төр

Монголчууд япончуудтай адилхан цалин авч, нийгмийн халамж хүртэнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Японд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр үдээс хойш Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Хамтын ажиллагааны санамж бичгийг Япон улсын талаас Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний цагдаагийн агентлаг нь Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө сайд нар хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцож халуун дотно яриа өрнүүллээ.

С.Чинзориг сайд Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэгэнд манай улс багтаж монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах бас нэгэн боломж нээгдэж буйд талархал илэрхийллээ. Хамгийн гол нь энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолсон.
Япон улсын Хууль зүйн сайд Такаши Ямашита хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж, холбогдох уулзалтууд хэд хэдэн удаа хийсний үр дүнд “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж байгаад талархаад энэ нь манай хоёр орны олон жилийн түүхтэй найрсаг хамтын ажиллагаа салбар бүрт гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээсэн. Тэрбээр мөн монгол иргэдэд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, цалин хөлс, нийгмийн халамжид хамрагдах зэрэг хууль ёсны эрх эдлэх боломжийг Санамж бичиг бүрдүүлж байгааг тэмдэглэв.

Уулзалтаар мөн Монгол Улс Япон улстай Ур чадвартай техникийн дадлагажигч илгээх санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулсан бөгөөд энэ хүрээнд ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрөлтэй 76 байгууллага дадлагажигч илгээх ажлыг хариуцан хийж буй талаар сайд нар ярилцсан.
Харин шинээр байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу шинэ тогтолцооны хэрэгжилтийг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар тогтсон. Энэ нь төрийн холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, зөвшилцөх механизмыг бүрдүүлэхийн хамт хууль бус зуучлах үйл ажиллагааг зогсоох сайн талтай аж.

Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд ур чадвараас гадна япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ асуудлыг Японы тал өөрөө хариуцахаар тогтсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтад 60 гаруй алба хаагч хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/105 дугаар тушаалаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал унтраах автомашины жолооч нарын сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газруудын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч болон гал унтраах автомашины жолооч нарын нийт 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, жолооч нарын хууль, эрхзүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.