Categories
мэдээ нийгэм

Улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар болон нэхэмжлэлээр төлдөг боллоо

Татварын алба 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлж улмаар татварын орлогыг зөвхөн татварын нэхэмжлэхэд суурилсан “Цахим төлбөрийн систем”-ээр хүлээн авч байна.

Сүүлийн үед улсын тэмдэгтийн хураамж төлөхөд иргэдэд үүссэн хүндрэлийг шийдвэрлэхээр Татварын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, “Татварын нэхэмжлэхийн дугаар” үүсгэх, авах зэрэг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн 2019 оны 04 сарын 14-ний өдрөөс эхлэн УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг ТОГТМОЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ДУГААР-р арилжааны банкинд шууд төлөх боломжтой болголоо.

Өөрөөр хэлбэл та иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах, сунгуулах, төрсний гэрчилгээ авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 нэр төрлийн үйлчилгээг авахдаа заавал татварын албанд очилгүйгээр цахим татварын систем https://e-tax.mta.mn/, интернэт банкаар эсвэл өөрт хамгийн ойрхон банкны салбарт очиж тогтмол нэхэмжлэлийн дугаараар улсын тэмдэгтийн хураамжийг шууд төлөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд аялж зугаалахыг хориглолоо

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны А/329 дугаар захирамж /2дахь/ гарлаа. Энэхүү захирамжид цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулах болон нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай гал түлэхийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хориглолоо. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох агентлаг, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Тус захирамжаар:

-Ойн дагалт баялгийг ашиглах,
-Амралт, аялал зугаалга зохион байгуулах,
-Ил задгай гал түлэх,
-Төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах,
-Иргэдийг ногоон бүсэд нэвтрэх зэргийг хориглосон.

Categories
гадаад мэдээ

Амазон Хятад дахь зах зээлээ хязгаарлана

АНУ-ын онлайн худалдааны Амазон компани дэлхийд хамгийн том зах зээлд тооцогддог Хятад улс дахь үйл ажиллагаагаа хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, Амазон компани хятад хэрэглэгчдэд Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зарахаа зогсоохоор болсон байна. Харин гадаад улс орнуудаас Хятад руу бараа бүтээгдэхүүн зарах буюу хил дамнасан худалдааны гарцыг үлдээхээр болжээ.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд Амазоны хятад сайтад долдугаар сарын 18-наас эхлэн зөвхөн гадаад улс орнуудын бараа бүтээгдэхүүн харагдах болсныг мэдэгдсэн байна.

Ингэснээр Алибаба, JD.com зэрэг Хятадын онлайн дэлгүүрүүд дотоод зах зээлээ бүрэн эзлэхээр болж байна. Харин Cloud computing зэрэг Амазоны бусад бизнесүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх гэнэ.

“Амазон компанийн Хятадын зах зээлд итгэх итгэл хүчтэй хэвээр байгаа. Энэ зах зээлд бид сууриа баттай тавьж, хэд хэдэн амжилттай бизнес эхлүүлээд байна. Бид Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Трамп Японд айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 26-28-нд Японд төрийн айлчлал хийнэ гэж тус улсын Засгийн газар баасан гарагт мэдээллээ.

Трамп төрийн айлчлал хийж байгаа учир Японы эзэн хаанд бараалхах боломжтой байна. Тэрбээр тус улсын шинэ эзэн хаан Нарухитотой уулзсан гадаадын анхны удирдагч болно. Нарухито эцэг Акихитогоо хаан ширээнээс буусны дараа тавдугаар сарын 1-нд хааны сэнтийд залрах юм.

АНУ-ын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийнэ. Хоёр орны удирдагчид мөн сүмо бөхийн тэмцээн үзэж, гольф тоглож магадгүй гэж урьд нь мэдээлжээ.

Трамп хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард Японд айлчилсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгохоор сонгосны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци болон ХААН Банк хамтран нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг хангаад байна.

Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт ХААН Банкинд шилжүүлсэн тул маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний баасан гарагийн 09:00 цагаас эхлэн нөхөн төлбөрийг ХААН Банкны Хавсралт 1, 2-т заасан нэгжүүдээр ажлын өдрүүдэд олгох болсныг мэдэгдэж байна. Үүнд:

  • Улаанбаатар хотод 19 тооцооны төв
  • Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр тус тус олгоно.

Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтын дагуу бид мөнгийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй олгох бөгөөд дараах бичиг баримттай Хавсралт 1, 2-т заасан тооцооны төвүүдэд өөрийн биеэр хандаж, нөхөн төлбөрөө авна уу.

  • Харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах).
  • Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх.
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай. Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр хэрэгтэй.

Капитал банкинд тэтгэврийн үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн Хавсралт 1, 2-т заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч байсан иргэдэд 5-р сарын тэтгэврийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. Банкнаас нэгдсэн журмаар тэтгэврийн данс нээн санхүүжилтийг авахаар ажиллаж байгаа тул тэтгэвэр авагчид манай тооцооны төвүүдэд урьдчилан хандах шаардлагагүй. Тэтгэвэр олгох ХААН Банкны салбар нэгжүүдийг 5-р сарын 1-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлах болно.

Капитал банкинд хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн нэр заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар олгож байсан хүүхдийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор ажиллаж байна. 4-р сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирсэн даруйд бид мэдээлэх болно.

Нөхөн төлбөр авах иргэдийн нэр дээр үүсгэсэн түр дансанд мөнгө нь байршсан төдийгүй хуулийн дагуу нөхөн төлбөрийг гурван жилийн хугацаанд нэхэмжлэх эрхтэй болно. Тиймээс та бүхнийг хүлээцтэй хандаж, хамтран ажиллахыг хүсье. Өндөр настай болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг харгалзах хүнтэй үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу зарим төрлийн хадгаламж даатгалд хамаардаггүй бөгөөд ийм данстай хүмүүсийн мэдээллийг нэгтгэх ажил хараахан дуусаагүй байгаа юм. Иймд эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн болон даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч энэ талаар Банкны эрх хүлээн авагчид хандах эсхүл ХААН Банкны нөхөн төлбөр олгож буй тооцооны төвөөр дамжуулан Хадгаламжийн даатгалын корпорацид хүсэлт гаргаж шалгуулна уу.

Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана.

Улаанбаатар хотод нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд

Тооцооны төвийн нэр Албан ёсны дэлгэрэнгүй хаяг Цагийн хуваарь
/Даваа-Баасан/
Тэнгис т/т ЧД, 5-р хороо, 6-р хороолол, Самбуугийн гудамж, 19-1 тоот
(Victoria center)
09:00-17:00
Багатойруу т/т ЧД, 4-р хороо, Бага тойруу, 15-р байр
(Улаанбаатар шилэн банкны замын эсрэг талд)
09:00-17:00
Баруун хүрээ т/т БГД, 8-р хороо, 4-р хороолол, Өргөө кино театрын урд Lucky mart байр (Өргөө-1 кино театрын замын баруун урд) 09:00-17:00
Дархан плаза т/т БГД, 9-р хороо, Дархан нэхий компанийн байр, 1 давхарт
(3, 4-р хорооллын эцэст И-Март худалдааны төвийн зүүн талд)
09:00-17:00
Чингэлтэй т/т ЧД, 2-р хороо, Баруун 4 зам, Голомт хотхоны замын эсрэг талд 09:00-17:00
17-гийн буудал т/т ЧД, 13-р хороо, “Далай хүү” худалдааны төвийн 1 давхарт 09:00-17:00
Нарантуул т/т БЗД, Нарантуул ОУХТ, “Баялаг ундраа” худалдааны төв, 1 давхар 10:00-18:00
/Мягмарт амарна/
Их зах т/т БЗД, Нарантуул ОУХТ, өргөтгөлийн зах дотор 10:00-18:00
/Мягмарт амарна/
Дөчин мянгат т/т СБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк 09:00-17:00
Хүнсний нэг т/т СБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк 09:00-17:00
Үйлдвэр комбинат т/т ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Т-Ноос ХХК байр 09:00-17:00
Номин Юнайтед т/т ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед оффисын 1 давхарт 09:00-17:00
Сонгинохайрхан т/т СХД, 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэл гудамж,
Содон хорооллын 103-р байрны 106 тоот
09:00-17:00
Зүүнсалаа т/т СХД, 7-р хороо, Баянхошуу 40-20а тоот, Сувдан төв 09:00-17:00
Ард т/т ЧД, 1-р хороо, 1-р 40 мянгат 8,9-р байрны дунд
(хуучнаар “Ард кино театр”-ын урд талд)
09:00-17:00
Драгон т/т СХД, 29 хороо, Драгон автотерминал байрны 2 давхарт 09:00-17:00
Цамбагарав т/т СХД, 15-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж 44-р байр (Цамбагаравын автобусны буудлын баруун талд) 09:00-17:00
Багануур төв т/т Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж, 9-1 тоот 09:00-17:00
Багануур Гүн галуут т/т Наран хороолол, 5-р хороо, Залуус хэсэг 09:00-17:00

Хавсралт-2
Орон нутагт нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд

Аймаг Тооцооны төвийн нэр Албан ёсны дэлгэрэнгүй хаяг Цагийн хуваарь
/Даваа-Баасан/
Дархан-Уул Их сургууль т/т Дархан сум, 12-р баг, Найрамдал талбай дахь Дархан салбарын байр 1 давхарт 09:00-18:00
Төв т/т Дархан сум, 5-р баг, ХААН Банк 09:00-18:00
Орхон Оюут т/т Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ зочид буудлын урд Оюут төвд 09:00-18:00
Төв т/т Баян-Өндөр сум, Согоот баг, Баян худалдааны төвийн баруун талд 09:00-18:00
Баян-Өлгий Өлгий т/т Өлгий сум, 5-р баг 08:00-16:00
Төв т/т Өлгий сум, 5-р баг 08:00-17:30
Баянхонгор Хонгор т/т Баянхонгор сум, 1-р баг, Жаргалант төвийн 1 давхарт 09:00-18:00
Төв т/т Баянхонгор сум, Номгон 1-р баг, Булган худалдааны төвийн урд 09:00-18:00
Говь-Алтай Баяншанд т/т Шинэ Алтай захын конторын 1 давхарт 09:00-17:30
Төв т/т Есөнбулаг сум, Хантайшир гудамж, Харзат баг, Аймгийн төв талбайн баруун хойд талд 09:00-18:00
Дорноговь аймгийн Замын-Үүд Замын-Үүд т/т Замын-Үүд сум, 1-р баг, Ханшонхор буудлын замын эсрэг талд 08:00-18:00
Хороолол т/т Замын Үүд сум, 1-р баг, Ардчилсан намын байр 1 давхарт 09:00-18:00
Дорнод Төв т/т Хэрлэн сум, 7-р баг, ХААН Банк 09:00-17:30
Хэрлэн т/т Хэрлэн сум, 6-р баг, 19-р байр 09:00-17:30
Завхан Арал т/т Улиастай сум, Богдын гол баг 09:00-18:00
Төв т/т Улиастай сум, Жинст баг 09:00-18:00
Өвөрхангай Дэлгэрэх т/т Арвайхээр сум, 3-р баг, Техникийн захын хойно 09:00-18:00
Төв т/т Арвайхээр сум, 5-р баг 09:00-18:00
Өмнөговь Төв т/т Даланзадгад сум, 3-р баг 09:00-18:00
Даланзадгад т/т Даланзадгад сум, 3-р баг 09:00-17:00
Сэлэнгэ Гааль т/т Сүхбаатар сум, 3-р баг, Гаалийн байран дотор 09:00-17:00
Төв т/т Сүхбаатар сум, 6-р баг 09:00-18:00
Төв Зуунмод т/т Зуунмод сум, Худалдааны гудамж 09:00-18:00
Нэг цэг т/т Зуунмод сум, 1-р баг, ЗДТГ-ын баруун талд 09:00-17:00
Увс Дөрвөн зам т/т Улаангом сум, 4-р баг 08:30-17:30
Төв т/т Улаангом сум, 5-р баг 08:00-17:00
Ховд Жаргалант т/т Жаргалант сум, Цамбагарав баг 08:00-17:00
Төв т/т Жаргалант сум, Жаргалан баг 08:00-17:00
Хөвсгөл Дэлгэрмөрөн т/т Мөрөн сум, 8-р баг 09:00-17:00
Төв т/т Мөрөн сум, 7-р баг 09:00-18:00
Хэнтий Төв т/т Өндөрхаан хот, 3-р баг, Тээвэрчдийн гудамж, 4-55, Аймгийн спорт хорооны хойд талд 09:00-18:00
Хэрлэн т/т Хэрлэн сум, 3-р баг, ЗДТГ-ын урд талд 09:00-17:00
Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн үдээс хойш ҮАЗ-өөс хаалттай мэдээлэл хийнэ.

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • МҮОНРТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;
  • Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/ хийнэ.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр чуулганы үдээс хойшхи хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ. Тодруулбал, ҮАБЗ-ийн хуралдааны талаар мэдээлэл хийх аж.

Ерөнхийлөгч жилд нэг удаа ҮАБЗ-ийн асуудлаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийдэг уламжлалтай. Өнгөрсөн намар энэхүү асуудлаар мэдээлэл хийх байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй, ирц бүрдэхгүй байсаар намрын чуулган хаалтаа хийсэн. Тиймээс энэ удаа хийхээр болжээ.

Мөн Оюутолгойн гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтийг ҮАБЗ-д хүргүүлсэнтэй холбогдуулан ажлын хэсгийн дүгнэлтийг ч хаалттай хуралдаанаар хэлэлцэж магадгүй бололтой.

Categories
мэдээ нийгэм

Журам зөрчсөн рекламны самбаруудыг буулгана

Image result for Рекламны самбар

“Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн хурлын журам байдаг. Тус журмын дагуу холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг.

Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2,3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан байгаа. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай.

Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбаруудыг байршуулсаар байна. Тиймээс журам зөрчсөн рекламны самбаруудыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн буулгасан. Цаашид ч мөн дурдагдсан байршлууд дээр тавьсан самбаруудыг буулгах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Уул уурхайгаас үүдэн ус хомсдвол эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн төсөл өргөн барьсан

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн парламент хийх чадамжгүй гэж сөрөг хүчин мэдэгдсэн. үүнийг УИх нэг бүлэгтэй болсонтой холбож тайлбарласан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн 25 жилд Монгол Улсын хөгжил ямар түвшинд яваад ирэв, тогтолцоо, баялгийн хуваарилалт дээр бид анализ хийсэн юм. Хэсэг гишүүдийн хамт. Тэгэхэд гурван зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт, Үндсэн хууль нийгмийнхээ хурдыг гүйцэхээ байчихаж. 1992 оны Үндсэн хууль 27 жилийн дараа өнөөдрийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт, шударга ёс гэж зүйл байхгүй болчихсон. Үндсэн хуулиараа төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж тунхагласан мөртлөө үүний дээр хууль, хяналтынхан гараад суучихсан.

Гуравдугаарт, баялгийн тэгш хуваарилалт гэж үгүй болжээ. 30 гэр бүл гэдэг худлаа биш. Төдий тооны хүрээний гэр бүл баялгийг хуваарилаад авчихсан. Иймээс цаашид ирээдүйн 25 жилээ харах ёстой юм. Төдөн гишүүнтэй, нэг нам эрх барьж байна гэдэг гол биш. Дараагийн 25 жил ямар нийгмийг үлдээх гээд байгаа юм бэ гэдгээ л бодох ёстой. Тэгэхээр дээрх гурван зүйлийг засахаас өөр аргагүй.

Үндсэн хуулиар төрийнхөө тогтолцоог ойлгомжтой болгож өгөхгүй бол хагас Ерөнхийлөгчийн тогтолцоотой ч юм шиг, парламентын засаглалтай ч юм шиг явсаар ирлээ. Яагаад гэвэл энэ хоёр субьект албан тушаалтнуудыг хувааж томилдог. Тагнуул, цагдааг хувааж томилдог. УИХ-аас АТГ, прокурорын даргыг томилдог. Ерөнхийлөгчийн зарлигаар шүүхийн удирдлагыг томилдог. Ерөнхийлөгч бүх хуулиудад хориг тавих эрхтэй. Ингээд харахаар өнгөрсөн хугацаанд төрийн эрх барьж буй нөхдүүдийн хууль бус үйлдэл нь тогтолцоо болохгүй байгааг тодорхойлчихлоо. Үндсэн хуулиар маш тодорхой зааж өгөхгүй бол болохгүй нь. Аль нэг нам давамгай гэхээс илүү өнөөдрийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Цаг хугацааны хувьд ч тэр.

-Орж ирж буй өөрчлөлттэй санал нийлж байгаа юу?

-100 хувь санал нийлэхгүй. Иргэдтэй уулзаж байхад парламентын хоёр танхимтай байх асуудлыг тавьдаг. Магадгүй хоёр танхимтай байх нь зүй ёстой хэрэг байж мэдэх юм. Яагаад гэвэл жижиг мажоритар тойрогтой учраас гишүүн болгон тойргийн эрх ашгийг ярьдаг. Нэг хүний эмчилгээний зардал, сургалтын төлбөр гэдэг. Тэгэхээр улсынхаа эдийн засгийг 76 тойрогт хуваачихаж байгаа юм. Тийм учраас дээд, доод танхимтай байх бололцоо бий. Нөгөө талдаа Үндсэн хуульдаа Ерөнхийлөгчийнх үү, парламентын тогтолцоотой байх уу гэдгээ маш тодорхой болгож өгөх ёстой. Үүнийг ард нийтийн асуулгаар шийднэ. Миний хувьд парламентын засаглалыг дэмждэг. Сонгодог парламенттай байгаасай гэж хүсдэг.

-Таван толгой-Гашуун сухайтын төмөр замыг дуусгалгүй Зүүнбаян руу бүтээн байгуулалт хийхээр боллоо. Энэ зөв үү?

-Би ч гэсэн эргэлзээтэй байр суурин дээр байгаа. Засгийн газар дээр ярилцаж байна. Мэдээж бүтээн байгуулалтаа дэмжих ёстой. Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өндөр үнэтэй байна. Үүнийг ашиглах ёстой. Нөгөө талаасаа дэд бүтэцгүйгээр тээвэр хийхээр байгаль орчин ихээр сүйддэг. Тиймээс дэд бүтцээ сайжруулах нь зүйн хэрэг. Гэхдээ Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 256 км-ийн төмөр замын ажлыг мэргэжлийн хүмүүсийн зүгээс 70 хувь нь бэлэн болчихсон гэж мэдээлсэн. Бэлэн болчихсон ажлаа явуулмаар байгаа юм. Гэхдээ Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эхлүүлэхээр шийдчихлээ. Санхүүжилтийн хувьд хоёр хэлбэртэй. Нэгдүгээрт, Эрдэнэс Таван толгойн эхний санхүүжилтийг Зүүнбаянгийн татах төмөр зам руу оруулж, ажлаа эхлүүлье гэсэн. Харин Таван толгой-Гашуунсухайтын ажил зогсохгүй. Яаж үргэлжлэх вэ гэхээр уг төмөр замын 49 хувийг олон улсын зах зээл дээр тендер зарлаад өгье гэж байгаа юм. Тэгэхээр одоогийн ажлыг дуусгачих мөнгө гараад ирнэ. 49 хувийг хэн нэгэн гадны хөрөнгө оруулагч эзэмшиж болно. 51 хувийг Монголын төр эзэмшинэ. Ингэж хоёр төмөр замын ажил зэрэг явна гэж ойлгосон. Үүн дээр эргэж сайн ярилцах байх. Засгийн газар Зүүнбаян руу татах төмөр замын ажлыг эрчимжүүлчихлээ. Эрчимжүүлэхийг дэмжиж байна. Гол нь тэр даланг шороогоор нь үлдээж болохгүй.

-Гашуунсухайт болон Зүүнбаян чиглэлийн төмөр замууд ашиглалтад орвол ямар үр дүн гарах вэ. Энэ бүтээн байгуулалтын ач холбогдолын талаар ярихгүй юу?

-Хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, байгаль орчин. Байгаль орчинд тоосжилт үүсгэхээс гадна хөрс ихээр эвдэрч байна. Хоёрдугаарт, хүний эрх. Олон жолоочид тэнд очерлож тээвэр хийж байна. Гуравдугаарт, бага өртөгөөр эдийн засгийн хурдан эргэлтэд орно. Ийм гурван үндэслэл дээр энэ ажил явж байгаа. Цаашид дан ганц төмөр зам гэхээс илүү олон улсын зорчигч тээвэр болох боломжтой. Тиймээс төмөр замын бодлогыг зөвхөн эдийн засгийн эргэлт биш, олон улсын ачаа тээвэр, иргэд зорчих гээд хэд хэдэн давуу талыг нь харж байна. Мөн төмөр замаа дагаад олон өртөө бий болж, ажлын байр бий болно. Нэгэнтээ эхэлсэн замаа дуусгая гэсэн нэг л сөрөг зүйл бий. Тэртэй тэргүй төмөр замаа дагаад хатуу хучилттай хүнд даацын зам явна. Таван толгой-Гашуунсухайтын 265 км засмал зам явах гэж байна. Тэнд 1400 гаруй хүнд даацын машин тээвэрт явдаг. Одоогийн засмал зам 7000 машин явах хүчин чадалтай очер дугаар, осол, замын эвдрэл гээд замбараагүй зүйлс үүнтэй холбоотой. Тиймээс 1400 машины хүчин чадалтай замын ажил эхлэхэд бэлэн болсон. Гэрээ хийгдсэн. Таван толгой-Ханги Мандалын чиглэлийн 434 км хатуу хучилттай зам баригдана. Тээвэр ч явна, төмөр зам ч явна. Аль аль талын дэд бүтэц бүрэн хангагдаад эдийн засгийн өгөөж үүсэх боломж бий болно.

-Та өнгөрсөн жил нүүрсний хулгайн асуудлыг гаргаж ирсэн. Энэ хэрэг ямар шатанд яваа вэ?

-2018 оны намраас эхэлсэн дээ. Ерөнхий сайд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, хил орчимтой танилцсан. Тухайн үед Эрдэнэс Таван толгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268 мянган тонн нүүрсийг олборлосон. Үүний эзэн холбогдогч нь тодорхойгүй байна. Мөнгө нь хаашаа орсон тодорхойгүй учраас хулгай гэж нэрлэсэн. Тиймээс Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулаад нийтдээ 268 биш 340 мянган тонн нүүрс алдагдсан гэдгийг тогтоосон. Тухайн үед орон нутгийн Таван толгойн удирдлагууд “Бид авсан. Гэрээ байгуулсан. Төлнө” гэсэн. Би тойргоос сонгогдсон гишүүний хувьд Таван толгойн удирдлагуудыг буруу гэрээ хийсэн гэж үзсэн. Яагаад гэвэл Өмнөговийн Таван толгой нутгийн ард түмний өмч. Тиймээс иргэдийн төлөөллийн хувьд би “Бид төлнө” гэдэг нь бодит уу гэдгийг шалгасан. Шалгаж үзэхэд орон нутгийн Таван толгойд нэг төгрөг ч ороогүй. Мөнгө нь хаашаа орсон тодорхойгүй учраас хулгай гэж үзээд хууль, хяналтын байгууллага руу шилжүүлчихсэн. Сангийн яам нэхэмжлэгчээр явж байгаа. Тагнуул, цагдаа, АТГ ажиллаж буй. Би энэ хэргийг анх гаргаж тавьсан учраас ямар шатандаа явааг олон нийтэд мэдээлнэ. Хэрвээ бодитой хууль бус үйлдэл байвал үүнийг төгсгөл болгоно.

-Таныг Усны тухай хууль дээр ажиллаж байгаа гэж дуулсан. Уг хуулийн төслийг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхийн усны өдөр тохиодог. Дэлхийн усны өдөр хуулийн төслөө өргөн барьсан. Ерөнхийдөө Усны тухай хуульд ус хамгаалах талаас нь нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн юм. Дэлхийн усыг газрын доор, гадаргын гэж хоёр ангилдаг. Манай улсын газрын доорх ус нь нийт усны нөөцийн 1.9 хувийг л эзэлдэг. Гэтэл олон улсын жишигт нийт усныхаа хэрэглээний 20 хувьд газрын доорх усаа ашигладаг. 80 хувь нь гадаргынхаа усыг ашигладаг. Гэтэл манайд эсрэгээрээ нийт хэрэглээнийхээ 80 хувийг газрын доорх уснаас авч ашигладаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайд хэрэглэдэг гэсэн үг. Үлдсэн хэсгийг гадаргын усаараа хангадаг. Тэгэхээр бүх усны нөөцийнхөө 1.9 хувийг эзэлдэг зүйлийнхээ 80 хувийг бид уул уурхайд ашиглаж байна.

Газрын доорх усыг мөн эрдэст, эрдэс багатай гэж хоёр ангилдаг. Эрдэс багатай ус нь цэнгэг орд гэж явдаг. Тиймээс энэ удаа цэнгэг ордоо хамгаалж авч үлдье гэсэн хуулийн төслийг оруулж ирлээ. Байнгын хороо хэлэлцсэн. Удахгүй чуулганаар хэлэлцэх эсэхийг шийднэ. Уул уурхай хөгжиж буй манай улсад усны хомсдол бий болох магадлал өндөр. Яагаад гэвэл газрын доорх усаа хэрэглээд байгаа юм. Уул уурхай ямар ус хэрэглэж байгааг Байгаль орчны яам шинжилгээ хийгээд гаргаад ирсэн. Надад ирсэн мэдээллээр цэнгэг ордыг хэрэглээгүй гэсэн. Монголд нийтдээ 206 цэнгэг усны орд бий. 206 ордоо хамгаалаад авч үлдвэл хүн төрөлхтөнд оруулах хамгийн чухал зүйл. Уул уурхайн зориулалтаар цэнгэг усны ордыг ашиглахыг хориглоно гэсэн заалт оруулж ирж байгаа юм.

-Усыг бохирдуулахгүй байх талаас нь эрх зүйн зохицуулалт бий болох уу?

-Газрын доорх усыг хайгуулын цооногууд бохирдуулдаг. Хайгуулын цооногоо нөхөн сэргээж, таглалгүй хаячихдаг. Ингэхээр газрын доорх ус бохирддог. Тиймээс үүний эсрэг хуулийн заалт орж ирж байгаа. Цооногуудыг орон нутгийн удирдлагууд битүүлнэ. Дараа нь тухайн хайгуул хийж цооног гаргасан уул уурхайн аж ахуйн нэгжээс шүүхээр нэхэмжлэл гаргуулж төлүүлнэ. Нөхөн сэргээлтээ хийснийхээ дараа мөнгөө олж авдаг механизм руу орно. Хайгуул хийгээд явж байгаад шууд алга болчихдог юм билээ. Тиймээс шууд нөхөн сэргээлт хийх бололцоогүй.

Уул уурхай эрдэстэй усыг ашиглаж буй. Ашиглах нөөцийн түвшин гэж хяналтын тоолуур тавина. Тогтоосон түвшнээс доошоо орвол хомсдолыг бий болгож байна гэж үздэг. Учир нь уул уурхайн ордын ойролцоох булаг, шанд ширгэх, малчдын худаг ус ундрагагүй болох эрсдэлтэй. Тиймээс тэрхүү түвшингээс доош орвол эрүүгийн хариуцлага хүлээдэг санкц оруулаад өгчихсөн. Найман жил ял өгнө. Үүн дээр гишүүд ихээхэн бухимдсан. Хүний эрх зөрчих хатуу хууль байна гэсэн. Магадгүй уул уурхай эрхэлж буй иргэдийн эрх зөрчиж байж болох юм. Гэхдээ ундны асуудал дээр ч хүмүүсийн эрх зөрчигдөж байна. Хаа хаанаа хүний эрхийн асуудал бий. Үүнийг эргэж харж санкцыг арай багасгах зэргийг мэргэжлийн улс хуулийг хэлэлцэж байх явцад цэгцлэх байх. Монгол Улсын усны менежмэнтийн төлөвлөгөөндөө ус хэрэглэх эрэмбийг тогтоочихсон. Үүнийг хэн нэгэн дарга орж ирээд өөрчлөх боломжтой. Гадны орнуудад хэн түрүүлж ус хэрэглэх вэ гэдгээ хуульчлаад өгчихсөн. Манай улсын хувьд нэгдүгээрт, хүн амын ундны усаа оруулсан. Хоёрдугаарт, хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэнэ. Гуравдугаарт, аж үйлдвэр, дөрөвдүгээрт, уулын баяжуулах буюу уул уурхай ашиглана гэж эрэмбэлсэн. Үүнийг хуульчлах хэрэгтэй. Нэг л өдөр уурхай нь түрүүлээд орчихсон байхыг үгүйсгэхгүй. Гэх мэтчилэн усаа хамгаалсан заалтууд орсон хуулийн төсөл өргөн барьсан.

-Уул уурхайд саарал усыг ашиглах тал дээр хуульчилсан зүйл бий юу?

-Миний санаачилсан хуулийн нөгөө тал нь энэ юм. Газрын доорх усаа хамгаалаад хуульчлаад ороод ирвэл хүссэн хүсээгүй гадаргын усны менежмэнтийг хэрэглээд эхэлнэ. Жишээ нь, саарал усыг дахин цэвэршүүлж хэрэглэх юм уу, гадагшаа урсгалтай гол, мөрөнгөөс сан үүсгэж хуримтлал үүсгээд уул уурхайн зориулалтаар ашиглаж болно. Эсвэл зун хур ихтэй үед усны үерийн сан үүсгэх, шар усны үерийг тогтоох авах гээд бусад орнууд энэ тал дээр хөгжчихсөн. Араб гэхэд усны хуримтлал үүсгэж ашиглаж байна. Тэр байтугай чийгшлийг тогтоож хуримтлал үүсгэдэг технологийг бий болчихсон. Бид “Орхон говь”, “Хэрлэн говь” гэсэн төслүүд яриад л байдаг. Энэ төслүүд хэрэгжихгүй байгаа шалтгаан нь газрын доорх усыг хэрэглэж болоод буйгаас тэр юм. Газрын доорх цэнгэг усыг хэрэглэхийг хориглож, эрдэст усыг хэрэглэх түвшинг тогтоогоод өгөхөөр уул уурхайнууд шинэ технологи хэрэглэж эхлэхээс өөр аргагүй. Одоо бас нэг төсөлд би нэлээд санаачилгатай яваа. Өмнөговь аймаг руу урсдаг Онги голыг голдиролоор нь урсгаад Улаан нуурыг дүүргэнэ. Дүүрээд халихаар нь сан үүсгээд крант тавьж, уурхайнууд руу 200-300 км хоолой татаад хэрэглүүлж болно. “Орхон говь”, “Хэрлэн говь” төслөөр 700-800 км турба татах гээд байгаа юм. Ингэж байснаас хамгийн амархан, бага зардлаар богино хугацаанд шийдэх боломжтой шийдлийг судлаад гаргаад ирлээ. Холбогдох хүмүүстэй яриад эхний санхүүжилт, ТЭЗҮ-ийн ажил явж байгаа.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Хорлоогийн Цэвлээ: Манай үндэсний сэтгүүл зүй “Монголын нууц товчоо”-ноос эхтэй

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээтэй уулзаж хөөрөлдлөө. Монголын сэтгүүл зүйд жаран жил үзгэн-хөлөгтэй тэлгэсэн бичгийн мэргэн эл өвгөн бичээч саявтар “Сониндумаа” нэртэй сонин сайхан нийтлэл-бүтээлийн номоо уншигч олноо хүргэсэн юм.


-Сайхан өвөлжөөд, аятай сайхан хаваржиж байна уу, та?

-Аятай хаваржиж байна. Сайхан өвөлжлөө. Чиний мэндээс уламжлаад жаахан юм ярья. Монголын нэг том дутагдал хэцүү хүйтэн өвөлтэйн “зовлон” гэх юм. Алтан дэлхийн энэхэн хэсэг газар нутагт хувь заяагаар оногдож энд л гал голомтоо бадраан, амьдраад мянга мянган жилийн буурал түүх элээсэн жинхэнэ монгол удмынхны амнаас гэнэт ийм хүнийрхүү үг унаад байдаг нь юусан билээ. Дэлхийн тэн хагасыг эзэгнэж явахдаа богд Чингис хаан маань өвөл болдоггүй үргэлж зун, намраараа байдаг харь холын өөр нутагт тухлан амьдрахгүй яагаад тэр даруй буцаад ирдэг байсан юм бол оо. Үүнийг өвгөн би Чингис хаан маань өвлийг мөнх тэнгэрийн ариун соёрхол хэмээн биширч, өвөлтэй Монголд төрснөөрөө бахархаж явсных нь гэрч гэж боддог. Хүйтэн сэрүүн өвөлтэй учраас л монгол хүн бусдаас илүү өлчир чийрэг, ямаа нь хүртэл их ноолууртай, адуу нь хурд шандастай, ан гөрөөс, тарвага зурам нь элбэг олон, ус мөрөн нь цэвэр тунгалаг байдаг.

-Монголын өвөл хэцүү даваа гээд дулаан орон руу усны шувуу шиг нүүдэллэдэг хүмүүс олширсон шүү дээ?

-Хэцүүхэн өвөлтэй Монголд төрж тос үмхэж, тоос хөдөлгөж яваадаа гадаад найз нараасаа ичиж зовогсод, “өвөлгүй Монгол”-ын тухай хоосон мөрөөдөгсөд олширч байгаа нь сонин байна. Өвөл бол Монголд “хувьчлагдсан” онцгой өмч. Дундарч барагдана гэж байхгүй мөнхийн энэ их өмчийг аж ахуйн эргэлтэд оруулан ивэлгэж, мөнгө валют саах л үлдээд байна. Монголыг өвлийн аялал жуулчлалын олон улсын гол бүс нутаг болгох, өвлийн ан агнуур, өвлийн спорт, өлчиржүүлэх сувилал зэрэг олон салбар, дэд бүтэц бүхий “Өвөл” хөтөлбөр боловсруулбал дэмий мөрөөдөл болохгүй.

-Та “Сониндумаа” гэж сонин нэртэй ном гаргажээ?

-Би өнгөрөгч зууны далан онд “Сониндумаа” гэж жүжиг бичсэн юм. Энэ номд тэр орсон. Ер нь энэ номд ерэн дөрвөн онд бичсэн “Ээж бидэн хоёр” дурсамж, ноднин жил бичсэн “Намсрай баян” хөрөг нийтлэл зэрэг олон он жил дамнасан хагас зуу гаруй тооны нийтлэл, уран бүтээл багтсан. Номын “Сониндумаа” гэдэг нэр нь угтаа бол бодит хүний нэр.

-Сэнгийн Эрдэнэ гуайн Хулан шиг таны сэтгэл зүрхэнд хоногшсон бодит дүртэй нэр үү?

-Би иймэрхүү утгатай нэр олох гэж хайж байсан. Олдохгүй л байлаа. Тэгтэл Баянхонгор аймгийн нэгэн суманд жаран найман оны намар аймгийн төлөөлөгчөөр томилогдож, хөдөөгүүр айл хунараар орж ажил байдалтай танилцаж явсан чинь айлын эзэгтэй “Сониндумаа, миний охин аргал оруулаад ир” гэхэд арав орчим насны жаал охин “За” гэж часхийсэн чанга дуугаар хэлээд гүйн гарч аргал хормойлж ирэхийг харсан юм. Энэ нэр нэг л танил мэт сонсогдсон. Эрж хайж явсан жүжгийн зохиолд маань таарах нэр байсан учраас хэзээ язааны сайн танил нэр шиг дотно сонсогдсон юм билээ. “Сониндумаа” гэх нэр тухайн үед жүжгийн нэр болсон бол энэ удаад номоо нэрлэсэн хэрэг.

-Хагас мянга гаруй хуудас энэ том номоо сэтгүүлчийн тайлан болгож хэвлүүлэв үү?

-Би 1948 оны арваннэгдүгээр сарын 18-ныг мартдаггүй.

-Таны хувьд ямар түүхэн өдөр байв?

-Тэр өдөр би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумынхаа бага сургуулийн хоёрдугаар ангид монгол хэл-бичгийн хичээл зааж, улс нийгэмдээ албан ажил хийж амьдрах анхныхаа гарааг эхэлсэн юм. Тэгэхдээ Бөмбөгөр сумын сургуулиас төрсөн Хомоолын Мишгээ, Сандагийн Самдан, Нүржавын Баатар, Бумбасын Сосорбарам, Тагалдарын Лувсан хэмээх анхны таван багшийн дараагаар багшилсан зургаа дахь багш болсон байдаг. Надаар ном заалгасан анхны шавь нар эдүгээ наян насны даваа давсан бөгөөд ихэнх нь тэнгэрийн оронд заларсан бололтой байна. Яалтай ч билээ. Монголын төрд ардын багш болон зүтгэж эхэлсний далан жилийн ой өнгөрөгч онд тохиолоо. Түүнд зориулж өөрийн тайлан болгож энэ номыг эмхэтгэсэн юм л даа.

-Бөмбөгөр сумын сургууль таны нэрэмжит бил үү?

-Төрийн зарлиг, түмний ээлээр тийм болсон байдаг.

-Та “Монголын нууц товчоо”-г сэтгүүл зүйн анхдагч бүтээл гэж бараг эрдмийн зэрэг хамгаалах хэмжээнд өргөн судалж, баталж нотолжээ?

-Сэтгүүлчийн хувьд Монголын үндэсний сэтгүүл зүйн бичлэг туурвилын анхны сонгомол эх бичвэр нь “Монголын нууц товчоо” мөн болох тухай санааг анх дэвшүүлж, энэ талаар бичсэн нийтлэлүүдээ номдоо тэргүүн бүлэг болгон хэвлүүллээ. Хорьдугаар зууны Монголын их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай “Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг Монголын уран зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн гарчээ” гэж дүгнэсэн. Тэр их эрдэмтэн “Монголын нууц товчоо”-г үнэлэхдээ “тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхойгоор бичсэн” гэж дүгнэсэн байдаг нь “Монголын нууц товчоо” бол түүхэн үйл явдлын үнэнийг уран тансаг найруулан бичдэг уламжлалт монгол эх бичвэрийн нандин өв мөн болохыг нотолсон нотолгоо хэмээн үзэж болох юм. “Монголын нууц товчоо” нь нийтэд зориулсан сонин сэтгүүл биш боловч түүнийг туурвин бүтээсэн бичлэгийн төрөл зүйлийн нэлээд нь сэтгүүл зүйн төрөл зүйл яах аргагүй мөн байдаг. Монголын үндэсний сэтгүүл зүйн бичлэгийн өнөөгийн төрөл зүйл “Монголын нууц товчоо”-ны найруулан бичих эрдэм ухааны үлгэр загварын үргэлжлэл мөнөөс мөн юм шүү.

-За, жишээлбэл сэтгүүл зүйн ямар төрөл зүйл байна?

-Шүлэг, яруу найраг, уран сайхны дүр дүрслэл, уянгын халил, үлгэр домог, бараг хуудас бүрт тааралдахаас гадна сэтгүүл зүйн шинжтэй дурсамж тэмдэглэл, хөрөг зураглал, адилтгал, зүйрлэл, ярилцлага, мэдээ сурвалжлага, гүн ухааны эргэцүүлэл, дотоод хүүрнэлийн өчил дүүрэн байдаг юм. Монгол хүмүүс ийм л олон талтай цогц бүтээл таалан болгоодог байсан учраас “Монголын нууц товчоо”-г ингэж утга бичгийн яруу сайхны болон үнэн баримтлаг байхын хосолмол шинжтэй туурвисан биз ээ. Чи жишээ нэхэж байна. Нийтлэл бичих дөрвөн гол аргын шилдэг үлгэр жишээг “Нууц товчоо”-ноос олж үзэж болно.

-Ямар дөрвөн арга билээ?

-Хүүрнэн өгүүлэхүйн сонгодог жишээ хаана бий билээ. Нууц товчоонд байна. Дүрслэн тодорхойлж бичихийн сайхан жишээ бас л Нууц товчоонд бий. Егөөдөх, ярилцах аргуудыг хэрэглэсэн жишээ элбэг. Энэ талаас нь ухаж хэлбэл Монголын нууц товчоо бол нийтлэлийн урлал зүйн хураангуй толь бичиг мөн гэсэн төрөгдөл өөрийн эрхгүй үүсч байгаа юм. Таны нэхээд байгаа жишээ “Нууц товчоо”-нд маш олон. Ганцыг дурдъя л даа. “Төдий эсгий туургат улсыг шулуутгаж, барс жил Ононы тэргүүнээ хурж, есөн хөлт цагаан туг байгуулаад, Чингис хаанд хан цол тэнд өгөв”. Мөнөөхөн бидний дэлхийн чихийг дэлдийлгэсэн үйл явдал хэмээн нэрлэдэг Монголын нэгдсэн төр байгуулагдсан талаар ердөө л хуруун чинээ мэдээнд багтааж. Тоолоод үзэхэд ердөө хориодхон үгтэй байгаа юм. Энд дутуу зүйл алга. Харин ч хэвшмэл хэллэгээс зайлсхийж ижил утгатай сайхан монгол үг сонгож найруулан бичиж. Монголчууд гэхийг “Эсгий туургатан”, улсаа нэгтгэж гэхийг “улсаа шулуутгаж”, төр улсаа байгуулсан гэхийг “есөн хөлт цагаан тугаа байгуулсан” гэжээ. Энэ бол их чухал мэдээ. Ийм жишээнүүд олон бий дээ. Чингис хаан бол хүний хүн чанарыг таньдаг гайхамшигтай хүн. Чингисээс өөр ийм гайхамшигтай хаан энэ дэлхийд үзэгдээгүй. Юлий Цезарийг юм бол уу гээд байсан чинь Цезарь ч бас тийм биш юм шиг байна.

-Цезарь ямар хүн таньдаг байтлаа л найздаа алуулав гэж дээ?

-Найз нь алсан.

-Молор-Эрдэнэ гэдэг философич “Чингис энэ дэлхийд юу ч хийж бүтээгээгүй, Монголын эзэнт гүрэн ч үлгэр” гэх юм…

-Молор-Эрдэнэ гэж ямар юм байдаг юм?

-Германд сургууль төгссөн мундаг хүн гэсэн шүү…

-Германд төгссөн юм бол тэр юу мэдэх вэ дээ. Чингисийг чинь дорно дахины өргөн мэдлэгтэй, хятад, араб, перс, энэтхэг хэлтэй хүн л гаргаж ирж байгаа юм шүү дээ. Тэрнээс Европоос Чингисийн тухай олигтой юм гарахгүй. Европчууд чинь “Одоо хэзээ хүрээд ирэх бол” л гэж үнхэлцэг нь хагарчих шахаж байснаас биш Чингисийн тухай огт мэдэхгүй шахуу улс. Чингисийг судалъя гэвэл байлдан эзэлсэн газар нутаг, улс зоноос илүү Чингисийн хүнийг нь судлах хэрэгтэй. Манай удирдагчид дотор Чингис шиг өр зөөлөн хүн ер харагдахгүй юм. Чингис шиг нигүүлсэнгүй, Чингис шиг шударга, Чингис шиг голч мэргэн ийм хүнийг олж төрд гаргаж ирэхийг бодох хэрэгтэй. Чингисийн яг цусны биш ч Чингис шиг мундаг хүн Монголоос гарна. Гарч ч таараа. Тэгж байж цэгцэрнэ.

-Танай Баянхонгор нутгийн хүн чинь төрийн тэргүүн болсон доо?

-Баттулга танигдаагүй байна. Гэхдээ гарц олоод байдаг шинж түүнд бий. Удирдлагын шинжлэх ухаанд хоёр юм байдаг. Орох хаалгаа, гарах хаалгаа мэддэг байх ёстой. Би Баттулгыг буцаж гарах хаалгаа гайгүй сайн гадарлаад байдаг хүн юм бол уу гэж боддог юм. Баттулгыг одоогоор магтах ч болоогүй, муулах ч болоогүй. Хэрвээ одоогийн муухай новширсон юмыг цэвэрлэж хаяад оронд нь шударга юм байгуулчихвал болж л байна. Тэгж чадахгүй дахиад нэг Элбэгдорж болчих юм бол тэрэн шиг хэрэггүй юм байхгүй.

-Түрүүчийн Ерөнхийлөгч нар гарах гарцгүй улс байв уу. Н.Энхбаярыг Элбэгдорж нь, Элбэгдоржийгоо дараагийнх гэх мэтээр дэндэгнүүлээд л байх юм байна шүү дээ?

-Аль аль нь өөрснөө болохгүй байсан улс. Одоо бол Н.Энхбаяр их өс хонзон санаад байлгүй больчихмоор байгаа юм шүү дээ. Ямар юмны хэрэг байна. Заавал хүнийг давж гарах гээд байдаг мөртлөө Чингис хааных шиг ухаан түүнд байхгүй.

-Нэг мэдсэн чинь хоёулаа улстөржиж байх шиг байна, жолоогоо татъя. Та сэтгүүлч бидэндээ хандаж юу хэлэх сэн бол?

-Хүн бүхэн дотроо эрдэнэс нуусан цоожтой авдартай адил. Түүнийг түлхүүрдэн онгойлгож байх учиртай. Сэтгүүлчийн мөнхийн заяа тавилан бол сэтгэлийн их эрэл хайгуул. Сэтгүүлчийн бүтээлч эрэл хайгуул хоёр сурвалжаас эхтэй юм. Түүний нэг нь баримтаас, нөгөө нь өөрийн таамаглал буюу сэтгүүлчийн зөн совингоос үүдэлтэй. Шинэ цагийн залуу үеийн сэтгүүлчдэд үүнийг л хэлье. Хамгийн гол нь сэтгүүл зүй, бичиж буй нийтлэл чинь уулын горхи шиг тунгалаг байх учиртай юм шүү.