Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн ИТХ хуралдлаа

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасныг үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/23 дугаар тогтоолоор тус хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар товлосон билээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 41 төлөөлөгчтэй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10,19 дүгээр тойргийн дахин сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул 2016 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас сонгогдсон 2 төлөөлөгч хуралдаанд оролцоогүй байна.

Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол ардын намын бүлгийн дарга Б.Галцог нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаар огцруулж шийдвэрлэсэн. Иймд тус хуралдаанд ирвэл зохих 38 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч оролцож ирц 52,6 хувьтай хуралдлаа.

Дахин сонгууль зохион байгуулагдсантай холбогдуулан зарим нэр дэвшигчийн зүгээс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2019/2257 дугаар захирамжаар дүүргийн сонгуулийн хорооны 20 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн тул төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байна.

Тодруулбал 10, 19 дүгээр тойрогт өрсөлдөж, хамгийн олон иргэний санал авсан Г.Доржпалам, Б.Галхүү нарын шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад, сүүлийн нэг сарын хугацаанд тус дүүрэгт үүссэн цаг үеийн шинжтэй дээрх асуудлыг энэхүү хуралдаанаар хэлэлцэх байсан ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлгийн төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ой дөрвөн сартай охин савтай усанд живжээ

Энэ сарын 2-ны өдөр ой дөрвөн сартай охин савтай усанд живж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, түлээ зөөхөөр гарсан ахынхаа араас гарахдаа гэрийнхээ амбаарт байсан савтай усанд унасан аж. Уг харамсалтай хэрэг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд гарсан бөгөөд цагдаагийн газарт ой дөрвөн сартай хүүхэд 50 литрийн савтай усанд унаж нас барсан тухай дуудлага 17:00 цагийн орчимд иржээ. Охины ээж очиход охин савтай усанд толгойгоороо унасан байсан аж.

Тухайн охиныг сэхээнд амьдруулах тасагт хүргэсэн ч 20 минут орчим минут эмчилгээ хийлгэж байгаад амьсгал хураасан байна. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст бүртгэлжүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-аас мэдээлэл хийлээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр маргааш буюу 04 дүгээр сарын 20-нд тохионо. Энэ өдрийг угтаж, ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон асуудлаар мэдэгдэл гаргаж буй аж. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуяг “Манай нам анх 2000 онд байгуулагдахаа С.Зориг агсны үзэл санааг тээгч нам болохоо тунхагласан.

Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсан. Харамсалтай нь сүүлийн үед нөхцөл байдал ээдрээтэй боллоо. Энэ хэрэг сонгуулийн өмнө хоёр намын улс төрийн ашиг хонжоо, оноо авах гэсэн хэрэгсэл болж хувирч байна. Тиймээс олон нийтийг, биднийг ижил тэгш мэдээллээр хангахыг шаардаж байна.

Хэргийн маш олон нотлох баримтаас 20 гаруй минутын бичлгээр асуудлын нэг талд гарч, дүгнэлт хийх боломжгүй. Тиймээс бид шүүхийн бүх шатны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг ил болгохыг шаардаж, мэдэгдэл гаргаж байна. Үнэнийг олохын тулд цаашдаа улс төрийн тэмцэл өрнүүлнэ. Учир нь хэргийн нотлох баримтуудыг устгаж, захиалагчийг бүрхэгдүүлж магадгүй. Бид хэнээс ч айж шантрахгүйгээр энэ асуудлыг хүчтэй ярина” гэв.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд таван га газар шатжээ

Өчигдөр орой /2019.04.18/ Богд ууланд ой хээрийн түймэр гарсан талаар мэдээлсэн билээ. Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт /НОБГ/ 15.15 цагт ирж гал түймэр унтраах 14, 17, 18, 30, 65 ангийн 50 гаруй алба хаагчид түймрийг 16:43 цагт цурманд оруулсан юм.

Алба хаагчид түймрийг бүрэн унтраахаар одоо ч ажиллаж байна. Түймэрт нийт тав орчим гаталбай шатсан бөгөөд хохирлын хэмжээг хараахан тогтоож амжаагүй байгаа ажээ.

Гал алдсан байж болзошгүй хоёр хүнийг өчигдөр цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ. Тэд “Өөрсдийгөө гал тавиагүй. Ууланд аялж явсан хүмүүс” гэх тайлбар өгсөн байна. Тэдний гал тавьсан эсэхийг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг Billboard жагсаалтад оржээ

Монголын метал рок хөгжмийн “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Billboard-ын “Hot Rock Songs” анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгджээ.

Тус хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор хоёр дуу гаргаад байна. “Wolf Totem” дууны видео Фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Billboard-ын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар энэ дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж, 6,000 орчим удаа татагдсан байна.

“Yuve Yuve Yu” нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт оржээ.

АНУ-ын зах зээлээс нийт 272,000 удаа стриминг хийсэн нь “Wolf Totem” дууг “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэсэн байна.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дахин боловсруулах хог хаягдлыг дараахь цэгүүдэд худалдаж авна

Маргааш нийслэл даяар 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлнэ.

Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авах юм байна.

Ингээд бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр хуванцар, түүхий эд худалдан авах цэгүүдийн байршлыг хүргэж байна.

Дахивар нөөц худалдан авах байршлуудын мэдээлэл

 Хөнгөн цагаан лааз

 Гялгар уут, пакет

 Ундаа, усны сав

 Эргүүлэн ашиглах боломжтой бүх төрлийн архи, пивоны шил

 Зөөлөн хуванцар

 Картон хайрцаг, цаас

Categories
мэдээ улс-төр

Нотариатын хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нотариатын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

Categories
мэдээ нийгэм

Эхнэрээ хөнөөгөөд зугтжээ

Эхнэрээ хутгалж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 34 настай О нь эхнэртэйгээ маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалж, аминд нь хүрчээ.

Мөн тэрбээр хэргийн газраас зугтсан байжээ. Цагдаа нар түүнийг шуурхай эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд дараах өөрчлөлтүүд орж байна. Үүнд:

Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэд нийтийн тээврийн 2 чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой. Энэ нь:

  • Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 12 автобус 06:20 цагаас 22:30 цаг хүртэл 13-14 минут тутамд;
  • Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн 10 автобус 06:20 цагаас 22:00 цаг хүртэл 26 минут тутамд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн дээрх 2 чиглэлийг сонгон үйлчлүүлэх боломжтой юм.

Мөн Хонхорын суурьшлын цэгээс ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ.

Богино эргэлтийн дамжин суулт хийх чиглэлүүд:

  • ХО:3“Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээс сонгон үйлчлүүлэх боломжтой.
  • ХО:4 “Тэрэлж-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг Налайхын “10 шар байр” хүртэл богино эргэлтээр зохион байгуулах тул зорчигч та бүхэн Улаанбаатар хот орохдоо Налайхаас дамжин суулт хийж дээрх 2 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой.

Дээрх авто замын засвар, шинэчлэлтийн ажил 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул зорчигч та бүхэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн Тээврийн Үйлчилгээний газраас мэдээллээ

Categories
гадаад мэдээ

Мали улсын Засгийн газар огцорлоо

Мали улсын Ерөнхий сайд Сумейлу Бубейе Маига тэргүүтэй Засгийн газар өнгөрсөн сард болсон угсаатан хоорондын мөргөлдөөнөөс болж огцорлоо. Энэ улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта Ерөнхий сайд болон түүний Засгийн газрыг огцрох шийдвэрийг хүлээн авсан байна.

Ерөнхийлөгч Ерөнхий сайд болон түүний Засгийн газрын гишүүдэд хийж хэрэгжүүлж байсан ажлуудад нь талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн улс төрийн бүх хүчний төлөөлөгчидтэй зөвшилцсөний дараа шинэ Ерөнхий сайдын нэрийг ойрын хугацаанд зарлана гэжээ.

Мали улсын Засгийн газар хэдхэн долоо хоногийн өмнө Мопти мужийн суурингуудад халдлага гарч, 134 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Мэдээллээс үзэхэд, зэвсэглэсэн этгээдүүд Огассагу, Велингара суурингийн фулани угсаатан малчид руу дайрсан байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Мали улсыг тогтворжуулах Олон талт цогц төлөөлөгчийн газраас Мали улсын суурингуудад гарсан халдлагыг хурдан дарах хүч илгээсэн байна.

Мали улсын Ерөнхийлөгч өмнө нь Армийн ерөнхий штабын тэргүүнийг огцруулж, шинэ хүн томилсон билээ.