Categories
мэдээ нийгэм

“Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн баяр болно

СУИС-ийн багш Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас санаачлан “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Маргааш 11:00-16:00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбайд “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн баяр болно.

“Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн уламжлалт баярын үеэр олон нийт дүрслэх урлагийн олон төрөл зүйлүүдтэй нэг дор танилцаж, зарим нэг төрөл зүйлүүдийн бүтээх арга ажиллагааг үзэж, өөрийн гараар мэдрэх, бүтээх боломжийг бүрдүүлж анхан шатны мэдлэгийг олж авах боломжтой юм байна.

Дүрслэх урлагийн баярын үеэр ДДУС-ийн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, мэргэжил тус бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн, үзүүлэх ажлууд, уран зураг инстоляци хосолсон орон зайн урлагийн үзүүлбэр, “Амгалан орчлон-Амгалан Улаанбаатар” гар зургийн уралдаан болон “Шилдэг бүтээл-2019” уралдаант үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслол болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ ухарсаар байна

Жил бүр дэлхийн 180 орны сэтгүүл зүйн нөхцөл байдлыг үнэлдэг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас энэ оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Энэ удаад манайх өнгөрсөн оныхоос нэг байраар ахиж нийт орнуудын 70 дугаарт бичигджээ. Хараат бус хэвлэл мэдээлэл үүсэх боломжийг сэтгүүл зүй дэх улс төрийн оролцоо хязгаарлаж буйг энэ удаагийн тайланд тусгажээ. Ингэж ахисан нь сэтгүүл зүйн салбарт гарсан дэвшлээс биш, харин нэлээн хэдэн орнууд байр ухарсантай холбоотой гэж судлаачид хэлж байгаа юм.

Ц.Мөнхжин: МОНГОЛД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БИЙ БОЛГОХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ

Энэ талаар “Глоб интернэшнл төв” ТББ-ын Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн менежер Ц.Мөнхжингөөс тодрууллаа.


-Хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ энэ жил 70 дугаар байрт бичигдлээ. Үүн дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Өнгөрсөн жил 71 дүгээр байранд бичигдсэн. Энэ жил нэг байр ахисан. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг ажиглах хэрэгтэй. Байр ахисан мэт харагдаж буй боловч өнгөрсөн жил бидний урд бичигдэж байсан зарим орнууд доошоогоо орчихсон юм. Ингэхээр бидний байр ахиж байгаа юм шиг харагдана. Яг үнэнийг хэлэхэд Монголд хууль зүйн орчин дутмаг. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал дээр энэ жил бодитой ахиц гарсан зүйл алга. Бидэнд шийдсэн зүйл нэг ч алга байна шүү дээ. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалт буюу гүтгэлгийн тухай заалтыг цуцлах санал Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Хариу өгөөгүй. Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийн эсрэг, тэднийг доромжлох, гутаах зорилготой фэйсбүүкийн кампанит ажлууд өчнөөн явсан. Мөн сэтгүүлчид өөрсдөө ёс зүйн алдаа гаргаж, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гарсаар байна. Асуудал өчнөөн. Үүнийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай.

-Сэтгүүл зүйн салбарын өөр санаа зовоосон асуудал юу байна вэ?

-Хамгийн их санаа зовоосон асуудал бол фэйсбүүк сүлжээ хүчээ авч буй байдал юм. Үүнээс болж мэргэжлийн сэтгүүлчдийн хувьд итгэлцлийн асуудал гарч ирж байна. Иргэд сэтгүүлчдэд итгэхээ больж эхэлсэн. Гэтэл сэтгүүл зүй иргэдийн итгэл үнэмшил дээр оршин тогтнодог. Иргэд итгэх тусам сэтгүүл зүй илүү хүчтэй, бат бэх болдог учиртай. Харин өдгөө иргэд сошиал медиагаас болж мэргэжлийн сэтгүүл зүйд итгэхгүй байх нь газар авлаа. Сэтгүүлчдийн зүгээс энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хууль эрх зүйн орчны хувьд ямар ч ахиц гараагүй. Ялангуяа ирэх жил сонгууль болно. Гэтэл өнөөдөр бидэнд хараат бус байдлаа хангахад зориулсан ямар ч тодорхой зохицуулалт алга.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Хууль зүйн яамнаас ажлын хэсэг гаргасан. Одоогоор бид хуулийн төсөлтэй танилцаагүй л байна.

-Манайд эрэн сурвалжлах сэтгүүл зүй ямар түвшинд явна вэ?

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүй шинэ тутам гарч ирж байна. Энэ тал дээр тодорхой ажил хийгдэж эхэлсэн. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвүүд бий болсон. Ингээд харвал эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих гараан дээрээ явна. Гэхдээ үүнийг бойжуулахад эрх зүйн орчин асуудалтай байна. Эх сурвалжаа хамгаалах ямар ч эрх зүйн зохицуулалт алга. Эрэн сурвалжлагч сэтгүүлч асуудлын гүн рүү орж, олон эх сурвалжтай харьцах шаардлага гардаг. Эх сурвалжаа заавал хамгаалах ёс зүй хүлээдэг. Одоогийн нөхцөл байдлаас харвал эх сурвалжаа аюулд оруулах эрсдэлтэй байна.

-Хэвлэлийн эрх чөлөөнд улстөрчид нөлөөлж байна гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас хийсэн тайланд дурджээ. Мөн мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байна гэх юм?

-Төвлөрөл гэдэг нь медиа корпорациудыг хэлж байгаа юм. Олон жижиг хэвлэлүүд нэг компанийн дор нэгдсэн. Өөрсдийнхөө нөлөөллийг олон хэвлэлд тогтоож байгаа нь олон ургальч, тал талын үзэл бодлыг нэвтрүүлж байх салбарын онцлог алдагдаж байна. Ингэснээр нэг компани, бизнесмэн, улстөрчийн эрх ашгийг хамгаалах нөхцөл байдал үүсэх эрсдэл бий болчихлоо. Яагаад гэвэл хуулийн орчин муу, редакцийн бие даасан байдал Монгол бараг үгүй гэж болно. Тэгэхээр нэг системд орсон хараат байгууллагууд олширно гэдэг нэг хүний захиалгаар дуугарч, бичих үзэгдэл бий болно. Ийм зүйлс ажиглагдаад эхэлсэн. Хоточ нохой байхаасаа илүүтэй хэн нэгний уяатай нохой болох тал руугаа орчихлоо. Хэвлэл мэдээлэл биш, суртал ухуулгын шинжтэй боллоо. Эзэмшил төвлөрөх байдлыг сааруулах хэрэгтэй. Төвлөрлийг зогсоодог, цэвэр өрсөлдөөнийг бий болгодог зохицуулалтыг гадныхан бий болгочихсон гэв.

Нэр төрд халдсан гэх хэргүүдийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг байгаа нь тэднийг өөрийн цензур руу түлхэж байна. Монголын телевизийн сувгууд 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд гүтгэлгийн хэрэгт ногдуулах ялыг хүндрүүлж буйг эсэргүүцэн өөрсдийн эфирээ түр харлуулсан билээ. Засгийн газрын дуу хоолой болж байсан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд үйлчлэх шилжилтийг хийсний үр дүнд Монголын хэвлэл мэдээллийн орчин ерөнхий байдлаараа сүүлийн жилүүдэд сайжирсан. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч хараат бус хэвлэлийг хязгаарлаж байна. Олон нийтийн, эсвэл хувийн эзэмшлийн аль аль нь улстөрчдийн дарамтад орж буй. Үүний зэрэгцээ төрийн ил тод бус байдал болон хэвлэл мэдээллийн дулимаг эрх зүйн орчин нь Засгийн газрын шүүмжлэлд мэдрэг байдлыг өөгшүүлж, сэтгүүлчдийн хоточ нохойн үүргийг хязгаарласаар байна гэдгийг уг судалгаагаар тогтоожээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд өдгөө хамгийн хүнд хэцүү цаг үеэ туулж байна. Эрх баригчид өдөр бүр чөлөөт хэвлэлийг боомилсон, өөрийнхөө эрхшээлд оруулж дохио зангаагаар удирдах гэсэн, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгт татах улмаар ялтан болгох гэсэн, хэвлэлийн газрын лицензийг төр хураах гэсэн аймшигтай бодлого явуулах болсон.

“Хэвлэлийн байгууллагуудад дарамт хангалттай байгаа. Эдийн засгийн аргаар дарамталдаг асар олон тохиолдол сүүлийн үед бүртгэгдэж эхэллээ. Юм л бол сэтгүүлчээс хэдэн зуун сая төгрөг нэхэмжилдэг болсон. Үүнд төр засаг анхаарлаа хандуулдаггүй хэрнээ мөрөөрөө өөрсдийгөө болгох гээд зүтгэж байгаа бизнесийнхнийгээ “Та нар хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа учраас ашгийг чинь хязгаарлах ёстой” гэсэн байдлаар хандах нь утгагүй. Энэ бол бизнес. Мэдээллийг боловсруулдаг, түгээдэг, тэндээсээ өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ийм л бизнес. Нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн онцгой бизнесийг ингэж дарамтлах юм бол өнгөрсөн хэдэн жилд олсон ололтоо үгүй хийнэ. Хэвлэл мэдээллийн салбарыг зүйл дуусгая гэсэн тохиолдолд ийм хаалт хориг тавих байх” гэж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг толгойлж буй Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид авлигын хуультай холбогдуулж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлснийг энд тэмдэглэе.

Мөн дэлхийн хэмжээнд сэтгүүлчдийг үзэн ядах байдал хүчирхийллийн хэлбэрт шилжиж байгааг онцолжээ. Сэтгүүлчдээ бүрэн хамгаалсан, аюулгүйд тооцогддог орнуудын тоо үргэлжлэн цөөрсөөр буй гэнэ. Үүнтэй зэрэгцэн авторитари дэглэмүүд хэвлэл мэдээллээс улам чанга зуурч буй. Индексээс харвал, сэтгүүлчдийн аюулгүй ажиллах орчинд хөнөөл авчрахуйц айдаст автуулах хүчтэй уур амьсгал үүсээд байна. Олон орны улс төрийн удирдагч сэтгүүлчдэд дайсагнасан байдлаа илэрхийлж буй нь хүчирхийллийн шинж бүхий аюултай үйлдлүүдийг дэвэргэсээр байгаа юм. Энэ нь сэтгүүлчдийн хувьд урьд хожид байгаагүй айдас, аюулыг авчирч эхэллээ.RSF-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Хэрэв улс төрийн хэлэлцүүлэг нь далд эсвэл иргэний дайны-хэв маяг бүхий орчин руу нээлттэйг чиглэж, ингэхдээ сэтгүүлчдийг бүх зүйлийн буруутнаар цоллож буй тохиолдолд тэр ардчилал маш том аюулд оржээ гэсэн үг. Энэхүү айдас, сүрдүүлгийн тойргийг зогсоох нь түүхийн он цагийн хугацаанд олж авсан эрх чөлөөг үнэлдэг сайн санаат хүмүүсийн хувьд нэн тэргүүний асуудал билээ” гэжээ.

БОЛГАРТ ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНГ БУРУУГААР АШИГЛАСАН ТУХАЙ ЭРЭН СУРВАЛЖИЛСНЫХАА ТӨЛӨӨ ХОЁР СЭТГҮҮЛЧ БАРИВЧЛАГДЖЭЭ

Италийн дотоод хэргийн сайд, Лигийн намын тэргүүн Маттео Сальвини л гэхэд өөрийг нь шүүмжилсэн гэх шалтгаанаар сэтгүүлч Роберто Савианогийн цагдаагийн хамгаалалтыг буулгах санал гаргасан юм. Үүнтэй зэрэгцэн Алжир, Хорват гээд бараг дэлхийн бүх оронд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид шүүх эрх мэдлийн дарамтын золиос болох нь нэмэгдсээр байгаа аж. Франц, Мальта шиг шударга бус шүүхийн үйл явц нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн санхүүгийн эх үүсвэрийг барах замаар тэдний үйл ажиллагааг хязгаарлахад ашиглагдаж байж ч магадгүй юм.

Үүний үр дүнд Польштой адил сэтгүүлчдийг торны цаана ч суулгаж мэдэх юм. Тодруулбал, Польшийн эрх баригч намын тэргүүний эргэлзээтэй барилгын төслийн талаарх нийтлэлийнхээ улмаас Gazeta Wyborcza-ийн сэтгүүлчид хорих ялтай нүүр тулаад буй. Мөн Болгарт Европын Холбооны санг буруугаар ашигласан тухай хэдэн сар эрэн сурвалжилсныхаа төлөө хоёр ч сэтгүүлч баривчлагдаад байна. Шүүхийн заргын хажуугаар ямарваа авлигын үйлдлийн хөшгийг нээсэн эрэн сурвалжлах сэтгүүлчид бүх төрлийн дарамтын бай болж болзошгүй. Эрх мэдэлтнүүдийг хилэгнүүлсэн сэтгүүлчдэд хэрэглэж буй хүчирхийллийн хэлбэр бүх хэмжээ хязгаарыг давж эхэллээ.

Өнгөрсөн аравдугаар сард Саудын Арабын Истанбул дахь консулийн газарт болсон нийтлэлч Жамал Хашоггигийн амийг хэрцгийгээр хороосон явдал нь хилийн чанад дахь сэтгүүлчдэд ч жихүүдэс хүргэм илгээлт боллоо. Энэ мэт хүчирхийллээс амьд үлдэхийн төлөөх айдсаас үүдэж бүсийн хэмжээнд олон сэтгүүлч өөрсдийгөө цензурдаж зарим нь бүр мөсөн бичихээ больсон. ОХУ, Туркид хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчин дарамталсан хэвээрээ гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргасан тайланд дурджээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг “Хил Хязгааргүй сэтгүүлчид” байгууллага 2002 оноос хойш жил бүр танилцуулж байгаа юм. Индексийн хэмжүүрт олон ургалч байдал, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, өөрийн цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг дэд бүтцийн чанар зэрэг багтана. Индексээр аливаа засгийн газрын бодлогод үнэлгээ хийдэггүй болно.

Дэлхийн болон бүсийн индикаторуудыг тооцоолоход орон бүрийн оноог суурь болгодог. Харин тухайн орны оноог дэлхийн дахинаа 20 орны хэл дээр бэлтгэгддэг асуулгад өгсөн мэргэжилтнүүдийн хариултад дүн шинжилгээ хийж гаргадаг. Аливаа хязгаарлалт, зөрчлүүдийг оноогоор тооцох бөгөөд оноо өсөх тусам нөхцөл байдал муудаж буйг илтгэнэ.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор зургаан хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 15-19-ны өдрүүдэд нийт 1081 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 740 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ. Осол, хэргийн улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь нас хохирчээ. Тус хэргийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна. Тухайлбал энэ сарын 16-ны өдөр 05.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн нутаг Хасаг толгой гэх газар шороон замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч Г-н нас баржээ.

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр /2019.04.18/ 21.00 цагийн орчим нийслэлийн Баянгол дүүргийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө, “Тэргэл” төвийн урд замд H.Porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 48 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироожээ. Үүнээс гадна орон нутагт бүртгэгдсэн хүний амь нас хохирсон осол, хэргийг хэлбэрээр нь үзэхэд тав нь онхолдох хэлбэрээр, нэг нь мөргөлдөх хэлбэрээр гарсан бөгөөд дөрвөн осол нь автомашинаар, хоёр осол нь мотоциклоор үйлдэгдсэн байна.

Огцом эргэлт дээр хурд хэтрүүлж явах нь автомашин замаас гарч осолд орох гол шалтгаан болдог бөгөөд автомашины тогтворжилт алдагддаг учраас тахирласан болон огцом эргэлттэй замд хурдыг аюулгүй байхаар сонгох хэрэгтэй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өнөөдрийн (2019.04.19) нэгдсэн хуралдааны эхэнд хуралдаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ.

Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн арван таван гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай, ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно” гэж заасан.

Одоогоор тус зөвлөлийн таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа бөгөөд тэдний оронд томилуулахаар Ерөнхийлөгч, Засгийн газраас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бол гурвыг нь Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх юм. Энэ үндсэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, түүх судлаач, төрийн шагналт эрдэмтэн Д.Өлзийбаатарыг, Засгийн газраас Улсын Бага Хурлын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, академич, хуульч эрдэмтэн Н.Жанцанг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөх Г.Уянга, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Пүрэвдорж, С.Мягмар, Д.Гоошоохүү нарын бүрэн эрхийн хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ. Иймээс Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах гурван квот дээр холбогдох төрийн бус байгууллагуудаас 20-иод хүнийг нэр дэвшүүлж, холбогдох материалыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч С.Алтанцэцэг, МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Нарангэрэл, “Цэцэн энтертайнмент” ХХК-ийн ерөнхий продюсер Д.Цоодол, “Сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ, “Данистатрейд ББСБ” ХХК-ийн захирал Г.Ариун, Liz төслийн зөвлөх Т.Эрдэнэчимэг, ММ агентлагийн тойм, захирал асан сэтгүүлч Ц.Оюунчимэг, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Монгол-Украины найрамдлын нийгэмлэг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, сэтгүүлч Г.Сумъяа, яруу найрагч Ж.Баяржаргал, Улсын Бага Хурлын гишүүн асан Б.Пүрэвдорж, дипломатч Г.Сүхээ, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Хамаг Монгол” төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, хуульч-өмгөөлөгч Д.Батсүх, инженер-эдийн засагч Л.Болд, хуульч Ц.Одончимэг, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн хэвлэл мэдээллийн албаны дарга, сэтгүүлч М.Амарбаяр, инженер-эдийн засагч О.Намбат нарыг холбогдох төрийн бус байгууллагууд нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, холбогдох танилцуулга материалыг ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулав.

Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж эхлэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхийлөгч болон Засгийн газраас Үндэсний зөвлөлийн гишүүн нэр дэвшигчдийг эхэлж хэлэлцээд санал хураалт явуулж шийдвэрлэх нь зүйтэй, харин Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тоонд олон хүн нэр дэвшсэн учраас тэдний асуудлыг дараа нь хэлэлцэж шийдье гэсэн горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэн юм.

Иймээс Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн түүхч эрдэмтэн Д.Өлзийбаатар, Засгийн газраас нэр дэвшүүлсэн академич, хуульч Н.Жанцан нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжсэн бол Н.Жанцанг гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлаас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчдийн талаар гишүүдээс асуулт, санал гараагүй тул саналын хуудсаар нууц санал хураалт явуулж нэр дэвшигчдийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон юм. Нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Н.Цэрэнбат, Н.Энхболд нарын гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов.

Ингээд нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичсэн санал авах хуудсаар нууц санал хураалт явуулж, дүнг Тооллогын комиссын дарга Н.Энхболд хуралдаанд танилцуулсан юм. Нууц санал хураалтад 16 гишүүн оролцон саналаа өгч, саналын бүх хуудас хүчинтэй гарчээ. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Алтанцэцэг 16, В.Бат-Эрдэнэ 11, Д.Батсүх 9 санал авсан байна. Иймээс 20 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан дээрх гурван нэр дэвшигчийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулахаар болов.

Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтов.

Нэр дэвшигч Сүхбаатарын Алтанцэцэг нь МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” агентлагт сурвалжлагч, редактор, ОХУ-д суугаа тусгай сурвалжлагч, МОНЦМЭ агентлагт гадаад сурталчилгааны ерөнхий редактор, ерөнхий захирал, МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Нэр дэвшигч Ванжилын Бат-Эрдэнэ нь Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын радиогийн дарга, радиогийн “Хурд” агентлагийн захирал, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны албаны захирал зэрэг алба хашиж байжээ. Харин нэр дэвшигч Доржсүрэнгийн Батсүх нь Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хуульч-өмгөөлөгч юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Элчин сайд Өвөрхангайд айлчлав

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх Өвөрхангай аймагт албаны айлчлал хийж байна.

Аймгийн Засаг дарга Г.Ганболдоор ахлуулсан албаны хүмүүс Элчин сайдыг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа. Өвөрхангай аймгийн зүгээс БНЭУ-ын муж, хотуудтай хамтын ажиллагаа тогтоож, мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага солилцох хүсэлтээ илэрхийлсэн юм.

БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 5 хүнийг мэдээллийн технологи, бусад чиглэлээр Энэтхэг улсад сургах, мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах, Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгох, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр туршлага судалж, шинэ технологийг аймагт нэвтрүүлэх зэрэг саналыг уулзалтын үеэр онцлов.

Элчин сайд Мохиндер Пратап Сингх Монгол Улсад ажилласнаас хойш 40 гаруй хонож байгаа бөгөөд орон нутагт хийх анхны айлчлалаа Өвөрхангайгаас эхэлж байгаа юм. “Тус аймаг нь түүх, соёлын өлгий нутаг бөгөөд Энэтхэг улстай шашин соёлын чиглэлээр олон удаа хамтарч ажиллаж байсан тул энэ аймгаас ажлын гараагаа эхэлж байна” хэмээн Элчин сайд хэлж байлаа.

БНЭУ-аас эмч, мэргэжилтнүүд жил бүр Улаанбаатар хотод хүрэлцэн ирж хорт хавдар, нүд, элэгний чиглэлээр үзлэг, шинжилгээ хийдэг ба өнгөрөгч онд манай улсаас 75 иргэн Энэтхэг улсыг зорьж, элгээ эмчлүүлж, эрүүлжсэн байна. Эмчилгээний төлбөр нь Солонгос улстай харьцуулахад 40 хувиар хямд байдаг тухай Элчин сайд хэлж байв. Цаашид эдгээр эмчилгээ, сувилгааг Өвөрхангай аймагт хэрэгжүүлж, нэвтрүүлж эхэлнэ хэмээн амласан юм.

Categories
мэдээ нийгэм

Түр замын нөлөөлөлд өртсөн айлуудын хашааг татууллаа

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэлийн ажилтай холбоотойгоор түр зам гаргах ажил хийгдэж байна.

Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд нөлөөлөлд өртсөн 6 айлын хашааг татуулж, газрыг чөлөөлөн түр замын зорчих хэсгийг гаргалаа.

Түр замаар 3.5 тн-оос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих юм


Categories
мэдээ нийгэм

Хил орчмын түймэр дээр хамтарч ажиллана

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Энхбаатар, Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн захирагч, дэслэгч М.Дамба нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн голын Ой шугуй, тал нутгийн гал сэргийлэхийг жолоодох төвөөс зохион байгуулсан “Хил орчмын ой, хээрийн түймрийг унтраах, түймэртэй тэмцэх хамтын ажиллагааны хуралдаан”-д оролцлоо.

Энэ үеэр талууд “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, хамтран ажиллах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Мөн хуралдаанаар хилийн бүс нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, түймэр гарсан үед мэдээ, мэдээллийг богино хугацаанд харилцан дамжуулах, шаардлагатай тохиолдолд хялбаршуулсан журмаар хоёр улсын хил нэвтэрч хамтран унтраах талаар хэлэлцэж, тохиролцлоо гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Нотариатын баримтыг цахимжуулахаар блокчейн технологи нэвтрүүлнэ

Өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 65.0 хувийн саналаар дэмжлээ.

УИХ Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Нотариатч нар бүгд хуульч байх шаардлага тавих, Нотариатын үйлчилгээг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгох шаардлагатай. Нотариатч нарын давтан сургалтын асуудалд онцгой анхаарал хандуулж байхыг хуулийн төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх оргил, энэхүү хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нотариатч төрийн сонгуульт ажилд томилогдвол таван жил хүртэлх хугацаагаар эрхийг түдгэлзүүлэх, 65 хүртэлх насны хязгаартай байх зохицуулалтын талаар тодруулав. Мөн нэг тойргийн хоёр нотариатч хамтран хуулийн этгээд байгуулахаар тусгасныг асуув.

Ажлын хэсэг, “Нотариатийн үйлчилгээг үзүүлэгч нь өөрийгөө санхүүжүүлдэг. Тодорхой байр түрээслэх шаардлага тулгарч байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэдэг. Тиймээс нэг тойрогт байгаа хоёр нотариатч хамтран үйлчилгээ үзүүлэх боломжийг хуульд тусгасан. Нотариатын үйлчилгээ нь бусдын эд хөрөнгөтэй холбоотой зүйлийг гэрчилдэг. Насны хязгаар тогтоож өгсөн нь, судалгаагаар настай нотариатчид ажлаа биечлэн хийлгүй туслахаараа хийлгэх тохиолдол байдаг. Үүнээс болж эрхзүйн янз бүрийн маргаан гарж байна. Цахим зохицуулалттай холбоотой үрэгдүүлсэн баримтыг нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа. Мөн хуульч мэргэжилтэй хүн нотариатийн үйлчилгээ үзүүлдэг байх шаардлагатай. Зарим нотариатчид сонгуульт ажил эрхлээд, нотариатын эрхээ нөөцөлдөг. Энэ тохиолдолд дараагийн нотариатчид боломж олгодог байхаар хугацаа зааж өгсөн” гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Нотариатын үйлчилгээг НӨАТ-ын тухай хуульд хамруулснаар ямар бэрхшээл гарах болон нотариатийн үйлчилгээг цахимаар авах боломжийн талаар тодруулав.

Ажлын хэсэг, “Нотариатын үйлчилгээ нь хүний хүсэл зоригийг бодит хүн гэрчилж байгаа учраас цахимаар авах гэрчлэх боломжгүй. Харин нотариатын баримтыг цахимжуулахаар блокчейн технологи нэвтрүүлэхээр хэлэлцэж байгаа.

Categories
гадаад мэдээ

Японы Асо галт уул оргилж эхэлжээ

Японы Кюшю арлын Кумамото мужийн баруун өмнөд хэсэгт оршдог Асо галт уул дахин оргилж эхэлсэн тухай тус улсын Цаг уурын газар мэдээллээ.

Асо галт уул энэ долоо хоногт хоёр дахь удаагаа оргилж байгаа нь энэ аж. Галт уулын бүсэд ойртохгүй байхыг орон нутгийн эрх баригчид нутгийн иргэдэд уриалжээ.

Галт уул оргилсны улмаас энэ галт ууланд хамгийн ойр байрлалтай Кумамотогийн нисэх буудлын үйл ажиллагаанд саатал гарсан эсэх талаар одоогоор мэдээлээгүй байна.

Асо нь дэлхийн хамгийн том галт уулуудын нэг юм. 1592 метр өндөр уг галт уул нь идэвхтэй галт уулд тооцогддог бөгөөд янз бүрийн хүчтэй дэлбэрэлт тогтмол бүртгэгддэг аж.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өнөөдрөөс /2019.04.19/ шилжүүлж эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. Энэ хүрээнд хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авах ажээ. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар тус тус тайлангаа ирүүлсэн байна.

Татварын ерөнхий газрын улсын байцаагч И.Мөнхцэцэгийн мэдээлснээр “өнөөдрөөс эхлээд материал өгсөн дарааллаар зарим банкны харилцагчдын мөнгө буцаан орж байгаа. Гэхдээ энэ бол албан ёсны мэдээлэл биш. Төрийн сангаас тодруулах нь дээр болов уу” гэлээ.

Харин Төрийн сангийн мэргэжилтнээс тодруулахад “буцаан олголт дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж материал өгсөн дарааллаар олгоно. Иргэдийн буцаалтыг тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байна. Тиймээс энэ сарын 20-ны өдөр Бямба гариг тул өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байгаа” гэв.