Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголын Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч МҮОХ-нд зочиллоо

Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БНХАУ-ын Олимпын хорооны гишүүн, Өвөрмонголын өөртөө касах орон /ӨМӨЗО/-ы үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Хятад бөхийн аварга Д.Одсодыг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар хоёр орны үндэсний бөхийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн онцлон тэмдэглэсэн байна.

Монгол туургатны үндэсний бөхийн төрөл бүрийг хөгжүүлж, өв уламжлалыг нь хадгалан, түгээн дэлгэрүүлэх тухай санал солилцож, цаашид хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж ажиллахад санал нэг байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг ЕБС-ийн хэмжээнд Цахим-журнал хөтлөх анхны загвар аймаг болно

Дэлхийн банкны санхүүжилтээр Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж буй “ЕБС-иудын үйл ажиллагаанд эцэг, эх, олон нийтийн оролцоог хангах нь” дэд төслийн үр дүнд Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сургуулиуд цахим журнал хөтлөх анхны загвар аймаг болно.

Швейцарын Хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, БСШУСЯ-ны зүгээс Сэлэнгэ аймагт сайн санааны үйлс, тусламж дэмжлэгийг эрүүл мэнд, боловсролын салбарт байнга үзүүлж байгаагийн нэг илрэл нь энэхүү дэд төсөл юм. Өмнө нь аймгийн Засаг дарга, аймгийн Иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах “санамж бичиг”-ийг 2017 онд баталж, “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслийг дээрх байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд сүрьеэ өвчин өмнөх оныхоос 10000 хүн амд 5.1 промиллоор буурчээ.

Энэ удаа Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хоёрдугаар шатны хүрээнд Сэлэнгэ аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй эл төсөл нь удирдлагуудын зүгээс аймгийн ирээдүй болсон хүүхэд багачуудыг тав тухтай таатай орчинд сурах, хөгжих боломжийг бүрэн хангаж, боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлогын зорилтыг хангахад маш чухал, бодит дэмжлэг боллоо хэмээн дүгнэлээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгаас чухал бөгөөд төслийн амин судас гэдгийг ч онцоллоо. ЕБС-уудын үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог хангах нь дэд төслийн үр дүнд боловсролын салбарын үйлчилгээ чанартай, ил тод, эцэг, эх, олон нийт зөв мэдлэг, мэдээлэлтэй болж, эерэг хандлагад түшиглэн тэдний оролцоог нэмэгдүүлсэн байх явдал ажээ.

Төслийн нээлтийн үеэр Төслийн Үндэсний зөвлөх байгууллагын тэргүүн Г.Ундралаас дараах тодруулгыг авлаа. Тэрээр ”Энэхүү төсөл нь Монгол Улсын 10 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд түүний нэг аймаг нь Сэлэнгэ байгаа. Төслийн гол зорилго нь ЕБС-уудын үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн цахим оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. БСШУСЯ-наас боловсролын салбарын мэдээллийн систем гээд томоохон цахим талбар бий болгосон. Үүнийгээ улсын хэмжээнд бүх сургуульд нэвтрүүлэх ажлыг алхам алхмаар хийж байгаагийн нэг хэлбэр нь энэ төсөл юм. Сэлэнгэ аймагт зорилтот таван сумыг сонгож, эдгээр сумаасаа зорилтот таван сургуулийг мөн сонгон авч нийгмийн эгэх хариуцлагын үзэл баримтлал, арга хэрэгслэлээр чадавхжуулж, сургагч багшийг бэлтгэнэ. Энд бэлтгэгдсэн сургагч багш нар өөрсдөө үлдсэн сумдынхаа сургуулиудын багш, олон нийт, эцэг эхийг үргэлжлүүлэн сургаж бэлтгэнэ. Эдгээр бэлтгэгдсэн багш нар үлдсэн сургуулиуддаа туршлагаа хуваалцана.

Төсөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын лаборатори ЕБ-ын 4-р сургууль, Мандал сумын ЕБ-ын 3-р сургууль, Ерөө, Цагааннуур, Сайхан сумдын сургуулиуд сонгогдсон. Төсөл хэрэгжих хугацаа нь өнгөрсөн 3-р сарын 15-наас эхлэх байсан боловч донор байгууллагын зүгээс жаахан хоцорч эхэллээ. Төсөл маань ирэх 10-р сарын 31 гэхэд дуусна. Иймээс бидэнд маш бага хугацаанд, үр ашигтай, далайцтай, эрч хүчтэй ажиллахыг л шаардаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хятад хэлээр эсээ бичих анхдугаар уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

“Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдэвт хятад хэлээр эсээ бичих анхдугаар уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа.Тус уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Мөнгү Шяоши Бао” сониноос Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жил, тус сонины 90 жилийн ойг тохиолдуулан хятад хэлний сургалттай ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд зарласан юм.

МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд болсон шагнал гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Ли Вэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.

Шагнал гардуулах ёслолыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ, “Манай агентлаг 2018 оноос уншигч, харилцагчдынхаа хүрээллийг нэмэх, байнгын эргэх холбоо бий болгох зорилгоор англи, орос, хятад, япон сонины нэрэмжит уралдааныг холбогдох ЭСЯ-д, соёл хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Сурагчдын хятад хэлээр бичих ур чадварыг дэмжих, Монгол-Хятадын найрамдалт харилцааг хүүхэд залуус хэрхэн үнэлж буйг харуулах, Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуучуудын оролцоог нэмэх зорилготой манай уралдааны цар хүрээ улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь бидний Монгол-Хятадын найрамдалт харилцаанд зохих хувь нэмрээ оруулах гүүр болох учиртай гэж бид үзэж байгаа юм. Бидний ажлыг дэмжин хамтран ажилласан Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ, Хятадын соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.

Тус уралдаанд 10-12 дугаар ангийн 50-иад сурагч оролцсоноос, тэргүүн байрт “Үй Цай” бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Эрхэмбаяр, дэд байрт “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Уянга, гутгаар байрт “Дархан Цайхун” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Золбаяр нар шалгарлаа. Шагналт болон тусгай байр эзэлсэн сурагчдыг мөнгөн урамшуулал, Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ, Хятадын соёлын төвийн нэрэмжит шагнал, бэлэг дурсгалын зүйлээр шагнав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Ли Вэй хэлэхдээ “Монгол Улсын хүүхэд багачууд хятад хэл сурах, Хятад улсыг ойлгож танихад энэ уралдаан том завшаан олгож байна хэмээн талархаж байна. Хүүхэд залуус хятад хэл сурч, хоёр орны нөхөрсөг харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Уралдааныг амжилттай зохион байгуулсан МОНЦАМЭ агентлагийн хамт олонд талархал дэвшүүлье” хэмээгээд уралдаанд амжилттай оролцсон сурагчдад улам их амжилт хүсэв.

Уралдаанд байр эзэлсэн сурагчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Тэргүүн байрт шалгарсан Үй Цай бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Эрхэмбаяр: Хятад улс бол манай хөрш орон. Хятад хэл соёлыг олон улс сонирхон судалдаг болж байгаа учраас би хятад хэлийг сонгон үзсэн. Би Бээжин хотод 6 жил сураад, 8 дугаар ангидаа “Үй Цай” сургуульдаа шилжин ирсэн. Эсээгээ бичихдээ Монгол, Хятад улсын эв найрамдлын түүх болон хоёр орны ирээдүйн хөгжлийн тухай өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. Цаашид хятад хэлийг улам сайн сурч, олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Хоёрдугаар байрт шалгарсан “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Уянга: Миний хувьд, нэгдүгээр ангиасаа хятад хэл сурч байна. Өмнө нь ийм эсээ бичлэгийн уралдаанд оролцохыг хүсдэг байсан боловч өөртөө итгэл муутай байсан. Харин энэ удаа зориглон, Хятадад амьдарч байсан тухайгаа бичихээр шийдсэн. Эсээгээ хоёр долоо хоног бодож байж бичсэн. Манай монголчууд хятад орон, хятад хүмүүсийн тухай буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Тиймээс Хятадад амьдарч, аялж байсан дурсамжаараа тэр ойлголтыг залруулахыг хүссэн юм.

Гуравдугаар байранд шалгарсан “Дархан Цайхун” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Золбаяр: Эсээгээрээ Монгол, Хятад улс өмнө нь үл ойлголцдог байсан бол, одоо хоёр орны найрамдалт харилцаа сайжирч, хөгжиж буйг харуулсан. Хөрш орныхоо хэл соёлыг мэдэхийн тулд хятад хэлийг хичээнгүйлэн суралцахыг үе тэнгийн найз нөхөддөө уриалж бичсэн.

Дашрамд мэдээлэхэд, хятад хэлээрх Монголын цорын ганц тогтмол хэвлэл “Мөнгү Шяоши Бао” сонин 1929 оноос хойш 90 дэх жилдээ хэвлэгдэн гарч байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол судлалыг дэмжихээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо энэ сарын 18-19-нд болж байна.

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Монгол судлалын холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус хуралд оролцохоор ирсэн олон улсын монгол судлаач эрдэмтдийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр олон улсын эрдэм шинжилгээний IV хурлыг хамтран зохион байгуулж, ач холбогдолтой илтгэл хэлэлцүүлж байгаа монгол судлаач эрдэмтдэд талархаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, монгол судлалыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн монгол судлал, Монголын түүх, соёлын өвийг судлахад гол үүрэгтэй монгол судлаачид ирсэнд талархал илэрхийлэхийн ялдамд, ирэх жил тохиох Хархорум хот байгуулсны 800 жилийн ой, 2021 онд болох Монгол судлалын 12 дугаар Их хуралд идэвхтэй оролцохыг хүслээ.

Энэ удаагийн хуралд Монгол судлалын ууган төв Санкт-Петербург хотын Улсын Эрмитаж музей, Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Санкт-Петербургийн Шинжлэх ухааны архив, Улаан-Үдийн Монгол, Будда, Төвдийн судлалын хүрээлэн, Оросын угсаатны музейн нэртэй судлаачид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Баримтат кино бүтээх баг Вьетнам Улсад ажиллав

Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2019 онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, өнөөгийн хамтын ажиллагааны тухай баримтат кино бүтээх МҮОНРТ болон ГХЯ-ны төлөөллөөс бүрдсэн баг 2019 оны 4-р сарын 11-17-нд Вьетнам Улсад ажиллав.

Төлөөлөгчид Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Элчин сайд Д.Билэгдорж, МВНН-ийн дэд тэргүүн Хоанг Туан Тхинь, мөн Ханой их сургуулийн Монгол оюутнуудаас ярилцлага авч, Үндэсний архивын газар, Баримтат болон ШУ-ны киноны студи, Д.Сүхбаатарын нэрэмжит Вьетнамын Ба Ви-ийн сүүний ферм, “Винфаст” автомашины үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, киноны зураг авалт хийв.

Монголын талын баг “Вьетнамын дуу хоолой” радио телевизийн нэгдэл /VOV/-ийн дэд ерөнхийлөгч Нго Минь Хиен-тэй уулзалт хийсэн бөгөөд баримтат киног энэ оны 11 дүгээр сард Монгол болон Вьетнамын телевизээр зэрэг гаргах, вьетнамын талын баримтат киноны баг ирэх 9 дүгээр сард Монголд ажиллаж, зураг авалт хийхээр тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Хятадын компанид “амалсан” 50 га газрыг дотоодын хүлэмж эрхлэгчдэд өгөхийг шаардлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын Тяньжин Фүүдс компанид өгчээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун болон хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Харин тэргүүлэгчид дэмжихгүй, буцаасан байна. Учир нь 50 га газар нь Монголд ажиллаж байгаа хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээний том газар аж. Энэ газарт Хятадын компани хүлэмж ажиллуулбал Монголын аж ахуйн нэгжүүдийг “унагах” хор уршигтай. Мөн хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ.

Гэвч тухайн өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг илгээж, энэ ажил цааш үргэлжлэхийг дуулгасан байна. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт Хятадын компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй эрхлэх нь тодорхой боллоо гэдгийг төлөөлөгч С.Мөнхчулуун хэлж байна.

Тиймээс Ерөнхий, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлж буй аж. Ингэхдээ Тяньжин Фүүдс компанид олгох гэж буй 50 га газрыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар хүлэмжийн аж ахуйн зориулалтаар олгохыг хүссэн байна. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ЖДҮХС-ийн зээлээс олгохыг шаардсан шаардлагын хариуг 5 хоногийн хугацаанд авахаа тэд мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Ш.Батхүүгийн хөрөнгөөр 40 сая ам.долларыг төлөх бүрэн боломжтой

Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.долларын Стандарт банкинд төлөөд буй. Засгийн газраас энэ мөнгийг богино хугацаанд буцааж авах үүргийг Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Б.Ганбат нарт өгчээ. 40 сая ам.долларыг ирэх есдүгээр сараас өмнө буцаах авахыг даалгасан байна. Харин энэ хугацаанд мөнгийг авч чадахгүй бол Х.Бадамсүрэн, Б.Ганбат нарт хариуцлага тооцно гэдгээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Мөн тэрбээр “Батхүүгийн хөрөнгө 3-4 хүнд шилжсэн. Бидэнд ирсэн мэдээллээр 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө байгаа. Хувь хүн болон хууль хяналтын байгууллагын удирдлагад ажиллаж байсан хүн рүү шилжсэн. Ямар замаар шилжсэнд асуудал байгаа.

Монгол Улсад шударга ёс гэж байдаг бол тэр хүмүүсээс энэ өмчийг авах ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Ганхуяг: Бид хэнээс ч айхгүйгээр үнэний төлөө тэмцэнэ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр маргааш буюу 04 дүгээр сарын 20-нд тохионо. Энэ өдрийг угтаж, ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон асуудлаар мэдэгдэл гаргаж буй аж. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуяг “Манай нам анх 2000 онд байгуулагдахаа С.Зориг агсны үзэл санааг тээгч нам болохоо тунхагласан.

Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсан. Харамсалтай нь сүүлийн үед нөхцөл байдал ээдрээтэй боллоо. Энэ хэрэг сонгуулийн өмнө хоёр намын улс төрийн ашиг хонжоо, оноо авах гэсэн хэрэгсэл болж хувирч байна. Тиймээс олон нийтийг, биднийг ижил тэгш мэдээллээр хангахыг шаардаж байна.

Хэргийн маш олон нотлох баримтаас 20 гаруй минутын бичлгээр асуудлын нэг талд гарч, дүгнэлт хийх боломжгүй. Тиймээс бид шүүхийн бүх шатны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг ил болгохыг шаардаж, мэдэгдэл гаргаж байна. Үнэнийг олохын тулд цаашдаа улс төрийн тэмцэл өрнүүлнэ. Учир нь хэргийн нотлох баримтуудыг устгаж, захиалагчийг бүрхэгдүүлж магадгүй. Бид хэнээс ч айж шантрахгүйгээр энэ асуудлыг хүчтэй ярина” гэв.

Categories
мэдээ улс-төр

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс А.Роман, С.Мягмар, Л.Пүрэвдорж, Д.Гоошоохүү нарын бүрэн эрхийн хугацаа дууссан, С.Санасэр нь хуралдаанд 6 сар оролцоогүй тул чөлөөллөө. Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Өлзийбаатар, Н.Жанцан, Бат-Эрдэнэ, н.Алтанцэцэг, Батсүх нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг гишүүдийн олонхийн саналаар дэмжин баталлаа.

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулганы хуралдаан үдээс хойш 15:00 цагт эхэлнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгчийн зүгээс түүхч Д.Өлзийбаатар, Засгийн газраас хуульч Н.Жанцан нарыг томилох саналыг хүргүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Жон Адамс Монголын тухайд


Ерөнхийлөгч Томас Жэффэрсон, Жон Адамс нар

АНУ-ын анхны ерөнхийлөгч нар, эднийхний өөрсдийнх нь нэрийддэгээр улс орныг “Үндэслэгч эцгүүд” нь (Alexander Hamilton, George Washing­ton, Benjamin Franklin, John Jay, John Adams, Thomas Jefferson, James Madison нарыг үндэслэгч эцэг гэнэ) Монголын түүхийг сонирхдог, Чингис хааныг судлан, үлгэр жишээ авдаг байсан талаар монгол судлаач Жак Вэдэрфорд авгай анх тодорхой бичсэн билээ. Энэ удаад АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс хувийн захидал харилцаандаа монголчууд болон Чингис хааны талаар хэрхэн дурдаж байсныг архивын баримтаас эш татан өгүүлсү.


ЖОН АДАМСЫН ТУХАЙ ТОВЧХОН

АНУ-ыг үндэслэсэн эцгүүдийн нэг Жон Адамс нь 1735 онд Массачусэтс мужид төрсөн, төр засгийн зүтгэлтэн, хуульч, дипломат, зохиолч хүн юм. Анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны дараа 1797 оноос 1801 оныг хүртэл Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн албыг хашжээ. Британиас тусгаар тогтнох хувьсгалыг манлайлан удирдаж, төр улс байгуулагдсан хойно Жорж Вашингтоны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Жон Адамсын ууган хүү Жон Куинси Адамс АНУ-ын зургаа дахь ерөнхийлөгч болсон билээ.

Дээр дурдсан “үндэслэгч эцэг” хэмээх долоон хүний хувийн бичиг баримт, захидал сэлтийг АНУ-ын Үндэсний Архивт тусгай цуглуулга болгон хадгалж байна. Эдгээр захидал дотроос Жон Адамсын Монголтой холбогдох гурван захидлыг тусгайлан авч үзье.

1. ЖОН АДАМСААС ТОМАС ЖЭФФЭРСОНД БИЧСЭН ЗАХИДАЛ.

1812 оны зургадугаар сарын 28.

Энэхүү захидал нь Жон Адамс Томас Жэффэрсон хоёрын Америкийн уугуул иргэдийн шашин, түүхийн талаар харилцан бичилцсэн олон захианы нэг ажээ. Жон Адамс “индианчуудын итгэл бишрэлийн тухай сэдвээр таны залуу насныхаа тухай болоод дундад зууны талаар бичсэн тань намайг ихэд баярлуулав” хэмээн Томас Жэффэрсонд талархаад цааш нь “таны зургадугаар сарын 11-нд бичсэн индианчуудын тухай захидал надад Иудаизмын системээс илүүтэй Платожсон Филог санагдуулж байна” гэсэн нь энэ хоёр түүхт хүн индианчуудын шашин, ертөнцийг үзэх үзлийн талаар нэн удаан сонирхон судалж, харилцан бичилцэж байсныг илтгэнэ. Адамс цааш нь Плато, Фило хоёрын Бурханыг үзэх үзэл нь эртний Мисирээс гаралтай болохыг тайлбарлаж, индиан нарын бишрэлтэй харьцуулаад, зарчмын ялгаатай гэсэн санаагаа хэлжээ. Үүний дараа харин индианчуудын үзэл бодол, гарал үүслийг өөр улстай холбох оролдлого хийснийг эш татан орчуулбаас:

“Би харин өөр нэгэн тогтолцоог бодож байна.Чингисийн долоон зуун мянган цэрэг бүгдээрээ болон хэсэг бусгаараа дайнд мордохдоо их дуугаар уулгалан хашгирдаг нь хүмүүн төрөлтөн төсөөлж ч чадамгүй, эгээ л тамын орноос чөтгөрүүд алдагдаад уухайлан довтолж байна уу гэмээр, ингэж дайснуудаа хөштөл нь айлгаснаар монголчууд ялагдаж үзсэнгүй. Индианчуудын уухай үүнтэй их адил, тиймээс Азийн хүмүүс Америкт суурьшжээ.

Өөр нэг тогтолцоо. Чингисийн арми, хоёр, гурав, дөрвөн зуугаараа тодорхой нутгийг бүсэлж аваад, арслан, бар, баавгай, чоно, ерөөс амьд бүхнийг төв рүү шахдаг. Ингэхдээ тэд аймшигт хашгичаан гуугачаан болон бүрээ бөмбөрийн дуугаар араатан амьтдыг айлган номхруулж, хангалттай хэмжээний хүнс болгон базааж авна. Тийм учраас жижгэвтэр амьтдыг яг тэгж барьдаг Шотландын уулынхан болбоос Азиас нүүдэллэн ирэгсэд болно. Тийм ч учраас яг тийм заншил бүхий индианчууд нь Азиас эсвэл Шотландаас ирсэн болой”.

Үүнээс харахад ерөнхийлөгч Жон Адамс монголчуудын нэргэ хэмээдэг, ан агнуурын болоод дайн тулааны өвөрмөц аргыг маш сайн мэддэг байсан ажээ. Пети дэ Круагийн “Агуу их Чингис хааны түүх” номыг Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин хоёул уншиж судалсан, мөн тэр номд бүслэн авлах нэргэ аргын тухай бүхэл бүтэн бүлэг байдгаас үүдэн дүгнэхэд Жон Адамсын түүхийн энэхүү мэдлэгийн үндэс нь Пети Круагийн ном байж болох юм.


Жон Адамсаас омас Жэффэрсонд бичсэн захидал

2. ЖОН АДАМСААС ТОМАС ЖЭФФЭРСОНД БИЧСЭН ЗАХИДАЛ.

1813 оны нэгдүгээр сарын 26

Энэхүү захидалдаа Жон Адамс монголчуудын тухай өмнөх захидалд дурдсантайгаа төстэй зүйлийг дахин бичсэн байв. Гэхдээ захидлынх нь ерөнхий агуулга өөр, Томас Мортон хэмээх зохиолчийн 1637 оны бүтээлийг шүүмжилсэн утгатай юм.

“Эрхэм ноёнтон

Таны арванхоёрдугаар сарын 28-нд илгээсэн харамгүй бэлгийг авч ихэд баярлалаа” хэмээн захидлаа эхлүүлжээ. Тэгээд Мортоны номын хоёрдугаар ботиос индианчуудын хэлэнд эртний латин, грек үг байгаа гэж тайлбарласан хэсгийг болон Алтан гадас одыг Маскэ буюу “баавгай” хэмээдэг нь төстэй байна гэх мэтээр бичсэнийг нь эш татжээ. Адамс цааш нь

“…Ноён Мортон үүнээс цааш өгүүлсэнгүй. Тэрбээр мөн индианчуудыг хөлдүү Тэнгисийг(Берингийн хоолойг хэлж байна. М.С.) гэтлэн ирсэн тартаарчууд гэх холбоосыг няцаагаад харин тэднийг таран бутарсан Тройчуудын үлдэгдэл байж магадгүй хэмээн дүгнэсэн байна” гэжээ. Адамс Мортоны энэ саналыг шүүмжлэн няцаагаад өгүүлсэн нь:

“Азийн Бонапарт болох Чингисийн уухай нь индианчуудыг Чингисийн цэрэг, эсвэл харьяат нараас гаралтай хэмээх, үгүй гэхэд Чингисээс дайтах урлагийг сурсан үндэстнүүдээс гаралтай гэх үзлийн баталгаа мөн гэж өмнө үзэж байгаагүйг би их гайхдаг юм. Тэр бүх үндэстнийг Чингис тал бүр тийш бутлан хөөж орхисон билээ. Чухам хаашаа гэдгийг Тэнгэр л мэдэх биз. Индианчуудын гуугачааг мөн хүний хоолойноос гарч болох хамгийн аймшигт муухай, дээр нь дайснаа айлгах хамгийн хүчит авиа гэдэг. Азийн уухайг мөн тэгж хэлж болно. Ямар ч улс үндэстэн хийгээд араатан амьтан тэдний уухайг эсэргүүцэн зогсоож чадсангүй. Үнэндээ бол Чингисийн арми долоон зуун мянган цэргээрээ зуун бээрийн диаметртэй их тойрог үүсгэн, араатан амьтдыг тал бүрээс нь шахаж, бүрээ бөмбөр, бусад хөгжмийн зэмсгээр их дуу гарган уухайлж туусаар төвд нь бөөгнүүлэх бөгөөд тийм аймшигт дуу чимээнээс ямар ч араатан үхтлээ айх нь зүй юм” гэжээ.

1813 он гэдэг Наполеон Бонапарт Европ дахиныг эзлээд байсан үе учраас Жон Адамс Чингис хааныг “Азийн Бонапарт” хэмээсэн нь сонирхолтой юм. Үүнээс гурван жилийн өмнө, 1810 онд Конгрессын гишүүн, улстөрч Жон Рандолф ерөнхийлөгч Томас Мадисонд бичсэн захидалдаа Жон Адамсаас яг эсрэгээр, “Орчин цагийн Чингис болох Наполеон…” гэсэн байдаг нь энэ хоёр их жанжныг харьцуулан адилтгасан бүр анхны жишээ байж ч болох.

Жон Адамс захидлаа цааш нь үргэлжлүүлэхдээ Чингис хааны их авын тэр аймшигт дуу чимээ, араатан амьтны бөөгнөрлийг Библи дэх Ноагийн хөвөгч авдар дээр бүх амьтнаас хосыг цуглуулсантай, мөн нэрт найрагч Жон Милтоны бүтээлтэй зүйрлэн өгүүлээд эцэст нь “Ингэж тойрог маягаар бүслэн агнах явдал Шотландын уулархаг нутагт бас буй гэж ярьдаг. Индианчууд харин ингэж авладаг болов уу?” хэмээн Томас Жэффэрсонд асуулт тавиад өндөрлөжээ.

3. ЖОН АДАМСААС ЖОРЖВАШИНГТОН АДАМСД БИЧСЭН ЗАХИДАЛ,

1823 оны нэгдүгээр сарын 12

Жорж Вашингтон Адамс бол 1801 онд буюу Жон Адамсыг ерөнхийлөгчийн албанаасаа буусан жил (ажлаа өгснөөс нь яг нэг сарын дараа) төрсөн ач хүү нь юм. Түүний эцэг Жон Куинси Адамс нь захидлыг бичигч Жон Адамсын ууган хүү, энэ захидлыг бичсэнээс хоёр жилийн дараа буюу 1825 оноос ерөнхийлөгчөөр ажилласан, АНУ-ын зургаа дахь ерөнхийлөгч билээ.

Энэхүү захидалд Жон Адамс ач хүүтэйгээ эцгийнх нь улс төрийн үзэл, томилгоо, төр улсаа тэлэх баримтлалынх нь талаар бичжээ. Жон Куинси Адамс тэр үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Жон Адамс ач хүүдээ шинэ залуу Бүгд найрамдах улсыг дэлхий даяараа үзэн ядаж буйг, их гүрэн гарч ирэх вий хэмээн эмээж буйг тайлбарлан бичээд дүгнэсэн нь:

“Манай Бүгд Найрамдах улс өдгөө яг Чингис хааных шиг байдалд ирээд байна. Тэрбээр ‘агуу иххүмүүний хүсэл эрмэлзлийг ханган цатгахад бүхэл бүтэн ертөнц ч багадах буй за’ хэмээн хэлсэн билээ”.

Жон Адамс энэ үгээ хаанаас эш татсан эх сурвалжаа дурдсангүй. Хувийн захидал учраас тэгэх ч хэрэг үгүй бөгөөд захидлаа “Чиний өвөг эцэг” хэмээн төгсгөжээ.

Энэ гурван захидлаас дүгнэн өгүүлэхэд АНУ-ын анхны ерөнхийлөгч нар шинэ тулгар байгуулагдсан улс гүрнээ Чингис хааны үеийн Монгол Улс мэтээр хэмээн төсөөлж байсан нь, мөн Америк тивийн уугуул иргэдийг Монголоос гаралтай хэмээн итгэж байсан нь тодорхой байна.

Энэ дашрамд дурдахад АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар Монголын тухай сонирхон судалж, уншин судалж байсан нь баримтаар тогтоогдоод буй.

Өгүүллийн эхэнд Томас Жэффэрсон, Бэнжамин Франклин нар Чингис хааны тухай Пети Круагийн номыг уншсан, түүнээс санаа авч шашны хүлцлийн тухай үзэл баримтлалаа боловсруулсан болохыг монгол судлаач Жак Вэдэрфорд баталсан гэдгийг бичсэн билээ. Тэгвэл анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэргий Марта Вашингтоны унших дуртай ном нь Чингис хааны хайр сэтгэлийн тухай Францын нэгэн эмэгтэй зохиолчийн уран зохиолын ном байжээ. Жорж Вашингтоны номын сангаас Мартагийн шимтэн уншиж байсан, 1692 онд хэвлэгдсэн уг номыг доктор Бадарчийн Нямаа олсон, удахгүй миний бие орчуулж, уншигч таны гар дээр монгол хэлээр тавина.

Хожим Теодор Рузвельт ерөнхийлөгч Монголыг нарийвчлан судалж, түүхч Жэрэмиа Куртины “Монголчууд” номын өмнөтгөлийг бичиж байв. Тэгвэл хэдхэн жилийн өмнө Монгол Улсын элчин сайд Булгаагийн Алтангэрэл жуух бичгээ барихдаа Барак Обама ерөнхийлөгчид “Орчин үеийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бэлэглэсэн, Обама хожим тэр номыг эхнэр Мишээл нь түрүүлж уншсан, маш сонирхолтой гэж дүгнэсэн, одоо өөрөө уншина хэмээн өгүүлсэн тухай дам бус шууд сурвалжаас зохиогч сонссоноо илтгээд энэхүү нийтлэлийг өндөрлөе.

P.S.Насан туршаа захидлаар харилцсан АНУ-ын дээрх хоёр ерөнхийлөгч болох Жон Адамс, Томас Жэффэрсон хоёр 1826 оны долдугаар сарын 4-ний өдөр буюу АНУ тусгаар тогтносон баяр, тавин жилийн тэгш ойн өдөр хэдхэн цагийн зайтайгаар хоёул таалал төгссөн бөлгөө. Жон Адамс 90, Томас Жэффэрсон 83 настай байлаа.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ