Categories
мэдээ нийгэм

Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгнө

Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утасны нээлт маргааш 11 цагаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд болох гэж байна. Энэхүү утсыг нээн ажиллуулснаар архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, уур бухимдал, нойргүйдэл, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гадны хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломж бүрдэж байна. Олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллан зөвлөгөө өгөх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд Зүүн Азийн жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч болжээ

Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Зүүн Азийн жүдо бөхийн холбооны их хурлаар өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа хэлэлцжээ. Уг хурлын үеэр дэд ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг сонгосон байна. Түүнийг дөрөвдүгээр сарын 18-д болсон Азийн жүдо бөхийн холбооны хурлын үеэр албан ёсоор томилжээ. З.Энхболд “Токио 2020” олимпод зодоглох монгол жүдочдын багийн ахлагчаар томилогдсон. Манай улсад 2020 онд олимпийн эрх олгох Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар З.Энхболд ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Их хурд-8” уралдаан долдугаар сард хүй долоон худагт болно

Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдааны тов гарчээ. Найм дахь удаагийн уралдааныг ирэх долдугаар сарын 20, 21нд Хүй долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн аж. Өмнөх уралдаануудыг ганцхан өдөрт багтаан хийдэг байсан. Тэгвэл энэ жил хоёр өдөр хийнэ. Учир нь, зөвхөн шигшмэл хурдан морьдыг шалгаруулахаас гадна “Монгол туургатны наадам” хэмээн өргөн хүрээнд зохион байгуулахаар болсонтой холбоотой гэнэ. Ингэхдээ морьтны соёлын наадмыг ММСУХ -ны сумын салбар холбоод долдугаар сарын 5-7-нд сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач бугуйлчаа шалгаруулах, “Адуучин” тэмцээн, морьтны жагсаалаа зохион байгуулж тэндээсээ сайхан хос морьтноо тодруулна.

Мөн сайхан айраг, суран хэрэглэлийнхээ үзэсгэлэнг гаргана. Улмаар сумаас шалгарсан нэг адуучин аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцох эрх авах юм. Харин сумаас шалгарсан гурван сайхан хос морьтон, нэг суран хэрэглэл үйлдвэрлэгчид “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-д шууд оролцох урилга гардах ажээ. Тэгвэл долдугаар сарын 15-17-нд аймгууд соёлын наадмаа хийж, аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн болон сумдаас шалгарсан сайхан хос морьтнуудынхаа жагсаалаар баяраа чимж морьтны соёлын бусад арга хэмжээг зохион байгуулах аж. Аймгаас шалгарсан нэг адуучин “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-ын шигшээ тэмцээнд оролцоно, энэ нь зуны дэлгэр цагт Монголын газарт нутагт аялж буй дотоод, гадаадын жуулчид монголчуудын олон жилийн түүхтэй морьтны их соёлыг аль ч сум, аймагт очиход үзэж, таньж мэдэх таатай боломж бүрдэх гэнэ. Товчхондоо үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Их хурд-8” уралдаан том хувь нэмэр оруулах юм байна. Энэ жилээс “Их хурд”-аар зөвхөн морь уралдахыг харахгүй монгол адууны соёлыг гайхуулах томоохон хэмжээний наадам хийхээр болсныг зохион байгуулагчид онцоллоо.

Categories
мэдээ цаг-үе

“Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” юуг өгүүлэв

НҮБ-ын Байгаль орчны салбарын Нобелийн шагналтны өгүүлж буй уур амьсгалын хямралын эрин үе ба түүнээс гарах арга замуудын тухай ном хэвлэгдэн гарлаа. Өнөөдөр дэлхийн дулаарал хүн төрөлхтний шинэ дэг журам, шинэ үзэл санаа руу түлхэн оруулахаас өөр зам үгүй болох тухай өгүүлсэн бидний тэр бүр ашиглаад байдаггүй сонирхолтой хэлбэрээр бичсэн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” хэмээх номын зохиогч У Ги Чүл нь сүүлийн хорин жил манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ-д төвтэй “Ногоон Ази” олон улсын ТББ-ын тэргүүн, энэ эгэл жирийн солонгос хүний бичсэн номын тухай өгүүлсү. Уг ном өөрийн оронд хэвлэгдэн гарснаар олны анхаарлыг татсан тул орчуулагч С.Содбилэг монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ.

Энэхүү бүтээлийн зохиогч нь өөрийн амьдралын олон жилийн туршлага болох судалсан, сурсан, үзэж туулсан бэрхшээл, ололт амжилтаасаа үндэслэн өөрийн үзэл бодлоо уншигчидтай сонирхолтой хэлбэрээр хуваалцсан ном болсон байна. Номд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг дэлхий дахинд хамгийн их мэдэрч буй улс бол Хойд мөсөн туйлыг оруулахгүйгээр Монгол Улс болоод байгаа тухай, манай оронд агаарын дундаж хэм 2.10С-ээр нэмэгдээд байгаа нь бидэнд ямар өөрчлөлт гараад байгааг олон жилийн судалгаан дээр тулгуурлаж Ази зарим ижил төстэй улс орнуудтай харьцуулан жишиж, бидний тэр болгон анзаардаггүй олон асуудлын зангилгааг өөр нэгэн өнцгөөс тайлахыг оролдсон оролдлого нь жилийн турш цөлжилттэй тэмцэх бодит ажлыг хийж ирсэн түүний туршлага болон алсын харааг уншигч та энэхүү номоос олж харна гэдэгт эргэлзэхгүй байж болно. Энэ ном дөрвөн бүлэгтэй. Эхний хэсэг буюу нэгдүгээр бүлэгт: Улам эрчимжиж буй дэлхийн дулаарал ба бидний хоолны цэс хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай өргөн асуудлыг хөндөж, дэлхий үргэлжлэн дулаарвал юу болох вэ гэдэг асуултад цогц хариултыг өгч “Экологийн дүрвэгчид” хэрхэн бий болж цашдаа өсөх болсон шалтгааныг бодит судалгаа, мэдээлэл дээр түшиглэн улмаар дэлхийн зургаа дахь удаагийн томоохон мөхөл эхэлж байгааг анхааруулж сэрэмжлүүлсэн байна.

Номын хоёрдугаар бүлэгт: Тэгвэл эдгээр асуулт бүрийн ард юу нуугдаж байгаа талаар хариулт хайсан байна. Тухайлбал, цөлжилт, иргэний дайн, алан хядах ажиллагааны ар тал нь ижил шалтгаантай байдаг тухай Африк тивийн жишээ нь дээр тодорхойлж Ази Африкийн араас явж байгааг томьёолохдоо… “Яагаад Ази тив Африктай адилхан зам туулах болсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ “Африкийн эмгэнэлт хувь заяаг давтах гээгүй юм бол улам бүр эрчимжиж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах онцгой хүчин чармайлт хэрэгтэйг л мэдэж байна” гэсэн нь уг бүлгийн гол санааг илэрхийлж гаргасан байна. Номын гуравдугаар бүлэг: “Шинэ дайн эхэллээ” гэсэн хэсэгт таны худалдан авалт байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн төлөөсийг хэн төлөх, компаниудад итгэж болох уу гэх мэт олон асуултын хариуг судалгаа, шинжилгээ, нотолгоо бүхий үндэслэл дээр тулгуурлан гаргаж энэ бүхний дараа 2015 онд Франц улсад болсон дэлхийн 193 орны төр засгийн тэргүүн нар оролцсон “Парисын хэлэлцээр” яагаад дэлхийн дахины анхааралд өртөх болсон тухай тайлал гаргасан байна. Номын дөрөвдүгээр бүлэгт: “Хамт олон дэлхийг аварна” гэсэн гаргалгаа гаргаж хамгийн энгийн атлаа хамгийн чухал мод тарих тухай өгүүлж, мод тарьж дэлхийг аврах арга замын тухай өгүүлжээ. Энэ хэсэгт уур амьсгалын нөлөө ихтэй газар нутагт тэмцлийн тэргүүн эгнээд зогсож, өөрт байгаа бүхнээ зориулан ажилладаг ОУ-ын ТББ-ын ажилтны туулсан амьдрал, туршлага эргэцүүлэл болон түүний хэрэгжүүлж буй НҮБ-аас дэлхийн улс орнуудад санал болгож байгаа загвар төслийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Уг ном нь солонгос хэлнээс орчуулагдаж гараад удаагүй байгаа бөгөөд та бүхэн уншихад сонирхолтойгоос гадна сургамжтай, эмгэнэлтэй мөртлөө бидэнд нэгийг хэлж хоёрыг ухааруулсан, санаагүйг сануулж, бодоогүйг бодуулсан нь аливаа нэг зүйлд сэтгэл зүрхээ зориулсан хүн бол түүнийг энгийн биднээс өөр нүдээр харсан нь гайхалтай санагдаж билээ. Энэ номд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат яамныхаа нэрэмжит “Өргөмжлөл”-ийг олгосон нь нүдээ олсон шагнал гэлтэй. Гоёмсог ноолуурын ард нулимс яагаад нуугдах болов? Уншигтун. Тунгаагтун.

Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, профессор Ц.Дамдин

Categories
мэдээ нийгэм

Японы хараагүй далайчин Номхон далайг хөндлөн гулд туулжээ

Японы далайчин Номхон далайг зогсолтгүйгээр хөндлөн туулсан анхны харааны бэрхшээлтэй хүн болж, түүхэнд нэрээ бичүүллээ.

52 настай Мицүхиро Ивамото 14,000 км замыг хэвийн хараатай хөтөчийн хамт туулсан юм. Түүний 12 метр урттай завь өчигдөр буюу Бямба гарагт Фүкүшимагийн боомтод иржээ. Ивамото хоёрдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын иргэн, хөтөч Даг Смитийн хамт Калифорнийн эргээс хөдөлж байв. 2013 онд тэр анх удаа Номхон далайг туулах оролдлого хийсэн ч завь нь халимтай мөргөлдөж живсэн юм. Тухайн үед Японы тэнгисийн цэргийнхэн түүнийг аварч байжээ. Ивамото 16 настайдаа бүрэн хараагүй болсон хүн юм. Тэрээр өөрөө завиа залуурдаж явсан бөгөөд Смит түүнд амаар зүг чиг, замд тааралдсан аюул саадыг хэлж өгч байжээ. “Бид энэ аялалаа хувийн амжилт болгоод зогсохгүй, хүмүүс хамтарч ажиллавал юу хийж чадахыг харуулах зорилготой” гэж Ивамото вэб хуудсандаа бичсэн байна. Ивамото, Смит нар аялалынхаа үеэр хандивын мөнгө босгосноо хүмүүсийг хараагүй болгодог өвчнийг анагаах үйлсэд зориулжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн бодлогын чуулган” боллоо

Монголбанкнаас 2018 онд Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан бөгөөд энэ жил “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-г Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд 4-р сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганаар “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн 3 сэдвүүдийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг чуулганд УИХ, Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, арилжааны банкууд болон Олон Улсын байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэнд-Аюуш: SSM сургуулийн цайны газар гарал үүслийн бичиггүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авсан байна лээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуштай ярилцлаа.


-Энэ сарын 5-ны өдөр SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан. Хордлогын улмаас найман хүүхдэд цусан суулга өвчний шинж илэрсэн гэсэн. НМХЕГ-аас тандалт судалгааны ажил хийсэн шүү дээ. Үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс манай байгууллагад 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур Монголын хамтарсан сургуульд сурдаг найман хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэг ирсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Үүний мөрөөр Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалтын баг томилогдож тус халдварын голомтод ажилласан байгаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн мэдээгээр: Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83, үүнээс халдвартад хэвтэн эмчлүүлсэн 43, хоёр хүүхэд сэхээнд биеийн байдал тогтвортой, гэрээр 39 хүүхэд эмчлүүлж байгаа. Нэг хүүхэд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт, нэг хүүхдийн онош үгүйсгэгдсэн. Өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр Shigella Flexner 1A үүсгэгч илэрсэн. Энэ нь голдуу бохирлогдсон хүнс, усаар дамжиж өвчлөл үүсгэдэг. Үйл ажиллагааг түр зогсоосон, хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолноос 12, бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг , тахианы махнаас найман дээж нийт 43 дээж авч Улсын мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори болон Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн. Лабораторийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

-Хүүхдүүд тахианы махан щницелиэс хордсон гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд хоолны цэсний дагуу хоолоо хийгээгүй байна лээ. Салат хачир, кебаб, үзэмний шүүс зэргийг нэмэлтээр бэлтгэж өгсөн боловч дээж авагдаагүй. Харин үйлдвэрлэсэн халуун хоол болох тахианы махан щницель, тахианы махтай гурилтай шөл, баяжуулсан бантан, сүүтэй шар будаа, сүүтэй зутан, будаатай луувантай шөл, люля кебаб, төмсний нухаш, шарсан төмстэй хуурга, алим далайн байцаа, голден милк сүү зэргээс дээж авсан боловч зохих хэмд хадгалаагүй устгасан тухай тэмдэглэлийг зааврын дагуу хөтлөөгүй байсан нь тогтоогдсон.

-SSM сургуулийн цайны газар хоолны материалаа хаанаас авдаг бол. Тухайн газраас нь дээж авч шинжилсэн үү. Хариу нь хэзээ гарах вэ?

-Мах, сүү болон бусад төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулаагүй, гарал үүсэл, шинжилгээний бичиггүй, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй байсан. Зохион байгуулагч О.Бадамханд нь өглөөний 8:40 цагт хоёр кг-аар савласан гурван ширхэг тахианы гуяны цул махыг (гадуураа гялгар ууттай) “Хүчит Шонхор” худалдааны захаас авчирч хоол хийсэн гэсэн.

Тус сургуулийн хүнсэнд хэрэглэх ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг долоо хоногт нэг удаа татан авалт хийдэг юм билээ. Тухайн өдрийн хүнсэнд хэрэглэсэн гурил /дээд/, цагаан будаа сүмтэй , хүүхдийн будаа, үзмийг гуравдугаар дугаар сарын 31 – ний өдөр Хүчит Шонхор захын 10 дугаар павилоны эзэн Алтанцоожоос авсан байсан. Мөн өдрийн хоолны орцонд орсон төмс, шар лууван, цоо байцаа8 сонгино зэргийг гуравдугаар сарын 29-ний өдөр Барс захын гуравдугаар зоориноос худалдан авсан болохыг тогтоосон. Дээрх ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан авахдаа ургамал8 түүний гаралтай түүхий бүтээгдэхүүний гарал үүслийн бичиггүй, шинжилгээ баталгаажилтгүйгээр авсан байна лээ.

-Хүчит шонхор болон Барс захаас мах авдаг талаар та яриандаа дурдлаа. Шалгалт хийгээд ямар арга хэмжээ авсан бэ?

-Хэрэглэсэн, худалдаалж байсан тахианы махны нийт найман дээж авч улсын Мал эмнэлэг, ариун цэврийн Төв лабораторид шинжлүүлсэн.

-Тахианы махны эрүүл ахуйн талаар олон гомдол мэдээлэл байдаг. нМХЕг-аас ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Тахианы махыг импортлох эрхтэй аж ахуйн нэгжүүд импортоор оруулж ирж худалдаалдаг. Тухайн импортлох улс оронд шувууны болон олон улсын хөл хориот өвчин гараагүй газраас эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр оруулдаг.

-бнХау-аас оруулж ирж буй тахианы маханд ямар хяналт тавьдаг вэ. эрүүл ахуйн ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Хилээр орж ирэх бүрт тухайн бүтээгдэхүүнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсний үндсэн дээр хилээр нэвтрүүлдэг байгаа.


Categories
мэдээ спорт

Манай жүдочид тивийн АШТ-ээс нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, манай жүдочид нэг мөнгө, 3 хүрэл медальт хүртлээ.

Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд 39 орны эрэгтэй 184, эмэгтэй 102, нийт 289 жүдоч хүч ур чадвараа сорих юм. Тус тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ сорин өрсөлдөхөөр тус улсад очсон байна. Эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 52 кг-д 2019 оны Монгол Улсын аварга Л.Сосорбарам мөнгөн медаль, 57кг-д Л.Энхрийлэн,эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн бол Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайд осол гарч, гурван хүн амиа алджээ

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагдсан байна. Онцгойгийн аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очсноор дөрвүүлэнг нь гаргаж чаджээ. Гэвч нь гурав нь газар дээрээ амиа алдсан байсан бол нэг иргэн амьд үлдсэн байна. Амиа алдсан иргэд 27-47 насны залуучууд байжээ. Осол 20.00 цагийн үед гарч, цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. Иргэдийн мэдээлж буйгаар тус уурхай нь “Эрдэнэ хөгжил” гэх хятад эзэдтэй уурхай гэнэ. Үйл ажиллагаа нь хаагдсан ч 14 хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд иргэдийн зүгээс хаалгах талаар холбогдох газруудад удаа дараа хандсан ч ийнхүү хаахгүй байсаар гурван хүний аминд хүрсэн гэв.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ спорт

Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн эхэллээ

Арабын нэгдсэн Эмират Улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд Ази тивийн 35 орны 265 тамирчин, Номхон далайн орнуудаас дөрвөн улсын (Австрали, Фижи, Гуам, Шинэ Зеланд) 21 тамирчин оролцох юм.

Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ сорин өрсөлдөнө.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас долоон бөх барилдана.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт Э.Ариунболд эхний тойрогт Непалийн Мохан Бамтай барилдах бол D хэсэгт Л.Өнөболд Туркменистаны Хакберди Жумаевтэй барилдах оноолт гарчээ.

Харин эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийг Ё.Басхүү тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин D хэсэгт Н.Мөнхбаяр эхний тойрогт Турменистаны жүдоч Мухаммет Коссековтой барилдах оноолт гарчээ.

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн D хэсгийг Л.Сосорбарам тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Тайванийн жүдоч Ван Чутай барилдах оноолт гарчээ.

Эмэгтэйчүүдийн -57кг жинг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумьяа тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин В хэсгийг Л.Энхрийлэн тэргүүлэх тул мөн гоц мөргөсөн байна.