Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх малын ээмэгний үйлдвэртэй танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах малын ээмэгний анхны үйлдвэртэй танилцав.

“Тэргүүн сүрэг трейд” компанийн энэ үйлдвэр 2013 оноос ХБНГУ-ын технологиор, БНСУ-ын түүхий эд, тоног төхөөрөмж ашиглан малын ээмэг үйлдвэрлэж байна.

Жилд малын 10 сая ширхэг ээмэг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 12 цагт 6000 ширхэг ээмэг үйлдвэрлэдэг, цаашид хүчин чадлаа нэг дахин нэмэхээр төлөвлөсөн тухайгаа үйлдвэрийн дарга Д.Түвшинтулга Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа.

Үйлдвэр бог малын нэг ээмгийг 1200, бодынхыг 1100 төгрөгөөр малчдад нийлүүлж байна. Одоогоор хоёр сая ширхэг ээмэгний нөөцтэй бөгөөд ямар нэг зээл авалгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ.

Ажлын байр бий болгон, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ ханган, улмаар экспортод гаргахыг зорьж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Салбарын яам үйлдвэрийг бодлогоор дэмжиж ээмэгний захиалга өгнө гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. Холбогдох хуулиудаас гадна “Монгол мал” хөтөлбөрт “Малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бий болгох, мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, мэдээлэх, хянан тогтолцоо бий болгоно” гэж заасан. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж тэрээр үзэж байна.

Малыг ээмэгжүүлснээр:

– Мал бүр дахин давтагдашгүй хувийн дугаартай болох

– Малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулах

– Малын удмын санг хамгаалан, үржил селекцийн ажлыг бүрэн хийх

– Малын хулгайтай тэмцэх

– Малчид дэмжлэг, урамшуулалд хамрагдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, барьцаат зээл авахдаа малын бүртгэлийг үндэслэх

– Малын тоо толгойд хяналт тавьж, тоон үзүүлэлт, статистик мэдээ үнэн зөв гарах

– Малын вакцинжуулалт, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих

-Хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголын гидрогеологичдоос анх удаа загварчлалын аргыг нэвтрүүлсэн Н.Жадамбаагийнх

Амьдралаа тэр чигт нь Монгол орны усыг судлахад зориулсан Намжилын Жадамба гуайнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Тэрбээр Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, нэрт гидрогеологич юм. Өнгөрсөн оны сүүлээр “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлийг туурвихад нөр их хөдөлмөр гаргасан эрдэмтдийн нэг хэмээн үнэлэгдэж Төрийн соёрхол хүртсэн.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Рашаант багийн нутаг Арамжуур хэмээх өвөлжөөнд малчин ард Намжилын хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн тэрээр Геологи,эрдэс баялгийн хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж байгаад 2007 онд тэтгэвэртээ гарчээ. “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлийг 2009-2012 онд тэтгэвэрт сууж байхдаа бичсэн гэхээр бараг 80 дөхөж явахдаа энэ агуу үйл хэргээ туурвисан байна. Тэрбээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн гидрогеологийн зургийг гаргасан нэгэн. Энэ томоохон үйл хэргийг 60 шахам жил хийж байгаа аж.

Эднийх XII хороололд орших хуучны есөн давхар орон сууцны таван давхарт аж төрдөг юм байна. Гэрийн эзэгтэй М.Даваа биднийг угтаад “Та хэдийг ирнэ гэж өвгөн маань хэлсэн. “Өдрийн сонин”-ынхны ажил төрөл нь тавлаг уу” гэсээр угтсан юм. Гурван өрөө байранд хоёр хөгшин тохилог сууна. Н.Жадамбаа гуай унтлагын өрөөнөөсөө хөөрөг барьчихсан “Та хэд хүрээд ирэв үү” гээд тамхилангаа “Манай эцгийн үлдээсэн хөөрөг байгаа юм. Удам дамжсан эд гэх үү дээ” гэж хэлээд инээвхийлэв. Тун сайхан толиотой, алиа хошин зантай гэж жигтэйхэн юм.

Гэргий М.Даваа бидэнд цай аягалаад “Манай өвгөн ер зүгээр сууна гэж байхгүй хүн шүү. Зав гарвал интернэт ухаад суучихна. Амар гэж хэлээд байгаа юм. Үг ерөөсөө авахгүй хүн шүү” гэхэд Н.Жадамбаа гуай “Зүгээр сууж чадахгүй юм байна лээ” гээд хөөргөө даалимбандаа хийлээ. Гэргий М.Даваа Булган аймгийнх. Тимирязовын нэрэмжит Хөдөө аж ахуйн академид суралцсан. Н.Жадамбаа гэргийтэйгээ нэг гэрт толгой холбоод 52 дахь жилээ хамт өнгөрөөж байгаа нь энэ юм. Тэд одоо гурван хүүхдийн аав, ээж, найман хүүхдийн өвөө, эмээ болцгоожээ. Одоо хамгийн том зээ нь 25-тай гэхээр удахгүй гучаа үзэх юм шиг байна гэсээр тэд инээлдэв. Н.Жадамбаа цайгаа уучихаад ороод ирээрэй гээд ажлын өрөө рүүгээ яваад өгөв. Их л чухал юм хийгээд байх шиг байна цаана чинь гэж гэргий нь хэллээ.

Ажлын өрөө нь тун ч шинэлэг харагдав. Сүүлийн үеийн загварын Мак брэндийн компьютер, төгөлдөр хуур эхлээд нүдэнд туслаа. Ажлын ширээ бүхий дээшээгээ долоон үе модон тавиур бас харагдлаа. Дээр нь хуйлсан цааснууд өрөөтэй байх нь нөгөө Монгол орны Гидрогеологийн зураг юм гэнэ. Номууд нь ч их шинэлэг. Компьютерийн сүүлийн үеийн программуудын талаар ном хүртэл байх нь тэр. Түүний сонирхол орчин үеийн техник, технологи руу чиглэж байгааг номуудаас нь харж болохоор. Н.Жадамбаа гуай Гидрогеологийн зургаар мэргэшсэн нэгэн. Монгол Улсын Гидрогеологийн 1:1.000.000 масштабтай зургийг гаргасан. Уг зураг одоо ч гэсэн БОАЖЯ, Ашигт малтмалын ерөнхий газрын хананд өлгөөстэй байдаг билээ. Түүнчлэн баруун Монголын нэгийг харьцах 500.000 масштабтай зургийг хийсэн. Өнгөрсөн онд гэхэд сүүлийн үеийн судалгааны материалуудыг эмхэлж, нэгтгээд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан нэгийг харьцах 500 мянгын гидрогеологийн судалбар зураг, ашигт малтмал газрын тосны газрын захиалгаар туурвисан. Тэр нь тоон хэлбэртэй Гидрогеологийн зураг юм. Н.Жадамбаа гуай 1974 онд Монголын усны мэргэжилтнүүдийн дундаас анх удаа загварчлалын аргыг нэвтрүүлж, хэрэглэсэн гидрогеологич. Үүгээрээ тэрээр эрдмийн зэрэг хамгаалж байжээ.

Ажлын ширээн дээр нь жаазтай зураг харагдлаа. Оюутан цагийнх нь зураг бололтой. Энэ талаар бид хоёрын яриа эхэлсэн юм. Тэрээр “Намайг их сургуульд ортол Шар толгой гэж өхөөрддөг байлаа шүү дээ гээд” буурал толгойгоо иллээ.

Н.Жадамбаа гуай 1961 онд буюу БНМАУ НҮБ-д элсэж, Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад дөнгөж 16 жил өнгөрч, сансарт анх удаа хүн нисч байхад оюутан болж байжээ. Москвагийн Геологи хайгуулын дээд сургуульд суралцахаар Өмнөговь аймгаас ирсэн Н.Батсүх, Дорнод аймгаас ирсэн Т.Болд, Ж.Дугарсүрэн, Говь-Алтай аймгаас ирсэн Н.Жадамбаа, Хэнтий аймгаас ирсэн З.Нарангэрэл, Улаанбаатар хотын Пүрэвсүрэн нарын зургаан залуу, Харьков хотын уул уурхайн дээд сургуульд суралцахаар Улаанбаатар хотоос тэр үеийн Геологи шинжилгээний газрын томилолтоор Улаанбаатар төмөр замын өртөөнөөс галт тэрэг гэдэг юманд анх удаа суун хөдөлж байжээ. Говь-Алтайн хүү галт тэрэг гэж сонсооч үгүй байхдаа л харь орныг энэ унаагаар зорьж байсан байгаа юм. Энэ талаараа тэрээр “Тэгэхэд хүн бүр сэтгэлийн нэлээд догдлолтой, хэл, зан заншлыг нь мэдэхгүй хүний газар зорьж байгаа тул жаахан түгшүүртэй, ар гэр, аав ээж, ах дүү, анд найзуудаа үгүйлсэн шиг долоон хоногийн турш галт тэргэнд “нүдүүлж” явсан даа. Сургуулийнхаа байранд хоёр орос, нэг вьетнам, бүгд дөрвүүлээ нэгэн омгорхон өрөөнд орж байлаа” гэв.

Тэрээр 1966 онд Москва хот дахь С.Орджонокидзын нэрэмжит Геологи-хайгуулын дээд сургуулийн гидрогеологийн факультетийг төгсөөд үргэлжлүүлэн Москва хот дахь С.Орджонокидзын нэрэмжит Геологи-хайгуулын дээд сургуулийн гидрогеологийн факультетийг уулын инженерээр төгссөн байна. Тэрнээс хойш олон ч эрдмийн зэрэг хамгаалж байжээ. Ингээд харахаар боловсролын хувьд ярих юмгүй хүн юм. Ийнхүү Москвад боловсрол эзэмшиж байхдаа эхнэртэйгээ танилцаж байжээ. Энэ талаар гэргий М.Даваа “Бид хоёр танилцаад удаагүй байсан юм. Уулзаад Москва хотын их дэлгүүрээс цаг худалдаж авчихаад цүнхэндээ хийчихсэн автобусанд явж байсан юм. Бид хоёрын сандал дээр хоёр залуу суух гээд байсан учраас яарсандаа шууд буучихсан юм л даа. Гэтэл авсан цагаа, цүнхэн дэх мөнгөтэйгөө бүгдийг нь автобусанд хаячихсан. Тэгээд би өвгөндөө “Чамаас болж би мөнгө, цаг хоёр оо хаячихлаа” гээд уурлаж байж билээ. Тэр цагаас л бид уулзаж эхэлсэн дээ” гэсэн юм. Тэрээр Н.Жадамбаа гуайн талаар “Хань бид хоёр бараг л нэг хүн шиг нэгэндээ уусч дээ. Хүмүүний учир тавилангаар учирч өдийг хүрсэн. Оюутан байхын л сэргэлэн, юм юманд оролцдог байсан. Гидрогеологийн судалгааны хүрээнд байнга л орон нутгаар томилолтоор явна. Тэгэхдээ сар гаруй явна. Би ч гэсэн орон нутгийн томилолтод их явдаг байлаа. Хэдий тэтгэвэрт гарсан ч төрдөө зүтгэж байгаа юм шиг байнга л ажилладаг. Хоногийн 5-6 цагт л нойр авах юм даа. Бусдаар өөрийгөө хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, бусдад зааж сургах гээд хийх ажил нь мундахгүй ээ. Цагийг ягштал баримтална. Хөнгөн шингэн нь дэндсэн хүн. Босон суухын завдалгүй ажлыг амжуулчихдаг хүн дээ. Бас дээр нь их сайхан сэтгэлтэй. Юм болгоныг чадна, эсвэл чамд тусална гээд л хүний ажил хөөцөлдөөд явчихна. Ханьдаа болоод гэр бүлдээ их халамжтай. Хамгийн гол нь маш их хөдөлмөрч” гээд инээмсэглэлээ. Н.Жадамбаа гуайд очоогүй аймаг, сум, газар гэж байхгүй. Энд тэнд худаг, цооног гаргаж, судалгаа шинжилгээ хийж явна. Биднийг ийн хуучилж суухад хоёр залуухан бүсгүй, нэг залуу орж ирлээ. Н.Жадамбаа гуайгаас танай зээ нар уу гэхэд “Үгүй ээ. Миний отгон хамт олон байгаа юм” гэв. Тэд ажлаа ярингаа нэг том цаас дэлгэв. Н.Жадамбаа гуай тэдэнд ийм ном гарсан байна лээ. Тэрийг уншаарай. Тэр программ их зүгээр шүү гэх мэтчилэн зөвлөгөө өгнө. Залуучууд ч түүний амнаас гарах үг бүрийг анхааралтай сонсоно. Тэд Улаанбаатар хотын Гедрогеологи-Геоэкологийн төсөл дээр хамт ажиллаж байгаа гэнэ. Н.Жадамбаа гуай уг төслийн Гедрогеологийн хэсгийг удирдаж байгаа аж. Эдгээр хүүхдүүд түүний дор ажиллаж, сурч яваа хүүхдүүд гэнэ. Тэдний нэг Геологич Б.Намбаяр Н.Жадамбаа гуайн талаар “Танхимд суулгаад бид нарт хичээл заахгүй ч гэсэн өдөр тутмын практикийн түвшинд байнга л зөвлөгөө өгдөг. Бид нар анх настай хүн байна. Хуучны арга барилаар ажиллах болов уу даа гэж харж байсан. Гэтэл огт тийм байгаагүй. Маш шинэлэг арга барилаар ажилладаг. Бидний сонсоогүй, сураагүй шинэлэг аргуудыг зааж, үүнийг судлаадах, тэрийг үзээдэх гээд л ном товхимол авчирч өгдөг.Үүгээрээ бидний ажлыг маш их хөнгөвчилж өгдөг. Бидний сэтгээгүй аргуудыг л хэлж өгч, үр дүнтэй ажлыг явуулж чаддаг хүн дээ” гэсэн юм.

Тэд Улаанбаатарын Гедрогеологийн талаар ярилцах үед нь Н.Жадамбаа гуайгаас энэ талаар асуулаа. Тэрээр “Улаанбаатар байнгын усны асуудалтай байгаа. Туул гол дээрээ далан байгуулах хэрэгтэй. Цааргалаад ерөөсөө байгуулахгүй юм. Манай монголчууд хэрэгтэй, хэрэггүй гэж хоорондоо их маргана. Өөр янз бүрийн төслүүд хөөгөөд оруулаад ирнэ. Үүнийг л зайлшгүй барих хэрэгтэй байна” гэлээ.

Бидний яриа түүний сурагч байх үе рүү очлоо. Тэрээр манай Түмэн сум аймгийн төвдөө өөрийн бага сургуультай байсан тул Түмэнгийн сургуульд орохоор миний ах Баясгалан бид хоёр хөдөөгийн малчны хотоос ээжээрээ мориор аймгийн төв хүргүүлж, авга ах Дагвасамбуугийнд сургуульд сурахаар хоцорч билээ. Би 1951 оны төмөр туулай жил хөх даалимбан дээлтэй, гар хийцийн цүнх үүрсэн, цахлайтсан улаан хацартай, жижиг биетэй хүүхэд сургуулийн хаалгыг татан Дарьсүрэн гэдэг багшийн дааж авсан 1А ангид орж байваа. Тэгэхэд Түмэнгийн сургууль гэрт хичээллэдэг байсан. Бид зүүн хөлөө нугалж суугаад баруун хөлийнхөө өвдөг дээр дэвтэр номоо тавиад бичдэг, уншдаг байв. Ихэнх хүүхэд дотуур байрны гэрт амьдардаг байсан. Би бага ангид голдуу л онц авдаг байсан боловч дунд ангид ороод янз бүрийн л дүн авдаг байв. Шугам зураг, тэр үед черчень (черчение) гэдэг байсан хичээлд тааруухан, биеийн тамир, дуу хөгжмийн хичээлд тун маруухан байв. Ер нь дунд сургуулийн 5-6 дугаар ангийн хичээлүүд их хэцүү. Жил, улирал бүр шинэ хичээлүүдээр нэмэгддэг, өндөр мэргэжлийн багш нар нь цаг цагаар ордог болоод ирэхээр түүндээ дасах гэж хүүхэд бүр жаахан зүдэрдэг байлаа. Би долдугаар ангид сурч байхдаа самбар дээр багшийн болон хүүхдүүдийн бичсэн зүйлээс “цээжилье” гэсэн зүйлээ нэг анхааралтай уншаад л цээжилчихдэг байсан. Тэгэхээр миний харааны эрхтнээр дамжсан мэдээллийг тогтоох чадвар долдугаар ангид байхад гайгүй сайн байсан юм шиг байгаа юм. Харин багшийн ярьсан зүйлийг төдийлөн түргэн, сайн цээжилж чаддаггүй байсан. Тиймээс миний сонсох эрхтнээр дамжсан мэдээллийг тогтоох чадвар сайн биш байсан байх.

Нас бие гүйцсэн залуу цагтаа ч гэсэн амаар мэдэгдсэн зүйлийг тухайлбал, цугларах зарлалыг, очих ирэх хугацааг мартчих явдал үе үе надад тохиож байсан. Одоо өтөлсөн хойноо мартамхай “өвчин” маань бүр ихэссэн. Долдугаар анги төгсөөд нэлээд олон хүүхэд техникумд сурахаар Улаанбаатар хот руу явцгаасан. Долдугаар ангиас техникумд орж суралцсан ихэнх хүүхэд хичээлдээ илүү сайн байснаас гадна амьдралын арга ухаанд бусдыгаа хошуучилдаг, ангийн хамт олны хөтөч шинжтэй хүүхдүүд нь байсан. Сумдаас ирж 8 дугаар ангид орсон хүүхдүүд тоонд их сайн, харин орос хэл бараг заалгуулаагүй байсан учир род, падежаас эхлээд олон дүрэм, үг дээр “гацдаг” байлаа шүү дээ гэв.

Түүнтэй ажил мэргэжлийнх нь талаар яриа өрнүүллээ. Н.Жадамбаа гуай улсын болон хувийн өмчит байгууллагуудад үндсэндээ тасралтгүй 49 дэх жилдээ ажиллаж байна. Тэрээр Монгол орны хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, түүний дотроос бэлчээр усжуулалт, эрчим хүч, уул уурхай, арьс ширний үйлдвэрүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймагт бэлчээрийн ус хангамжид зориулан 57 худаг шинээр гаргахад болон Цагаанцав, Өлгийхийд (1967 он), Улаанбаатар (1974-1979 он), Шохойтын хөндий (1999 он), Зүлэгтэй (1972 он), Мандалуул (1998 он), Таянгийн хоолой (2008 он), Бэхтийн хөндийн (2010-2011 он), Сайнус-Бор хөөвөрийн говь (2013-2014 он) газрын доорх усны нэлээд нөөцийг илрүүлэх ажлыг зохион байгуулахад оролцож, Цагаан суваргын зэс-молибдени, Төмөртийн овооны цайр-хар тугалга, Зүүн цагаан дэл, Бор-өндөрийн жонш, Таянбор үзүүр, Чандмана уулын төмрийн уулын үйлдвэрүүдийг цогцлон байгуулах, ус хэрэглэгч, ашиглагчдыг унд-ахуй, үйлдвэрлэлийн усаар хангах ажилд биечлэн оролцож байжээ.

Мөн тэрээр 1967 -1971 онд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Цагаанцав, Өлгий хийдийн газрын доорх усны томоохон ордыг шинээр анх илрүүлэн нөөцийг тогтоосны дүнд Цагаанцавын услалтын систем байгуулагдан орон нутгийн болон хот суурин газрын хөдөлмөрчдийн хэрэгцээг тарвас зэрэг жимс, хүнсний ногоогоор хангах, орон нутагт хөдөлмөр эрхлэх, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байсан гэнэ.

Н.Жадамбаагийн дэд эрдэмтний зэрэг горилж туурвисан “Улаанбаатарын артезийн ай савын газрын доорх ус, түүний нөөцийг үнэлэх нь” бүтээл нь улсын нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн Төв эх үүсвэрийн усны нөөцийг загварчлалын аргаар (1974- 1977он) тооцоолж, Дээдэх үүсвэрийг шинээр байгуулах үндэслэлийг гаргасан нь хотын хүн ам, үйлдвэрийг хүрэлцээтэй, найдвартай усаар хангахад чухал хувь нэмэр оруулсан онол, практик, нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой эрдмийн ажил байж..

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд усны 29 газрыг ангилан ялгаж, ай сав бүрийн хил хязгаар, нутгийн хэмжээг тогтооход гадаргын усны чиглэлийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын (тэр үеийн нэрээр) сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар батлах эх мэдээ материалыг бэлтгэлцсэн байна.

Монгол Улс, Нидерландын Вант Улсын Засгийн Газар хоорондын “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежмэнтийг бэхжүүлэх” төсөлд оролцож байхдаа усны 29 ай сав бүрийн газрын доорх усны нөхөн сэргээгдэх нөөц, ашиглалтын баримжаат нөөцийг тооцоолж цуврал бүтээлүүдэд нийтлүүлсэн байна. Тэрбээр 2012-2014 онд “Дунд масштабын геоэкологийн зураг хийх заавар, арга аргачлал”, “Гидрогеологийн 1:200 000-ны зураглалын аргачлал, үнэлгээний норм, зургийн таних тэмдэг аргачилсан заавар”, “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал” заавруудыг боловсруулалцаж, 2012 ба 2015 онд нийтлүүлэн олны хүртээл болгож эхэлсэн байна.

Н.Жадамбаа гуай Монгол орны газрийн доорх болон гадаргуугийн усны бүх орд, илрэлийг савуудаар нь анх удаа ангилан жилийн балансыг гарган цаашид хэрхэн ашиглах боломжийг үнэлэхийн хамт, ашигт малтмалын ордуудын гидрогеологийн нөхцөлийг тодорхойлсон их үйлийг хийсэн. Н.Жадамбаагийн биечлэн оролцож, хянан зохиосон Монгол орны гидрогеологийн тухай том, жижиг хураангуйлалтай 30 гаруй зураг байдаг. Уг зургууд нь манай орны газрын доорх усны эрэл, хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй явуулахад чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа төдийгүй гадаадын олон орны эрдэмтэд түүний бүтээлтэй танилцаж хамтран ажилладаг гол чиглэл болсон байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
гадаад мэдээ

Украин шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Өчигдөр буюу Ням гарагт болж өнгөрсөн Украины ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.

Энэ удаагийн сонгуульд хошин урлагийн жүжигчин, 41 настай Володимир Зеленский 73 орчим хувийн саналаар ялжээ.

Жүүд гаралтай Зеленский нь хуульч мэргэжил эзэмшсэн боловч сүүлд шоу бизнест амжилт олох болсон хүн юм. Анх тэр 2006 онд Украины “Ододтой бүжиглэхүй” шоунд оролцож олны танил болсон байна. Улс төрийн туршлагагүй тэрээр Украины телевизийн “Ард түмний зарц” цуврал кинонд санамсаргүй улсын ерөнхийлөгч болсон жирийн багшийн дүрд тоглож алдаршсан юм.

Санал хураалтаас хоёр хоногийн өмнө болсон мэтгэлцээний үеэр Зеленский “Би бол улс төрч биш. Би бол тогтолцоог эвдэхийг зорьж буй жирийн иргэн” гэж өөрийгөө танилцуулсан байна.

Санал хураалтын эхний дүн гарсны дараа Зеленский украинчуудад хандаж “Би та бүхнийг гонсойлгох зүйлийг хэзээ ч хийхгүй” гэж амлаад “Би одоогоор ерөнхийлөгч болчихоогүй байгаа ч Украины иргэний хувиар хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад хандаж ‘Биднийг харцгаа’ гэж хэлмээр байна. Боломжгүй зүйл гэж байхгүй!” хэмээн мэдэгджээ.

Зеленскийн сонголт нь Украины ард түмэн одоогийн улс төрчдөд итгэхгүй болсныг харуулж байна. Майданы хувьсгалын дараа одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко “Шинээр амьдарцгаая” уриатай сонгогдож байв. Гэтэл өнгөрсөн таван жилийн хугацаанд тэр цөөн олигархуудын бүлгийн хяналтад Украиныг оруулсан юм.

Үүн дээр нэмээд эдийн засгийн хямрал, авлигын өсөлт, дорнод бүс нутагт болж буй салан тусгаарлах дайн украинчуудыг өөр сонголт хийхэд хүргэж байна.

Урьдчилсан дүн гарсны дараа 25 орчим хувийн санал авсан Петро Порошенко “Сонгуулийн үр дүн биднийг тодорхойгүй байдалд хүргэж байна. Би ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгнө. Гэхдээ улс төрөөс гарахгүй гэдгээ баттай хэлмээр байна” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Нацагийн Жанцанноров: Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн хоёр бол Монголын хөгжмийн урлагийн алтан үеийн үндэс суурь

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр БСШУСЯ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Урлагийн ажилтны холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол Улсын консерватори, УДБЭТ, УДЭТ, Монгол Улсын филармони, Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв аймгийн “Монгол туургатан” театр, Монголын театрын музей, ХЦДБЧ зэрэг байгууллагууд бэлтгэл ажилдаа орцгоогоод байгаа юм. Монгол Улсын филармонид өнгөрөгч баасан гаригт болсон ойн хэвлэлийн бага хуралд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад, ардын жүжигчин, нэрт удирдаач Ж.Бүрэнбэх, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, урлагийн гавьяат зүтгэлтэн Чулууны Чинбат, хөгжим судлаач Ч.Буянхишиг, С.Энхбулаг, гавьяат жүжигчин Б.Тунгалаг, “Б.Дамдинсүрэн сан”-гийн тэргүүн Л.Энхцогт, “Л.Мөрдорж сан”-гийн тэргүүн Г.Тэнгис нар оролцсон юм. Энэ үеэр Монголын урлаг соёл, хөгжмийн ертөнцийн алтан үеийн загалмайлсан эцгүүд болох эрхэм хоёр хүмүүний тухай Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровтой уулзаж хөөрөлдлөө.


-Монголын хөгжмийн ертөнцийн хоёр агуу хүний тэгш их ойн жил тохиож байна даа?

-Та бидний сайн мэдэх нэг сайхан үг байдаг даа.

-Ямар үг билээ?

-Алтан үе гээд ярьдаг. Энэ алтан үеийнхэн амьдраад дуусчихсан. Бид нар бол хөнгөн цагаан магаан, одоо юу байдаг юм, гууль мууль руу л явна. Алтан үеийнхэн гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр өөрийн үндэстний соёлын үнэт зүйлийг өв тэгш эзэмшиж цолгорон гарч ирсэн эгнэшгүй их авьяастай, дэлхийн соёлыг цоо шинээр дээд шатанд нь очиж хүртсэн тэр хэсэгхэн үеийнхнийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, жинхэнэ ардын маягийн жүжигчин Цагааны Цэгмид Европын хүчтэй кино найруулагчийн хийсэн “Цогт тайж” уран сайхны кинонд тоглосон, эсвэл ардын лимбэчин Билэгийн Дамдинсүрэн Ленинград, Бээжинд хөгжмийн их сургуулиуд төгсөж ирээд “Учиртай гурван толгой” дуурийг зохиосон, арван долоохон настайдаа улсын уралдаанд хуучир тоглоод түрүүлж байсан ардын хөгжимчин Лувсанжамбын Мөрдорж хүү 1955 онд дэлхий дээрх Монгол үндэстний анхны симфони “Миний эх орон”-ыг бичсэн. Эднийг алтан үе гээд байгаа юм. Жинхэнэ алтан үеийнхэн бол энэ. Жинхэнэ алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн гол хүн нь ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн гуай. Удирдаач Чинбатын аав ардын жүжигчин Ж.Чулуун, Бүтэнбаярын аав ардын жүжигчин Намсрайжав нарыг 12-13-хан настай байхад л театрт авч, хүмүүжүүлсэн хүн. Намсрайжав гуай, Чулуун гуай эд нарыг бид алтан үеийнхэн гэж яах аргагүй нэрлэнэ. Яагаад гэвэл Чулуун бол маш сайн ёочинчин, Намсрайжав бол маш сайн хуучирч байсан ардын авьяастнууд. Нэг нь хийлч, нөгөөх нь валторнист болоод дэлхийн хэмжээний удирдаачид болцгоосон.

-Аргагүй л алтан үеийнхний загалмайлсан эцгүүд юм байна шүү?

-Алтан үе дотроо алтан үеийнхнийг хүмүүжүүлсэн хүн нь Билэгийн Дамдинсүрэн. Намсрайжав, Чулуун хоёрыг “Бөмбөгөр ногоон” театрын бүтээгдэхүүнүүд учраас бид алтан үе гэхээс аргагүй болчихоод байгаа. Алтан үеийнхнийг ургуулсан гол үндэс нахиа нь энэ хүн. Мөрдорж бол Монголын оюун санаа, нийгэмд уран бүтээлээрээ тэсрэлт хийж мөнхөрсөн агуу хүн. Өнөөдөр дэлхий даяар алдраа дуурсган дуулж яваа Ариунбаатар, Амартүвшин нарыг төрөх гол багана, хөрсөн дээр суулгасан үндэс суурь нь энэ Дамдинсүрэн. Монгол гэдэг улс хөгжмийн театр гээч юмыг байгуулаад, Дуурийн театрыг Азидаа хамгийн хүчтэй хөгжүүлсэн гэж яригдаад байгаагийн гол эзэн нь “Бөмбөгөр ногоон”-ы хөгжимчин, удирдаач Дамдинсүрэн.

-Мөрдорж гуай ч бас их гавьяатай хүн биз?

-Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга Л.Мөрдоржоор овоглодог. Үндэсний урлагийн их театр буюу Улсын ардын дуу бүжгийн чуулгын Төрийн их найрал хөгжим, бүх чуулгуудын үндэсний найрал хөгжим, үндэсний хөгжмийг олон улсын түвшинд бүтцийн хувьд ч, бүтээлийн хувьд ч авчирч тавьсан нөхөр бол Мөрдорж. Мөрдорж ямар учиртай хүн бэ гэхээр гучин найман онд хилсээр хороогдсон Булганы Дашинчилэнгийн наад талын Төв аймгийн нэгэн хошууны ноён байсан Түдэв хуурчийн гарын шавь шүү дээ. Тэр Түдэв хуурч Монголын олон зууны морин хуурын эрдмийг өөртөө шингээсэн хүн. Тэгэхээр өнөөдрийн бидний морин хуур гайхамшиг, Морин хуурын чуулга дэлхийд энэ тэр гэж яриад байгаа, морин хуурын дан хөгжмийн зохиол, симфони, гоцлол гээд ярихаар л энэ Мөрдоржийн асуудал гарч ирээд байдаг. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж хоёр бол үнэн чанартаа Монгол үндэстний хөгжмийн соёлыг хорьдугаар зуунд авч гарч ирээд, хойч үедээ хүлээлгэж өгсөн хоёр том зүтгэлтэн юм. Тиймээс тэдний тэгш түүхэн 100 жилийн ойд Монгол Улсын Засгийн газар, тэдэнтэй холбоотой байгууллагууд, бүх хүмүүс нэлээд сайн анхаарах ёстой. Бүтээлүүдийнх нь тухайд яриад бол хэрэггүй. Тэр бол мэдээж гайхамшиг.

-Та ч ёстой голоор нь голтой сайхан үнэлэлт дүгнэлт хийлээ дээ?

-Бас нэг сонирхолтой зүйл Монгол Улсын төрийн шагнал гээч юмыг хөгжмийн салбарт Маршалын шагнал гэж байхад нь хоёр удаа хоёулаа хүртсэн хоёр хүн. Жаран хэдэн оноос нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг кампанит ажил болж Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит шагналыг алга болгоод Төрийн шагнал гэж нэрийг нь өөрчилсөн байхгүй юу. Энэ хоёрын төрийн шагналын хоёр тэмдэг нь бүгдээрээ Маршалын толгойтой. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр тэр хоёр социалист үеийн эрчимтэй хөгжлөөс өмнө улс төрийн бодлогын түвшинд хөгжмийн урлагийг нийгмийн дээд зиндаанд авчирсан гавьяатнууд. Эдний тухай бусад зүйлийг яриад байвал далай шиг их юм болно. Эдний ойг тэмдэглэхдээ их энгийн боловч цар хүрээг нь жаахан өргөн хиймээр байгаа юм.

-Яаж тэмдэглэнэ гэсэн үг билээ?

-Энгийн гэдэг нь юуны түрүүнд хүн талаас нь харж тэмдэглэвэл зүгээр. Өөрөөр хэлбэл Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын үр хүүхэд, садан төрөл, шавь нар нь “Миний өвөө, миний багш маань Монголдоо их чухал юм хийсэн хүн байна гэдэг нь зуун жилийн дараа тодорч байна” гэж баярламаар тэмдэглэх учиртай юм. Монголчууд хөгжим гэхээр нэг их нарийхан зам яриад байдаг. Хөгжим гэдэг бол ертөнцийн гайхамшиг, нийгмийн асуудал. Тийм учраас энэ хоёр агуу хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн хүрээнд хорьдугаар зууны Монголын нийгмийн дэвшил, алдаа, оноо, үсрэлтийг олж хармаар байгаа юм. Энэ бүхэн бүрэн харагдах боломжтой. Монголчууд үндэстэн гэж байгаад цаашдаа тусгаар тогтносон улс болж тохиноход төрийн сүлд дууллыг нь энэ хоёр уран бүтээлч зохиосон. Монгол тусгаар тогтносон улс байгаад бусад улс үндэстэнтэй өрсөлдье өө гэвэл бид юм хийх хэрэгтэй байна.

-Таныхаар чухам юу хийх хэрэгтэй байна?

-Монголчууд бид түүхий эдээрээ далан хувь нь мөнгө олоод, гучин хувь нь дотроо жижигхэн хийсэн юмаараа мөнгө олж байна. Энэ чинь монгол хүн бүр юу ч хийхгүй байна гэсэн үг байхгүй юу. Хүн юу ч хийхгүй бол улс хөгжихгүй. Хөгжил гэдэг энэ дуу өсгөгч микрофон, ярьж мааждаг гар утас биш. Үнэтэй гар утас бариад, дээд хурдны компьютер товшоод хөгжиж байна гэж яриад байгаа чинь дэлхийн хөгжлийн хаялга болохоос биш Монголын хөгжил огтхон ч биш. Монгол хүн бүхэн толгой дараалан гар утастай байгаа учраас Монгол Улс хөгжиж байна гэдэг шал худлаа. Энэ бол дэлхийн хөгжлийн салхи нь манайд ирээд үлээгээд байж байгаа нь тэр. Хэрвээ монгол үндэстэн байгаад тусгаар улс байя л гэвэл бүтээх хэрэгтэй. Бүтээнэ гэдэг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж хоёр шиг бүтээлч байхыг л хэлнэ. Салбар салбартаа бүтээгч байхыг хэлнэ. Цагдаа ч өөрийнхөө салбарт, хөгжимч ч өөрийнхөө салбарт, улстөрч ч өөрийнхөө салбарт бүтээгч байх хэрэгтэй. Нийгмийн асар том үнэт зүйлийг бүтээж байж үндэстэн оршин тогтнож, бусадтай өрсөлддөг юм аа гэдгийг энэ хоёр агуу хүний жишээгээр бид ирээдүйг харах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ассанжийн хэргийн эргэн тойронд

Нууц мэдээллийг олонд дэлгэсэн WikiLeaks цахим хуудсыг үүсгэн байгуулагч Ж.Ассанжийг дөрөвдүгээр сарын 12-нд саатуулсан билээ. Австралийн иргэн тэрбээр сүүлийн долоон жил Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тус улс түүнд орогнол олгохоос татгалзсан. Үүний дараа Их Британийн цагдаа нар баривчилсан юм. Одоогоор урьдчилан хорих төвд хоригдож буй түүнийг шүүх хурал тавдугаар сарын 2-нд болно.


“АД ҮЗЭГДЭХ” БОЛСОН ШАЛТГААН

Эквадорын ЭСЯ-наас Ж.Ассанжийг “ад үзэх” болсон шалтгаан нь 2017 онд үүрэгт ажилдаа орсон тус улсын ерөнхийлөгч Ленин Моренотой холбоотой “INA Papers оффшорын дуулиан” хэмээх авлигын хэргийн баримтуудыг Ж.Ассанж дэлгэжээ. Түүнээс хойш Эквадорын төрийн тэргүүн түүнийг олон улсын конвенцийг удаа дараа зөрчсөн хэмээн буруутгаж байлаа. Харин Ленин Мореногийн уг мэдэгдлийг Эквадорын өмнөх ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдэхдээ “Ленин Морено бол манай улсын түүхэн дэх хамгийн “увайгүй урвагч” хэмээн нэрлэжээ.

Ж.АССАНЖИЙН ХЭРЭГ

Ж.Ассанж 2006 онд сайтаа нээж, төр засгийн нууц мэдээллийг олонд ил болгож байв. Тухайлбал, 2007 онд Гуантанамо дахь шоронгийн Америк харгалзагчид алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүстэй хэрхэн харьцах талаар зааварчилгааг нийтэлсний дараа олны анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар “The New York Times”, “Guard­ian”, “Spiegel” зэрэг томоохон хэвлэлүүдтэй хамтран ажилласнаар дэлхий дахинаа алдаршсан юм. Тэрээр 10 сая баримт бичиг нийтэлсэн нь дэлхийн улстөрчид, засгийн газар, корпорациудыг түгшээж байв.

Ж.Ассанж олон жилийн туршид хууль хүчнийхнээс зугтан, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн удаатай. Харин 2010 онд Шведийн шүүх түүнийг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутгасан юм. Тухайн үед Лондонд байсан Ж.Ассанж хуулийнханд сайн дураараа бууж өгсөн. Түүнийг саатуулсан ч батлан даалтаар сулласан. Харин Ж.Ассанж өөрт нь тулгасан хэрэгт гэм буруугүй гээд улс төрийн зорилгоор хилс хэрэг тулгалаа хэмээн мэдэгдэж байв.

Их Британийн шүүхээс түүнийг 2012 онд Шведийн талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасны дараа тэрээр Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд улс төрийн орогнол хүсч, бүгэх болсон. Учир нь Шведийн тал өөрийг нь АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөс болгоомжилсон хэрэг байв. 2016 онд НҮБ-ын ажлын хэсэг Ассанжийн нөхцөл байдалтай танилцаж, түүнийг эрх чөлөөгүй, өөрийн хүслээр шилжин явах боломжгүй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн Швед болон Их Британийн талаас түүнд чөлөөтэй шилжин явахыг зөвшөөрөхөд уриалж байжээ. 2017 онд Ассанжийн эсрэг хэргийг Шведийн хууль хүчний байгууллага түүний хэргийг хаасан юм. Гэвч Их Британийн тал түүнийг шүүхээс санаатай оргон зайлсан гэх хэрэгт буруутгах болсон.

Өнгөрсөн пүрэв гаригт Ж.Ассанжийг баривчлах үед тэрээр хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлсэн учраас түүнийг хүчээр авч явсан байна. Гартаа гав зүүж, хууль сахиулагчдад хөтлүүлэн хүчээр элчинг орхих үедээ Ж.Ассанж “Их Британи улс үүнийг эсэргүүцэх ёстой” хэмээн хашгирч байж. Түүнийг цагдаагийн машинд суулган, хэсэг рүү авч явжээ.

Ж.Ассанжийн аав

Ж.АССАНЖИЙГ БАРИВЧИЛСАН ТАЛААР ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД

Зарим хэвлэлийн онцолсноор Их Британийн тал АНУ-аас гаргасан хүсэлтийн дагуу Ж.Ассанжийг баривчилсан хэмээв. Учир нь Америкийн эрх баригчид түүнийг хакерын хэргээр буруутгаж байгаа аж. Ж.Ассанжийн буруутай нь тогтоогдвол таван жилийн хорих ял онооно гэжээ. Үүнтэй зэрэгцэн Ж.Ассанжийг Америкийн талд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцсэн шүүх хуралдаан болсон талаарх мэдээлэл хөвөрч байна. Тус хуралд Америкийн засгийн газрын ажилтнууд, Америкийн талын эрх ашгийг төлөөлж байгаа хуульчид болон Ж.Ассанжийн өмгөөлөгч тус тус оролцжээ. Түүний өмгөөлөгчийн онцолсноор үйлчлүүлэгч нь ямар нэгэн байцаалт мэдүүлэг өгөхгүй гээд хэрэв Ж.Ассанжийг Америкийн талд шилжүүлбэл амь нас нь эрсдэлд орж болзошгүй гэжээ. Улмаар шүүхээс Ассанжийг өөр улс орон руу шилжүүлэн өгөх асуудлыг нээлттэй үлдээж, саатуулах хугацааг сунгасан байна. Мөн дээрх хэрэгт холбогдуулах шүүх хурлыг тавдугаар сард явуулахаар болжээ. Түүнчлэн Ж.Ассанжийг хүсэлт гаргавал Швед улсын талд шилжүүлэн өгөхийг Их Британийн парламентын гишүүд тус улсын Дотоод хэргийн сайд Сажид Жавидад хандан уриалжээ. Энэ тухай сөрөг хүчний Лейборист намаас парламентад сонгогдсон Стелла Кризи өнгөрсөн баасан гаригт твиттертээ жиргэжээ. Үүнтэй зэрэгцэн Викиликс байгууллага Эквадорын талыг олон улсын хууль журам зөрчин, Ассанжийг саатуулах боломж олгосонд буруутгаад байна. Тэдний үзэж буйгаар тус улсын эрх баригчид тэр дундаа Эквадорын төрийн тэргүүн Ленин Морено нь өөрийнх нь нэр холбогдсон авлигын хэргийг задруулахаас болгоомжилж, түүнийг Их Британийн талд баривчлах боломж олгосон гэжээ. Мөн тус улсын ЭСЯ Ж.Ассанжид жилийн өмнө бүх цахим болон утсан харилцааг тасалж, интернэтэд нэвтрэх боломжийг нь хаасан. Түүн дээр гаднаас хүн оруулахгүй, уулзуулахгүй байхыг давхар үүрэгдсэн гэжээ. Уг шийдвэрийн дараа Ассанж Эквадорын эрх баригчдыг хүний эрхэнд халдан, олон улсын хууль журмыг зөрчиж байна гэжээ.

Ж.Ассанж баривчлагдах үеэрээ

Харин Их Британийн тал Эквадорт Ассанжийг баривчлах боломж олгосонд талархаж буйгаа илэрхийлжээ. Тус улсын гадаад хэргийн сайд Жереми Хант энэ талаар мэдэгдэл хийж, Лондон болон Китогийн хооронд хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээрийн дүнд Ассанжийг баривчлах боломж бүрдсэн хэмээн онцолсон байна. Үүнтэй зэрэгцэн Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн холбоотныг баривчилсан талаар өнгөрсөн пүрэв гаригт Эквадорын Дотоод хэргийн сайд Мария Паула Рома мэдээлжээ. Гэвч баривчлагдсан этгээд хэн болох талаар албан ёсоор мэдээлээгүй байна. М.Рома “Ассанжийн ойрын хүн энд амьдардаг. Гадаад хэргийн сайд асан Рикардо Патинотой холбоотой болохыг нь нотлох хангалттай баримт бидэнд бий. Түүнийг саатуулсан” хэмээн ярьжээ. Ассанжийн холбоотныг Япон руу нисэх гэж байхад нь нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Саатуулагдаад буй Ола Бини нь швед гаралтай, Викиликсийн программ хангамж хөгжүүлэгч аж. Сэтгүүлч Вижэй Прашад твиттертээ баривчлагдсан этгээд программ хангамж хөгжүүлэгч Лоа Бини болохыг “илчилжээ”.

Тэгвэл Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага нь Жулиан Ассанжийн хэргийг шалгахдаа дотоодын хууль болон олон улсын хүний эрхийн үүргийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэм хэмжээ, сэтгүүл зүй, тэр дундаа сэтгүүл зүйн эх сурвалжийн мэргэжлийн үүргийг хамгаалахыг илүүд үзэхийг Их Британийн засаг захиргаанд уриалсан байна. Энэ ч утгаараа Ассанжийн сэтгүүл зүй төст үйл ажиллагааг хорих зорилготой байж болзошгүй. Түүнийг АНУ-д шилжүүлэх шаардлагыг биелүүлэхээс Их Британи улс ангид байх ёстой гэжээ. Энэ талаар RSF-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Олон нийтийн тусын тулд Викиликс сайтаар дамжуулж сэтгүүлчдийг мэдээллээр хангасных нь төлөө есөн жилийн дараа ч Ассанжийг үргэлжлүүлэн онилж байгаа нь цэвэр залхаан цээрлүүлсэн үйлдэл юм. АНУ цаашид дээрх зорилгоо биелүүлэхийг зорьж байж магадгүй. Энэ нь сэтгүүлчид, шүгэлдэгчид болон сэтгүүл зүйн мэргэжлийн бусад эх сурвалжуудын эсрэг аюултай жишгийг тогтоож болзошгүй байна. Тиймээс Ассанжийг шилжүүлж авахтай холбоотой АНУ-ын ямар ч шаардлагын эсрэг Их Британи нь үндсэн зарчмаа баримтлах ёстой. Түүний сэтгүүл зүйн салбарт үзүүлсэн хувь нэмэртэй уялдах дотоодын хууль тогтоомж болон Европын хуулийн дагуу аюулгүй байдлыг нь хангах ёстой” гэсэн байна. Дашрамд дурдахад, Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас гаргасан 2018 оны Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Их Британи 40 дүгээрт, АНУ 45 дугаарт тус эрэмбэлэгджээ.

Мөн Америкийн тусгай албанд ажиллаж байгаад гарахдаа олон нууц мэдээллийг задлан дэлхий дахинаа алдаршсан Эдвард Сноуден Викиликсийн үүсгэн байгуулагчийг баривчилсан нь “хэвлэлийн эрх чөлөөний хувьд хар мөч” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “Шагнал авсан материалуудыг нийтэлсэн нийтлэгчийг баривчлуулахын тулд Эквадорын элчин сайд Их Британийн нууц цагдаагийнхныг элчин сайдын яам руу оруулж байгаа дүрст бичлэг түүхийн сурах бичигт орно” гэж жиргэжээ. Харин Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “ардчиллын гар” эрх чөлөөний хоолойг боомилж байна” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Оросын хэд хэдэн хэвлэлүүд дээрх үйл явдлыг “дэлхий дахинд хоёр нүүр гаргах явдал яллаа” гэж онцолжээ.

ХҮҮГЭЭ ХАРААД ШОКОНД ОРЖЭЭ

Австралийн Мельбурн хотод амьдардаг Ассанжийн эцэг Жон Шиптон “Их Британийн цагдаа нар хүүг маань шатаар чирч буй бичлэгийг хараад шоконд орсон. Түүнийг суллаж, нутаг буцаах талаар эрх баригчдаа уриалж байна” гэснийг “The Herald Sun” сонин уламжилжээ. Жон Шиптон “Би хүүгээ ямар байдалтай байгааг хараад маш их цочирдсон. Би 74 настай. Хүү маань 47-той. Гэтэл хүүгээсээ би хавьгүй залуу харагдаж байна” гэжээ. Үүнтэй зэрэгцэн Австралийн ерөнхий сайд Скотт Морриосон дөрөвдүгээр сарын 12-нд мэдэгдэл хийв. Тэрээр Ж.Ассанжид Консулын газрын зүгээс ямар нэгэн давуу эрх бүхий дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ой гутам зулгуйдалт” хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-д“Ой гутам зулгуйдалт” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ой гутам зулгуйдалт”” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Бид дайн дажинтай улсаас ч илүү өндөр хүүтэй зээлээр бизнес хийхийг оролдож байгаа” хэмээн “Улс төр” нүүрт ярив.

“Элчин сайд Майкл Клечески: Америк, Монгол хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн “Элчин сайд ярьж байна” нүүрт бичжээ.

“Шри-Ланкад болсон цуврал халдлагад 180 хүн амь үрэгджээ” хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт бичив.

“Туркийн эрх баригчид гадаад шахалтаас гадна дотооддоо эрх мэдлээ алдаж эхлэв “ хэмээн “Ертөнцийн анир” нүүрт өгүүлэв.

“Спорт” нүүрт “Азийн аваргын эхний өдөр дөрвөн медаль хүртлээ” хэмээн бичлээ.

Дуучин Ш.Хүрэлбаатар: Сурагчийн тухай хуучны сайхан дуунууд мартагдах ёсгүй хэмээн “Соёл, урлаг” нүүрт ярьжээ.

“Цаг үе” нүүрт ““Эдийн засгийн бодлогын чуулган”-д оролцогчид эдийн засаг сэргэнэ гэв” хэмээн өгүүлжээ.

“Академич, МУИС- ийн эмирет профессор С.Нарангэрэл: Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болсон” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

“Капитал банкны ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү: Харилцах, хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг төлөх хөрөнгө хангалттай байгаа” гэж “Банк, санхүү” нүүрт ярьсан байна.

“Танайд өнжье” нүүрт “Амрах цагаар хомс аврах ангийнхан” хэмээн өгүүлжээ.

“Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Хотын эдийн засаг бол УИХ, Засгийн газрын асуудал” хэмээн “Нийгэм” нүүрт ярьсан байна.

“Баримт, үйл явдал” нүүрт “Налайхын зөвшөөрөлгүй уурхайд осол гарч, гурван хүн амиа алджээ” хэмээн бичсэн байна.

“Энэ өдөр” нүүрт “Үнэнээ л хэлчих” хэмээн бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдэд ёс бус шаардлага тавьсан СӨХ-ны ажилтныг саатуулжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших “Хайрхан” хорооллын “Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж, дарамталж цамцаар нь шээс арчуулж буй мэдээлэл хоёр хоногийн өмнө /2019.04.19/ олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав.

Бага насны хүүхдэд ёс буй шаардлага тавьж зургийг нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн СӨХ-ийн ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг тодруулбал, “Хайрхан СӨХ”-ны ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн юм. Ингэхдээ тус байрны оршин суугчдынхаа фейсбүүк группэд “Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

“Сум хөгжүүлэх сан”-д улсын үзлэг явуулна

“Сум хөгжүүлэх сан”-гийн өнөөгийн байдлыг дүгнэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулах, сангийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор улсын үзлэг явуулахаар болжээ. Үзлэгийн үр дүнг долоодугаар сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. 2018 оны эцсийн байдлаар 38 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж өссөн дүнгээр 187 тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээл авчээ. Үүний дүнд 34 790 ажлын байр шинээр бий болж, 20 373 ажлын байр хадгалагджээ. Сан 89 тэрбум гаруй төгрөгийн авлагатай байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

Маргааш хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид та бүхэн засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянзүрх
11:00-17:30 цагт
5, 16, 22, 19-р хороо, Өлгийн 1, 2, 3, 4, 5, 7, 9, 16, 17, 18, 19, 20, 22, 31-р гудамжууд, Газарчны 1-9, ЦИС-1-р хэсэг, Ойн 1, 2-р гудамжууд, Төгөл хусхан 1-14, 69/А, 69/Б, 88, 89, 91, 106-р байрууд, Сэлвэшн арми ТББ, ЖМБО, 128-р цэцэрлэг, Цагдаагийн орон сууцны барилга, Таманука /МОНТС/, Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ВТС-83, Алаг адуут СӨХ, Дүүргийн Цагдаагийн хэлтэс, ШУТИС-ийн МХТС, Оюутны байр, Нью жуулчин турс, Батхангай өргөө , Мөнгөн сав тоног, Немон, Боса-3, Булган уянга, Хэ До Инда трейд, Өлгийн халамжийн төв, Өнө мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Сүхбаатар
11:00-17:00 цагт
10, 11-р хороо Улсын бүртгэлийн ерөнхий газар, ЦЕГ-ын Холбооны хэлтэс, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын төв, Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, Цагдаагийн ажилчдын орон сууц болон эдгээрийн ойр орчмоор
Баянгол
10:30-18:00
цагт 4, 20-р хороо 29-р бааз 50 машины гараж, Жаст, Шунхлай ШТС-ууд, Говь ХХК, Сэргээгдэх эрчим хүчний газар, Гурвалжингийн гүүрний зүүн талаар ТЗҮААЭГ-ын агуулах болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино-хайрхан
11:00-18:00 цагт
20, 22, 23-р хороо Хилчиний 44, Баян-Уулын 2-1, Тахилтын ам, Тахилтын 1, 6, 7, 11, 12, 13, 27, Задгай гудамжууд, Цагдаа толгой, Оюунчимэг өрхийн эмнэлэг, 122-р сургууль, 188-р цэцэрлэг, Мон суль, Свифтланд, Дашваанжил, Шилэн хийц, Ди Эйч Ти Эн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт 23, 30-р хороо Овоотын 70, 71, Хангайн 61 Т-20/А, 67, Хайрханы 2 Т/51 гудамжууд, Цог намсрай ХХК болон ойр орчмоор
Төв аймаг
09.30-18.00
цагт Баянцагаан сум
09.00-17.00 цагт Баянцагаан сумын Минералплас, Шохой чулууны үйлдвэр дэд станцуудаас цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгчид
10:00-13:00 цагт Зуунмод сумын УБЦТС ТӨХК-ийн Зуунмод ХҮТ, Сувиллын ясли, Халамж үйлчилгээний төв, 40 айл, Хүнсний үйлдвэр, 5-8, 13-р байрууд, Цахиурт дэлгүүр, Шинэ ертөнц зочид буудал болон эдгээрийн ойр орчмоор
11.00-18.00 цагт Эрдэнэ сум
11:00-19:00 цагт Баян-Өнжүүл сумын төв, ЗДТГ, Хүн эмнэлэг, Холбоо, Сургууль, Хаан банк, гэр хороолол
14:00-18:00 цагт Зуунмод сумын Хаан банк, Төв санаа ХХК, Толин хул зоогийн газар, Махны зах, 3, 4-р байр, Өлзийт үйлдвэр орчмоор
Налайх
10.00-18.00 цагт
Аржанчивлан рашаан сувилал

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн зарлага 11.5 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний улиралд 640.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110.5 (20.9%) тэрбум төгрөг, зарлага 574.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.6 (14.0%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 110.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 84.1 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 13.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 70.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 56.2 тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 7.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.Энэ 3 дугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 238.3 тэрбум, зарлага 203.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 28.6 тэрбум төгрөгөөр, зарлага 11.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.