Categories
мэдээ нийгэм

Төв талбайн ногоон байгууламж руу шээж танхайрсан төрийн алба хаагчийг шүүнэ

Өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон.

Хэргийн эргэн сануулахад, Төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан Д.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг. Харин мөнгийг тэрбээр хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Нэмэхбаяр нарыг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4.2 /Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ 22.5.1 Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тэгвэл тэдэнд холбогдох гэм бурууг нь шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-аас өгсөн хуудас нь иргэдэд хүрэлцээгүй гэв

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны оршин суугчид “Буянт-Ухаа I” хорооллын урд талын талбайд өглөөний 8:00 цагт дохион дуунаар цугларлаа. Энд гамшгаас хамгаалах сургалт болсонгүй. Харин хорооноос тараасан хуудсанд тамга даруулах гэсэн иргэдийн цуваа үүсчээ. 16 дугаар хорооноос 10 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалтын баг гаран ажиллаж байсан юм.





A” хэсгийн ахлагч Жаргалтуяа “Бид 06:00 цагт цуглаад асраа барьсан. 16 дугаар хорооны иргэд маань идэвхтэй цугларсан. Уг нь үзүүлэх сургалт болно гэсэн боловч тийм юм болсонгүй. Зүгээр л бүртгэл явагдаад, тараах бичиг нь хүрэлцээгүйгээс болж бөөн шуугиан, хэрүүл болоод таарлаа. 16 дугаар хороо 12 мянга орчим хүн амтай. Харин ОБЕГ-аас хэвлэж өгсөн иргэдэд тарааж өгөх цаас нь хүрээгүй” гэв.

Цугларалтын талаар 16 дугаар хорооны иргэн Сувдаагаас сэтгэгдлийг нь асуусан юм.

Та энэ сургалтаас гамшгийн талаар юу мэдэж, сурч авсан бэ?

-Энд жагсаж байгаад л тамга даруулснаас өөр үйл ажиллагаа болсонгүй. Би 8 цаг 10 минутанд гарч ирсэн. Намайг гарахаас өмнө сургалт явагдсан юм уу, би тэрнийг мэдэхгүй байна.

Иргэдийн идэвх оролцоо ямар санагдав?

-Иргэд маш олноор идэвхтэй цугларлаа. Гэвч зохион байгуулалт маш муу үйл ажиллагаа боллоо.

А.МӨНХЗУЛ

Г.ХОНГОРЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чулуунтамир: Гадаад улсад үйлдэгдсэн гэмт хэргийг тухайн улс мөрдөн шалгаж шийдвэрлэдэг

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас зарим зүйлийг тодрууллаа.


-Сүүлийн үед монголчууд гадаадад хулгай хийх нь ихэссэн гэв үү?

-Өнгөрсөн оны статистикаар гадаад улсад манай улсын нийт 349 хүн гэмт хэрэгт холбогдсон. Европын холбооны улс болон Солонгос, Япон зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд “Хувь хүний нууцлал” гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Тэрхүү хуулиар тухайн хүн манай улсын консулд гэмт хэрэг үйлдснээ мэдэгдье гэвэл мэдэгдэнэ. Мэдэгдэхгүй гэвэл нууцыг чандлан хадгална гэсэн үг. Тэгэхээр манай улсын консулд мэдэгддэггүй олон хүн байгаа гэсэн үг. Тухайлбал, Солонгос улсад манай улсын 26 хүн гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлийн статистикийг харахад Солонгост манай улсын 1021 хүн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Дээрх 26 хүн бол өөрсдөө хүсэлт гаргаж, улсынхаа консулд хандсан тохиолдол юм. Эдгээр нийт гэмт хэргийн 67 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг гэсэн үзүүлэлт бий. Дунджаар 40-60 мянган манай улсын иргэн гадаад улсад гэмт хэрэгт үйлддэг юм билээ. Үүний 75 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг юм.

-Гадаадад хулгайн гэмт хэрэг үйлдээд байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-Саяхан Тайландын эзэн хааны ордонд манай улсын гурван иргэн халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, бусдын эд зүйлийг хулгайлж байгаад баригдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь шинэ зүйл биш. Зүүн өмнөд Азид Монголын халаасны хулгайчид бөөнөөрөө очиж, хотоос хот хооронд дамжиж байдаг юм билээ. Бүлэглэж, хулгайлсан эд зүйлээ Монгол руу явуулдаг. Сүлжээ үүсчихсэн. Гадаадаас хулгайн эд зүйлээ Монгол руу ачуулж, энд зардаг дэлгүүрүүд бэлэн байдаг гэж хэлж болно. Хамгийн гол нь манай улсад брэндийн гэх тодотголтой зарим хувцас, эд зүйл хямд байх тохиолдол бий. Ийм арга барилаар яваад сурчихсан байна. Сүүлийн үед Хятадад манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэх нь их болсон. Бээжин, Шанхайн дэлгүүрүүдийн брэнд хувцаснуудыг хулгайлах нь ихэссэн. Манай улс руу хулгайн барааг бөөнөөрөө ачуулдаг бүлэглэл байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд асуудлыг хэлэлцэж байгаа.

-Манай улсын хууль хяналтын байгууллагынхан үүнийг мэдсээр байж, яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ?

-Монголд гэмт хэрэгт холбогдож, хяналтад байдаг хүмүүс гадаадад хулгай хийдэг. Тэднийг гадаад улс руу гараад явахаар хяналт тавих боломжгүй болдог. Манайх олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гадаад улсад гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Гэвч гадаад улсад үйлдэгдсэн гэмт хэргийг тухайн улс мөрдөн шалгаж шийдвэрлэнэ. Орост болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дөрвөн монгол иргэн халаасны хулгайн гэмт хэргээр баривчлагдсан. Ингэхэд манай улс руу тэдгээр дөрвөн залуу гэж зураг, мэдээллийг нь явуулсан. Ингээд мэдэгдэж, хулгайч гэж баривчилсан. Ийм байдлаар зарим улстай хамтран ажилладаг. Хятадад тухайн гэмт хэргийн хохирлын хэмжээнээс шалтгаалж, зургаан сар баривчлах, арван таван жил баривчлах ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм билээ. Мөн гэмт хэргийн үйлдлээс хамаарч, бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг юм байна лээ.

Гадаад улсад манай улсын нэр хүнд асар ихээр унаж байна. Гадаад оронд манай улсын иргэд үйлдэж буй нийт гэмт хэргийн 80 хувь нь танхай, хулгай юм. Хулгай хийж олсон мөнгөөрөө архи, согтууруулах ундаа хэрэглэж, маргалддаг. Энэ нь маш их хор нөлөө дагуулж байна.

Үүнд Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар болон төрийн байгууллагууд хэрхэн, яаж ажиллах вэ гэдэгт дүгнэлт хийж, харилцан ажиллаж байна. Энэ сарын 19-нд Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөллүүд нийлж, зөвлөгөөн зохион явуулсан. Гадаад улсад иргэдийнхээ гадаад паспорт дээр гэмт хэрэгт холбогдсон гэсэн тэмдэглэгээ хийдэг. Мөн зарим улсад гадаад руу зорчих эрхийг нь хязгаарладаг. Манай улсад зохицуулалт алга.

Иймээс хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гадаад паспорт дээр тэмдэглэгээ хийлгэдэг болъё гэж ярьсан. Гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон хүмүүс, улсдаа ирээд гэмт хэрэг үйлдэх тохиолдол бий. Иймээс дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүдний эмнэлгүүдийн тал хүрэхгүй хувь нь хүүхдүүдийг үнэгүй эмчилнэ

Манай улсад шүдний өвчлөл, тэр дундаа хүүхдийн шүдний өвчлөл онцгой анхаарах хэмжээнд хүрээд байгаа. Үндэсний хэмжээнд таван жилийн хугацаанд хэрэгжих “Эрүүл шүд -Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүд цоорлын өвчнийг 30 хувиар бууруулах зорилго тавин эхлүүлээд байна. Манай улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл 87.3-96.4 хувьтай байна гэх судалгаа гарсан нь үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэхээс аргагүйг баталсан тоон мэдээ юм. 2019-2023 онд хэрэгжих уг хөтөлбөрт улсын төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ жилийн хувьд 4.6 тэрбум төгрөгийг хүүхдийн шүдний эмчилгээнд зарцуулна. Дараа дараагийн жилийн төсөв нэмэгдэх аж. Энэ жилийнхээс хоёр дахин нэмэгдэж 10 тэрбум төгрөгт хүрнэ гэж яригдаж буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдээд буй. Манай улсад 2-12 насны 725 мянган хүүхэд бий гэсэн статистик гарчээ. Эхний ээлжинд буюу 2019 оныг дуустал 2-6 насны хүүхдийг уг хөтөлбөрт хамруулахаар болжээ. Энэ насны 366 мянган хүүхэд байгаа аж.

Улсын хэмжээнд 450 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг ажилладаг юм байна. Уг хөтөлбөрт хамрагдахаар 243 шүдний эмнэлэг материалаа өгчээ. Эдгээр эмнэлгүүдээс 199 -ийг нь сонгон шалгаруулжээ. Сонгогдсон эмнэлгүүд хүүхдээ хүлээж аваад эхэлчихсэн байгаа аж.

Улаанбаатар хотод 118 шүдний эмнэлэг, харин орон нутагт 81 шүдний эмнэлэг сонгогджээ. Эдгээр эмнэлгээс улсдаа гайгүй гэх эмнэлгүүдийг сонгосон гэж албаныхан мэдэгдээд байгаа. Бид хөтөлбөрт хамрагдаагүй шүдний эмнэлгүүдээр орлоо. Сүхбаатар дүүрэгт байрлах хувийн хэвшлийн гурван шүдний эмнэлгийг сонгож, сурвалжлага хийсэн юм. Зарим нь үндэсний хэмжээний хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хугацааг тулгаж мэдсэн учраас материалаа өгч амжаагүй гэсэн тайлбар хэлж байв. Харин нэг эмнэлэг нь сонгон шалгаруулалт дуусах өдрийн өмнө мэдээд материалаа өгсөн ч тэнцээгүй гэсэн хариу өгч байлаа. Хөтөлбөрт хамрагдах эмнэлгийг сонгон шалгаруулахад ариутгал, халдваргүйжүүлэлтийн шаардлага хангасан эсэхийг гол шалгуур болгожээ. Түүнчлэн хүний нөөц бусад зүйлийг нь ч харгалзан үзсэн байна.

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа “Хувийн шүдний эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ сайжирч байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнтэй уялдуулан нэг давуу тал үүсч байгаа. Шүдний эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт сайжирна” хэмээн онцлов.Салбарын яамнаас хөтөлбөрт хамрагдах шүдний эмнэлгийн тоог нэмэх бодлого барьж байгаа юм байна. Эдгээр сонгогдсон эмнэлгийн 38 нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгээ байгуулаагүй байгаа тул одоогоор шүдний 161 эмнэлэг 2-6 насны хүүхдэд үйлчилж байна.

Мөн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн харьяаллын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байгаа ч эмнэлгүүд харьяалал харгалзахгүй үйлчилж эхэлжээ. Түүнчлэн шүдээ эмчлүүлэх онцгой шаардлагатай долоогоос дээш насны хүүхэд тус хөтөлбөрт хамрагдаж болох юм байна. Сүүн шүд 5-13 насанд солигдож дуусдаг учраас ийм шийдэлд хүрчээ.

Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхэд бүрт 60000 төгрөгийн эмчилгээ хийгдэнэ. Мөнгөн дүнд хийгдэх зургаан төрлийн эмчилгээ бий. Үүнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх, шүд цоорлын эмчилгээ, урьдчилан сэргийлэх түрхлэг, эрдэсжүүлэх түрхлэг, шүд авах зэрэг багтаж байгаа аж. Өнөөдөр манай улсад хүүхдийн нэг шүдний сувгийн эмчилгээ гэхэд дунджаар 50-60 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Шүдний эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэд 60 мянган төгрөгөөр багахан үйлчилгээ авна гэцгээж байв. Иргэн Ц.Цэрэндолгор “Хувийн шүдний эмнэлэгт 60 мянган төгрөг бол зөвхөн зөвлөгөө авах хэмжээний мөнгө. Нэг шүдний эмчилгээ нь гэхэд л энэ хэмжээний мөнгөөс илүү гарч байна шүү дээ” хэмээн хэлж байлаа.


Хөтөлбөрт хамрагдаад буй эмнэлгүүдээс “Ubdent” шүдний эмнэлгийг сонгон тус эмнэлгийн шүдний эмч Ц.Батцоожоос дараах зүйлсийг тодрууллаа.


-Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хэрхэн хамрагдсан бэ. Танай эмнэлгээр өдөрт хэдэн хүүхэд шүдний эмчилгээ хийлгэж байна?

-Бид бүрдүүлэх материалыг нь бүрдүүлж өгсөн. Одоогоор манай эмнэлэг хүүхдийн үзлэгээрээ тэргүүлж байна. Хүүхдийн шүдний өвчлөл маш их байгааг хэлэх байна. Нэг өдөр гэхэд ганц эмч эхэндээ арав гаруй хүүхэд үздэг байсан. Үзүүлж байгаа хүүхдүүд маань нэг ирээд эмчилгээ нь дуусахгүй хоёр, гурван удаа эмчилгээнд орох шаардлагатай байгаа юм. Тэдгээр хүүхдийнхээ давтан эмчилгээг хийх болохоор шинээр хүүхэд авах цаг маш бага болчихож байна. Тиймээс өдөрт нэг эмч шинээр дөрвөн хүүхэд үзэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн. Өдөрт дунджаар нэг эмч 20-30 үзлэг хийж байгаа. Цаг амжихгүй байна. Манайд эмчлүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийн шүд нь хүнд хэлбэрийн идээлсэн, хавдсан, үрэвсэл ихтэй байна.

-Танайд үзүүлэх дараалал хэр байгаа вэ?

-Дараалал маш их байгаа. Манай эмнэлэг тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цаггүй болсон. Хөтөлбөр хэрэгжиж, батламж гарсан өдрөөс эхэлж үйл ажиллагаагаа явуулсан.

-Хүүхэд бүрт 60000 төгрөгийн эмчилгээ хийхээр заагдсан. Үүнээс илүү төлбөр гарвал эцэг эхчүүд өөрсдөө төлөх үү ?

-Цаг авч буй эцэг эхчүүд 60 мянгаас илүү төлбөр авах уу гэдэг асуултыг маш их тавьж байгаа. Мэдээж 60 мянган төгрөгийн үйлчилгээнд багтах эмчилгээ ховор. Манай тарифаар гэхэд нэг сувгийн эмчилгээ 50 мянган төгрөг. Нэг шүдээ эмчлүүлэх хүүхэд маш ховор ирж байна. Хамгийн доод тал 2-3 шүд нь өвчтэй. 30-40 хүүхэд дундаас нэг хүүхэд эрүүл байдаг. Тэдгээр хүүхдэд хамгаалалтын ломбыг нь тавьж, түрхлэгийг нь түрхэж өгч байгаа. Энэ эмчилгээнүүд 60 мянган төгрөгөөс илүү гараад явчихдаг. Бид аль болох 60 мянган төгрөгт баригдалгүй хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх зорилт тавьж байна. Хүүхдэд 20 шүд байдаг. Зарим хүүхдийн шүд 300-400 мянган төгрөгийн эмчилгээ хийх шаардлага их байна. Эдгээр хүүхдүүдэд 150 мянган төгрөг болтол хямдруулж өгч байгаа. Үнэхээр эмчилгээ нэн шаардлагатай тохиолдолд эцэг эхчүүдэд хөнгөлөлт үзүүлэн ажиллаж байна.

-Хүүхдийн сүүн шүдийг авахаар дахиж ургадаг уу?

-Сүүн шүдийг авсан ч дахиж ургадаг. Хэт бага насны хүүхдийн шүдийг авч болохгүй. Зайлшгүй тохиолдолд идээт үрэвсэлтэй үед авах заалт байвал авна.

-Мэдээж ариутгал халдваргүйжүүлэлт хамгийн түрүүнд яригдана. Танайд сүүлийн үеийн ямар ямар эмчилгээнүүд хийгдэж байна?

-Манай эмнэлэг эмзэг давхарга руугаа хандсан үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн гол нь сайн материал ашиглан хүүхдүүдийг эрүүлжүүлэх зорилготой. Тийм ч учраас бид өөрийн эмнэлгийн ойр цэцэрлэгийн хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийдэг. Эмчилгээний тарифаа 50 хувь хөнгөлдөг. Манайх хүүхдийн дагнасан эмнэлэг биш хэдий ч нийгэмд оруулж байгаа хувь нэмрээ илүүд үздэг гэсэн үг. Мэдээж насанд хүрэгчдэд бүх төрлийн эмчилгээ үзлэг хийдэг. Бид орчин үеийн бүхий л эмчилгээг хийж байгаа. Хүүхдийн үзлэг эхэлчихсэн болохоор насанд хүрсэн хүмүүс маань хаягдах магадлалтай байна. Гол чигээ баримтлах ёстой учраас өдөрт шинээр 3-4 хүүхдэд цаг өгч байгаа.

-Хүүхдийн шүднийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хамгийн чухал нь шүдний угаалт. Шүд угаах бол нарийн ажилбар. Хүүхдүүд гадуур нь өнгөц угаагаад байдаг. Хүүхдийг ядаж 6,7 нас хүртэл шүдийг нь эцэг эхчүүд угааж өгөх хэрэгтэй. Гарыг нь зүгширтэл гэсэн үг. Хүүхдийн гарын булчин зорилтот зүйлүүдийг хийх чадалтай болтол эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг сайн угааж байвал шүдний өвчнөөс сэргийлж чадна.


Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг эхэллээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хугацаат цэргийн албаны 2019 оны хаврын нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг явуулж эхэллээ.

Үзлэгийг энэ сарын 23-25-ны өдөр явуулна. Цэрэг татлагад Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тухайн харьяа дүүргийнхээ цэрэг татлагын байранд тогтоосон өдөр, цаг хугацаанд ирсэн байх үүрэгтэй ажээ. Цэрэг татлага зохион байгуулж буй дээрх хугацаанд цэргийн насны, зарлан дуудах хуудас авсан залуус бүртгэл, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт өөрийн биеэр хамрагдана.

Categories
мэдээ нийгэм

С.Лувсангомбо: Улаанбаатарыг “Эсгий хот” гэж шоолдог байсан үе саяхан

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 23-ны өдөр яам, агентлаг, харьяа байгууллагын газрын дарга нарын хамтаар Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан хурандаа, генерал Сономын Лувсангомбыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Хурандаа, генерал Сономын Лувсангомбо нь ЗХУ-д Барилгын инженерийн дээд сургуульд суралцаж, барилгын инженер-технологичийн мэргэжил эзэмшсэн бөгөөд 1959-1964 он, 1968-1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1964-1968 он хүртэл Улсын барилгын зөвлөлийн орлогч дарга, 1972-1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилгын архитектурын комиссын дарга, Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар хавсран ажиллаж байсан юм.

БХБ-ын сайд Х.Баделхан Монгол улсын барилгын салбар зах зээлийн давалгаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажилллагаа тэлж, эрчимжиж байна. Иргэдийн хамгийн ихээр хүлээлт үүсгэдэг орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийг орон сууцаар хангах чиглэлд салбар яам онцгойлон анхаарч ажиллаж байгаа төдийгүй Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогоо 10 жилээр тодорхойлон Засгийн газраар батлуулснаа танилцууллаа.

Төрөөс барилгын салбарт баримтлах бодлогын хүрээнд “Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе”, “Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе”, “Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе” гэсэн гурван шаттайгаар бодлого хэрэгжиж, салбарын өнөөгийн чадавхи ирэх 10 жил 4 дахин нэмэгдэж, шинэ дэвшилтэд ололт нэвтэрнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Барилгын салбарыг хөгжүүлэхэд салбарын үе үеийн удирдлага, сэхээтнүүдийн хувь нэмэр хэмжээлшгүй их бөгөөд та бүхний үнэт зөвлөгөөг үргэлж сонсон ажиллах болохоо сайд Х.Баделхан илэрхийлсэн юм.

Хурандаа, генерал С.Лувсангомбо “Барилгын салбар бол Монгол улсын хөгжлийн хэмжүүр болсон том салбар. 1920-иод оноос эхлэн Монголчууд өөрсдийнхөө хүч, хөдөлмөрөөр их бүтээн байгуулалтынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Тухайн үед барилгын техникийн бодлого гэж гаргадаг байлаа. Бодлогын гол зорилго нь барилгыг зөв барьж, газарт нь зөв тааруулахад л чиглэсэн юм. Монгол улсын цаг агаарын байдал, байгаль, газарзүйн онцлогт зохицсон норм нормативыг олж, шийдэхгүйгээр барилгын салбар цааш явахад хэцүү гэдгийг тухайн үеийн удирдлагууд олж харан, тодорхойлж байсан” гэж дурсан ярьсан юм.

Өнөөдөр барилгын салбар үндэсний томоохон салбар болон хөгжиж, улс орны хөгжлийг тодорхойлох хэмжээнд хүрсэн нь үе үеийн сэхээтнүүд, барилгачид, инженерүүдийн гавьяа бөгөөд энэ салбарыг өвлөн авч өнөөдрийн хөгжилд хүргэж ажиллаж байгаа салбарын удирдлага, инженерүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.

Тэрбээр “Хэн дуртай хүн, хүссэн газартаа барилга барьдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн өөрийн бодлоо хуваалцсан юм. Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө гэдэг бол салбар яамны амин судас нь байдаг бөгөөд хот төлөвлөлтийг нарийн тооцож хэрэгжүүлдэг байх нь чухал гэдгийг зөвлөөд барилгын салбарт ерөнхий төлөвлөгөөний журам алдагдаад байгааг хэлсэн юм.

Эсгий хот хэмээн Улаанбаатар хотыг Барууныхан “шоолдог” байсан үе саяхан. Харин одоо Монголын залуучууд, сэхээтнүүд, барилгачид, инженерүүдийн арга ухаан, хүч хөдөлмөр барилгын салбарыг гайхалтай сайхан хөгжүүлэн, орчин үеийн хот болгож чаджээ. Хамгийн гол нь тухайн улс эртний түүх соёлоороо гайхагдах учиртай. Монголчуудын өөрсдийн гараараа бүтээсэн хуучны дурсгалт барилгыг энэ хэвээр нь хадгалан, орчин цагийн барилгатай хослуулан нэгтгэж чадвал барилгын салбарт шинэ хэв маяг бий болно хэмээн сэтгэлдээ бодож явдагаа Хурандаа, генерал С.Лувсангомбо илэрхийллээ.

Монголоо хамгаалах, улсынхаа түүхийг хадгалан үлдээх, өв уламжлал хуучны дурсгалаа сэргээхэд Барилга, хот байгуулалтын яам, барилгын салбар түүчээлэн, манлайлан оролцох ёстойг зөвлөсөн юм.

Сайд Х.Баделхан “Үнэтэй сайхан зөвлөгөөг харамгүй өгч, дурсамжаа хуваалцсанд баярлаж байгаагаа хэлээд Эрхэм хурандаа С.Лувсангомбо таны өгсөн үнэтэй зөвлөгөөг салбарын үйл ажиллагаа, бодлогодоо тусгаж, ахмадуудын хөлс хүч, сэтгэлээ шингээж барьсан хуучны дурсгалт барилгуудыг хамгаалан авч үлдэхэд анхаарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 4 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 25 гомдол, мэдээлэл буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 14 гомдол, мэдээлэл буюу 19.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 31 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 56.9 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 72 гомдлын 43 буюу 59.7 хувийг Улаанбаатар, 29 буюу 40.3 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна.

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүд:

  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хахууль авсан
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хээл хахууль авсан
  • Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх /хуучин нэрээр/-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д нь иргэний хэрэг шийдвэрлэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас хахууль авсан
  • Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техникийн шаардлага, тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай гэрээг байгуулж бусдад давуу байдал бий болгосон хэргүүдийг харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөн хязгаарласнаас хойш ослын дөрвөн тохиолдол бүртгэгджээ

Related image

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болж өнөөдөр 07.00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Хязгаарлалтын бүсээс гарч байгаа машиныг гаргаж, харин орох хөдөлгөөнийг зогсоосон байсан юм. Одоогийн байдлаар хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Мөн зам тээврийн ослын шинжтэй нийт 42 дуудлага бүртгэгдсэн байна. Өглөө 07.00 цагт хөдөлгөөн бүрэн хаасны дараа зам тээврийн ослын дөрвөн тохиолдол бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн зурвасаар түймэр орж иржээ

Хэнтий аймгийн Батширээт суманд байрладаг Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15.13 цагт орж иржээ. Түймрийн голомтод нийт 183 хүн, 13 автомашин, 23 морьтой ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32,42 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 46 хүн, долоон автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар очсон байна. Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлагаар хангах, хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ, ҮАБ, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хамтарсан нийт 27 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр өнөөдөр /2019.04.25/ 07.10 цагт түймрийн голомт руу нислэг үйлджээ.

Categories
гадаад мэдээ

Украинаас салан тусгаарласан мужийнхан ОХУ-ын иргэншилтэй болно

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарласан мужуудын иргэдэд түргэвчилсэн журмаар иргэний паспорт олгодог болгох шийдвэрт гарын үсэг зуржээ.

Тэрээр энэ шийдвэрээ хүний эрхийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна. Уг шийдвэр нь Украинд ерөнхийлөгчийн сонгууль болсноос гурван өдрийн дараа гарч байна.

Лхагва гарагаас шууд хэрэгжиж эхэлсэн журмын дагуу Украинаас салан тусгаарлаж, бүгд найрамдах улс байгуулсан Луганск, Донецк мужуудын 3.7 сая орчим оршин суугч гурван сарын дотор ОХУ-ын иргэн болох боломж нээгджээ. Эдгээр мужуудад орос гаралтай хүн ам голлодог.

Майданы хувьсгалын дараа 2014 онд Украинд тогтсон засаглалыг эсэргүүцсэн дорнод мужууд сүүлийн таван жилийн турш салан тусгаарлах зорилготой зэвсэгт тэмцэл явуулж байгаа. Дайны хөлд нэрвэгдэж зовсон энгийн номхон иргэдийн эрхийг хамгаалах үүднээс уг шийдвэрийг гаргаснаа Путин тайлбарлажээ.