Categories
мэдээ нийгэм

82 орныг нэгтгэсэн Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд МСНЭ сонгогдлоо

Дэлхийн эдийн засаг угтах жилүүдэд илүү тогтвортой, бүтээмжтэй байхад тэргүүлэгч гүрнүүдийн санал санаачилга ус агаар шиг хэрэгцээтэй байгааг нөхцөл байдал баталгаажуулж буй билээ. Тэрчлэн баялгийн, хөрөнгийн хэт төвлөрлийг задалж, бусад эдийн засгуудад хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх гарц болон харагдаж буй “Бүс ба Зам” санаачилгад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 150 гаруй улс орон болон олон улсын байгууллага нэгдэн оржээ. Улмаар хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтран ажиллах үзэл баримтлал, саналаа НҮБ, G20, АПЕК, ШХАБ зэрэг олон улсын байгууллагуудын баримт бичигт тусган оруулаад байна. Тэгвэл дэлхийн олон улс орныг нэгтгээд буй уг төсөлд манай Монгол Улс өөрийн оролцоотой, эзлэх байр суурьтай явааг тодотгох нь зөв биз ээ.

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохоор очоод буй. Тэгвэл уг дээд түвшний уулзалтын хүрээнд хэд хэдэн форум болж буйн нэг нь “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ /Belt and Road News Network/ Олон улсын байгууллагын арга хэмжээ юм. Өнгөрсөн жилүүдэд уг санаачилгын хүрээнд эдийн засаг, боловсрол, соёл гэхчлэн олон чиглэлд олон арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа нэг хэсэг нь аж.

Санаачилгад нэгдсэн дэлхийн улс орнууд өнгөрсөн таван жилд мэдээллийн форумуудыг амжилттай зохион байгуулсан туршлага болон харилцан ойлголцол, хүндэтгэлийн үр дүнд 82 улс орон нэгдэн орсон “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ /Belt and Road News Network/ Олон улсын байгууллага байгуулагдсаныг албан ёсоор зарлаж, баталгаажуулсан арга хэмжээ гэдгийг тодотгоё. Түүнчлэн цаашдын үйл ажиллагааны дүрэм журам, барих зарчмаа бүрэн тогтож, Удирдах зөвлөлийн гишүүддээ үнэмлэхийг нь гардуулж, мэдээллийн сүлжээний оролцогчдыг нэг цэгт уулзуулах албан ёсны веб сайтыг нээжээ.

Тэрчлэн 82 улс орноос 25 нь л “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд орсны нэг нь манай Монгол Улс болохыг дуулгахад таатай байна. Тодруулбал, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ дэлхийн улс орнуудын мэдээллийн “акул”-уудтай зуузай холбон Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож байна. 82 улс орныг эгнээндээ нэгтгэсэн “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагыг байгуулахын тулд оролцогч бүх л улс орнууд руу ажиллах дүрмээ, зарчмаа, бүтэц зохион байгуулалт зэргээ явуулж, саналуудыг нь тусгасны үндсэн дээр хамтын ажиллагааны байгууллагыг албан ёсоор байгуулжээ. “Бүс ба зам” санаачилгын автор нь БНХАУ гэдэг утгаараа тус улсын People’s Daily сонин тус Олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч нь боловч, эрх барих дээд байгууллага нь Council Member буюу Удирдах зөвлөл аж. Тэгэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл шийдвэр гаргах түвшинд багтсан нь таатай хэрэг юм. Энэ тухай лавшруулан өгүүлэхээсээ өмнө, “Бүс ба Зам” санаачилгын талаар нэмж хэлэх хэдэн зүйл байна.


“БҮС БА ЗАМ” УРАГШИЛСААР…

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилга болох “Бүс ба Зам” нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхийн хэмжээний том төсөл болон урагшилж буйг эхэнд өгүүлсэн. Энэ санаачилга дэлхий дахинд нөлөөллөө тэлж буйтай зэрэгцэн БНХАУ-ын геополитикийн багаж хэрэгсэл гэж үзэх хандлага бас дагаж буй. Тэгвэл “Бүс ба Зам”-ыг дагасан тоо баримтуудаас харахад 2013 – 2018 онд БНХАУ болон Бүс ба зам дагуух улс орнуудын худалдааны нийт эргэлт 6 их наяд ам.доллараас давж, холбогдох орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум гаруй ам.доллар давжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг багадаа 0.1 хувиар нэмэгдүүлжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хамарсан “6 коридор, 6 зам, Олон улс олон боомт ” гэдэг олон улсын хамтын ажиллагаа тасралгүй гүнзгийрч, Хятад-Европын буухиа галт тэрэг, “Олон улсын эх газар-далайн тээврийн шинэ хонгил” зэрэг бүтээн байгуулалтууд тодорхой үр дүнд хүрсэн байна. “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаа тухайн улс орнуудад нийт 240 мянган шинэ ажлын байр, 2 тэрбум ам.долларын татварын орлогыг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Нэг бүс нэг зам” санаачилга нь шинэ эриний урсгалыг дагаж олон улсын хамтын ажиллагаанд шинэ чиглэлийг бий болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр хангаж эдгээр улс орнуудад хөгжлийн шинэ тавцанг байгуулж өгсөн гэж болохоор байна” гэсэн байна лээ.

Тэгвэл манай хойд хөрш ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин “БНХАУ-ын төрийн тэргүүний санаачилсан төсөл амжилттай болно гэдэгт бүрэн итгэлтэй” байгаагаа илэрхийлсэн байдаг бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч “Бүс ба Зам”-ыг дэмжсэн байр суурийг илэрхийлж буй юм. Антониу Маниуэль де Гутерриш хэлэхдээ “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхийн улс орнуудын эдийн засагт үлэмж нөлөөтэйг онцолж буй. Товчхондоо бол энэ санаачилга дэлхийн хэмжээний төсөл болж хүчээ авсныг тодотгоё.

Бидэнтэй хил залгасан хөрш улсын санаачилга ийнхүү дэлхийг хамарч байхад энд байгаа бид уг төслийн үр шимээс хэрхэн яаж хүртэх вэ гэдэг асуулт дагаж таарна. Түүнчлэн уг санаачилгын хүрээнд байгалийн хий дамжуулах хоолойг Монголын газар нутгаар дайруулах уу, төмөр замын дэд бүтцийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэхчлэн эдийн засгийн стратегийн ач холбогдолтой олон төсөл яригдаж буй. Тэгвэл энэ бүхнийг хөрсөн дээр буулгахад, ойлголцлыг нэгтгэх чиглэлд томоохон үүргийг хэвлэл мэдээллийн салбарынхан хүлээх юм. Тиймээс “Бүс ба Зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллага нь ач холбогдол өндөртэй бүтэц гэдгийг хэлэх нь зөв байх.


МОНГОЛ УЛС МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН
УДИРДАХ ЗӨВЛӨЛД БАГТЛАА

“Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын форум дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо болж 25 улс орны хэвлэл мэдээллийн салбарын “акул”-ууд багтсан Удирдах зөвлөл анхны уулзалтаа зохион байгууллаа. Манай улсыг төлөөлж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцсон бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүний хувиар хэлсэн үгэндээ Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах үзэл санааг дэмжих хүрээнд гурван улсын Хэвлэл мэдээллийн форумыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах саналтай байгаагаа танилцууллаа. Энэхүү санаачилгаа тэрбээр 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн IX форумын үеэр анх зарлаж байсан юм. Түүний энэхүү санаачилгыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, МСНЭ-ийн Удирдах зөвлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэлийн алба, ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа. Тэгвэл “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга ч таатай хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна.

Санаачлагч БНХАУ-ын тухайд “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд нэг квоттойгоор хэвлэл мэдээллийн 15 байгууллага нь багтаж буй бол бусад улс орнуудыг төлөөлөх байгууллагуудыг танилцуулъя.

1. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /Монгол/

2. Синьхуа мэдээллийн агентлаг, China Media групп, People’s Daily, Guangming Daily, Economic Daily,China Daily,Science and Technology Daily, Workers’ Daily, China Youth Daily, Хятадын эмэгтэйчүүдийн мэдээ, Farmers’ Daily, Legal Daily, China News Service, China Intercontinental Press (БНХАУ)

3. Российская газета /ОХУ/

4. “La Provence” /Франц/

5. “RNW Media” /Нидерланд/

6. Эмиратын мэдээллийн агентлаг /АНЭУ/

7. “DMG Media” /ИБ/

8. “Казинформ” олон улсын мэдээллийн агентлаг /Казахстан/

9. “Maekyung” медиа групп /БНСУ/

10. “Vientiane Times” /Лаос/

11. “Notimex” /Мексик/

12. “The Financial Express” /Бангладеш/

13. “Democracy Today” сонин /Мьянмар/

14. Этиопын мэдээллийн агентлаг /Этиоп/

15. “Jang Media Group” /Пакистан/

16. “Lusa” мэдээллийн агентлаг /Португал/

17. “Өнөөгийн Беларус” хэвлэлийн газар /Беларус/

18. “EFE” агентлаг /Испани/

19. “Independent Media” /Өмнөд Африк/

20. “Alintibaha Daily” сонин /Судан/

21. “The Guardian” /Танзани/

22. “Al-ahram” сонин /Египет/

23. “The Jakarta Post” /Индонез/

24. Узбекистаны үндэсний мэдээллийн агентлаг /Узбекистан/

25. “Zambia Daily Mail Limited” /Замби/ улсын байгууллагууд Удирдах зөвлөлийг бүрдүүлж байна.

Энд багтсан төлөөллүүдийг харахад хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий агентлагууд байгаа юм. Тэгэхээр манай Монгол Улсын МСНЭ дэлхийн улс орнуудын шилдэг агентлагуудтай ижил түвшинд эрх эдэлж, үүрэг хүлээхээр болсон гэсэн үг.

Дэлхийн хэвлэл мэдээллийн том сүлжээнд Монгол Улс нэгдэн орохдоо жирийн нэг гишүүний статусаар биш шийдвэр гаргах Удирдах зөвлөлийн түвшинд орж ажиллаж байна. Манай тухайд ийнхүү оролцоогоо бусад улс орнуудаас ахисан түвшинд хүргэхэд МСНЭ-ээс ихээхэн хичээл зүтгэл гаргасан нь эндээс ойлгогдож байна.

Тус олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаар ирэх нэг жилийн хугацаанд хийх ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд байна. Энэхүү мэдээллийн сүлжээ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэлэлцүүлэг өрнүүлэх, шинэчлэл, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үр дүнтэй талбар байх болно гэсэн байр суурийг үүсгэн байгуулагчийн зүгээс илэрхийлж байна.

Бүх гишүүдийн хүчин чармайлтын үр дүнд “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллага шинэчлэлийг дэмжиж, хамтдаа хөгжих боломж олгож, урт хугацааны туршид амьд, идэвхтэй хамтын ажиллагааны механизм байхаар төлөвлөж байгаа аж. “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын 2019-2020 хүртэлх ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Торгоны зам” олон улсын мэдээний шагнал бий болгож сонгон шалгаруулалтаа эхлүүлээд байна. Мөн түүнчлэн өдөр тутмын үйл ажиллагааг хангах зорилгоор сан бий болгохоор зорьж буй аж. “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллага нь орчин үеийн тоног төхөөрөмжид зориулан цахим платформ хөгжүүлэх аж.

Эдгээр асуудлууд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтын хүрээнд яригдаж буй гэдгийг тодотгоё. Тэрчлэн манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж, 26-28-ны өдрүүдэд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцож, орон нутагт зочлох юм. Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалын дараагаар үргэлжлүүлэн оролцох “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтын арга хэмжээнд 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан билээ. Энэ онд Монгол-Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй.

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны төрийн айлчлалын хүрээнд хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаарх асуудлыг хөндөн ярилцана.

Ерөн­хий­лөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. 30 орчим орны төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагууд оролцох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэхээр төлөвлөгөөтэй Бээжинд очоод байна. Тэгэхээр манай улсын төрийн тэргүүний анхны төрийн айлчлалын хүрээнд яригдах, шийдвэрлэгдэх хүлээлттэй байгаа олон асуудлуудыг угтан дэлхийн 82 улс орныг хамарсан хэвлэл мэдээллийн томоохон сүлжээний Удирдах зөвлөлд Монгол Улсаа төлөөлөн МСНЭ багтаж орлоо.

Цаашлаад “Бүс ба Зам” санаачилгаас манай улс үр ашиг хүртэхэд чиглэсэн үйл ажиллагаануудад Монголын хэвлэл мэдээллийн салбар өндөр оролцоотой байх үүд хаалга нээгдээд байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн.

Уг саналыг байнгын хороогоор хэлэлцэн дэмжин, өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Чуулганд 43 гишүүн оролцсоноос 55.8 хувийн саналаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн юм.

Ерөнхийлөгч Б.Дэлгэрмааг “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэсэн үндэслэлээр эгүүлэн татах санал хүргүүлсэн.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар гишүүдийн 55.8 хувь дэмжсэнээр Б.Дэлгэрмааг Ерөнхийлөгчийн гаргасан үндэслэлээр Элчин сайдаас эгүүлэн татахыг дэмжлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батжаргал: Зээлийн хүүг хууль баталж хүчээр буулгавал зээл хумигдаж, эдийн засаг агшина

Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргалтай ярилцлаа.


-Зээлийн хүүг хүчээр бууруулах агуулгатай хуулийн төсөл яригдаж байна. Зээлийн хүүг арилжааны банкууд хүчээр барьсаар ирсэн гэх шүүмжлэл дуулддаг. Үнэхээр тэгээд байна уу, эсвэл өөр шалтгаан бий юу?

-Зээлийн хүү гэж юу болохоо мэдэхгүй байна л даа. Банкууд зээлийн хүү тогтоодог юм шиг яриад байгаа. Ер нь зээлийн хүү өндөр гэдэг нь үнэн. Гэхдээ шууд хууль тогтоомж, захиргаадлын аргаар бууруулах нь буруу. Учир нь бид чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс. Зээлийн хүү бол монгол төгрөгийн үнэ цэнэ. Зээлийн хүүг бүрдүүлж буй олон хүчин зүйлээс алинд нь зохих арга хэмжээ авбал хүү буурах вэ гэдгээ л олох ёстой. Хүүнд хамгийн том нөлөө үзүүлдэг нь хадгаламжийн хүү. Банкуудын иргэдээс татаж байгаа эх үүсвэр дунджаар 13-14 хувийн хүүтэй. Тэгэхээр зээлийг үүнээс дээгүүр хүүтэй олгох шаардлагатай гэсэн үг. Банкны хувьд ажилчдын цалингаас эхлээд үйл ажиллагааны зардал гэж бий. Банкуудын зардлаас гадна зээлийн эрсдэлийг шингээдэг. Энэ бүхний эцэст зээлийн хүү тогтдог юм.

-Зээлийн хүүнд хамгийн том нөлөө үзүүлж байгаа хадгаламжийн хүүг бууруулахын тулд яах ёстой вэ?

-Хадгаламжийн хүүнд гадаад валютын ханш, инфляци гэдэг хоёр том хүчин зүйл нөлөөлдөг. Инфляци 7.5 хувьтай байна. Инфляцийн хувь ийм байхад мөнгөний бодлогын болон хадгаламжийн хүү үүнээс өндөр тогтох шаардлагатай. Тэгэхээр дараагийн асуудал инфляци болчихож байна. Инфляцийг нам дор түвшинд барихын тулд яах ёстой вэ гэдэгт анхаарах шаардлага үүснэ гэсэн үг. Тэгэхээр инфляцид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг эргэж харах шаардлага гарч ирч байна. Мэдээж инфляцид гадаад валютын ханш багтана. Манай улс нефтийн хэрэглээгээ бараг тэр чигт нь ОХУ-аас импортолдог. Тооцоог нь валютаар хийдэг.

-Инфляцид гадаад валютын ханш, тэр дундаа нефтийн үнэ нөлөөлдөг гэхээр хадгаламжийн хүүг бууруулах амаргүй юм биш үү?

-Шатахууны хувьд өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас гаднаас импортлохоос аргагүй. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байвал мэдээж хэцүү. Долларыг ч бид үйлдвэрлэдэггүй. Бүтээгдэхүүн экспортлох юм уу, гадаадын хөрөнгө оруулалт татаж байж л ам.доллар олдог. Доллар орж ирдэг хоёрхон том урсгалтай гэсэн үг. Тэгэхээр эдийн засагтаа маш том бодлогын өөрчлөлт хийж байж зээлийн хүүг өөрчилнө.

-Хууль гаргаад зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж ойлголоо…?

-Хууль тогтоомжийн аргаар өөрчлөх боломжгүй.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өснө гэсэн таамаг голлож байна. Нефтийн үнэ өсөхөөр өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөөр инфляци цойлно. Ийм нөхцөлд зээлийн хүүг хууль гаргаж хүчээр буулгах арга хэмжээ авбал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Нефтийн ханш дагасан өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт инфляцийг өсгөчихөөр бодлогын хүү нэмэгдэхээс аргагүйд хүрнэ. Бодлогын хүү өндөр тохиолдолд хадгаламжийн болон зээлийн хүү дагаж өсөхөөс аргагүй. Салгаж ойлгож болохгүй уялдаатай зүйл. Энэ мэт эдийн засагт үүсч байгаа олон арга механизмыг араа шүд болгоноор нь ярихгүй бол болохгүй. Зээлийн хүүг тусад нь тасдаж авч ярьж, шийдэх боломж угаасаа байхгүй. Хар ухаанаар бол эргэж байгаа хүрдийг шууд зогсоох арга хэмжээ авах гээд байна л даа. Хэрвээ зээлийн хүүг хүчээр буулгавал иргэдэд олгох, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд очих зээлийн хүртээмж эрс багасна. Одоо яригдаж буй хуулиар банк бус санхүүгийн байгууллагад ч бас хүүг нь тогтоож өгч байгаа. Банк санхүүгийн байгууллагын зээлийн жигнэсэн дундаж хүү 30-40 хувь. Сарын 2.5-3 хувийн хүүтэй гэсэн үг. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг 24 хувь дээр барина гэсэн заалт хуулийн төсөлд туссан юм билээ. Банкуудын эх үүсвэрийн хүрээ хязгаарлагдмал. Зөвхөн дотоодын иргэдийн хуримтлал дээр тогтдог. Манай улс зах зээлд шилжээд 30 жил л болж байна. Эдийн засгаа тэтгэхээр хангалттай хуримтлал хурааж амжаагүй яваа. Мөнгө хомсдолтой ийм цагт зээлийн хязгаарлалтад орвол хэцүү. Банкууд урт хугацаанд харилцсан, найдвартай хүмүүстээ л зээл олгож эхэлнэ. Шинээр бизнес эрхэлж байгаа ч юм уу, эсвэл тодорхой эрсдэлтэй байж мэдэх бизнес эрхлэгчдэд зээл олгох бололцоо шууд хумигдах эрсдэлтэй.

-Шинэ болон тодорхой эрсдэлтэй бизнес эрхлэгчдэд зээл олгохоо болиод эхлэхээр эдийн засаг хумигдах эрсдэлд орох нь ээ?

-Тэгнэ. Эдийн засгийг хүний биеэр төсөөлбөл зээл бол судсаар гүйж буй цус. Биеийн аль нэг хэсэгт тодорхой хэмжээний тасалдал үүсвэл эрхтэн систем гэмтэж эхэлнэ. Яг тэрэнтэй адил процесс эдийн засагт үүснэ. Мөнгө хэрэгтэй байгаа хувь хүмүүс, жижиг дунд аж ахуйн нэгжүүд мөнгөний эрэлд гарна. Эрсдэлтэй гээд зээл авч чадахгүйд хүрэх бизнес эрхлэгчид элгээ эвхээд суухгүй нь тодорхой. Зээл авч чадахгүй аж ахуйн нэгж, иргэд ломбард ч юм уу, өндөр хүүгээр зээл олгодог хүмүүст хандаж эхэлнэ. Банкнаас бусад зээлдэгчдэд хандаж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл зохицуулалтгүй санхүүгийн хэрэгсэл рүү мөнгө урсах эрсдэл үүснэ. Ингэснээр иргэд хүүний дарамтад орно. Ингээд зогсохгүй бизнесийн төслүүд ч ийм дарамтад орох нь тодорхой.

-Хуримтлал байхгүй учраас зээлийн хэрэгцээ өндөр байдаг гэсэн гарцаагүй шалтгаан ч бий шүү. Ингэхэд зээлдэгч, хадгаламж эзэмшигчийн харьцаа хэр зөрүүтэй байдаг вэ?

-Зээлдэгчдийн тоо хадгаламж эзэмшигчдийнхээс хоёр, гурав дахин өндөр. Зээлийн хүүг энгийнээр хэлбэл бүтээгдэхүүний үнэ шүү дээ. Эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг гэсэн үг. Гэтэл өнөөдөр нийлүүлэлт буюу хуримтлал нь бага байна. Харин эрэлт буюу зээлийн хэрэгцээ асар их байна. Хуримтлал буюу нөөц нь бага учраас үнэ нь өсөөд байгаа хэрэг.

-Хуримтлалыг нэмэхийн тулд яах ёстой вэ?

-Хуримтлалыг өсгөх нь төрийн ажил. Иргэдийнхээ цалин орлогыг нэмэх талд анхаарсан бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр иргэдийн авч буй цалин хэрэглээндээ хүрэхтэй үгүйтэй байна. Хөгжилтэй улсуудын иргэдийн хувьд олсон мөнгөнийхөө илүү гарсаныг хуримтлуулдаг. Иргэдийнх нь хуримтлал өндөр учраас зээлийн хүү нь бага байгаа юм. Өмнө нь хуримтлалыг дэмждэг төрийн бодлого байсан. Хадгаламжийн хүүний орлогыг татвараас чөлөөлдөг байсан бол өнөөдөр хадгаламжийн хүүнээс арван хувийн татвар авч байгаа. Татвар аваад эхлэхээр хуримтлуулах сонирхол багасчихсан тал бий.

-Төгрөгийн зээлийн хүүнд гадаад валютын ханш ямар хамаатай юм бэ гэсэн шүүмжлэл дуулддаг. Үүнд тайлбар хэлээч?

-2016 оны сүүлээр төгрөгийн ханш огцом суларч, доллар огцом чангарсан. Энэ үед ханшийг хязгаарлах нэг арга хэмжээг Монголбанкнаас авсан юм. 10.5 хувь байсан бодлогын хүүг шууд 15 хувь болгож огцом өсгөсөн. Хүүнд гадаад валютын ханш нөлөөлдгийг харуулсан хамгийн бодитой жишээ л дээ. Ам.долларын ханш өсөнгүүт хүмүүс төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж эхэлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд төгрөгийн өгөөжийг шууд 15 хувь болгож өсгөсөн гэсэн үг. Зах зээл дээр хиймэл эрэлт үүсч, долларын хэрэгцээ шаардлагагүй хүмүүс гадаад валют худалдаж аваад эхлэхээр ханшийн зохиомол хөөсрөлт үүсдэг. Энэ тохиолдолд яаралтай арга хэмжээ авах ганц арга нь бодлогын хүүг өсгөх. Товчхондоо гадаад валютын ханш цаад утгаараа зээлийн хүүтэй шууд холбоотой.

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг санаачлагчид бусад улсад хэрэглэдэг жишиг гэсэн тайлбар хэлээд яваа нь ямар учиртай юм бол?

-Бусад улсад ашигладаг нь үнэн. Гэхдээ яаж хэрэглэж байна вэ гэдгийг нь нарийвчилж харах ёстой. Яг нарийндаа манай улсад ч тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа. Хамгийн энгийн жишээ нь найман хувийн ипотекийн зээл. Энэ хүүг банкууд тогтоогоогүй. Улс даяар хэрэгжиж буй Монголбанкны оролцоотой хөтөлбөр. 2013 оноос хойш хэрэгжсэн энэ зээлийн хүртээмж өнөөдөр багасчихсан. Найман хувиар олгох хангалттай хэмжээний хямд санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас хумигдсан юм. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж буйтай холбоотойгоор Монголбанкийг төсвийн гадуур хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж шүүмжилж байгаа. Ийм шалтгаанаар импотекийг Засгийн газарт шилжүүлж байх жишээний. Засгийн газарт энэ зээлийг санхүүжүүлэх хангалттай эх үүсвэр байхгүй. Өөрөөр хэлбэл ашиглалтад орж буй орон сууцнуудыг бүгдийг нь найман хувийн эх үүсвэрт хамруулах боломж Засгийн газарт өнөөхөндөө лав алга. Зээлийн хүүг хязгаарласан энэ хөтөлбөрийг эргээд харахаар ийм л дүр зураг ажиглагдаж байна. Ямар ч зээл эргээд заавал эх үүсвэртэйгээ уялддагийн тод жишээ бол найман хувийн ипотек. Хямд эх үүсвэр олох ч юм уу, валют орж ирдэг тогтмол урсгалтай болсон цагт зээлийн хүү хүссэн хүсээгүй буурна. Заавал хууль батлах шаардлагагүйгээр, банкууд зээлийн хүүгээ буулгаж эхэлнэ. Бүр тодруулж хэлбэл зах зээлийнхээ жамаар зээлийн хүү буурна.

-Зээлийн хүү зах зээлийнхээ жамаар буурсан тохиолдол байна уу?

-Байгаа. Тоо баримттай жишээ дурдъя. 2017 оны үед арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20 хувь байсан. 2019 оны гуравдугаар сарын байдлаар 17.1 хувь байна. Бараг гурван хувиар буурчихсан. Буурч байгаа шалтгаан нь тодорхой. Сүүлийн хоёр жилд экспортод гаргаж буй нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өндөр байлаа. Зэсийн үнэ ч ялгаагүй тэгтлээ буурсангүй. Долларын урсгал энэ мэтээр нэмэгдэж, эдийн засагт тодорхой хэмжээний сэргэлт ажиглагдангуут 20 хувьтай байсан зээлийн хүүгээ банкууд 17 хувь руу оруулсан. Тэгэхээр зээлийн хүү буурна гэдэг ямар нэг банк ч юм уу, хэн нэг улстөрчөөс хамаардаггүй процесс.

Улс төрийн болон эдийн засгийн маш тогтвортой бодлого хэрэгжүүлэхгүй бол инфляци, гадаад валютын ханш, хадгаламжийн хүүний асуудал эерэгээр шийдэгдэхгүй. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжил хангалттай түвшинд хүрээгүй яваа. Энэ бүгдийг багцлаад харахаар өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлсэн бодлого төдийлөн үр дүн өгч чадахгүй байна. Нэг Засгийн газар гарч ирээд бодлого хэрэгжүүлж эхэлдэг. Дараагийн Засгийн газар өнөө бодлогыг нь үгүйсгээд өөр бодлого ярьдаг. Энэ мэт бие биенээ үгүйсгэсэн тогтворгүй байдал гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдыг ч тодорхойгүй байдалд оруулж байна. Үүний үр дагавар нь зээлийн хүүн дээр гарч байгаа. Тэгэхээр зээлийн хүү, гадаад валютын ханшийг өнөөгийн эдийн засгийн байгаа байдал гээд ойлгочихож болно. Өөрөөр хэлбэл зээлийн хүү, гадаад валютын ханш бол эдийн засгийн индикатор.

-Улстөрчдийн төдийгөөс өдий хүртэл явуулж ирсэн бодлогын буруугаас болж зээлийн хүү буурах боломж бүрдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ер нь тийм. Өөрсдийнх нь хэрэгжүүлж ирсэн бодлогын алдаанаас үүдсэн асуудал. Бодит шалтгаан ийм байхад бусдаас буруу хайж, эрх мэдлээ ашиглаж хуулийн аргаар зээлийн хүүг шууд шийдэж болохгүй л дээ.

-УИХ дээр яригдаж буй хуулийн төсөлд банкны салбарынхны санаа оноог хэр сонссон бол. Банкныхан санал, хүсэлтээ өгсөн үү?

-Хуулийн төсөл өргөн баригдахад Монголбанкнаас ч санаа оноо өгч хандсан. Арилжааны банкууд ч холбоогоороо дамжуулж удаа дараа санал хүсэлтээ хүргүүлсэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Банкууд хүү бууруулахыг эсэргүүцээд байгаа юм биш. Бууруулах ёстой гэдэгтэй санал нийлж байна. Зээлийн хүүний хэмжээнд хуулиар шууд хориг тавьж буй арга механизм нь буруу гээд байгаа юм.

-Сүүлийн асуулт. Хууль эрх зүйн орчны хүрээнд зээлийн хүүг бууруулах өөр ямар арга байж болох вэ?

-Олон гарц бий. Банкууд иргэд, аж ахуйн нэгжийг зээлээ төлөхгүй байна гээд шүүхэд ханддаг. Энэ тохиолдолд зээл авсан тал тав хүртэлх жил шүүхдэлцэх эрх зүйн орчин өнөөдөр үйлчилж байгаа. Хууль эрх зүйн энэ орчин зээлийн хүүг өсгөөд байна. Шүүх дээр очсоноос хойш нэг жилийн дотор бүх процесс дуусдаг болчихвол байдал өөрөөр эргэнэ.


Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайн урдах газрыг гурав хоногийн дотор чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ.

Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.

Тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын А/364 дүгээр захирамжаар хүчингүй болгосон юм.

Мэдэгдэлд гурав хоногийн дотор тус газрыг чөлөөлөхийг онцолсон байна.

Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулах аж.

МЭДЭГДЭЛ:

Categories
мэдээ нийгэм

“Өсвөрийн геологич” Геологи-Газарзүйн улсын олимпиадыг анх удаа зохион байгууллаа

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, ШУТИС хамтран 04 дүгээр сарын 24-ний өдөр “Өсвөрийн геологич” геологи-газарзүйн улсын олимпиадыг анх удаа зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явуулсан тус олимпидад Радуга, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ахлах сургууль, Коосен, 6 дугаар сургууль, 33 дугаар сургууль, 23 дугаар сургууль, 28 дугаар сургууль, 142 дугаар сургуулийн ахлах ангийн 10 багийн 50 сурагчид амжилттай оролцов.

Геологи-газарзүйн улсын олимпиадыг геологи, эрдэс баялгийн салбарыг олон нийтэд сурталчилан таниулах, ирээдүй хойч үеэ бэлтгэх, ОХУ-ын Новосибирск хотноо зохион байгуулагдах Бүх Оросын өсвөрийн геологчдын олимпиадад оролцуулах сурагчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохиосн юм.

“Өсвөрийн геологич” олимпиадад багийн нийлбэр дүнгээр:

I байр – Б.Бат-Ундрал ахлагчтай “Радуга” сургуулийн баг,

II байр – Ц.Ганбаяр ахлагчтай ШУТИС-ийн Коосен сургуулийн баг,

II байр – П.Анужин ахлагчтай 23 дугаар сургуулийн баг,

III байр – Б.Тэмүүлэнгоо ахлагчтай “Радуга” сургуулийн баг,

III байр – 142 дугаар сургуулийн баг хамт олон тус тус шалгарлаа.

Олимпиадад оролцсон сурагчдаас 20 сурагчдыг сонгон Архангай аймагт болох хээрийн дадлага, сургуулилтад хамруулж, улмаар шалгарсан 10 сурагчдыг ОХУ-ын Новосибирск хотноо 2019 оны 7 дугаар сард зохион байгуулагдах Бүх Оросын өсвөрийн геологчдын олимпиадад оролцуулна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Усны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах төслийг баталж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах Түр хороо байгуулж, Элчин сайд эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг үдээс хойшхи хуралдаандаа цагтаа ирэхийг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага сургуулийг ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Өвөр гүнтийн зуслан”, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Тусгаар тогтнолын“ талбайд, Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол наадам” цогцолбор, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Номин” ХХК-ийн агуулахын талбайд, Сүхбаатар дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Янзага” зуслан, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Централ таур”-ын урд талбайд, Хан-Уул дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Морин тойруулгын талбай”, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Гэгээнтэн интертайнмент” үйлчилгээний төвийн талбайд тус тус зохион байгуулж байна.

Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй гэр, майхан, 100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Уг хуулийн дагуу 2017, 2018 онд нийт 54 хэрэгт ял хүндрүүлж шийджээ. Үүнийг болиулах ёстойг салбарын сайд Ц.Нямдорж анхааруулж байв. Тодруулбал, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх эрхийг 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилжээ. Ял оногдуулах асуудлыг зохицуулсан процессын хуулийг буцаан хэрэглэдэггүй зарчимтай. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ялыг тохируулж, өөрчлөх оногдуулах эрхийг давж заалдах хяналтын шатны шүүхэд олгосон. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд, ял оногдуулах асуудлаар аргачлал, журам боловсруулж мөрдүүлэхийг Улсын Дээд шүүхэд зөвлөсөн Улсын Их Хурлын тогтоол гарч байжээ. Хяналтын шатны шүүх хяналтын журмаар шийдвэрлэж байгаа хэрэг дээр ял тохирсон эсэх асуудал дээр дүгнэлт хийж, дээр дурдсан 54 хэрэг дээр ялын тохируулга хийсэн гэдгийг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Турк Улсын Эрүүл мэндийн сайдтай албаны уулзалт хийв

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид нийт 2000 орчим төлөөлөгчид оролцож байна. Хурлыг нээж БНТУ-ын Тэргүүн хатагтай Эмине Эрдоган, Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча, ДЭМБ-ын Европын бүсийн төлөөлөл болон бусад өндөр түвшний хүмүүс үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тус хурлын зорилго уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгож, эрүүл мэндийн үйлчилгээний шатлал бүрт тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зам, боломжуудыг хэлэлцэх, зонхилон тохиолдох архаг өвчнийг уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээнд тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудыг хэлэлцэж, харилцан санал солилцох явдал юм.

Мөн ДЭМБ-ын Уламжлалт анагаах ухааны 2014-2023 оны стратегийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэл, үйл ажиллагаа, сайн туршлага, судалгааны үр дүнгийн мэдээлэл солилцох, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлууд, түүнд чиглэсэн хөтөлбөр, стратегийн чиглэлийг хэлэлцэнэ.

Мөн хуралд оролцох үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Турк Улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд болон Истанбул дахь Ерөнхий консулын газрын төлөөлөл байлцлаа.

Уулзалтын эхэнд сайд Фахреттин Коча хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНТУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу хөгжиж ирснийг танилцуулж, цаашид хоёр улсын ЭМЯ-д хоорондын ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний олон улсын хурлыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, хоёр улсын ЭМЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахыг дэмжиж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ цаашид 5000 гаруй жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагаас харилцан суралцах, эмч мэргэжилтэн солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг хэллээ. Уулзалтын явцад Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын анагаах ухааны их сургуулиуд хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах, эм эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд Фахреттин Коча-г өөрийн тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаар уулзалт өндөрлөв. Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний хурал 4 өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

41 байршилд явган хүний зам гаргалаа

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө.