Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас орж ирсэн түймэрт 600 га талбай өртжээ

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ. Түймрийн тархалтыг хиймэл дагуулаар баталгаажуулсан байна.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатжээ.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Монгол улсаас ой хээрийн түймэр хил даван ОХУ-ын нутаг дэвсгэрт орсон” тухай мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайд хүүхдийн эмнэлгийн шав тавилаа

Арвайхээрт 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Өвөрхангай аймгийн нийт хүн амын 33.4 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг бөгөөд аймгийн БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай , Баянхонгор, Өвөрхангай аймаг, Булган аймгийн Рашаант сумын харъяат 20 орчим мянган хүүхэд үзүүлж, 2400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.

БОЭТ-ийн Хүүхдийн тасгийг анх 1956 онд 15 ортойгоор байгуулж, 1977, 1981 онд өргөтгөж байсан ч өдгөө ханиад томууны үед тус тасгийн 40 орыг 100 хүртэл нэмэгдүүлж, эмч сувилагчид багагүй ачаалалтай ажилладаг юм. Уг байдлыг УИХ-ын гишүүдэд уламжилсаны дагуу УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Чинзориг нарын дэмжлэгтэйгээр улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн өртгөөр энэхүү том бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Барилгын ажлыг “Хангамж-Өргөө” ХХК гүйцэтгэх ба энэ оны 11 дүгээр сард багтаан дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөө мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэм хакатон-2019” тэмцээн болно

Ирэх тавдугаар сарын эхээр болох “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, ШУА болон “Стартап Монгол” төрийн бус байгууллага хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “Эрдэм хакатон 2019” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Ирэх тавдугаар сарын 3-наас 10-ны хооронд зохион байгуулах энэхүү тэмцээн “Эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд явагдах ажээ. Тэмцээнд оролцогчид нь патент, ашигтай загвар, барааны тэмдэг эзэмшдэг эсхүл гэрээгээр эзэмших эрхтэй, Оюуны өмчийн газарт мэдүүлгээ гаргасан их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, энтрепренёр хувь хүн байх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Цэц цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоотой болж байна

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.Үүнтэй холбогдуулан төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн байранд боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд мөн БНСУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Жон Жэ Нам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /КОЙКА/ Монгол Улс дахь суурин төлөөлөгч хадагтай Жу Хэн Нан болон албаны бусад хүмүүс оролцов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах замаар Үндсэн хуулийн цэцийг цахим шүүх болгож, иргэний үндсэн эрхийн хяналт, баталгааг сайжруулах, Цэцийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд төслийн гол зорилго оршиж байв. Мэдээллийн технологийн орчин үеийн ололтуудыг ашиглан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, Цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд хэрэглэгдэх программ болон техник хангамжийн нэгдсэн системийг нэвтрүүлэн, архивын цахим сантай болж байна” гэдгийг онцлон тэмдэглэв. Элчин сайд Жон Жэ Нам төслийн үр дүн, ач холбогдлыг үнэлж хэлэхдээ, “Өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ төслийн хүрээнд цахим систем суурилуулах, тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах зэрэг ажлууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнтэй боллоо. Энэхүү төслөөр дамжуулан Монгол Улсад ардчилал, хуульт ёс бэхжиж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг чадавхи нь улам батжина гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Арга хэмжээний үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон төслийг хэрэгжүүлсэн консорциумын төлөөлөчид иж бүрэн тоноглогдсон зориулалтын серверийн өрөө, орчин үеийн дуу дүрсний дэвшилтэд тоног төхөөрөмж бүхий “Цахим хуралдааны танхим”, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны систем”, “Цахим хуудас” зэрэг мэдээлэл технологийн сүүлийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор хүлээлгэн өглөө гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга найман баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Ардын Их Хурлын ордонд хүлээн авах ёслол боллоо. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Тодруулбал, МУ-ын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар “Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөө”, “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай МУ-ын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө”, “Монгол, Хятадын Үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай ГЕГ хоорондын тохиролцоо”, “Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай МУ-ын ЗТХЯ, БНХАУ-ын ЗТЯ хоорондын протокол”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн Газар хоорондын хэлэлцээр”, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал” зэрэг найман баримт бичигт холбогдох албаны хүмүүс тус тус гарын үсэг зурав.

Categories
гадаад мэдээ

Америкийн эрдэмтэд бодол уншдаг төхөөрөмж зохион бүтээж байна

Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүний бодлыг тайлж уншдаг нэг төрлийн имплантан төхөөрөмж бүтээх туршилт хийж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Уг төхөөрөмж нь хоёр янзын үе шаттайгаар ажилладаг бөгөөд эхний шатанд электрод дамжуулагч тусгай шугамнуудын тусламжтайгаар хүний эрүү, ам, уруулын хөдөлгөөнийг цахилгаан давтамж бүхий долгион болгож тархинаас компьютерийн дэлгэц рүү хувиргаж харах боломжтой аж. Харин хоёр дахь шат нь хиймэл оюун ухааны тусламжтай хүчирхэг компьютер уг электрон дохионуудыг тайлж унших замаар тухайн хүний бодлыг сонсгох гэнэ. Ингэхдээ хүний толгойн дотроо бодож буй бодлуудыг үг нэг бүрээр нь зөөж тавин компьютерээрээ сонсох бүрэн боломжтой болно хэмээн “Nature” сэтгүүлд бичжээ.

Гэхдээ хүний толгойн доторх бодлыг унших нь хууль зөрчөөд зогсохгүй хүний ёсноос гадуур үйлдэл болно гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэд үзэж буйгаа онцолсон бөгөөд “Бид энэ төхөөрөмжөө зөвхөн хүнд өвчний улмаас толгойндоо гэмтэл авч, ярьж чадахаа байсан хүмүүсийг үх хэлж сургах зорилгоор ашиглах болно. Ямар нэгэн буруу санаагаар ашиглахгүй” хэмээн баталсан байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Хятадууд монгол жолооч нарыг зодож, дарамталж байна гэв

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын улс хооронд зорчигч болон ачаа тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус сумын иргэд, жолооч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Замын-Үүд суманд 19 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд 70 гаруй хувь нь тээврийн үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байна. Гэвч тэдний хил дээр ажиллах нөхцөл маш хүнд хэцүү болжээ. Тухайлбал, Хятадын боомтын талаас монгол жолооч нарт дарамт шахалт үзүүлж, татвар татаас авч, зодож дарамтлахаас гадна, бичиг баримтыг нь дур зоргоороо хурааж авах нь энгийн үзэгдэл болсон гэв. Эрээнд чөлөөт бүс гэх нэгэн хашаа руу жолооч нарыг оруулж нэг машинаас 350-500 юань авдаг. Улмаар жолооч нарын хил нэвтрэх эрхийг дураараа хасч, боомилох, хөөж туух нь ч ихэссэн гэдгийг онцоллоо. Гэхдээ зохицуулалтаараа 4-5 хүний суудалтай автомашинаар л хил нэвтрэх эрхтэй бөгөөд УАЗ-469 машинаар л хил нэвтрэх боломжтой аж. Гэвч энэ асуудалд Монголын талаас нэг удаа ч анхаарал хандуулж, эрх нь зөрчигдөж байгаа иргэд, жолооч нараа хамгаалах арга хэмжээ авдаггүй гэж байлаа. Харин ч нэмж сүрдүүлж, шахаж хавчдаг байна. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалахыг төр засгийн удирдлагуудаас тэд хүсч байгаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардал 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Энэ удаагийн сонгуульд нийт 287.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн байна.

Нөхөн сонгууль 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэг гарчээ

Хамтран амьдрагчаа заналхийлж, амь насанд нь хүрсэн байж болзошгүй хэрэг өнгөрөгч долоо хоногт Төв аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн Батсүмбэр суманд Хүйн голын эрэг орчмоос гаднын нөлөөтэй нас барсан 35-40 орчим насны эмэгтэй хүний цогцос олдсон байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй нүүр гар, уруул хэсэгт цус хуралттай байсан гэнэ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн сурагчдыг тавдугаар сард бүртгэж эхэлнэ

Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Одоогоор нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх буюу хамран сургах тойргийн асуудлыг судалж буй талаар тус газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан хэллээ.

Тэрбээр “Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Өнгөрсөн жил нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулж, 34 мянга 692 сурагч нэгдүгээр ангид элсэн суралцсан. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг эрт эхлэхээр зорьж байна. Ингэснээр тухайн сургууль багшлах боловсон хүчин, анги танхим, сандал ширээгээ бэлтгэх боломжтой болох юм. Энэ жилийн жилд 2019-2020 онд нийт 38 мянга 262 хүүхэд нэгдүгээр ангид элссэн. Тиймээс энэ жил дөрвөн мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид нэмж элсүүлж байна. Сургуульд элсэх бүртгэлийг цахим болгохоор ажлын хэсэг ярилцаж, туршилтаар нэг сургуульд элсэлтийг зохион байгуулахаар яригдаж байгаа.Ерөнхийдөө, нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг зохион байгуулах шийдвэр тавдугаар сарын эхээр гарна” гэсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны А/200 тушаалд “Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд зургаан нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглосугай” гэж тусгажээ. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд зөвхөн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг элсүүлэхээр болж байгааг албаныхан хэлж байна.