Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав

БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтлаа. Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав. Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийхээр Ардын Их Хурлын ордныг зорилоо.



Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаяраас айж, Хэнтийн сонгуулийг дахин хойшлуулах МАН-ын нууц хөзөр “бандааш” Гантулга уу

Өнгөрсөн хоёрдугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт буюу Хэнтийд нөхөн сонгох сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох болон зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслүүдийг баталсан. Ингэхдээ нөхөн сонгуулийг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтоосон байв. Гэтэл Сонгуулийн тухай хууль төрийн албан хаагчийг нэр дэвших эрхгүй болгожээ гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хэсэг бүлэг хүмүүс хандаж товлосон хугацааг хойшлуулсан. Сонгуулийн тухай хуулийн 26.6-д Төрийн албан хаагч, албан тушаалтан нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гээд хуульчилсан нь сонгох, сонгогдох эрхэнд халдсан гэдэг шалтаг олсон хэрэг. Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзэж 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн өдөр 2019 оны зургадугаар сард явагдахаар болж хойшилсон. Тэгвэл МАН-ынхан энэ нөхөн сонгуулийн өдрийг дахин хойшлуулах дараагийн арга нэгэнт олж, хэрэгжүүлэх гэж яваа гэсэн “бор шувуу” нисэх боллоо.

Хэнтийн нөхөн сонгууль нь 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлж, хэн ялах магадлалтай байгааг шалгах сорилт хэмээн нэрлэхэд нэг гэж улс төр судлаачид үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил төрийн жолоог атгасан МАН энэ тойрогтоо ялагдвал ПР-ийн хувьд том уналт, харин ялалт нь АН-ийн хувьд том цохилт болно гэсэн үг. Тиймээс ч Хэнтийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 мянган сонгогчийн саналын төлөө хоёр том намын сонгуулийн машин ажиллаж байгаа. Гэхдээ үнэмлэхгүй олонх болж, засгийн эрхийг тэр чигт нь атгасан МАН намын хувьд “халиуны зулзага” цойлж гарч ирж магадгүй гэсэн хар сөрөг хүчнээсээ айх айдсаас илүү байгаа бололтой. Тухайлбал, нөхөн сонгуулийн марафонд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аас уралдах нь тодорхой болсон. МАХН-ынхан ч аль хэдийнээ “Хэнтий нутгийн ард иргэд Н.Энхбаяр даргыг Хэнтийгээр овоглодог хүн гэж үздэг” хэмээн тунхаглаад буй. Өрсөлдөөнд ялна гэдэгтээ нэлээд итгэлтэй байгаа бололтой. Үнэхээр ч Хэнтийд экс ерөнхийлөгчийг зогсоох хүч байхгүй байгаа гэнэ. Сонгуулийн ажлаа ч сайн хийж, иргэн бүртэй “нүүр тулж” яваа сураг байна. “Намбер ван” маань баривчлагдаж шоронд суусныхаа дараа нэлээдгүй шуугиан тарьж, өлсгөлөн зарлаж, төрийн ажилтнуудад салаавчаа гарган танхайрч элдвээр хараан зүхэж байгаа бичлэг нь хүртэл цацагдсан. Хуучин намын нөхөд нь үүгээр зогсохгүй 2016, 2017 оны сонгуулиар “ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэх шалтгаанаар СЕХ нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэж өнөөдөр ч “гомдож яваа”. Түүний хувьд Хэнтийн нөхөн сонгууль улс төрд дахин шургалах сүүлийн боломж нь ч байж мэднэ. Тэгээд ч шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн дагуу нэр дэвших эрх нь нээлттэй болсон.

Хамгаа хаяж байгаа эксийнхээ эсрэг тавих хүн АН, МАН-ынханд олдохгүй, нэлээдгүй “айдас, хүйдэстэй” байх шиг байна. Хамгийн рейтинг өндөртэй намын даргаа тавьчихсан ялагдчихвал яана гэдэг айдас тэднийг нөхөн сонгуулийн дахин хойшлуулах арга саам хайхад түлхэж байх шиг. МАН-ы хувьд У.Хүрэлсүхийг л сойхгүй бол бусад нэр дэвшигчид ямар ч боломж байхгүй болчхоод байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүн биш ч МАН-ын дарга цаашлаад Ерөнхий сайд, шинэчилсэн МАН-ы хамгийн оноо өндөртэй улс төрч учраас гараанд бүдэрчихвэл бүхий л талаараа МАН ялагдана.

Тийм ч учраас аргаа барж байгаа МАН нөхөн сонгуулийг хойшлуулах арга болгож “бандааш” гишүүнээ дахин улс төрийн тоглоомд оруулж ирсэн байж магадгүй гэсэн хардлага төрөөд байна. Тодруулбал, өөрийнхөө хүслээр бүрэн эрхээсээ татгалзсан “бандааш” хочит отгон гишүүнийг энэ сарын 18-ны өдөр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр томилжээ. Ийн томилсон нь өөрийн нэр дэвшиж сонгогдсон тойргийнхоо сонгогчдыг зангидах эсвэл үйлдэл дээрээ нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх нь хууль бус хэмээн аргацааж 2020 оны сонгуульд хүргэх гэсэн хоёр л шалтгаантай гэж учир мэдэх хүмүүс ярих юм. Түүнээс биш нэг бус хүчингийн хэрэгт холбогдсон “бандааш” гишүүн маань заавал одоо намын гал тогоог барьдаг генсекийн зөвлөх болох учир юу вэ. Тэр тийм алдаж болохгүй боловсон хүчин үү. Аль эсвэл Амарбаясгалан дарга маань сонгууль дөхөөд ирэхээр гэнэт энэ зөвлөхгүй “амьдарч” чадахаа болив уу. Намын ПР-ийг тодорхойлдог хүн “бандааш” хочтой хүнээс зөвлөгөө авах болсноо нээлттэй зарласныг бодоход намд Д.Гантулга нэлээд хэрэг болж дээ.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг тус байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмлээ. Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Цогтбаатар нарыг чөлөөлж, тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд Ч.Улаан, Ж.Бат-Эрдэнэ нарыг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Хууль зүйн байнгын хороонд тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүд нүүлгэн шилжүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна

НЗДТГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан бөгөөд нийт 60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед бэлэн эсэхээ шалгав. Өдгөө газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, хотын удирдлагын баг Хан-Уул, Баянгол дүүргийн нүүлгэн шийлжүүлэлтийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүлгэн шилжүүлэх байрыг 24 цагийн дотор босгох боломжтой” хэмээн хэлж байв.

Харин Баянгол дүүргийнхэн “ДЦС-IV”-ийн урд буюу Дүүргийн агропаркийнхаа талбайд иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Тэд нийт 543 хүнийг нүүлгэн шилжүүлж, анхны тусламжаас авахуулаад бүхий л үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Уг дадлага сургуулийн зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед иргэд олон нийт өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, нийслэлийн Онцгой комиссын дэд дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотноо гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг маш олон жилийн дараа хийж байна. Өнөөдрийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй оролцлоо. Гэхдээ иргэд маань болзошгүй гамшигт бэлэн бус байгаа нь ажиглагдаж байна. Гамшгаас хамгаалах сургалт бол иргэдэд тараасан бүртгэлийн цааасан дээр зөвхөн тамга дараад, ажилд нь явуулах, эсвэл гэртээ буцаж харихад зориулагдаагүй гэдгийг ойлгоорой. Гамшиг болсон тохиолдолд бид иргэдэд цуглах талбай дээр эхний ээлжийн үйлчилгээг үзүүлээд дараагийн арга хэмжээг авах зохион байгуулалтад оруулах зорилготой. Харин иргэд олон нийт бүртгэлийн хуудсан дээр тамгаа хурдан дарсангүй гэж бухимдаж байна. Аливаа гамшиг тохиолдсон үед иргэд яарч сандралгүй тайван байж, нэгдсэн зохион байгуулалттайгаар мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөг авах учиртай” хэмээн тайлбарлалаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн арга хэмжээнд иргэд маш идэвхтэй оролцож байна. Бүртгэлийн асуудал дээр л хүндрэл гарлаа. Үүнийг цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээн дээрээ бодолцох ёстой зүйл гэдгийг практикаас харлаа. Газар хөдлөлтийн гамшигтай холбоотой мэдээллийг 111 аюулгүйн талбайд цугласан иргэд, оршин суугчдад хүргэлээ. Одоо бид үргэлжлүүлээд газар хөдлөлтийн гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцаж байна” гэлээ.

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн талбайд иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлжээ. Мөн төрийн бус байгууллагууд, сайн дурынхан ирж иргэдэд шуурдлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байлаа. Ингээд сургуулийн удирдагч болон хотын удирдлагууд хээрийн эмнэлэг, аврах ажиллагааны дадлага сургуулийг үзэж, танилцахаар цааш хөдөлсөн юм. Мөн үдээс хойш Танхимын команд штабын дадлага сургуулиар өнөөдрийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
гадаад мэдээ

27 жилийн дараа ухаан орсон эмэгтэй анагаахынхныг гайхшруулав

1991 онд автын осолд орж ухаангүй 27 жил болсон Мухира Абдулла хэмээх эмэгтэй саяхан гэнэт мэдээ орж, сэргэсэн нь дэлхийн анагаах ухаанд шинэ үзэгдэл болоод байна.

Тухайн үед Мухира автобусаар явж байсан бөгөөд осол болох үеэр толгойдоо хүчтэй гэмтэл авчээ. Эмч нар түүний ослоос хүчтэй доргилт тархиндаа авч команд орсон хэмээн үзэж, дахиж хэзээ ч ухаан орохгүй гэдэг дүгнэлтэд хүрээд байсан юм.

Түүний хүү Омар Вейбар ээжийгээ осолд орох үед дөнгөж таван настай байсан бол одоо 32 настай залуу болжээ. Абдулла ослын үеэр хүүтэйгээ хамт явсан бөгөөд хүүгээ тэвэрч хамгаалсан гэдэг.

Омар сэтгүүлчдэд “Би ээжийгээ ухаан орно гэдэгт итгэлтэй байгаагүй ч түүнийг хэзээ ч бууж өгөхгүй гэдэгт итгэж, бурхандаа үргэлж залбирдаг байсан” хэмээн ярьж байна.

Абдулла хэдийгээр ухаан орсон боловч оюун ухаан нь хэвийн биш байгаа бөгөөд эмч нарын зарим нэг асуултад хариулж, мөн лалын шашинтнуудын коран судрын хэсгээс өөрөө уншиж чадаж байгаа гэнэ. Түүнийг осолд орсны дараахан Английн Лондон хотын эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд уг эмнэлэг олон жил ухаангүй байсан түүнийг өдий болтол сэхээн амьдруулах тасагт үнэгүй эмчилсээр иржээ. Түүнд булчингийн ажиллагааг дэмжих физик эмчилгээнээс эхлээд хийж болох бүхий л эмчилгээг өнгөрсөн хугацаанд хийсэн хэмээн англи эмч нар ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Өмнө нь тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган хорьсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Үр зулбуулах эмийг дур мэдэн ууснаас болж амиа алдах дөхжээ

Үр зулбуулах эмийг дур мэдэн авч ууснаас 22 настай эмэгтэй амиа алдах дөхжээ. Тодруулбал, хэд хоногийн өмнө “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс 22 настай бүсгүй үр зулбуулах эм худалдан авч, ууснаас болоод биеийн байдал хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй жирэмсний эхэн үе дээр байхдаа үр зулбуулах эм уусан юм байна. Иймээс холбогдох байгууллагаас үр зулбуулах үйлчилгээтэй эмийг гар дээрээс худалдан авахгүй байх, интернетээс захиалан авахгүй байхыг анхааруулж байгаа аж.

Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Отгонбаяр хүрэл медалийн эзэн болов

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээнээс манай бөх 74 кг-ын жинд эхний медалийг хүртлээ.

“Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаярын өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв. Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн хошой, дэлхийн болон Европын аварга ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байсан.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 39.9, 40.8 дугаар зүйлүүдэд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Цэцийн дүгнэлттэй хуулийн заалтыг нийцүүлэх, мөн хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан алдааг засаж, зөвтгөх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Гарамжав, М.Билэгт, Д.Дамба-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ялыг дордуулж хэрэглэсэн тохиол хэчнээн байгааг тодруулахын зэрэгцээ эдгээр хэргийн ялыг хөнгөвчлөх эсэхийг илүүтэй тодруулсан. Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар хариултдаа, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9, 40.8 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр шүүгдэгчид ялыг хүндрүүлж оногдуулсан 56 орчим хүн байгааг дурдаад энэ асуудлыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын зөвлөл дахин хэлэлцэж, шийдвэр гаргах байх гэдгийг онцолсон. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.6 хувь нь дэмжив.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас орж ирсэн түймэрт 600 га талбай өртжээ

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ. Түймрийн тархалтыг хиймэл дагуулаар баталгаажуулсан байна.

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатжээ.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Монгол улсаас ой хээрийн түймэр хил даван ОХУ-ын нутаг дэвсгэрт орсон” тухай мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийг албаны хүмүүс онцолж байна.