Categories
мэдээ спорт

Өсвөрийн тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ

Боксын спортын ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит өсвөрийн холимог насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны өсвөрийн тамирчин И.Тэмүүжин алт, И.Тэмүүлэн, Ж.Ерөөлт нар хүрэл медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд эрчимтэй явна


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Цөм хөтөлбөрийг шинэчлэхээр болсон. Энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ. Юуг илүүтэй анхаарч үзэхээр болов?

-2013 онд БСШУСЯ-ны тушаалаар цөм хөтөлбөрт өөрчлөлт орсон. Энэ цөм хөтөлбөрөөр зургаан жил явчихлаа. 2018 онд Боловсролын хүрээлэнгээс цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд дүгнэлт хийсэн байна лээ. Энэ дүгнэлтээр цөм хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж гарсан. Одооны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлага, оюутан болж буй хүүхдүүдийн чанар муу байна гэж яригдах болсон. 2000 оноос хойш гурав, дөрвөн удаагийн цөм хөтөлбөрийн өөрчлөлт явагджээ. Хөтөлбөрийн өөрчлөлт бүрт хичээлийн тоо нэмэгдээд явчихсан байгаа юм. Одоо зарим ангид 19 төрлийн хичээл орж байна. Хөтөлбөр шинэчлэх бүртээ хичээлийн агуулга, тоог нэмсээр байгаад багш, сурагчдын ачаалал нэмэгдчихсэн. Заадаг агуулга нь цагтаа багтахаа больчихсон. Цагтаа багтахгүй болохоор үлдсэн хичээлээ гэрийн даалгаварт өгчихдөг. Нэг зүйлийг гойд сайн сураад гарах ёстой байтал хагас дутуу ойлголттой хичээлээ дуусгаад яваад байна. Тиймээс энэ цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харахаас өөр аргагүй. Иймд сайдын тушаалаар Боловсролын хүрээлэн дээр баг гараад ажиллаж байна. Цөм хөтөлбөрт онцгойлон иргэний боловсрол хичээлийг цогцоор нь эргэж харъя, өөрчилье гэж байгаа. Монгол хүн болгон төлөвшүүлэх гол хичээл бол иргэний боловсрол юм. Бага ангиас нь эхлэн хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэх ёстой. Нэг, хоёрдугаар ангийн хүүхэд нийгэмт, төрт ёсыг яаж ойлгох билээ. Харин тэдэнд хүнтэй яаж зөв мэндэх, ахас ихэсээ хэрхэн хүндлэх, байгаль дэлхийгээ яаж хайрлах вэ гэдгийг заах нь зөв. Голын усанд цагаан идээ дусааж бохирдуулж болохгүй гэдэг юм уу амьдрал ахуйд ойр монгол ёс уламжлалыг багаас нь суулгах хэрэгтэй. Энэ зүйлүүд орхигдсон байна.

Иргэний боловсрол хичээлийг иргэний ёс зүйн боловсролын хичээл болгож өөрчлөн, сургалтын агуулга, ном зэргийг нь ч бүрэн шинэчилж гаргана. Ийм ажлууд хийгдэнэ. Мөн бусад хичээлүүдийн агуулгын давхацлыг арилгана. Бага ангийн хичээлийн цагийг багасгах талаар судална. Энэ мэтчилэн шинэчлэлийн ажлууд ид явагдаж байна.

-Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм билээ. энэ яг ямар ач холбогдолтой хуулийн төсөл вэ?

– Шинжлэх ухааны паркийн тухай хуультай болох ёстой. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл байнгын хороогоор хэлэлцэгдэх эсэх нь дэмжигдээд явлаа. УИХ-аар орно. Мөн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг гишүүдээс шинэчилж өргөн барихаар ажиллаж байгаа юм билээ. Энэ мэтчилэн Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд энэ жил эрчимтэй явах болно. Дээрээс нь хүрээлэнгүүдийн бие даасан байдал, эрдэмтдийн эрдмийг ажлыг үнэлдэг байх, шинжлэх ухааны гарааны буюу “start up” компаниудыг дэмжих хэрэгтэй байгаа юм. “Start up” компаниудаас инноваци шингэсэн, шинжлэх ухааны үр дүнг харуулсан бүтээгдэхүүнүүдийг авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг маш олон ажлууд хүлээж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Ман-ын бүлэг 50 хувьтай байна гэж үзсэн. таны зүгээс газар төдийгүй бсшусЯ салбар цаашид юун дээр гол анхаарлаа хандуулах ёстой гэж харж байна вэ?

-Манай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийх ёстой зүйл маш их байна. Хуримтлагдсан ажлууд их байна. Боловсролын тухай хуулийг багцаар нь ирэх намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. Энэ нь сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын тухай хууль байх юм. Мэргэжлийн боловсролын асуудал ч хөндөгдөнө байх гэж харж байгаа. Шаталсан сургалтын бүтэц тогтолцоон дээрээ өөрчлөлтүүд оруулахгүй бол болохгүй байна. Салбар доторх өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлууд ч маш олон бий. Үдийн цайны хоолын мөнгө 2012 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байна. Үүнээс болж чанаргүй хоол хүнсээр хүүхдүүдийг хангаж байна гэх асуудлууд яригддаг. Үдийн цайны мөнгийг нэмэх чиглэлээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт салбарын хөрөнгө оруулалтын ажлууд ч явж байгаа.

Соёлын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил явуулахаар болж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндсэн чиглэл хэлэлцсэн. Үүнд Үндэсний соёл урлагийн томоохон театр, музейтэй болоход зориулагдсан томоохон мөнгөн дүнгүүд тавигдлаа. Сүүлийн 20, 30 жил соёл урлагийн салбарт хийгдээгүй хөрөнгө оруулалтын дүн Үндсэн чиглэлд тавигдаж байна. Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын энэ ондоо багтаах үүргийг Ерөнхий сайд өглөө. Мөн соёлын салбарын ажилтнуудын нийгмийг асуудлыг шийдэж цалинг нь 8-30 хүртэлх хувиар нэмсэн. Хамгийн өндөр хувиар цалин нь нэмэгдсэн нь соёлын салбарынхан. Нийгмийн ажлыг шийдэхийн сацуу салбарт тулгамдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэхээр Засгийн газар дорвитой арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Спортын тухайд 2020 оны Токиогийн олимп, мөн онд Улаанбаатарт зохион байгуулагдах Азийн хүүхдүүд спортын наадам хүлээж байна. Үүнийг угтсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд явна. Буянт-Ухаад өвлийн спортын ордон, олон улсын стандартад нийцсэн усан бассейн, цэнгэлдэх хүрээлэн, хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбай байгуулах ажлууд эхлэхээр байна. Олимпийн эрх авах тэмцээнүүдэд тамирчдаа амжилттай оролцуулах ёстой. Үндэсний шигшээ баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож амжилт гаргах чиглэл бүхий Олимпод бэлдэх үндэсний хороог Ерөнхий сайд ахалж ажиллаж байгаа. Энэ хүрээнд чиглэлүүд өгөгдчихсөн, спортын салбарт тодорхой хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын ажлууд идэвхжээд явна. БСШУСЯ бол өөрөө нийгмийн зүрх, тархи болсон маш том салбар юм. Тиймдээ ч энэ салбарт хүлээгдэж байгаа тун олон ажлууд байна.

-Монголын багш нарын VII их хурал саяхан болж өнгөрлөө. энэ хурлаар яг ямар асуудлууд шийдлээ олов?

-Багш нарын нийгмийн асуудалтай холбоотой асуудлуудаар Засгийн газар тогтоол гаргасан. Ингэснээр олон жил хүлээгдсэн томоохон ажлуудыг шийдэхээр боллоо. Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын практик ажлын хөлсийг өгдөг болох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар мөн нэмэлт хөлс, урамшуулал олгох асуудлыг шийдлээ. Багш нарыг эрүүл мэндийн багц үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэндийн болон БСШУС сайд нарт үүрэг болгосон. Цэцэрлэг, МСҮТ-ийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг цогцоор нь шийдэхээр Засгийн газрын тогтоол орж ирсэн. Энэ мэтчилэн боловсролын салбарт тулгамдсан олон удаагийн асуудлуудыг нэг удаагийн тогтоол, Багш нарын их хурлаар гаргаж ирж шийдлээ. Энэ нь өмнөх Багш нарын их хурлууд дээр байгаагүй үзэгдэл болчихож байгаа юм. Салбарт хөрөнгөгүй гэж хуримтлагдсан маш олон асуудлуудыг эрчимтэйгээр урагшлуулахаар Засгийн газар ажиллаж байна.

Ирэх онд салбарын сайдын барьж буй бодлого бол хэдэн жил засаагүй, нурах гэж байгаа мэргэжлийн хяналтын акт, дүгнэлт нь гарчихсан сургууль, цэцэрлэгүүдийг засахад чиглэнэ. Шинэ сургууль, цэцэрлэг барья гэсээр байтал хуучнууд нь нурах нь. Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд ч энэ асуудал ноцтойгоор яригдаж байгаа. Тэгэхээр нэг удаагийн далайцтай арга хэмжээ аван, төсөвт томоохон мөнгөн дүн тавьж өгөөч гэдэг асуудлыг Үндсэн чиглэлд суулгаж байна.

-Их, дээд сургуулийн багш нарыг мэргэшүүлэх асуудал орхигдсон тухай та өмнөх хэвлэлийн хурал дээрээ онцолж байсан. Мэргэшүүлэх ямар боломжууд байгаа бол?

-Их, дээд сургуулийн багш нарын асуудлыг бүр орхигдуулжээ. Бид багшийн мэргэжлийг дээшлүүлэх институцээр зөвхөн сургуулийн өмнөх, сургуулийн багш нараа давтан сургалтанд хамруулж, мэргэжил дээшлүүлдэг. Харин одоо багш бэлддэг багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Давтан сургалтанд суулгадаг, сертификат олгодог болгох ёстой. Манай яамнаас энэ ажлыг эхлүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвийг байгуулах болно.

Нөгөө талдаа дээд сургуулиудын чанарын асуудал яригдаж байгаа. Эдгээрийг мөн шийднэ. Дээд боловсрол дээр бүтцийн томоохон өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн. Удахгүй шийдвэрүүд гарах болно.

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийн хүртээмжийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сурах бичгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Азийн хөгжлийн банктай хамтарч найман тэрбум төгрөгийг сурах бичигт зориулахаар болсон. Гэрээ хэлцэл нь хийгдчихсэн гэж болно.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологи нэвтрүүлэхээр болжээ. энэ хаврын эЕш-д уг технологи хэрэгжих үү?

-Өмнөх сайд нарын үед яригдаж эхэлсэн ажил юм. “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс шалгалтын хариултын хуудас уншдаг 50 скайн машин нийлүүлсэн. Тэдгээрийг аймгуудад хүргэж байгаа. ЭЕШ улсын хэмжээнд нэг цаг хугацаанд болно. Түүнийгээ маш богино хугацаанд үнэн зөв, ил тод шалгах боломж нээгдэж байна гэсэн үг. Энэ жилийн ЭЕШ-ыг энэ технологиор шалгах юм. Одоо бэлтгэл ажил хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Толгойнд нь буудаж хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Өнөө өглөө 100 айл орчимд хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд өглөө 06:15 цагт иржээ. Хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад авж, үзлэг явагдаж байна. Талийгаачийг духан тус газарт нь буудаж хөнөөсөн байж болзошгүй аж.

Хэргийн газарт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж, нотлох баримтуудыг бэхжүүлэн авч байна. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн тогтоохоор цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн чуулганаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

Categories
мэдээ цаг-үе

Европын “Public basketball” агентад зуучлагдсан сагсчин Т.Их-Уул: Би сард 8000 еврогоор цалинжихаар гэрээ байгуулсан

Европын сагсны клубтэй гэрээ байгуулсан тамирчин Т.Их-Уул, түүний багш ОУХМ О.Баярцогт нартай ярилцлаа.


–Ямар клубтэй гэрээ байгуулсан бэ. Гэрээнийхээ нөхцөлтэй танилцсан уу?

-Танилцсан. “Public bas­ketball” гэдэг Европын агент юм байна лээ. Гурван жилийн гэрээ байгуулсан.

-Клубийн гаргасан амжилт, NBA-д тоглож буй тамирчин бий юу?

-Агентлагаас гарсан тоглогчид Азидаа Солонгосын KBL гээд том лигт тоглодог тамирчид байдаг юм билээ. Ер нь бол Азийн томоохон лигт л тамирчид нь тоглодог.

-Өмнө нь шигшээ багийн тамирчин Т.Санчир Филлиппин улс руу гэрээ байгуулан яваад тоглож чадалгүй ирсэн. Өөрөө Европын клубтэй гэрээ байгуулан тоглоход бэлэн үү, бэлтгэлжилт хэр байгаа вэ?

-Т.Санчир ахын хувьд лиг дуусаад нэлээд удсан байхад явсан. Бэлтгэлгүй явсан байх. Миний хувьд саяхан оюутны лигийн тэмцээн дууссан. Бүтэн жил багштайгаа бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл бол хангагдсан. Европын багийн бэлтгэл төсөөлснөөс хэцүү ч байж магад. Монгол шиг амархан зүйл байхгүй нь мэдээж. Бэлтгэлээ сайн хангасан. Багштайгаа хувийн бэлтгэлд гарчихсан. Дээрээс нь фитнесс, биеийн хүчний дасгал хийж байгаа.

-Яг хэзээ явах вэ?

-Гэрээгээ хийчихсэн учир урилга иртэл визний асуудлаа хөөцөлдөж байгаа. Клубийн төлөөлөгчийн хэлж байгаагаар тавдугаар сараас явна.

-Саяхан дууссан оюутны лигт МУИС-ийн хүчтэй багийг хожиход багаа тэргүүлж тоглосон. Оюутны лигт сайн тоглоход бэлтгэл сайн хийснийх үү?

-МУИС-тай тоглох тоглолтод манай баг багаараа байрлалаа авчихсан байсан. МУИС бол хүчтэй баг. Миний хувьд нэлээд бэлдэж орсон. Түүний үр дүнд сайн тоглосон. Манай багийн О.Дөлгөөн ахтай гар нийлж сайн тоглож чадсан.

-Тоглолтын арга барил техник ямар вэ, Европын клубийн шаардлагыг яаж хангаад гэрээ байгуулах хүсэлт авсан гэж бодож байна?

-Миний бодлоор тоглолтыг минь үзсэн юм шиг байна лээ. Давуу тал маань өндөр, багш намайг бага байхаас бэлдсэн. Урд байрлалд нэг холбогчтой тоглох боломжтой. Олон талт тоглолт маань л Европт дуудагдахад хүргэсэн юм болов уу.

-Нууц биш бол цалин хэдийг авахаар гэрээ байгуулсан бэ?

-Эхний хоёр сар бол бэлтгэл хийх маягаар явна. Тэгээд сардаа 8000 еврогоор цалинжихаар гэрээ байгуулсан.

-Дээд лигт тоглож байхдаа хэдэн төгрөгөөр цалинждаг байв?

-Дээд лигт цалин нэг сая гаргаад л авч байсан. Оюутны лигт бол цалин өгдөггүй. Цаанаасаа заачихсан.

-35 дугаартай тоглодог шүү дээ. Яагаад энэ дугаарыг сонгосон бэ?

-Багаасаа АНУ-ын NBA-ын тоглогч Kevin Durant-ийг шүтдэг байсан. Түүний тоглолтыг даган дуурайдаг байлаа. Тийм ч учраас анх Этүгэнд орохдоо 35 номерыг сонгосон.

-Оюутны лигт хожсоныхоо дараа “Би энэ шидэлтийг хийж сурахын тулд хоёр жилийн турш бэлдсэн” гэж хэлж байсан. Бэлтгэлийн онцлогийн талаараа яриач?

-Өмнө нь хоёр жил дээд лигийн гараанд гарсан. Бага зэргийн бэртэл аваад сэлгээнд суусан. Тэр бол туршлага хуримтлуулсан үе байлаа. Финальд тоглох чухал мөчүүдэд багийн гол тоглогч байж үзээгүй. Бэлтгэл дээр яг л өөрийгөө багийн гол тоглогч шиг сэтгэж, байнга тэр сэтгэхүйгээрээ гурваас шиддэг байсан. Өдөр бүр, бэлтгэл болгон дээрээ тэгж шидсээр цаг хугацаа нь ирж чухал тоглогч болж чадсандаа баяртай байна.

-Сая болсон Монголын бүх оддын тоглолтод нэрлэгдсэн шүү дээ. Бүх оддын багтайгаа гар нийлж тоглож чадсан уу?

-Би Хасын хүлгүүд багтай гэрээ хийчихсэн тоглож байсан. Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гээд Монголын шилдэг гэсэн тоглогч нартай нэг багт хамт хүчин зүтгэж үзсэн. Этүгэний өмнө дээд лигийн багт тоглодоггүй байхдаа ч шигшээ багийн бэлтгэл дээр очиж, бөмбөгийг нь зөөдөг байлаа. Д.Мөнхтүвшин ахтайгаа нэг багт хоёр жил тоглосон, гар нийлж тоглодог.

-Сагсчин хүний хувьд NBA гэдэг мэдээж дээд оргил нь, мөрөөдөл байдаг байх. Тэгэхээр өөрийн чинь хувьд NBA-ийн драфт хэр ойр санагдаж байна?

-NBA-д дуртай нь ороод байхгүй. Гэхдээ гэрээ байгуулсан клубийн зуучлагчийн хэлж буйгаар миний нас залуу байна. Эхний хоёр жилдээ бэлдээд нэрээ өгч үзье гэсэн.

-Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг яаж харж байна?

-Хурдтай хөгжиж байгаа гэж боддог. Ц.Шаравжамц, Хөлөгөө, Ананд нарын араас хөгжиж байгаа хүүхдүүд зөндөө бий. Ер нь Монголын сагсан бөмбөгийн ирээдүй өөдөө байна л гэж хардаг.

ӨМНӨ Нь хэД хэДэН ГэРээ БАйГУУлАх САНАл ИРж БАйСАН

Энэ үеэр Т.Их-Уул сагсчны багш ОУХМ О.Баярцогттой ярилцлаа.

-Юуны өмнө шавь тань Европын клубтэй гэрээ байгуулан легонер тамирчнаар явах гэж байгаад баяр хүргэе. Т.Их-Уулын бэлтгэлжилт хэр байгаа вэ, формоо бариж чадсан болов уу?

-Баярлалаа. Их-Уул 2013 оноос хойш 14 наснаас нь өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилт хийлгээд сагсан бөмбөг зааж, хажуугаар нь амьдралд нь чадахаараа туслаад явж байна. Дотроо бол баяртай байна. Гэхдээ мэдээж дасгалжуулагч хүний хувиар хүүхдийнхээ төлөө юунд илүү сэтгэл зовниж байна гэхээр боломжийг битгий алдаасай гэж боддог. Цаашдаа улам ч ахих, Европт тоглоод шат ахих тоглолтуудыг гаргаж яваасай гэж хүсдэг. Хэлний асуудал дээр л багахан бэрхшээл бий. Бэлтгэл сургуулилтын хувьд бол санаа зовохгүй байна.

-Өөр энд тэндхийн багт гэрээ байгуулах хүсэлт ирсэн үү?

-Одоогоор ирсэн зүйл алга. Т.Их-Уулд бол жилийн өмнөөс хүсэлт тавьж эхэлсэн. Бидний хувьд хэд хэдэн газар хүсэлт тавьж үзсэн. Жишээ нь, Америкийн коллежид тоглоё гэхээр хэлний асуудал дээр бэрхшээл тулгардаг. Очоод багш, дасгалжуулагчтайгаа ямар ч асуудалгүй ойлголцож байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр их асуудалтай. Хэлнээс болоод Солонгосоос ирсэн урилгаас бас татгалзаж байлаа.

-Т.Их-Уулыг анх яаж олж бэлтгэв?

-Би 2013 онд машинаа бариад явж байхдаа анх харсан юм. Нуруулаг хүү нүдэнд шууд туссан. Тэгээд л шавиа болгохоор шийдсэн. Үнэнийг хэлэхэд Уулын маань амьдрал хэцүүхэн. Тиймээс аавын хайраар л хайрлаж, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хандаж л сургадаг. Дасгалжуулагч багш ч гэсэн эцгийн сэтгэлээр тамирчдадаа ханддаг даа.

Categories
мэдээ улс-төр

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулав

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өчигдөрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Засгийн газраас өнгөрсөн оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй саналын зарим томьёолол дээр гишүүд байр суурийн зөрүүтэй байсан тул Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байв. Иймээс уг асуудлыг бүлгийн хурлаар дахин ярилцаж гишүүд нэгдсэн нэг ойлголттой болсон учраас хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжтойг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдааны эхэнд хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр, аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, насжилт, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байгаа.

Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл систем бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ, шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг баталж хэрэгжүүлснээр ус бохирдуулсны төлбөр, нөхөн төлбөрөөс төсөвт төвлөрсөн орлогыгусны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах бөгөөд орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар төсөлд тусгажээ. Мөн хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг зарим салбарт тодорхойхувиар бууруулах, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгоход чиглэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Ж.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, холбогдох бусад мэргэжилтнүүд орж ажиллажээ. Улмаар тус Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байсан юм.

Ингээд энэ удаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах явцад гишүүдийн ирц хангалтгүй байсан тул Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, чуулганы маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэж санал хураалтыг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 06 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм. Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 3.1.5, 3.1.6 дахь заалтыг нэгтгэн “3.1.5.“улсын эталон” гэж үндэсний хэмжээнд хэрэглэх хамгийн өндөр нарийвчлалтай хэмжлийн эталоныг” гэж, төслийн 3.1.13 дахь заалтыг “хэмжил зүйн мэргэжлийн байгууллага” гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрх бүхий хуулийн этгээдийг;” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн төслийн 4 дүгээр зүйлийг “Хэмжил зүйн бодлого” гэсэн 15 дугаар зүйл болгон өөрчлөн найруулж, “Хэмжил зүйн байгууллагын тогтолцоо, бүрэн эрх” гэсэн 5 дугаар бүлэгт оруулахаар боллоо. Үүнд,Хэмжил зүйн бодлого нь улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, худалдаан дахь техникийн саад, тотгорыг багасгахад чиглэсэн хэмжил зүйн тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд оршино. Хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг Засгийн газар батална” гэсэн агуулгаар өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 6.3 дахь хэсгийг “Батлагдсан стандартчилсан загварыг хэмжлийн эталоны нэгэн адил хэрэглэнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн бол төслийн 11.2 дахь хэсгийн “хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэснийг “Хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ” гэж өөрчлөх санал олонхын дэмжлэг авч чадаагүй тул төслөөрөө үлдэв. Харин төслийн 11.6 дахь хэсгийн “журмыг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан Хэмжил зүйн зөвлөл батална” гэснийг “журам, загварын туршилтын үр дүнг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална” гэж өөрчлөхөөр найруулахаар болов.

Мөн хуулийн зарим нэр томьёотой холбоотой төслийн заалтыг доор дурдсанаар найруулахаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, “нэгж дамжуулалт” гэж шалгалт тохируулгын зохих шатлалаар хэмжлийн эталонтой харьцуулсан хэмжлийн үр дүнгийн үзүүлэлтийг”, “хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга” гэжхэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж, хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг”, “стандартчилсан загвар” гэж хэмжил гүйцэтгэх, бодис, материалын хэвийн үзүүлэлтийг шалгах зориулалтаар зохион бүтээсэн, найрлага шинж чанар нь өөрчлөгдөхгүй нэгэн төрлийн жишиг бодис, материалыг”, “хэмжих хэрэгслийн загварын туршилт” гэж хэмжих хэрэгслийн загварыг эрх бүхий байгууллагаас туршиж үр дүнг тогтоох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Түүнчлэн төслийн 5.1 дэх хэсгийг “Монгол Улсад Олон улсын жин хэмжүүрийн Ерөнхий бага хурлаас тогтоосон олон улсын системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ” гэж өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж дуусган хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн бол тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогджээ. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10-12 сая тонн бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалж нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас үүдэлтэйгээр уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа аж.

Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46.2 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгожээ. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин болон аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулснаар БНХАУ-ын эцсийн хэрэглэгчид уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд хүргэх, тус улсын төмөр замаар дамжин гуравдагч зах зээлд хүрч экспортын шинэ гарцыг бий болгох зорилгоор тус чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоолгохоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат сүүлийн үед төмөр замын асуудал ихээхэн яригдах болсон ч нэгдсэн бодлого, тодорхой шийдэл харагдахгүй байна, нөгөө талаар салбарын сайдыг байлцуулж асуудлыг хэлэлцэх шаардлагатай гээд хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхээр болж, уг асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөтгөх замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Шивээхүрэн нь ихээхэн нөөцтэй ордын нэг, тиймээс нүүрсний экспортоо дэмжих стратегийн бодлогын үүднээс асуудалд хандаж, төмөр зам барих зайлшгүй шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төслийг дэмжиж байна, гэхдээ төмөр замын бодлогоо нэг мөр цэгцэлж, зөв шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулсан юм.

Төсөл санаачлагч илтгэлдээ, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн судалгааны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн хүрсэн түвшин буурах, оюуны болон материаллаг нөөц хомсдох, улмаар байгууллагын чадавх, судалгаа боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бууруулахад хүргээд байна. Иймээс улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөлд “шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” зэрэг нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн холбогдох заалтуудад тусгасан. Ингэснээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан өмнөх хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болж хэрэгжихээр зохицуулсан. Үүнтэй уялдуулж шинээр нэмэгдэх байгаа чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд шинээр хамааруулахаар төсөлд тусгасныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүнд оруулахаар зохицуулжээ.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тусгаж өгчээ. Ингэхдээ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газрын баталсан журмын дагуу эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд нь улсын төсвөөс санхүүжилт олгох, шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэх зэрэг хэлбэртэй байхаар тусгасан байна.

Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагааны үндсэн чиглэлээрээ гэрээт ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн тусгай мэдлэг шаардлагатай эрүү, иргэн, захиргааны хэрэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинжээчээр ажиллах зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Н.Учрал, Б.Баттөмөр, О.Баасанхүү, Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан төслийг дэмжиж буйгаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар үг хэлж хуулийн төслийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд шинжлэх ухаан, технологийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх, төрийн бодлогын аливаа асуудалд шинжлэх ухаанчаар алсын хараатай хандах, инновацийг хөхиүлэн дэмжих, оюуны бүтээмжийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудал тулгамдаж буйг онцлоод эдгээр асуудлыг шийдэхэд энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлж байв. Иймээс Байнгын хорооноос томоохон ажлын хэсэг гаргаж, энэ чиглэлээр өргөн баригдсан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй байна гэсэн саналыг зарим гишүүн илэрхийлж байлаа.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж, санал хураалт явуулж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн захирал П.Наранбаяр: Төрийн бус сургуулийн дотоод үйл ажиллагаа, элсэлтэд төр оролцох нь хууль зөрчиж байгаа хэрэг

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн захирал, доктор П.Наранбаяртай ярилцлаа.


-Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид шалгаруулалтгүйгээр элсүүлэх БСШУС-ын сайдын шийдвэрийг баталлаа. Энэ шийдвэр хувийн хэвшлийн сургуулиудын үйл ажиллагаатай хэр нийцэж байх юм?

-Боловсролын Сайдын гаргасан А200 дугаар тушаал байгаа. Үүний нэгдүгээр заалт дээр “Зургаан настай хүүхдийг элсүүлж авахдаа аливаа хэлбэрээр уралдаан зохион байгуулахыг бүх өмчийн хэлбэрийн сургуулиудад хориглосон заалт байгаа. Сайдын тушаал дөрөвдүгээр сарын 5-нд гэж огноо нь хаяглагдсан ч олон нийтэд цацагдсан хугацаа нь дөрөвдүгээр сарын 08-ны даваа гариг. Бид үүнийг нь 9-нд мэдсэн. Энэ манай элсэлттэй давхцаж байгаа юм. “Шинэ Монгол” сургууль элсэлтээ хоёрдугаар сарын 15-нд зарлачихсан байсан. Дөрөвдүгээр сард элсэлтийн бүртгэлээ хийхээр төлөвлөсөн юм.

Ингэж ойртуулж ийм захирамж гаргаж байгаа нь том асуудал. Төр ямар нэгэн төлөвлөлтгүйг л илтгэж байгаа хэрэг. Төрийн бус өмчийн 150 гаруй сургууль бий. Энэ дотор олон жил үйл ажиллагаа явуулж элсэлтийн өрсөлдөөн үүсчихсэн сургуулиудад энэ нь хүндрэлтэй болж тусч байгаа юм. Зорьж очиж байгаа хүүхдийн тоо нь тухайн сургуулийн даацаас хэд дахин хэтэрчихсэн сургуулиуд байна л даа.

-Боловсролын сайд тушаал гаргахын өмнө та бүхэнтэй зөвлөлдсөн үү. Дуудаж уулзсан уу?

Үгүй. Энэ бол хэм хэмжээ тогтоосон Захиргааны актын хэлбэр юм л даа. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд захирагддаг. Тус хуулийг харахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлэг байвал заавал ярилцаж шийдвэр гаргах тухай заасан байдаг. Боловсролын салбар өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Өөрөө хамран сургадаг тойрог гэж байна л даа. Энэ бол төрийн өмчийн сургуульд зайлшгүй байдаг зүйл. Төр өөрөө боловсрол олгохыг үндсэн хуулиараа үүрэг гээд авчихсан. Эцэг эхэд үүрэг болгоод өгчихсөн. Ингэхдээ суурь боловсрол буюу заавал эзэмших ёстой боловсролыг төрөөс олгоно гэж заасан. Энэ заалтынхаа дагуу хамран сургах тойрог гэж явж байгаа. Хамран сургах тойрогт хүүхэд зургаан нас хүрмэгцээ сургуульд орох ёстой. Харин хувийн сургуульд хамран сургах албагүй. Хувийн сургууль өөрөө Монгол Улсын хаана амьдарч байгаагаас нь үл хамаараад, тухайн сургуулийг зорьж ирж байгаа хүмүүсийг элсүүлж авна гэсэн үг. Энэ нь хувийн сургуулийн онцлог. Жил болгон мөнгөтэй нь манайд сур гэж албадаж оруулдаг бол өөр хэрэг. Бид өрсөлдөөн дунд байдаг. Энэ жил манайхыг зорьж байгаа хүмүүс “Шинэ Монгол” муу сургууль гэвэл хэн ч ирэхгүй. Хувийн сургууль чанарын үйлчилгээгээ зогсолтгүй сайжруулж байж л элсэгчээ авдаг. Төрийн сургууль ямар ч үйлчилгээ үзүүлж байсан заавал авах ёстой. Ийм өөр орчинд ажиллаж байгаа. Гэхдээ би улсын сургуулийг үгүйсгээгүй. Цаад орчин нь ийм байдаг. Боловсролын сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөөн бий болгосноор зургаан настай хүүхдэд дарамт үзүүлж байна. Өрсөлдөөн нь хүүхдүүдийг сэтгэл зүйн хямралд оруулж байгаа талаар ярьсан. Гэтэл шалгалтгүйгээр хүүхдийг яаж элсүүлэх юм бэ. Манай сургуулийн шалгалтад бүдэрсэн хүүхэд ирээдүйд цуутай сайн эрдэмтэн болохыг үгүйсгэхгүй. Бид өөрсдөө дуртайдаа шалгалт аваад байгаа юм биш. Зургаан настай хүүхдийг балчир үед нь шалгалт авч өрсөлдөөнд оруулахад сэтгэл зүйн хувьд бидэнд хэцүү санагддаг. Шинэ Монгол сургуулийн хүүхдүүдэд боловсрол өв тэгш хүмүүжил олгох гэсэн хөтөлбөрийг эцэг эхчүүд үнэлж байна л гэсэн үг. Эцэг эхчүүд өөрсдөө шалгалт өгье гэж зорьж ирдэг шүү дээ. Бид шалгалт өг гэж хэнийг ч албадаагүй. Манайд шалгалт өгөхөөр 1000 гаруй хүн ирдэг. Гэтэл нэгдүгээрт бүртгүүлсэн хүн ч тэр, 1000 т бүртгүүлсэн хүн ч шалгалт өгөөд тэнцэх магадлалыг онилж байгаа л гэсэн үг. Төрийн бус сургуулийн дотоод үйл ажиллагаа, элсэлтийн асуудал руу, төр ингэж оролцож болохгүй. Тухайн сургуулийн бие даасан эрх. Төрийн өмчийн сургуулйн хамран сургах сургуулиудад энэ тушаалаа буулгасан бол болно. Яагаад гэвэл төрийн өмч. Хувийн сургуульд ингэж халдах нь энэ дэлхийн байхгүй жишиг.

-Элсэлтийн шалгалтаас өөр арга замаар авах хүүхэд бүртгэх боломжгүй юм уу?

-Бид нээлттэйгээр бүртгэж авъя л даа. Үүний дараа шударгаар тэдний хүсэлтийг биелүүлье гэвэл шалгалтаас өөр арга зам харагдахгүй байна. Эхний 200 хүүхдийг л бүртгэе гэж үзье л дээ. Тэгвэл эхний 200-д орох гэсэн эцэг эхчүүд хэдэн өдрийн өмнөөс дугаарлах вэ. Манай сургуулийн гадаа олон майхан барьчихвал гайхах хэрэггүй. Гуравдугаарт, элсэлтийн шалгалтаас хураамж авлаа гэж загнаж байна лээ. Гэтэл бүртгүүлсэн 1000 хүүхдийн цаана 100 гаруй хүн ажилладаг юм шүү дээ. Шалгалтын нууцлалыг хадгалахын тулд өндөр хэмжээнд ажилладаг. Бид уг шалгалтыг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж буйг эцэг эхчүүд маш сайн мэднэ. Нууцлал өндөртэй, зохион байгуулалт өндөртэй шалгалтын цаана маш их зардал гардаг. Үнэ төлбөргүй болгочихъё гэж тооцъё. Гэтэл манайд нэг удаагийн элсэлтээр 1000 гаруй хүүхэд ирж байсан жишээтэй. Үнэ төлбөргүй болговол 2-3 мянга болж өсөх магадлалтай. Гэтэл үүнийг ганц сургууль яаж зохион байгуулах вэ. Шалгалт зохион байгуулах бодит боломж багасна. Аль ч улс оронд хувийн сургуулиуд өөрийн элсэлтээ шалгалт гэдэг зарчмаар л авдаг.

-“Шинэ Монгол” сургууль жилд зургаан настай хэдэн хүүхдийг элсүүлдэг вэ. Ямар шалгуур тавьдаг юм бол?

-72 хүүхэд авдаг. Үүнийгээ ил тод зарладаг, манай сайтад хэн ч ороод харахад ил харагдах байдлаар нээлттэй тавигддаг. Нэгдүгээр анги нийт 120 хүүхэдтэй, үүнээс 72-ыг нь шалгалтаар авна. Үлдсэнийг нь багш ажилчдын хүүхэд, хамтран ажилладаг байгууллагынхаа хүүхдүүдээс авдаг. Мэдээ ч ил тод зарладаг.

-Зургаан настай хүүхдүүдийн юуг нь шалгадаг юм?

-Энэ их хэцүү л дээ. Шалгалтад бичиж уншуулах материал оруулах боломжгүй. Зураг л танихаас биш, үсэг мэдэхгүй шүү дээ. Өнгөрсөн жил эхний өдрийн шалгалтыг тестээр авсан. Зургийг ажиглаад ялгааг олох гэх мэт. Мөн үгийн санг нь шалгаж байгаа юм. Үүнд ёс суртахууны асуулт заавал оруулж өгдөг. 670 орчим хүүхэд буруу хариулсан асуулт ч байдаг. “Манай гэр бүлийнхэн цэвэрч гэж туулай ярьж байгаа юм л даа. Машин дотроо ч цэвэрхэн явдаг. Хог гараад ирвэл цонхоороо шидчихдэг” гэж бичсэн. Энэ талаар хэдэн амьтан хоорондоо ярьж байгаа юм. Аль зөв ярьсан бэ гэхэд машины цонхоор хог хаясан туулайг олон хүн дугуйлсан байсан. Эцэг эхчүүд нь хогоо машины цонхоор хаядаг л гэсэн үг шүү дээ. Хоёр дахь өдөр нь зүгээр шагайгаар тоглуулчихсан. Зөв буруу тоглож багааг нь биш. Биеэ авч яваа байдлаар нь л дүгнэж байгаа юм. Хүний хүүхдийг хүндэтгэж байна уу, хивсэн дээгүүр гуталтай гарч байна уу зэргээр хүмүүжлийг нь дүгнэсэн.

Гурав дахь өдөр нь ярилцлага хийнэ. Зөв хариулт байхгүй асуултуудыг ч асууна. Хүүхэд өөрийгөө хэр илэрхийлж байгааг нь шалгана. “Энэ хорвоо дээр нэг ч шувуу байхгүй бол чи яах вэ” гэж асуулт асууж байгаа юм. Зарим нь “Би өөрөө шувуу болж нисэхээс” гэж хариулах ч хүүхэд байсан.

-Хүүхдийг бага наснаас нь эхэлж өрсөлдүүлэх нь хувь хүн болж төлөвшихөд яаж нөлөөлдөг вэ. Боловсролын сайдын шийдвэр урсгалаараа явдаг, амьдралын идэвхгүй иргэдийг бэлтгэн гаргах юм биш үү?

-Өрсөлдүүлж уралдуулахыг бид хүсээгүй. “Шинэ Монголд” элсэх хүсэлтэй олон хүүхэд байдаг учраас л шалгаруулж байгаа юм. Өрсөлдөх нас байдаг л даа. Хүүхдийг багаас нь олимпиадад оруулаад өрсөлдүүлж тэмцэлдүүлэх нь эерэг гэхээс илүү сөрөг нөлөөтэй. Бага ангид хүүхэд зөв, монгол хүнийхээ суурийг тавих ёстой. Зөв хүмүүжлийн үндэс суурь тавих хэрэгтэй. Эрдэмд дурладаг үндэс язгуураа тэндээс л олж авдаг. Хүүхдэд багаас нь ачаалал өгөх нь сөрөг үр дагавар их. “Шинэ Монгол” сургууль хүүхдэд гэрийн даалгавар өгөхдөө академик гэхээс илүү хариад хувцсаа эвхээрэй гэх жишээний даалгавар өгдөг. Энэ бага сургуулиудад туршлага болж магадгүй юм. Дунд ангид ороход академик даалгаврууд нэмэгддэг.

-Уралдаанд орж ялагдаад сэтгэлээр унах нь зөв, монгол хүн болж төлөвшихөд сөргөөр нөлөөлөх хэрэг үү?

-Энэ тухай хүмүүжлийн талаар судалгаа хийсэн улс ярих байх. Ер нь нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүдэд дүн тавьдаггүй шүү дээ. Үгэн үнэлгээ тавьдаг. Энэ бол зөв бодлого. Хүүхдийн урам гэдэг чухал. Энэ насанд нь хүүхдийг цаашаа хөгжих, өөрийгөө нээхэд нь л дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

-Бага ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд яаж харьцах хэрэгтэй вэ. Манайхан нийтлэг ямар алдаа гаргаж байна?

-Эцэг эх сургуультай нь холбоотой байх ёстой. Цаг гаргаж хүүхэдтэйгээ ярилцдаг байх нь чухал. Хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг муулж ярьж болохгүй. Багш болон сургуулийг нь ч юм уу. Энэ хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. Өнөөдөр цахим ертөнцөд зочин гэж орчихоод л хэн нэгнийг буудаад байгаа хүмүүс чинь үүнтэй холбоотой. Дээр нь нэмээд хэлэхэд гэр бүлийн хайр хүүхдийн хүмүүжил төлөвшилд чухал нөлөөтэй. Хүүхэд ээж, аав хоёр бие биенийгээ хайрлахыг л хүсдэг. Ийм орчинд зоригтой, шийдэмгий хүүхэд хүмүүждэг.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд болж өндөрлөлөө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалын хүрээнд хувийн аж ахуйн нэгж компаниуд БНХАУ-ын аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллахаар зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:
  • Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар

  • Монгол Улсын “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн нар

  • Монгол, Хятадын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар

  • Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар

  • Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар

  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар

  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар

  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яам хооронд 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө
  • Радио, телевизийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр
  • Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр
  • Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ
  • Монгол Улсын “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ
  • Монгол Улсын “Мошеа Эко Энержи” ХХК болон БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ
  • Монгол Улсын “Иш Ноён Бадрах” ХХК болон БНХАУ-ын Хөбэй мужийн Хайфу акумляттор ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ
  • Шинэ дэлхий холбоо болон мазаалай хамгаалах сан хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д“Их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрээс Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэл – Ардчилалд хүрСэн зам – бодит түүх – (1990/03/01-03/05-ны өдрийн тэмдэглэл)-ийг уншаарай.

“УИХ-ынгишүүн Д.Эрдэнэбат: С.Зоригийг хөнөөсөн хэргийг “Эрдэнэт”-тэй холбоотой гэж боддог” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт ярилаа.

“УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Алга болсон охины ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө өгүүлсэн” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Америк бол эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг эрх чөлөөгүй газар” хэмээн “Аяны дөрөө мултлахуй” нүүрт бичжээ.

“Дохиогоор нэгдэж, мэдлэгтэй буцсан газар хөдлөлтийн “шалгалт”” хэмээн “Өдрийн сурвалжлага” нүүрт өгүүлэв.

“Долоон албан хаагч ХОМ-ээ зөрчилтэй ирүүлсэн нь тогтоогджээ” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичсэн байна.

“Эв нэгдэлтэй ангийнхан” хэмээн “Нэг ангийнхан” нүүрт өгүүлжээ.

“МУИС-ийн ХЗС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (S.J.D), дэд профессор А.Бямбажаргал: Үндсэн хууль өөрчлөгдвөл Монгол Улс тэр чигээрээ хөдлөхөөр харагдаж байна” гэж “Улс төр” нүүрт ярьжээ.

“,Ким нарын уулзалт өндөрлөв” хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь хоёр удаа уулзаж байсан талаараа дурдаад, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэ үед дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү уулзалт нь 70 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт болоод цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох чухал уулзалт болохыг тэмдэглээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд голчлон анхаарч ажиллах болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын баг гаргахаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээв.

Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тяньаньмэний талбайд байрлах Хятадын ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.