Categories
мэдээ нийгэм

​Сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогтнарын шүүх хурал өнөөдөр болно

Олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогт А.Одмөнх, Г.Ганхуяг, Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.04.26/ нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрладаг “Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, тэдний нэг С.Бямбацогт нь сэлэм эргүүлж бусдын биед халдахыг завдсан юм. Хуулийн байгууллагаас С.Бямбацогт нарыг Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6-1-д зааснаар буруутгаад буй. Тухайлбал,

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах

1. Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Categories
мэдээ улс-төр

“Бүс ба зам” дээд түвшний уулзалт албан ёсоор эхэллээ

БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд өнөөдөр “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт албан ёсоор эхэллээ.

Энэхүү олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, төлөөлөгчдийн хамт оролцож байна.

Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Шин Жиньпин нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэрээ үг хэлэхээр төлөвлөж байна.

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Ундармаа охиныг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болжээ.

Алга болсон даруйд эцэг эх нь сумын бүх айлуудаар сураглаж яваад 20:00 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Хэсгийн төлөөлөгч тухайн өдрийн 00:00 цаг хүртэл эрлийн ажиллагаа явуулаад сумын засаг даргад мэдэгдсэн байна.

Улмаар нийслэл болон аймаг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй хамтарч эрлийн ажиллагааг явуулж байгаа аж. Сумын ойролцоох 10 км-ийн орчимд зургаан удаагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч охины сураг өнөөдрийг хүртэл гараагүй байна. Эрлийн ажиллагааг 24 цагаар хүч нэмэгдүүлэн хайж байгаа талаар сумын хэсгийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Б.Ундармаа охин алга болох үедээ дээгүүрээ бүдэг цэнхэр нимгэн юүдэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд, улаан пүүзтэй байсан аж.

Охины ээж Б.Цогтдэлгэр “Охиныхоо алга болсныг 19:30 цагийн үед л мэдсэн. Усанд орчихоод л жаахан гадаа тоглоод ирье гээд гарсан. Хөдөө газар нам тайван байдаг болохоор би нэг их тоогоогүй гаргачихсан юм. Сүүлд хоёр жаахан хүүхэдтэй тоглож байгаад л сураггүй болчихлоо. Та бүхэн минь туслаад олонд хүргэж өгөөрэй” гэж хэлсэн юм. Б.Ундармаа охин хоёр хүүхэдтэй айлын бага нь юм байна.

Охины аав Д.Бибиш “Охин алга болдог өдөр хөдөө явж айлын ажил хийсэн л дээ. Ирээд эхнэрээс “Охин хаана байна” гэж асуухад “Арын тоглоомын талбайд тоглож байна, би саяхан харсан” гэсэн юм. Үүнд нь би тайвширчихсан юм. Гараад хайя гэж бодоогүй. Энэ л их буруутлаа. 19:30 цагийн орчимд гарч хайгаад сумын бүх айлуудаар сурагласан ч барааг нь хараагүй” гэж хэлэв.

Охин алга болсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сум Дархан-Уул аймгаас 36 км, засмал замаас зургаан км, төмөр замаас 15 км-ийн зайтай их хөлийн газар юм. Хойд бүст нутаглах залгаагүй Жавхлант сум Замын-Үүдээс ялгаагүй хөдөлгөөнтэй газар юм байна.

Туранхайдуу, дэлдэн чихтэй, давхраатай нүдтэй, шаргал үстэй Б.Ундармаа охиныг харсан хүн 99108260 болон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101, 99195263 утсанд мэдээлэл өгөх юм байна.

Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгалах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөх цавын “МАК-ЕВРОЦЕМЕНТ” үйлдвэр евро чанарыг монголд нутагшуулжээ

МОНГОЛЧУУДАД ТҮГЭЭСЭН САЙН МЭДЭЭ

“МАК компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа” гэсэн мэдээлэл хоёр жилийн өмнө хэвлэлээр цацагдаж, нээлтэд нь тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байлаа. Энэ бол монголчууд бидний хувьд гэрэл гэгээтэй сайн мэдээ болж түгсэн юм. Бүтээн байгуулалт өрнүүлж, үйлдвэрлэл хөгжинө гэдэг Монгол Улс өсөн дэвжих, өөдлөн хөгжихийн үндэс суурь билээ. Ердөө хоёр гуравхан жилийн өмнө монголчууд цементийнхээ дийлэнхийг урд хөршөөсөө худалдаж авдаг байсан. Вагон вагоноор урдаас урсан орж ирэх цементийг “стандартын шаардлага хангадаггүй”, “үнстэй хольдог учраас чанаргүй” гэсэн гомдол байнга дагалддаг байлаа. Барилгын чанар муудсан нь ч үүнтэй холбоотой гэдэг. Тухайн үед ганц байсан Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадал дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжгүй, хүчин чадал нь ч хүрэхгүй байв. Яг энэ үед МАК жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий өндөр технологийн үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан нь гадагшаа урссан мөнгөний их урсгалыг зогсоох бодит ажил болсон юм. Түүгээр ч барахгүй ажлын байр нэмэгдэж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж эхлэв. Энд онцолж хэлэх чухал нэг зүйл бол Данийн Вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth” компанийн дэлхийд танигдсан Евро стандартыг Монголд нутагшуулж, монголчууд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг олгосон юм.

ЖИЛД САЯ ТОНН ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР

МАК-ийн барьсан энэхүү цементийн үйлдвэртэй танилцах завшаан тохиосон бөгөөд дараахь сурвалжлагаар Хөх цавын хөндийд сүндэрлэсэн бүтээн босголтын талаарх мэдээллийг уншигч танд хүргэе.

Дорноговь аймгийн Даланжаргалан бол Улаанбаатар хотоос 305 км, аймгийн төвөөсөө 150 км зайтай сум. Энэ сумын Хөх цавын хөндийд МАК-ийн барьж байгуулсан “Евро цемент”-ын үйлдвэр нь холоос маш том цамхаг мэт харагдах юм билээ. Ойртох тусам хоорондоо холбоотой өндөр том том байгууламжууд, орон сууц, дотуур байр, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай зэрэг нэгэн цогц хотхон болж тодрох нь гайхалтай.

Тус үйлдвэрийн дарга болон ерөнхий инженерээр газарчлуулан үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтэцтэй танилцсан юм. Анх үйл ажиллагаа эхэлсэн жилдээ 100 гаруйхан мянган тн цемент үйлдвэрлэж зах зээлд гаргаж байсан бол өнгөрсөн жил 420 мянган тонн цемент үйлдвэрлэн борлуулсан хэмээн инженер залуу хэлэв. Энэ нь үйлдвэрийн нийт хүчин чадлын 40 хувь гэсэн үг. Тэгвэл2018 онд манай дотоодын зах зээлд 900 мянган тонн цемент борлуулагдсан байдаг бөгөөд Хөх цавын цементийн үйлдвэр дотоодын цементийн 47 орчим хувийг нь хангажээ. Бүтэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээг дангаараа хангаж чадах юм байна.

“МАК Евро цемент” үйлдвэр нь цементийн технологийн тэргүүлэгч “FLSmidth” компанийн техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК ХХК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулсан байна. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайд 110 кВ хүчдэлийн агаарын шугам татаж, 110/10кВт-ын 32000кВА чадалтай дэд станц барьж байгуулжээ.

ГОВЬД ЦОГЦОЛСОН ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Эхлээд бид үйлдвэрийн Удирдлагын төв байраар ороход ирийсэн олон дэлгэцийн өмнө 4-5 хүн сууж байв. Энд анхдагч түүхий эдийг хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх технологийн бүхий л дамжлагын үйл явцыг хянаж, удирдаж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн техник, технологийн бүхий л үйл ажиллагаа, үйлдвэрлэлт нь аюулгүй, найдвартай, нарийн тохируулгатай, автоматжуулсан системээр явуулдаг болохыг энэ өрөөнөөс харж болно гэсэн үг.

Хиймэл оюун ухаан моодонд орж, хүнээс дутахгүй роботууд хөдөлмөрийн талбарт ажиллаж эхлээд удаж байна. Роботууд телевизийн нэвтрүүлэг уншиж, хүүхэд харж, настныг асарч, хийхгүй юмгүй болжээ. Энэ тухай бид ихэвчлэн гадаад мэдээллээс харж, гайхдаг бол Монголын говьд цогцлоосон МАК-ийн “Евро цемент”-ийн үйлдвэрт өнөө гайхал робот “ажлаа хийгээд сууж” байхтай таарав. Юу гэвээс үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нь өндөр чанартай гарах гол нууцын нэг нь тэдний “Робот лаборатори” болж байна. Тэнд түүхий эд, бүтээгдэхүүний бүхий л дээжийг автоматаар авч, чанарыг хянаж шинжилнэ. Робот нь цаг тутамд нэг дор 300 ширхэг дээжинд шинжилгээ хийдэг бөгөөд хүсвэл 30 минут болгонд хийсэн ч чадна гэнэ. Орц найрлага зөв явж байгаа эсэх, алийг нь нэмж багасгах гэх мэтээр чанарын стандартаа робот маань хатуу барина. Хүний оролцоо байхгүй учир хүний хүчин зүйлээс үүдэлтэй чанаргүй бүтээгдэхүүн гарна гэсэн ойлголт байхгүй. Хүн нэгийг нь мартаж болно, зарим найрлагыг нь стандартаас бага хийчихэж мэднэ. Роботууд тийм алдаа гаргадаггүй учраас бүтээгдэхүүний чанар тогтвортой сайн байдаг ажээ. Ийнхүү бүрэн автоматжуулагдсан технологийн удирдлага хяналтын систем, робот лабортори, чанартай тоног төхөөрөмж, чадварлаг боловсон хүчинтэй учраас тэд уриагаа ТӨГС ЧАНАР хэмээхийн нэгэн учиг энэ болой.

ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ УРТ ХУГАЦААНД НЭМЭХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

Цементийн үндсэн түүхий эд нь шохойн чулуу. Нэг тонн цемент байлаа гэхэд 78-84 хувь нь шохойн чулуу, 14-16 хувь нь шавар, төмрийн хүдэр нэг орчим хувь, гөлтгөнө бага хэмжээгээр орж байж бидний мэдэх цемент бий болдог ажээ. Цементийн үйлдвэрээс баруун урагш 14 орчим км Хөх цавын шохойн чулууны уурхай бий. Шавар, төмрийн хүдрийн ордууд нь 10 гаруй км-ийн зайтай байдаг бөгөөд түүхий эдээ машинаар үйлдвэр рүүгээ зөөдөг ажээ. Шохойн чулуу,гөлтгөнө, элс, шаврын ордууд “МАК”-ийн эзэмшилд байдаг нь бүтээгдэхүүн зах зээлд хямд гарах нэг гол шалтгаан аж. Учир нь үндсэн түүхий эдээ холоос, өөр уурхайгаас зөөвөл алдагдалтай байх бөгөөд үнэ ч нэг жигд байх боломжгүй юм. Өөрийн уурхайгаас түүхий эдээ татах нь удаан хугацаанд үнэ нэмэгдэхгүй үндэс суурь нь болдог. Харин энэ нарийн ширийнийг мэдэхгүй тохиолдолд олон орд газар эзэмшдэг юм шиг харагдах тал байдаг бололтой.

ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЦ

Цементийн үйлдвэрийн байгууламж бол асар том. Лифтээр хамгийн дээд цамхагт гарч харвал эргэн тойрон алган дээр тавьсан мэт илхэн. Доошоо харвал алхаж яваа хүн өчүүхэн жижиг үзэгдэнэ. Энэ байгууламжийн өндөр 40 давхар барилгатай тэнцэнэ гэхээр аварга том гэдэг нь төсөөлөгдөх буй за.

Цемент, шохойн үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтыг энгийнээр тайлбарлая. Мэргэжлийн үг хэллэг оруулбал энгийн хүн ойлгоход хэцүү болж магад. Тус үйлдвэр 3 үндсэн хэсэгтэй. Хамгийн түрүүнд түүхий эд бэлтгэлийн хэсгийг онцлох учиртай. Тээвэрлэж авчирсан шатаах түүхий эд болох нүүрс, үндсэн түүхий эд болох шохойн чулуу, нэмэлт түүхий эд болох шавар, гөлтгөнө, төмрийн хүдэр зэргийг буталж, жижиглэн тус бүрийн 3000т-оос 30000т-ийн нуруулдаж, уриншуулж нөөцөлнө.

Дараагийн үндсэн хэсэг нь чулуунцар үйлдвэрлэх хэсэг юм. Энд бүхий л түүхий эдүүдийг хольж хүчирхэг булт босоо тээрмээр тээрэмдэж гурил мэт нунтаг хольцийг бий болгож 7500т багтаамжтай битүү силосонд нөөцөлнө. Үүссэн нунтаг хольцийг 5 үет бүлэг циклон бүхий 110м өндөртэй байгууламжинд Цельсийн 900 орчим градус хүртэл нь халааж, улмаар эргэлдэгч зууханд 1500 орчим градусаар шатааж чулуунцарыг үйлдвэрлэнэ. Ингэж хоногт 3000т хүчин чадалтайгаар цементийг хатуу хоргол хомоол шиг хэлбэртэйгээр чулуунцар болгон анхлан үйлдвэрлэн гаргадаг байна.

Эцэст нь цемент үйлдвэрлэх хэсэг юм. Энд нөгөө саарал чулуунцарыг үнс, гөлтгөнө, шохойн чулуутай хольж дэлхийд зөвхөн “FLSmith” компанийн лицензтэй 225т/цаг хүчин чадал бүхий аварга том, булт босоо тээрэмд нунтаглаж бидний их бүтээн байгуулалт, барилгын талх гэгдэх цементийг үйлдвэрлэн гаргадаг байна.

Энэ бүхий л технологийн процессийн үйл ажиллагаа нь бүрэн автоматчлагдсан, чанарын найдвартай хяналтанд байна гэж төсөөлөхөд хэцүү зүйлийг нүдээр хараад бишрэхгүй байхын аргагүй юм билээ.

Мөн үйлдвэрлэсэн цементээ 200 т/цаг хүчин чадалтай задгай, 360 т/цаг хүчин чадалтай 50 кг-ийн савалгаатай, 90 т/цаг хүчин чадалтай 1.5-2.5 т-ийн том савлагаатай 3 хэлбэрээр борлуулалтанд бэлтгэн галт тэрэг, автотехникт ачилтуудыг хийдэг байна.

Цементийн задгай ачилтын 74 тонн багтаамж бүхий хоппер вагон УБТЗ-ийн хэмжээнд 18-хан байсан тул МАК компани өөрийн хөрөнгөөр 182 хоппер вагоныг Украин улсаас захиалан худалдаж авахад хүрсэн байна.

Үйлдвэр нь уулын машин техникт үзлэг хийх, засах, сэлбэг эд ангийг үйлдвэрлэх, нөхөн сэргээх цехтэй. Үйлдвэр дотроо орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгтэй. Ажилчдын хувцас солих өрөө, душ зэрэг нь тун тав тухтай, тохилог цэвэрхэн юм. Хөх цавын цементийн үйлдвэр 800 гаруй ажиллагсадтай, бүрэн хүчин чадлаараа ажиллавал 3 ээлж гарна. Ажиллагсдын 50 орчим хувийг орон нутгийн залуус эзэлдэг. Мөн аймгийн МСҮТ-д мэргэжлийн ажилчдыг олноор захиалж байгаа нь хөдөөд ажилгүйдлийг бууруулах бодит алхам болж байна. Мөн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөллийг бий болгож байгаа аж. Үйлдвэрийн дэргэд ээлжийн ажилчдын 4 давхар шинэхэн байр байх бөгөөд мөн л ажилчдынхаа тав тухыг хангахад чиглэсэн фитнессийн танхим, номын сан, кино театр, дэлгүүр, биллиард теннисийн өрөө зэраг 4 одтой зочид буудлын хэмжээнд тохижуулалт хийсэн байна.


УЛСЫН ТӨСӨВТ ЖИЛД 32,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

“МАК Евро цемент” үйлдвэр бүрэн хүчин чадалдаа хүрснээр Монгол Улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлож, валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана гэж “Монголын Алт” компанийн удирдлагууд үзэж байна.

МАК-ийнхан зөвхөн дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй өнөө жил анх удаа гадаадад гаргахаар гэрээ хийжээ. Хойд хөрш рүү жилд 400 мянган орчим тонн цемент гаргахаар гэрээ хийгээд байгаа бөгөөд евро технологийн чанартай цементийн эрэлт хэрэгцээ хаана ч байдаг аж. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл “МАК Евро цемент” үйлдвэр өндөр маркийн олон янзын цемент үйлдвэрлэдэг. Заримыг нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад захиалж авдаг байна. Яагаад гэвэл, шүлтлэг орчинд тэсвэртэй цементийг зөвхөн эднийх л үйлдвэрлэх боломжтой. Бас нэгэн сонирхолтой нь ус чийгт тэсвэртэй барилга байгууламж барих зориулалтын цемент юм. Хэрэв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулна гэвэл стандартад нийцэх цементийг нийлүүлэх газар Монголд эднийхээс өөр байхгүй гэх юм билээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байх Сонсголонгийн гүүр, цементэн замыг барихад МАК-ийн цементийн үйлдвэрээс багахан захиалга авчээ. Багахан гэсний учир Хятадын хөрөнгө оруулалттай, хөнгөлттэй зээлээр хийж байгаа бүх бүтээн байгуулалт Төв аймгийн Баян сумын нутаг дахь “Улааны цементийн үйлдвэр”-ээс цементээ авдаг. Яармагийн нүүр, замын дийлэнх цементийг ч уг үйлдвэрээс авчээ. Тиймээс МАК-ийн зүгээс Барилга, хот байгуулалтын Яаманд нэгэн хүсэлт гаргасан байна. Гол утга нь концессоор болон гадаадын зээл, тусламжаар барьж, байгуулж байгаа том төслүүдийг хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого бариач гэж. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалтаар том төсөл хэрэгжүүлж, барилга байгууламж барьсан ч түүхий эд, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг нь Монголын дотоодын үйлдвэрлэгчдээс авч байх заалтыг дүрэм, журмандаа оруулж өгөөч гэж хүссэн хэрэг. Ингэвэл үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа сэргэж, улам л өргөжих боломж нээгдэнэ.

“Монголын Алт” компани нь цаашид үргэлжлүүлээд 130 мянган тоннын хүчин чадалтай барилгын болон металлургийн шохой үйлдвэрлэх Итали технологи бүхий шохойн үйлдвэр, Японы тэргүүлэгч технологийн дагуу төмөр бетон хийцийн үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж буй аж.

Монголчууд хоцрогдож, орхигдсон технологийг шилжүүлэн авч ирж байсан цаг үе ард хоцорч, үр ашигтай, эдийн засгийн өгөөжтэй, манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологитой үйлдвэрүүдийг барьж байгуулах боломжтой гэдгийг МАК-ийн Хөх цавын Цементийн үйлдвэр бодитоор харууллаа.

Ийн Дорнын говьд үлгэрийн гэмээр том үйлдвэр сүндэрлэж, тэнд ажил өрнөж, амьдрал буцалж байна. Ажилсаг, бүтээлч хүмүүсийн хичээл зүтгэлээр бий болсон Хөх цавын цементийн үйлдвэр монголчууд бид хий хоосон ярих биш хийж бүтээх, хөгжих боломж байгааг бүрэн утгаар нь нотолж байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар барилгын материалын 800 гаруй жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж байна. Бүтцээр нь ангилан үзвэл: Цонх хаалганы үйлдвэр 300 гаруй, Керамик эдэлхүүний үйлдвэр 80, Элс хайрганы үйлдвэр 100, Бетон эдлэл, төмөр бетон хийцийн үйлдвэр 28, Бетон зуурмагийн үйлдвэр 144, Хөнгөн бетоны үйлдвэр 30, Хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмайн үйлдвэр 14, дулаан тусгаарлах материалын үйлдвэр 16, полистрол хавтангийн үйлдвэр 48, шохойн үйлдвэр 23, ган туйвангийн үйлдвэр 12, хуванцар хоолойн үйлдвэр 8, цементийн үйлдвэр 5 байна. Эндээс харахад барилгын бараг бүх төрлийн материалын хувьд дотоодын өнөөгийн хэрэгцээгээ хангах боломжтой болсоор байгаа өөдрөг мэдээгээр сурвалжлагаа өндөрлөе.

Categories
мэдээ нийгэм

Монгол, АНУ-ын ГХЯ-ны консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт болжээ

Монгол Улс болон АНУ-ын ГХЯ-ны консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 25-нд Вашингтон хотноо болжээ. Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, америкийн талын төлөөлөгчдийг АНУ-ын Төрийн Департаментын Туслах төрийн нарийн бичгийн дарга Эдвард Ж. Рамотовски нар тус тус тэргүүлсэн бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Сан Франциско дахь Ерөнхий консулын газар, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ, ГХЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аян олон нийтэд хүрч, тодорхой үр дүнд хүрч буйг сайшаав.

Мөн уулзалтаар АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт монгол иргэдийг өргөнөөр хамруулах боломжийг эрэлхийлэхээр тогтсоноос гадна Монгол Улс алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт орох шалгуур үзүүлэлтүүдийг хангах зорилт тавин шат дараатай арга хэмжээ авч байгааг америкийн талд мөн мэдэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Эрдэнэсийн сангийн төсвийг хаалттай хэлэлцэж байна

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хаалттайгаар хэлэлцэхээр чуулганыг хаалттай горимд шилжүүлэв.

Үдээс хойшхи хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх, эсэх/;
  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/хаалттай/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнх-Эрдэнэ: Нефтийн үнэ энэ жилдээ өснө гэсэн таамаг голлож байна

-ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНГӨРСӨН САРУУДЫН ҮНИЙН ӨСӨЛТ МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ИРЭХ САРААС МЭДРЭГДЭЖ ЭХЭЛНЭ-

Эдийн засагч, шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өнгөрсөн оны сүүлийнхээс 40 хувиар өсчихөв үү?

-Тэглээ. Өнгөрсөн оны сүүлчээр 55 ам.доллар байсан бол одоо 74 ам.доллар болоод өсчихлөө. Энэ бол маш өндөр өсөлт. Өнгөрсөн саруудад өрнөсөн энэ өсөлт дараа дараагийн сард бензиний үнэ дээр нэмэгдээд ороод ирнэ. Өнөөдөр хэрэглэгчдэд хүрч буй шатахууны үнэ бол өнгөрсөн хоёрдугаар сарын дэлхийн зах зээлийн ханш. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг анзаарахад сүүлийн таван жилд их савлагаатай байгаа. Ханш 30, 40 хувиар өссөн үе байна. Өнгөрсөн жил бүр 80 хувь давсан. Шатахууны үнэ маш том улс төр, геополитикийн сэдэв болж хувирсан нь эндээс харагдаж байна. Сүүлийн жилүүдэд Америк энэ зах зээл дээр маш том амбицтай тоглогч болохоор зүтгэж яваа. Шатахууны үнийг Путин, Трамп, Бен Салман гурав тодорхойлж байна.

-Ханшид хүчтэй нөлөөлж байгаа нь АНУ гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. АНУ нэг талаас гарцаа нэмэгдүүлж эхэлсэн. Нөгөө талаас томоохон нийлүүлэгч улсуудыг шахаж байна. Иранд цөмийн хөтөлбөрийг нь дэмжихгүй гэсэн шалтгаанаар хориг тавьж байгаа. Энэ хориг өнгөрсөн жилийн ханшийн өндөр өсөлтийг бий болгосон. Үүнээс болж манай улсын шатахууны жижиглэнгийн үнэ түрүү жил 300 төгрөгөөр өссөн. Оны эцэст хориг бага зэрэг зөөлрөөд ирэнгүүт брент нефть газрын тосны үнэ маш хурдацтайгаар унасан. Хоёрдугаар шалтгаан бол Америк, Хятадын худалдааны дайн. Өнгөрсөн оны сүүл хүртэл хурцадсан худалдааны дайнаас болж дэлхийн эдийн засгийн өсөлт буурна гэсэн таамаг их явсан. Эдийн засгийн өсөлт буурахаар нефтийн эрэлт буурна гэсэн хүлээлт бий болсон юм. Тэр үед нефтийн үнэ хэсэг хугацаанд огцом унасан. Гэтэл уржигдар (дөрөвдүгээр сарын 23) Трамп нэг мэдэгдэл хийчихлээ. Иранд тавьсан хоригоо өмнө нь зөөллөсөн бол одоо буцаагаад хатууруулчихлаа. Хоёрдугаарт Си Жиньпин, Трамп хоёр гадаад худалдаан дээрээ шийдэлд хүрлээ гэж зарлаад байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн өсөлт эргэж тогтворжих, тэрийгээ дагаад нефтийн эрэлт нэмэгдэх нөхцөл байдал үүсчихлээ л дээ.

-Тэгэхээр дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөх өндөр магадлалтай болчихлоо гэсэн үг үү?

-Ерөнхийдөө тийм. Нефтийн үнэ энэ жилдээ лав буурах боломж харагдахгүй байна. Өсөх таамаг давамгайлаад эхэллээ. Үүнийг дагаад сая шатахууны үнэ 50 төгрөгөөр өсчихлөө. Тэгэхээр цаашдаа нэмэгдэх эрсдэл өндөр байна.

-Шатахууны зах зээлийг тодорхойлж байгаа АНУ нийт нийлүүлэлтийн хэчнээн хувийг эзэлдэг вэ?

-Хэдхэн жилийн өмнө дэлхийн шатахууны нийт нийлүүлэлтийн 50 ч хүрэхгүй хувийг эзэлж байсан бол өнөөдөр 11 хувь болчихсон. Нийлүүлэлтийн хэмжээгээрээ ОХУ, Саудын Арабтай ойролцоо ирчихсэн гэсэн үг. ОПЕК-ийн зарим нэг улсын нэг брент нефть газрын тос олборлож буй өртөг маш өндөр болсон. Олон жилийн турш олборлосон учраас өртөг нь цаашдаа хүссэн хүсээгүй өсөөд явна. Занарын хувьсгал хийж занараас шатахуун гаргасан Америкийн хувьд зардлаар өрсөлдөх давуу талтай болчихсон. Энэ утгаараа Трамп гэдэг хүн Монголд шууд болон шууд бус маш олон арга замаар нөлөөлж байна. Трамп нэг мэдэгдэл хийхэд л алтны ханш өсдөг. Нефтээр дамжаад манай шатахууны үнийг өсгөчихлөө. Өнгөрсөн жил худалдааны дайныг Хятадтай эхлүүлээд зэсийн үнийг унагасан. Нүүрсний төмөр зам барина барихгүй, баруун тийшээ, зүүн зүг рүү барина гэж маргаж суухад дэлхий ингэж хавтгайрч байна. Том гүрнүүд дахин тэнцвэр олох гэж хоорондоо өрсөлдөж, чи эхэнд үү, би түрүүнд үү гэдэг дайн өрнөж байна.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөөр өсгөдөг хэрнээ унахаар нь үнээ буулгахгүй юм гэсэн бухимдал иргэдэд байдаг. Дотоодын шатахууны үнийн хувьд дэлхийн зах зээлийн ханштай яаж уягддаг юм бол. Энэ сард нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өслөө гэхэд нөлөө нь хэдий хугацааны дараа бидэнд мэдрэгдэх вэ?

-Иргэд A-92 шатахууныг төгрөгөөр худалдаж авдаг. Тэр утгаараа эцсийн хэрэглэгч хоёр төрлийн ханшийн эрсдэлд ордог. Нэг нь дэлхийн зээл дээрх газрын тосны үнийн савлагаа. Нөгөө нь төгрөгийн сулрал. Шатахуун импортлогчид бүтээгдэхүүнээ ам.доллараар аваад иргэдэд төгрөгөөр зардаг учраас долларын ханш чангарч, төгрөг сулраад байвал дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ унасан ч Монголд бензиний үнэ унахгүй. Дэлхийн зах зээл дээр брентийн үнэ тогтвортой байсан ч Монголд төгрөг сулраад байвал бензиний үнэ өснө. Брент нефтийн үнэ унахад яагаад дагаад унахгүй байна гэхээр Монголд сүүлийн таван жилд төгрөг тасралтгүй суларч ирсэн.

-Өнгөрсөн жил шатахууны үнэ буурсан шалтгаан нь тэгвэл юу байв?

-Нефтийн үнэ огцом унасан юм. Огцом савлагааны үед тодорхой хэмжээнд үнэ бууна. Тав, арван хувийн уналтад дотоодын шатахууны үнэ буух боломж бүрдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ам.долларын чангаралт нефтийн ханшийн бага хувийн уналтыг “идчихээд” байна л даа. Нэг сайн мэдээ бий. Хэдэн жилийн өмнөөс манай худалдаж авдаг нефтийн үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй шууд уялдаатай болж эхэлсэн. Өмнө нь бид оросуудын хэлсэн үнээр авдаг байсан бол одоо Сингапурын биржийн үнээр шатахуунаа авдаг болсон. Тодруулж хэлбэл Сингапурын биржийн өмнөх сарын нефтийн ханш манай улсын энэ сард худалдаж авах шатахууны ханшид үйлчилж байгаа. Товчхондоо дэлхийн зах зээлийн үнэ манай улсад нэг сарын дараа нөлөөлдөг.

-Өнгөрсөн сард дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ багагүй өссөн. Тэр өсөлт энэ сард хэрэглэгчдэд очих шатахууны үнэд нөлөөлнө гэсэн үг үү?

-Хэрэглэгчдэд энэ сард биш ирэх сард нөлөөлнө. Учир нь дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ импортын компаниудын худалдаж авч байгаа үнэд сарын дараа нөлөөлдөг юм. Импортын компаниуд энэ сард худалдаж авах шатахуунаа хоёр, гурван сарын нөөцтэйгөөр өмнө нь авчихсан байх тохиолдол бий. Ийм тохиолдолд ханш уналаа ч өмнө нь өндөр үнээр авсан шатахуунаа зарж дуусаагүй бол үнээ буулгах аргагүй. Өмнө нь авсан шатахуунаа зарж байж л үнээ буулгах боломж гарч ирнэ. Тийм онцлогтой бизнес л дээ.

-Шатахууны үнэ цаашид хэд болж өсөх бол, шинжээчид ямар таамаг хэлж байна вэ?

-Шинжээчид оны эцэст дундаж ханшийг 70 байх болов уу гэж таамаглаж байгаа. Хамгийн ихдээ 100 ам.долларт хүрч өснө гэсэн таамаг байна.

-Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөх нь, дагаад манайд шатахууны үнийн өсөлт баараггүй болчихож гэж ойлголоо. Манай улсын худалдаж авч буй брентийн үнийг тогтворжуулах боломж байгаа юу?

-Тогтворжуулах боломж байгаа. Олон улсын хэллэгээр бол хэжинг (hed­jing) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ханшийн өсөлт болон уналтаас сэргийлэх боломжийг бий болгодог арга хэрэгсэл. Импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг манайх шиг улсууд ханшийн өсөлтөөс айдаг. Хэжинг ашиглавал гурван сарын дараа авах нефтийнхээ үнийг өнөөдөр тохирч болно. Гурав, зургаан сарын дараа, жилийн эцэст ханш өснө гэдэг хүлээлт байгаа бол 74 дээр нь хэжлээд оны үлдсэн сард авах нефтийн үнийг 74 дээр тогтоож болно. Үүнийг хэжинг гээд байгаа юм. Оны эцэст нефтийн үнэ 100 ам.доллар болж өслөө гэхэд өнөөдрийн 74 ам.доллараар шатахуунаа худалдаж авна гэсэн үг. Бид энэ талаар өнгөрсөн жил Засгийн газрын холбогдох газруудад танилцуулсан. Хэрвээ бид өнгөрсөн жилийн өдийд брентийн үнэ 60 орчим ам.доллар дээр байхад хэжинг хийчихсэн бол түрүү оны 300 төгрөгийн ханшийн өсөлтийн тал нь байхгүй болох боломж байсан. Саявтар бас 55 хүртэл унасан даа. Тэр үед нь хэжинг хийх боломж байсан. Тэгсэн бол шатахууны үнэ саяных шиг 50 төгрөгөөр өсөхгүй байсан.

-Одоо хэжинг хийвэл оройтчихсон уу?

-Одоо хэжинг хийхэд оройтсон.

-Тэгэхээр өнгөрсөн хоёр гурван сард ажиглагдсан дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн өсөлт ирэх нэг, хоёр сарын хугацаанд манайд нөлөөлж, шатахууны үнэ шатлаад өснө гэсэн үг үү?

-Тэгнэ. Импортлогч компаниуд зардал нь өсөөд ирэхээр Засгийн газарт “Ашиггүй боллоо, өсгөхөөс аргагүй нь” гэж хандаж таарах байх л даа.

-Импортлогч компаниуд тэгж хандлаа гэхэд Засгийн газарт хэрэглэх арга бий юу?

-Өнөөгийн нөхцөлд бол арга гарц харагдахгүй байна. Шатахууны үнэд дөрвөн шалтгаан нөлөөлдөг. Брент газрын тосны дэлхийн зах зээлийн ханш, төгрөг долларын ханшийн харьцаа, Засгийн газрын онцгой албан татварын өсөлт бууралт, ОХУ-ын татвар нөлөөлдөг юм. Брент газрын тосны үнэ өсөөд долларын ханш чангараад байхаар Засгийн газарт ганц үлддэг хэрэгсэл нь онцгой албан татвараа бууруулах. Тэгж байж шатахууны ханшийг тогтвортой байлгадаг. Өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ өсөөд, төгрөг суларч байх явцад Засгийн газар онцгой албан татвараа бууруулсаар ирсэн. Тэгсний эцэст жил гаруйн өмнө татварын хувь тэг рүү орсон. Онцгой албан татваргүй болсон гэсэн үг. Ийм нөхцөлд хүрсэн учраас шатахууны үнэ хүссэн хүсээгүй өсөөд эхэлсэн юм. Онцгой албан татвар бол хязгаартай арга, бидний санал болгож буй хэжинг бол хязгааргүй арга.

-Засгийн газраас хэжинг хийх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Мөнгөн дээр гацчихаад байна л даа. Эдийн засагт “Үнэгүй үдийн хоол ч байхгүй” гэсэн үг бий. Тэр утгаараа нефтийн үнэ тогтворжуулах ажил үнэгүй байхгүй. Уг нь бид хэжингийг маш сайн эзэмшчих юм бол “Эрдэнэт”-ийнхээ зэсийг ч үнийн уналтаас хамгаалж болж байна.

-Шатахууны хувьд иргэдийн амьдралд нөлөөлдөг нь Аи-92. Аи-92-ын үнийг тогтвортой байлгах зорилгоор хэжинг хийхэд хэр хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах бол?

-Монгол Улс өнгөрсөн жил 1.1 тэрбум ам.долларын шатахуун авсан. Бүтэн жилийнхээ хэрэгцээг ханшийн өсөлтөөс хамгаалъя гэвэл шатахуун худалдаж авч буй мөнгөн дүнгийнхээ дор хаяж 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргах хэрэгтэй болно. Дэлхийн аль ч улсад хэзээ ч 100 хувиар хэжинг хийдэггүй. Учир нь ирээдүйг хэн ч 100 хувь таамаглаж чадахгүй. Тэр утгаараа хамгийн ихдээ 50 хувиар л хэжинг хийдэг. Иргэдийн амьдралд чухал нь Аи-92 гэдэг үнэн. 92-ыг тусад нь тооцохоор худалдаж авах мөнгө маань 300 сая ам.доллар л болно. Энэ мөнгөн дүнгийн 50 хувь нь гэхээр 150 сая ам.доллар. 150 сая ам.долларын 10 хувь гэхээр 15 сая ам.доллар. Ингэхээр бүр боломжийн болчихож байгаа юм. Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр бага байхад хэжинг хийчихвэл иргэдийнхээ эдийн засагт тусалж байгаа маш том ажил болно.

-Шатахуун иммпортлогчид хэжинг хийх боломжтой юу?

-Хэжингийг хоёр түвшинд хийж болно. Эхнийх нь Засгийн газар мөнгөө гаргаж хэжинг хийх. Засгийн газар нефтийн үнэ 60 ам.доллар байх оны эхэнд хэжинг хийсэн бол ханш 74 болсон өнөөдрийн хувьд баррель тутамд 14 ам.долларын ашиг олж байгаа. Засгийн газар мөнгөө гаргаж хэжинг хийснээрээ энэ ашгийг авна гэсэн үг. Тэр мөнгөө шатахуун импортлогч компаниуддаа татаас болгож өгч болно. Зах зээлд эзлэх хувиар нь мөнгөний хэмжээгээ тогтоочихно. Эсвэл шатахууны компаниуд өөрсдөө бие дааж хийж болно. Энэ тохиолдолд түвэгтэй. Зардал гээд дор хаяж 10 хувь гарна. Ингэж зардал гаргаж хийх нь шатахууны компаниудын хувьд натураль хэрэгцээ нь биш. Үүнийг нефть олборлогч компани зарах бүтээгдэхүүнийхээ уналтаас хамгаалж хийх ёстой юм.

-Шатахууны компаниуд “Долларын зээлд хамрагдаж шатахуунаа авдаг учраас хямд дээр нь их хэмжээгээр шатахуун худалдаж авч чаддаггүй” гэсэн тайлбар хэлдэг. Энэ ер нь хэр бодитой тайлбар вэ?

-Бодитой тайлбар. Тэд долларын ханш, нефтийн үнийн эрсдэл дунд явдаг. Энгийн жишээ хэлье. Ам.доллар 2500 төгрөг байхад шатахуун худалдаад авчихлаа гэж төсөөлье. Сарын дараа олсон орлогоороо шатахуун захиалах гэхээр ам.доллар 2600 төгрөг болчихсон байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд зардал нь 100 төгрөгөөр өсчихөж байгаа биз. Зөрүү мөнгийг олсон ашгаасаа гаргаж таарна. Олсон ашгаа “идэж” байна гэсэн үг.

-Та нар хэжингийн яг ямар аргыг санал болгож байгаа вэ, илүү тодруулж тайлбарлаач?

-Бидний санал болгож буй арга хаана хаанаа ашигтай. Хугацааных нь төлбөрийг тодорхой хэмжээнд төлөөд ханш өсчихвөл өнөөдрийн хямд үнээр ав, хэрвээ унавал унасан үнээр нь тухайн үедээ ав гэдэг сонголт юм. Ийм сонголт хийвэл тодорхой хэмжээний зардлыг урьдчилж төлнө. Нөгөө арга нь барьцаа байршуулах. Энэ тохиолдолд зардал гарахгүй давуу талтай. Сул тал мэдээж бий. Ханш унавал барьцаа нь идэгдэх буюу алдагдал болж хувирах аюултай. Ханш өсвөл хэлцэл хийсэн үеийн хямд үнээр авна. Ханш унавал унасан үнээр авах ч барьцаа байхгүй болно. Ингээд харахаар яалт ч үгүй эхний хувилбар нь илүү ашигтай.


Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй. Эцсийн хариуг задлан шинжилгээгээр тогтооно

Өнөө өглөө үүрийн 6 цаг орчимд 100 айлын автобусны буудлын баруун талд байрлах “Нарлаг” цайны газрын хажууд хүн буудсан хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгсөн юм. Тэрээр, “Хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй. Эцсийн хариуг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийн газарт үзлэг хийгдэж дуусаагүй байгаа учраас дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Үзлэгийг чанартай болгохын тулд хэргийн газар ажиллаж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Шүүхийн эмнэлэгийн задлан шинжилгээний хариу эцсийн хариу 21 хоногийн дотор гарна. Хэргийн газрын ойр орчмын газруудын камеруудыг шүүж үзэх гэх мэт боломжтой бүхий л ажлуудыг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүд хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын асуулгын хариуг сонсоно.

  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх, эсэх/;
  • “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хойд Солонгосын удирдагчийг ардчилсан Монголын иргэд баяр хөөртэй угтах юм гэнэ үү

УИХ-ын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзахдаа БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлах замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр засаг, ард түмэн баярлах болно гэж хэлж байх юм. Ойрын үед манай төр засгийн удирдлагууд Хойд Солонгосжих гэж их хичээх боллоо. Төр засгийн гаргаж байгаа шийдвэрүүд ч Хойд Солонгосын дэглэмтэй төстэй болж байгаа. Өнөөдрийн төр засаг үүндээ баярлаж байж магадгүй ээ. Үүнийгээ дэг журам тогтоож байна гэх биз. Төв талбайдаа мянган албан хаагчийг дасгал хийлгэж, 3333 сурагч төрийн тэргүүнтэйгээ шүлэг уншиж, цэргийн холбоо байгуулж, тэр холбоогоороо залуусыг соён гэгээрүүлэх юм ярих болов. Яг л социализмын үеийн дүр төрх тодроод байгаа юм. Тэр нэгдсэн журмаар дасгал хийлгэж, нэн олноор нь шүлэг уншуулах бол Майн баяр, Октябрийн баярын нэг хэсэг шүү. Бүр болоогүй ээ, “Хувьсгалын удирдагчийн үгийг хана таазан дээрээ бичээд, өглөө бүр унш” гэж УИХ-ын гишүүн нь үүрэгдлээ. Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, айлын орон сууц хаана л бол хаана , хана тааз, хаалга хатавчгүй улаанаар бичсэн уриа лоозонтой үе дурайтал орж ирж байгаа биз дээ. Бас болоогүй өглөө бүр өнөөх суртал ухуулгын үгнүүдийг залхтал уншуулж, лекцдээд байсхийгээд л мартсан эсэхийг нь шалгадаг байсан аа даа. Ардчиллын төлөө жагсаж тэмцэж, эхний эгнээнд явсан хүн ийм үеийн талаар тийм бахтай хэлж суух гэж.

Улс орнууд нүдэн дээр тасраад явчихлаа. Тэд салбар салбарт гайхамшгийг бүтээж байна.Манай ардчилагчид нүдэн дээр өөрчлөгдөж, социализм коммунизм ярих болов. Ярихаар барахгүй тэр үеийг санагдуулам үйлдлүүдийг тасралтгүй хийж байна. Оросын шинэ үеийн залуус Лениний тухай асуухад ихэнх нь мэдэхгүй байна лээ шүү. Харин манай улс ямар нэг хувьсгал яриад эхлэв. Өнөөх хувьсгал нь биднийг мэдээ ч үгүй байхад болоод хувьсгалын удирдагчтай ч болчихсон байх жишээтэй. Хэрэв бид мэдээгүй байхад хувьсгал болчихсон юм бол тэр лавтай урагшаа биш, арагшаа ухарсан коммунизмаа санаж санагалзсан л хувьсгал байх. Иймэрхүү хандлагатай төр засаг Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход магнай тэнийн баярлаж хөөрөөд байж магадгүй. Харин ард түмэн тэр дарангуйлагчийг вокзал дээр буугаад мордохын төлөө тэгтэл их баярлах уу. Дуу хөгжим, бүрээ бөмбөр болж, нус нулимсандаа холилдож, манай хүүхнүүд хормой хотноос нь зууралдаж орилолдох болж байна уу. Хүний улсын удирдагч байтугай өөрийнхөө улсын удирдагчдыг элдвээр нь шүүмжлээд суудаг ард түмэн шүү дээ. Таны хүслээр болж манай ард түмэн нулимс унаган баярлаж хөөрөхгүй бол яана аа, Занданшатар дарга аа. Их сайндаа л тэр хавьд яваа ганц нэг хүн “Ямар пацаан байдаг юм, харчихъя” гэж л магад. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг мэдэрчихсэн, дэлхийгээр нэг тэнээд үзчихсэн ард түмэн хэрийн юманд хөл алдахгүй л дээ. Баттай хэлэхэд баярлаж хөөрөх хүн ёстой байхгүй шүү. Сайндаа л нэг өдөр сошиалаар шаагиад хов жив, доог тохуу, сонин хачин болгоод ярина л биз.

Саяхан даа, хэдхэн жилийн өмнө. БНХАУ-ын дарга Си Жиньпин манайд айлчлахад өөдөөс нь үзэл бодлоо үйлдлээрээ илэрхийлж, төрийн тусгай хамгаалалтыг сөрөөд гүйж байсан парламентын гишүүнтэй, ийм л ардчилсан орон байсан шүү дээ. Бид мартаагүй л байна. Магадгүй Г.Занданшатар дарга Хойд Солонгосын удирдагчийг буугаад мордоход нь урьдаас бэлдсэн хэдэн хүнийг цэцэг хуар, туг бариулж зогсооё гэж бодъё. Ард нь таван алхамын зайд иргэд харин эсэргүүцлийн жагсаал хийгээд зогсож байж чадна. Манайхан чинь хаа очиж жагсаж, тэмцэж сураад бүр гаршчихсан шүү дээ. Өнгөрсөн онд Трамп Англи, Шотландад айлчлах үеэр юу боллоо. Эдгээр улсын иргэд хөл гишгэх зайгүй болтлоо олноороо цуглаж жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний явуулж буй бодлого, цагаачдын эсрэг авч буй арга хэмжээ нь ардчиллаас ухарсан хэрэг гэж тэдгээр орны иргэд эсэргүүцсэн. Ардчиллын өлгий АНУ-ын Ерөнхийлөгчийг ардчилсан орны иргэд ингэж л угтаж, ингэж л шүүмжилж байдаг. Ким Жөн Уныг тэдгээр улсуудад очвол яаж угтах нь бүр тодорхой. Тиймдээ ч Ким Жөн Ун дуртай улсдаа айлчлаад байдаггүй.

Яг тэрэн шиг баярлаж гүйлдэнэ гэж бодоод байгаа иргэд чинь хүний эрх зөрчиж, ардчиллыг байхгүй болгож байна гээд өнөөх урьж залаад байгаа хүнийг чинь хөл гишгүүлэхгүй эсэргүүцвэл яах вэ. Аль эсвэл Г.Занданшатар дарга та өөрийгөө Монголын дарангуйлагч болчихсон гэж бодоо юу. Яагаад ардчилсан Монголын иргэд Г.Занданшатарын үгэнд орж, Хойд Солонгосын удирдагчийг үзэгдээд өнгөрөх зуурт бөөн хөөр баяр болно гэж. Тиймээс УИХ-ын дарга таны хэлсэн үг улс төрийн алдаатай, бодлогогүй яриа байна лээ. Тэр хүн дайрч өнгөрлөө гээд улс төр, эдийн засгийн хувьд чухал ач холбогдол үгүй. Бүхнийг хүчээр шийддэг тогтолцоо биднээс ихээ хол гэж боддог. Сүүлийн үед болж өгвөл хүчээр шийдчихдэг төртэй болж байх шиг. Дэмжихийг хүсээгүй хуулийг нь ЖДҮ-гийн зээлийнх нь хэргээр барьцаалж, УИХ-ын гишүүдээр кнопдуулж батлаад, тусгайгийнхныг дагуулж уул уурхайн ордыг булааж аваад л…. Эцэст нь баярлаж хөөрөх, гуньж гутрах эсэхээ бид өөрсдөө мэдье. Бид чинь тусгаар тогтносон, ардчилсан Монголын иргэд шүү дээ.