Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль хийлээ

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль боллоо. Дадлага сургуулийг “Номин холдинг” компанийн агуулах худалдааны байранд зохион байгуулав. Сургуулийг хийхдээ “Улаанбаатар хотод 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин холдинг” ХХК-ийн агуулах худалдааны барилгад нуралт үүсч, их хэмжээний гал түймэр гарлаа” гэсэн цагийн байдал зарлажээ.

Уг дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар анги хүлээн авч, ослын голомтод гал унтраах үндсэн албаны болон автомеханик шат бүхий автомашинтай хүрэлцэн ирэв. 10 тн усны багтаамж бүхий автомашинаас барилгын зүүн талд гарч байгаа гал түймрийг унтрааж, галын тархалтыг зогсоож, барилгын дээвэрт асч буй галыг суурьтай хушуу ашиглан унтраалаа. Автомеханик шатыг сунгаж, барилгын дээвэр дээр байгаа дөрвөн иргэнийг аварч, 4 тн автомашинаас гал түймэр унтраах тархалтыг хийж, барилгын зүүн урд талын гал түймрийг зогсоож, автомеханик шаттай холбон барилгын дээвэрт гарсан түймрийг бүрэн унтраав.

Үзүүлэх сургуульд тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журам сахиулах алба, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын алба, дүүргийн эрүүл мэндийн алба, шуурхай удирлагын алба, улаан загалмай нийгэмлэг, үндэсний аврах бригадын эрэн хайх аврах анги, дулаан цахилгаанаар хангах алба, ариутгал халдваргүйжүүлэлт гээд гамшгийн эрсдэл тохиолдсон нөхцөлд ажиллах мэргэжлийн бүх байгууллага оролцож, бэлтгэл байдлыг бүрэн хангаж, шаардлагатай бүхий л ажиллагааг гүйцэтгэж амжилттай оролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөө жил 20 сая төл авна

Манай улсад 29.7 сая эх мал тоолуулсан. Үүнээс 20 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байгаа аж.

Өчигдрийн байдлаар оны эхний нийт эх малын 53.7 хувь буюу 15.9 сая хээлтэгч төллөж 15.6 сая төл бойжиж байна. Төл бойжилт 98.6 хувьтай байгаа аж. Аймгаар нь үзвэл, мал төллөлт Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 50-иас дээш хувьтай байгааг салбар яамнаас мэдээлэв. Харин том малын зүй бусын хорогдол 387.5 мянга байгаа аж. Хамгийн их хорогдолтой нь Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймаг байна.

Categories
мэдээ нийгэм

Хуралд оролцохоор Завхан аймгаас ирсэн багш нас баржээ

Энэ сард зохион байгуулагдсан Багшийн нарын Их хуралд оролцохоор Завхан аймгаас ирсэн “Жавхлант” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б цус харваж энэ сарын 17-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэхүү хурал 23 жилийн дараа болж буйгаараа онцлогтой аж. Уг Багш нарын VII Их хуралд 800 орчим төлөөлөгч оролцсон. Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнчимэг энэ талаар мэдээлсэн бөгөөд тэрбээр Багш нарын Их хурлын үеэр гарсан энэ хэрэг болон Багшийн хөгжлийн ордонд өнгөрсөн Бямба гарагт гарсан галтай холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан иргэн гэрээслэл үлдээсэн байжээ

Өнөөдөр өглөө 06.15 цагт Сүхбаатар дүүргийн 11- р хороо 100 айлын автобусны буудал орчимд толгойндоо буудуулсан байдалтай нас барсан иргэн нь 61 настай Ж гэгч болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.Эх сурвалжийн хэлснээр талийгаач нь хүнд өвчтэй нэгэн байсан гэнэ. Өвчний улмаас сэтгэл санаа нь тогтворгүй, өөрийнхөө амийг хөнөөсөн байж болзошгүй гэж цагдаа нар дүгнэж байгаа аж. Талийгаач нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач өөрийгөө буудсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг хэргийн газарт ажилласан цагдаа нар гаргажээ. Тодруулбал, духандаа бууны шархтайгаар амиа алдсан эрэгтэй гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Мөн түүний гараас дарь олсон гэх мэдээлэл байна. Харин хэргийн газраас буу нь алдагдсан, бууг нь цагдаагийнхан эрж хайж байна.

Тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна. Хэрэг болсон газрын ойр орчмын барилгууд камертай байсныг ч эх сурвалж хэллээ.

Categories
гадаад мэдээ

Жо Байдан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэв.

Өдгөө 76 настай Жо Байден Ардчилсан намын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлсэн 20 дахь хүн болсон байна. Тэрбээр 19 ардчилсан нэр дэвшигчтэй ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх бөгөөд тэдний дунд сенатч Элизабет Уоррен, Камала Харрис, Берни Сандерс нар байгаа аж.

Ж.Байден Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогуудыг хурцаар шүүмжилжээ. Тэрээр Дональд Трамп улиран сонгогдвол маш аюултай, тэр АНУ-ын онцлог шинж чанарыг үндсээр нь өөрчлөх болно. Үүнийг зүгээр хараад сууж чадахгүй” хэмээн хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болно.

Categories
гадаад мэдээ

​Владимир Путинг хүлээлгэсэн анхны ерөнхийлөгч Ким Жон Ун боллоо

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг лимузин хөлөглөн ирэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүлээж зогсов. Эх орондоо зочлон ирсэн гадаадын төрийн тэргүүнүүдийг хүлээлгэдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгч ийн хүлээсэн нь Солонгосын хойгийн хэрэг явдалд Орос улс оролцох чин хүсэлтэй байгаагийн илрэл бололтой. ОХУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт өчигдөр алс дорнодын Владивосток хотод найрсаг уур амьсгалтай болж өнгөрлөө. Нийт таван цаг орчим үргэлжилсэн уулзалтын үеэр Путин, Ким нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг голлон ярилцсан байна. Тэрээр Путинтай уулзахдаа “Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдал бүхэлдээ АНУ-ын цаашдын хандлагаас хамаарна. БНАСАУ бүх боломжит хувилбар нөхцөлд зохицон ажиллахад бэлэн байгаа” гэж мэдэгджээ. Энэ үеэр Ким Жон Ун өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон уулзалт амжилтгүй болсон нь АНУ-ын хандлагатай холбоотой гэж Путинд тайлбарласан тухай Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг мэдээлсэн байна. Хариуд нь Путин Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар шийдэх ёстойг батлан илэрхийлээд үүний тулд Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа хэрэгтэйг онцолжээ. Умард Солонгост тохиромжтой цагтаа айлчлан ирэхийг Ким Жон Ун урьж, Путин урилгыг талархан хүлээж авсан байна. Ким Жон Ун өнөөдөр сонгодог урлагийн тоглолт, далайн аквариум үзээд үдээс хойш нутгийн зүг жолоо залахаар болжээ. Өчигдөр хоёр удирдагч хамт үдийн зоог барихдаа орос борш, банш, хавчны салат зооглосон байна. Владимир Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Ким Жон Унтай хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнг АНУ-ын талд мэдээлнэ гэж хэлжээ. “Бидэнд нуух зүйл, ямар нэг хуйвалдаан байхгүй. Америкийн талд биднийг байр сууриа илэрхийлэхийг Ким удирдагч өөрөө хүссэн юм” хэмээн тэр ярьжээ. Владивостокын уулзалтаас ямар нэг хамтарсан мэдэгдэл гаргаж, гэрээ хэлцэл байгуулсангүй. Гэхдээ уулзалт талуудад чухал ач холбогдолтой болж өнгөрснийг тус тусын албаны эх сурвалжууд мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

Д.Нэмэхбаяр нарын шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон ч шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 13-ны 09 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.

Төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байсан Д.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг.

Мөнгийг тэрбээр хээл хахуульд авсан гэдгээ мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Нэмэхбаяр нарыг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Команд штабын сургуулиар үргэлжилж байна

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар гуравдах өдрөө үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах, нүүлгэн шилжүүлэлт, дайчилгааны тогтолцоог тодорхойлох зорилготой юм.

Тиймээс удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу ажиллаж байна.

Команд штабын дадлага сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын 900 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Осол гэмтлээс сэргийлэх, бууруулахад сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах ёстой

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрээр осол, гэмтлийн тохиолдол, түүнийг бууруулах чиглэлээр нухацтай хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах нь чухал байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдаж, дайн байлдаанд нэрвэгдсэн орныхтой дүйх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм. Зөвхөн зам, тээврийн ослоор 20 мянга 300 гаруй хүн гэмтэж, 529 хүн амь насаа алджээ.

Мөн өнгөрсөн онд 375 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 52 нь эндсэн байна. 6500 орчим хүн түлэгдсэний 67 хувь нь 0-15 насны хүүхэд бөгөөд 33 нь нас баржээ.

Осол, гэмтэл иргэдийн эрүүл мэнд, амьдралыг бусниулж, нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Статистик тоо баримтууд нь ажлын үр дүн муу, осол, гэмтлээс сэргийлэх ажил хангалтгүй байгаагийн илрэл гэж тэрээр үзэж байна. Иймээс бүх байгууллага үүнд онцгой анхаарч сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах ёстойг сануулав.

Осол, гэмтэл буурахгүй байгаа шалтгаануудыг зөв тогтоох, хоорондоо уялдаатай ажиллах, осол, гэмтлээс сэргийлэх боловсрол, дадал олгох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, иргэд эрүүл мэндээ хамгаалж, үр хүүхдээ осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх үүрэг, хариуцлагаа биелүүлж байх нь чухлыг тэмдэглэв.

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр Албан даалгавар гаргахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойш “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол, гэмтлийн тоо буурахгүй, харин ч ихсэх хандлагатай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар Ази тивийн аваргын төлөө тулалдана

Тайландын Бангкок хотноо Ази тивийн 2019 аварга шалгаруулах тэмцээн 6 дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Узбекистаны Ш.Рахимовтой мөнгөн медалийн төлөө тулалдаж ялснаар Ази тивийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Харин энэ өдөр /2019.04.25/ манай багаас эмэгтэй 4, эрэгтэй 2 тамирчин рингэнд гарч тулалдан ялагдал хүлээж хүрэл медаль хүртлээ. Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг энэ өдөр гэмтлийн улмаас рингэнд гараагүй бөгөөд хүрэл медаль хүртэхээр болов.