Categories
гадаад мэдээ

Япончууд арав хоногийн урт хугацааны амралт авна

Япон улсад тавдугаар сарын 1-нд хунтайж Нарухито хаан ширээнд сууж, шинэ эрин эхэлнэ. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Японы ард иргэд маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн 10 хоног амрах гэж байна. Энэ удаагийн амралт нь Япончуудын хувьд түүхэнд байгаагүй урт амралт болж байгаа юм. Уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын 1–нээс дөрвөн өдөр дараалан амардаг. Амралт таарсан долоо хоногийг Япончууд “алтан долоо хоног” гэж нэрлэдэг.

Урт амралтыг иргэд зарим нь завгүй өдрүүдээс түр амсхийх сайхан завшаан хэмээн сайнаар хүлээн авч байгаа ч худалдаа наймаа эрхлэгчид, томоохон үйлдвэрүүд тийм ч их сайшаахгүй байгаа гэнэ.

Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ үеэр аялал жуулчлалын урсгал идэвхжиж, худалдааны эргэлт ч огцом өсөх төлөвтэй байгаа юм. Харин томоохон үйлдвэр, компаниуд олон хоног амарснаар, хэдэн мянган хүн орлогогүй болсноор эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж нөгөө хэсэг нь үзэж байна. Мөн цаг агаарын байдал тааруу байвал аялал зугаалгын урсгалд нөлөөлж, худалдан авалт ч түүнийг дагаад буурах учир урт амралт Японы эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглах аргагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол охин “Дэлхийн бяцхан мисс” боллоо

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн боллоо.

“Little Star of the World” шагналын эзнээр тодорсон Гансүхийн Сарангоо нь Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгт явдаг бөгөөд “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний авьяас төрөлд Орчин үеийн бүжгээр оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.


Бяцхан мисс Гансүхийн Сарангоо нь “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”- шагналыг хүртсэнээр ирэх долдугаар сард зохиогдох Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцох эрхийн эзнээр давхар шагнагджээ. Бяцхан мисс охины Хүүхдийн соёл урлагийн их наадамд оролцохыг зардлыг “Best Princess of the World” холбооноос 100 хувь төлнө. Энэ нь анхны тохиолдол аж.

“Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд шагнал, титмийг хүртсэн Г.Сарангоо нь өмнө нь эх орондоо зохиогдсон“Бяцхан мисс – 2018” тэмцээний “Тэргүүн мисс”, “Мөнгөн титим” хүртэж байсан юм.

Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестивальд болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээнд “Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллага”, “Мисс Монголия” аялал жуулчлалын холбоо нарын авьяаслаг бяцхан миссүүд гурав дахь жилдээ амжилттай оролцжээ.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар алтан медаль хүртлээ

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байна. Эрэгтэйчүүдийн
60 кг-ын жинд Э.Цэндбаатар Казахстаны тамирчин З.Сафиуллинтай алтан медалийн
төлөө өрсөлдөж ялалт байгууллаа. Харин энэ тэмцээнд Монголын эмэгтэй 4,
эрэгтэй 2 тамирчин рингэнд гарч тулалдсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө
бүгд ялагдаж хүрэл медаль хүртсэн байна. Армийн дэлхийн аварга, ОУХМ
Б.Чинзориг гэмтлийн улмаас рингэнд гараагүй бөгөөд хүрэл медаль хүртэхээр
болов. Түүний хувьд чансаагаараа жиндээ /64 кг/ нэлээд дээгүүрт байгаа учраас
дараа дараагийн тэмцээнд олимпын эрх авах бүрэн боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэний дараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Тэрбээр, “УИХ 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны долдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн.

Үндсэн хуулиар бол Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд харшилвал Засгийн газар өөрөө хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл УИХ хүчингүй болгох зохицуулалттай. 2015 онд Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газрын шийдвэрийг шүүх хянадаг асуудлаар маргаан үүссэн. Энэ маргааныг Үндсэн хуулийн цэц хянаад Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй, харьяалахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн заалтууд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрын шийдвэрийг хянах оролдогыг удаа дараа хийж ирлээ. Энэ байдлыг харгалзан үзэж, Үндсэн хуулийн заалт, Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс дээрх хуулийн төслийг санаачилсан.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг УИХ шийдвэрлэсэн. УИХ-ын шийдвэрийн дараа Засгийн газар холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Засгийн газар энэ асуудлаар хоёр ч удаа шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газрын болон Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгох алхамуудыг Захиргааны хэргийн шүүх хийсэн. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Үндсэн хууль, Цэцийн шийдвэрийг зөрчин шүүхийн шийдвэр гаргасан учраас дээрх хуулийн төслийг боловсруулан оруулж ирсэн” гэлээ.

Хууль зүйн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан.

Тэрбээр, “Хууль санаачлагч Захиргааны ерөнхий хуулийн зарим зүйл, заалтад үүссэн ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засах, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх, Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 тоот дүгнэлтэд нийцүүлэн хуулийн үйлчлэлийг тодорхой болгох, хуулийн үйлчлэлд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна” хэмээсэн.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Захиргааны хэргийн шүүхэд хамаарах асуудлыг төсөлд өргөн хүрээнд тусгасныг нарийвчлах, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төсөлд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй гэж оруулсныг өөрчилж, хуулийн үйлчлэх хүрээг багасгах, дагаж мөрдөх журмын хууль гаргах замаар уг асуудлыг шийдвэрлэх, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төслийг дэмжих боломжгүй талаар саналаа хэлсэн болохыг тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Японы эзэн хаан сүүлийн албан ёсны арга хэмжээндээ оролцжээ

Баасан гарагт Японы эзэн хаан Акихито, түүний гэргий Мичико нар Парламент музейд зохион байгуулсан байгаль орчныг хамгаалагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцжээ.

Эзэн хаан дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буухын өмнө Эзэн хааны ордны гадна оролцсон сүүлийн арга хэмжээ энэ болжээ. “MIDORI” хэмээх шагналыг ургамал судлал, байгаль орчныг хамгаалах чиглэлд амжилт гаргасан хүмүүст олгодог байна.

Жил бүрийн тавдугаар сарын 4-нд тэмдэглэдэг ногоон байгалийн өдрийг тохиолдуулан олгодог энэхүү шагналыг 2007 оноос гардуулж эхэлжээ. Эзэн хаан, гэргийн хамтаар уг арга хэмжээнд жил бүр оролцсоор ирсэн юм.

2019 оны шагналын эзнээр Хажимэ Кошимизү болон Масахиро Яно нар тодорсон байна. Шагнал гардуулах ёслолын дараа зохион байгуулсан хүлээн авалтын үеэр эзэн хаан болон түүний гэргий нар шагналын эзэдтэй уулзжээ.

Эзэн хаан Акихито энэ сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хаших юм.

Categories
мэдээ нийгэм

Ким Жон Уны ОХУ дахь айлчлал дууслаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хуягт галт тэрэг ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотын төмөр замын буудлаас баасан гарагт хөдөлжээ.

Тусгай галт тэрэг хаашаа явж байгаа хийгээд хаана түр зогсолт хийх нь тодорхойгүй байгаа хэдий ч БНАСАУ-ын удирдагч Пёньян руу буцах төлөвтэй байна.

Ким Жөн Ун Владивосток хотыг баасан гарагийн орой орхих төлөвтэй байсан хэдий ч түүний айлчлал товлосон хугацаанаас эрт өндөрлөлөө. Тэрбээр галт тэргэндээ суухын өмнө цэргийн албан хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд оролцсон юм.

Пүрэв гарагт Ким Жөн Ун В.Путинтэй уулзаж, Пёньян-Москвагийн харилцааг гүнзгийрүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа онцолжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эрх баригч нам, цэргийн хүчин болон төрийн өндөр албан тушаалтнуудын хамтаар ОХУ-д хийсэн гурван өдрийн айлчлал лхагва гарагт эхэлсэн юм. Тэрбээр тус улсад анх 2011 оны эцсээр айлчилж байжээ.

Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэд, З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ

Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр таван бүсгүй барилдснаас хоёр нь хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар 18:00 цагаас хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Харин 53 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Энхцэцэг “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, эзэн орны Пан Киануд, 62 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Гантуяа 2016 оны дэлхийн аварга БНХАУ-ын Пей Шинруд, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин спортын Г.Ариунжаргал Узбекистаны Нилуфар Гадаевад тус тус ялагдснаар үзэгчдийн суудалд шилжлээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагад ирэх дуудлагын тоо 3.4 хувиар буурчээ

Энэ 7 хоногт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд ба орон нутагт онхолдох хэлбэрээр гарсан ноцтой зам тээврийн ослуудын улмаас 2 хүний амь нас хохирсон хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.04.22-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цайдмын хөндий” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, 20 настай зорчигч М-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
  • 2019.04.25-ны өдрийн 15:40 минутын орчим ХУД-ийн нутаг Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд T.Landcruiser-100 маркийн автомашин нь T.Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 22 осол, мөргөлдөх хэлбэрээр 33 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол тус тус гарсан.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурсан байна. Мөн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 3,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 13 хувиар, гэмтсэн хүн 17 хувиар өссөн байх боловч нас барсан хүн 75 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар тус тус буурсан байна.

Categories
мэдээ улс-төр

Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож, алтан мөрдөст генералууд төв талбайд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Энэ жил генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Батлан хамгаалах яам хариуцаж зохион байгууллаа.
Цэргийн дээд цол болох генерал цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. Тиймээс энэ өдрийг Монгол генералын өдөр болгон тэмдэглэж, алтан мөрдөст генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. 75 жилийн түүхэнд Монгол Улсаас нийт 181 генерал төрөн гарсан байдаг. Тэднээс маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 байдаг аж. Өдгөө 90 гаруй генерал амьд сэрүүн байгаагаас 50 орчим нь гавьяаны амралтад байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар 36 генерал төрийн алба хашиж байна.

Categories
мэдээ улс-төр

Захиргааны ерөнхий хуулийг дэмжсэнээр чуулган завсарлалаа

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалаа.

Санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 63.2 хувийн саналаар дэмжлээ. Ингээд хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана.