Categories
мэдээ нийгэм

Хур хогийн цэгийг цэвэрлэж, устгалаа

Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс зуурмаг” ХХК-ны ойролцоо 1.5 га талбайг хамарсан хур хогийн цэг үүссэн байсныг бүрэн устгалаа. Хогийн цэг устгах тендерт “Улаанбаатар шинэчлэл” ХХК шалгарч 2018 оны есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 08-ны хооронд бүрэн цэвэрлэж дуусгасан бөгөөд нийт 80 орчим сая төгрөг зарцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн эхэллээ

Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас жил бүр байгууллагынхаа жолооч нарын дунд зохион байгуулдаг. Тэмцээн нь ажилтан ажиллагсдаа сурган чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах ач холбогдолтой.Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авахаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьж байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ноос эхэлсэн тэмцээнд байгууллагын бүх жолоочийг хамрагдаж байгаагаараа онцлогтой. Тэмцээн үндсэн 2 шаттай явагдах бөгөөд хэсэг тус бүрээс гурван байр шалгаруулан нэгдсэн дүнгээ гаргаж байгууллагын аваргаа тодруулна. Тэмцээний эхний шатанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазын 1, 2 дугаар хэсгээс 102 жолооч оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорьсноос дараах жолооч нар шалгарч байгууллагын аваргад орох эрхээ авлаа гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Нэгдүгээр бааз 1 дүгээр хэсэг

1 дүгээр байр Б.Уранбат 2 минут 26 секунд

2 дугаар байр Б.Батбаяр 2 минут 44 секунд

3 дугаар байр Ц. Отгонжаргал 2 минут 45 секундээр

Нэгдүгээр бааз 2 дугаар хэсэг

1 дүгээр байр Б. Түвдэнгарав 2 минут 26 секунд

2 дугаар байр М. Гансүх 2 минут 44 секунд

3 дугаар байр Н. Ганбат 2 минут 45 секундээр шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд шилжин ирэгсдийн тоо буурч байна

Өнөөдөр ГХЯ-нд Монгол улсын дотоод шилжилт хөдөлгөөний талаар Нийслэлийн засаг дарга С.Батболд болон НҮБ-ийн Швейцар хөгжлийн агентлагийн судлаачид хамтран мэдээлэл хийлээ. Тус судалгаагаар дотоодын шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, шилжин ирсэн иргэдэд ямар бэрхшээл тулгамдаж байгаа талаар хэлэлцсэн юм.

Судалгаанд хамрагдсан 4000 орчим хүний мэдээллээс харахад шилжин суугчийн олонх нь ажилд орох, амьдралынхаа нөхцлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай , олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадах зорилготой байдаг байна. Хотод шилжин ирж байгаа хүмүүс орон нутагтаа амьдарвал сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хангалттай барих хүрэлцээ байгаа гэдгийг онцолж байв.

Нийслэлд шилжин ирэхэд хэд хэдэн нөхцөл байгаа юм. Үүнд орон сууц худалдаж авах өвчлөл гуравдугаар шатлалын зэрэгтэй үед, гэр бүлийн хэн нэгэн төрийн албан тушаал хашдаг бол нийслэлд нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрч байгаа аж.

Э.АНУЖИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ёс заншлыг харуулсан амталгаат худалдаа боллоо

Дэлхийн хүнсний өдөр өнөөдөр тохиож байна. Сүхбаатарын талбайд Монголын томоохон хүнс үйлдвэрлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид өдөрлөг зохиов. Тухайлбал Мах импекс, Сүү ХК, Тал чихэр ХК бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг өржээ. Хамгийн онцлог нь Хөвсгөлийн “Их тайга” ХХК-ийн өвөрмөц сурталчилгаа байсан юм. Тэд гэр хэлбэрээр талбайгаа тохижуулж, лангууны оронд модон сийлбэртэй ширээ сандал өрж, таваг засан, өдөрлөгт ирсэн зочдыг тулганд гал түлэн цай чанаж, дайлж байлаа. Хойморт нь Монгол дээл, хувцсаараа гоёсон эхнэр нөхөр сууж, Монгол ёс заншлыг харуулсан амталгаа болж чадсан юм. Хүний биед хэрэгтэй ашиг тустай, зөгийн бал, өтгөрүүлсөн чацарганы шүүс, хиам, Оргио тахиа гээд үндэсний үйлдвэрлэгчийн олон сонголт нэг цэгт төвлөрчээ. Худалдан авагчид хүнсний өдөрлөгийг ихээр сонирхон ирж үйлчлүүлж, ам сайтай байцгаалаа.


Categories
мэдээ улс-төр

Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг ААН, байгууллагын дансыг Монголбанкинд байршуулж, мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэдэг болох зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр гадаад валютын нөөцийг нэмэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзсэнийг ЕТГ-ын дарга З.Энхболд байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Т.Аюурсайхан, Д.Эрдэнэбат нарын гишүүн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс Монголын баялгийг гадагш гаргаж буй бүх ААН төлбөр тооцоогоо Монголбанкаар дамжуулдаг болох нь туйлын чухал гэдгийг онцолж байв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүд мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх нь зөв гэдгийг хэлж байлаа.

Мөн Б.Жавхлан гишүүн энэ асуудлыг заавал хуульчлахгүйгээр стратегийн орд ашиглах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжүүд ЖДҮДС-гаас 3.8 их наяд төгрөгийн санхүүжилт хүсчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ж.Ганбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын нийт ажлын байрны 60 хувийг бүрдүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг татварын болон бусад бодлогоор дэмжих, хөгжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах ААН-ийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, татварын байгууллагад санхүүгийн тайланг жилд нэг удаа өгдөг байх заалт тусгажээ. Мөн бичил, жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгчийг тодорхойлох, ангилах зохицуулалтыг нарийн тусгажээ. Тухайлбал, жилд 250 сая төгрөгийн орлоготой, 9 хүртэл ажилтантай байгууллаггыг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хэмээн үзэх юм. Харин 10-50 ажилтантай, жилд 251-500 сая төгрөгийн ашигтай байгууллагыг жижиг, 51-200 хүртэл ажилтантай жилд 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-ийг дунд үйлдвэрлэл, үйчилгээ эрхлэгч хэмээн үзэхээр хуулийн төсөлд тусгасан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан (ЖДҮДС) аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосныг тодруулж байлаа. ЖДҮДС-д 2009-2017 оны хооронд аж ахуйн нэгжүүдээс 3 их наяд 850,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн өргөдөл ирүүлжээ. ЖДҮДС-гаас ААН-үүдийн хүсэлтийг нягтлан үзээд, 835 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Ингэснээр 40.6 мянган ажлын байр шинээр бий болсныг ажлын хэсгээс хариуллаа.

Түүнчлэн С.Чинзориг гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийг арилжааны банкаар дамжуулдаг болох хэрэгтэй гэсэн санал хэлэв. Хуулийн төсөлд 500 сая төгрөгөөс дээш хэмжээний зээлийг арилжааны банкаар дамжуулахаар тусгасныг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, “500 саяас бага дүнтэй зээл авч байгаа аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкинд барьцаалах хөрөнгө байдаггүй” хэмээн тайлбарлав.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 20 гаруй саналаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2.564.65 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2565 төгрөгөөр худалдан авч, 2568 төгрөгөөр борлуулж байна. Сүүлийн хэдэн өдөр валют арилжааны төвүүдэд ам.долларын ханш тогтвортой байна. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж биедээ хүнд гэмтэл авсан цагдаагийн алба хаагчийг өнөөдөр 11.00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан. Гэвч дөнгөж сая хагалгаа амжилтгүй болж нас баржээ.

Оргон зайлсан гэмт этгээдүүд цагдаагийн алба хаагчийг таван км газар машинаараа чирснээс болж тархи нь бяцарч биедээ хүнд гэмтэл авсан талаар эмчлэгч эмч нь ярьжээ. Ар гэрийнхэн нь гадагшаа явж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийлгэх хүсэлтэй байгаа ч эмч нар хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай, тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн хариу өгсөн тухай мэдээлж байсан юм.

Талийгаач нь 41 настай дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдлаа.

Categories
мэдээ нийгэм

“Ханару” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ

Өмнөд Солонгосын хүнс барааны “Ханару” дэлгүүр нь худалдаалж байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ дууссан хугацааг хуурамчаар сольж, зарж байсан нь илэрчээ. Тус дэлгүүр нь 100 хувийн Солонгосын хөрөнгө оруулалттай, Пак Дун Вон гэдэг солонгос эзэнтэй юм байна.

Сүхбаатар дүүргийн нутагт байрладаг “Ханару” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн гомдлоор “Босоо хөх монгол” хөдөлгөөнийхөн очсон аж. Улмаар НМХГ-ын байцаагчидтай хамтран шалгалт хийхэд тус сүлжээ дэлгүүрээр зарж байгаа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн, хоолны амтлагч зэрэг бүтээгдэхүүний хугацаа 2015-2017 онд дууссан байжээ.

Уг дэлгүүрийн агуулах нь Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд эзнийх нь шаардлагаар худалдагч, үйлчлэгч, нярваар ажилладаг монголчууд хугацааг нь хуурамчаар сунгаж байсан юм байна. Мөн тус дэлгүүрээс хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж авсан ресторан, дэлгүүрүүдтэй холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүнийг хурааж, битүүмжилжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга, гишүүд оролцлоо

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр Төв аймгийн төв Зуунмод суманд боллоо.

Тус театр нь 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай, орон нутаг дахь хамгийн том театр болж байгаа бөгөөд улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын “Рендербау” ХХК барьж, гүйцэтгэсэн байна.

Төв аймагт анхны клуб байгуулагдсанаас хойш 75 жил өнгөрчээ. 1952 онд байгуулагдсан 350 хүний суудалтай Соёлын ордон 66 жилийн турш үйл ажиллагаа явуулаад ийнхүү орчин үеийн техник технологийн шийдэлтэй шинэ байртай болж байгаа юм.

Тус Соёлын ордон 1982 онд Хөгжимт драмын театр болж, “Дүнжингарав” театр, Театр, киноны хүрээлэн хэмээн нэрлэгдэж байгаад 2007 онд “Монгол туургатан” театр болжээ.

Төв аймаг, тус театрын тайзнаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” дуурийн дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Д.Цэрэндулам, Ж.Данзан, О.Ганбаатар, Г.Мягмарнаран, А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай” эстрадын дуучин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэргүүн байр, Гран при шагнал, BBC Cardiff Singer of the World уралдааны тэргүүн шагнал хүртсэн, дэлхийн дуурийн шилдэг дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар нарын зэрэг олон арван алдартан төрөн гарчээ.

Театрын нээлтэд Төв аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнууд, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын зэрэг хүмүүс оролцлоо.

УИХ-ын дарга М.Энхболд театрыг шинэ байртай болгох санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажилд эхнээс нь санаа тавьж, дэмжин тусалсан бол, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус театрыг байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах асуудлыг анх хэрэгжүүлсэн ажээ.

УИХ-ын дарга М.Энхболд театрын шинэ байрны нээлтэд хэлсэн үгэндээ Төв аймгийн Соёлын ордны алтан тайзнаас Монголдоо алдаршсан олон авьяастан төрөн гараад зогсоогүй Монголоо дэлхийд дуурсгасан юм хэмээн онцлоод, монгол түмний үнэт өв соёлыг тээж, бүтээж, хөгжүүлэх эрхэм зорилгодоо их амжилт олж, Төв сайхан нутагт зөв сайн залуусыг өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөлөө.

Тэрбээр Төв аймгийн харьяат, бурханч лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбатаар тусгайлан бүтээлгэсэн эгшиглэнт охин тэнгэр Янжинлхам бурхныг тус театрын дарга Д.Мөнхбатад гардуулан өглөө.

УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр “Эх нутгийн иргэд” ТББ-аас Япон, Хонконгийн хүмүүнлэгийн багийнхантай хамтран хэрэгжүүлж байгаа “Гэр-2018” төслийн хүрээнд тус аймгийн зүүн бүсийн сумдын 24 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэлээ.

“Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүнээр УИХ-ын дарга М.Энхболд ажилладаг бөгөөд тус байгууллагын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ.

Тэрбээр мөн “Төв аймагт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд зочиллоо. Тус үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн нийт сумдын 180 гаруй иргэн, аж ахуйн нэгж, 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа улсын нийслэл Улаанбаатар хотод 3 хоног ажиллаж, 170 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд аймагтаа 3 хоног ажиллаж, шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдээ тодруулах юм байна.