Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк компани “Unsend” үйлчилгээг туршиж байна

Фэйсбүүк Мессенжэрээр бусдад бичсэн мессэжээ хүлээн авагчийг харахаас өмнө устгах боломжтой “Unsend” товчийг удахгүй бүх хэрэглэгчдэд хүргэхээр туршиж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Шинэ боломж дараагийн хувилбартай цуг нэвтрэх магадлалтай байгаа гэнэ. Одоогоор тус мессенжэрт бичсэн мессэжээ устгах “delete” товч байдаг ч энэ нь зөвхөн бичсэн хүний цонхноос л устгадаг юм. Өөрөөр хэлбэл нэгэнт илгээсэн мессэжийг хүлээн авагчийн цонхноос арилгах, буцаах ямар ч боломжгүй. Анх өнгөрсөн дөрөвдүгээр сард Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг ийм нууц боломжийг ашигладаг болохыг нэг мэргэжилтэн илрүүлж байв. Бичсэн мессэжээ устгадаг функцийг Марк болон Фэйсбүүкийн дээд албан тушаалтнууд нууцаар хэдэн жилийн турш ашиглаж байсныг сүүлд зарим хэвлэлүүд олж тогтоожээ. 2014 онд Sony Pictures компани хакеруудад дотоод мэдээллээ алдаж, удирдлагуудын хоорондоо харилцаж байсан мессэжүүд ил болж байв. Энэ явдлаас сургамж авсан Фэйсбүүк компани илгээсэн мессэжээ устгах боломжийг зөвхөн захирлуудынхаа хүрээнд бий болгон ашиглаж эхэлсэн юм байна.

Тэгвэл энэ онцгой боломж удахгүй бүх хүний хэрэглээ болох гэж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд Британийн парламентын Нийтийн танхимын гишүүнтэй уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн, Британийн Олон улсын худалдааны яамны Хөрөнгө оруулалтын асуулал эрхэлсэн Төрийн сайд Грэм Стюарттай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлын уулзалт хийв. Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, Британийн хөрөнгө оруулалт, ноу хау, өндөр технологийг Монголд нэвтрүүлэхийн чухлыг онцлоод, Британи нь Европын холбооноос гарсны дараа ч Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаалийн татваргүй нэвтрүүлж буй одоогийн Европын холбооны GSP+ зохицуулалтыг хэвээр хадгалан үргэлжлүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэв.

Түүнчлэн, сайд Д.Цогтбаатар хоёр улсын бизнес эрхлэгчдийн түншлэлийг дэмжих зорилгоор ирэх онд Лондон хотноо бизнес форум зохион байгуулах саналыг дэвшүүлэв.

Британийн Олон улсын худалдааны яамны Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Төрийн сайд Грэм Стюарт, сайд Д.Цогтбаатарын дэвшүүлсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагаас 200 сая фунт стерлингийн санхүүжилтийг улсын болон хувийн хэвшлийн Монголын аж ахуй нэгжүүдэд үндэсний мөнгөн тэмдэгтээр олгох боломжтой гэдгийг дахин нотлов.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн банкны картын мэдээллийг хуулбарлан авч, ашиглаж байсан этгээдүүдийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэдийн банкны картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч хууль бусаар ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тус хэлтэст “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад банкны данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ. Уг мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж сэжигтэй этгээд Н, Э нарыг холбогдуулан шалгасан байна. Тэднийг Улаанбаатар хотын төвд байрлах ресторануудад үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж, үйлчилгээний төлбөрөө картаар хийсэн иргэдийн картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч, түүнийгээ ашиглан бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авдаг болохыг шалгалтын явцад тогтоожээ.

Н, Э нар нь нийт 16 иргэний банкны картын мэдээллийг тусгай төхөөрөмж ашиглан хууль бусаар олж авсан болохыг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтын ажил дунджаар 73 хувьтай байна

Аравдугаар сарын 16-ны байдлаар 46.9 мянган га-г ангилан хадаж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 73 хувьтай байна гэж Ургацын төв штабаас мэдээллээ.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж байгаагаар, аравдугаар сарын 18, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-22-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх мэдээг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлын нэг нь иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгөх юм. Иргэдэд нэн шаардлагатай хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай өгөх, энэ хирээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр болох үүднээс хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар шуурхай өгөх ажлыг 2018 оны есдүгээр сараас эхлүүлээд байна.

Өөрөөр хэлбэл иргэд өөрт тулгарсан тодорхой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагаар, энгийн утасны тарифаар 1800-1202 дугаарын утсаар авах боломжтой боллоо.

Categories
мэдээ спорт

​Иргэдийн спортын их наадам боллоо

Иргэдийн спортын их наадмын сагсан бөмбөг, волейболын тэмцээн 2018 оны аравдугаар сарын 13-14 ны өдрүүдэд боллоо. Сагсан бөмбөгийн тэмцээн долдугаар сургуулийн зааланд, волейболын тэмцээн дүүргийн спорт хорооны зааланд тус тус зохион байгуулагдаж 400 гаруй тамирчид хамрагдсан байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд дүүргийн 12 хорооны эрэгтэй эмэгтэй тамирчид өрсөлдсөнөөс: Эмэгтэй нэгдүгээр байрт хоёрдугаар хорооны баг, хоёрдугаар байрт 11 дүгээр хороо, гуравдугаар байрт нэгдүгээр хорооны баг, эрэгтэй нэгдүгээр байрт 16 дугаар хорооны баг, хоёрдугаар байрт хоёрдугаар хорооны баг, гуравдугаар байрт наймдугаар хорооны багууд тус тус шалгарсан.

Волейболын тэмцээнд 12 хорооны баг тамирчид оролцсоноос: эмэгтэй нэгдүгээр байрт 11 дүгээр хороо, хоёрдугаар байрт 14 дүгээр хороо, гуравдугаар байрт 12 дугаар хорооны баг тамирчид, эрэгтэй нэгдүгээр байрт хоёрдугаар хороо, хоёрдугаар байрт гуравдугаар хороо, гуравдугаар байрт наймдугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Хаалтын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б,Цэрэн, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил нар хүрэлцэн ирж шагнал хүртсэн баг тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

П.Оюунчимэг: Манай улс хуулийнхаа процессийг бус гарчгийг нь сурталчилдаг

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойд зориулсан “Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа, олон, практикийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөсөн юм. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн талаарх зохицуулалт, олон улсын гэрээ, хууль, практик” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан. Иймд түүнтэй зарим зүйлийг ярилцлаа.


-Хурлын үеэр юуг хэлэлцэв. Мөн иргэд заримдаа хуулийг үгүйсгэх юм. Яагаад тэгдэг юм бол?

-Хүний эрх, эрх чөлөө үндсэн хууль, тогтоомж, эрүүгийн хуульд хэрхэн сууж өгсөн талаар хэлэлцсэн. Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн хуулиа баталж, анх удаа Монгол Улсад хүний эрхийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улс НҮБ-ын батлан гаргасан хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэж орсон үзүүлэлтээрээ дэлхийд эхний 10 улсын нэгээр нэрлэгддэг. Тэгвэл олон улсын гэрээ гэж юу юм, тэнд нэгдэж орсон улсууд яагаад үүрэг хүлээдэг юм, хүлээж буй үүрэг нь одоогийн хэрэгжиж буй хуульд хэрхэн суусан, мөн практик дээр энэ нь ямар үр дагавар авчирч байгаа зэргийг хэлэлцлээ. Хууль гэдэг нь нийгэмд болж байгаа болон болохгүй байгаа зүйлсийг хүмүүсийн онцлогт тохируулан зохицуулахыг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн зохицуулалтын гол амин сүнс нь тухайн улс орны хөгжил, хүн ам, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, төрөл, ялын бодлого нь байдаг. Тиймээс өөр газраас хуулийг нь шууд хуулбарлаж хэрэгжүүлэхээр хүн, нийгмийн онцлогоос үүдээд эдийн засаг, эрх зүйн хөгжил нь өөрөөр нөлөөлдөг. Тухайн улс өөрсдөдөө зориулан хэрэгжүүлж буй бодлого нь манай улсад хэрэгжих гэхээр хүчилэгдээд байдаг. Яагаад гэвэл манайд тохирохгүй байгаа болохоор тэр. Үүнийг бодолцохгүйгээр хууль тогтоомжоо хэрэгжүүлэхээр ард иргэд нь эсэргүүцдэг, хэрэгжүүлэгч байгууллагуудад нь хүндрэл учирдаг юм.

-Хууль хуучирна гэж байдаг юм болов уу?

-Байлгүй яах вэ. Орчноо мэдрэхгүй олон жил нэг хуулийн зүйл заалтыг практикт хэрэглээд байхаар дэлхийн нийтийн чиг хандлага хөгжилтэй нийцэхгүй болчхоод байгаа юм. Тухайлбал европын орнууд эрх зүйгээ хөгжүүлэхийн тулд хүний эрхийг арай өөр түвшинд гаргаж ирсэн хуулийг хэрэгжүүлж байна. Харин манайх хүний эрхийн тухай яриад байгаа хэрнээ нөгөө л хуучин зүйл заалтуудтайгаа байсаар байгаа. Гэхдээ хөгжлийг дагаж байна гээд гаднын хуулийг шууд хуулбарлаж болохгүй. Үүнээс гадна хүний эрхийг дээдлэхийн тулд Монголын шүүхэд хадгалагдчихсан байгаа зарим зүйлийг үгүй хийх хэрэгтэй байна. Тухайлбал, шүүхийн байгууллага хэрэг маргааны хэрэг бүртгэлийн явцыг дахин хянаж мөрдөн байцааж, прокурорын хяналтад буцаагаад байгаагаа болих хэрэгтэй. Шүүхийн байгууллага хэргийг шүүн тасалж, гэм буруутайг тогтоох л үүрэгтэй шүү дээ. Гэтэл илүү дутуу зүйл шаардаж, хэргийг нотлох чиг үүргийг өөртөө авч, үүнийг дахин шалга, ийм баримт авчир гэхчлэнгээр хэргийг буцааж байгаа нь хүний эрхийг зөрчөөд буй. Шүүх өөрийн чиг үүргээсээ өөр давхар чиг үүргийг өөртөө авч байна. Уг нь нотлох, баримт цуглуулах чиг үүргийг цагдаа, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд хийдэг ёстой. Гэтэл шүүх өөрөө нотлох баримт бүхий чиг үүргийн зүйлийг гаргаж ирчхээд тулган шаардаад байгаа нь хохирогчид ч тэр, эрх нь хязгаарлагдаад хоригдож байгаа хүмүүст ч тэр хүндрэл учруулж буй хэрэг болж байна.

-Иргэд олон нийтийн дунд шуугиан тарьсан хэргүүдэд сэжиглэгдэж байгаа хүмүүсийг заавал хорьдог гэсэн бодолтой байх шиг байна. Үүнийг тайлбарлавал?

-Хэргийг шийдвэрлэгдэж дуустал сэжигтэнд хорих арга хэмжээ авч болдог. Энэ нь таслах сэргийлэх, цагдан хорих арга хэмжээний нэг төрөл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэснээр хамгийн багадаа нэг сарын дотор хэргийг хянан шийддэг. Хэрэв хэрэг удааширсан тохиолдолд 24 сар болж сунгагддаг. Түүнээс биш хэргийг ангилж ялган, мөрдөж байна гэсэн үг биш. Гэхдээ одоо үйлдэгдэж буй хэргийн 80 хувь орчимд нь хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглээд байна. Уг нь хэрэгт сэжиглэгдэж хорих арга хэмжээ авахуулж байгаа хүмүүс цаанаа гэр бүл, эхнэр хүүхэд, хань ижилтэй, өөрийн эрхэлсэн ажилтай байтал заавал хорих шаардлагагүй. Мөн иргэд хуулийн эрх зүйн мэдлэг дутуу байдаг нь эндээс харагдаж байгаа юм.

-Хүмүүс хуулиа мэдэхгүй байна гэсэн үг үү?

-Уг нь төрөөс олон нийтийн дунд урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны ажил явуулах ёстой. Гэвч эдгээр нь хийгдэхгүй байгаагаас үүдэн иргэд зөв, буруу нь мэдэгдэхгүй дам дамаа сонссон, мэдсэн зүйлсээсээ мэдээлэл авч байна. Гаднын орнууд хуульдаа өөрчлөлт орж, шинэчлэгдэх, шинэ хууль гарахаас 3-6 сарын өмнө олон нийтэд мэдээлэл өгч, сурталчилдаг юм. Манай улс хуулийнхаа процессийг бус гарчгийг нь сурталчилдаг. Тиймээс иргэдэд хуулийн дотор талыг нь сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй байна.

-Хэрэв хилсээр гүтгэгдэн хоригдсон бол хохирлоо хэрхэн барагдуулах вэ?

-2006 оноос хойш хоёр тэрбум орчим төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байдаг. Тухайн хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалахын тулд эцсээ хүртэл явах л хэрэгтэй.

-Өнөөгийн байдлаар хуулийн байгууллагуудад юу дутагдаад байна вэ?

-Олон улсын байгууллагуудаас манай улсад өгсөн зөвлөмжүүд хууль тогтоомжид тусгагдахгүй, шүүхийн практикт хэрэглэгдэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Шүүхийн байгууллага гэдэг нь шүүгч гэсэн үг. Тэнд хүн л ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг нь дээшлүүлэх хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүс зөвхөн дотоодынхоо хууль, тогтоомжийн зүйл заалтуудтайгаа зууралдана гэдэг хоцрогдсон хэрэг. Манай улс олон боломжуудыг үндэсний хууль тогтоомжоороо хязгаарлаж байна. Олон улсын гэрээ, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, үгүй нь тухайн салбарынхны хэр зэрэг чадвартай вэ гэдгээс шалтгаалж буй зүйл.

-Ер нь хүний эрхийн баталгаа манай улсад хэр байна вэ?

-Манай улсад хүний эрхийн баталгаагүй гэх үндэслэл байхгүй. Хуульд хүний эрхтэй холбоотой бүхий л зүйл заалт нь бий. Тиймээс баталгаа бол байна. Гагцхүү хэрэгжилт нь хэр байна вэ гэдгийг анхаарах ёстой.

-Мөрдөн байцаах явцад хүний эрх ихээр зөрчигддөг гэх юм. Хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулдаггүйгээс эрхлээд асуудлууд гардаг бололтой?

-Угаасаа танилцуулж болохгүй шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд тухайн хүн өөрөө өмгөөлөгчөө сонгох эрхтэй байдаг. Хэргийн материалыг мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа өмгөөлөгчид танилцуулна гэсэн заалттай. Мөн мөрдөн байцаалт болгонд өмгөөлөгч өөрөө тухайн этгээдтэй хамт оролцдог. Тэгэхээр зөрчиж байгаа бус хамгаалж буй хэрэг.

-Хуульд өөрчлөлт оруулахдаа юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?

-Тухайлбал, 2002 онд батлагдсан Эрүүгийн тухай хууль 15 жил үйлчлээд сая шинэчлэгдэж байна. Тэгэхээр яагаад шинэчилсэн найруулга гээд байгаа гэдгийг хамгийн түрүүнд үүнийгээ ойлгох хэрэгтэй. Яах вэ таван жилийн ял эдэлдэг байсныг нь гурван жил болгож ялын бодлогыг зөөлрүүлснээ өөрчлөлт гэж болно л доо. Мөн үг үсгийн шинэчлэлээс гадна олон улсын зөвлөмж багтсан байх ёстой. Манай улс НҮБ-ийн гишүүн орон болохынхоо хувьд өөрөөр ямар шинэчлэл хийж болох вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Хүнийг хууль бусаар хорин эрүү шүүлт хийж, хэлмэгдүүлдэг асуудлыг дэлхий нийтээрээ ярьж байна. Хуулийн байгууллагад төр бодлогоор албадан үйлчилснээс болоод хуулийн байгууллагад хүчирхийлэгч болж байна.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ нийгэм

168 ажлын байр шинээр бий болжээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2018 онд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд хамрагдахаар 202 иргэн төслөө ирүүлснээс 104 иргэний төсөл дэмжигдэн, 298.500.000 төгрөгний эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгогдож, 168 ажлын байр шинээр бий болоод байна.

Хан-Уул дүүргийн оршин суугч хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдээс эдгээр хөтөлбөрт хамрагдан, санхүүгийн дэмжлэг авч, ажлын байраа өргөтгөж байгаа иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах, борлуулалтаа яаж нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд хэрхэн нэвтрэх тухай харилцан санал солилцсон хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт “Хан-Уул дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтанбаяр оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, гадаадад зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцуулахад хамтран ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Мөн хөтөлбөрт хамрагдсан иргэдэд борлуулалтын болон түрээсийн дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн худалдаа, яармагуудад оролцуулах, бараа бүтээгдхүүнийг нь өөрийн байгууллагын цахим хаягаар сурталчлах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, оны эхний есөн сарын байдлаар 28 иргэн хамрагдаад байна.

Categories
мэдээ спорт

М.Бундмаагийн нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, МУ-ын Гавъяат тамирчин М.Бундмаагийн нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Хархорин суманд 2018 оны аравдугаар сарын 08-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Хан-уул дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцож, Ж.Анударь алтан медаль /32кг/, Ц.Буянжаргал алтан медаль, Э.Орхонмөнх хүрэл медаль /40кг/, Д.Нандинцэцэг хүрэл /57кг/, П.Ням-Эрдэнэ хүрэл /+63кг/ тус тус хүртсэн амжилт үзүүлж, багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв

Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангаас ОХУ-ын нэрт зураач, зохиолч, архелогич, философич, дэлхийн соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналын эзнийг жил бүр тодруулдаг уламжлалтай.

Энэ дагуу 2018 оны Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртлээ. Энэ нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Төрийн тэргүүн хүртсэн анхны тохиолдол болж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Дэлхий дахинд Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан” гэж өндрөөр үнэлж буйгаа “Рерихийн өв” сангаас өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг:

  • Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт “Гол Мод II” хэмээх газарт МЭӨ 110-аад оны үед хамаарах эртний Хүннүгийн хаад, язгууртны булш бунханыг илрүүлж судалсан археологийн том цар хүрээтэй ажлыг дэмжсэн,
  • Чингис хааны морьт хөшөө, XIII зууны аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг бий болгосон,
  • Монголчуудын оюун санааны дархлааг соёлоор дамжуулан бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Майдар” төслийг эхлүүлж, Өндөр гэгээн Занабазарын хийц, дэг жаягаар бүтээсэн Майдар бурханы 54 метр өндөртэй босоо хөшөөг бүрэн цутгаж, барьж эхэлсэн зэрэг олон төслөөр Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Шагнал гардуулах ёслол 2018 оны аравдугаар сарын 13-ны өдөр ОХУ-д болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардаж авсан юм. Тэрбээр шагнал гардаж авах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангийн хамт олонд гүн талархал илэрхийлж, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс дэлхий дахин дахь Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэх салбарт хийсэн түүний үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагналыг гардан авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн сайн мэдэж байгаагаар, Монгол Улс нь өнө эртний түүх, соёл, оюуны өвтэй орон билээ. Монгол Улс нь нүүдэлчин соёл иргэншил болоод түүний онцлог соёлын өлгий нутаг юм. Монгол Улсын түүх нь Торгоны зам, Ард түмнүүдийн их нүүдэл, Монголын энх тайван буюу “Pax Mongolica” зэрэг дэлхийн түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой.

НҮБ-ын тунхаглалууд болж хөгжсөн “Рерихийн гэрээ” гэгдэх соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай олон улсын анхны гэрээг байгуулахад гүйцэтгэсэн Н.К.Рерихийн үүргийг болон дэлхийн соёлыг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Тэрээр тухайн үеийн нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг соёл, энхийг хамгаалах хөдөлгөөнд татан оруулж чадсан билээ.

Дэлхийд цуутай агуу их зураач, гүн ухаантны хувьд тэрээр соёлыг хамгаалан хөгжүүлэхгүйгээр, хүн өөрийн гарал үүсэлд эргэн хандахгүйгээр хүмүүн төрөлхтний цаашдын хувьсал боломжгүй гэдэгт итгэл дүүрэн байсан.

Азийн түүхийг бүхэлдээ, түүний дотор Монголын түүхийг судлахад онцгой байр суурь эзэлдэг Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн үеэр Азийн бага судлагдсан бүс нутагт археологийн болон угсаатны зүйн судалгаа хийгдсэн.

Агуу их зураач, соёлын зүтгэлтэн болох тэрээр Монгол судлалыг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулж, дорнын жижиг орнуудын түүхийг нээж, бүх хүмүүн төрөлхтний соёл иргэншил дэх тэдний ач үүргийг үнэлсэн байдаг. Том, жижиг соёл иргэншлүүдийн нэгдмэл байдал, ижил ач холбогдлын тухай түүний үзэл баримтлалын ач холбогдол нь жижиг ард түмнүүд, үндэстнүүдийн хувь заяа шийдэгдэж буй даяаршлын өнөөгийн эрин зуунд нэмэгдэж байна.

Н.К.Рерихийн хувьд Монгол Улс нь бол цаашдын бүтээн байгуулалтад чиглэсэн амьдралын үлэмж их нөөц боломжтой орон байсан. Тийм учраас Рерихийн хөдөлгөөн нь Монголын хувьд их чухал юм.

Олон улсын харилцаа даяаршиж, хүчирхэг эдийн засгуудын давамгайлал дор үндэсний онцлог, үнэт зүйлсийн хүчин зүйл бүдгэрч буй эдүгээ цагт Монгол Улсын төр, засгийн бодлого нь монгол хэлтэн, монгол туургатны удам угсаа оршин суугаа улс орнуудтай эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа аль болох үр бүтээлтэй хөгжүүлэн бэхжүүлэх, монгол угсаатны соёл, зан заншил болон нүүдлийн иргэншлийн өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, тэдгээрийг сурталчлах үйлсэд дэлхийн монголчуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглээд байна.

Өнөөдөр бидэнд гардуулж буй Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагнал нь цаашид соёлын өвийг хадгалахад чиглэсэн бидний цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгч байна.

Эцэст нь, Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” санд дахин талархал илэрхийлж, Монголын нийгмийг Рерихийн агуу их өвтэй танилцуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэж байна” гэсэн юм.