Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа

2018 оныг нийслэлийн засаг дарга Өрхийн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбоотойгоор 31 дүгээр хорооны “Өлзийт манал” өрхийн эрүүл мэндийн төвд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Мөнхчулуун эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж суудлын автомашин, нярайн шарлалт хэмжих аппарат, нярайн жин, үзлэгийн гэрэл зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Categories
мэдээ нийгэм

Өргөө амаржих газрын урд талын явган хүний замыг чөлөөлөв

Нийслэлийн газрын албанаас өнөөдөр СБД-ийн нэгдүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын явган хүний замыг чөлөөллөө. Тухайн хэсэгт явган хүн явах боломжгүйгээр хашаа барьсан 6 нэгж талбарын хашааг буулгаж, газрыг чөлөөлсөн байна. Энэ хэсэгт нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийх юм.

"Өргөө" амаржих газрын урдах явган хүний замыг чөлөөллөө

"Өргөө" амаржих газрын урдах явган хүний замыг чөлөөллөө

"Өргөө" амаржих газрын урдах явган хүний замыг чөлөөллөө

Categories
мэдээ нийгэм

Эмийн хэрэглээний агентлаг байгуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв

“Эмийн хүртээмжийг сайжруулах нь” олон улсын хуралд оролцогчид Монгол Улсад эмийн хэрэглээний агентлаг байгуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “2016 оноос эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл хэрэгжсэнээр 300 сая төгрөгийн хэмнэлт гарсан. Эдийн засгийн ашиг нь ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна” гэдгийг онцолсон юм. Тэрбээр, “Хэдийгээр өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмэнд 80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг ч эмийн үнэ өндөр байгааг нуух шаардлагагүй. Бид эмийн үнийг буруулахаар олон чиглэлд ажиллах шаардлагатай байна. Монгол Улс эмийн зохицуулалтын агентлагаа байгуулах хэрэгтэй гэж Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн асуудал хариуцсан бүлгийн ахлагч Патрик Л.Осеве хэлсэн. ДЭМБ ч ийм зөвлөмж өгч байгаа. Энэ агентлагийг байгуулснаар эмийн үйлдвэрлэл борлуулалт, түгээлт худалдан авалт зэргээс ашиг олох бүрэн боломж бий. Мөн иргэд өвдсөн үедээ эдийн засгийн дарамтанд оролгүй хямд үнээр эмээ авна. Бүр цаашлаад бид хөрш орнуудтайгаа хамтарч ажиллах бололцоотой. Ингэвэл эмийн аюулгүй байдал боломжийн үнийн тухай асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмийн зохицуулалтын агентлаг байгуулах чиглэлд эрүүл мэндийн салбар санаачилгатай хандах хэрэгтэй. Өнөөдөр антибиотик үйлчлэхгүй ч байж мэдэхэээр тийм хэрэглээнд Монголчууд орсон. Үүнийг таслан зогсоохын тулд эмийн хэрэглээний агентлагийг байгуулах нь чухал. Хамгийн гол нь тус агентлаг бий болсноор иргэд чанартай, аюулгүй, хямд эмээр хангагдах бүрэн боломж бүрдэнэ гэдгийг манай зөвлөхүүд хэлж байна” гэв.

Тус хуралд оролцогчид төслийн хэрэгжилтийн үр дүн, хэрэгжүүлэх явцад суралцсан туршлага, шинээр олж авсан мэдлэг, мэдээллээ үндэсний болон олон улсын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт түгээж, хуваалцах, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар санал солилцсон юм.


АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа,“Манай улс Азийн бүсийн бусад орнуудаас 2-3 дахин илүү үнэтэй эм хэрэглэдэг. Тиймээс жижиг жижгээр эм худалдаж авдаг нь үнийг нэмэгдүүлж, чанаргүй эм авах суурь нь болж байна гэж үзсэн. Иймд улсын эмнэлгүүдэд хэрэглэх эмүүдийг нэгдсэн журмаар худалдаж авах асуудлыг хөндсөн. Энэ нь олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэдэг арга юм. Бид энэ онд улсын эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэж эхний худалдан авалтаа хийсэн. Ингэхдээ 16 нэр төрлийн эмийг нэгдсэн байдлаар авч, 300 сая төгрөг хэмнэсэн. Нэг төрлийн эмэнд л гэхэд 53 сая төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ хэмнэлт эмийн үнийг хямд байх боломжтой гэдгийг харуулж байна. Мөн нэгдсэн байдлаар эмээ хямд худалдан авч байгаа учраас тухайн эмнэлэг хэмнэсэн мөнгөөрөө өөр төрлийн хэрэгцээтэй эмээ худалдан авах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанкнаас жилд 240 тэрбум зарцуулдаг

Ипотекийн зээлийн санхүүжилтэд өнгөрсөн хугацаанд Төв банкнаас 4.2 их наяд төгрөг зарцуулаад байгаа аж. Цаашид уг хөтөлбөрийг аль түвшинд хэрэгжүүлэх нь оновчтой талаар шийдэл гаргахаар ажиллаж эхэлжээ.

Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн санхүүжилтийг өөр дээрээ төвлөрүүлэхээр болсон. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг олоогүй байгааг салбарын сайд хэлж байсан. Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, энэ хүрээнд Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэх нь оновчгүй гэж үзсэн юм.

Одоогийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанкнаас жилд 240 тэрбум, Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байгаа аж. Жилд дунджаар 300-400 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг энэ хөтөлбөрт зарцуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ээлжит сонгон шалгаруулалтыг Төрийн Албаны Зөвлөл /ТАЗ/-өөс зохион байгуулж байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга,

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга

Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга гэсэн 13 ажлын байранд удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж байгаа юм.

Сонгон шалгаруулалтын бүртгэлд нийт 29 төрийн албан хаагч бүртгүүлж, шалгалтад оролцсоноос тав нь эхний шатны шалгаруулалт буюу “Удирдах ур чадварын түвшингийн шалгалт”-д авбал зохих оноогоо авч чадаагүй учир дараагийн шатны шалгаруулалтад орох боломжгүй болжээ. Тиймээс одоогоор 13 ажлын байранд 24 төрийн албан хаагч өрсөлдөж байна.

Шалгаруулалт үргэлжилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын чанарыг дээшлүүлэх “UP” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр сургуулийн насны хүүхэд олонтой. Энэ ч утгаараа жил бүр ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын тоо бусад дүүргүүдээс харьцангуй их байдаг.

Харин төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нийслэлийн есөн дүүрэгтэй жишихэд харьцангуй хангалтгүй үзүүлэлттэй гардаг. Тодруулбал 2017 онд дүүргийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 491 байсан бол 2018 онд 485 оноогоор нийслэлийн хэмжээнд долдугаар байрт жагссан.
Тиймээс сурагчдын чадавхийг дээшлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэмэгдүүлэх үүднээс Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Up” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтмол өндөр оноо авдаг хувийн сургуулиудтай хамтран ажиллаж, сурагчдад тусгай хөтөлбөрөөр хичээл заах мөн их, дээд сургуулиудын багш нартай хамтарч багш нарыг чадваржуулах ажлыг эхлүүлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны тайланг танилцууллаа

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны төгсгөлийн тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 60 орчим төлөөлөл оролцлоо.

Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт хийж гүйцэтгэсэн.

2017 оны таван сард эхлүүлсэн судалгаа нь ирэх 20-30 хугацаанд нүүрснээс аль болох татгалзаж сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан, хүлэмжийн хийн ялгарлыг дорвитой бууруулахад тустай, өртөг зардлын хувьд хамгийн оновчтой УБ хотын эрчим хүчний системийг бүрдүүлэх, улмаар богино хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах боломжит замын зураглал гаргах, үндэсний зорилтод түвшинг ханган биелүүлэх (2030), мөн 2050 он гэхэд эрчим хүчний тогтвортой системийг бодитоор буй болгоход тустай өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх боломж бололцоо, тулгарах сорилт зэрэгт үнэлгээ өгч тэдгээрт үндэслэн эрчим хүчний системд үе шаттайгаар шилжилт хийх зөвлөмж гаргасан.

Тухайлбал, эрчим хүчний өнөөгийн тогтолцооны дүн шинжилгээнд тулгуурлан 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний урьдчилсан прогнозыг боловсруулсан ба энэ хүрээнд хүн ам ба эдийн засгийн өсөлт, мөн эрчим хүчний үр ашиг, өгөөжийг сайжруулах, үүнд барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах зэрэг асуудлыг хөндсөн. Мөн УБ хотын сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж, тус хотын эргэн тойрны бүс нутгийн салхины эрчим хүчний нөөц, боломжид үнэлгээ хийсэн.

Энэ судалгаа нь нэг талаас эрчим хүчний хангамжтай холбоотой боловч өргөн агуулгаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой сорилтуудад хариулт өгч гарц гаргалгааг харуулахыг зорьсон.

Тухайлбал, арваад хоногийн өмнө НҮБ-ын Уур амьсгалын хэлэлцээрийн дэргэдэх Засгийн газар хороондын эрдэмтдийн зөвлөлөөс дэлхийн дулаарлын талаар боловсруулан гаргасан тусгай тайлан өргөн барьж танилцуулсан байна. Энэ тайланг 2015 оны уур амьсгалын хэлэлцээрийг баталсан дэлхийн улс орнуудын Засгийн газрын даалгавраар боловсруулсан эхний жинтэй тайлан бөгөөд тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг үр дагаврын талаар өмнө нь таамаглаж байснаас хавьгүй их санаа зовохуйц дүр зургийг харуулж, болзошгүй гамшгийг урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн эдийн засагт өмнө байгаагүй хурдтайгаар түүхэн шилжилт буюу транформаци хийх шаардлагатай байгааг анхааруулсан байна. Энэ тайланд одоо байгаа дэлхийн хүн амын дийлэнхийн амьдралын хугацаанд буюу 2040 оноос хавьгүй наана дэлхийн хэмжээнд хүнсний хомсдол, ойн түймэр нэмэгдэж тэнгис далайн шүрэн арлууд устаж алга болох таагүй дүр зургийг харуулжээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хэмжээнд буй хүлэмжийн хийн ялгаруулалт үргэлжилбээс 2040 он гэхэд дэлхий Цельсийн 1.5° -аас илүүтэйгээр дулаарч далайн эрэг хавийн газар усанд автаж хуурайшилт, ядуурал улам нэмэгдэх юм байна.

Хэдийн ийм таагүй дүр зураг байгаа боловч тайланд сөрөг үр дагаврыг урьдчилан сэргийлэх, өөрчлөлтийг түргэсгэх техникийн боломж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5°-ээс илүүгүй хэмжээнд барихын тулд хүлэмжийн хийг 2010 онтой харьцуулахад 2030 онд 45%, 2050 онд 100% бууруулах шаардлагатайг тайланд дурдсан байна. Мөн тайланд тогтоосноор 2050 онд гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нүүрс ашиглахыг өнөөдрийн 40%-аас 1-7% хооронд байхаар буулгах шаардлагатай гэжээ. Түүнчлэн нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг өнөөдрийн 20% орчим хувиас 67%-оос дээш хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байна.

Эдгээр сорилтуудад “УБ хотын эрчим хүчний Мастер төлөвлөгөө” судалгаа тодорхой хэмжээнд хариулт өгч эрчим хүчний салбарт нэн төвөгтэй боловч зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг санал болгосон. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж хязгаарлагдмал байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн. Мөн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ нь гэр хорооллын байшин болон хотын төвийн хэсэг дэх хуучин орон сууцны барилгуудын дулаалга юм. Түүнчлэн шинээр барих барилгуудыг дулааны эрчим хүчний хэмнэлттэй байдлаар барих, энэ хүрээнд одоо байгаа эрчим хүчний хэмнэлтийн стандартыг шинэчлэх шаардлагатай байгааг дурдсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж, хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын явц,“Атрын IV” аян өрнүүлэх, улсын мал тооллогод хөндлөнгийн хяналт тавих ажлыг зохион байгуулах, ургац хураалтын дүнгийн талаар холбогдох салбарын сайдуудаас мэдээлэл сонсох шаардлагатай байна гэж байлаа. Байнгын хорооны дарга гишүүдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа мэдэгдэв.

Ингээд хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар санал хэлсэн бөгөөд гишүүдийн хувьд Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж байлаа. Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг энэ талаар тайлбар хийв. Тэрбээр, Улсын Их Хурлаасбаталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль 06 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр нийт 14 зөрчил, гурван хийдэл гарсныг цэгцлэхэд Ажлын хэсэг байгуулалгүйгээр, хуулийн хүрээнд шийдэх боломжтой асуудал гэж байв. Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Цементийн хэрэгцээгээ хангаж чадаж байна. Одоо экспортод гаргах нь чухал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр үдээс өмнө Дорноговь аймгийн Өргөн суманд ажиллалаа. Тус суманд хоногт 1750 тонн буюу жилд нэг сая тонн цемент, цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай, эко технологиудыг нэвтрүүлсэн хуурай аргын цементийн үйлдвэрийг “Монцемент Билдинг материалс” ХХК 2015 онд ашиглалтад оруулжээ. Тус компанийн Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцлаа. Тус үйлдвэр ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл 650 мянган тн европ стандартын цемент үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 40 орчим хувийг хангаж байгаа юм байна.

Эх орныхоо газрын баялгаар аж үйлдвэр, зам барилгын ажлын амин судас болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйд тус үйлдвэрийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Мөн байгальд ээлтэй, сөрөг нөлөө багатай технологи ашиглаж, цэвэр ус, эрчим хүчээ хэмнэж байгааг Ерөнхий сайд сайшааж байлаа.

Монцемент үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос тав дахин, эрчим хүчний зарцуулалт 30 хувь бага. Энэ хэрээр түлш зарцуулалт хоёр дахин бага байх бөгөөд үйлдвэрийн болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт, зам талбай болон ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг байна.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 500 гаруй хүн ажилтай болжээ. Дорноговь аймгийн төв Сайншанд болон Өргөн зэрэг сумын залуучуудыг дадлагажуулан сургаж ажиллуулдаг ажээ.

Тус компани нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ.

Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе саяхныг болтол байсан. Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд манай улс өнөөдөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоод байгаа юм. Иймд одоо манай үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортолж, гадаад зах зээлд гаргах боломжийг судалж, эрэлхийлэх нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх цементийн үйлдвэрүүдийн үйл ажилллагаатай танилцах үеэрээ хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Олон улсын хэмжээний мастер, Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийн хос алтан медальт Г.Угалзцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Пунь хотноо болсон бөгөөд 20 улсын 300 орчим тамирчин оролцсоноос Монголын баг хоёр алт, дөрвөн цомтойгоо эх орондоо ирсэн. Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэгийн тухайд уг тэмцээний “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртсэнээр Ази тивийн аваргаар гурав дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүлж буй юм. Түүний амжилтаас дурдвал 2015 ондбодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Юун түрүүн хувийн амжилт, хичээл зүтгэлээр эх орныхоо дэлхийн тавцанд цуурайтуулж буйд талархал илэрхийлье. Спорт бол уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг талбар. Тиймээс салбар яамны зүгээс, эмэгтэй сайдын хувиар цаашид дэмжлэг үзүүлэх болно. Улам их амжилт хүсье” гээд нөгөөдөр болох “Биеийн тамир, спортын улсын зөвлөгөөн”-д оролцохыг албан ёсоор урилаа.

Олон жил тасалдсан “Биеийн тамир, спортын улсан зөвлөгөөн” 2018 оны 10 дугаар сарын 18-ны Пүрэв гаригт Төрийн ордонд болох юм.