Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Увсын гишүүд улс байгуулах шахам төсөв аймагтаа тавьжээ

Улсын их хуралд Увс аймгийн дөрвөн гишүүн бий. Тэд бүгдээрээ МАН-аас сонгогдсон. Энэ дөрвөн гишүүний гурав нь одоо сайд. Нөгөө нь өмнөх Засгийн газарт бас л сайдаар ажиллаж байсан. Эдгээр эрхэм бол Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар юм. Монгол Улсын гол яамдыг толгойлж байгаа ийм хүчирхэг сайд, гишүүд Увс нутгийн зон олныг төрд төлөөлж байна. Гэтэл 2019 оны улсын төсөвт тэд сонгогдсон тойрогтоо хамгийн их хөрөнгө тавиулжээ. Бүхэл бүтэн улс орны сангийн авдрын түлхүүрийг атгасан Ч.Хүрэлбаатар гишүүн эрх мэдлээ ашиглан өөрийнхөө тойргийг илүүд үзлээ гэж намын нөхөд нь төдийгүй УИХ-ын гишүүд ундууцаж, бас барьцаж байгаа.

Ирэх оны төсөвт зарим аймагт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан байхад Увсад 51 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ил болов. Өөрөөр хэлбэл, бусад аймгаас 5-10 дахин их хөрөнгө хуваарилсан гэсэн үг.

Уг нь 2019 онд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харахад Хөвсгөл аймагт хамгийн их буюу 26.775 тэрбум, Баянхонгорт 24.858 тэрбум, Завханд 23.482 тэрбум, Өвөрхангайд 22.438 тэрбум, Увсад 21.383 тэрбум төгрөг тус тус хуваарилжээ. Тэгвэл Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгуудын төсөв 15.461-19.752 тэрбумд багтжээ. Харин Дархан-Уул аймаг 2.474, Дорнод 4.783, Булган 9.310, Дорноговь 8.689, Говьсүмбэр 9.309 тэрбум төгрөгийн буюу хамгийн бага санхүүгийн дэмжлэг авахаар болсон байна. Ийм байтал Увс аймаг яахаараа 51 тэрбум төгрөгийн төсөвтэй болж орж ирсэнийг Засгийн газрын гишүүд цээжээрээ сүрхий хамгаалж байна лээ. “Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг нь шийдэж өгнө гэж амласан. Тэр хүрээнд зарим аймгийн хөрөнгө оруулалтын дүн нь нэмэгдсэн. Харин Ерөнхий сайдын очоогүй аймгуудад ийм хөрөнгийн эх үүсвэр тавигдаагүй” гээд л тайлбарлаж байв. Яаж ч харсан Увс аймаг дангаараа төсөвт 51 тэрбумыг тусгуулсан нь шударга бус байна. Эл асуудлаар МАН-ын бүлэг шөнө дүл болтол хуралдаж, хоёр талд ширүүн маргаан өрнүүлсэн тухай саарал ордноос сонсогдоод байгаа. Бүлгийн зарим гишүүн, тэр дундаа УИХ-ын дарга М.Энхболдын фракцийнхан “Энэ бол улсын төсөв биш, Увсын гишүүдийн төсөв болсон байна” гэж бухимдаж, хуралдааныг орхиж гарсан сурагтай.

1990-ээд оны дундуур М.Энхсайханы Засгийн газрын үед Монгол Улсын төсөв 200 гаруй сая ам.долларт багтаж байсан үе бий. Тухайн үед ам.долларын ханш 400 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл өнөөдөр Увсын гишүүд улс байгуулах шахам төсвийг аймагтаа тусгуулжээ. Нутгархдаг, нутгархдаг гэхэд арай ичмээр харагдаж байна. Та нар Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой төрийн сайд болохоос төрөлх нутаг, өөрийн тойргоо тэтгэсэн Увс аймгийн сайд биш шүү.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хойд бүсийн шилдэг өсвөрийн аврагчдаар “Сэрэмж” бүлэг тодорчээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

“Өсвөрийн аврагч-2018” тэмцээний нэгдүгээр шатанд нийт 298 сургуулийн 325 бүлгийн 2240 гаруй багш, сурагч оролцож, аваргуудаа шалгаруулсан бол хоёрдугаар шатны шалгаруулалтанд 21 аймаг, есөн дүүргийн 30 гаруй бүлгийн 300 гаруй багш, сурагч оролцож, аваргуудаа шалгаруулж байгаа юм.

Тэгвэл Хойд бүсийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын “Өсвөрийн аврагч-2018” тэмцээн Орхон аймагт зохион байгуулагдаж, аваргуудаа шалгаруулсан байна.

Тэмцээнд Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Архангай аймгаас нэгдүгээр шатанд шалгарсан 7 багийн 60 гаруй өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн юм.

Нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Архангай аймгийн “Шонхор бүлэг”, хоёрдугаар байранд Сэлэнгэ аймгийн “Шонхор бүлэг”, нэгдүгээр байранд Хөвсгөл аймгийн “Сэрэмж” бүлгийн баг тамирчид шалгарч, Хойд бүсийн 2018 оны Өсвөрийн шилдэг аврагчдаар тодорсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн төсөл

Миний бие 1996-2000 онд парламентын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ердөө ганцхан удаа хуулийн төсөл өргөн барьсан нь доорх Үндсэн хуулийн төсөл билээ. 1992 онд батлагдсан Үндсэн хууль нь ялангуяа шилжилтийн үед өөрийн үүргийг гүйцэтгэхийн хэрээр тодорхойгүй заалтууд нь ажиглагдан олон утгаар тайлбарлагдаж буйгаас гадна хоорондоо үл авцалдах механизмууд нь илэрч байгааг ажиглалаа. Төрийн институциудын эрх мэдлийн хуваарилалт тодорхой бусаас болж Үндсэн хуулийн хямрал байнга тохиолдож байх үүд хаалга үргэлж нээлттэй байх боломж их байна. Иймээс өөрийн гишүүн байсан дөрвөн жилийн туршлага дээр үндэслэн энэхүү төслийг зарчмын хувьд санал болгон бичсэн юм. УИХ-ын гишүүн байх хугацаа тун богино үлдсэн тул яаран сандран үүнийг үйлдээд бараг хамгийн сүүлчийн өдөр өргөн барьсан билээ.

Үндсэн хуулийн төсөл бол тэр чигээрээ шинжлэх ухаан, зөвхөн бичлэг нь гэхэд олон зүйл төрлөөр хуваагдсан арга техниктэй билээ. Үүнийг сайн ойлгож байгаа учир эл төслийг тэр чигээр нь хууль болгуулах ямар ч санаа өвөрлөөгүй. Энэ төсөлд ч хоорондоо үл авцалдах зүйл байж болохоор үл барам ерөөсөө бүхлээрээ Үндсэн хууль гэж нэрлэх аргагүй бичвэр болсон байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү хожмын хууль зохиогчид миний биеэр мэдэрсэн зүйлсийг харгалзан санаа аваасай гэсэн ганцхан зорилго агуулсан болно.

Өнгөрсөн олон жилийн туршлагаас харахад хамгийн их маргаан дагуулсан, хамгийн их зөрчигдсөн заалтууд “Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн бүлэгт бий. Иймээс сонирхуулах үүднээс энэ удаа 18 жилийн өмнө бичиж УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн Гуравдугаар бүлгийг сонирхсон нэгэнд нь толилуулж байна.

БААБАР

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ. УЛСЫН ИХ ХУРИЛДAЙ

Хорьдугаар зүйл

Улсын Их Хурилдaй бол төрийн хууль тогтоох эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурилдaй хадгална.

Хорин нэгдүгээр зүйл

Улсын Их Хурилдaй хоёр танхимтай, 81 гишүүнтэй, байнгын ажиллагаатай байна.

Улсын Их Хурилдaй нь 27 гишүүнтэй Дээд хурал, 54 гишүүнтэй Төлөөлөгчдийн Хурлаас бүрдэнэ.

Дээд хурлын гишүүнд 37 нас хүрсэн Монгол Улсын иргэдээс сонгуульд нэр дэвшсэн хүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. Дээд хурлын гишүүнийг хоёр шаттай сонгуулиар зургаан жилийн хугацаагаар сонгогчдын олонхын саналаар сонгоно. Дээд хуралын гишүүдийг сонгох тойргуудыг хоёр бүлэгт хувааж эхний бүлгийн сонгууль явагдсанаас гурван жилийн дараа дараагийн бүлгийн сонгуулийг явуулна.

Төлөөлөгчдийн хурлын гишүүний сонгуулийг хувь тэнцүүлэх зарчмаар, нууц санал хураалтаар явуулах бөгөөд түүнд Монгол улсын улс төрийн нам Монгол Улсын хорин таван нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэдээс 9-өөс цөөнгүй 54-өөс олонгүй нэр дэвшигчийг урьдчилан сонгож оролцуулна. Сонгуульд оролцсон нийт сонгогчдын таван хувиас дээш санал авсан нам Төлөөлөгчдийн хуралд авсан суудлын тоогоор өөрийн төлөөллийг дээрх нэр дэвшигчдээс дөрвөн жилийн хугацаагаар сонгон томилно.

Улсын Их Хурилдaйн хуралдаануудыг санал хураалт хүчинтэй болох тооны гишүүд хуралдаанд цугларсан үед хүчинтэйд тооцно. Улсын Их Хурилдaйн гишүүн өөрийн харьяалах танхимын нэг удаагийн чуулганы нийт зарлагдсан хуралдааны талаас илүүд оролцоогүй бол түүний санал хураалтад оролцох эрхийг дараагийн чуулганы хугацаанд түдгэлзүүлж, хэрэв давтагдвал бүрэн эрхийг хасаж, хуульд заасан журмын дагуу нөхөн сонгууль явуулна. Улсын Их Хуралын гишүүний нөхөн сонгуулийн болон эгүүлэн татах Үндсэн хуульд зааснаас бусад журмыг хуулиар тогтооно.

Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурилдaйн гишүүний ирцийн асуудлыг хуулиар зохицуулан хөнгөлөлт үзүүлж болно.

Улсын Их Хурилдaйн танхимуудын хуралдаан, танхимуудад харьяалагдах бусад хуралдааныг даргалагч нар нь тухайн хуралдаанаар хэлэлцэгдэж буй асуудлуудыг эцэслэн томьёолж санал хураалтад оруулах эрхээр хангагдана.

Танхимууд чуулганы хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах ба ээлжит чуулган улирал тутамд гучаас доошгүй ажлын өдөр тасралтгүй чуулна. Жилд дөрвөн удаа завсарлах ба гишүүдийн амралтын хугацаа улсын дундачаас хэтэрч үл болно.

Хорин хоёрдугаар зүйл

Улсын Их Хурилдaй нь хуульд заасан онцгой чухал болон дараахь үндсэн асуудлуудыг авч хэлэлцэхээр асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн хуралдаан жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана. Үүнд:

Үндсэн хуулийн хавсралт хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

Гишүүн бүр хууль санаачлах эрхтэй. Гэхдээ нийт гишүүдийн 10 хувиас доошгүй хүний дэмжлэг авсан ба Сангийн яам, Хууль зүйн яамнаас зөвшөөрсөн тохиолдолд санаачилсан хуулиа Улсын Их Хурилдайд өргөн барина.

Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татах;

Үндэсний аюулгүй байдалд хамаарах нэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

Хууль дүрэм зөрчигчдөд ногдуулах шийтгэврийн нэгжийн хэмжээг тогтоох;

УИХ-ын аль нэг танхим, эсвэл Засгийн газрын зүгээс УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн улс орны нэн чухал асуудлууд.

Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаанд Дээд хурлын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ, Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намын төлөөллийн харьцааг хадгалсан тооны Төлөөлөгчдийн Хурлын 27 гишүүнийг томилон оролцуулна. Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Төлөөлөгчдийн хурлын гишүүн бүр Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаанд ядаж нэг удаа оролцсон байна.

Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдсэн аливаа асуудал нь нэгдсэн хуралдаанд оролцсон 28 буюу түүнээс олон гишүүний саналаар шийдвэрлэгдэнэ.

Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдааныг гишүүдийн зүгээс хүндэтгэх шалтгаангүйгээр таслах, улс төрийн шалтгаанаар хурал хаяхыг хориглох ба хэрэв үүнийг зөрчвөл буруутан гишүүний бүрэн эрхийг ээлжит нэг чуулганы хугацаанд түдгэлзүүлнэ.

ХОЁР. ДЭЭД ХУРАЛ

Хорин гуравдугаар зүйл

Дээд Хурал Монголын ард түмний эв нэгдэл, Үндсэн хуулийг сахиулах баталгааг илэрхийлэгч мөн.

Дээд хурал, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.

Дээд хурлын гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.

Дээд хурлын гишүүн улс төрийн аливаа нам эвсэлд хамаарагдахгүй. Хэрэв Дээд хуралд сонгогдсон хүн улс төрийн намд харьяалалтай бол Дээд хурлын гишүүн байх хугацаандаа уг намын гишүүнчлэлээс түдгэлзсэн байна.

Дээд хурал аливаа шийдвэрийг тус хурлын бүрэн эрхээ эдэлж байгаа, санал хураалтад оролцох эрх бүхий нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэн гаргана.

Хорин дөрөвдүгээр зүйл

24.1.Дээд хурал дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Төлөөлөгчдийн хурлаас баталсан хуулийг Үндсэн Хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, үндэсний ашиг сонирхолд нийцсэн эсэхийг магадласны үндсэн дээр эцэслэн батлах, эс батлах;

Төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон хүнийг Ерөнхий сайд, Төв банкны ерөнхийлөгчөөр томилоход хориг тавих. Дээд хурлын энэ талаар тавьсан хоригийг Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, Төлөөлөгчдийн хурлын нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол Ерөнхий сайд болон Төв Банкны ерөнхийлөгчийг томилох Төлөөлөгчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

Улсын төсвийн тодорхой заалтууд болох нийт төсвийн мөнгөний дүн, салбаруудын мөнгөний дүнд хориг тавих;

Нутаг дэвсгэрийн захиргааны удирдлагыг Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу хэрэгжүүлэх, Төлөөлөгчдийн хурлаас өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;

Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

уучлал үзүүлэх;

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

Хорин тавдугаар зүйл

Дээд хурлын гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг 3 жилийн хугацаатайгаар Улсын Их Хуралдай сонгоно.

Дээд хурлын гишүүн нэрээ бие дааж Ерөнхийлөгчид дэвшүүлнэ.

Ерөнхийлөгчийг сонгохдоо эхлээд Дээд хурлаас Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн гишүүдээс Төлөөлөгчдийн хурал санал хурааж хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тодруулна. Төлөөлөгчдийн хурлаар сонгогдож шалгарсан хоёр нэр дэвшигчээс Дээд хурал санал хурааж олонхын санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох эрх олох бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсанаар Ерөнхийлөгчөөр сонгогдоно.

Хэрэв Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдаагүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг хуульд заасан журмын дагуу дахин явуулна.

Ерөнхийлөгчийг зөвхөн гурван удаа улируулан сонгож болно. Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож байсан хүн Дээд хуралд дахин сонгогдсон тохиолдолд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгохгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийг Дээд хурлын ээлжит сонгууль бүрийн дараа явуулах ба товыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Дээд хурлын ээлжит сонгуулийн өмнө гаргана.

Хорин зургадугаар зүйл

Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн мөн.

Хорин долдугаар зүйл

Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Улсын Их Хурилдaйн нэгдсэн хуралдаан, Дээд хурлын шийдвэрийг илэрхийлсэн зарлиг гаргах, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хурилдaйгaaс зөвшөөрсөн асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

Төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд төрийг төлөөлөн ёслол үйлдэх.

Хорин наймдугаар зүйл

Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль батлагдсанаас хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн ард түмэн, Дээд шүүх, зэвсэгт хүчний өмнө тангараг өргөнө.

Хорин есдүгээр зүйл

Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурилдайн нэгдсэн хуралдаан, Дээд хурлын хуралдааныг даргална. Ерөнхийлөгч ард түмэндээ хандан илгээлт гаргаж Төлөөлөгчдийн хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, санал оруулж болно.

Ерөнхийлөгчийг эзгүйд Улсын Их Хурaлдайн нэгдсэн хуралдааныг Төлөөлөгчдийн хурлын дарга, Дээд хурлын хуралдааныг тус хурлын хамгийн ахмад настай гишүүн даргална.

Гучдугаар зүйл

Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болох ба хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхээ нэн даруй хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гучин нэгдүгээр зүйл

Ерөнхийлөгч Улсын Их Хурилдaйд ажлаа хариуцна.

Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Төлөөлөгчдийн хурлын дүгнэлт, эсвэл Дээд хурлын есөөс цөөнгүй гишүүдийн саналыг үндэслэн Дээд хурлаар хэлэлцэж, нийт гишүүний олонхын саналаар огцруулна.

Гучин хоёрдугаар зүйл

Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Дээд хурлын хамгийн ахмад гишүүн хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хуралдaй Ерөнхийлөгчийн сонгуулийг 45 хоногийн дотор зарлан явуулна.

Дээд хурлын хамгийн ахмад гишүүн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гучин гуравдугаар зүйл

Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Төлөөлөгчдийн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Төлөөлөгчдийн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Эсвэл Үндсэн хуульд заасан бусад нөхцөл бүрдвэл Төлөөлөгчдийн хурал тарна. Ийнхүү тарах шийдвэр гарсан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Төлөөлөгчдийн хурал хууль батлахаас бусад бүрэн эрхээ эдэлнэ.

Гучин дөрөвдүгээр зүйл

Төлөөлөгчдийн хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

Төлөөлөгчдийн Хурaлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Төлөөлөгчдийн хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Гучин тавдугаар зүйл

Төлөөлөгчдийн хурлын даргыг Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно.

Төлөөлөгчдийн хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

Төлөөлөгчдийн хурлын даргын эзгүйд түүнийг байнгын хороодын дарга нар ээлжлэн орлох ба дарааллыг Төлөөлөгчдийн хурлын дарга тогтооно.

Гучин зургадугаар зүйл

Төлөөлөгчдийн хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.

Хууль анхлан батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Засгийн газрыг эмхлэн байгуулах, огцруулах; Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх

Төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Төлөөлөгчдийн хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;

Хуульд зааснаар Төлөөлөгчдийн Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Хууль, Төлөөлөгчдийн хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;

Улсын хил тогтоох;

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;

Улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;

Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;

Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;

Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах;

Энэ зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан дээд хурлын шийдвэрийг батлах, хүчингүй болгох;

Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:

Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

Төлөөлөгчдийн хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Гучин долдугаар зүйл

Төлөөлөгчдийн хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.

Төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад чуулганыг Төлөөлөгчдийн хурлын дарга товлон зарлана.

Дээд хурал онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Төлөөлөгчдийн хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгүйгээр чуулна.

Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Төлөөлөгчдийн хурлын нийт гишүүний гypaвны нэг нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, тyxaйн xypaлд оpолцогч гишүүдийн 50 xyвь+1 сaнaлaap aсyyдлыг шийдвэрлэнэ.

Гучин наймдугаар зүйл

Төлөөлөгчдийн хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.

Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Төлөөлөгчдийн хурал тогтооно.

Гучин есдүгээр зүйл

Төлөөлөгчдийн хурлын гишүүн нь Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй.

ДӨРӨВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Дөчдүгээр зүйл

Монгол Улсын Засгийн газар бол гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага мөн.

Засгийн газар хууль биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;

Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хурилдaйд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэx;

Салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;

Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;

Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;

Улсын Их Хурилдaйн зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.

Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Дөчин нэгдүгээр зүйл

Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

Засгийн газрын гишүүд нь Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Xyyль зүйн сaйд, бусад гишүүд байна. Epөнxий сaйд нэгээс илүү яaмны сaйдыг xaвсpaн эpxэлж болоxгүй.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Ерөнхий сайдаас дэвшүүлсэн хүн томилогдно. Ерөнхий сайдаас бусад тохиолдолд Төлөөлөгчдийн хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч болохгүй. Дээд хypлын гишүүн Зaсгийн гaзpын гишүүнийг xaвсapч болоxгүй.

Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Төлөөлөгчдийн хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Ерөнхий сайдаас бусад засгийн газрын гишүүдийг сонгохдоо дараахь зарчмыг баримтална. Үүнд:

Хариуцах салбарын үйл ажиллагааны онцлогт хамаарах мэдлэг, боловсролтой байх, улс төpийн салбарт ажиллаж тодоpxой тypшлaгaтaй болсон байх.

Хариуцах салбарт хамаарах аливаа аж ахуйн нэгжээс мөнгөн хамааралгүй байх ба тэдгээрийн хувьцаа, бонд зэргийг эзэмшдэггүй байх.

Дөчин хоёрдугаар зүйл

Төлөөлөгчдийн Хуралд нийт суудлын гуравны хоёроос дээш суудал аваагүй аливаа нам, намуудын эвсэл Засгийн газрыг дангаараа байгуулахгүй.

Энэ зүйлийн 42.1 заалтыг харгалзахгүйгээр Төлөөлөгчдийн хуралд тал хувиас доогуур суудал авсан нам, болон намуудын эвсэл сөрөг хүчин болохоо албан ёсоор мэдэгсэн тохиолдолд төлөөлөгчдийн хуралд суудлын талаас дээш, гуравны хоёроос доош хувийг авсан нам, намуудын эвсэл Засгийн газрыг дангаараа бүрдүүлж болно.

Засгийн газрын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байна.

Засгийн газрын бүрэн эрх Төлөөлөгчдийн хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.

Төлөөлөгчдийн хурлын шинээр байгуулагдсан танхим Засгийн газрыг 60 хоногийн дотор, хугацаанаас өмнө огцорсон Засгийн газрын оронд шинээр байгуулах Засгийн газрыг 45 хоногийн дотор томилж чадаагүй бол Төлөөлөгчдийн хурал тарна.

Ерөнхий сайд Төлөөлөгчдийн хурлаас сонгогдсоноос хойш 72 цагийн дотор Дээд хурал түүнд хориг тавих, хориг эс тавих асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд аливаа шийдвэр гараагүй бол Ерөнхий сайдыг сонгосон Төлөөлөгчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно. Дээд хypaл зөвxөн нэг yдaa л xоpиг тaвиx эpxтэй бa xоpигийг Tөлөөлөгчдийн хypлын тaлaaс дээш xyвь нь зөвшөөpсөн тоxиолдолд xүчин төгөлдөp болно.

Хэрэв Засгийн газар хугацаанаас өмнө огцорвол Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлж, шинэ Ерөнхий сайдыг томилогдтол Ерөнхий сайдын үүргийг Засгийн газрын гишүүдийн аль нэгээр гүйцэтгүүлнэ. Дapaaлaл нь Сaнгийн сaйд, Гaдaaд xэpгийн сaйд, Xyyль зүйн сaйд, Бaтлaн xaмгaaлaxйн сaйд гэж бaйнa.

Дөчин гуравдугаар зүйл

Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурилдaйн өмнө хариуцна.

Засгийн газар үйл ажиллагаагаа Төлөөлөгчдийн хуралд тайлагнана.

Төлөөлөгчдийн хуралд сөрөг хүчин болсон нам, намуудын эвсэл гүйцэтгэх засаглалын эрхийг эдлэхгүй сүүдрийн Засгийн газар байгуулж болно. Сүүдрийн Засгийн газар нь эрх барьж буй Засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд ажиглалт хийх эрхээр хангагдах ба энэ ажиглалт хийх нөхцөл, хязгаарлалтыг хуулиар тогтооно.

Дөчин дөрөвдүгээр зүйл

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Дөчин тавдугаар зүйл

Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж болно.

Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Төлөөлөгчдийн хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Дээд хурлын санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Төлөөлөгчдийн хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дөчин зургадугаар зүйл

Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Төлөөлөгчдийн Хурал уул асуудлыг дөчин тавдугаар зүйлийн 45.3. т заасан журмаар шийдвэрлэнэ.

Дөчин долдугаар зүйл

Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.

Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Төлөөлөгчдийн хурал хүчингүй болгоно.

Дөчин наймдугаар зүйл

Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.

Засгийн газрын гишүүнээс бусад улс төрийн албан тушаалд Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд ядaxнaa нэг yдaa нэр дэвшиж бaйсaн xүнийг томилно.

Төрийн албадын бусад удирдлагыг томилохдоо зөвхөн мэдлэг, мэргэжлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний замаар сонгох зарчмыг удирдлага болгоно.

Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана. Tөpийн aлбaн xaaгч yлс төpийн aливaa нaм эвсэлд xapьяaлaгдax ёсгүй бa бүx шaтны төpийн сонгyyльд нэp дэвшсэнээр түүний төpийн жинxэнэ aлбaн xaaгч бaйx иpээдүй дyyсгaвap болно.

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

2000 оны долдугаар сарын 3-нд УИХ-д өргөн барив.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Эрх баригчид Үндсэн хуульд Монголыг бие даасан улс байхын эсрэг заалтууд оруулах гэж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ удаагийн төсвийг нийтэд нь хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ цаг үед УИХ-ын хэлэлцэх хамгийн чухал асуудал бол 2019 оны улсын төсвийн тухай хуулийн төсөл. Ээлжит бус чуулган зарлаад сайдын асуудлаа шийдэх ёстой байсан. Гэтэл эрх баригчид төсөв хэлэлцэх цагаар бялуу хуваах асуудлаа л хэлэлцлээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөс жишээ татахад иргэдийн зүгээс хамгийн их хүлээлттэй байгаа амины орон сууцны зээлийн санхүүжилтэд төсөвлөсөн тодорхой хэмжээний мөнгийг хасаад л оруулж ирсэн байна. Аль хэдийнэ УИХ-аар хэлэлцээд 2019 онд гэр хорооллыг амины орон сууцжуулахад зориулаад баталчихсан төсөв шүү дээ. Оронд нь нөгөө л өндөр орон сууцаа борлуулах, төвлөрөл, түгжрэлийг нэмэгдүүлэх төсөлд зориулж зуу зуун тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөсөн байх жишээтэй.

– Та болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж байгаа. Гэсэн ч Д.Лүндээжанцан гишүүн та хоёрын байр суурь эсрэг тэсрэг байгаа нь ажиглагдаж байна. Таны зүгээс Үндсэн хуулийн ямар өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ?

– Үндсэн хууль батлалцаж байсан хүмүүсийн хувиар Д.Лүндээжанцан бид хоёр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа.

Үндсэн хуульд хоёр танхимтай болгох, яамдын нэрийг оноож өгөх, пар-ламентыг хянан шалгах гэх мэт саналуудыг оруулсан байна лээ. УИХ-д хянан шалгах үүрэгтэй хороо байдаг. Хоёр танхимтай боллоо гэхэд буруу, зөрүү хараад суучихвал хэн шийдвэр гаргах болж байна вэ. Үндсэн хуульд огт заагаагүй зөвлөлдөх санал асуулга гэх зүйл зохион байгуулсан. Уг санал асуулгыг тохиолдлоор сонгосон хүмүүсээр хэлэлцүүлсэн гээд байгаа. Харин тэдгээр хүмүүсийн саналаар Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэргийг хассан гэсэн байна лээ.

Товчхондоо Үндсэн хуульд Монгол Улсыг бие даасан улс байхын эсрэг заалтуудыг л оруулах гэж хичээж байна. Намуудын саналаар УИХ-ыг бүрдүүлдэг тогтолцоог Үндсэн хуульд оруулахаар зүтгэж байна. Энэ байдлыг би эсэргүүцэж байна. Эсэргүүцсээр ч ирсэн. Эрх баригчид дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Цэцээр ч хаалт тавиулахгүй болохыг зориод байгаа юм. Үндсэн хуулиа өөрчлөх, сайжруулах үйл явц нь эрүүл, хууль, журмын дагуу явах ёстой. Мөн өөрчлөлтийг ард түмэн үнэхээр хүсч, ойлгож байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Ямартаа ч нэн тэргүүнд дордуулсан долоон өөрчлөлтийг УИХ хүчингүй болгох хэрэгтэй. Дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөөгүй цагт энэ Үндсэн хуулийг дүгнэх ямар ч боломжгүй гэж би хардаг. Энэ өөрчлөлтийг нэг нам дангаараа засаг барьж байх үед л хийсэн. Уг өөрчлөлтийг хийхийн тулд шинэээр сонгогдсон гишүүдээ дарамтлан хүчээр гарын үсэг зуруулсан шүү дээ. Энэ явдал дахин давтагдаж нэг намын бодлогоор Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгоод зогсохгүй Үндсэн хуультай уялдаагүй, зөрчсөн 200 гаруй хуулийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

-Дордуулсан долоон өөрчлөлтийг зассанаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Нэн тэргүүнд гишүүдийн хариуцлагагүй байдал алга болно. Парламентын үйл ажиллагаа ч сайжирна. Улс орны өмнө тулгамдсан асуудлууд байсаар байхад парламент хагас жил л ажиллаж байна. Төрийн албан хаагч яаман дээрээ амь насаа алдаж, байгалийн гамшиг болж байхад парламент амарч, гишүүд нь найр наадам хэсэж, морь мал уясан шиг ээ л явж байх жишээтэй. Бусад орны парламентийн гишүүд жилдээ хоёрхон долоо хоног амарч, цаг наргүй ажилладаг. Үндсэндээ хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон. Энэ бүхэн дордуулсан долоон заалтыг арилгаж байж л өөрчлөгдөнө. Дордуулсан долоог өөрчлөөгүй цагт энэ Үндсэн хуулийн зөв, бурууг дүгнэх боломжгүй.

-Олон улсын парламентын холбооноос ирсэн хүсэлтийн дагуу санал, дүгнэлт гаргах ажлын хэсгээс санал гаргаж УИХ-д хүргүүлжээ. Ямар санал гаргасан юм бэ?

-С.Зориг агсны хэрэгтээ холбоотойгоор олон улсын парламентын холбооноос ирсэн хүсэлтийн дагуу санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүн ахлан ажиллаж байна. Энэхүү асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж санал гаргасан. Уг саналуудаа УИХ-д хүргүүлээд байна. С.Зориг агсны хэргийн нууцалж буй зарим материалыг үзэж болохгүй байгаа. Тэрхүү нууц хэсгийн материалыг үзэх эрх нь Тусгай хяналтын хороонд байдаг. Тиймдээ ч Тусгай хяналтын хороонд чиглэл өгч ажиллаж байгаа. Нэн тэргүүнд бид санал дүгнэлтээ Тусгай хяналтын хороо руу явуулсан. Хууль зөрчигдсөн зүйл байгааг нягтлаад хариу ирүүлэхийг хүссэн юм. Тусгай хяналтын дэд хорооноос уг асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нар орсон. Ажлын хэсгийн зүгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж ерөнхий прокурорын мэдээллийг сонсох нь зүйтэй гэсэн саналтай байна.

Түүнчлэн УИХ энэ түр хороо байгуулж анхаарал хандуулах хэрэгтэй. Санал, дүгнэлт ч гаргах ёстой. Энэ долоо хоногт УИХ-аас онцгой бүрэн эрхтэй түр хороог байгуулна. УИХ-аас албан ёсны бүтэц орсноор тодорхойгүй зүйлүүд тодорхой болох болов уу гэж харж байна. Тусгай хяналтын дэд хороо нууцын холбогдолтой асуудалд дүгнэлтээ гаргасны дараа Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий прокурорын мэдээллийг сонсох болно.


Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 17-нд болох үйл явдал

ГХЯ-нд “Монгол Улсад Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизм байгуулах тухай” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн” эхэлнэ.

09.00 цагт МУБИС-ийн хичээлийн I байранд “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах аргазүй” сургалт болно. Утас:99759586

10.00 цагт Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсан талаар НМХГ-аас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт Монголын уран зургийн галерейд “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт НЗДТГ-ын А танхимд Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал болно.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар сургуульд “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах нь” төслийн нээлт болно.

11.00 цагт Хуульчдын талбайд ХЗҮХ, Монголын хуульчдын холбоо, “Иргэдийн оролцоо II” төсөл болон Хууль зүйн тусалцааны төвийн Нээлттэй өдөрлөг болно.

12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Оюу Толгой” компанийн байран иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:99191388, 88117157

14.00 цагт Хүүхдийн ордонд Нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагч оролцсон “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдийг тодруулна.

14.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд мал эмнэлэг, биотехнологийн чиглэлийн залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах “НАРМАНДАХ САН”-гийн нэрэмжит эрдэм шинжилгээний тавдугаар бага хурал болно. Утас:99287297

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Үндсэн хуулийн цэцийн байранд

09.00 цагт иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалахыг шаардсан Хэнтий аймгийн 3500 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгнө.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Монголын Гимнастикийн холбооноос Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-өөс “Сентерра Гоулд” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгор: Татвар хураагчийн хууль бусаар авсан мөнгө хаашаа ордгийг мэдэх шаардлагатай

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Хонгор тээврийн хэрэгслийн татвар болон бичиг баримттай холбоотой урт хугацааны маргаан өрнүүлжээ. Түүгээр ч зогсохгүй татвар хурааж байгаа орон тооны бус байцаагч гэх эмэгтэй бүртгэлийн гэрчилгээний төлбөр гэж 500 төгрөг авчихаад ямар нэг баримт өгөхөөс татгалзаж “Тэгвэл банкинд 2500 төгрөг тушаа” хэмээн омогджээ.


-Та яагаад манай сонинд хандах болов?

-Би өөрөө Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд иргэдийг төлөөлдөг хүн. Төрийн үйлчилгээ иргэдийг яаж тамладаг талаар өөрийн биеэр мэдэрсэн. Энэ тухайгаа олон нийтэд мэдэгдэх нь зүйтэй гэж үзээд танай сонинд хандаж байна.

-Иргэдийг яаж тамлаж байна?

-Надад учирсан зүйлийг ярихаар тодорхой харагдах байх. Энэ оны долдугаар сарын 16-нд Авто тээврийн үндэсний төвийн цирк дэх салбарт иргэний хувиар үйлчлүүлэхээр очсон. Тээврийн хэрэгслийн татвар төлсөн гэрчилгээг солиулах шаардлагатай байсан юм.

-Яагаад өмнө авсан гэрчилгээг солиулах шаардлагатай болсон юм бэ?

-Манайхан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр нэр, усыг гараар биччихдэг. Гэтэл ОХУ-ын хил нэвтрэхэд гараар бичсэн нэр усыг зөвшөөрдөггүй. Заавал компьютерээр шивсэн байх шаардлага тавьдаг юм байна.

-Тэгээд та ОХУ-ын хил хүрээд буцаж ирсэн хэрэг үү?

-Тийм. Би хоёр машинтай хил давах зорилготой яваад бичиг баримтын буруу хэвлэлтээс болоод буцаж ирсэн. Тэгээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээгээ засуулахаар очсон.

-Маргаан үүсэх өөр шалтгаан байсан уу?

-Гэрчилгээнүүдийн хэвлэлтээс гадна зам ашиглалтын төлбөрт хоёр машинаас нийтдээ 80 мянган төгрөг авах ёстой атал 120 мянган төгрөг авчихсан байсан.

-Өмнө нь та хэдэн төгрөг төлснөө мэдээгүй явсан юм уу?

-Цагаан сарын өмнө өргүй болох гээд яараад гэр бүлийн хүн маань анзааралгүй шилжүүлсэн байсан.

-80 мянга, 120 мянган төгрөгийг ялгахгүй шилжүүлсэн хэрэг үү?

-Байцаагчаар дамжуулж үйлчилгээ авах хүндрэлтэй. Тийм учраас цахимаар шилжүүлсэн. Зөрчилдөх бас нэг шалтгаан бол намайг татвар төлөгч мөн гэсэн гэрчилгээг өгөхийн тулд 500 төгрөг хураасан. Би 500 төгрөгтөө баримт авах гэсэн боловч “Манайх баримт өгдөггүй” гэж омогдсон. Дээр нь “Та 500 төгрөг өгч чадахгүй бол банкинд 2500 төгрөг төлөөд баримтаа авахгүй юу” гэсэн.

-Яагаад баримт нэхсэн юм бэ?

-Хуулиар мөнгө хураасан нөхцөлд мөнгө хураасан баримт дээр нь НӨАТ баримт өгөх ёстой. Гэтэл надад өгөөгүй. Хүмүүсийн яарч, сандарч ажлаа амжуулах сэтгэлгээг ингэж луйвар болгон ашиглаж хууль зөрчиж байгаа байхгүй юу. Маш олон хүн үйлчлүүлсэн байгаа. Гэтэл ямар ч баримтгүй мөнгө хаашаа орж байгаа нь мэдэгддэггүй. Үүнийг тодруулах ёстой.

-Тэгээд баримт өгөхгүй болохоор яасан бэ?

-Дээд шатны албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн. Харамсалтай нь Нийслэлийн татварын албаны даргад өгсөн албан бичгийн хариуг нэг хэлтсийн дарга өгсөн. Хуулиар Нийслэлийн татварын албаны дарга өөрөө хариу өгөх ёстой. Энэ бүхнийг сануулсны хүчинд Нийслэлийн татварын албаны дарга өөрөө хариу өгсөн. Эндээс Нийслэлийн татварын алба хууль, дүрэм мөрддөггүй, ажилтнуудаа мэргэжлийн арга зүйгээр хангадаггүй гэдэг нь тодорхой харагдсан. Нэгэнт татварын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах чадамжгүй учраас нийслэл, дүүргийн татвар бүрддэггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Нөгөө бүдүүлэг авирласан байцаагчийн асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Өнөөдөр яаж шийдэгдсэнийг би мэдэхгүй байна. Тухайн үедээ “Орон тооны бус байцаагч танд үйлчилсэн байна” гэсэн хариу өгсөн. Тэгээд би татварын хууль хартал “татварын улсын байцаагч, татвар хураагч” гэсэн хоёр л албан тушаал байдаг юм байна. “Орон тооны бус байцаагч” гэсэн албан тушаал хуульд алга.

-Тэгээд тантай харьцсан хүн хууль бус болж таарч байна уу?

-Би цааш нь энэ талаар судалсан. Гэтэл хуулиас давсан Татварын арын албан тушаалаар тэр хүн ажиллаж байсан болж таарсан.

-Яагаад?

-2009 оны дөрөвдүгээр сард Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журам нь “Орон тооны бус байцаагч ажиллуулах тухай” журам гарсан байдаг. Энэ нь хууль бус юм байна.

-Яагаад?

-Төрийн албанаас захиргааны актуудыг гаргасан бичиг баримтыг Хууль зүйн яам бүртгэж авах ёстой. Гэтэл “Орон тооны бус байцаагч ажиллуулах тухай” журам бүртгүүлээгүй байгаа юм. Энэ тухай Хууль зүйн яамнаас өчигдөр надад хариу өгсөн.

-Хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Хуулиар татвар хураагч нар нэг жил дагалдангаар ажиллаж байж улсын байцаагч болно. Бараг арваад жил хууль зөрчсөн тушаал үйлчилж байна шүү дээ. Энэ тушаал бүх аймаг, дүүрэгт хэрэгжсэн байгаа юм. Үүнийг олж харлаа. Дээр нь татварын албаны үйл ажиллагааны зардлыг төсвөөс санхүүжүүлнэ гэж Татварын ерөнхий хуулинд заасан. Гэтэл хэр хэмжээний бэлэн мөнгө хураагаад, ямар дансанд шилжүүлсэн гэдгийг тогтоох ёстой.

-Таны асуудал шийдэгдсэн үү?

-Уучлал гуйсан. Илүү хураасан мөнгийг буцааж олгохоор болсон.

-Одоо ямар асуудал байна?

-Хүн хорлож байгаа мэт цагаандаа гарсан зүйл болсон. Гэрчилгээ солиулах гэж явахад олон газар луу дахин дахин явуулсан. Сонгинохайрхан дүүргийн оношилгооны төв, Баянгол дүүргийн оношилгоо, татварын төв, 22-ын товчоо, Улсын цирк доторх салбар гээд олон газар явуулсан. Бүр инээдтэй нь очсон газруудын татварын гэрчилгээн дээр бичилт хийдэг принтер Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбаруудад байхгүй. “Хэзээ ажиллах вэ” гэхээр “Мэдэхгүй” гэж хариулж байгаа юм.

-Татвартай холбоотой гомдол ерөнхийдөө дууссан уу?

-Дуусаагүй. Надаас зам ашигласны жилийн төлбөр гэж 40 мянган төгрөг авч байгаа юм. Гэтэл миний машин дугаарын хязгаарлалтаар жилд 52 хоног хөдөлгөөнд оролцдоггүй. Жилийн татвар юм бол 52 хоногийн татварыг хасах ёстой биз дээ. Агаарын бохирдлын төлбөрт бас адилхан хандах ёстой. Нэг машинаас авто зам ашигласны татвар 5.6 мянга, агаарын бохирдлын татвараас 1.3 мянган төгрөг. Нэг машинаас долоон мянган төгрөг илүү хурааж байна гэсэн үг. Бүх машинаас энэ хэмжээний мөнгө илүү хураахаар иргэд их хэмжээгээр хохирно биз дээ. Төр хураах мөнгөө авчихдаг. Хасах зүйлээ хасахгүй байна.

-Замын болон агаарын бохирдолд илүү төлсөн мөнгөө буцааж авах уу?

-Одоо удахгүй энэ асуудлыг хөөцөлдөнө.


Categories
мэдээ цаг-үе

Уул уулын цаадах умард нутаг (II)

Түрүүч нь 200(6043) дугаарт

-БНАСАУ-Д ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ-

ДОЛОО. БУНХАНТ ЦОГЦОЛБОР

Биднийг тус улсад очсоны маргааш өглөө 07.00 цагт угтаж авсан хүмүүс маань зочид буудлын хүлээлгийн танхимд хүлээж байлаа. БНАСАУ-ын 70 жилийн ойд гадаадын 40 гаруй орны 4000 орчим зочид төлөөлөгчид уригдсан аж. Ази, Африк, Европын орнуудын төлөөлөгчид зонхилж харагдана лээ. Замын хөдөлгөөн бүрэн хааж, зочид төлөөлөгчид машиндаа суусны дараа 5-10 машин тутамд цагдаагийн хамгаалалт замчлан хөдлөв. Биднийг машинд суухын өмнө бүх зүйлсээ буудалд орхихыг анхааруулав. Буудлаас зүүн хойш зүгт хотын цардмал зам дагуу нэлээд давхилаа. 15 минутын дараа машины явдал 30 км цагаас дотогш болж удаашрав.

Солонгосчуудын хэлдгээр “Мөнхийн удирдагч”-дын нойрсож буй бунханд ойртох тусам бүх машины хөдөлгөөн ийнхүү удааширч, хүндэтгэл үзүүлдэг гэлээ. Ер нь энгийн үед ч тэр бунхан болоод эцэг хүү Кимийн музейн урдуур бүх машинууд хурдаа хасдаг юм байна. Машин яван явсаар нэг га орчмын тэгш дөрвөлжин машины зогсоол дээр ирлээ. Анх бодохдоо бунхан гэхээр тийм том аварга байгууламж гэж төсөөлсөнгүй. Машинаас буунгуут хойхно талд гурван давхар байшин шиг чулуун өргөө байна. Түүний баруун болоод өмнөд талаар доош нь эргүүлж харуулсан “г” үсэг шиг явган хүний зам байна. Дээгүүрээ том чулуун саравчтай, олон багана тулсан хүндэтгэлийн хийцтэй тэр замаар бид эгнээндээ тус бүр дөрвөн хүний хайрцагт цэгцрэн алхав. Явган хүний чулуун замын төгсгөлд доош буусан урсдаг шат байна. Урсаад л буулаа. Тэр даруйд шалгалтын пост байх бөгөөд онгоцны буудал шиг металл илрүүлэгчээр хамаг юм тэмтрэх нь тэр. Цааш дахин урсдаг тэгш замаар ертөнцийн зүгээр бол урагшаа явав. Урсдаг шатан дээр алхалгүй зүгээр зогсож явах учиртай гэнэ.

Ийнхүү шатны урсгалд төлөв байдлыг илтгэн явах зуур дээгүүрээ битүү чулуун байшин дундуур л яваад байх нь тэр. Багцаагаар 150 орчим метрийн турш ийнхүү зорчиход зүүн талын цонхоор өндөр далантай хиймэл нуур харагдах бөгөөд хун шувуу олноор цугласан аж. Харин баруун талын цонхоор мөнөөх бунханы гол байгууламж асар том өргөө сүндэрлэнэ. Бараг төрийн ордонтой нь дүйцэхүйц том байгууламж баруун урд зүгт алсалж харагдана. Яван явсаар тэгш урсдаг зам дуусч дахин доош буусан шатаар уруудав. Хар бараан өнгийн солонгос үндэстний хувцастай төлөв даруу байдлыг илэрхийлсэн залуухан бүсгүйчүүд угтаж авав. Тэнд хүмүүсийн эд зүйлийг хадгалдаг үйлчилгээтэй хэсэг байна. Түүнийг гатлан цааш дахин 100 гаруй метрийн урсдаг замаар явав. Зүүн гар талын хананд нь тус улсыг үндэслэгч тэдний дууддагаар бол “Нөхөр” Ким Ир Сений түүхийг илтгэсэн зургууд байна. Бага залуудаа эцгээс өнчирч, эрийн цээнд хүрэлгүй шахам байхад нь ээж болон хоёр эрэгтэй дүү нь дажны хөлд үрэгджээ. Аав нь хувьсгалч, ээж нь хувьсгалын үзэлтэн, бага дүү нь тагнуулын албанд зүтгэдэг байж. Өвөг Ким даргын зураг чамин дэгжин хувцастай уулзалтын дүрсүүд зүүн гар талаар аажим улирч харагдана.

Харин баруун гар талаар бол хоёр дахь Ким дарга буюу Ким Чен Ирийн амьдралын агшнуудыг буулгасан зургууд харагдана. Голдуу нэлхгэр саарал хүрэмтэй зураг нь зонхилно. Залуудаа их жавхаатай эр байсныг нь илтгэсэн зургууд хийгээд эцэгтэйгээ хамт даруулсан дүрс олонтаа. Ингээд явсаар байж нэг том танхимд орж ирлээ. Танхимын адар тээр дээр харагдана. Бараг 20 метрийн өндөр таазтай, урт өргөнөөр 500 хүн элбэг багтах тэр танхимын хойморт эцэг, хүү Ким-ийн лааны тосон баримал гэрэл сүүдэр тохируулан залрах ажээ. Өндрөөрөө ердийн дундаж хүнээс хоёр тохой өндөр. Яг л амьд хүн шиг урласан аж. Энэ танхимд хүмүүс тав таваараа эгнэн очиж, бөхийн хүндэтгэл үзүүлэх ёстой гэлээ. Тайлбарлагч дохио өгөхөд бүгд ёсчлон үйлдэв. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж ёсолж таарлаа.

Энэ танхимд адаглаад бохь зажилбал асуудалд орно. Бас хамжаарагагүй хувцаславал мөн л асуудалд орно. Ер нь үл хүндэтгэх үйлдэл, эс үйлдэл гаргаж болохгүйг сануулав. Автомат буутай хүндэт харуулын цэргүүд булан бүрт биднийг ажиглан зогсоно.

Тэр танхимыг дамжаад цааш явсаар хувцасны тоос үлээдэг салхин мэдрэгчтэй эгнээ хаалгаар дотогш оров. Өвөг Ким даргын бунханд сая нэг орж ирж байгаа нь тэр аж. Таазны өндөр 20 метр орчим, гол танхим тэгш дөрвөлжин агаад баримжаагаар хааш хааш 40 алхам болов уу. Танхимд өтгөн харанхуй бөгөөд бүдэг улаан гэрлүүд сүүмийж гагцхүү голд буй “Удирдагчийн” шарил дээр тод гэрэл төвлөрчээ. Танхим дотор өвч зэвсэглэсэн цэргүүд сахих ба хамт орсон зочид шарилыг нар зөв тойрохдоо өмнө, баруун болон зүүн талд нь тус бүр нэг удаа бөхийн хүндэтгэл илэрхийлдэг байна.

Хар саарал өнгийн европ хүрэмтэй, цагаан цамц, бараан зангиатай өвөг удирдагчийн шарил 24 жил болсон гэхэд царай төрх тунгалаг байдалтай. Тус газрын протоколыг үйлдээд дараагийн танхимд ортол Ким Ир Сен даргын алдрын танхим байх нь тэр. Олон улсаас авсан бүхий л одон медалиуд, шагнал, өргөмжлөл, хүндэт докторын цол хэргэм болон гадаад дотоодын зочдын дурсгалын цом, бэлэг сэлтүүдийг зохиомжлон үзэсгэлэн музей дэглэжээ.

Монгол Улсаас Сүхбаатарын одон хоёр ширхэг, бас бус дурсгалын зүйлс байх аж. Хүү удирдагч болох Ким Чен Ир-т ирсэн анхны гадаад улсын бэлэг нь Монголоос байдаг гэнэ. Бага насанд нь савхин хүрэм хийж илгээж байсан түүхтэй гэсэн. За ингээд өвөг Ким даргын бунхны хэсгээс гараад бас нэлээд явсаар мөнөөх том байгууламжийн нөгөө нэг жигүүрт нь хүрэв бололтой. БНАСАУ-ын аль ч түвшний хүмүүс өөрийн улсын хамгийн өндөр уул болох галт уулын сөнөнгөөс үүсэлтэй голд нь дугариг нуур тогтсон “Паэктү” өндөрлөгийг хүндэтгэн дээдэлдэг юм байна. Тэр уулын оройд авахуулсан удирдагч нарынхаа зургийг олон янзаар үзэл сурталд тусгадаг. Эцэг Ким Чен Ирийн бунханд орохын өмнө мөн л тэр уулын өндөрт авахуулсан томоос том зураг, цаашлаад салхин үлээлгэтэй хаалга, тэгээд бунхан гэсэн дараалалтай. Бунхны дотоор зохиомж яг эхнийх шиг ижил. Танхимын голд шилэн хоргонд буй хүүгийнх нь хувцас л өөр аж. Нөгөө зураг болгон дээр байдаг хөдөлмөрчний дүрэмт хувцас. Хоолой хүртэл цахилгаанддаг энгэртээ том том халаастай ногоон хүрэм. Мөн л ёсыг гүйцэтгээд цааш явав. Дахиад алдрын танхим. 2 дахь үеийн Ким даргын одон медаль, бэлэг сэлтүүд. Манай нэг хувийн сургуулийн хүндэт доктор юм байна. Тэмдэглэх юмгүй учир бүх зүйлийг тогтоож чадсангүй. Монголоос очсон өдий төдий дурсгалын зүйлс байгааг олж харсан. Ингээд дараа дараагийн танхимуудад тэдний унаж хэрэглэж байсан машинууд, дунд оврын хөлөг онгоц, бас галт тэргүүдийг тус тусад нь танхим байгуулж үзмэр болгожээ. Түүний дунд Сталинаас өвөг Ким даргад бэлэглэсэн сум нэвтэрдэггүй лимузэнь, мөн Ким Чен Ир-ийн нас барахдаа сууж явсан гал тэрэгний нэг чингэлгийг тэр чигээр нь угсран харуулж. Тэдний дотор Монголд хоёр удаа очсон өвөг Кимийн хуягласан галт тэрэг ч байна лээ.

Тэдгээр үзмэрүүдийн дараа эргэж ирсэн замын дагуу буцаад машины зогсоол хүртэл 25 орчим минут явсаар сая нэг бунхантай “танилцах аялал” дуусгавар болов.

НАЙМ. САХИЛГА БАТ

Сахилга бат гэдэг үгийн тэнцүүгийн тэмдгийн ард талд Умард Солонгос гэж бичвэл яг дүйцнэ. Өөр ямар ч оронд харж чадахгүй сахилга батыг энэ улсад бодитоор нь харах боломжтой. Энэ бол коммунист тогтолцооны үед л байлгаж болох дэг сургууль. Эрчүүд 8-10 жил, эмэгтэйчүүд 5-6 жил цэргийн алба хаадаг гэж хэлсэн. Үнэн эсэхийг мэдэхгүй юм. Хүүхэд бүр иргэний хамгаалалт, цэрэгжилтийн асар өндөр бэлтгэлтэй нь харагдсан. Хүний нөөцийн хувьд буу эзэмшилт, байлдах чадвар туйлын өндөр.

Сахилга батыг хэд хэдэн зүйл дээр онцлон хэлье. Эхний зүйл бол хүмүүсийн хувцаслалт. Умардын нийслэлд гудамжинд нэг ширхэг ч жийнстэй, эсвэл гял цал хүн харагдаагүй. Хэдэн төрлийн нийтлэг хувцас эрчүүд нь өмсөх ба хүүхнүүдийн сонголт арай өргөн санагдсан. Сурагчид нь цагаан цамц, улаан зангиаг эр, эмгүй зүүж, зүүн энгэртээ удирдагчдын хөрөг бүхий тэмдэг хатгасан байна.

Сахилга батыг хамгийн тодоор илэрхийлэх зүйл бол цэргийн сүрт жагсаал болон ард иргэд оролцсон нүсэр парад. 200 орчим мянган хүн нийт дүнгээрээ төв талбай дээр жагсана лээ. Цэргүүд бол ойлгомжтой жагсаад жагсаад явчихна. Харин 100 мянган энгийн иргэнийг оролцуулсан үсэг солигдож, өгүүлбэр бичигддэг жагсаал бол дэндүү нүсэр. Нэг хүн нэг багц өнгийн цэцэг барьсан байх бөгөөд тэрийгээ ээлж ээлжээр дээш доош болгон 100 мянган хүн багтдаг талбайд нэг хүн нэг цэг мэт, нийлээд том дэвтрийн хуудас мэт жагсаалд орж үсэг бичнэ. Сүүлийн зургаан сар тасралтгүй бэлтгэл хийсэн аж. Түүнээс өмнө тус тусдаа удтал бэлдсэн нь ойлгомжтой.

Ялангуяа шөнийн парад бол үнэхээр нүсэр, бас тэнд оролцож буй хүүхдүүдийн тэсвэр тэвчээрийг нэг талаар бахархаж нөгөө талаас өмнөөс нь гар хөл чилмээр. Тэр олон мянган хүн нэгэн зэрэг хөгжмийн ая, өөрсдийнх нь нүргэлсэн хашхираан ямар ч алдаа гаргахгүй нэг хүн шиг үйлдэл хийнэ гэдэг онцгой. 1989 онд баригдсан олон төрлийн зориулалттай хөлбөмбөгийн талбайн байгууламж бол нүсэр. 150 мянган хүний суудалтай. Wikipedia–гаас харахад дэлхийн хамгийн том гэж тодорхойлсон байна лээ. Тэр Цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрэн. Голд нь байгаа том талбар бүр ч дүүрэн. 200 мянган хүний урлаг, спортын фестиваль үзэхэд хүний олныг асар өндөр зохион байгуулалтаар дэглэсэн үзүүлбэрүүд ээлжилнэ. Олон үйлдэлт өнгийн цаасан хэвлэмэл номыг багаар бодоход 30 мянган хүүхэд барьж хөгжмийн хэмнэлээр хуудас солигдоод хүн бол нэг том дэлгэцний жижиг тэмдэгт төдий харагдана. Хүний олон, дээр нь технологийн шинэлэг шийдлийг хамтад нь эвлүүлж, дуу хөгжим, гэрэл, лазерийн эфектийг тултал ашигласан байна лээ. Дуу хөгжим нь их сонин. Баярын концерт гээд Монголд болдог доо, яг тэрний хувилбар. Ер нь орос маягийн тавилттай. Дайны үеийн, байгалийн, ээжийн тухай гэх мэт сэдэв сонголтын төвлөрөл ч багцаагаар ижил. Баярын концерт дээр нь бол ганц л эрэгтэй дуучин дуулаад бусад нь дан эмэгтэй. Яг манайх шиг ардын жүжигчин, гавъяат гээд цолтой. Цэргийн дарга нарын одон медаль бол зүгээр л нүд гялбуулам. Тэр олон зуун мянган хүн эмх цэгц, хатуу зохион байгуулалт дор ямар ч алдаа, хийдэл гаргалгүй эмхэрч, цэгцэрч байна лээ.

Дээр нь нэмээд хэлэхэд байнгын хараа хяналт. Гадны зочдыг тухайн орны хэлээр ярьдаг нэг хүн, мөн англи хэлээр ус цас шиг ярьдаг бас нэг хүн туслан дагалдана. Биднийг хэдэн цагт хаана байхыг нэг бүрчлэн хэлж өгөх ба үзмэр, арга хэмжээний үеэр байнга хамт байж хөтчийн үүрэг гүйцэтгэнэ. Бидэнд Ан дарга хэмээх маш сайн Монгол хэлтэй солонгос хүн хэлмэрчилж байв. Хоёр охин нь монголд төрсөн, Монголд дөрвөн ч удаа дипломат үүрэг гүйцэтгэж байсан, тэр бүү хэл МУИС-ийг аль наяад оны эхээр дүүргэсэн нэгэн. Ан гуай Монголд элэгтэй, Өвөрхангайд очих дуртайгаа хуучилсан юм. Ер нь Умардынхан манай дээр үеийн нам, төрийн удирдагчдад маш хүндэтгэлтэй хандаж байв. Тухайлбал, дайны үед өнчирсөн солонгос хүүхдүүдийг монголчууд эх орондоо авчран өсгөж хүмүүжүүлсэн тухай талархал албаны уулзалт бүр дээр өрнөж байв. Манай бүрэлдэхүүнийг тус улсын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүн хүлээн авч уулзсан. Мөн гадаад хэргийн сайд болон тус улсын намын өндөр тушаалын хүмүүс хүлээн авч уулзсан болно.

ЕС. ЗООГ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭЛГҮҮР

Умардын хоол нь Өмнөдийнхөөс ялгаатай санагдсан. Халуун ногоо багатай чихэрлэг, зөөлөн. Жишээ нь, кимчи гэхэд бидэнд танил болсон халуун ногоотой биш. Бараг 60 хувь халуун ногоо багатай. Хоолны порц бага. Ер нь тэр улсад таргалалт маш бага. Буудлын хувьд тус улсын хамгийн өндөр буудалд биднийг байрлуулсан. Хүмүүс нь англиар чөлөөтэй ярьж байв. Хүн тус бүрийг нэг өрөөнд оруулсан бөгөөд өрөө бүрт үндэснийх нь сувгууд болон Хятадын олон суваг гарч байх аж. Олон улсын зочид болохоор онцгойлон зохицуулсан байх, CNN зурагтаар нь гарч харагдана лээ. Үйлчлэгч нар нь найрсаг. Хувцас угаалга, индүүдлэг, өрөөний хөргөгч дүүргэх гээд бүх үйлчилгээг гадны зочдод зориулан үнэ төлбөргүй болгосон байв.

АРАВ. БРЭНД: ЧУЛУУ БА АНАГААХ УХААН

Солонгосчуудын хувьд оёмол хатгамал зүйлс, муутуу цаасан дээрх усан будгийн зураг нь үнэхээр сайн хөгжсөн. Дээр нь эмийн ургамалтай, байгалийн цэвэр гаралтай органик эм болон эмчилгээний бүтээгдэхүүнүүд төрөл төрлөөр гарсан байна. Тухайлбал, эрхтэн тус бүрийн ажиллагааг дэмжих чулуу, үрэлнүүд байх аж. Тэдгээр нь багадаа долоон доллараас эхэлнэ. Нэг чулууг зургаан жил хэрэглэх заалттай байна. Жишээ нь, чихний чулуу гэхэд чихэн дээрээ тавина. Яг ч чулуу биш л дээ. Чулуужуулсан холимог найрлагатай ургамлууд. Монголчууд умард нутгаас “Кундам” нэртэй тамир тэнхээ сайжруулах тариаг нэлээд оруулж ирдэг бололтой.

Гадаадын иргэд зөвхөн доллар, евро, юаниар тооцоо хийнэ. Мөн гадныхан ордог дэлгүүр, солонгосчууд ордог дэлгүүр тусдаа. Жишээ нь бид Солонгосчууд ордог дэлгүүрт орох боломжгүй.

АРВАН НЭГ. ХАРИЛЦАА, ХОЛБОО

Албан ёсны арга хэмжээнүүд болон хүндэтгэлийн орчин, музей бунхны хувьд гар утас нэвтрүүлдэггүй. Хүмүүс нь ч гар утас бага хэрэглэдэг шиг санагдсан. Бидний хэлдгээр “амьд харилцаа” тэнд байна. 150 мянган хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнд нэг ширхэг ч гэрэл зургийн аппаратны гэрэл гялсхийж харагдаагүй. Интернэт байхгүй. Тодорхой хэсгүүдэд, тодорхой ажлын шаардлагаар л цахим орчинд орно уу гэхээс нийт иргэд нь цахимжаагүй.

Пхеньяны их сургуульд найман гадаад хэл заадаг аж. Хамгийн сонирхолтой нь тэд гадаад хэлээр ази аялга багатай тун цэвэрхэн ярьж байлаа. Нэгэн тайлбарлагч эмэгтэй цэвэр Британи аялгаар ярьж байхад нь “Та Британид сурсан уу?” гэтэл Солонгостоо сурсан гэх жишээний.

АРВАН ХОЁР. УДИРДАГЧ БА АЛГА
ТАШИЛТ , “НЭГ СОЛОНГОС”

Бүхий л арга хэмжээн дээр Солонгосын газрын зургийг бүтнээр нь харуулдаг бөгөөд Өмнөд, Хойд гэж хуваадаггүй. Залуу Ким даргыг цэнгэлдэхэд бас параданд хүрэлцэн ирэхэд бөөн нүргээн болж өдөр шөнө хамаагүй галт цацраг буудуулан тэр аяараа алга ташилт болж, ихэнх нь хоёр гараа дээш өргөн үсрэн хүлээн авна. Тэр алга ташилт багадаа таван минут орчим үргэлжилнэ. Баярын концертын үеэр гурван цагийн арга хэмжээний дундуур гурван удирдагчийн аль нэгийнх нь зураг гарах бүрийд босч алга ташина. Сууж ташихгүй. Олон хүн цугларсан газрын багаар бодоход 20-30 хувьд нь цэрэг армийнхан талбай эзлэн сууна. Тэд бүр нэг хэмнэлээр алга ташина. Бидэнд үйлчилж байсан нэгэн солонгос залуугийн хэлснээр “тэд бол бурхан шиг, бидний ээж аав шиг шүтээн” гэж хэлнэ лээ.

АРВАН ГУРАВ. ГАНЦ ОЮУТАН

Тус улсад Монголоос Энх-Үйлс хэмээх ганцхан оюутан сурдаг аж. Анагаах ухааны чиглэлээр 4 жил сурч төгсөнө. Галт жагсаалын үеэр бидэн дээр ирж уулзаад бөөн баяр болсон. Мэдээж тус улсад байх Монгол Улсын Элчин сайд болон яамны залуус үнэхээр сайхан хүлээж авч дэлгэрэнгүй сайхан яриа хөөрөө дэлгэсэн.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Бидний замнаж байсан социалист нийгмийн амьд төрх, дэлхийн анхаарлын төвд ямагт халуун сэдэв байдаг БНАСАУ-д цөөн өдөр болоход их олон бодол төрж байв. Зүгээр л тунгааж ойлгох олон зүйлс байгааг ажигласан. Энд би ямар нэгэн улс төрийн дүгнэлт, хэт хүчтэй хувийн байр суурь илэрхийлэхийг хүссэнгүй. Өөрийн гэсэн зовлонтой, өөрийн гэсэн жаргалтай, өөрийн оршин бүхий хувь тавилантай, өвөрмөц нэгэн орныг тодорхой хэмжээнд танин мэдэж авлаа. Зүгээр л байгаа зүйлийг байгаагаар нь илэрхийлэн бичлээ. Тэвчээр зааж уншсанд баярлалаа.

2018.09.18

Улаанбаатар хот

Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД

Categories
мэдээ нийгэм

Элдэв тэнгэртэн одтой, хар морь өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 8, Элдэв тэнгэртэн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 7:14 цагт мандан, 18:01 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Үндсэн хуулийн төсөл” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Үндсэн хуулийн төсөл” хэмээх нэрт нийтлэлч Баабарын нийтлэлийг уншина уу.

“Баримт, үйл явдал” нүүрт Н.Цэрэнбат: Утааг бууруулах ажлууд үр дүнгээ өгөхгүй бол хариуцлагыг нь би хүлээнэ хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Төмөр замын овоолсон шороо миний үед эхэлсэн ажил биш гэж “Улс төр” нүүрт ярив.

“Аян замын тэмдэглэл” нүүрт Уул уурхайн ухаалаг системтэй Австралийн өнөөдөр гэжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Хар жагсаалт руу орох, мөнгө угаах, терроризмын асуудлаар бид маш хүнд байдалд ороод байгаа хэмээн “Эдийн засаг” нүүрт ярилаа.

“Улс төр” нүүрт Улаанбаатар хотын 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж болно гэв.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Ш.Мөнгөнбаатар: Улсын цол авч чадалгүй үлдэх вий гэсэн айдас надад хэзээ ч төрж байгаагүй гэж “Дэвжээ” нүүрт ярилаа.

“Өд бэх” нүүрт Шалиг хүүхэн ба Сайхан хүүхэн: Д.Нацагдоржийн бүтээл мөн болохыг тогтоох хэл найруулгын шинжилгээ хэмээв.

“Дэлхийн мэдээ” нүүрт Microsoft-ыг байгуулагчдын нэг нас барлаа гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоов

Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй, мэдлэг чадвартай ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчлал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтын Удирдамжийг байгууллагын даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн А/124 тоот тушаалаар баталж нийт албан хаагчдад хүргүүлсан ба шалгалтыг энэ сарын 13-ны өдөр онлайнаар зохион байгууллаа. Шалгалтад тус байгууллагын төв болон орон нутаг, хилийн боомтод ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчид хамрагдсан юм.

Батлагдсан удирдамжийн дагуу албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, албан бичиг төлөвлөх чадвар, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэг зэрэг төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадвар, мэдлэгийг шалгалаа. Тухайлбал, албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэгийг тодорхойлох шалгалтын агуулгад Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдлөг болгон ажиллах 20 орчим хууль, бусад холбогдох тогтоол, журмууд багтсан байна.

Бичгийн шалгалтыг албан бичиг төлөвлөх, тушаалын төсөл боловсруулах гэсэн үе шаттайгаар явуулж, бичгийн ур чадварыг тодорхойлсон бол тодорхой сэдвийн хүрээнд эссе бичүүлж, албан хаагчдын хууль, эрх зүйн ерөнхий мэдлэгийн түвшинг шалгасан юм. Шалгалтын нэгдсэн дүнг Удирдлагын зөвлөлийн хурлаар дүгнэн хэлэлцэж албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг шийдвэрлэхэд харгалзах юм байна. Мөн энэ сард багтаан нийт төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамруулсан ажил, мэргэшлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа ба ялангуяа албан хаагчдынхаа мэргэжил, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч байна.