Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

Цэрэг татлагын товчооноос өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд дүүргийн ЗДТГ-ын дарга нар болон цэргийн штабын дарга нар оролцлоо. Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-21ны өдрүүдэд явагдах гэж байна. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95.9 нь хүргэгджээ.

Цэргийн албанд татагдаж байгаа залуус эрүүл мэндийн шалтгааны улмаас тэнцэхгүй тохиолдол байгаа бол ямар шалтгааны улмаас тэнцэхгүй байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийлээ. 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4801 иргэн буюу 9.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. үүнээс 3781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авчээ. Мэс засал, гэмтлийн шалтгаанаар 29.9 хувь, чих, хамар хоолой 13.2 хувь, дотор 13 хувийг эзэлсэн шалтгаанаар залуус цэргийн албанд тэнцээгүй байна. Мөн нүд, мэдрэл, харшил болон жингийн асуудлаар тэнцээгүй залуус цөөнгүй байна. Залуус биедээ олон шивээстэй, цоолж ээмэг зүүсэн нь сэтгэцийн эмгэг гэсэн шалтгаанаар хасагдах нэг шалтгаан болж байгаа юм. Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил 86 хувьтай байна гэж мэдээллээ.

Хугацаат цэргийн албанд татагдагчид

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-Нийгмийн даатгалын дэвтэр

Их дээд сургуульд суралцагч оюутнууд

-Сургуулийн тодорхойлолт

-Сургалтын төлбөр төлсөн баримт

-Оюутны үнэмлэх

-Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

-Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.

Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 2018 оны 10 дугаар сарын 18-21 ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн тэгш эрхтэйгээр эрх орноо хамгаалах, цэргийн алба хаана гэсэн үндсэн үүрэгтэй. Энэ дагуу Монгол Улсын Их хурлаас шийдвэр гаргаж 5 албыг бий болгосон. Энэ таван албыг зохион байгуулах үндсэн үүргийн орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд гүйцэтгэдэг. Өмнө нь зөвхөн цэргийн албанд явдаг байсан бол одоо таван албанд явдаг болсон. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчин Хил хамгаалах байгууллагад 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байна. Оюутан цэргийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Их дээд сургуулийн 1-дүгээр курсийн оюутнууд хамрагддаг. Цэргийн дүйцүүлэх албыг 18-25 насны залуучууд хаадаг. Гэрээт цэргийн алба хааж байна. Монгол Улсын Батлан хамгаалах салбараас иргэддээ ажлын байр бий болгож байгаа юм. Зэвсэгт хүчинд 2 жилийн хугацаатай алба хаах ёстой. Мөн цэргийн дүйцүүлэх албыг цэрэгт яваагүй 26 нас хүрээгүй иргэн мөнгөн хэлбэрээр орлуулан хаах боломжтой юм. Цэрэг татлага энэ ажлыг бүгдийг зохион байгуулна. Бид цэргийн албанд явсан иргэдийг ажил, орлоготой болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ сарын 15-наас цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдаа хүлээн авч ажил олгогч нарт санал тавьсан. Бидэнд 32 байгууллагаас 2100 ажлын байрны санал ирсэн байна” гэж ярилаа.

Цэрэг татлагыг зохион байгуулах, бэлтгэл ажил хангах ажил дүүргүүдэд бүрэн хангагдсан байна. Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, цэргийн жинхэнэ албанд татах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах бэлтгэл ажил хангагджээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

БГД – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

БЗД – Ерөнхий боловсролын 14-р сургууль

СБД – Ерөнхий боловсролын 31-р сургууль

СХД – “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р сургууль/

ХУД – Ерөнхий боловсролын 34-р сургууль

ЧД – Ерөнхий боловсролын 5-р сургууль

НД – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

БХД – “Хангай” цогцолбор сургууль

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичиг илгээлээ.

Монгол Улсын 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичигт:

“Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан, төсвийн орлогыг биелэхээргүй хийсвэрээр төлөвлөсөн, төсвийн байгууллагуудын урсгал зардлуудыг нарийн тооцоолоогүй, хэт үрэлгэн хандсан зэрэг хуульд нийцээгүй, хуулийг илт зөрчсөн, анхаарч засаж залруулахгүйгээр баталбал улс орны эдийн засгийг туйлд нь хүртэл доройтуулах олон асуудал багтсан байгаад санаа зовинож, хэдийгээр Улсын Их Хуралд өөрийн байр суурийг илэрхийлсэн боловч алдаа завхралыг арилган, төрийн бодлогыг зөв чиглүүлэх шаардлагын хүрээнд Танд хандаж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг зөвхөн би ганцаараа шүүмжлээгүй, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт болон Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүйгээр шүүмжлэн эсэргүүцэж, 2020 оны сонгуулийг угтсан өчүүхэн, явцуу эрх ашигт хүлэгдэн, улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдгийг маш тодорхой анхааруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Та Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох үедээ шударга ёс тогтоох, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд хувьсгал хийж, улс орноо шинэ түвшинд гарган хөгжүүлэх амлалтыг ард түмэндээ өгсөн. Яг одоо таны амлалтаа хэрэгжүүлэх цаг үе тохиож байгааг төрийн түшээдээс гадна иргэд олон нийт сануулан харж, хүлээж байна.

Тиймээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн төслөө татан авч нягтлан, намын сонгууль, өөрийн албан тушаалын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан салбарын сайдынхаа алдаатай бодлогыг Монгол Улсын Ерөнхий сайдын ёсоор засаж, залруулах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байгааг анхаарах нь зүйтэй юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын Тамгын газрын орон тоо, зардлыг 10 хувиар бууруулж байгаагаа мэдэгдэж, энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлаа 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалсан.

Миний бие Улсын Их Хурлын даргын энэхүү уриалгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд зураг төсөвгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн урсгал зардлуудыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй албан тушаалуудыг цомхотгох зэрэг арга хэмжээг цогцоор нь авч, төсвийн зардлыг 15 хувиар хэмнэх боломж байгаа гэж үзэж байна.

Төсвийн зардлыг 10 хувиар бууруулахад 1 их наяд төгрөг (ирэх онд нэмэхээр төлөвлөсөн цалин тэтгэврийн нэмэлтийг хэвээр үлдээсний дараа), зураг төсөвгүй барилга, байгууламжуудыг хассанаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэгдэхээр байна.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал зүй ёсны шаардлага болон нэн тэргүүнд тавигдаж байгаа. 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байлаа. Өнөөдөр малын тоо 80 сая гарсан тул хамгийн багадаа гурван аж үйлдвэрийн комбинаттай болох шаардлагатай. 160 гаруй мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг “ургадаг баялаг” болох мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрийг аймаг бүрт барьж байгуулснаар эдийн засагтаа үсрэнгүй хөгжил авч ирж, ажлын байрны тоог огцом нэмж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрнэ. Хөдөө аж ахуйн экспорттой харьцуулахад уул уурхайн экспорт нь “ухдаг, шавхагддаг баялаг” учраас тогтвортой хөгжил, тогтвортой удаан хугацааны ажлын байр биш юм.

Тиймээс дээр дурдсаны дагуу энэ жилийн төсвөөс 500 сая ам.доллар, ирэх жилийн төсвөөс мөн адил хэмжээний хэмнэлтийг хийж, хэмнэсэн 1 тэрбум орчим ам.доллароор хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах чиглэлээр төрийн тодорхой бодлогыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Танд танай намын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “… хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-“21:100”.. “ гэснийг сануулъя. 21 аймагт 100 үйлдвэр байгуулах амлалтаа хэрэгжүүлээд, дээр нь олон жил үргэлжилж байгаа “гишүүний” гэгдэх муу нэртэй мөнгөнөөсөө салах алтан боломж Таны болон УИХ дахь танай намын 64 гишүүний гарт байна.

Судлан үзэж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

“Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд илтгэл тавив

Аравдугаар сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдаж буй “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож “Евраз: Ирээдүй рүү хөтлөх зам” илтгэл тавив.

Олон улсын “Валдай” клуб нь дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, 21 дүгээр зуунд олон улсын харилцаа, ямар өнгө төрхтэйгээр хөгжих төлөвийг тодорхойлоход ач холбогдол өгдөг онцлогтой юм.

Уг арга хэмжээ 2004 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хурал “Орос орон: ХХI зууны хөтөлбөр“ сэдвээр зохион байгуулагдаж байна. Хуралд ОХУ-ын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын байгууллагуудын дээд, өндөр түвшний төлөөлөгчид, гадаадын 30 гаруй орны 150 гаруй нийгэм, улс төрийн зарим зүтгэлтэн оролцож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хуралд оролцох үеэр ОХУ-ын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгч Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өгөв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталж, 2001 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон сувгийг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулжээ. Энэ мэтээр манай эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч байгаа билээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсгэж байна гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд эдгээр бэрхшээлийг арилгахын тулд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 зүйлтэй аж.

Төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа, заагийг илүү тодорхой болгох, зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго, зорилтуудад нийцүүлэн сайжруулах, төрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, уялдааг хангах, цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.

Радио долгионы салбарын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг тодорхой болгох, радио долгионы хуваарилалт, ашиглалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам, зохицуулалтуудын баримт бичгүүдийг батлах эрхийг олгох, радио долгионы хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Радио долгоионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим нэр томъёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг зааглан, салбарын удирдлага, зохион байгуулалтын давхардал, илүү шат дамжлагыг арилгахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Мөн шуудангийн салбарт шинээр нэвтэрч байгаа интернэт болон цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологитой холбоотой харилцааг хэрхэн зохицуулахыг тодорхойлсон байна. Түүнчлэн шуудангаар үйлчлэгчид шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хэрхэн хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжээнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүргийг хүлээлгэж, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Categories
мэдээ спорт

Манай хөлбөмбөгчид Лаосын шигшээг 4:1-ээр хожлоо

Монголын хөлбөмбөгчид өчигдөр Лаосын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тус улсын шигшээ багтай тоглож 4:1-ээр хожлоо. Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүд/FIFA days/-ийн хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг 10 дугаар сард албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан бөгөөд эхний тоглолтоо Сингапур улсын шигшээтэй хийж 2:0-ээр ялагдал хүлээсэн билээ.

Харин энэ удаагийн Лаосын шигшээтэй хийсэн тоглолтын хувьд 23 дахь минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг гоолын салхийг хагалж манай хаалганд эхний гоол оруулсан байна. Харин энэ гоолоос тавхан минутын дараа манай жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьж 1:1 болж тэнцсэн.

Эхний хагаст аль алины хаалганд гоол оролгүйгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авч чадсанаар 73 дахь минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Улмаар манай залуусын тоглолт илэрхий идэвхжиж М.Жансерик 75 дахь, Н.Наранболд 83 дахь минутанд Лаосын хаалганд тус тус гоол оруулснаар тоог 4:1 болгож баараггүй ялалтыг өөрийн багтаа авчирсан байна.

Монголын шигшээ баг өмнө нь Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан юм. Тус тоглолтыг Лаос улс дахь Бүрэн эрхт Элчин сайд болон элчин сайдын яамны ажилчин алба хаагчид, Лаос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа монголчууд ирж үзэж шигшээ багаа дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​С.Энхцэцэг: Иргэд эрх зүйн талаарх мэдээллийг авахад илүү хялбар боллоо

Өнөөдөр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлыг танилцуулах зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын хуульчдын холбоо, Нотариатын танхим, Иргэний оролцоо II төсөл хамтран иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Уг өдөрлөгөөр оролцогч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, шинээр батлагдсан хуулийн талаар иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх, нотариатын үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн холбогдолтой номын худалдаа явагдаж байна. Түүнчлэн хууль зүйн ач холбогдол бүхий зарим материал ном гарын авлагыг үнэ төлбөргүй иргэдэд тарааж байгаа юм байна.

Энэ талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэгээс зарим зүйлсийг тодрууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ямар ажлууд зохиогдож байна вэ?

Өнөөдөр хууль зүйн үндэсний хүрээлэнд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага хамтран иргэдэд эрх зүйн үнэгүй зөвлөгөө мэдээлэл өгөх, одоо мөрдөгдөж байгаа болон шинэ хууль дүрмийн талаар мэдээлэл танилцуулга тараах, хуулийн талаар ном гарын авлага тараах зэрэг олон үйл ажиллагаа зохиогдож байна. 2018 оны хоёр дугаар сард Засгийн газар бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр гэж баталсан. Энэ хөтөлбөрт иргэдэд илүү ойртох мэдээ мэдээлэл хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн боловсролыг бүх талаар дээшлүүлэх гэх мэт арга хэмжээнүүд тусгагдсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа нэг томоохон арга хэмжээнээс дурдвал e-khutuch цахим вэб сайтыг ажиллуулж эхлээд байна. Төрийн байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг илүү ойртуулах суртчилах мэдээлэх хууль зүйн үнэгүй зөвлөгөө мэдээллээр хангах цахим хуудас юм. Энэ нь иргэд хууль эрх зүйн талаар мэдээ мэдээлэл авахад илүү хялбар болж байгаа юм. Мөн бид биет хөтөч ажиллуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Манайд хуулийн хэрэгжилт дутуу байна гэх яриа байдаг. Хуулийг иргэдэд таниулах өөр ямар ажлууд хийгдэж байна?

Хуулийн хэрэгжилтийн талаарх эрх зүйн мэдээ мэдээлэл хүмүүст дутмаг байдаг гэх 2016 онд хийгдсэн нээлттэй нийгэм форумын судалгаанаас харагдсан. Эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил сэдэж байна. Алслагдмал орон нутгийн иргэдэд эрхзүйн боловсрол олгох талаар зорилтот бүлгээр нь хуваан мэдлэг боловсрол олгохоор ажиллаж байна. Тухайлбал малчин иргэдэд өрхийн эрх зүйн гарын авлага хөтөч номыг хэвлэж алслагдмал дүүрэг болон сумдуудад хүргэнэ. Мөн манайхаас тусгай дугаарын 1202 утас ажиллуулахын сацуу мэссэжээр зөвлөгөө өгч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, болон өсвөр нас, бага насны хүүхдүүдэд насны ангиллаар нь судалгаанд суурилж тэдэнд эрх зүйн талаарх мэдлэг олгох ажлууд хийгдэж байна.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан: Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөгч томилж өгч байгаа

Хуульчдын холбооны үндсэн чиг үүрэг бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үүнийхээ хүрээнд иргэдэд анхан шатны зөвлөгөө туслалцаа үзүүлэх, төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөгч томилох боломж олгож нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна. Нийслэлийн иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд хүмүүс заавал биечлэн хуульчдийн хороон дээр ирэх шаардлагагүй цахим орчинг ашиглаж өөрт хэрэгтэй зөвлөгөөгөө авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Өдөр тутмын эрхзүйн ач холбогдол бүхий аль ч асуудлаар хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчид хандаж зөвлөгөө авах боломжтой. Хөдөө орон нутгийн хүмүүс маань эрх зүйн мэдээ мэдээллийг цахимаар авах боломж бүрдэж байна. Орон нутгуудад хуульчдийн хорооны салбар зөвлөл гэж байдаг. Манайд хүмүүс ихэвчлэн иргэний асуудлаар ханддаг. Жилд дунджаар 150 орчим хүнд өмгөөлөгч томилж ажиллаж байна.

Энэхүү хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг 16:00 цаг хүртэл болох аж.

Categories
мэдээ нийгэм

“Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэн өгчээ

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгын гэрээний хугацаа дуусгавар болсон тул тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны аравдугаар сарын 05-ны өдрийн #11 тоот тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тэргүүн дэд захирлын үүргийг гүйцэтгэж байсан М.Мандхайг Гүйцэтгэх захирлаар томилсон тухай МХБ мэдээлжээ.

Б.Гантулгыг Монголын чадварлаг менежер, гүйцэтгэх захирлуудын нэгд тооцдог бөгөөд тэрбээр өнгөрсөн таван жилийн хугацаанд “Сүү ХК”-ийн борлуулалт, үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж бизнесийнхэн үздэг байна. 2018 оны эхний хагас жилд тус компанийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өсч, 35 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 8.3 хувиар өсч, 2.2 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын ханшийн асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд валютын ханшийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийв.

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны нэгдүгээр сараас хойш 5.5 хувиар суларсан бөгөөд энэ дотоод болон гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн Монголбанк үзэж байгаа аж. Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт зэргийг оруулан тооцсон байна. Тухайлбал, энэ онд хөрөнгө оруулалт 298 сая ам.доллар буюу 46 хувиар, хэрэглээний импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар, шатахууны импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсчээ. Мөн “Чингис” бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, “Димсам” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. Энэ бүхэн нь ам.долларын гарах урсгалыг ихээхэн нэмэгдүүлснийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэллээ.

Тэрбээр, “Гадаад хүчин зүйлд томоохон улс орнуудын худалдааны маргаан ихээхэн нөлөөлж байна. Худалдааны маргааны улмаас өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь манайхтай адил хөгжиж буй орнуудаас валютын гарах урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Гадаад худалдааны маргаан хэдэн сар, жил үргэлжлэхийг таашгүй. Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүйд хүрээд байна. Судалгаанаас үзвэл 142 орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын ханш суларсан байна. Тухайлбал, Австрали улсын үндэсний мөнгөн тэмдэгт оны эхнээс 9 хувиар суларсан. Мөн БНХАУ-ын юан, ОХУ-ын рублийн ханш ч суларч байгаа юм. Энэ оны эхнээс улс орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхэллээ. ОХУ энэ оны наймдугаар сард бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөсөн. Малайз, Аргентин, Турк улс бодлогын хүүгээ 16-32 хувиар нэмлээ. зэрэг орнууд нэмэгдэж байна. Тиймээс Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа бөгөөд үүнд гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь туйлын чухал байна. Тиймээс Засгийн газар, УИХ болон Монголбанк хамтран төсвийн төлөвлөтийг сайжруулж, алдаглыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэх хөтөлбөр, үйл ажиллааг дэмжих санхүүжилтийн системийг бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг бий болгох хэрэгтэй. Монголбанк Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон алтны нөөцийг нэмэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно” гэлээ.

Мөн тэрбээр Хөгжлийн банк энэ сарын 16-17-нд шилжих шөнө жилийн 7.25 хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгосныг мэдээллийнхээ төгсгөлд онцлов. Энэ нь Монгол Улсын валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад томоохон нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, Монгол Улс 2019 оны эхээр 380 сая ам.долларын өр төлнө. Энэхүү төлбөрийг барагдуулахад дээрх 500 сая ам.доллар голлох эх үүсвэрийг бүрдүүлнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлажээ

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2019 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

Хамтарсан төслийн чиглэлүүд
Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа
Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажил байна.
Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Хятадын талын төслийг ШУТЯ тус тус хүлээн авна. Монгол, хятадын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
2019 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг дараах шинжлэх ухааны чиглэлээр хүлээж авна:
газар тариалан, мал аж ахуй,
биотехнологи, хүрээлэн буй орчны хамгаалал,
уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт,
мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан.
Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон БНХАУ-ын ШУТЯ хариуцна. Нийт 10 хүртэл хамтарсан төсөл сонгон шалгаруулах ба гүйцэтгэх хугацаа 2-3 жил байна.
Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn

Төслийн бүртгэлийн систем

project.edu.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын iii байрхаягаар цахимаар мэдүүлнэ. /Хятадын талын төслийг ШУТЯ дээр хүлээн авна./
Төслийн материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон байгууллага, гүйцэтгэгчдийн нэрийг монгол болон англи хэлээр бичнэ. Хамтарсан төслийн үр дүнд гарах оюуны өмчийг эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулсан байна. Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулж, эцсийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ, ШУТЯ хамтран гаргана.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн мисс-2018”-д эх орноо төлөөлөн оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүллээ

“Дэлхийн мисс-2018”-д эх орноо төлөөлөн оролцох Э.Энхриймаа Монгол Улсад тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүлжээ.

Манай улс сүрьеэгийн дарамтаар Номхон далайн баруун бүсийн өвчлөл өндөртэй орны тоонд орж байна. Жил бүр 4,000 хүн сүрьеэгээр өвчилдөг. 200 орчим хүн сүрьеэгээр нас бардаг. Өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээх 15-44 насны залуус эзэлж, өвчтнүүдийн тал хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байгаа аж.