Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” боловсруулна

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 9 дүгээр сард “Монгол экспорт” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны яам (ГХЯ) Олон улсын худалдааны төв (ОУХТ)-тэй хамтран “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” (ХХОЗЗ) боловсруулахаар ажиллаж байна.

ХХОЗЗ боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудыг оролцуулсан Үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дээр Европын холбооны “Худалдааг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Уулзалтад оролцогчид Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын нөхцөл байдал, нэмүү өртгийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн нөөц чадавхи, салбар дундын уялдаа холбоо, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар зэрэгт тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлохын зэрэгцээ эдгээр асуудлуудаа шийдвэрлэх арга зам, шийдлүүд юу байх талаар санал солилцов. Мөн ОУХТ-ийн зүгээс тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох талаар танилцуулга хийж, энэ чиглэлээр хуралдаанд оролцогчдын саналыг сонсов.

Хоёр өдрийн хэлэцүүлэг болон бусад уулзалт, арга хэмжээний явцад төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжид ОУХТ дүн шинжилгээ хийсний үндсэн дээр худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг буюу цаашид хийх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөний төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулах бөгөөд энэхүү төслийг дараагийн Үндэсний зөвлөлдөх уулзалтаар төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэх юм.

Дээрх арга хэмжээ нь олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын экспортын /худалдааны стратеги боловсруулах ажилд чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ спорт

Биеийн тамир, спортын улсын зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын 4 дүгээр зөвлөгөөн яг одоо Төрийн ордны их танхимд эхэлж байна. 2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Биеийн тамир, спортын улсын 4 дүгээр зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Биеийн тамир, спортын тухай хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэх юм байна.

Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Үүнд:

“Биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага”
“Биеийн тамир, спортын салбарын бодлогын хэрэгжилт”
“Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэх нь”
“Биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжил ба зорилт”
“Чанартай бие бялдрын боловсрол”
“Хөтөлбөр-2020” зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ жил Монгол Улс олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буй. Тиймээс зөвлөгөөний үеэр 1968 оны Мехикогийн XIX олимпийн наадмаас Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль, Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж Монгол Улс анхны олимпийн медальтнуудтай болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэж, олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга эмгэнэл илэрхийллээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож, эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар очиж ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ.

Энэ үеэр хотын дарга ар гэрийнхэнд нь хандаж “ Улаанбаатар хотынхоо иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан цагдаагийн албан хаагчаа гэмт этгээдүүдийн гарт алдсанд нийслэлчүүд эмгэнэн гашуудаж байна. Нийгэм, цаг төр хүндхэн болсон энэ цаг үед эх орноо, ард түмнээ гэсэн эх оронч залуус байдаг гэдгийг талийгаач харуулж, бид бүгдэд их том сургамж үлдээлээ. Нийслэл хот амар тайван байгаа нь манай цагдаагийн байгууллагынхан хүч хөдөлмөр. Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нийслэлийн Засаг даргад хандаарай” хэмээгээд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж болгон 10 сая төгрөгийг гардуулан өгөв.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотынхоо амар амгалан, аюулгүй байдлын төлөө манай цагдаагийн байгууллагын албан хаагчид цаг наргүй зүтгэдэг. Тиймээс ч хотын захиргааны зүгээс ажиллах орчин, ахуй нөхцөлд нь аль болох анхаарал хандуулдаг. Та бүхний санал хүсэлтийг хүлээн авлаа. Орон сууц, байрны асуудлыг эерэгээр шийдэхийн төлөө ажиллана” гэв.

Энэ сарын 15-ны өдөр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтжээ. Талийгаач ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар өчигдөр нас барсан юм.

Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монголд айлчилж байна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр тусгай нислэгийн онгоцоор 08.15 цагт газардав. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугийн айлчлалд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгчид багтжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу болон төлөөлөгчдийг Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа нар угтаж аваад байна. Түүний нэг өдрийн айлчлал ийнхүү эхэлж, Батлан хамгаалах яамны сайд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзсаны дараа БНХАУ-ыг зорих юм байна.







Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс борлуулсан атлаа энэ жил 40 сая тонныг зарна гэсэн нь хэт өөдрөг төсөөлөл болжээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр ЗТХЯ дээр гарсан хэрэгтэй холбогдуулж уг хэрэгт хамааралтай хүмүүсийн талаар таны хэлсэн үг олны анхаарлыг татсан. Уг хэргийн хуулийн зүйлчлэл буруу байгаа талаар дурдсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зам, тээврийн хөгжлийн яам дээр гарсан хүн амины ноцтой хэрэг төрийн алба ямар хэмжээнд завхарсаныг тод харууллаа. Тэр дундаа төрийн захиргааны байгууллагад төрийг төлөөлсөн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээр архидан согтуурч, мөрөөрөө ажлаа хийж байсан хүнийг удаа дараа утсаар дуудаж авчраад алтан аминд нь хүрсэн явдал бол Төрийн албанд урьд хойч үед гарч байгаагүй хамгийн том шившиг. Бусдын адил амьдарч гэр бүл, ажил төрлөө нэр төртэй авч явсан залууг хамт ажилладаг нөхөд нь зодож, аминд нь хүрлээ. Харамсалтай ч гэх үү, хариуцлагагүй нэг зүйл бий. Монголд мөрдөн байцаалтын нууцлал гэдэг юм байна уу. Мөрдөн байцаалт гэдэг маш нууцлалын зэрэгтэй явагдах ёстой. Гэтэл энэхүү ажиллагаа яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болоод байна вэ. Нөгөөтэйгүүр хууль, шүүхийн байгууллага уг хэргийн зүйлчлэлийг үнэн бодитоор тогтоох ёстой. Зохион байгуулалттай бүлэглэн хүний аминд хүрсэн бол Эрүүгийн хуулийн хүндрүүлсэн заалтаар зүйлчлэгдэх нь гарцаагүй. Гэтэл уг хэргийг өнөөдөр зүгээр л хүн алсан гэх ямар ч хүндрүүлэх нөхцөлгүй хуулийн заалтаар зүйлчилчихээд л явж байна. Өөр нэг асуудал яригдах ёстой. Тэр нь тухайн үед согтуу нөхдүүд орилж чарлаад зодоон хийж байхад ойр хавьд байсан, эсвэл тухайн яамны харуул хамгаалтын албаны хүмүүс юу хийж байв. Төрийн тусгай хамгаалалттай газар шүү дээ. Мөн болсон явдлыг тал бүрээс нь бүрэн бичиж авсан албан байгууллагын камерын бичлэг яагаад устчихсан юм. Энэ мэтчилэн хардаж сэрдэх зүйл олон байна. Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас эрт дүгнэх нь өрөөсгөл байх.

-Та талийгаач Т.Гомбосүрэнгийн талаар хэр сайн мэдэх вэ?

-Талийгаач манай нутгийн хүн. Тохьтой томоотой, хорхойд хоргүй хүн гэж ярьдаг даа, яг тийм хүн. Олон жил хууль хүчин, өмгөөллийн байгууллагад ажиллаж байсан. Маш сайн хуульч, төрийн албан хаагч. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас гараагаа эхэлж шат дараагаар явсаар одооныхоо албан тушаалд ирсэн. Энэхүү ажлаа хэнээр ч заалгахгүй чадварлаг сайн гүйцэтгэж чадах хүн. Гэтэл тус яамны газрын дарга нар нь нийлж талийгаачийн оронд өөр хүнийг томилуулах талаар хөөцөлдөж байсан нь эцэстээ хүний аминд хүрлээ. Ажил албан тушаалын төлөө хүн ална гэдэг үнэхээр байж боломгүй бусармаг үзэгдэл.

-Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь очиж уулзаж ярилцсан тухайгаа та Их хурлын индэр дээрээс хоолой чичрүүлэн хэлж байсан…

-Талийгаачийнх дөрвөн сайхан хүүхэдтэй. Өнгөрсөн наадмын дараа талийгаачийн эхнэр одонгоо авчихаад бөөн баяр жаргалтай найраа хийх гээд л явж байсан гэнэ лээ. Гэтэл энэ гэр бүлийн баяр хөөр, аз жаргалыг тэр нэгэн хар өдөр харуусал, гашуудал, зовлонгоор сольсон. Талийгаачийн хамгийн бага хүүхэд нь ой гарантай. Одонгийн хүүхэд хэмээн өхөөрдөж, эрхлүүлэн үнсээд гарсан аав нь дахиад гэртээ ирсэнгүй гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэмээр, өрөвдөлтэй санагдсан. Нөгөөтэйгүүр нийгэмд нэгэн өрх гэрийн амьдрал нурж, гуч гаруйхан настай эхнэр нь дөрвөн хүүхэдтэй бэлэвсэн үлдэж, эцэг эх нь бэтгэрч үлдэж байгааг үгээр хэлшгүй. Энэ их гай зовлонг зүгээр нэг албан тушаал, сандал суудлын төлөө үүсгэсэн гэхээр харамсалтай.

-Ж.Мөнхбат гишүүн Тэр С.Дорждагва гэх нөхрийгөө халаарай. Тэр хүнээс болж энэ хэрэг үүссэн шүү гэж хэлсэн. Тэр С.Дорждагва гэж хэн болох талаар тодруулахгүй юу?

-Авлигатай тэмцэх газраас С.Дорждагвыг шалгаад өмнөх олон зөрчил дутагдлыг илрүүлсэн байгаа. Ийм эмгэнэлт явдлын дараа ч газрын даргын албан тушаал, эрх мэдэлд шунан тэмүүлээд байгаа Дорждагвын өмнөх болон одоогийн үйлдэл, ёс суртахууныг харсаар байж дуугүй өнгөрч болохгүй. Тэр хүний талаарх мэдээллийг миний хувьд олонд хүргээд байх сонирхол алга.

-Дүрс бичлэгийг үнэхээр устгасан уу, эсвэл цагдаагийнхан нууцалж байна уу?

-Нотлох баримт алга болсон, холбогдогчдод согтолтын зэргийг тогтоогоогүйд хариуцлага яригдана биз. Хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа ид явагдаж байгаа учраас прокурор, цагдаа нар үүн дээр анхаарч байгаа байлгүй дээ.

-Таны хувьд намрын чуулганыг нэлээд бухимдалтай эхлүүлж байна уу даа. Энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой гол асуудлын нэг нь 2019 оны улсын төсөв байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг та хэрхэн дүгнэн харж байна вэ?

-Төрийн албанд ийм бусармаг хэрэг гарсан явдал нь дан ганц надад бус бүх төрийн албан хаагчдын нэр төр, сэтгэл зүтгэлийг унтраасан үйлдэл боллоо гэж ойлгож байгаа. Тиймээс болохгүй байгаа, худал хуурмаг зүйлийг эсэргүүцэж, шударга үнэнд ойрхон байлгахын тулд Их Хурлын гишүүн хүн дуугарах ёстой. Байнгын ажиллагаатай парламентын хийх ёстой гол ажил бол намрын чуулганаар төсөв, төлөвлөгөө батлах. Эдийн засгийн бодит өсөлт өнгөрсөн оны эхний хагасын байдлаар 6.3 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад 5.1 пунктээр өссөн байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувь байхаар тооцсон нь нэлээн өөдрөг төсөөлөл болж байгаа. Манай улсын эдийн засгийн өсөлт болон төсвийн орлогын бүрдүүлэлт уул уурхайн салбараас нэлээд хамааралтайгаас гадна дэлхийн эдийн засгийн өсөлттэй холбоотой байдаг. Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.7 хувь болж, өмнөх оны түвшнээс буурах хандлага ажиглагдаж байгаа. Мөн манай худалдааны гол түнш болох ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ч энэ оноос 0.1-.0.2 нэгжээр буурахаар байна. Эдийн засгаа солонгоруулна гэж бараг 20 жил ярьсан боловч бодитой хийгдсэн ажил маруухан байна. Монгол Улс 2017 оны мал тооллогоор 66 сая малтай, 230 орчим малчин өрхтэй гэсэн тоон судалгааг гаргасан байдаг. Гэтэл бид мах, ноос ноолуур, арьс шир, сүүгээ экспортод гаргах битгий хэл импортоор оруулж ирж байгаа биз дээ. Ядаж монгол малыг эрүүлжүүлэх, махыг нь боловсруулах, экспортлох, түүнээс гарсан түүхий эдээ боловсруулж экспортлох цогц аж ахуйгаа дэмжих шаардлагатай байна. Монгол малаа “чулуу” болгох бэлэн төсөл байгаа. Жишээ нь, Шинэ Зеланд 46 сая хонь, 10 сая үхэртэй.

Гэтэл Шинэ Зеланд нийт экспортынхоо 18 хувийг мах, махан бүтээгдэхүүн мөн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг. Дэлхийн хонины махны экспортын талыг нь дан ганцаараа Шинэ Зеланд эзэлж байна. Махны экспортоос 6,1 тэрбум ам доллар, ноосноосоо 228 сая ам доллар, сүүнээсээ 8,3 тэрбум ам доллар олж байгаа.

Нэг мянган га-с дээш талбайд тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд нийлээд консорциум байгуулаад сүүний үйлдвэр байгуулах кластэр төслөө хийсэн. Иймэрхүү баялаг бүтээгчид импортыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх санаачилгуудыг дэмжээд явмаар байна. Эдгээр төслүүдийг ирэх жилийн төсөвтөө тусгавал илүү үр дүнтэй болно. Ер нь Монголын эдийн засгийн хямрал валютын хомсдолоос үүдэлтэй. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нөөцийг нэмэх бодит боломж бий болно. Орлого энэ оны эхний найман сарын байдлаар 5.8 их наяд төгрөгт хүрсэн. Монгол Улсын Засгийн газар 2018 онд гадаад, дотоодын зээлийн өр, өрийн хүүд 3.8 их наяд төгрөг төлөх ёстойгоос эхний хагас жилд 753.3 тэрбум төгрөгийн өр барагдуулсан. Өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн байдлаар 63.4 хувь байна. Зээлийн үйлчилгээний төлбөр 2018 оны эхний найман сарын байдлаар төлөвлөсөн дүнгээс 132.2 тэрбум төгрөгөөр буюу 17.1 хувиар бага байгаа нь энэ онд хүүгийн зардал буурах төлөвийг харууллаа. Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батална. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг найман хувиар, есдүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан. Энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлах хэрэгтэй.

-2019 оны төсвийг хэт мөрөөдлийн төсөл болсон гэж шүүмжлээд буй. Баталгаагүй орлогыг их тавьж, адил түвшний зарлагаа өндөрт тооцсон талаар УИХ-ын гишүүд шүүмжилж байна л даа.

-Улс орны төсөв батлах эгзэгтэй үед аудитын байгууллагын дүгнэлт маш чухал. 2019 оны улсын төсвийн төслийн аудитын дүгнэлтэд дурдсан нэлээн өөдрөг төсвийн төсөл боловсруулжээ гэдэгтэй санал нэг байна.

Төсвийн төслийг харахад маш олон мөрөөдлийн жагсаалт гаргасан. Өнгөрсөн жил л гэхэд улсын төсөвт өмч хувьчлалаас 150-160 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн ч энэ нь хэрэгжээгүй. Төрийн өмчит компаниуд өнөөдөр алдагдалтай ажилласан хэвээр байгаа. Мөн тонн нүүрсийг уурхайн амнаас 68 ам.доллараар борлуулж байгаа. Гэтэл төсөлд 80 ам.доллараар зарна хэмээн оруулж ирсэн байх жишээтэй. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ ирэх жилүүдэд буурах таамаг бий. Мөн Монгол Улс өнгөрсөн жил 28 сая тонн нүүрс борлуулсан байхад энэ жил 40 сая тонныг зарна гэсэн нь хэт өөдрөг төсөөлөл болжээ. Үүнтэй би санал нийлэхгүй байгаа.

-Зарим нь ирэх оны төсвийг сонгуулийн өмнөх төсөв учир хайр зарласан төсөв болжээ гэх юм. Мөн ирэх оны төсвийн хуваарилалтыг та хэр оновчтой болсон гэж харж байгаа вэ?

-Яг одоогийн байдлаар төсвийн хуваарилалтад үнэлэлт, дүгнэлт өгөх цаг биш. Байгаа хөрөнгийг оновчтой, зөв хуваарилж чадаж байна уу гэдгийг хэлэлцүүлгийн явцад нямбайруулаад, чанаржуулаад явчих боломжтой. Төсөв ихэсч, багасах нь учир шалтгаантай. Эхэлчихсэн олон бүтээн байгуулалт ашиглалтад ороод дуусчихсан бол хэмжээ нь багасна. Ер нь төсөв дээр эдийн засгийн агуулгаар, үр ашгийн үүднээс хандах ёстой. Гэтэл манайд төсөв дээр улс төрийн агуулгаар, хэрэгцээ шаардлагын талаас нь хандаад байна. Надад юу өгөх гэж байна, миний тойрогт юу хийгдэх гэж байна ч гэдэг юм уу, ийм өнцгөөр асуудалд хандаж болохгүй. Ирэх оны төсвийн төлөвлөлтөд анхаарахаар нэлээд асуудал байна лээ.

-Тухайлбал ямар асуудал байна вэ?

-2019 онд төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээс урсгал зардлыг 777.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Урсгал зардлын төлөвлөлтөд зарим нэг тэвчиж болох зардлуудыг хасах, өмнөх онуудын түвшинд барих зэрэг зарчмуудыг баримтлах нь зүйтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх ёстой. Тэгж чадаагүйгээс бүс нутгийн чанартай томоохон төсөл арга хэмжээнүүд хэрэгжихгүй үлдэж, орон нутгийн шинж чанартай хөгжлийн бодлоготой уялдаагүй ажлууд хийгдэж, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байна. Мөн зарим төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацааг 3-4 жил дамжуулан хийхээр төлөвлөж байгаа нь тухайн төсөл, арга хэмжээг чанаргүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн Аудитын дүгнэлтэд тусгаснаар 2019 онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт төсөл, арга хэмээний 71.3 хувь нь Төсвийн тухай хуульд заасан техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй ажил байгаа нь 2019 онд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хугацаа алдахаар байгаа юм. Аймаг, орон нутгаас ирсэн саналуудыг УИХ-ын гишүүнээрээ дамжуулан улсын төсөвтөө суулгадаг шүү дээ. Хүн амын нэн чухал эмнэлэг, цэцэрлэг, сургууль, зам харгуй зэрэг бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөвтөө хийхгүй бол өөр хаанаас хийх вэ. Гагцхүү төсвийг жижиглэн, тойрог тойргоор хуваахаасаа гадна хөгжлийнхөө бодлоготойгоо уялдуулах ёстой. Жишээ нь, суманд нэг км хатуу хучилттай зам барихын оронд тэр газар тариалангийн гол зам болох монголчуудын хоол хүнсээр хангаж байгаа Сэлэнгэ аймгийн Түшиг, Алтанбулаг сумаас Улаанбаатарын чиглэлийн төв замтай хатуу хучилттай замаар холбох явдал илүү чухал санагдана.

-Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх, Төрийн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар таны байр суурийг сонсъё?

-1992 оны Үндсэн хууль, манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа болж ирсэн. Монгол ардчилсан дэглэмтэйгээ байгаагийн гол шалтгаан бол Үндсэн хууль. Иймд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх гэхээс илүү судлагдсан, практикт харагдсан цөөн асуудлыг шийдэх нэмэлт, өөрчлөлт хийж болно. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг хангах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, шүүх засаглалыг шударга, хараат бус, хариуцлагатай байлгах шаардлагатай. Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүндээ хэн байх вэ гэдгийг өөрөө шийддэг болох, УИХ-аас Ерөнхий сайдыг сонгоход хариуцлагатай ханддаг болох, гүйцэтгэх эрх мэдлийг илүү тогтвортой ажиллах боломж бүрдүүлэх, эргээд УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Давхар дээлийн асуудлыг бүрэн хориглох зэрэг асуудлыг л шийдэх хэрэгтэй. Үгүй бол ардчилалд хүмүүс хоорондоо маргалдаад шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголт газар авч сүүлдээ дарангуй дэглэмтэй болох санаа цөөн хүнээс гарахад хүргэж байна. ХБНГУ, Их Британи, Япон зэрэг парламентын ардчилалтай ч эдийн засгийн хувьд хамгийн сайн хөгжиж чадсан улсуудад гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой, хариуцлагатай байдаг. Энэ жишгийг авч парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй.

-Улстөрч хүний хувьд манай улсын улс төрийн тогтолцоог ямар хэлбэртэй байхыг илүү дэмждэг вэ. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг ярьж байна л даа. Аль засаглал манай улсад тохирох вэ?

-Монгол Улс өөрөө гурванхан сая хүн амтай, хоёр том хөршийн дунд оршдог орны хувьд парламентын засаглал илүүтэй тохирох учиртай.

Харин энэхүү засаглалынхаа тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, хариуцлагатай болгох асуудлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үнэхээр төрийн алба, төрийн тогтолцоонд сэв суусан нь үнэн. Гэхдээ бүх бурууг тогтолцоо руу чихэх нь учир дутагдалтай. Тиймээс хариуцлага, төрийн албыг чанаржуулах, чадавхжуулах, нам, улс төрийн хүчний хариуцлагын асуудлыг маш өндөрт тавьж, шаардах учиртай.


Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын 18-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

08.30 цагт “Премиум паласе” зочид буудалд НҮБ-ын Хүн амын сан, ЦЕГ хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сургалт зохион байгуулна. Утас:99019995, 99296364

09.00 цагт Төрийн ордны Их танхимд “Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болно.

09.30 цагт “Номин Юнайтед” оффист “Хүртээмжтэй даатгалын тухай олон нийтийн мэдлэг ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт семинар болно. Утас: 261611, 88861126

10.00 цагт Монголын уран зургийн галерейд “Вакцинаар хамтдаа сэргийлье” дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн ёслол болно.

11.00 цагт “Мишээл Экспо” төвд “Монголын экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээний нээлт болно. Утас: 99020804, 80019000

11.00 цагт Нийслэл дэх төрийн аудитын газарт “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцуулна. Утас:88059005

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэс тавантолгой” компани хувь нийлүүлэгчдийн хууль бус хурал зарлан хуралдуулсан талаар иргэний хөдөлгөөний байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Мишээл экспо” төвийн “Биг боулинг” төвд “CITY CUP-2018” боулингийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн Нүд судлалын тасагт Нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх орчин үeийн багаж, тоног төхөөрөмж гардуулна. Утас: 99179899, 86885060

14.00 цагт Зүүн Алтан өлгийд шинээр барьсан 0.850 км авто замын нээлт болно. Утас:99945858

Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Цаазаар авах ялын 30 орчим хувь нь алдаатай байх магадлалтай гэсэн судалгаа бий

МУИСийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдэн орсон УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байна гэх гомдол Цэцэд иржээ. Уг протокол нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бэ?

-Энэ оны тавдугаар сард Н.Чадраабал гэдэг хүн цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколд нэгдэн орсон хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Уг асуудлаар ҮХЦ маргаан үүсгэжээ гэх мэдээлэл гарсан. Гэхдээ Цэцийн маргаан үүсгэхтэй холбоотой тогтоол, магадлал нь нийтэд ил тавигддаггүй учраас би олж хараагүй байна. Энэхүү асуудал нь маш чухал учраас “Эмнести интернэшнл” байгууллагатай хамтраад Үндсэн хуулийн эрх зүй, олон улсын эрх зүй, криминологийн судалгаагаар энэ оны есдүгээр сарын 20-нд хэлэлцүүлэг хийж, цаазаар авах ялыг сэргээвэл Үндсэн хууль болон олон улсын гэрээг зөрчинө гэсэн дүгнэлт гаргасан. Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, эрдэм шинжилгээний өгүүллийг эмхэтгэн гаргаад ном болгон гаргаад байна. Цаазаар авах ялыг халсан энэ шийдвэрийг зарим хүмүүс судалгаагүй, сэтгэлийн хөдлөлөөр гаргасан гэдэг. Гэхдээ тийм биш юм. Үндсэн хуулийг баталж байх үед цаазаар авах ялыг байлгах эсэхийг ярилцаж байжээ. Би 1991 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг уншсан. Тухайн үед АИХ-ын зарим гишүүд энэ ялыг бүр мөсөн халах хэрэгтэй гэж байжээ. Нөгөө хэсэг нь энэ ялыг халах нь зүйтэй, гэхдээ ирээдүйд халъя гэдэг байр суурийг илэрхийлж, энэ нь олонхын санал авч Үндсэн хуульд тусгагджээ. Үүнээс хойшхи үе үеийн парламент цаазаар авах ялыг халах алхмуудыг хийсээр ирсэн. Жишээ нь 1996-2000 оны УИХ дээр Д.Хувьтөгөлдөр гишүүн цаазын ялыг халж оронд нь бүх насаар нь хорих хуулийн төсөл санаачилсан боловч дэмжлэгийг аваагүйгээс батлагдаагүй өнгөрсөн. Гэвч тус парламент Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үндэсний хөтөлбөр батлахдаа цаазаар авах ялыг аль болох хязгаарлана хэмээн тусгаж байв. Дараагийн УИХ нь 2003 онд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт мөн цаазаар авах ялыг халах чиглэлийг баримтална гэж заасан. 2006 онд Эмнести интенэшнлээс санаачлаад маш олон эрдэмтэд орж томоохон судалгаа хийсэн байдаг. Улмаар 2010 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүнийг уучилж, 30 жилийн хорих ялаар солино гэж мэдэгдэж, уг ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн. Үүнийг НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл маш их дэмжиж, улмаар энэ ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдээч гэсэн зөвлөмжийг Монгол Улсад ирүүлсэн. Тухайн үеийн Засгийн газар НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг өргөн барьж, УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баталсан. 2012-2016 онд ажилласан УИХ дээрх протоколыг дэмжээд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг бүр мөсөн хассан бол 2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэлдэхүүн ч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа цаазаар авах ялыг сэргээгүй, халсныг дэмжсэн. Ингээд үзэхээр маш их судалгаа хийж байж, таван парламент дамжиж, улс төрийн гол намуудын аль алиных нь оролцож хүлээн зөвшөөрсөн үндэсний зөвшилцлөөр энэ ялыг халсан юм.

-Тэгэхээр Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхой биш байгаа гэсэн үг үү?

– Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдсэн орсон хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар уг маргаан үүсгэсэн гэж ойлгосон. Яг ийм санааг Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас цаазаар авах ялыг сэргээх санал хэд хэдэн удаа гаргасан байдаг.

Саналдаа Үндсэн хуулийн 16.1-т “Хүн бүр амьд явах эрхтэй, Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно”, “Цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй”, 10.4-т Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг Монгол Улс мөрдөхгүй” гэж заасан байдаг талаар хэлсэн. Тодруулбал, Үндсэн хуульд цаазаар авах ял заавал байх агуулга бий, уг ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн 16.1-тэй зөрчилдөнө, иймээс уг гэрээг дагаж мөрдөхгүй гэж Ерөнхийлөгч яриад байгаа. Хэрвээ Цэцэд ийм агуулгатай мэдээлэл гаргасан бол энэ нь ямар ч ор үндэсгүй юм. Хууль зүйн хувьдаа ингэж үзэх ямар ч боломжгүй. Миний хувьд Үндсэн хуулийг хэрхэн тайлбарлах талаар Японд таван жил судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан. Үндсэн хуулийг тайлбарлах олон аргаас хамгийн түгээмэл гурвыг нь сонгож Үндсэн хуулийг тайлбарлая. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг түүхчилсэн, угчилсан байдлаар тайлбарлах арга байдаг. Тэр нь Үндсэн хуулийн тухайн заалтыг оруулсан хүмүүс, эсвэл тэр үеийн нийгэм юу гэж ойлгосон бэ гэдгийг нь харах ёстой гэсэн үг. АИХ-ын төлөөлөгчид цаазаар авах ялыг халах, ирээдүйд халахыг дэмжиж Үндсэн хуулийн 16.1-ийг оруулсан гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг үгчилж тайлбарлах явдал байдаг. Үгийн шууд утгаар нь тайлбарлах юм бол Үндсэн хуулийн 16.1-д цаазаар авах ял заавал байна гэсэн утга байхгүй. Энд “Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг” үйлдсэн бол ялын дээд хэмжээ оногдуулж болно гэсэн. Тиймээс, юуг гэмт хэрэгт тооцох, түүнд ямар ял оногдуулахаар хуульчлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас цаазаар авах ялыг хууль баталж, эсвэл ийм олон улсын гэрээнд нэгдэн орж халах бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байгаа юм.

-Цэц Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протокол нь Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихвэл яах вэ?

-Цаазаар авах ял Үндсэн хууль зөрчсөн гэж ил ярьж байгаа хүн бараг байхгүй. Ерөнхийлөгчийн хоёр зөвлөх, үндсэн хуулиар ч мэргэшээгүй нэг хүн л ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр цаазаар авах ялыг сэргээх олигтой ямар ч үндэслэл байхгүй. Ийм байхад ҮХЦ цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдэхгүй байх гэж найдаж байна. Цэц арай ч тийм болтлоо хараат бус, мэргэжлийн байдлаа алдсан гэж бодохгүй байна. Хэрэв ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гээд үзчих юм бол маш ноцтой үр дагавар үүснэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж энэ ялыг халах болох учраас ахиж цаазаар авах ялыг халах бараг л боломжгүй болно. Амьд явах, эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний нэр төр гэсэн суурь зарчмуудаа бататгасан алхмаасаа ухарна. 26 жилийн турш цогцлоож буй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн нэг том баганаа нураана. Олон улсад, НҮБ доторх Монголын нэр хүнд унана. Европын холбоотой харилцаа муудна, тэндээс манай ардчиллыг дэмжиж үзүүлж буй дэмжлэг, татварын хөнгөлөлт бүгд үгүй болох эрсдэлтэй. Тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлого, НҮБ дахь байр суурь суларна.

-Үндсэн хууль батлалцаж явсан, мөн судлаачид цаазаар авах ялын тухайд ямар байр суурьтай байдаг юм бол?

-ҮХЦ-ийн анхны дарга, доктор, профессор Г.Совд гуай өөрийн номдоо “Үндсэн хуулийн 16.1 нь Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг үүрд хадгалсан заалт биш учраас цаазаар авах ялыг устгахад өчүүхэн ч саад болохгүй” гэсэн байдаг. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш эхийг барьж 2003 онд УИХ-аар батлуулсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөртөө цаазаар авах ялыг халах чиглэлийг оруулсан. Энэ мэтчилэн маш олон судлаачид, хуульчид Үндсэн хуулийн 16.1-т цаазаар авах ял заавал байна гэсэн утга байхгүй гэж ойлгодог. Үндсэн хуулийн 10.4-т Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг Монгол Улс дагаж мөрдөхгүй гэж бий. Дүгнээд хэлэх юм бол цаазаар авах ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуультай харшлаагүй харин ч түүнд буй суурь үнэт зүйлийг бататгасан учраас уг гэрээг Үндсэн хуульд харшилсан хэмээн дагаж мөрдөхгүй байж болохгүй.

Манай Үндсэн хууль тогтоогчид маань Үндсэн хуульд улс төрийн ёс суртахууны буюу төрөөс иргэнтэй харьцах ерөнхий зарчим, үзэл санаануудыг тусгаж өгсөн. Энэ бүх үзэл санаатай цаазаар авах ял зөрчилддөг. Тухайлбал, уг ял нь хүний амьдралыг дуусгаж хүнийхээ хувьд эдлэх бүх эрхийг үгүй хийдэг учраас амьд явах эрхийг үгүйсгэдэг. Мөн хүн бүрийг нэр төртэй гэж үзэхийг шаарддаг. Хүн бүрийг хүн гэж хүлээж зөвшөөрч, хүний ёсоор хүндэтгэнэ гэсэн зарчим бол Үндсэн хуулийн оршилд буй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн суурь юм. Аймшигтай муухай хэрэг үйлдсэн ч тэр хүн хэвээрээ. Тэр хүний хэргийг шалгаад зохих шийтгэл хүлээлгэх нь зүйн хэрэг ч төр түүнтэй хүний ёсоор харьцаж хүндэтгэх үүрэгтэй. Мөн, цаазын ял нь эрүү шүүлтэд тооцогддог. Төр ял эдлүүлэх зорилгоор хүний бие махбодь төдийгүй сэтгэл санааны хувьд хүчтэй шаналал учруулдаг. Хүнийг цохиж зодож шийтгэхтэй адилхан бие махбодь дээр хэрэгждэг ял. Монголд доод тал нь 1-7 жилийн дараа уг ялыг гүйцэтгэдэг учраас тухайн хүнд маш их шаналал учруулдаг гэж үздэг. Энэ ялыг халснаар манай Үндсэн хуулийн амьд явах, хүний нэр төр халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх гэсэн эрхүүдийг баталгаажуулсан алхам болсон.

-Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдэн орсон орон буцаж гарах боломжтой юу. Хэрэв гарсан тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд учрах вэ?

-Болохгүй. Уг протоколоос гарах, гэрээг цуцлах заалт байдаггүй. Энэ ялыг халчихаад худал шалтаг хэлж буцаж сэргээх оролдлогыг хаах зорилгоор цуцлах, гарах заалтыг суулгаагүй байдаг. Гэхдээ, ийм гэрээнээс яаж гарах талаар олон улсын гэрээний эрх зүйн Венийн конвенцоор хоёр нөхцөл зааж зохицуулагддаг. Нэг талаар, уг конвенцын 56 дугаар зүйлд гэрээнээс гарах саналаа уг гэрээнд нэгдэн орсноос хойш 12 сарын дотор мэдэгдвэл гарах боломжтой гэсэн байдаг. Гэтэл Монгол ингэж мэдэгдээгүй төдийгүй Нэмэлт II протоколд нэгдээд зургаан жил болчихсон. Нөгөө талаар, олон улсын гэрээ нь мөн чанараараа гарахыг зөвшөөрсөн агуулгатай бол энэ талаар тодорхой заалтгүй байсан ч уг гэрээнээс гарч болно гэж өөр нэг нөхцөл заасан. Гэтэл НҮБ-ийн Хүний эрхийн хороо болон маш олон шинжээчид Нэмэлт II протоколд нэгдэн орсон л бол гарч болохгүй гэсэн тайлбарыг хийдэг. Филиппин 2016 онд уг протоколоос гарч, цаазаар авах ялыг сэргээх гэж оролдсон. Энэ үед НҮБ-аас хүчтэй буруушаасан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 2007 онд тогтоол хүртэл гаргаж цаазаар авах ялыг халах тө-дийгүй халсан улсуудыг бу-цааж сэргээхгүй байхыг анхааруулсан.

-Цаазын ялыг сэргээх гээд байгаа нь ямар учиртай гэж харж байна вэ. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн жигшүүртэй хэрэг олноор гарч байгаа учир цаазаар авах ялыг сэргээе гэдгийг хэлж байгаа. Үүнээс харахад энэ ялыг халснаар жигшүүрт хэрэг ихээр гарах боллоо гээд байгаа юм шиг. Судлаад үзэхээр энэ нь худлаа юм билээ. Цаазаар авах ялыг халахаас өмнөх болон халсны дараах онц хүнд гэмт хэргийн гаралтын тоог харьцуулахад уг гэмт хэргийн тоо өссөн тоо баримт алга. Цаазаар авах ялыг хэрэглэж байсан 2002-2009 оны үед хүнийг санаатайгаар алах гэмт хэргийн тоо жилд дунджаар 294 гардаг байжээ. Цаазаар авах ялыг халснаас хойш буюу 2010-2017 оны хооронд жилд 213 болж буурчээ. Жилд 30-35 бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гардаг. Энэ хэрэг огт огцом өсөөгүй, тогтвортой байгаа. Монголчуудын буруу зөвийг ялгах чадвар дээшилж хөгжсөн төдийгүй хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн тусламжтайгаар энэ хэрэг үйлдэгдсэн даруйдаа ил гардаг болсон. Тэгээд тоо нь өссөн юм шиг харагдуулаад байгаа хэрэг. Социализмын үед ч, цаазаар авах ял байх үед ч бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байсан. НҮБ болон Их Британи, Канад, Энэтхэг зэрэг бусад орнуудад хийсэн судалгаагаар цаазаар авах ял нь бүх насаар нь хорих ялаас илүү онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаг гэдэг нь нотлогддоггүй. Мөн Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үгний хоёр дахь утга нь бага насны хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн хүнийг цаазлах ёстой, энэ бол шударга ёс гэсэн агуулгатай байж магадгүй. Хүй нэгдлийн үед шударга ёс гэдгийг амийг амиар гэж ойлгож байсан. Хүн төрөлхтөн, ялангуяа ардчилсан улсууд шударга ёсыг ингэж ойлгохоо больж байна. Шударга ёс гэдэг нь тухайн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон ялаар шийтгэх юм гэж ойлгодог болсон. Мэдээж ардчилсан улсын суурь үнэт зүйлд нийцсэн ялын төрлүүдээс хамгийн тохирсныг нь сонгоно гэсэн үг.

-Нийгэмд цаазаар явах ялыг улс төрийн шугамаар ашиглах вий гэх айдас бас байна л даа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэг гол зарчим бол гэм буруугүй хүнийг хэзээ ч шийтгэж болохгүй. Харамсалтай нь цаазаар авах ял байгаа ямар ч улсад гэм буруугүй хүнийг шийтгэх магадлал их байдаг. 2000 оны Монгол Улсад цаазаар авах ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрт анализ хийсэн судалгааны дүгнэлтээр нийт цаазаар авах ялд оногдуулсан шүүхийн шийдвэрийн 30 хүртэл хувь алдаа гаргах магадлалтай гэж гарсан. Гэм буруугүй хүнийг цаазлах магадлал 30 хувьтай байгаа хэрэг. Гэм буруугүй хүнд цаазаар авах ял өгчихөөд түүнийгээ өөрчилсөн тохиолдол Монголын түүхэнд маш их байдаг. Монголд 1958-2011 он хүртэл 870 хүнд цаазаар авах ял оногдуулжээ. Цаазын ялын бүх мэдээллийг төрийн нууцад оруулчихдаг учраас энэ хүмүүсийн хэд нь яг гэм буруутай байсан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй. Цаазаар авах ял оногдуулах ажиллагаанд өмгөөлөгч, шүүгч, прокурорын хувиар оролцож байсан хүмүүс гэм буруугүй хүнийг цаазалсан байх үндэслэлтэй гэж харамсаж явдгаа надтай хуваалцаж байсан. Жишээлбэл, ҮХЦ-ийн гишүүн байсан, доктор, профессор Ж.Бямбаа багш маань 2010 онд өгсөн ярилцлагадаа “Баянхонгор аймагт нэг хүнийг хүчиндээд хөнөөсөн хоёр хүнийг цаазаар авсан. Гэтэл, хүчирхийлээд, хөтлөөд, чирээд явсан мөр нь нэг хүнийх л байсан учраас дээрх хоёр хүний нэг нь гэм буруугүй байсан байх магадлалтай” хэмээн харамсан өгүүлсэн байдаг. Өөр хэргүүд дээр ч нэр бүхий хуульчдын ийм харамсал бий. Ер нь энэ ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. Монгол Улс 1937-1939 оны хооронд 30 шахам мянган гэм буруугүй хүнээ цаазалсан гашуун түүх бий. Цаазаар авах ял маань ийм аймшигтай үр дагавартай учраас бид шударга ёс гэдгийг амийг амиар бус ийм олон хүчин зүйлүүд дээр тулгуурлаж авч үзэх, тодорхойлох ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Алтанцэцэг: Лос-Анжелест байхдаа тоглолт хийчихээд тайзны хувцасаа тайлалгүй оройжин догдолж билээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Хөгжмийн зохиолч Б.Ангирмаагийн тоглолт дээр та Намайг эзэмдэх чиний сэтгэл дуугаа дуулжээ?

-Хичнээн сайхан байв аа. Ангираа маань 1995 онд “Намайг Ангираа гэдэг” тоглолт хийсэн юм. Тэр тоглолт л бодогдоод байлаа. Анх Соёлын төв өргөөний тайзан дээр дуучин Наран, Эрдэнэцэцэг агсан, Сараа, Ангираа бид тав түүний зохиосон дуунуудаар концерт хийж байлаа. Одоогоос 23 жилийн өмнө 22 настай охин тайзан дээр “Итгэл өгөөч надад”, “Чиний явсан намар чин зүрх минь ганцаардана”-аа гээд дуулж байлаа. Тэр үед би Соёл, урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн гуравдугаар курст сурдаг байсан юм. Тэр жилээ нөхөртэйгөө танилцаж байлаа. Ангираагийн тоглолтын үеэр тайзан дээр гарахад энэ бүхэн бодогдож, үг хэлэх гэсэн чинь нулимс гарах гээд байсан. Цаг хугацаа их хурдан юм аа, нэг л мэдэхэд 23 жил өнгөрчээ. “Намайг эзэмдэх чиний сэтгэл” 1999 оны дуу л даа. 2000 онд гаргасан цомгоо энэ дууны нэрээр нэрлэсэн юм. Ангираа маань тэр цомгийн продюссерээр ажилласан. Тухайн үед бичлэг хийж байсан хүмүүс нь ичээд л нүүр нь улайж байсан юм даа (инээв).

-Уг дууны үг нь бас л ил шүү.

…Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг… гээд л. Энэ дууг ер нь ямар арга хэмжээн дээр голчлон дуулдаг вэ?

-Ангираа намайг ард нь дуугардаг хэсэг дээр хоолой хий гээд би жаахан санаа зовж билээ. Тэгээд Ангираа өөрөө хоолой хийсэн нь тэр л дээ. Тухайн үед би “Je taime” гээд дууг их сонсдог байсан юм. “Энэ дуу шиг дуу дуулмаар байна” гэж Ангираад захиалсан юм. Хайртай хосуудад зориулсан гоё дуу болсонд нь баяртай байдаг. Одоо ч тийм халуухан дуу гараагүй шүү. Уруул юуг чинь үнсээд ханамгүй хүсэл тачаал гээд л…Энэ дууг бодохоор нэг зүйл санаанд ороод байдаг юм (инээв). Манай нэг найз хүүхдээ аав, ээждээ харуулдаг байж л дээ. Тэгтэл нэг удаа аав, ээж нь манай найзад “Танай хүүхэд чинь нойтон байлаа гээд өдөржин дуулах юм. Тийм ямар дуу байдаг юм бэ” гэж асуусан гэсэн. Найз маань “Чиний дууг сонсоод байсан чинь манай хүүхэд сурчихжээ” гэж хэлээд бид бөөн инээдэм болж байж билээ.

Сая тоглолтон дээр хамгийн онцгой нь хийлч Дээгий маань ямар мундаг тоглов оо. Араас нь би гарч дуулсан юм. Дээгийгийн тоглохыг харсан л даа. Асгартал уйлчихсан. Жинхэнэ тайзны хүн л гэж Дээгийг хэлмээр санагдсан шүү. Би түүнийг хараад сэтгэл хөдлөөд бараг л дууны үгээ мартсан байх. Дараа нь Дээгий “Алтаа эгч ээ, ямар гоё аялгуу вэ. Би энэ дуунд үнэхээр дурласан” гэж хэлсэн. Дээгийгийн зүрх сэтгэлээ дуу, хөгжимд өгсөн тэр дүр төрхийг нь хараад би өөрийгөө голсон шүү. Энэ дууг сая тоглолтон дээр л дууллаа. Тэрнээс өөрөөр дуулаад байх боломжгүй л дээ, сонсох л дуу.

Чингисийн хүүхдүүд кино тань нэлээд амжилттай яваа бололтой. Чухам яагаад энэ төсөл дээр та хамтарч ажилласан бэ?

-Би 2015 онд Удирдлагын академид орж суралцсан юм. Чөлөөт уран бүтээлчдийн нийгмийн асуудлын дүн шинжилгээ гэсэн сэдвээр магистр хамгаалсан л даа. Өөрөө чөлөөт уран бүтээлч болохоор энэ сэдвийг сонирхсон хэрэг. Тэгээд ч өнөөдөр Монголын соёл урлагийн бодлого чөлөөт уран бүтээлчдийн нуруун дээр явж байна гэж хэлэхэд болохоор байгаа юм биш үү. Продакшн, компани байгуулаад найруулагч, жүжигчин, дуучин, зураач, киноныхон гээд бүгд л Монголын урлагийн төлөө ажиллаж авьяасаа сорьж байна. 2016 онд “Чингисийн хүүхдүүд” киноны продюссерээр ажиллах санал ирээд Лос-Анжелест гэр бүлээрээ хоёр жил ажиллаж амьдарсан. Кино төсөл тун дажгүй шүү. Өнгөрсөн зун НҮБ-д гарсан нийт 11 фестивальд эх орноо сурталчлан оролцож дөрвөн улсаас шагнал авсан. Кинонд ажилласан уран бүтээлчдээс надаас бусад нь бараг шагнал авсан шүү. Каннын наадмын үеэр дэлгэцнээ гарсан. Мөн Лос-Анжелест гарсан, Оскарт нэр дэвшсэн гээд амжилт ар араасаа дагуулаад л байна. Бүх Хятадын кино сувагтай онлайнаар борлуулах гэрээ нь хийгдсэн гээд eр нь оюуны өмчийг дээдлэх тал дээр нэлээд шинэчлэл хийсэн бүтээл болсон гэж хэлж болно. Миний хувьд кино салбарын хүн биш болохоор ард нь жаахан чимээгүй байсан л даа. Гэхдээ маш их зүйлийг энэ хугацаанд сурсан минь надад хангалттай.

-Хүн эх орноосоо холдоод харьд амьдрахаараа л эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, элэг зүрхээрээ уяатай гэдгээ ойлгодог гэдэг юм билээ. Тэндээс Монголын өнөөгийн амьдрал, нийгэм хэрхэн харагдаж байв?

-Харахаар барах уу, урьд нь гадаадад амьдарна гэж бодож яваагүй миний хувьд бүх зүйл цоо шинэ байлаа. Цагийн мeнежмэнт, хэл сурах, гадныхантай харилцах тал дээр бүгдийг суралцах гээд эхэн үедээ ядардаг байлаа. Дэлхийн нэг номeрын орон, тусгай виз гэдэг хэн дуртай нь аваад байдаггүй боломж ирсэн байхад гэж бодогдоод, бас хүүхдүүдийнхээ ирээдүй, сурах сургууль энэ тэр гээд бодох зүйл их байсан л даа. Энэ хугацаанд машин л сайн барьж сурлаа. Гадуур маш их явж юм юм сонирхсон. Америкийн хотуудад монголчуудын зохион байгуулсан олон янзын арга хэмжээнд чадахаараа л оролцлоо. Тун завгүй байсан гэж хэлж болно. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд дэлхийн хэл англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Дэлхийн аль ч оронд бүгд энэ хэлээр ярьж байна. Хуулиа дагаж мөрдөх, цаг нараа барих, ахуй амьдрал ажлын төлөвлөгөө, дүрэм журам гээд огт өөр соёлын ялгаа, огт өөр орчинд дасах, мэдрэх гэдэг хугацаа шаарддаг юм билээ. Бидэнд суралцах зүйл маш их байгаа. Эх орон гэдэг ямар их үнэ цэнэтэйг эх орноосоо холдсон бүхий л хүмүүс мэднэ дээ. Эх оронд маань ийм зүйл байгаасай, энийг нь аваад очих сон гэдэг мөрөөдөл гадаадад байгаа бүхий л монголчуудад байдаг юм болов уу. Тиймдээ ч гадаадад байгаа монголчууд маань эх орондоо санаа зовж туслах сан гэж санаа тавьдаг нь олон зүйл дээр харагдсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон монгол хүүхэд эх хэлгүй болж байгаа нь хамгийн эмзэглэмээр асуудал санагдсан. Энэ тал дээр улс маань тодорхой хэмжээний бодлого хэрэгжүүлээсэй гэж бодогдсон. Бид гадаадад амьдардаг монголчууддаа зориулж олон янзын бодлого хэрэгжүүлж элэг нэгтнүүддээ хандаж хэлэх үгээ хүртэл цэнэх хэрэгтэй. Харин ч эх орондоо ингэх юмсан, тэгэх юмсан гэдэг зүрх сэтгэлийг нь өөдөө дээшээ дэврээж баймаар.

-Та Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнээсээ хойш урлагийн ажил болоод нийгэм рүү хандсан төсөл хөтөлбөр рүү ихээхэн анхаарал хандуулах болсон нь анзаарагддаг. Таныг төрийн тэр том шагнал урмаар ташуурджээ гэж ойлгосон шүү?

-Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг төрийн энэ хүндтэй шагналаа дааж явна гэдэг хариуцлага гэж ойлгодог. Зөвхөн дуулах төдийгүй урлагт зүтгэх, нийгэмд анхаарлаа хандуулах гээд уран бүтээлч бидэнд үүрэг хариуцлага гэж их байдаг юм. “Pro sound” студийг таван жил ажиллуулсан. Энэ хугацаанд хийсэн олон төсөл маш амжилттай болсон. “Манай аялгуу”, “Making the band” нэвтрүүлэг, шоунуудыг үзэгчид мэднэ. Сая нааш ирэхээсээ өмнө Лос-Анжелес, Чикаго хотын монголчуудын холбоо маань “Ачлалт хүүхдүүд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах төвд тусалж хандив өргөж, өрөөнүүд тохижууллаа. 2016 онд Налайх дүүрэгтээ 32-48 хэмжээтэй хүүхдийн тоглоомын талбай байгуулж өгсөн. 2011-2013 онд тоглосон тоглолтуудаа хүүхдийн сайн сайхны төлөө үйлсэд зориулсан шүү. Ийм зүйлийг тэртэй тэргүй шаардаж байгаа цаг үед амьдарч байна шүү дээ, бид. Миний хүсэл хүнд туслах сан гэдэг бодол маань бас байгаа юм. Хүмүүст тэр дундаа хүүхэд багачуудад зүрх сэтгэлээ зориулна гэдэг эх хүний хувьд энгүй тансаг үүрэг гэж хэлэх дуртай. Сайн дураараа л нийгмийн үйл хэрэгт оролцож явдаг гэж хэлж болно.

-Таныг цомгийн баяраа хийх гэж байгаа гэж дууллаа. Ямар дуунуудаас бүрдсэн цомог вэ?

-“New Star” студи дээр хөгжмийн найруулагч С.Гантөр тус студийн захирал Л.Мандах, хөгжмийн зохиолч Том Жагаа ах, Бэхбат ах, гитарчин Өөжгий, залуу үеийнхнээс Наки, Ариука нартай хамтран ажилласан цомог маань бэлэн болж байна. Ирэх сард цомгоо гаргаад арванхоёрдугаар сарын 8-нд цомгийн баяраа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн ирэх жил Эмэгтэйчүүдийн баяраар бие даасан бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөөд бэлтгэл ажлаа базаагаад эхэлчихлээ. Шинэ цомогт олон шинэ дуунаас гадна урьд нь дуулагдсан ардын дуунуудынхаа хөгжмийн найруулгыг шинэчлэн хийлгэсэн. Шинэ дууны клипний зураг авалт, цомгийн зураг авалт гээд завгүй л ажиллаж байна.

-Дуучин Ж.Алтанцэцэгийн тоглолт нүсэр, маш их ажиллагаа шаардсан, хөлс хүч, хөдөлмөр шингэсэн байдгаараа бусад уран бүтээлчдээс ялгардаг. Тайз засалт, хувцаслалт гээд таны бүрдүүлсэн орчин, төрх яагаад ч юм зарим талаараа Эртний Египет, Мисирийг санагдуулаад байдаг?

-Би цөөхөн тоглолт хийсэн дуучин шүү. Гэвч тоглолтоо маш шинэлэг хийхийг хичээдэг. 2013 онд хийсэн тоглолт маань 3D холограмм дүрсний гайхамшгийг харуулсан. Тухайн үед техникийн шинэ дэвшил харуулах гэж хичээж байлаа. Бас мянган хүнд үзүүлэх гээд мянган хүний бүрэлдэхүүнтэй концерт хийсэн. Энэ удаад ч гэсэн хичээж байна. Тайз засалт, тоглолтод оролцох уран бүтээлчдэдээ хэт анхаараад өөртөө анхаарал тавьж чадаагүй гээд урьд нь гаргасан алдаануудаа засна аа. Энэ удаад маш чадварлаг баг бүрдүүлж шинэлэг санаа, шийдэл бүхий тоглолт хийнэ гэж бодож байна. On&off продакшн тоглолтыг минь зохион байгуулна.

-Нэгэн хэсэг Монголын рок, поп урлагт Сараа, Ариунаа, Алтаа, Наран, Сэрчмаа гэсэн дива нар цойлж байлаа. Өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Тэгсэн хэрнээ нэгдмэл бүсгүйчүүд байсан. Одоо ч тийм хэвээрээ байна уу даа?

-Монголын поп дива нар бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, өөрсдийн уран бүтээл, дуунууд, авьяас чадвараараа олны талархал хүлээж явдаг. Тэр ч утгаараа одоо ч тайзан дээрээ л байна. Миний хувьд дан дуу биш, юм юманд хошуу дүрж оролцож явдаг гэх юм уу даа. Энэ нь ч миний өөрийн үзэл бодол, амьдралын хэв маяг, онцлог юм. Поп дива нартайгаа бүгдтэй нь маш сайхан харилцаатай байдаг. Ноднин дуучин Наран бид хоёр Лас-Вегаст Шэрийн тоглолтыг хамтдаа үзэж, дуучин Баярцэцэг маань Мартын наймнаар Лос-Анжелест болсон тоглолтод оролцсон гээд яривал бидний хамтдаа амжуулдаг зүйл их байна.

-Олны танил хүмүүсийг харахаар заримдаа өмнөөс нь хэцүү санагдах үе байдаг юм. Хувийн амьдралаа нуух гэж, гэр бүлээ түмний нүднээс далдлах гэж их л хичээцгээдэг?

-Би хэзээ ч олны танил хүн болсондоо харамсаж байгаагүй. Бурхны өгсөн хайр, хишгийг зөв эдэлж, зөв амьдарч олондоо тустай дэмтэй, найз нөхөд хамт олонтой, гэр бүл, үр хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлж, баялаг сайхан амьдрах сан гэж мэрийж, хичээж явдаг даа. Элэнц эмээ, өвөө хоёр маань дууч хуурч хүмүүс байсан юм. Үе дамжсан бурхан шүтээнтэй болохоор би тун их шүтлэгтэй хүн шүү дээ. Суралцаж боловсорно гэдэг хүнийг насан туршид нь дагаж явдаг юм шиг байгаа юм. Олны танил байх харин ч сайхан шүү дээ. Харин ч олон хүнд тусална. Сайхан сэтгэлээр хийсэн тэр үйл маань эргээд надад сайхан зүйл болж ирдэг. Олны буяныг хүртэж магтаал, зэмлэл хоёрыг дааж яваа энэхэн тавиландаа сүсэглэж явдаг юм.

-Таны охин дуулах авьяасыг тань өвлөсөн бололтой. Бүр Америкт дууны багштай болсон шиг харагдана лээ. Ирээдүйд дуучин болно гэнэ үү?

-Миний охин С.Номин-Эрдэнэ дуулах авьяастай. Ямартаа ч интертайнмент охин болох байх аа. Одоогоор гурван кинонд тоглох урилга авсан. Лос-Анжелесаас нэг урилга ирсэн. “Дэ-Жангум” киног найруулсан Park Soon ki найруулагчийн “Нуруу намхан тэнгэр” хэмээх кинонд Заяа гэж охины дүрд тоглох санал авсан. Миний охин чинь ээжээсээ илүү олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болох байх гэж охиноо ерөөж байгаа шүү. Бас эх орноо төлөөлөн бяцхан миссийн тэмцээнээр Милан, Тайланд яваад ирсэн. Лос-Анжелес хотод White Hall дууны сургуульд дууны хичээл заалгасан юм. Таниша гэдэг багштай. Монголдоо ирсэн ч онлайнаар хичээлээ авахын зэрэгцээ одоо On&off продакшнд балетын хичээлд яваад завгүй л байгаа. Нэг нууц задлахад, ээж охин хоёр хамтдаа тоглох киноны урилга авсан шүү. Охин минь дөнгөж л 10 нас хүрч байна. Өөрөө урлагт их дуртай. Ядраахгүй, залхаахгүйгээр үе шаттай хөгжүүлнэ дээ гэж бодож явдаг юм. Аавын амины охин. “Энэ дэлхий дээр миний аав хамгийн гайхамшигтай нь” гэж ярьдаг охин доо.

-Таны гаргаж байсан хуурцагнууд бий юу. Анхны тоглолтын тасалбар, анхны кассет, CD, тоглолтын бичлэг гээд анхных гэсэн нандин зүйлсээ бүгдийг нь хадгалдаг байх. Тоглолтын хувцаснуудаа ер нь яадаг вэ. Бас хадгалдаг уу?

-Анхны гэсэн бүхий л нандин зүйл маань байдаг. Алдаа, оноо, шүүмжлэл, магтаалтай, цаг хугацаа түүх өгүүлсэн бүхий л зүйл маань миний хувьд үнэт зүйл. Харин тоглолтын хувцас, эдлэл, хэрэглэл маань дэндүү их болсон байна лээ. Хадгалах гэхээс илүү хүмүүст тарааж, зарж болдог бол зарж үрээд, олсон орлогыг нь буяны үйлсэд зориулъя гэж бодож байгаа шүү. Энэ тал дээр хамтрах хүмүүс байвал холбогдоорой гэж хэлье. Америкт ажиллаж амьдрах виз авсаныхаа дараа эд юмсаа нягталж цэгцэлсэн л дээ. Тэгтэл үгүй ээ мөн олон алдаа байсан шүү. Адаглаад хэвлэлд ярилцлага өгөхдөө ямар ч цензургүй, өөрийн бодлоор ярьдаггүй байсан байгаа юм. Бас дурсгалтай клип, бичлэг, уралдаан тэмцээнүүдийн зураг маань маш чанаргүй гэх мэт дараа дараагийн зүйлүүд дээр анхаарах олон зүйл байгааг анзаарсан.

-Тайзан дээр гарахгүй удахаар танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Тайзан дээр гарахгүй удахаар хэцүү хэцүү. Улам л зэврээд, ямар л олиг байх вэ. Заримдаа ч гутрах үе байлгүй яахав. Санаснаар бүх зүйл болох биш. Гэр бүлийнхээ хүний “Одоо чамайг сонсох хүн байхгүй дээ” гэж хэлэхийг нь сонсоод голдоо ортол гомдох үе байж л байлаа. Гэсэн ч өөрөө л зохицуулна шүү дээ, эмэгтэй хүн, ээж хүн амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд гээд олон зүйлийн ард гарах хувь тавилантайгаас хойш. Мэргэжлийн багшаасаа намайг дэмжих олон сайхан найз нөхөд, дэмжигчдээсээ урам авахаар надад их сайхан байдаг юм аа, хөөрөөд баясаад явчихдаг. Урлагийн бид чинь заримдаа хүүхдээс өөрцгүй зүрх сэтгэлтэй хүмүүс болчихдог шүү дээ. Дуу дуулах боломж гарахаар дотроо их баярлана. Лос-Анжелест байхад өдөр бүр дуулна гэх биш. Баяр ёслолоор тайзан дээр гарна. Мартын наймнаар бүрэн хэмжээний тоглолт хийчихээд тоглолтын хувцсаа ч тайлалгүй оройжин догдлоод сонин болж билээ. Мэргэжлийн ажлаа хийхээр улам л сэргэж өнгө зүс ороод эхэлнэ л гэж мэд. Дуулах тусам сэргэж, улам жавхаажина. Сайхан шүү дээ, дуу хуураар орчлонг уяраана гэдэг. Заримдаа ч бодсоноосоо өөрөөр амьдраад ч байгаа юм шиг гомдоллож, туних үе гарна. Заримдаа ч дэндүү азтай мэт бахдан хөөрөх мөч бий. Урлагийн хүн болж төрсөн сайхан хувь заяагаараа бахархаж, үлгэр дуурайлалтай, гишгэсэн мөр минь бүтэн, үр хүүхдэдээ үлдээх амьдралаа сэвгүй байлгах сан гэж мэрийх нь л миний амьдрал юм.


Categories
мэдээ цаг-үе

Гуравдагч хөршийн эсрэг дайн

Гадаадын капиталыг шахан зайлуулсны болон Феодалын хөрөнгө хураах комисс анх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойд зориулав.


НЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭСРЭГ I ДАЙН

Монголын эдийн засгийг гадныхан хорлож байгаа тухай яриа хөөрөө шинэ юм огт биш. Манай хөрш их гүрнүүдийн аль нэг нь улс оронд маань эдийн засаг, улс төрийн бүрэн хяналт тогтоохынхоо өмнө ийм операци явуулдаг бэлэн туршлага-түүх ч байгаа.

Монголчууд ХХ зууны эхээр тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, аугаа их Чингис хааны хээр тал нойроос сэрснийг тунхагласан юм. Олон зуун жил Манж Чин гүрний эрхшээлд чимээ амиагүй нойрссон монголчуудыг ХIX-ХХ зууны заагаар дэлхий ертөнц сонирхож эхэлжээ. Ерөөсөө энэ үе бол дэлхий ертөнц хөдөлгөөн доргионд орсон, манай гаригийн улс төрийн газрын зургийг удаа дараалан шинэчлэх том дайнуудын цучил уугьж эхэлсэн сонин цаг байж.

Монголд Загалмайн шашны номлогч, хожим Богд хаанаас гүн хэргэм хүртсэн Ларсон нар ирж, Хаслунд нарын зэрэг Данийн фермэрүүд орчин цагийн мал аж ахуй эрхлэхээр Хөвсгөлд суурьшиж, олон орны худалдааны пүүсүүд Монголд ажиллаж, Гадаадын хөрөнгө оруулалттай “Монголор” компани алт угааж, алдарт Рой Эндрюсийн экспедиц говь нутгаас олсон үлэг гүрвэлийн өндгөөр дэлхийг дэлдийлгэж байлаа. Нийслэл хүрээнд Баатар цагаан хааны, Хятадын Бүгд найрамдах улсынхаас гадна олон орны жишээлэхэд Америк төдийгүй Дани, Швед зэрэг Скандиновын орны төрийн далбааг харж болох байв.

“Отчеты агентов Министерство торговли и промышленности за границей за 1914г.Петроград” гэдэгт дурдсанаар бол 1912 онд Монголоос Тяньзиний чиглэлээр тэмээний ноос 103019 пүү, ямааны ноолуур 78300 пүү, хонины ноос 979512 пүү, 1913 онд тэмээний ноос 122123 пүү, ноолуур 43231 пүү, хонины ноос 1 036629 пүү тус тус гаргаснаас тэмээний ноосны ихэнхийг Англид, хонины ноос бүгдийг АНУ-д усан замаар аваачжээ (БНМАУ-ын түүх. Дэд боть.1968. тал 566)

Харин оросууд зөвхөн ноос ноолуур бус ноос бүхий малыг өөрийг нь авдаг байж. Тухайлбал,1913 онд 98.000, 1914 онд 67.700, 1915 онд гэхэд л 80.000 толгой бод мал(мөн тэнд)Хаант орос руу гаргаж байсан байх юм.

Монгол хэлнээ нэвтэрсэн “машины манивииль” “ зуун миль хурдтай давхих” гэхчлэнгийн “орос бус” хэллэгүүд нь техник технологи хээр талд огт өөр зүгээс анхлан ирснийг гэрчлэн үлджээ.

Монголчуудын тал нь мал маллаж, үлдсэн хэсэг нь бурханд мөргөх ажилтай тул улс үндэстнээ хэрэгцээт бараагаар хангах эх орон нэгтэн хараахан төрөөгүй байв.. Монгол хүнд ийм ажил хийхийг хориглосон юм огт байхгүй, гагцхүү өөрснөө бизнэс төдий л сонирхдоггүй байв. Тэр ч бүү хэл арилжаа наймааг дорд ажил хэмээн хялайж “худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болно”, “Сүнсгүй наймаачаас сүнстэй хулгайч” дээр гэж цэцэрхэхээ үл мартана. Цэцэрхээд зогсохгүй мал хулгайлдаг “сүнстэй хулгайч” нараа шилийн сайн эр хэмээн өхөөрдөнө. Иймээс гадны худалдаачид л монголчуудын гуравхан импорт болох цай, тамхи, даалимбыг залгуулна. Бас монголчууд өөрснөө эсгий татаад татаад барахгүй, дээс томоод томоод дуусахгүй, дээл оёод оёод хороохгүй ноос,үс, арьсыг нь худалдан авч дундална. Харанхуй бүдүүлэг хээр талд ёс суртахуунгүй арилжаа, мөлжлөг байсан л байж таараа. Гэхдээ аль аль талдаа л ашигтай бизнэс цэцэглэж байв.

Мал маллахаас бусад ажлыг дор үзэж хялайн харна. Бүтээн байгуулалт, хот байгуулалт, суурьшлын үндэс болсон барилгын ажлыг “шавар нухах” хэмээн хочлох ба хятад мэтийн “дорд” үндэстний амь зуух арга хэмээн басамжилна. Иймээсээ болоод Хятадын худалдааны нууцад нэвтрэх, арилжаа наймааны ухааныг олоод шударга ёс шаардах хэмжээнд очоогүй гэж болохоор.

Харин 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо Манж-Хятадын бус буюу өрнөдийн жишгээр, Орос-Европын хөгжлийн загвараар замнах санаа бодол үүссэн нь нүүдэлчдийн хандлагыг өөрчилсөн бололтой. 1911 онд тусгаар тогтносныхоо дараахан Монголын нөлөө бүхий баячууд хувь нийлүүлэн хоршоолж, түүхий эдээ өөрснөө гадагш гаргах, жин тээврийн бизнесийг хяналтандаа оруулах оролдлого хийж эхэлсэн байдаг.

Ийнхүү хэлбэл Монгол орон дэлхийтэй холбогдож, шинэчлэгдэн буй ертөнцийн нэг хэсэг болж эхэлж байв. Одоогийн ойлголтоор бол хэрдээ л глобальчлагдаж, тухайн үеийнхээ тусгаар тогтносон, гадаад харилцаатай улсын ердийн хэв маягийг хоног хоногоор олж байсан хэрэг.

Гэтэл 1920-иод оны дунд үеэс Монголын засаг төрд бүрэн хяналтаа тогтоосон Зөвлөлтүүдийн зүгээс Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай дайн зарлалаа. Ингэж Монгол дахь гадны хөрөнгө оруулалтын эсрэг анхдугаар дайн эхэлсэн түүхтэй. Зөвлөлтүүд энэ ажлаа тухайн үеийн монголчуудад “зохиож өгсөн” түүхэндээ хэрхэн тусгасныг харъя.

Хувьсгалт түүхнээ “…Ингэж баруун Европ-Америкийн капитал ард олныг дангаараа дарлаж байсны дээр ба Хятадын шунахай этгээдүүдтэй сүлбэлдэн Монгол орныг цөлбөн дээрэмдэж билээ” хэмээжээ. Яасан танил лоозон бэ? Өнөөгийн Оюу толгой, Таван толгой, Бороо гоулдын эсрэг тавьж буй уриа лоозонг юутай ихээр санагдуулна вэ?

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг төрийн ба иргэний хөдөлгөөн хавсран өрнөв. Эхлээд тэднийг үндэснийхээ туг далбааг намируулахыг хориглож, улмаар данс гүйлгээг хааж, эцэст нь эздийг нь хөөв.1928 он гэхэд Монголоос хамгийн сүүлчийн барууны хөрөнгө оруулагч гарлаа. Одоо Монголд өнөө “Аллахаас өөр бурхан үгүй” гэдэг шиг зөвхөн Зөвлөлийн эдийн засаг дангаараа ноёрхох болов. Харин маргаашаас нь монголчуудын хувийн өмчийг “феодлын хөрөнгө хураах” нэрээр дээрэмдэн булааж эхлэв. Хэрвээ Ларсоны хөрөнгийг хураасан бол Орос Швед, Орос-Америкийн хооронд асуудал үүсч далиманд нь монгочуудын хөрөнгийг булаах ажил гацах байв.Хэрвээ Данийн фермерийн малын нийгэмчилсэн бол Зөвлөлт ба Скандиновын хооронд яриа гарч улмаар монгол малчны малыг хүчээр булаахад түвэгтэй болох байв. Ядаж л барууны иргэншсэн орнуудын нөлөөгөөр хувийн өмчийн халдашгүй байдлын тухай яриа хөөрөө дэгдэж, өмчөө хамгаалсан иргэний эсэргүүцэл дэгдэх байв.

Гэвч ийм саадыг “Гадаадын мөлжигчдийн хөөх” компаниар, монголчуудын өөрснийх нь хүчээр нэгэнт хийсэн байв. Монголын эдийн засаг, хүн амын эсрэг чиглэсэн улаан террор ингэж эхэлсэн түүхтэй.Үр дүнд нь монголчууд хувийн бүх өмчөө хураалгаж, аминдаа байх жаахан өмчиндөө хатуу хязгаар тавиулж, насанд хүрсэн таван эр хүн тутмынхаа нэгийг буудуулсан болой.

ХОЁР. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭСРЭГ II ДАЙН

ХХ зуун дуусахад арваад жил дутуу байхад социалист систем өөрөө нурлаа. Монголчууд нь энэ завшаанд эдийн засаг ба улс төрийн тусгаар байдлаа эргүүлэн авав. Ардчиллын хамгийн том ололт нь нэгдүгээрт, Монголын төр хэрхэхээ гадны улсаас асуухгүй болсон, хоёрдугаарт, Монголын эдийн засгийг нэг улс дангаараа хянахгүй болсон явдал юм гэж хувьдаа үздэг.

Ардчиллын хорин жилд глобальчлагдан буй дэлхий ертөнцийн нэг хэсэг, орчин цагийг тусгаар орны жишиг рүү мэрийн дөхөж буй манай оронд гадаадын хөрөнгө оруулагчид чамгүй ирж байна. Дээр нь Монгол орноос ашигт малтмалын арвин нөөц илэрч байгааг ч хэлэх үү?

Өөрөө хийж үзээгүй ажилд чаддаг нэгнийг урьдаг ёс эртнийх, үгүйдээ л хонь гаргах хүнгүй айл саахалтын хар хүнийг гуйгаад шанд нь өвчүү чанаж өгөх юм уу? Эсвэл хөл мах бариулаад явуулдаг ёс шиг эртнийх. Монголчууд эрчим хүч гаргах уламжлал тал дээр бол аргал түүх, модоо гамгүй хөрөөдөх гэсхийгээд зогсох тул ХХ зууны уул уурхай нь Зөвлөлтийн хөрөнгө оруулалт дээр боссон түүхтэй.

Харин шинэ үеийн уул уурхай дээр орчин үеийн жишиг компаниудтай хамтран ажиллаж, “өвчүү, хөл мах” зэргийг өгөхөөс зайлбаргүй.

Гэтэл сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сорон мөлжиж байгаа тухай зуугаад жилийн тэртээх тэр номлол сэргэн цуурайтаж байна. Яван явсаар бүр ном сударт яг ингэж эдийн засгийг нь “поо-доод, поо-доод, бүлээд бүлээд хаядаг” тухай заасныг үзсэн гэлцэх болов. Нэг ном уншсан чинь тэгээд бичсэн байна гэнэ. Ном ч мөн олон янз даа. Эд нар хэрвээ Коран судрыг олоод үзчихвэл “Аллахаас өөр бурхан байхгүй гэж номонд бичсэн байна” гэж ирээд Гандан хийдийг маань нурааж, Мэгзэджанрайсиг шүтээнийг хэмхлэх нь ээ, янз нь.

Нээлттэй цонхоор агаар ордог сайн талтай ч, ялаа ордог муу тал бий гэдэг. Гэхдээ ялаа оруулахгүй гээд бүтэж үхэлтэй биш тул цонхоо нээчихээд цохиур бариад зогсдог нь ёс. Монгол орны нээлттэй үүдээр хэн ороод ирж болно. Соргог байх нь ёс, үүний ч төлөө төр ажиллаж байгаа.

Харин Монголд өрнөж буй гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг II дайны гол объект нь Барууны, нарийн яривал Америк Канадын хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэлтэй байгаа нь түүх давтагдах цондон биш байгаа? “Гадаадын капиталыг үзэн ядах” процесс манай хоёр хүчирхэг хөршийг алгасаад байгаа нь үүнийг нотлоод байгаа мэт санагддаг. Алгассан нь буруу гэж байгаа юм биш, зүгээр алгасаад байгаа нь сэжиг төрүүлдэг тухай л ярьж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай нэг хууль дүрмээр бүртгэгдэн төрөөр хүлээн зөвшөөрүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Хятадын компаниуд эзэлдэг. Харин та Хятадын хөрөнгө оруулалттай хэдэн компанийн нэр цээжээрээ хэлж чадах вэ?

Хятадууд орж ирж байна, ууслаа барилаа гэж л ерөнхийд нь сүржигнээд байхаас биш, 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай, эсвэл хамтарсан компанийн эсрэг ямар нэгэн хөдөлгөөн байдгийг та мэдэх үү? Монголын стратегийн төмрийн орд, цайрын, бас нефтийг ашигладаг Хятадын компанийн нэрийг ядаж мэдэх үү?

“Алтан дорнод Монгол” хэмээх Оросын компани Монголын Заамар уулыг замаар нь оруулчихаад дээр нь төрөөс нь 500 сая доллар нэхэхэд дургүйцэх хөдөлгөөн бүү хэл, хөдлөх янзтай хэн нэгнийг олж үзсэн үү?

Манай эх орны эдийн засгийг Хятадаас харамлахгүй, Оросоос харамлахгүй байж юуны учир барууны хөрөнгө оруулагчдаас “хамгаалаад” байгаагийн учрыг эргэцүүлдэг үү?

Монголд байгаа гадаадын хөрөнгө оруулагчдыг “мөлжигч” гэж үзээд хөөдөг, хөөж явуулчихаад нэг нь дангаараа эх орныг маань эзэмшдэг түүхийг та мэдэх үү?

С.Зоригийг хөнөөсөн алуурчны эрлийг орлон амилж буй “эдийн засгийн алуурчин”, “Гадаадынхны мөлжлөг” зэрэг сэдвийг эргэцүүлэн бодох бүрийд ийм асуулт өөрийн эрхгүй өндийж ирээд байх юм.

2010.04.21

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Гуравдагч хөршийн эсрэг дайн” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Б.Цэнддоогийн “Гуравдагч
хөршийн эсрэг
дайн” нийтлэлийг уншина уу.

УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны
дарга Д.Дамба-Очир: Юу, яасан
54 тэрбум төгрөг хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Эрчим хүчний сургуулийн
захирал доктор,
профессор Ч.Мангалжалав: Инженерийн сэтгэхүй
улс орныг хөгжилд хөтөлдөг хэмээн “Багш” нүүрт өгүүлжээ.

“Уран бүтээлч” нүүрт Соёлын тэргүүний
ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Энэ нийгмийн эцсийн цэг бол
уучлал, өршөөл, нигүүлсэл хэмээн ярьсан байна.

Уншигчидтайгаа Далай ламын эмч Барри
Керзинийг уулзуулж байна.
Анагаах ухааны докторын
зэрэгтэй энэ эрхэм
гэлэнгийн санваартай
бурханы шашны хувраг.
Бясалгалын үед тархи
хэрхэн ажилладаг тухай
судалгааг дэлхийн нэртэй
эрдэмтэдтэй хамтарч
хийсэн, өнгөрсөн зууны
наяад оноос XIV Далай
ламтай хамтран “Оюун
санаа ба амьдрал” лекцийг
тавьсаар ирсэн Барри
Керзин энэ өдрүүдэд
монголчуудад лекцээ
түгээж байна. Далай ламын эмч Барри Керзин:
Далай багшийн “Миний
шашин бол сайхан сэтгэл”
гэсэн айлдвар нь
онцгой санагддаг хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

Цагдаагийн ерөнхий
газрын хэвлэл мэдээллийн
төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: Гэмт этгээд болох Б.Энхбаяр, Т.Лундаа
нарыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт ярьсан байна.

“Баримт үйл явдал” нүүрт “Туушин” зочид
буудлын ажилтан Н.Баясгалан: “Туушин”-гийн үүдийг
машинаар түрж нураасан нь гаднаас ирсэн
хүмүүст халдлага шиг харагдсан хэмээн ярьжээ.

Саудын Арабын Ерөнхий консулын
газраас аллагын ул мөр илэрчээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ