Categories
мэдээ нийгэм

Зөөврийн рентген төхөөрөмжийн талаар сургалт хийв

Дох, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд Глобаль сангийн санхүүжилтээр 10 ширхэг зөөврийн дижитал рентген төхөөрөмжийг ХӨСҮТ болон Увс, Дархан-Уул, Баянхонгор, Завхан, Хэнтий, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Дорноговь аймагт хүлээлгэн өгчээ. Төхөөрөмжийн ашиглалттай холбоотойгоор ХӨСҮТ болон дээрх аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын сүрьеэ, рентгений эмч, техникч, тоног төхөөрөмжийн инженерүүдэд сургалт явуулсан байна. Сургалтаар рентген тоног төхөөрөмжийн ашиглах болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагч мэдээлэл өгчээ.

Categories
мэдээ нийгэм

​Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нээлттэй утaс 1800-1286

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 нээлттэй утсаар есдүгээр сарын 24-нөөс 10-12-ны хооронд нийт 135 иргэний гомдол саналыг хүлээн авч, зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Үүнээс 86 дуудлаганд зөвлөгөө мэдээлэл өгч, 33 гомдлыг харъяа дүүрэг болон НМХГ-ын Шуурхай албанд шилжүүлсэн байна.

Мөн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар 16 дуудлага ирсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртэв

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус сургуулийн хүндэт профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, гавьяат уурхайчин Ж.Баатархүү нарт олгов.

Эрдмийн зөвлөлийг төлөөлж анхны ерөнхийлөгч П.Очирбат үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын уул уурхай, Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, “Монголросцветмет” нэгдэл болон “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан, монгол инженерийн ур чадварыг нэр төртэй харуулж байгааг нь үнэлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүндэт профессор цол олгож байна. Тэрээр хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер төдийгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм” хэмээн онцлов. Мөн ШУТИС-ийн профессор цол хүртсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий баяжуулагч, Төрийн соёрхолт, гавьяат уурхайчин,техникийн шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг тодотгов.

ШУТИС нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог. Энэхүү эрхэм цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн хүртээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнодын Цагаан овоо суманд гамшгаас хамгаалах сургууль хийв

ОБЕГ,АХБ-тай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж буй Дорнод аймгийн Цагаан-овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 15-16-ны өдөр амжилттай зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээлэв. Тус суманд болсон сургуулийн үеэр “Сайн дурын аврагч бэлтгэх” сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар болон сумын иргэд гал түймэр унтраах болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тактикийн сургууль хийж, гамшгаас хамгаалах мэдлэгээ бататгав. Төсөл Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргээс халагдсан залуусыг ажлын байранд зуулчиллаа

Сонгинохайрхан дүүргийн 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуулчиллаа.

Тодруулбал, цэргийн албанаас халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон “Шилэн хийц” ХХК, “Эко констракшин” ХХК, “Магнай трейд” ХХК, “Буян” ХХК, “Жигүүр гранд” ХХК зэрэг 75 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 60 төрлийн 1200 гаруй сул чөлөөтэй ажлын байр байгаа талаар мэдээлэл өгч, 130 гаруй иргэнийг сул чөлөөтэй ажлын байрандаа бүртгэн ярилцлага хийж, ажлын байранд урьжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилчин шалгагчид шинэ орон сууцтай болов

Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит, дэд хурандаа В.Намхайнямбуу захирагчтай Хилийн 0101 дүгээр ангийн хамт олон “Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрийн хүрээнд аймгийн удирдлагуудын дэмжлэгээр албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж,14 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

“Хилчин хотхон”-ны анхны эзэд нь хилчин шалгагчид бөгөөд тэд ар гэртээ санаа зовохгүй ажил албаа гүйцэтгэж, ая тухтай тохилог орчин нөхцөлд амьдрах боломжтой болов. Орон сууцны барилгыг 0101 дүгээр ангийн ажилтан, албан хаагчид, цэргүүд хоёр сарын хугацаанд барьжээ.Орон сууцыг барихад аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил болон “Халиун Уул”, “Сэлэнгэ Титан”, “Сэлэнгэ АЗЗА” зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ангийн нийт бие бүрэлдэхүүн талархал илэрхийлэв.

Шинэ орон сууцны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Хилийн 0101 дүгээр ангийн захирагч В.Намхайнямбуу, ХХЕГ-ын ХШҮДАГ-ын дарга хурандаа Д.Чойбаатар нарын албаны хүмүүс оролцов.

Categories
мэдээ спорт

Цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95.9 нь хүргэгджээ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байршлууд

  • БГД – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
  • БЗД – Ерөнхий боловсролын 14-р сургууль
  • СБД – Ерөнхий боловсролын 31-р сургууль
  • СХД – “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р сургууль/
  • ХУД – Ерөнхий боловсролын 34-р сургууль
  • ЧД – Ерөнхий боловсролын 5-р сургууль
  • НД – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
  • БХД – “Хангай” цогцолбор сургууль

Хугацаат цэргийн албанд татагдагчид

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Их дээд сургуульд суралцагч оюутнууд
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт
  • Оюутны үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг цэрэг татлагын байранд авч ирэх үүрэгтэй.

2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4801 иргэн буюу 9.5 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. үүнээс 3781 иргэнийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авчээ.

Мэс засал, гэмтлийн шалтгаанаар 29.9 хувь, чих, хамар хоолой 13.2 хувь, дотор 13 хувийг эзэлсэн шалтгаанаар залуус цэргийн албанд тэнцээгүй байна. Мөн нүд, мэдрэл, харшил болон жингийн асуудлаар тэнцээгүй залуус цөөнгүй байна. Залуус биедээ олон шивээстэй, цоолж ээмэг зүүсэн нь сэтгэцийн эмгэг гэсэн шалтгаанаар хасагдах нэг шалтгаан болж байгаа юм. Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил 86 хувьтай байгаа аж.

Цэрэг татлагыг зохион байгуулах, бэлтгэл ажил хангах ажил дүүргүүдэд бүрэн хангагдсан байна. Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, цэргийн жинхэнэ албанд татах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах бэлтгэл ажил хангагджээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Орон нутагт нийтдээ 158 тэрбум төгрөгийн зардлыг шилжүүлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

Ирэх онд орон нутагт ямар бүтээн байгуулалт өрнүүлэх, татвартай холбоотой асуудлын талаар гишүүд асууж байлаа. Мөн тэтгэвэртэй холбоотойгоор иргэдэд мэдээлэл бага, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг иргэд тэр бүр авч чадахгүй байна гэдгийг шүүмжилж байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хөрөнгөтэй холбоотой асуудлаар өмнө нь байнга маргаан гарч байсан. Орон нутагт нийтдээ 158 тэрбум төгрөгийн зардлыг шилжүүлж байна. Өмнө нь сайдын багцад сууж байсан төсвийг орон нутагт нь шилжүүлж байгаа. Харин шинээр баригдсан объектуудын тоног, төхөөрөмжтэй холбоотой зардлыг орон нутгийн зардлаас гаргахаар байгаа. Тендэрийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар өргөн барьсан. Сургууль, цэцэрлэгийг барихдаа жишиг зургаар явуулна. Зураг төсвийн мөнгө хөрөнгө оруулалтын зардалдаа суугаад явж байгаа. Увс аймагт 52.8 тэрбум төгрөг тавьчихлаа гээд байна. Хэнтий аймагт 38 тэрбум төгрөгийн цахилгаан станц баригдана. Нийтдээ 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өөрт таалагдаагүй тоогоо харчихаад яриад байх шаардлагагүй.

Татварын хуулийг Засгийн газар улс орон даяар хэлэлцүүлэг хийгээд, зургаан сарын өмнө өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөл энэ ондоо багтаад УИХ-аар батлагдах байх гэж итгэж байгаа. Яагаад гэвэл татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зориулалттай хуулийн төсөл байгаа гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Хөнгөлөлттэй эмийн асуудлыг иргэдэд ээлтэй хүртээх зорилгоор хичээж байгаа. 2019 онд хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд өгсөн. Энэ онд улсын өмчийн 34 эмнэлэгт хөнгөлөлттэй эмийг бөөнд нь нэгдсэн худалдан авалт хийх туршилт хийсэн. Ингэснээр эмийн үнэ буурч, эдийн засгийн үр ашиг нь дээшилж байна. Эмнэлгийн эмийн сангаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж, эмийн дээд үнийн хязгаарыг тогтоодог олон улсын жишгийг дагах хэрэгтэй. Иргэд хүссэн эм тангаа авч чадахгүй байх эрсдэл байгаа учир дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг орон нутагт шийдвэрлэх асуудал үүсээд байгаад ойлгож хүлээж авах хэрэгтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг хөдөө орон нутагт шийдвэрлэх мэргэжлийн баг хэр байгаа бол гэдгийг бодолцох хэрэгтэй. Тиймээс сургалт явуулах шаардлага үүсэх байх гэсэн юм. ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Иргэдэд тэтгэврийн насаа өөрсдөө тогтоох сонголтыг үлдээсэн. Орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдыг чадавхижуулах арга хэмжээг авч байгаа. Малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулсан хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн. Тиймээс сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Айлчлалтай холбогдуулан, зарим замыг хэсэгчлэн хаана

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр аравдугаар сарын 18-нд манай улсад айлчилж байна.Түүний айлчлалтай холбогдуулан Яармагын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замуудыг тухай бүрт нь тур хугацаагаар хэсэгчилэн хааж, хөдөлгөөнд зохион байгуулалт хийх аж.Айлчлалын үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс хамгаалалт хийх бөгөөд Баянзүрх дүүргийн цэргийн штабынхан айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Армийн генерал С.Шойгугийн айлчлал энэ өдрийн 17.00 цагт дуусах юм.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,

-Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;

-Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2018.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 4 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

-Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 15 гишүүн 2013.09.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Бусад;

-Ерөнхий сайдын мэдээлэл: Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцийн талаар.