Categories
мэдээ нийгэм

В.Байгал: Хэн дуртай ашиг хайсан хүн вакцин оруулж ирээд зардаг юм биш

“Дархлаажуулалтын 10 хоног” эхэллээ. Дархлаажуулалтын хүрээнд өмнө нь вакцин хийлгээгүй хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдэд нөхөн хийх, эцэг, эх асран хамгаалагчид бодит мэдээлэл өгөх, эрүүл мэндийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ уг аяныг зохиож байна. 2018 оны дархлаажуулалт “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор болно. Энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар үргэлжлэх юм. Өнөөдөр Монголын уран зургийн галерейд уулзалт зөвөлгөөн, “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн хамт нээлтээ хийлээ. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, аймаг орон нутаг, дүүрэг хороодын дархлаажуулалтын сувилагч, эмч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгалтай ярилцлаа.

-Вакциныг яагаад хийлгэх ёстой вэ?

-Дэлхий дахинд халдварт өвчнөөс хамгийн найдвартай сэргийлэх арга бол дархлаажуулалт. Тиймээс дархлаажуулалтыг дэлхий дахинаа жилд хоёр удаа зохион байгуулдаг. Манай улсын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа дархлаажуулалтын тов 1993 онд батлагдсан. Хамгийн анх 1923 онд вакциныг хийж эхэлсэн. 1939 онд цагаан цэцэг өвчнийг устгаснаар дэлхийд хамгийн анх энэ өвчнийг устгасан улс болсон. Бидний дараа АНУ зэрэг том улсууд тус өвчнийг устгасан түүхтэй. 2000 онд халдварт саа буюу насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох магадлалтай аюулт өвчнийг устгасан. Дэлхийд энэ өвчин дөрвөн оронд гарч байна гэсэн мэдээ байгаа. Гүйцэт устах хүртэл халдварт саагийн урдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдсээр байх болно. Сүүлийн арваад жил сахуу, татран, хөхүүл ханиад зэрэг өвчний гаралт эрс буурсан. Нярайн татран сүүлийн 10 гаруй жил бүртгэгдээгүй. Ер нь вакцин хийснээр эдгээр өвчнүүд сүүлийн 10 жилд гарсангүй гэж ойлгож болно. Улаан бурхан өвчнөөр 2015 онд нэлээн том дэгдэлт болсон. Яагаад дэгдсэн бэ гэвэл 1990-ээд оны шилжилтийн үед вакцины хамралт буурсан. Энэ үеэр вакцинд хамрагдаагүй хүмүүсийн бөөгнөрөлөөс дэгдэлт үүссэн. Сүрьеэгийн вакцин нь халдвар авахаас урдчилан сэргийлдэггүй. Хүндрэлээс нь урдчилан сэргийлдэг. Хүүхдүүдийн дундах сүрьеэгийн хүндрэл маш сайн буурсан байгаа. Хепатит В-ийн вакциныг 1991 оноос хийж эхэлсэн. Дэлхий дахинд анхны хавдрын эсрэг вакцин гэж нэрлэгдсэн. Анх хийлгэж байсан хүүхдүүд одоо 27 нас хүрсэн байна. Үүнээс өмнө төрсөн хепатит В-ийн дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс эмчид үзүүлээд, сайн дураар гурван тунгаар вакцин хийлгэж, урдчилан сэргийлэх боломжтой. Энэ нь хавдрын эсрэг вакцин учир үр дүн нь 10, 20 жилийн дараа гарч болно. Хепатит А-ийн вакциныг 2012 оноос хийж эхэлсэн. Өмнө хепатит А-ийн гаралт ямар их байлаа. Одоо 10000 хүн тутамд хоёр л халдвар илэрч байна гэсэн судалгаа гарсан.

-Вакцин хийлгээгүйн хор хөнөөл нь юу вэ?

-Вакцинаар хамгаална гэдэг нь өөрийгөө төдийгүй эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг давхар хамгаалдаг. Вакцинаа хийлгээгүй тохиолдолд вакцин хийлгээгүй халдварт өвчинд өртөнө. Гэтэл таны эргэн тойронд вакцин хийлгээгүй хүн байвал давхар халдвар тээж өвдөнө, тараана. Вакцин хийлгээгүйгээр өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч гэсэн хохироож байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Халдварт өвчнийг вакцины тусламжтай дарсан гэж ойлгож болох уу?

-Тарилгатай халдварт өвчин буюу вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин буурахын хэрээр нийт халдварт өвчин массаараа бас буурдаг.

-Сүүлийн үед вакцин хийлгээд миний хүүхэд өвдчихлөө, буруу вакцин хийлээ, хугацаа нь дууссан байсан гэдэг ч юмуу вакциныг эсэргүүцэх үг яриа гарч байна. Энэ юунаас болоод байна?

-Миний бодлоор нэр нөлөө бүхий хүн вакцины талаар сөрөг нэг мэдээ цацахад тэрийг уншиж судлалгүй, өөрийн болголгүй шууд итгээд, түүн дээр дөрөөлсөн дараа дараагийн нэмэлт хачир оруулан, тарааж явдаг хэсэг хүмүүс байдаг. Үүнийг би буруу үзэл гэж нэрлэнэ. Яагаад гэвэл энэ олон жилийн хугацаанд элдэв өвчнийг устгаад ирсэн урдчилан сэргийлэлтийг үгүйсгэх нь ямар үр дүнд хүрэхийг бодох хэрэгтэй. Хэрэв үүнээс нь болоод дахиад тэр өвчлөл гараад эхэлбэл тэр хүн хариуцлага хүлээх үү, яах билээ гэдгээ дүгнэдэг байгаасай л гэж хүсч байна.

-Вакцингүй өвчин бий юу?

-Маш олон өвчин бий. Одоо бол бид зөвхөн 11 төрлийн халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх вакциныг хэрэглэж байна.

-Монголдоо вакциныг үйлдвэрлэх боломж нь хэр байдаг бол?

-Түүхэн замналаас харвал манай орон вакцинаа өөрсдөө үйлдвэрлэж байсан цаг бий. Цагаан цэцэг өвчний вакциныг өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглэснээр уг өвчний гаралт байхгүй болсон. Хепатит В вакциныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд үйлдвэрлэдэг байсан. Одоо үед вакцины бараа материалыг худалдаж авч, гаднаас оруулаад үйлдвэрлэх, тээвэрлэж оруулж ирээд шууд хэрэглэх хоёрын хоорондох эдийн засгийн ялгаа асар их болсон. Гадаад улсуудад вакцин массаар нь үйлдвэрлээд, тарааж байгаа учир харьцангуй хямд. Бид бүх бүтээгдэхүүнээ аваад Монголдоо үйлдвэрлэхээр өндөр зардал гарна. Тиймээс бидний барьдаг зарчим бол ДЭМБ-аас баталсан шаардлагыг хангасан, чанартай, хямд вакциныг ДЭМБ-ын хүүхдийн сангийн тусламжтай, тээвэрлэлтийн нарийн горимын дагуу оруулж ирдэг. Түүнээс хэн дуртай ашиг хайсан нэг хүн вакцин оруулж ирээд зардаг асуудал биш.

-Вакцинжуулалтын 10 хоногт сайн дураар хамрагдах хүсэлтэй хүн бүр вакцин хийлгэж болох уу, төлбөр бий юу?

-Хамгийн гол нь олон хүнийг хамруулж, урдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа учир хүссэн хүн болгон хамрагдаж болно. Дээр дурдсан 11 нэр төрлийн вакциныг хүн бүр хийлгэх боломжтой.

-Хаана хийлгэх вэ, цагийн хязгаар бий юу?

-Харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр ажлын цагийн хуваарийн дагуу хийнэ.


Categories
мэдээ нийгэм

“Хурд 40/50 км/цаг-Аюулгүй тээвэр” аяныг зохион байгууллаа

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас аж ахуй нэгж байгууллагуудын дотоодын хяналтыг сайжруулах, нүүрс тээврийн замд гарч буй авто осол, зөрчлийг бууруулах зорилгоор “Баян зам” тээвэрчдийн холбоотой хамтран “Хурд 40/50 км/цаг-Аюулгүй тээвэр” аяныг зохион байгуулжээ.

Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаахудагийн уурхайгаас Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлийн нүүрс экспортын тоо хэмжээ өсөхийн хэрээр тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллага нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, жолоочийн ажил амралтын горимыг чанд мөрдүүлэх, байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах шаардлага нэмэгдсээр байна.

Иймд жолооч нарын анхаарал, сэрэмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах үзлэг шалгалтыг байнга хийх, мэдээлэх тогтолцоог бий болгох зорилгоор тээвэрчдийн гэргий нар нэгдэн, анхааруулга санамжийг ийнхүү өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Тэтгэлгийн журамтай эндээс танилцана уу.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа.

С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.

Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаархи хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.

Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг гэлээ.

Цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв.

Ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав.

Айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдав.

Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ш.Мөнгөнбаатар: Улсын цол авч чадалгүй үлдэх вий гэсэн айдас надад хэзээ ч төрж байгаагүй

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Шарын Мөнгөнбаатартай ярилцлаа.


-Монгол бөхөд сэтгэлтэй олон ч хүний хүлээлтийг тайлж улсын харцага цол хүртсэн танд баяр хүргэе. М.Өсөхбаяр зааныг давчихаад эргэхэд цэнгэлдэх даяар шуугиад ирж байсан?

-Улсын цолны төлөө олон жил зүтгэлээ. Анх 2003 онд “Аварга” сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Сүхбаатар аймгийн наадамд түрүүлснээс хойш улсын наадамдаа тасралтгүй 14 жил барилдсан байна. Багагүй хугацаанд аймгийн цолтой зодоглосон болохоор ч тэр үү, бөхөд сэтгэлтэй хэн бүхэн “Энэ маань улсын цол авчихаасай” гэсэн бодолтой явдаг байсан л даа. Тэр итгэлийг нь биелүүлж Монгол Улсын харцага гэх эрхэм цолд хүрсэндээ баярлаж явна даа.

-14 жил гэдэг их хугацаа шүү. Олон ч наадмаас нулимстай, сэтгэл дундуур харьсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэлээ ном журмын дагуу хийгээд зүтгээд л байдаг, наадмаар оноолтын даваанд тахим өгнө. Хоёрын даваанд гэхэд л адилхан улсын цолны төлөө зүтгэж байгаа аймгийн арслантай нугарна. Дөрвийн даваанд дээгүүр барилдах тааварт байгаа харцага, заануудтай таарна. Зорилгодоо хүрэлгүй элэг бүсээ тайлаад эргэхэд дотор харанхуйлаад эвгүй байдаг шүү.

-Өнөө жил хоёрын даваанд Н.Баярбаатартай оноолт таарсан. Барилдаан удаашраад шоо шидээд бас л эгзэгтэй барилдаан болсон шүү?

-Хоёрын давааны оноолт хатуу таарсан шүү. Сэлэнгийн Н.Баярбаатар гэж арал, бяртай дүүтэй хүнд барилдаан хийсэн. Шодоход нөгөөхийн маань талаар буугаад барилдаан яаж ч эргэж мэдэхээр байсан шүү. Биеэ суллаж үлдээд л дээр нь туссан даа.

-Гурвын даваанд тантай нэг үед гарч ирсэн хүчтэн Т.Санчир заан тунаанаас гаргаж байгаа харагдсан?

-Хоёрын даваанд хүнд барилдаан хийчихээд амьсгаагаа гүйцэд дараагүй цэнгэлдэхээс гарч байхад Т.Санчир найз маань дайралдаад “Өнөө жил найз нь чамайг тунаанаас гаргаж өгнө өө” гэж хэлчихээд яваад өгсөн. Эрчүүдийн олон жилийн нөхөрлөлийн үнэ цэнэ юм даа. Бид хоёр аймгийн арслангууд байхдаа л Бөхийн өргөөнд зэрэгцэж суучихаад л хоорондоо алдаа оноогоо зөвлөөд гарч барилддаг байсан. Т.Санчир маань намайг улсын цол хүртчихээсэй гэж их харж байсан юм билээ.

-Оноолтын даваанд өвдөг шороодох тун дургүй байсан О.Хангай харцагатай нугарсан. Энэ даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Наадмын өмнө амтай бүхэн л О.Хангай харцагыг түрүү бөхөөр нэрлэж байсан л даа. Бяртай, суурьтай түрүү бөхийн эрэмбэтэй сайхан бөх. Оноолтын даваанд арай ч О.Хангайтай таарна гэж тооцоогүй ээ. Эрэмбэ өндөр харцагуудтай л үзэх болов уу гэж бэлтгэл сургуулилтаа базаасан. Улсын цолтой бөх цөөхөн барилдсан учраас хурц арслангууд доошоо очиж таарсан. Хий гишгэлгүй зогсож байгаад барьц сонгоход нь шийдсэн мордоогоо даалгаад туг тойрсон доо. Сайн харцагатай таарлаа гээд сандарч тэвдээд байлгүй тайван барилдсан.

-Тавын даваанд өөртэй чинь нэг үед гарч ирсэн улсын заан М.Өсөхбаяр амласан. Цол бодож нервтсэн үү, гайгүй юу?

-Бид яг л нэг үед барилдаж гарч ирсэн залуучууд. Би өмнө улсын цолны даваанд босч байсан болохоор барилдаан бодож нервтэх нь гайгүй байсан л даа. Барилдаандаа төвлөрөөд л сайхан үзсэн.Үеийн маань сайхан бөхчүүд намайг дэмждэг, хэлдэг байсан л даа. С.Мөнхбат аварга гэхэд л “Одоо найз минь цол авахгүй бол болохгүй. Чи л үлдчихлээ шүү” гэж хэлж байсан удаатай. Харцага цолны даваанд Дорноговийн А.Цацабшир амласан. 2016 оны наадмын дөрвийн даваанд би өвдөг шороодож байсан болохоор энэ жил алдаагаа давтахгүй даагаа нэхнэ л гэж зорьж байлаа. Надаас гарах ямар бололцоо нөөц байна, тэрийгээ бүгдийг нь шавхаж барилдах зорилготой гарсан. Санасандаа хүртэл сайхан барилдаж туг тойрсон.

-Тав давчихаар сэтгэл хөөрөөд дараагийн даваанд нь барилдаанаа гаргаж чаддаггүй гэж бөхчүүд ярьдаг юм билээ. Таны хувьд?

-Дотроо бол их баярлалгүй яах вэ.Би сэтгэлийн хөөрөл багатай хүн л дээ. Баярласан ч гар, хөлөө өргөөд гүйгээд байхыг боддоггүй л дээ.

-Баяр наадмын бэлтгэлээ Ч.Санжаадамба аваргатай хамт базаасан гэж дуулсан?

Тийм ээ. Наадмын бэлтгэлээ аварга найзтайгаа Баянхангай гээд амралтын газар базаасан. Пүрэвдагва арслан, Бадарч харцага, Амарзаяа начин, Сугаржаргал начин гээд бараг 30-аад залуучууд хамт гарсан л даа. Архангайн голдуу гар хөл чангатай, энэ нь зөөлөн гэх юмгүй сайхан залуучуудтай бэлтгэлд гарсан нь үр ашгаа өгсөн болов уу. Хамт бэлтгэлээ базаасан бөхчүүд наадмаар сайн барилдсан шүү. Ч.Санжаадамба маань үзүүрлэсэн.

-Улсын харцага болоод нутагтаа очих мөн сайхан биз. Гэр бүлийнхэн тань сайхан хүлээж авсан байх?

-Тэгэлгүй яахав. Би чинь дөрвөн ах, хоёр эгчтэй, айлын бага. Аавыг маань Мижиддодгорын Шар, ээжийг минь Дарийн Дэнсмаа гэдэг. Одоо 80 гарсан сайхан буурлууд бий. Манай гэрийнхэн намайг цол авлаа гээд 2-3 хоног л найрласан гэнэ лээ. Би хотоос 19-нд очсон л доо. Явсаар шөнө очтол манайхан гэрийнхээ гадаа хивс дэвсээд машины гэрэл асаачихсан хоёр талаар нь эгнээд зогсчихсон халуун дотно сайхан хүлээж авсан шүү. Би чинь олон ах, эгч нартаа эрхэлж өссөн болохоор өөрийгөө их азтайд тооцдог. Бүх л зүйлд ах эгч нар маань надтай хамт байж тусалж, дэмждэгт үргэлж баярлаж явдаг. Төрж өссөн газраа очоод дүүрэн сайхан амьсгаа авах ч бас сайхан шүү.

-Өндөр настай аав тань хүүгийнхээ том цолонд хүрэхийг үзээд их баярласан байх?

-Манай аав ч дуу цөөтэй хүн л дээ. Очиход нэг их юм яриагүй. Манай нэг эгчийн хүү өвөө, эмээтэйгээ цуг байдаг юм. Тэгээд “Өвөө таныг начин болоход уйлаад байна лээ” гэж хэлнэ лээ. Хүүгээ том цол авахад их л баярлаа байлгүй дээ. Би ч дотроо “Аав, ээж хоёрын минь нас 80 давчихлаа. Мэндэд нь улсын цолонд хүрчихвэл жаахан ч гэсэн баярлах болов уу” гэж бодоод л явдаг байлаа. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг болохоор жаахан ч гэсэн сэтгэлийг нь тэнийлгэх гэсэндээ тэр л дээ.

-Та 2011 онд сар шинийн барилдаанд түрүүлснээр аймгийн цолтнуудад их урам зориг өгсөн гэж олон хүний амнаас сонсож байсан. Бага наадамд түрүүлж байсан үеэ эргээд дурсвал?

-2010 оны сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба аварга цэргийн арслан цолтойдоо, дараа жил нь би түрүүлж байсан түүхтэй. Бид хоёрыг залгаад л О.Хангай, Ж.Чулуунбат гээд аймгийн цолтнууд улсын цолтнуудаасаа бэргэлгүй сайхан барилдаж эхэлсэн дээ. Одоо хоёулаа цолоо ахиулсан байна. Сар шинийн барилдаанд сайн барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ наадмаар сайн барилддаг үзүүлэлт бий. Харин би тэр жил дөрвийн даваанд Сэлэнгийн улсын харцага Б.Одгэрэлийг аймгийн хурц арслан байхад нь хүч үзээд бараагүй.

-Бөхийн замд ямар зорилготой орж байсан бол?

-Ямар ч байсан улсын цол хүртэнэ гээд л битүүхэн боддог байлаа. Би 1998 онд жаахан хүү үндэсний бөхийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотод ирж барилдаж байлаа. Тэр үеэр Монгол бөхийн өргөөний нээлтийн барилдаан болж таардаг юм. Сонирхоод өргөөгөөр ороход бүдүүн бүдүүн гуалин шиг бөхчүүд ноцолдохыг хараад айхавтар сүрдэж байсан минь санаанаас гардаггүй юм. Нэгэнт зорьж ирсэнийх гээд зодоглотол улсын харцага Н.Алтансүхийг хаячихдаг юм байна. Юугаа ч мэдэхгүй хөдөөний хүүхэд их хөөрч билээ. Харин дараагийн даваанд нь XX зууны манлай монгол бөх хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн аманд очиж өвдөглөж байлаа. Радиогоор л нэрийг нь сонсдог хүн өмнө зогсож байхад сонин л мэдрэмж төрдөг юм билээ. Үүнээс урам авч Б.Адьяахүү багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн дээ. Хааяа нэг өргөөнд гарна. 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн их баяр наадмаар төрсөн 17 начинтай мөн ч олон барилдсан даа. Анх барилдаж эхэлж байхад аймгийн начин хүн л их том сүртэй харагддаг байлаа шүү дээ. Монгол бөхийн цол гэдэг үнэ цэнэтэй байсан л даа.

-Таны зүүн ташаанд олон хүн өртөж өвдөг шороодсоныг мэдэх юм. Хөмрөө мэхнийхээ талаар ярихгүй юу. Багаасаа л хөмөрдөг байв уу?

-Монгол хүний цусанд нь барилдах авьяас мэдрэмж байдаг. Ерөөсөө барилддаггүй хоёр хүнийг барилдуулахад нэг нь мэх хийдэг шүү дээ. Миний унаган мэх л дээ. Жаахан хүү барилддаг байхдаа л хөмөрдөг байсан. Би эгэл жирийн малчин уяачийн гэрт төрж өссөн. Ах нартайгаа ноцолдоно. Дийлэхгүй бол аавтайгаа хүртэл барилдана. Заавал давж байж л санаа амардаг байж билээ. Миний хувьд хөмрөөд өрсөлдөгчийнхөө доор нь орж байсан тохиолдол цөөхөн шүү. Барилдааны явцад өөрийн мэдэлгүй хөмөрчихдөг.

-Таны барилдааны онцлог юу вэ?

-Хүний хийсэн мэхэнд үлдэцтэй, уян хатан барилдаантай гэх юм уу даа. Хариулт мэх сайн хийнэ.

-Аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд олон түрүүлсэн байх, тоолж үзсэн үү?

-Арван гурав түрүүлж байсан. Дээрээс нь бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж байлаа. Хэд хэдэн удаа их шөвөгт шалгарсан даа.

-Өмнөх жилүүдийн унаануудаа эргээд бодоход ямар алдаа гаргасан байх юм?

-Гол төлөв дөрвийн даваанд л уначихаад байсан л даа. Оноолт ч хатуу таарна. Бэлтгэл таараагүйгээс ч тэр үү, ихэвчлэн барилдаанаа гаргаж чадахгүй унана. 2016 онд Дорнодын Анартай тунаж барилдахад бэлтгэл их сайн байсан. Тэгэхэд барилдаандаа гүйцэд төвлөрч чадаагүйгээс унасан л даа. Мөн 2009 онд гурвын даваанд Сэлэнгийн өндөр Баянмөнх начинтай тунаж унасан, дээшээ барилдахаар байсан ч болоогүй. 2015 онд Оюунболд арсланд унадаг жил бэлтгэл ханасан байсан ч түрүү бөхтэй таараад яаж ч чадаагүй. Энэ гурван жилд аятайхан үзчихээр боломжоо алдсан санагддаг. Болохгүй юм чинь болдоггүй л юм билээ.

-14 жилийн хугацаанд барилдаад доогуур даваанд өвдөг шороодоод байхад “Улсын цолгүй үлдчих вий” гэсэн бодол төрж байсан уу?

-Бэртэл гэмтэл авчихалгүй, бэлтгэлээ сайн хийгээд явахад надад улсын цол хүртэх бүрэн боломж бий гэдгээ мэдэж байсан. Тохироо нь хэзээ бүрдэхийг л хүлээж байсан даа. Улсын цолгүй үлдчих юм биш биз гэж шаналж байсан удаа надад байхгүй. Хүн олон жил барилдаад ирэхээр барилдаан бодож нервтэхээ больчихдог юм билээ. Ямартаа ч улсын харцага гэх эрхэм цолонд хүрлээ. Энэ цолны эзэн байна гэдэг том хариуцлага. Иймээс өндөр амжилт үзүүлэхийн төлөө илүү хөлс гаргана даа. Хүмүүс намайг эрт цол авсан болохоор ч тэр юм уу, их хөгширсөн шиг санаад байдаг. Тийм биш л дээ. Надад өндөр даваанд босч барилдах боломжтой олон наадам бий. Намайг дэмждэг, миний төлөө цайныхаа дээжийг өргөдөг монгол түмнийхээ ач тусыг амжилтаараа л хариулна даа.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна

Туул гол дээгүүр шинээр барих Баянзүрхийн 281.2 у/м төмөр бетон гүүрний бүтээн байгуулалтын ажил 63.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрний 52 шон суурь, 9 хуваарилах хавтан суурилуулж 18 тулгуур, захын тулгуурын их бие хийхээс 11-ийг нь хийгээд байгаа ажээ. Баянзүрх дүүргийн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам нь 1963, 1965 онуудад БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригдсан бөгөөд 50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон аж.

Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ хоёр эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөн энэ жил ажлыг эхлүүлсэн. Тиймээс тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уялдуулах үүднээс Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, дугуйн болон явган замтай барихаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Гүүрийг шинээр барьснаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг хангах эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль барихаар газар чөлөөллөө

Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай байна.
Шинээр сургууль цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 40 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.
Тухайлбал,
•БГД-ийн 16 дугаар хороо, Туулын 13, 14 дүгээр гудамжинд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар
•БГД-ийн 2 дугаар хороо, 150 орто хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газар
•БГД-ийн 21 хороо, Горькийн 20 дугаар гудамжинд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
•БГД-ийн 9 хороо Горькийн 4, 5 дугаар гудамжинд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн газар


Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг уриалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “СПОРТ БА ХӨГЖИЛ” Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчидөө

Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчдаа

Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр Нэгдсэн Үндэстэний байгууллага, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс үндэстэний эв нэгдэл, нийгмийн эерэг харилцааг дэмжих хэрэглүүр, улсын орны бүтээн байгуулалт, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж биеийн тамир, спортын салбарын бодлого, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг болоод байна.

Биеийн тамир, спорт нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэхээс гадна өсвөр үе, залуучуудыг эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, эх орноороо бахархдаг бие хүн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой.

Энэ 2018 он Монгол хүн Олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил юм.

Энэ цаг мөчид Аргентиний Буонес Айрис хотноо зохиогдож буй Залуучуудын зуны Олимпийн наадам, Индонезийн Жакарта хотноо зохиогдож буй Азийн Паралимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, медалийн буухиаг үргэлжлүүлж байгаад бахархахгүй байхын аргагүй юм. ­

Энэ дашрамд, Олимп, дэлхий, олон улсын тэмцээнд амжилттай оролцож Монгол улсынхаа нэр алдрыг Дэлхийд дуурсгадаг Тамирчид, Дасгалжуулагчид болон арын албанд үеийн үед хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг биеийн тамир, спортын салбарынхан Та бүгддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярыг хүргэе.

Монголын ард түмэн Та бүгдээрээ бахархаж, Та бүгддээ баярлаж байдаг гэдэгийг цохон тэмдэглэхэд таатай байна.

Та бүгд өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ алдаршуулан дурсаж, өнөөдрийн амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хөгжлийн бодлого, чиглэлээ тодорхойлохоор Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь сайшаалтай.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Үндэсний спортын өв соёлыг дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадам зохион байгуулах тогтолцоог сайжруулах, салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,тамирчид дасгалжуулагчдын нийгмийн хамгааллынтогтолцоог бэхжүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлж, эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.

Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу Биеийн тамир, спортын салбар анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсан.

Энэ жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэдийн спортын наадам”-ыг анх удаа спортын 5 төрлөөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Цаашид Иргэдийн спортын наадмын үр дүнд тулгуурлан хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бодлогоор дэмжиж, иргэдийг олноор хамруулах боломжтой спортын төрлүүдийг нэмэх, насны бүлгээр ангилах зэргээр хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй.

Шинэчлэн батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа.

Иймд холбогдох яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Мөн ирэх оноос Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубд хичээллэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрийг хариуцдаг болох, Гаалийн тариф, гаалийн татварын хуулиар Монгол Улсад үйлдвэрлэдэггүй спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслэлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж ажиллах болно.

Монгол улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн гол үндэс болох юм.

Энд цугласан Та бид бүгд Эх орныхоо нэрийн өмнөөс Дэлхийд өрсөлдөх сайн тамирчдыг бэлтгэх, ард иргэдээ чийрэгжүүлэн эрүүл мэндийг нь хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс.

Та бүгд энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж чадна гэдэг миний бүрэн итгэж байна.

Түүнчлэн хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэдэг болгох зорилгоор төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилтан, албан хаагчдынхаа дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг энэхүү зөвлөгөөний индрээс Та бүгддээ уриалж байна.

Үүгээр “СПОРТ БА ХӨГЖИЛ” Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн нээснийг мэдэгдэе.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье


Categories
мэдээ нийгэм

“TSETSERLEG UB” аппликэйшний удирдлагын вэб системийн сургалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ”-г бий болгоно хэмээн тусгасан билээ.

Нийслэлийн хэмжээний төрийн өмчитсургуулийн өмнөх боловсролын хүүхдийнуламжлалт цаасан суурьтай мэдээллийн урсгалыг цахим хэлбэрт шилжүүлж цахиммэдээллийн санг үүсгэснээр мэдээллийн чанар, хурд,төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирчэцэг эх, асран хамгаалагчдыг цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах, тэдний хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Tsetserleg UB” аппликейшнийг нэмэлт хөгжүүлэлт хийж төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү аппликэйшнаас цэцэрлэгийн дэлгэрэнгүй танилцуулга, өөрийн хүүхдийн дэлгэрэнгүй мэдээлэл харах, чөлөө авах хүсэлт гаргах, төлөв, түүх, цэцэрлэг болон ангийн арга хэмжээний мэдээлэл, багшийн заасан дуу, шүлэг, үлгэр зэргийг уншиж өгөх, тоглуулах, өдрийн хоолны цэс, орц найрлагын мэдээлэл харах, сургалтын хэрэглэгдэхүүн, үзвэр үйлчилгээ, тоглоомын дэлгэрэнгүй мэдээллийг харах, тухайн цэцэрлэгт санал, хүсэлт, талархал илгээх, санал асуулгад оролцох боломжтой.

Тус газрын зүгээс “Tsetserleg UB” аппликэйшний танилцуулга, удирдлагын вэб системийн сургалтыг нийслэлийн Боловролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан алба хаагчид болон дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, 212 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, багш нарт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Олон нийтийн сүлжээг ашиглан эцэг эхчүүд групп үүсгэж харьцдаг албан бус байдлыг арилгаж, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эхийн гурвалсан харилцааг албан ёсны мэдээллийн суваг болох “Tsetserleg UB” аппликэйшнээс авах боломжтой юмгэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаангүй байсан 300 орчим айл эрчим хүчинд холбогдлоо

3-61 дүгээр гарам, Аргүнт, Аршижир орчмын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай цахилгаан хэрэглэж байсан айл өрхүүд найдвартай, тасралтгүй хангагдах эрчим хүчтэй боллоо.

Уг ажлыг хоёр жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар “Да хот” компани хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн ажлын тухайд дээрх хоёр байршилд тус бүр 0.4 Кв-ийн 1.73 км агаарын шугам, 10 кВ-ийн 0.28 км агаарын шугам, 100.4 кВ-ийн 400 кВА дэд станцыг 300 гаруй сая төгрөгийн зардлаар бүтээн байгуулсан байна.

Ийнхүү өмнө нь телевизор, хөргөгч, индүү, угаалгын машин гээд амьдралын наад захын хэрэглээгээ хангах цахилгаангүй байсан айл өрхүүд эрчим хүчтэй болсондоо сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.