Categories
мэдээ спорт

БНСУ-ын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийнэ

Монголын шырым бөхийн “Хангай” холбооны урилгаар БНСУ-ын бөхчүүд, албаны хүмүүс Монголд хүрэлцэн ирээд байгаа ажээ. Тэд өнөөдөр 14:00 цагаас “Аварга” дээд сургуулийн байранд хамтарсан бэлтгэл хийх юм байна. Мөн 18:00 цагаас Өмнөд Солонгосын шырым бөхийн үндэсний холбоо, Монголын шырым бөхийн “Хангай” холбоо хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурах ажээ. Энэхүү гэрээний дагуу Монголын бөхчүүд шырым бөхөөр олон улсын тэмцээн, наадамд оролцож, бэлтгэл сургуулилтад хамрагдах бүрэн боломж нээгдэж буй юм байна. Монгол Улсын заан М.Өсөхбаяр тэргүүнээр нь ажилладаг Монголын шырым бөхийн “Хангай” холбооны үйл ажиллагаа, шинээр байгуулж буй хамтын ажиллагааны талаар болон оролцох тэмцээний тухай 91001628, 99001052 утсуудаар мэдээлэл авч болох ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Баянсэлэнгэ: Надад улсад учруулсан хохирол байхгүй

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн шүүх шийдвэрлэлээ. Тэрбээр тухайн үед Засгийн газрын хэрэгжүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдаалсан юм. Ингэхдээ дундаас нь мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх шалгаж түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож төрийн байгууллагад ажиллах эрхийг нь гурван жилийн хугацаагаар хаслаа. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 19,2 сая төгрөгийн торгууль ногдуулав. Харин улсад учруулсан хохирол болох 972 сая төгрөгийг “Бэрэн” группээс гаргуулж улсын орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэхүү шүүх хурлын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгээс дараахь тодруулгыг авлаа.


-Анхан шатны шүүхийн шийдвэр таны эсрэг гарлаа. Та давж заалдах уу?

-Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Давж заалдах шатны шүүхэд хандсан. Олон нийт энэ хэргийг авлигын хэрэг гэж андуураад байгаа юм. Энэ бол авлигын хэрэг биш, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг ч биш. Цэвэр улс төрийн зорилготой хэрэг гэж бий үзэж байна.

-Яагаад?

-Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл оруулж, танилцуулсан юм. Тэр үед гишүүдийн ирц 80 гаруй хувьтай байсан. Хуралдаанаар “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэж байсан. Энэ үед Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах “Хангай” хотхоны 223 айлын орон сууцыг худалдан авах санал гаргаж, Сангийн яам мөнгийг нь зөвшөөрөөд, Барилгын яам журмыг нь баталж 223 айлыг “Бэрэн” группээс хүлээн авсан буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгөөр Засгийн газар шууд худалдан авалт хийх тогтоол гарсан юм. Яагаад шууд худалдан авалт хийсэн бэ гэхээр Тендерийн тухай хуульд зааснаар тендер зарлах тодорхой арга хэмжээний үед УИХ-аар тендерийн арга хэмжээнүүд ордог. Гэтэл Засгийн газар үйл ажиллагааныхаа явцад тодорхой ажил зохион байгуулахдаа олон ажил хийдгийн нэг нь л шууд худалдан авалт байсан юм. Гэвч тухайн үед Засгийн газар 80 гаруй хувийн ирцтэй байхдаа олонхоороо баталсан төслийг З.Баянсэлэнгэ гэдэг хүнтэй холбогдуулан шүүхээс ял оноосон шийдвэр гаргаж болохгүй.

-Та энэ тухайгаа шүүхэд тайлбарласан уу?

-Би өчнөөн тайлбарлаад ч шүүх миний тайлбарыг авч хэлэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ганцхан сайд хуралдаад Засгийн газрын шийдвэр гардаг юм биш. Олонхоороо сууж олон асуудлыг хэлэлцэж, сайд нарын оруулж ирсэн ажлуудтай танилцаж, дэмжих, буцаах зэрэг шийдвэрийг гаргадаг. Энэ үед хэлэлцэн баталсан олонхын шийдвэрийг төсөл оруулж танилцуулсан сайдтай нь холбогдуулж, ял оногдуулна гэдгийг улстөржсөн гэхээс өөрөөр тайлбарлах ямар ч боломжгүй. Бодит байдал ийм л байна.

-Улсад таны учруулсан хохирол гэж 900 гаруй сая төгрөг байна лээ. Энэ хаанаас гараад ирсэн юм бэ?

-Энэ нь бодит хохирол мөн үү гэвэл үгүй. Засгийн газрын шууд худалдан авалт хийсэн 223 айлын орон сууцыг Авлигатай тэмцэх газар үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхдээ Засгийн газрын худалдан авсан 15 тэрбум төгрөгний орон сууцыг доошлуулж үнэлээд зөрүүг нь З.Баянсэлэнгийн улсад учруулсан хохирол гээд гаргачихсан. Тухайн үнэлгээг гаргасан гурван шинжээчийн хоёр нь үнэлгээний эрхгүй, нягтлан бодох мэргэжилтэй хүмүүс байсан. Тэдний гаргасан үнэлгээг дүгнэн гэмт хэрэг гэж үзээд надад ял оногдуулаад байгааг эсэргүүцэж байна. Хэрвээ гэмт хэрэг байсан бол гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дууссан бэ гэдэг асуудал яригдана. Мөн гэмт хэргийн үргэлжлэх цаг хугацаа гэж байх ёстой. Эрүүгийн хуулинд гэмт хэрэг хэзээ эхэлж, хэзээ дууссан гэдгээр нь хэрэг төгс үйлдэгдсэн гэж үздэг. Гэтэл би Засгийн газарт тогтоолын төсөл оруулаад танилцуулсан. Үүнийг баталсан, хөрөнгийг нь шийдсэн. Би тэр 15 тэрбум төгрөгийг нь захиран зарцуулах эрхгүй. Үүнийг сангийн яам мэддэг. Уг асуудалд хэрэгжих журмаа батлан бэлтгэл ажлаа хангах явцад 2016 оны УИХ-ын сонгуулийн үед шинэ парламент, Засгийн газар бүрдэж, энэ Засгийн газрын тогтоолын төслийг үргэлжлүүлээд хэрэгжүүлээд явсан. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед, Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхад буюу 2016 оны аравдугаар сард улсын төсвийн тодотгол хэлэлцэхдээ 15 тэрбум төгрөгийг төсөвт суулган гарсан мөнгө байсан. Тэгэхээр мөнгө нь Б.Чойжилсүрэнгийн үед гарсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол тэр үеэр дуусгавар болсон гэж үзэх ёстой. Гэтэл үүнийг зөвхөн З.Баянсэлэнгэ эхлүүлсэн, хэзээ дууссан нь хамаа байхгүй. Зөвхөн төсөл оруулсан, тогтоол дээр гарын үсэг зурсан гэдэг дээр бүх асуудлыг надтай холбогдуулаад явуулаад байна. Үүнийг хичнээн тайлбарлаад ч захиалгатай шүүгч нар улс төржсөн хэлбэрээр асуудлыг шийдээд явсан. Надад улсад бодитойгоор учруулсан хохирол байхгүй. Тэр 972 сая төгрөг чинь байрны үнэлгээн дундаас гаргаж ирсэн зөрүү мөнгө. Хэрэв энэ дундаас илүү мөнгө шилжүүлсэн гэвэл Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээнэ. Бүр шилжүүлснээрээ яривал Б.Чойжилсүрэн хариуцна. Би тэр хөрөнгийг нь өөрөө аваад дундаас нь завшаад, бага мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй.

-Хөтөлбөр хэрэгжээд хүмүүс түрээсийн орон сууцанд хамрагдаад эхэлчихсэн байх аа…

-Тийм. “Түрээсийн орсон сууц” хөтөлбөрт ашиглагдаж байгаа 223 айлын орон сууц нь төрийнх. Ашиглаж байгаа хүмүүс нь таван жилийн хугацаанд суугаад сар бүр 230-260 мянган төгрөгийн түрээс төлж байгаа. Тэр түрээсийн мөнгө нь Төрийн орон сууцны санд төвлөрөөд, улсын төсөвт орж, эргэлтэд орон аль нэг хэрэгцээтэй газар нь хуваарилагдах ийм л мөнгө. Түрээсэлж байгаа хүмүүс нь таван жил болоод гараад явахад төрийн орон сууц хэвээрээ үлдэж, буцаад л эргэлтэд орно.

-Танд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бодол байсан уу?

-Ер нь бол намайг төрийн албанд оруулахгүй байх давхар ял нь улстөржсөн шийдвэр гэдэг нь илт харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 онд болох сонгуульд оролцуулахгүй байлгах, төрийн албан тушаал хашуулахгүй гэсэн зорилготой шийдвэр гэж бодож байна.

-Одоогоор та ямар ажил хийж байна вэ?

-Сонигинохайрхан дүүргийн МАХН-ын Түмтийн даргын ажлыг хийж байна. МАХН-ын бага чуулганы ажлаа хийгээд явж байна. МАХН-ын гэх тодотголтой нэр бүхий улстөрчдийн намнах гэсэн ашиг сонирхол үйлчилж байна гэж харагдаж байгаа.

З.СУВД

Categories
мэдээ улс-төр

Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгчээ

УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, цэцэд гомдол гаргасан байна. Тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн гомдолдоо “УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан шаардлагын дагуу УИХ-ын тухай хуулийн 16.2-т ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар хуралдуулна гэж заасан байдаг. Гэвч УИХ-ын дарга уг заалтыг зөрчсөн” гэж онцолсон байна. Мөн уг асуудлаар нэр бүхий иргэдэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа аж.

Categories
мэдээ спорт

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг өнөөдөр барилдана

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй бөхчүүдийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр эмэгтэй дөрвөн жингийн барилдаан явагдана. Эмэгтэй 65, 68, 72, 76 кг жингийн урьдчилсан шат, эрэгтэй 70, 97 кг болон эмэгтэй 55, 59 кг жингийн шигшээ барилдаан болох юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-д зодоглосон Б.Шоовдор хүрлийн төлөө барилдах бол эрэгтэй 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Ө.Батзул нар дагах тойрогт барилдах юм. Харин өнөөдөр барилдах эмэгтэй дөрвөн жингийн сугалааг танилцуулья.

Эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголоос Х.Болортуяа зодоглоно. Тэрбээр эхний даваанд БНСУ-ын Ли Хан Битийг ялвал ОХУ-ын Мария Кузнецова, Канадын Даниелл Лаппэйж нарын хожсонтой нь дараагийн шатанд барилдана. Энэ жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Финландын Петра Олли, АНУ-ын Форрест Молинари, ДАШТ-ий хүрэл медальт, Шведийн Хенна Йоханссон, Чехийн Адела Ханзликова нарын шилдгүүд барилдана.

68 кг-д хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг зодоглоно. Тэрбээр эхний тойрогт Сенегалын Анта Самбоуг ялбал Шведийн Анна Франссон, Азийн наадмын аварга, тивийн АШТ-ий хүрэлтэй, Японы Рио Ватари нарын ялсантай нь хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа барилдах юм. Тэрбээр эхний тойрогт Унгарын Николетта Рената Смолкатой, түүнийг ялвал олимпийн хүрэл медальт, Польшийн Агнешка Вешек, Туркийн Бусе Тосун нарын ялсантай нь оноолт таарна.


Эмэгтэйчүүдийн 76 кг-д Азийн наадмын аваргаГ.Наранчимэг барилдана. Манай бөх эхний тойрогт хийлээд Венесуэлийн Мария Хосе Акостатай хүч үзнэ. Түүнийг ялвал Унгар, Беларусийн бөхийн бөхтэй дараагийн даваанд хүч үзэх аж.

Categories
мэдээ нийгэм

“ТЭЦ-4”-ийн захирлыг томилжээ

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн. Ослын шалтгааныг тодорхойлж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож, тэдний оронд мэргэжлийн гэх тодотголтой хүмүүсийг томиллоо.

Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг томилжээ. Түүнийг Эрчим хүчний сайд Д.Даваасүрэн санал болгосон гэх. Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал, ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг томилоод байна.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин олон улсын үзэсгэлэнд тэргүүллээ

Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцсон юм.

Д.Дорлигжавын удирдсан баг үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ.Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ шалгарчээ.

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнд тэргүүллээ

Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа

“Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүсийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм.

Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газар, мөн 38 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар, 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн өмнө тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 47 нэгж талбарын 22756 м2 буюу 2.2 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дууслаа.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 47 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

ØЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 17, 18 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,

ØЧД-ийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16, 17, 18 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,

ØЧД-ийн 12 дугаар хороо, Булгийн 3, 5 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,

ØЧД-ийн 12 дугаар хороо, 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар

ØЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хулгайчийг барихын үлгэр буюу 195 саяын зам

-БУСДЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ БУЛААЖ ЦЕМЕНТ ЦУТГАЧИХААД “ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ” ГЭЖ ХАШГИРАВ УУ-

“Оюунлаг” сургуулийн захирал хувиасаа 195 сая төгрөг гаргаад зам барьсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Түмний төлөө сэтгэл гаргаж хийсэн ажлыг нь сүйтгэчихээд байхад цагдаа, хүчнийхэн гараа хумхиад хөдлөхгүй байгаад “Оюунлаг” сургуулийн захирал Д.Батсайхан туйлаас гомдсоноо илэрхийлсэн билээ.

Хэн нэгний бусдын төлөө хийсэн бүтээн байгуулалтыг өөр нэгэн сүйтгэж, тэр тухай хууль сахиулагчид нүдэн балай байгаа учир юу вэ гэдгийг сурвалжиллаа.

БУСДЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ БУЛААЖ ЗАМ БАРЬСАН УУ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, тоймлоод өгүүлбэл 13 дугаар хорооллын “Шинэ сонголт” дэлгүүр, 122 дугаар цэцэрлэг, “Хос өргөө” хотхон, “Оюунлаг” сургуулийн ойр орчимд зам барьж, зогсоол тохижуулсан маргаан өрнөдөг. Тэр хавийн оршин суугчдын ярьснаар анх орон сууцны хороолол руу ордог замыг хааж “Оюунлаг” сургууль хашаа барьжээ.

Зам тавьсан гэх уг газар нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэх талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Эм Жи Ти Эм Эл” компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар15 дугаар хороо /65 дугаар байрны зүүн талд/-нд байрлах 136003/0456 18644310775991 нэгж талбарын дугаартай 958 м.кв хэмжээтэй газрыг эзэмшдэг” гэдэг мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, “Оюунлаг” сургуулийн захирал бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн зам, талбай болгосноор асуудал үүсжээ. Тус газар дээр “Эм Жи Ти Эм Эл” ХХК нь сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга барихаар төлөвлөж, зураг төслийн ажлаа эхлүүлсэн гэсэн мэдээлэл ч байгаа бөгөөд “Оюунлаг” сургууль нь өрсөлдөгч байгууллага гэж хараад газрыг нь булаахаар санаархсан байх вий гэсэн эргэлзээг үүсгэж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР БАРЬЖ ЗАМ ЗАСАВ УУ

Оюунлаг сургууль, 65 дугаар байрны орчим буюу маргаан дагуулаад байгаа газар бусдын эзэмшлийнх мөн бол зам тавих зөвшөөрлийг хэн өгсөн бэ. Уг газарт очвол “Замын ажил явагдаж байна. Захиалагч: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар. Хөрөнгө оруулагч: Оюунлаг дунд сургууль. Хөрөнгийн хэмжээ 192 сая төгрөг” гэсэн утгатай байв.

Нийслэлийн авто замын газраас зам тавих зөвшөөрлийг Хяналтын хэлтэс нь хариуцдаг юм байна. Уг хэлтсээс дээрх газар дээр “Оюунлаг” дунд сургуульд зам барих, засах ямар нэгэн зөвшөөрлийг өгөөгүй гэдгийг хэллээ. Тус сургууль Нийслэлийн авто замын газрын Захиргааны хэлтэст зам тавих зөвшөөрөл хүссэн ч холбогдох судалгааг гаргах даалгавар өгөөд буцаажээ. Түүнээс хойш тухайн байгууллагатай холбогдоогүй аж.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч ямар нэгэн захиалга өгөөгүй гэдэг мэдээллийг өглөө.

Захиалагчгүй байж төрийн байгууллагыг захиалагчаар тодруулж, бусдын эзэмшлийн газарт зам тавьсан уу гэдэг асуудалд “Оюунлаг” сургууль унах бололтой.

ТАВЬСАН ЗАМЫГ НЬ НУУЦААР СҮЙТГЭСЭН ҮҮ

“Оюунлаг” сургуулийн захирал хэн нь үл мэдэгдэх нөхдүүд зассан замыг нь сүйтгэсэн талаар мэдээлсэн. Тэгтэл дээрх газрыг албан ёсоор эзэмшдэг компани “Оюунлаг” сургуульд мэдэгдэл хүргүүлсэн баримт байна. Уг мэдэгдэлд “Танай сургууль манай компанийн цэцэрлэг барихаар төлөвлөж буй эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар автозам болон автомашины зогсоолыг барьсан байна. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.10.1, 8.1.12 дахь хэсэг болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж мөн төрийн эрх бүхий байгууллагуудын нэрийг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Иймд манай компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг 2018.10.19-ний өдөр бүрэн чөлөөлж өгөхийг шаардаж байна. Хэрэв шаардлагаар хүргүүлж буй хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд манай компани өөрийн зардлаар газрыг чөлөөлж холбогдох зардлыг танай компаниас нэхэмжлэн хууль хяналтын байгууллага болон харьяа шүүхээр шийдвэрлүүлэх болохыг анхаарна уу” гэжээ. Энэ мэдэгдлийг хүргүүлж, заасан хугацаа өнгөрсний дараа өөрсдийн газраа чөлөөлсөн байна.

ТӨРИЙН ЦАГДАА ЯАГААД ХӨДӨЛСӨНГҮЙ ВЭ

Сургуулийнхаа ойролцоо зам засчихсан байсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй талаар “Оюунлаг” сургуулийн захирал ярьсан. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр уг газар нь нийтийн эзэмшил биш, хувийн өмч байсан. Өөрийнх нь өмч дээр дур мэдэн цемент цутгасан талаар газрын эзэд ч мөн цагдаагийн байгууллагад хандсан байна. Харин цагдаагийн байгууллага хоёр компанийн хоорондын асуудал гээд хөдлөөгүй бололтой. Тодруулбал, бусдын эзэмшил газар дээр хулгайгаар зам барьчихаад “Хулгайчийг бариарай” гэсэн шиг үйл явдал болж өнгөрчээ.

Тэр хавийн оршин суугчид “Орон сууцны хотхон руу ордог замыг Оюунлаг сургууль хаачихаад, дур мэдэн өөрсдөө бусдын газар дээр зам зассан. Тэрийг нь зам гэхэд бас хэцүү. Бидний ажигласнаар цемент цутгачихсан байна лээ. Түүнээс гадна цемент цутгасан газрын доор энэ хавийн орон сууцуудыг хангадаг 10 мянган кВт-ын хүчдэл явдаг. Түүнийг хааснаас оршин суугчдад хохирол үүсэх магадлалтай” гэж ярьсан.

Бусдын эзэмшлийн газар дээр дур мэдэн хувийн хөрөнгөөрөө зам барьсан эл маргаан шүүхэд очих нь гарцаагүй бололтой.

ГАЗАР БУЛААЦАЛДСАН ТЭМЦЭЛ ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ ВИЙ

Оюунлаг сургуулийн захирлын зассан замыг үл мэдэгдэх хүмүүс сүйтгэсэн гэх гомдлын талаар дээр өгүүлсэн. Тэгвэл өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны 15 цагийн орчимд тус газрын сахиул хийж байсан манаачыг үл таних 3 этгээд зодож хүнд гэмтээжээ. Тэд тус үйлдэлийг хийхдээ бид энэ газрыг чинь авахдаа авна. Чиний хамгаалдаг гэж юу байсан юм бэ хэмээн дарамталсан байна. Хуулийн дагуу эзэмшиж байгаа газраа хамгаалахаар манаач суулгаж байсаныг нь зодож гэмтээсэн энэ үйлдэл нь зөв буруу эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох нь цаг хугацааны асуудал боловч гэгээн цагаан өдрөөд газрын дээрэм хийж яваа тэдгээр хүмүүс хэн байв. Хүний биеийг хүнд гэмтээсэн эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Газар булаацалдсан тэмцэл нь хүний аминд хүрэх вий.