Categories
мэдээ улс-төр

Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл хийгээд шалгаж байгаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд Ерөнхий Прокурор М.Энх-Амгалангаас асуулт асуув.

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч хэрэгжээгүй.

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Энэ хэрэгт төр туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашдаа дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Оффшорын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн төгрөг манайд орж ирсэн бэ. 2010-2011 онд Гашуунсухайт боомтоор 3,758 машин буюу 340 мянган тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан асуудалд хэрэг үүсгээд шалгахад прокуророос хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ тодорхой хэрэг байсан. Гарсан машинуудынх нь тоо дугаар, нүүрсний хэмжээ нь тогтоогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Оффшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавьчихаад байж байна. Нүүрсний хэргийн асуудалд АТГ-аас хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Оффшор гэж ярьснаас болоод хөрөнгө оруулалт эрс багассан. Би бол оффшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар Тавантолгойн IPO-г Хонконгт гаргах шийдвэр гаргасан. Гэтэл Хонконг өөрөө оффшор бүс. Энэ оффшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү.

Ерөнхий Прокурорын М.Энх-Амгалан: Оффшор гэдэг нь бизнесийнхээ хувьд байх ёстой зүйл юм шиг байгаа юм. Татвараас нуугаад өөрийнхөө мөнгийг оффшорт байрлуулж байгаа нь буруу болохоос оффшороос орж ирсэн мөнгийг хориглоно гэж байхгүй. Нуусан мөнгөө оффшорт аваачиж хийж байгаа нь татвараас зугтаж байгаа л асуудал шүү дээ.

Гишүүдийг асуулт асуусны дараа УИХ-ын гишүүн Л.Болд Улсын Ерөнхий Прокурорын мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаанд сонсоё гэсэн санал гаргав. Энэхүү саналаар санал хураалт явуулсан ч гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Поп дива Ж.Алтаагийн тоглолтуудын хувцасаар модель охид гангарлаа

МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуныхаа орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав.

Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтарч зохион байгуулсан юм.

“Fashion & cocktail night” тоглолт дээр “Miss & Gentleman” академийн загвар өмсөгч охид дуучин Алтаагийн үе үеийн тоглолтуудынх нь хувцасыг өмсөж сонирхууллаа.

Дашрамд дурьдхад “Нарны охид” төслийн анхны танхимыг Нийслэлийн Налайх дүүрэгт Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 11-нд нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд танхимыг тохижуулахад дуучин Алтаа мөн л гар бие оролцсон аж.

Поп дива Ж.Алтанцэцэг “Нью Стар” студитай хамтарч шинэ цомгийн ажилдаа шамдаж байгаа төдийгүй шинэ уран бүтээл “Чинийхээ хайранд жаргая” дууныхаа клипийг олон нийтэд хүргээд удаагүй байна. Тэрээр хамгийн сүүлд АНУ-ын Лос Анжелес хотод дуучин Баярцэцэгтэй өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд тоглолт хийсэн бол 2019 оны гуравдугаар сарын 8-нд мөн өөрийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

​Хөвсгөл аймгийн иргэд хууль бусаар төмөр зам тавихыг эсэргүүцэж байна гэв

Эрдэнэт хотоос Овоотын уурхай, цаашлаад хойд хөршийн хил хүртэл уул уурхайн зориулалтаар төмөр зам тавихыг эсэргүүцэж байгаа талаар “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас хэвлэлийн хурал хийлээ.

Уул уурай Хөвсгөл ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар хэлэхдээ “Хөвсгөл аймгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, удирдлагууд нутгаа уул уурхайгаар бус хөдөө аж ахуй, аялал жуучлалааср хөгжүүлэх бодлого барьж, газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Гэвч уул уурхайн төмөр замыг Аспайр Майнинг компаний охин компани Нортерн Рейлвэйс ХХК Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Овоотын уурхай, цаашлаад хойд хил хүртэл БНХАУ-ын санхүүжилтээр хятадын компанитай хамтран хууль бусаар төмөр зам тавих гэж байна. Үүнийг Хөвсгөл аймгийн иргэд бид эсэргүүцэж байна. Тиймээс иргэдийн дунд санал асуулга явуулж, гарын үсэг цуглуулан төмөр зам тавихыг цуцлуулах шаардлагыг Өргөдлийн байнгын хороо , Үндэсний аюулгүй байдалд өгсөн” гэв.

Уул ус, ургамал амьтны эх орон, Монгол түмний бахархаж, хайрлаж, үр шимийг нь хүртэж ирсэн Хөвсгөл нутаг, тэр дундаа төслүүд хэрэгжих сумдад төмөр зам, түүгээр зөөх нүүрс болон бусад сэргээгдэхгүй байгалийн баялгийн олборлолт нь байгаль орчин, ан амьтанд хор хөнөөл ихтэй учир ийнхүү эсэргүүцэж байгаа аж.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны доктор Д.Төмөртогоод хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын хэл шинжлэлийн ухааны доктор МУИС болон бусад хэд хэдэн дээд сургуулийн гэрээт багш, зөвлөх профессор Д.Төмөртогоод нутгийнхан нь хүндэтгэл үзүүллээ. Тэрээр энэ жил Япон улсын эзэн хааны шагнал “Мандах нар” одонгоор шагнуулсан юм.

Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул. Түүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал, ИТХ-ын дарга Ж.Занабазар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир болон тус нутгаас төрөн гарсан алдартнууд урилгаар оролцсон байна.

Д.Төмөртогоо ньТокиогийн Гадаад судлалын их сургуулийн анхны зочин профессор багшаар ажиллаж, Монгол судлалаар дамжуулан хоёр орны шинжлэх ухааны салбарын харилцаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Тэргүүний есөн өрхийг тодруулав

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ, НЗДТГ, нийслэлийн Ахмадын хороо хамтран 23 дахь жилдээ нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг есөн өрхийг шалгаруулж, “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжилж, дурсгалын зүйл гардуулав.

Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулан өглөө.

Эдгээр есөн өрх нь Үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангаж, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй, гэр, орон сууц, хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэх гэх мэт тэргүүний үйл ажиллагаатай айлууд юм.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Л.Дүгэрсүрэн, Сүхбаатар дүүргийн 19-р хорооны иргэн Б.Энхбаатар, Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн Ц.Балдандорж, Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэн Л.Чинбат, Налайх дүүргийн 1-р хорооны иргэн Р.Туяа, Баянгол дүүргийн 23-р хорооны иргэн Ж.Балдандорж, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэн Л.Цэцэгмаа, 32-р хорооны иргэн М.Шарав нарын есөн өрх “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан байна.

Тэргүүний өрхийг Үр хүүхдээ хэрхэн өсгөсөн, амьдрах ухаанд хэрхэн сургасан гэдгээс нь авахуулаад 20 гаруй шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 1.6 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Ирэх оны төсвийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан. ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй ЦЕГ, ШШГЕГ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг 10 гаруй агентлагийн төсөвт нийт 493.1 тэрбум төгрөг тусгажээ. Тухайлбал, 39 тэрбум төгрөгийг цалин хөлс, 36 тэрбум төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, байр ашиглалтад 508 сая, ажил үйлчилгээ худалдан авахад 4 тэрбум төгрөг зарцуулах зэргийг төсвийн төсөлд тусгасныг Ц.Нямдорж сайд дурьдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал, УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг баталсан боловч дээрх хуулийг хэрэгжүүлэх зардлыг төсвийн төсөлд тусгаагүй байгааг С.Бямбацогт гишүүн дурьдлаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж, талбайг камержуулах чиглэлд төсөвт тусгасан эсэхийг тодруулав.

Камержуулалтыг гадаадын 35 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг салбарын сайд хэллээ. Харин Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэрэгжүүлэхэд нийт 5 тэрбум төгрөг зарцуулах саналыг УБЕГ гаргасан хэдий ч Сангийн яам хүлээж аваагүй гэдгийг ажлын хэсгээс хариулсан.

Түүнчлэн Н.Учрал гишүүн Засгийн газрын хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг амжилттай зохион байгуулахад УБЕГ-т тодорхой төсөв тусгах шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийт хэдэн төгрөг тусгасныг асуув.

2019 онд 1.6 тэрбум төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулахаар тусгасныг ажлын хэсгийн гишүүд онцлов.

Мөн үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “УБЕГ-ын 2400 орчим компютер акталсан. Үүнийг шинээр авч, УБЕГ-ын үйл ажиллагааг сайжруулахад 11 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл Сангийн яам бидний саналыг хүлээж авахгүй байна. Энэ газрын төсвийн асуудлыг шийдвэрлэж, тоног төхөөрөмжийг нь сайжруулахгүй бол 2020 онд сонгууль зохион байгуулахад хүндрэл үүснэ” гэлээ.

Түүнчлэн Ш.Раднаасэд гишүүн хууль, хяналтын байгууллагуудын орон тоо, унааны асуудлыг 2019, 2020 онд шийдвэрлэх нь туйлын чухал байгааг онцлов. Гэмт хэрэг, зөрчилтэй өдөр шөнөгүй тэмцэж буй цагдаагийнхан, тэр дундаа сумын цагдаа нар унаагүй байгааг шүүмжилсэн.

Ийнхүү ирэх оны төсвийн төслийн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт цэцэрлэг, сургууль барих газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газар, мөн 38 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар, 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн өмнө тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 47 нэгж талбарын 22756 м2 буюу 2.2 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дууслаа.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 47 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

  • ЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 17, 18 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,
  • ЧД-ийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16, 17, 18 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,
  • ЧД-ийн 12 дугаар хороо, Булгийн 3, 5 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,
  • ЧД-ийн 12 дугаар хороо, 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар
  • ЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө.
Categories
мэдээ нийгэм

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна

Related image

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн хүүг эсэн мэнд олжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүү гэрээсээ гараад төөрсөн байсныг эсэн мэнд олжээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Бага мухарт гэх газарт малчин Н-ийн 12 настай хүү өчигдөр 19.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байсан аж. Хүү алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 23.23 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь дөрвөн аврагч, орон нутгийн хоёр иргэн нийт зургаан хүн хоёр авто машинтайгаар хүүг хайж шөнийн 02.30 цагийн орчимд олжээ. төөрсөн хүү тус сумын Баян багийн Бага мухарт гэдэг газарт гэрээсээ урд зүгт хоёр км-т осголтын байдалтайгаар олдсоныг олж аавд нь хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Утааг “устгана” гэж ярьсаар 164 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ

Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан”-ийн 2008-2016 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүнг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

“Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:

Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум,

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум,

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум,

Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мөн гадаадын 104.7 сая ам.долларын зээл 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна.

2012-2017 онд Нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолуур хэрэглэгчдэд хүйтний улиралд оройн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэд нийт 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Гэхдээ 2016 онд хөнгөлөлтийг үзүүлээгүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээг санхүүжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүн нэгтгэн дүгнээгүй. Агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарт нөлөөлөх нөлөөллийг гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүйн улмаас агаарын бохирдол өнөөдрийн байдлаар дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна гэдгийг аудитын дүгнэлтэд онцолжээ.

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан нийт хөрөнгийн бүтцийг авч үзэхэд:

26 хувийг үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад түүнийг өргөжүүлэхэд,

22 хувийг сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад,

14 хувийг нам даралтын зууханд шинэчлэлт хийхэд,

10.9 хувийг сайжруулсан түлш болон агуулахын зардал гэх мэт бусад зардал зарцуулсан байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008 оноос хойш олон эх үүсвэрийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээгээр санхүүжүүлж байсан боловч энэ чиглэлийн ажил хариуцдаг нийслэлийн холбогдох байгууллагууд хийсэн ажлын үр дүн, гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэдэггүй, тоон мэдээг зөрүүтэй гаргадаг зэрэг зохих хяналтгүй ажиллаж иржээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн сайжруулах зуухыг айл өрхийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулаагүй, зуухыг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн боловч технологийн дагуу ашиглаагүй, одоогийн байдлаар эдгээр зуух элэгдэлд орж, ердийн галлагаатай зуухын ижил үүргийг гүйцэтгэх болсон байна.

Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 14 аж ахуй нэгжтэй 70 мянга 580 тонн түлш нийлүүлэх гэрээ байгуулсан боловч үйлдвэрлэгчид түлшний 22.4 хувийг л нийлүүлсэн байна. Энэ нь тухайн үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг тооцолгүйгээр маш их хэмжээний түлш нийлүүлэх гэрээг байгуулсантай холбоотой байна. Сайжруулсан түлшийг хангахуйцаар нийлүүлээгүйн улмаас агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадаагүй.

Нийслэлийн авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах зорилгоор төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн боловч зарим төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар олгоогүй, үр дүнд хяналт тавьж ажиллагаагүй байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг 2016 оныхтой харьцуулахад 1.4 дахин нэмэгдсэн байна. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд зуухны яндангийн тоо цөөрсөн эсэх, хэрэгжүүлсэн арга хэмжээ агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн нөлөөлсөн эсэх тооцоо судалгаа гаргаагүй байна.