Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон тамирчдаа хүлээж авч уулзлаа

Гүрж улсын Батуми хотноо болсон Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад манай улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод иржээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тамирчдаа хүлээн авч уулзлаа.

Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар,

-Манай шатарчид олимпиаддаа амжилттай оролцлоо. Ялангуяа, эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт шалгаран В ангилалд мөнгөн медаль хүртлээ. Манайхан багийн тоглолтоо маш сайн хийсэн. 11 өрөг тоглоход 9 хожиж, В ангилалд түрүүлсэн багтай оноо тэнцсэн ч коэффцэнтийн зөрүүгээр хоёрдугаар байр эзэлсэн. Тамирчид маань чансаагаа ахиулж, У.Насанжаргал их мастерийн норм авсан гэлээ.

Дэлхийн шатрын олимпиадад эртнээс бэлтгэж, тамирчдаа вакум орчинд нэгдсэн бэлтгэлд хамруулсан. “Их тэнгэр”-т нэгдсэн цугларалтад гарсан нь шатарчдын амжилтад нөлөөлсөн гэдгийг тэрбээр тэмдэглээд энэ бүхэнд дэмжлэг үзүүлсэн Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар танд талархаж байгаагаа илэрхийлье гэв.

Оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулсан шигшээ багийнханд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Шатарчид нэг нэгнээ нөхөж, дэмжиж, багийн сэтгэлзүйтэй байж түүхэн амжилтад хүрсэн нь зааж зөвлөсөн багш дасгалжуулагчдын ажлын үр дүн гэдгийг тэрбээр онцлоод багш, дасгалжуулагчдад мөн баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр шатарчид дэлхийн аваргын тэмцээн, шилдэг шатарчдын тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцаж ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Олон улсын гитарын наадам болно

Олон улсын гитарын наадам, тэмцээн энэ сарын 26-28-ны хооронд Вьетнамын нийслэл Ханой хотноо болох ажээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд Канад, Нидерланд, Тайланд, Вьетнам болон бусад орны гитарчид өрсөлдөх бол Бразил, Франц, Японы уран бүтээлчид өөрсдийн тоглолтоо толилуулна хэмээн Вьетнамын Үндэсний хөгжмийн академи мэдэгдсэн байна.

Энэхүү наадамд дэлхийн хэмжээний гитарчид оролцохын зэрэгцээ гитар урлах арга техникийг танилцуулах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үг бол хэвлэл мэдээллийн байгууллагын түүхий эд

Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундах форум боллоо. Уг ёс зүйн форум нь хоёр дахь жилдээ болж байна.Хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид нийтээрээ олон нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, хараат бус, баримт нотолгоотой мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа чанд мөрддөг байхыг энэхүү форумаар дамжуулан уриалж буй юм.

МУБИС-ийн Нийгэм Хүмүүлэгийн Ухааны Сургуулийн захирал профессор Ж.Батбаатар хэлэхдээ “Дижитал эрин үе бол хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд цунами. Цунамид өртөхгүйн тулд мод тарьдаг болохоос агуйд нуугддаггүй. Сэтгүүлчид ээ, сэрцгээ. Ажлаа хийцгээ. Өнөөдөр сошиал медиагаас ялгарахын тулд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд юу хийж байна вэ. Ялгаралаа бий болгох модоо тарьцгаа. Залуучуудыг сонин уншиж, радио сонсдоггүй гэж буруутгаж болохгүй. Тэднийг татах, уншуулахын тулд сошиалаас ялгарч юу хийсэн билээ редакциуд” гэв.

Эхний хэлэлцүүлэг “Мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн сүлжээ сэдвээр модератор: Ц.Тамир (МЭССЗТ-ийн фактчетэр), Ч.Болортуяа (ХМЗ-ийн ёс зүйн хорооны гишүүн, Ikon.mn сайтын ерөнхий редактор), Д.Түмэн-Өлзий (Араньян, нийтлэлч, нийгмийн сүлжээний төлөөлөл), Д.Дагиймаа (ХИС-ийн мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн захирал), С.Болд-Эрдэнэ (Asia mining сэтгүүлийн эрхлэгч) нарын дунд өрнөлөө.

Ц.Тамир: Үзэн ядах үг хэллэгээр үзэн ядах процесс үргэлжилж байна. Үг гэдэг контентоо үйлдвэрлэнэ үү, дижитал нь байна уу, цаас нь байна уу хамаагүй хэвлэл мэдээллийн байгууллагын түүхий эд нь болдог. Эцсийн бүтээгдэхүүн болоход хамгийн тулгуур цэг нь болдог. Тэгэхээр үг бол хэдэн жилийн дараа хувьсана, өөрчлөгдөнө гэсэн зүйл байхгүй. Үүгээр юу хэлэх байна гэвэл Үг-Цаазлах хөдөлгөөн өрнөөд байна. Энэ нь ёс зүй, найруулга зүй, үг зүйтэй холбоотой. Мэргэжлийн сэтгүүл зүйн ангид найруулга зүй дотроо тусдаа орчин цагийн Монгол хэлийг хуваан сонины хэл, сэтгүүлийн хэл, телевизийн хэл, радиогийн хэл гэж хичээд ордог. Одооны сургалтад твиттерийн хэл, фэйсбүүкийн хэл, рекламны хэл ч гэдэг юмуу тусад нь оруулдаг болмоор байна. Хэрэглэж болохгүй үг гэж байхгүй. Хэрэглэж байгаа үгээ ньюансыг нь зөв олоод, зөв байршуулаад учир шалтгааны холбогдолтойгоор гаргаж хэрэглэх нь зүйтэй гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки бараалхлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улс бол манай гуравдагч хөрш бөгөөд тус улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг бид чухалчилдаг. 2017 онд миний Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт аймаг, муж, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих талаар тусгасан билээ. Үүний дагуу Японы баруун өмнөд бүсийн томоохон хот Фүкүокагийнхан манай аймаг, сумуудтай, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумтай хамтран ажиллахаар шийдвэрлэж, зорилго чиглэлээ тодорхойлсонд баяртай байна гэж уулзалтын эхэнд онцлов.

Ноён Ёшимацү Мотоаки хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, монгол анд нөхөдтэйгээ хөдөө аж ахуй, байгаль хамгааллын зэрэг салбарт хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцах болсондоо баяртай байна гэв.

Тэрбээр манай муж, хотын эдийн засаг 40-өөд жилийн өмнө маш хурдацтай хөгжсөн. Хөгжлийн нөгөө талд хүрээлэн буй орчны бохирдлын асуудал маш хурцаар тавигдсаныг бид амжилттай шийдвэрлэж чадсан юм. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улсад энэ сорилт тохиож байгааг бид сайн мэдэх учраас хог хаягдлыг боловсруулах, байгаль орчин, агаарын бохирдоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.

Түүнчлэн газар тариалангийн шилдэг технологи, арга зүйг монголчуудад эзэмшүүлэхийг эрмэлзэж байна. Япон Улс газар нутаг багатай. Бага газраас их ургац авахын тулд маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд манай ард түмэн ихээхэн судалгаа шинжилгээ хийж, тэр хэрээр нэн чухал мэдлэг мэдээлэл хуримтлуулсан юм. Тиймээс монгол залуусыг, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумын тариаланчдыг дадлагажигч ажилтнаар Японд ажиллуулж сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэж ярилаа.

Уулзалтын үеэр Фүкүока-Төв аймгийн хооронд аялал жуулчлал хөгжүүлж, монгол, япон иргэдийг харилцан зочлуулах асуудлыг хөндөж, энэ чиглэлээр өргөн боломж буйг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Фүкүока хотын захиргааны Батсүмбэр сум, Монгол Улстай хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын автобустай аялалд гадаад, дотоодын 450 оюутан, залуусыг хамруулна

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотод ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангаж, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр “City bus” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг нэвтүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү автобус нь гадаад болон дотоодын жуулчдад хот доторх болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газар, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм.

Нийслэлийн 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Улаанбаатар хотыг залууст таниулах, сурталчлах зорилгоор энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монголын их дээд сургуульд суралцахаар ирсэн гадаадын оюутнууд болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн оюутан залуусыг хотын автобустай аялалд хамруулахаар болсон байна.

Өдөрт 90 оюутныг хамруулах бөгөөд таван өдрийн турш гадаад, дотоодын нийт 450 оюутан, залуусыг хамруулахаар төлөвлөжээ.

Хотын автобустай аяллаар нийслэл нийслэлийн төв цэг Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой, Төрийн Чойжин Лувсанхайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейг оюутан залууст үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

41 дэх удаагийн “Дакар-2019” уралдаанд монгол залуус оролцоно

41 дэх удаагийн “Дакар-2019” уралдаанд монгол залуус оролцоно. Нийт 5000 км замыг 10 үе шаттай туулах уг уралдааны замын 70 хувь нь элсэн цөлд үргэлжилнэ.

“Дакар-2019” авто уралдааны SXS төрөл буюу UTV ангилалд оролцож буй Монголын багийн гишүүдийг манай сайт танилцуулж байна. Багийн жолоочоор Ө.Бямбацог, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, механикчаар Б.Баттөр нар ажиллахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Б.Шоовдор ДАШТ-ий хүрэл медалийн төлөө маргааш хүч үзнэ

“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг жингийн хагас шигшээ барилдаан болж, ОУХМ Баатаржавын Шоовдор маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Үндэсний шигшээ баг болон “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Шоовдор Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Красноярскийн Алтан Гран при, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга юм. Тэрбээр хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор (11:1) цэвэр ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдолд 164,1 тэрбум төгрөг зарцуулжээ

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайланг өнөөдөр танилцууллаа.

Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд үр дүнд хүрээгүйн гол шалтгаан нь тооцоо судалгаагүй байдлаас үүдэлтэйг аудитын тайланд тусгажээ.

ҮАГ-ын гүйцэтгэх аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Одгэрэл ярихдаа “Шалгалтаар 72 зөрчил илэрсний дийлэнх нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, чиг үүргийн зохион байгуулалт уялдаа холбоогүй, энэ чиглэлийн ажиллагааг хэрэгжүүлэгч, хяналт тавих байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна. Тиймээс агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна” гэлээ.

АГААРЫН БОХИРДОЛ БУУРААГҮЙД НӨЛӨӨЛСӨН ЗӨРЧЛИЙГ ДҮГНЭВЭЛ:

  • УБ хотод агаар, орчны бохирдлын хамрах хүрээ нэмэгдэж хорт бодисын агууламж стандарт хэмжээнээс хэтэрснээс иргэдийн эрүүл мэндийн байдалд нөлөөлж байгаа нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн баталгаа хангагдахгүйд хүргэж байна.
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос эхлэн гарсан хууль, эрх зүйн шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна.
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Үндэсний хороог МУ-ын ЕТГ-ын дэргэд 2 удаа, Ерөнхий сайдын дэргэд 2 удаа, ажлын албыг БОАЖС-ын дэргэд 2 удаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, хяналт тавих газар, албыг НЗД-ын дэргэд 3 удаа байгуулж, байнга бүтцийн нэгж солигдож, үйл ажиллагаа нь хангалтгүй зохион байгуулагдсанаас чиг үүргийн давхцал үүсэж, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй байдалд хүргэсэн байна.
  • Нийслэл хотоос гадна аймгийн төвүүдэд агаарын бохирдол ихтэй, бохирдлын үзүүлэлт хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон эх үүсвэрээр зарцуулахаар төлөвлөсөн арга хэмжээг цогц байдлаар, үе шаттайгаар, нэг удирдлага, хяналтын дор хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.
  • МУ-д агаарын чанарыг 6 үзүүлэлтээр хэмждэг боловч хүний биед хамгийн их хор нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй, манай улсад агаарын чанарын стандарт болгосон зарим үзүүлэлтийн дээд хязгаар нь олон улсын агаарын чанарын стандартаас зөрүүтэй байна.
  • Агаар дахь хүнд металлын агууламжийг тодорхойлдог техник, тоног төхөөрөмж байхгүй, агаарын бохирдлыг хэмжигч техник хэрэгслүүдийн ашиглалтын хугацаа дууссан, хүрэлцээ муутай, цөөн байршилд хэмжилт хийж байгаа нь агаарын бохирдлын идэвхжил ихтэй бүсийг бүрэн хамарч бохирдлын үзүүлэлт бүрэн гүйцэт, үнэн зөв тодорхойлогдож чадахгүйд хүргэж байна.
  • Агаарын бохирдлын бууруулах талаар судалгааны ажил хийгдэж байсан боловч түүний үр дүнг үнэлээгүй, хэрэгжүүлэх эсэхийг шийдээгүй орхисон байна.
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв, ЦАС-ийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын ТАХ-үүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүй, арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулан үнэлгээ хийгээгүйгээс агаарын бохирдол дорвитой буураагүй, илт мэдрэгдэх үр дүн гараагүй байна.
  • СЯ “Орон сууцны хороолол, дэд бүтэц” төслийн дамжуулан зээлийн мэдээллийг өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулаагүй, авлагаар бүртгээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлээгүй байгаа нь дамжуулан зээлд тавих хяналт хангалтгүй байгааг харуулж байна.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн сайжруулсан зуухыг айл өрхийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулаагүй, зуухыг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн боловч технологийн дагуу ашиглаагүй, одоогийн байдлаар сайжруулсан зуух элэгдэлд орж, ердийн зуухтай ижил үүрэг гүйцэтгэх болжээ.
  • Сайжруулсан зуухны хэрэгцээ, зориулалтын түлшний нийлүүлэлтэд үндэслэн түлш үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг тооцохгүйгээр гэрээ байгуулсан, “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан үйлдвэр ажиллаагүйгээс түлшний 22.4 хувийг нийлүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадаагүй байна.
  • Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд монгол гэрийн дулааныг алдагдуулахгүй, түлшний зарцуулалтыг багасгахын тулд гэрийн дулаалгыг хөнгөлөлттэй үнээр худалдан нийлүүлсэн боловч энэхүү ажлын үр дүн тодорхойгүй, дулаалгын ашиглалтын хугацааг тогтоогоогүй, зорилтот айл өрхөд нийлүүлэгдэн ашиглагдаж байгаа эсэх талаар бүртгэл судалгаа байхгүй, хяналт тавьж ажиллаагүй байна.
  • Нийслэл болон орон нутгийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлсэн боловч энэ нь ердийн зуухны галлагааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлсөн нөлөөллийг тооцсон судалгаа, тооцоолол хийгдээгүй байна.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн дулааны шугамд холбосноос өөр утааны хорт ялгаралтыг бууруулах талаар дорвитой ажил хийгдээгүй байна.
  • Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн утааны ялгаралтыг бууруулах чиглэлээр төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, ТАХ-үүдийг хэрэгжүүлсэн боловч зарим арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар тооцож олгоогүй, ТАХ-ний хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллаагүй байна.
  • УБ хотын гэр хорооллын айл өрхийн тоо 2016 онд 2008 оныхтой харьцуулахад 1.4 дахин өссөн нь агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болсон байна.
  • Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд зуухны яндангийн тоо цөөрсөн эсэх, хэрэгжүүлсэн арга хэмжээ агаарын бохирдлыг бууруулахад хэрхэн нөлөөлсөн талаар тооцоо судалгаа хийгдээгүй, орон сууцанд хамрагдсан гэр хорооллын айл өрх бодит байдалд орон сууцанд амьдарч буй болон утаа гаргадаг яндангийн тоо буурч буй эсэх талаар судалгаа байхгүй, эдгээрийг зохицуулсан эрх зүйн орчин байхгүй байна.
  • Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тодорхойлсон хэмжээнээс “хэт бага” зөрүүтэй байгаа нь хөтөлбөрийн дэвшүүлсэн зорилт биелэгдээгүйг харуулж байна.
  • Агаарын бохирдлыг бууруулах талаар судалгааны ажилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан боловч түүний үр дүнг үнэлээгүй, цаашид хэрэгжүүлэх эсэхийг шийдээгүйгээр орхисон, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн эрдэмтдийн судалгааны ажлыг анхаарч үзээгүй байна.
  • Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд тэдний оролцоо, үүрэг хариуцлагын талаар таниулан сурталчлах ажлыг хангалттай хийж гүйцэтгээгүйгээс ТАХ-ний хэрэгжилтийн үр дүнд нөлөөлөх нөлөөлөл бага байна.
Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 09 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хийж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай байхаар тооцож төсөлд тусгасныг онцоллоо.

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс төсвийн орлогыг бодитой төлөвлөсөн эсэх, хил гаалиар нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг зөв тооцсон талаар илүүтэй тодруулж байв. Түүнчлэн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний талаарболон ипотекийн зээлд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөсөн эсэх, холбогдох журамд өөрчлөлт оруулж баталсаныг лавлаж байлаа.

2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогоо сайтар судалж байж, зарлагаа тэр хэмжээгээр тооцох зорилготой ажилласан. Уул уурхайн салбараас бүрдүүлэх орлогын хувьд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ бидний тооцоолсноос доош байвал төсвийн орлогод эрсдэл үүсэх тал байгааг Сангийн сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2019 онд 43 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон бөгөөд ингэхдээ хил, гаалийн хяналтыг сайжруулах асуудалд анхаарч төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө чармайж ажиллана гэж байлаа. Тухайлбал, экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлэхээр болжээ. Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс газрын баялгаас татвараа бүрэн авах, улмаар бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүр хийж экспорт импортоос олох орлогоо бүрэн хураадаг болно. Үүний тулд хилийн боомтууд дээр эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг 2019 оноос үе шаттай байгуулж, лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэх ажлыг эхлүүлэх аж. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2018 онд Засгийн газар арилжааны банкуудаасзээл авахыг зогсоож, өндөр хүүтэй, хугацаа богинотой гурван их наяд төгрөгийн зээлийг төлсөн. Иймд арилжааны банкууд энэ хэрийн хөрөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж, зээл олгосон. Харин хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох УИХ-ын тогтоол нэгэнт гарсан тул, одоогоор хүсэлт гаргасан хүүхдийн судалгааг хүлээн авч, дүнгээ нэгтгэх ажил хийж байна гэж байлаа.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,Засгийн газраас 2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнө нь нэг ч төгрөг улсын төсвөөс төсөвлөдөггүй байсан бол ирэх жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мэт ядуурлыг бууруулах олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2016 онд ажилгүйдэл 10 хувьтай байсан бол 2018 онд 7,7 хувь болж буурсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банктай хамтран зургаан дэд төв байгуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дурдаад, нийслэлийн Баянхошуу, Дамбардаржаа хэсэгт орон сууц барих дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд байгааг дурдав. Мөн ипотекийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг боловсруулаад Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авахаар хүргүүлээд байгаагаа хариултдаа онцоллоо. 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд улсын төсвөөс115 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн охидын баг Ливанд очлоо

Ливанд 19 хүртэлх насны охидын Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 24-28-ны хооронд болно. Уг шалгаруулалтын “А” хэсэгт Австрали, Ливан, Хонгконг, Монголын багууд багтсан бөгөөд Монголын шигшээ баг Ливан улсад очоод байна. Бэйрут хотын Фоуад Чехаб хөлбөмбөгийн стадионд анхны бэлтгэлээ хийсэн манай шигшээ баг маргааш эхний тоглолтоо Австралийн багтай хийх юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 21:30-с болно.

ХУВААРЬ:

  • 24 – Монгол – Австрали
  • 26 – Монгол – Хонгконг
  • 28 – Монгол – Ливан

Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын охидын шигшээ багийн бүрэлдэхүүнд 10-16 хүртэлх насны тоглогчид багтжээ.