Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагаар зочилж, Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Р.Азеведотой уулзсаныхаа дараа /уулзалтын мэдээллийг унших бол энд дарна уу/ энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зарим төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцтай танилцсан юм.

Энэ үеэр Дэлхийн худалдааны байгууллагад ажиллаж буй Монгол ажилтан Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт, худалдааны хөгжлийн газрын мэргэжилтэн С.Онон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс танилцуулсан юм.

Жишээ нь, Стандарт ба худалдааг хөгжүүлэх сангаас Монгол Улсын Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд 400 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний шатыг амжилттай хэрэгжүүлбэл, 21 сая ам.доллар авч, хөтөлбөрөө үргэлжлүүлэх боломжтой юм байна.

Энэ талаар Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт, худалдааны хөгжлийн газрын мэргэжилтэн С.Онон:

“Стандарт ба худалдааг хөгжүүлэх санг 2004 онд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран үүсгэн байгуулсан. Энэ сан хөгжиж байгаа орнуудад олон улсын стандартыг хэрэгжүүлэх замаар зах зээлийг тэлэх, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргах замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг.

Стандарт ба худалдааг хөгжүүлэх сан хүнсний баталгаат байдал, мал, ургамлын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буцалтгүй тусламж олгодог.

Монгол Улс 2017 онд төслийн баримт бичиг ирүүлж, энэ дагуу нь 400 мянган ам.долларын тусламжийн төсөл хэрэгжиж байгаа. Малын эрүүл мэндийг сайжруулж, махны экспортыг нэмэгдүүлэх энэ төсөл Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд малын бүртгэлийн мэдээллийн санг шинэчилж, сайжруулах зорилго тавьсан. Энэ туршилтын төсөл үр дүнгээ өгөх юм бол Дэлхийн банкнаас 21 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, төслийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Гэхдээ төслийг үргэлжлүүлэхийн тулд төр, хувийн хэвшил сайтар хамтарч ажиллах ёстой гээд манай улс дотоодын стандартаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагын стандарттай уялдуулах ёстойг онцлон хэллээ.

Уулзалт, ярилцлагын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний стандартын асуудлаар баримталж буй бодлогоо товч танилцуулж, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил нягт хамтарч ажиллах ёстойг онцгойлон сануулав.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд оролцлоо

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарын холбооны улсын Женев хотноо өчигдөр албан ёсоор эхлэв.

Энэ удаагийн чуулганд төр, засгийн тэргүүнүүд, сайдууд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэр дундаа гүйцэтгэх захирлууд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Энэхүү чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, зарим улсын төр засгийн тэргүүний илтгэлийг сонсож, ярилцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Ядуурлыг тогтвортой бууруулах хөрөнгө оруулалтыг дэмжих шагналыг “Лесото” үндэсний хөрөнгө оруулалтын агентлагт гардуулж, чуулганы төлөөлөгчид дурсгалын зураг татуулснаар нээлтийн ёслол өндөрлөлөө.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы улс орнуудыг сурталчилах павильонуудаар явж, Монголыг сурталчилж буй павильонын урд саатан албаны хүмүүстэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы хуралдаанд оролцож, үг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт 84,1 хувьтай байна

2018 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84,1 хувьтай байгаа бөгөөд энэ нь гурван хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82,9 хувь, төмсний 99,9 хувь, хүнсний ногооны 99,9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байна.

Таримлын төрөл

Урьдчилсан баланс

10 дугаар сарын 23-ны байдлаар

Үр тариа

450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай

373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай

Төмс

151 мянган тонн

160.5 мянган тонн төмс

Хүнсний ногоо

95.1 мянган тонн

93.2 мянган тонн

Тэжээл

86.3 мянган тонн

108,6 мянган тонн

Тосны ургамал

30.1 мянган тонн

15,8 мянган тонн

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6 мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгааг 2018 оны ургацын урьдчилсан баланстай харьцуулан харууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 189,641,867.40 төгрөгийн үнийн дүн бүхий 486,481 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал дөрвөн компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Фронтиер Лэнд Групп” ХК-ийн MDR хувьцаа 15.00 хувиар болон “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн ADU хувьцаа 13.26 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн UID хувьцаа 4.00 хувиар, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн MCH хувьцаа 0.55 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 0.58 хувиар өсч 20347.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,430,518,433,044.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна

Жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсад одоогийн байдлаар 800-1000 цоохор ирвэс бүртгэгдэн бөгөөд энэ нь дэлхийн цоохор ирвэсийн 20 хувьтай тэнцэж буй үзүүлэлт аж.

Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой, хад асгатай өндөр ууланд амьдардаг. Биеийн урт нь 103-130 см, жин 23-41 кг, 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Ирвэс 10-13 насалдаг, аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог аж. Өөрөөр хэлбэл цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.

Categories
мэдээ нийгэм

Ёс зүйн хариуцлагын улмаас нэгэн шүүгчийг огцруулахаар болжээ

Өнгөрөгч баасан гарагт Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүд хуралдаж, зарим шүүгчдэд сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ. Хэргийн оролцогчид хууль зөрчсөн шүүгчийн үйлдлийг тус хороонд мэдэгддэг бөгөөд дээрх хурлаар 19 шүүгчид холбогдох нийт 13 гомдлыг хэлэлцжээ. Хэлэлцсэний үндсэн дээр таван шүүгчид ёс зүйн үйлдлээс нь хамаарч сануулах, нэг шүүгчийг огцруулах, нэг шүүгчийн цалинг 20%-иар хасах шийтгэл оногдуулсан байна.

Энэ асуудлаар тодруулга авах гэсэн боловч шүүгчид уг шийдвэрийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах гомдол мэдүүлдэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Харин ирэх долоо хоногт Шүүхийн ёс зүйн хорооноос өнгөрсөн таван жилийн хугацаанд хэчнээн шүүгчид ёс зүйн хариуцлага гаргасан талаар болон мэргэжлийнхэн ямар зөрчил гаргаж байгаа талаар мэдээлэл хийх аж.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сургалт эхэллээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU), Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC) хамтран “Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдэвт семинар, хэлэлцүүлгийг 2018 оны 10-р сарын 22-24-ны хооронд Мэдээлэл технологийн үндэсний паркийн сургалтын танхимд зохион байгуулж байна.

Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-ийн зөвлөхүүд Филип Смит, Клий Айкен, Таши Пунтсо болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөх Ашиш Нараян нар Монгол Улсын интернэт протокол (IPv6)-д шилжих техникийн бэлэн байдлыг судлах, дүгнэх, шилжих арга замын талаар зөвлөмжийг өгөх, боловсон хүчинг сургах зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.

“Интернэт протокол хувилбар 4 (IPv4)-ийн хаяглалтын нөөц нь 4.3 тэр бум бөгөөд 2015 онд дуусаад байгаа юм. Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчийн тоо, 5G сүлжээний нэвтрүүлэлт, зүйлсийн интернэтийн хөгжил, аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар 6 (IPv6)-г нэвтрүүлэх чухал шаардлага тулгараад байна. “

Уг сургалт, хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагууд, интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооны операторуудын төлөөлөл бүхий нийт 35 байгууллагын 70 гаруй инженер техникийн ажилтнууд хамрагдан оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Залуучууд судлал – Хөгжлийн үйлчилгээ эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

Монгол Улсад залуучуудын хүний эрхийн байдал, өнөөгийн залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судалж гаргасан тоо баримт, судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загвар бий болгох зорилгоор “ЗАЛУУЧУУД СУДЛАЛ-Хөгжлийн үйлчилгээ” эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд Их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судалгаа, шинжилгээний ажилтан, судлаачид, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус байгууллага, нийгмийн болон бусад салбарын ажилтнууд байх ба ганцаарчлан болон багаар оролцож болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Categories
мэдээ нийгэм

2019 онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хийж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай байхаар тооцож төсөлд тусгасныг онцоллоо.

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс төсвийн орлогыг бодитой төлөвлөсөн эсэх, хил гаалиар нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг зөв тооцсон талаар илүүтэй тодруулж байв. Түүнчлэн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний талаар болон ипотекийн зээлд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөсөн эсэх, холбогдох журамд өөрчлөлт оруулж баталсаныг лавлаж байлаа.

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох УИХ-ын тогтоол нэгэнт гарсан тул хүсэлт гаргасан хүүхдийн судалгааг нэгтгэх ажил хийж байна

2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогоо сайтар судалж байж, зарлагаа тэр хэмжээгээр тооцох зорилготой ажилласан. Уул уурхайн салбараас бүрдүүлэх орлогын хувьд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ бидний тооцоолсноос доош байвал төсвийн орлогод эрсдэл үүсэх тал байгааг Сангийн сайд хариултдаа онцлов.

Мөн тэрбээр, 2019 онд 43 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон бөгөөд ингэхдээ хил, гаалийн хяналтыг сайжруулах асуудалд анхаарч төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө чармайж ажиллана гэж байлаа. Тухайлбал, экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлэхээр болжээ.

Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс газрын баялгаас татвараа бүрэн авах, улмаар бүтээгдэхүүний сорьцын шинжилгээг хилээр орох, гарах тухай бүр хийж экспорт импортоос олох орлогоо бүрэн хураадаг болно. Үүний тулд хилийн боомтууд дээр эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг 2019 оноос үе шаттай байгуулж, лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэх ажлыг эхлүүлэх аж. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2018 онд Засгийн газар арилжааны банкуудаас зээл авахыг зогсоож, өндөр хүүтэй, хугацаа богинотой гурван их наяд төгрөгийн зээлийг төлсөн. Иймд арилжааны банкууд энэ хэрийн хөрөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж, зээл олгосон. Харин хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох УИХ-ын тогтоол нэгэнт гарсан тул, одоогоор хүсэлт гаргасан хүүхдийн судалгааг хүлээн авч, дүнгээ нэгтгэх ажил хийж байна гэж байлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнө нь нэг ч төгрөг улсын төсвөөс төсөвлөдөггүй байсан бол ирэх жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газраас 2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өмнө нь нэг ч төгрөг улсын төсвөөс төсөвлөдөггүй байсан бол ирэх жил 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мэт ядуурлыг бууруулах олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2016 онд ажилгүйдэл 10 хувьтай байсан бол 2018 онд 7,7 хувь болж буурсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банктай хамтран зургаан дэд төв байгуулж нийслэлийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан дурдаад, нийслэлийн Баянхошуу, Дамбардаржаа хэсэгт орон сууц барих дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд байгааг дурдав. Мөн ипотекийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг боловсруулаад Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авахаар хүргүүлээд байгаагаа хариултдаа онцоллоо.

2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд улсын төсвөөс115 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцана

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Японы Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч Мацүо Сэйичи тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтад тус сургуулийн Байгаль орчны сургуулийн захирал Нишизава Ясүхико, Гадаад харилцааны газрын дарга Оно Юүкицүгү, Азийн сателит кампусын захирал Исода Фүмио, Монгол дахь кампусын захирал Д.Гангабаатар нар хүрэлцэн ирсэн юм.

Нагояагийн их сургууль нь МУИС, ШУТИС зэрэг сургуультай 10 гаруй жилийн өмнөөс харилцаа холбоо тогтоож, байгаль орчны чиглэлээр оюутан сургасаар ирсэн гэдгийг сургуулийн Ерөнхийлөгч Мацүо Сэйичи хэлж байлаа. Тус сургуулиас Төрийн албан хаагчдад зориулсан ажиллангаа суралцаж, докторын зэрэг хамгаалах зайны сургалт нэвтрүүлсэн бөгөөд зургаан Монгол оюутан энэ хөтөлбөрт хамрагдсанаас хоёр нь БОАЖЯ-ных аж.

Н.Цэрэнбат сайд Монгол, Японы хамтын ажиллагаанд үргэлж талархалтай ханддагаа илэрхийлээд Нагояагийн их сургууль цаашлаад Байгаль орчны сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Нагояагийн их сургуулийн Байгаль орчны сургууль нь Байгаль орчны асуудал, Хот төлөвлөлт, Байгаль орчны асуудлаас үүдсэн хүмүүс хоорондын харилцааг судалдаг гурван танхимтай юм байна.